Тэтгэлэг горилогсдод тусламж

Archive for 5 сар, 2012

Бид буруугүй

Хүнтэй уулзахаар өрөөнд нь орохдоо та бүхэн хаалгаа ямагт хаадаг байх. Би ч бас тэгдэг. Намайг орохоор багш маань хурдан гүйж очиж хаалгаа онгойлгоод байхаар нь “яаж маяглаж байгаа хог вэ?” гэсэн шүү юм боддог байсандаа одоо инээд хүрдэг. Австралид ажлын байран дээрхи бэлгийн дарамт буюу sexual harassment маш том асуудал. Эрэгтэй, эмэгтэй хоёр хүн нэг өрөөнд ороход эрэгтэй нь өөрийгөө хамгаалах бүх арга замыг хэрэглэдэг. Эмэгтэйчүүдийн эрэгтэй эмчид үзүүлэхэд хажууд нэг эмэгтэй сувилагч заавал байдаг. Манай сургуулийн гадаад эрэгтэй оюутан өөр орноос ирсэн эмэгтэй оюутны бэлхүүсээр тэвэрч, гитар шиг сайхан биеийг нь “магтсан” нь түүнийг сургуулиа төгсөх боломжгүй байдалд хүргэж байсан тохиолдол ч гарсан юм.

Энэ талаар хөгжиж буй орнуудаас ирсэн нийгмийн боловсрол муутай мань мэтэд ой тойнд ортол нь хэлж ярьж өгнө. Хүний зан үйлийн онолоор хүчирхийлэгч этгээд ямагт өөрөөсөө чадал дорой объект сонгодог. Эр нь эмээ, том нь жижгээ, дарга нь цэргээ г.м энэ жагсаалт дуусахгүй.

Манай улсад ажлын байран дээрхи бэлгийн дарамт маш их. Орос хэлэнд “Если сука не захочет, то кобель не вскочит” гэж зүйр үг бий. Зөвхөн эрчүүдээс гадна эмэгтэйчүүдийн зан үйл мөн үүнд нөлөөлнө гэсэн утгатай. “Ийм нэгэн явдал” шиг хайр дурлалын асуудал байж болох ч гэлээ ажлын байран дээрхи романсад залуу бүсгүйчүүд гэхээсээ илүү эрчүүд илүү буруутай. Залуухан сайхан охиныг өөр сонголт хийх боломжгүй болтол дарамтад оруулчихаар аливаа амьтны зөнгөөр биеэ хамгаалах ганц арга нь “хүслийг нь гүйцээх” болно.

Оюутан залуу охидууд дунд бидний нэрлэдгээр “аальгүй” гэж хэлж болох наалинхай ааштай уяхан “согоонууд” олон байдаг. Тэдний сэтгэхүй нь өөрт байгаа үнэт капиталаа ашиглан зам мөрөө тэгшлэн төгсөх юм. Ажил дээр ч энэ чиг хандлага хэвээр хадгална. Энд би хөөрхөн ааштай охидыг биш, угийн сэкс эротик имиджтэй залуу бүсгүйчүүдийг хэлж байгаа юм шүү.

Хэдэн жилийн өмнө МГУ төгсөгч, их сургуулийн багш найзынхаа ажлаар орлоо. Тэр үед хүйсээ гаргасан футболка ид моодонд байсансан. Бид хоёрын санал залуу сайхан хүмүүс гоё ганган байх ямар сайхныг ярилцаад өөрсдийнхөө сайхан байсан үеэ мэдээгүй өнгөрөөсөндөө харамсцгааж билээ. Бидний оюутан үед уранхай жийнс, томдсон футболка, буржгар том үс моодонд байлаа. Тэр надад оюутан охид, эрэгтэй багш нарын харьцааны тухай ярьж бид өөрсдөө яаж бэлгийн дарамтанд ордог байснаа дурсан “зөнөг порПИЙСОРуудыг” санал нэгтэй “хараасансан”.

Манай сургуульд тэтгэвэртээ дөхсөн нэг багш байсан юм. Украйн охид бүдүүн гуян дээр нь гараа тавьсан шар сэмжилсэн энэ өвгөний талаар ярьдаг байсан ба шалгалт өгч асуугдахдаа санал болгосон сандал дээр нь сууж болохгүй шүү гэж захиж байсансан. Оюутнууд хэн нь хэн бэ гэдгийг мэддэг, жиг жуг ярьдаг тул иймэрхүү зүйл дорхноо ил болдог. Үүнтэй ижил хэрэв манай их дээд сургууль, дунд сургуульд бэлгийн дарамт өргөн хэмжээнд байгаа нь судалгаагаар тогтоогдсон энэ үед залуу охид, бүсгүйчүүд үүний эсрэг нийлж, тэмцлийн бүрээгээ үлээх нь цаашдын хөгжил дэвшилд их тустай. Хэрэв энэхүү сэтгэлгээний соёлыг хэвшүүлвээс албан тушаал ахиж, амжилттай яваа бүсгүйчүүдээ элдвээр хэлж гоочлох асуудал аяндаа байхгүй болж, бүгд “шударгаар” хуруудацгаадаг болно. “Албан тушаалын шатаар хөлөө дэлгээд дээшээ” гэдэг аксиомыг бут ниргэх болно.

Ажлын байран дээрхи хүчирхийлэл, бэлгийн дарамтын тод жишээнүүд захаас аваад олон. Миний амьдралд чиг маш өргөн дэлгэр тохиодог. Даанч эрчүүд нь байтугай эмэгтэйчүүд нь энэ бол дарамт гэдгийг ойлгох нь үгүй.

1. Манай ажлын Т ах (нөгөө надтай зад хэрэлдээд тамхинаас гардаг) эмэгтэйчүүдийнхээ овгор, товгорыг илэх, бэлхүүсээр тэврэх дуртай гар байлаа. Би ч тэр бүртэй нь зад үзэлцэнэ. Нэг удаа намайг тэгэхээр нь даргадаа үсэрч ороод матав. Дарга эрэгтэй болохоор дуугай тамхиа баагиулан сонсов. Хоёр хоногийн дараа ажлын 50 гаруй насны эгч нар намайг загнав. “Чи юун сүртэй юм. Яадаг юм, манай Т дандаа л тэгж байдаг. Гэм хор байхгүй”. Би ч шатаад явчихлаа. “Дуртайгаараа та нар тэгж илүүлж таалуулж бай. Би лав чадахгүй. Ажиллагаагүй болоод гартаа орсон тиймэрхүү зөнөг өвөө нарт тэгж чиг үнэгүй таашаал эдлүүлэхгүй шүү”

2. Миний багшаа гэж хүндэлж явдаг докторын хэлсэн үг: “Толгой муутай ч ажиллагаа сайтай …… шиг хүүхнүүд ингээд дарга болоод дэвшээд явдаг. Толгой сайтай ч ааш муутай Алимаа шиг хүүхнүүд ингээл нэг газраа дэвхцээд байдаг хорвоо доо”.

3. Саяхан манайд томдоо орох ТББ-ын тэргүүн хэлж байна. “Алимаа минь жоохон өндөр бол. Эрчүүдийн нүдэнд торохгүй байна шүү дээ чи”. Би “Намхан дарга нар бас байдаг юм ш дээ. Динозаврын дэгдээхэй дагуулах таньд гоё байдаг юм уу?”. Тэр өөрөө намхан пагдгар хүн.

Эдгээр жишээнээс харахад эмэгтэй хүн болж төрсөн учраас дарамтанд байх нь бараг чиний “ариун” үүрэг гэж хэлж байна. Би, бид эмэгтэй хүн болж төрснөөрөө буруудах ёсгүй.

Цатгалан

Өлсгөлөн гээд бичсэн чинь нэг л онцгүй санагдаад. Тэгээд цатгалан гэж нэрлээд хоолны тухай бичнэ.

Эр хүний зүрхэнд хүрэх хамгийн дөт зам ходоод шуу даа, охидуудаа. Цагтаа ч үеийн залуусыг хоолоороо хуйлруулдаг л байлаа. Одоо цагийн гарз гэж бодоод мундаг сайхан хоол хийхээ больсон. Харин гоё хоол идэх дуртай хэвээр. Өнөөдөр ихэд сэтгэл гаргаж улаан дарстай үхрийн махан касэрол хийв. Орц найрлага бол амарханаас амархан, гол нь улаан вино.

Орц нь: Сонгино 1ш, лууван 3 ш, сармис 3 хумс, черри улаан лооль 5-6 ш, паприка чинжүү 1ш, үхрийн мах 1 кг, хагас жил улаан дарс (Madeleine гэдэг хямд дарс яг сайхан таарч байна лээ). 10 ширхэг хар чинжүү, 1 ш лаврын навч, давс өөрт таарахаар. Оливийн тос, хуурай гурил тус бүр 2 цайны халбага.

Эхлээд сонгино сармисаа тосондоо хуураад дээр нь луувангаа нэмж жоохон хуураад тусад нь гаргаад тавьчихна. Тэгээд тэр савандаа махаа борлотол нь хуурна. Дээр нь черри помидороо голоор нь нэг зүсээд хийнэ. Шарах шүүгээгээ 160С дээр тааруулаад халаана. Энэ хоорондоо шарах шүүгээнд тэсвэртэй саванд виногоо хийж буцалгаад дээр бэлдсэн зүйлсээ хийгээд таглаад шарах шүүгээндээ хийнэ. Нэг их хүчтэй биш жигд сайхан пургилах ёстой. Жоохон байж байгаад соуснаас нь хоол хутгадаг халбагаар аваад гурил, давсаа хийж сайтар задартал нь хутгаад эргүүлээд хийнэ. Нэг цаг хагасаас хоёр цаг болоход мах нь зөөлрөөд сайхан амттай, үнэртэй хоол бэлэн.  Дээр нь та өөрийн уран сэтгэмжээ нэмээд юу ч хийсэн болно. Хүмүүс манжин, төмс, шанцай гэх мэт төрөл бүрийн ногоо хийдэг. Хамгийн гол нь нэг хийхдээ овоо их болох учраас контейнэрт хийгээд хөлдөөчихвөл дараа юутай ч идсэн сайхан халуун хоол болдог юм.

Зураг авах гэсэн чинь залгуураа олдоггүй ээ. Оронд нь дээр үед хийсэн нэг хоолныхо зургийг шахчихъяа..

Seafood soup-Далайн амьтнаар хийсэн битүү шөл

Өлсгөлөн

Монголчууд өлсөж үзээгүй ард түмэн. Хэдэн малынхаа буянаар ямар ч байсан олноороо гудамжинд өлбөрч үхэх хэмжээнд түүхэндээ очиж байгаагүй юм. Ядуу, чадал муутай хүмүүс байсан, байгаа, цаашид ч байх болно. Харин үгээгүй ядуу гэдэг зүйлтэй бид ХЭЗЭЭ ч учирч байгаагүй гэдэгт би итгэлтэй байдаг.

Миний бага насанд бүдүүн гүзээтэй хүмүүс ховор байсан юм. Шөрмөслөг, өөртөө тарсан махтай хүмүүс гудамжаар явдагсан. Бүдүүн биш мяраалагдуу бүсгүйчүүд ч “нүүр дүүрэн” сайхан хүүхний тоонд ордог байж дээ.

Хүмүүсийн таргалалтын гол шалтгаан нь хоол хүнстэй шууд холбоотой. Гадуур байгаа нийтийн хоолны газруудын цэс, хүмүүсийн захиалж буй хоолны сонголтыг харахад бид илчлэг ихтэй ч амин тэжээлийн хувьд сул хоол их иддэг юм байна. Илчлэг ихтэй байнаа гэдэг нь өөх тос ихтэй, маш хурдан цатгадаг боловч бие организм хураагддаг хүнс.

Байгаль цаг уурын ширүүн нөхцөлдөө зохицон илчлэг өндөртэй хүнс идэх нь зүй. Бид хэдийгээр үе удмаараа мах буюу уураг хүнсэндээ өргөн хэрэглэж ирсэн ч жилийн дөрвөн улиралд,  өдөр бүр хэзээ ч иддэггүй байсан юм. Монголчууд ухаантай, АйКью өндөртэй гэж бардамнадаг нь уламжлалт хоол хүнстэй шууд холбоотой. Уураг нь тархины тэжээл учраас үе дамжсан “махчин ард түмэн” оюуны потенциаль өндөртэй байгаа нь хоол хүнсэндээ бэлчээрийн малын мах иддэгтэй холбоотой. Үүн дээр өндөр уулын бүсд амьдардаг учраас нам доор газрын хүмүүсийг бодвол уураг задлалт нь илүү удаан явагдаж, илчлэгийг нь боломжит хэмжээнд бүрэн дүүрэн ашигладаг байна.

Сонирхуулж хэлэхэд манай анхны сансрын нислэгийн баг бусад социалист орнуудыг бодвол илүү урт хугацаанд бэлтгэгдсэн нь энэхүү монгол хүний бие организмд хоол хүнсний задрал явагддаг процессоос болсон. Бид гаднаас уураг бэлнээр тогтмол авдаг тул нөөцлөх хэрэг байдаггүй. Тийм болохоор Гүррагчаа баатар, Др. Ган-зориг-хуяг нар нь 2 жил гаруй Оддын хотхонд бэлтгэгдэхдээ уургаа бага хэмжээгээр нөөцлөх чадвартай болгох хөтөлбөрт хамрагдсан юм. Яг эндээс мах идэхгүй боловч турдаггүй асуудлын тайлал гарч ирдэг.

Хэрэвзээ та бүхэн анзаарвал сүүлийн 10 жилд монголчуудын хүнсэнд цагаан будааны хэрэглээ түлхүү орж ирсэн. Дээр нь гурилан бүтээгдэхүүн төрөл төрлөөрөө. Энэ хоёр хүнс нүүрс-усны гол эх сурвалжуудын нэг бөгөөд таргалалт, ялангуяа биеийн дунд хэсгийн таргалалтын ганц эх сурвалж. Ногоо идэж байна гээд крахмал буюу төмс маш их идэх юм. Оросууд төмс их иддэг. Хүүхнүүд нь 30 гараад ирэхээрээ бүгд жигд таргалдаг. Америкт таргалалт нийгмийн эрүүл мэндийн том асуудал. Тэнд бүх зүйл нь ИХ, ТОМ. Аяга кофе нь Лондонд байдгаас даруй нэг дахин их порцтой бол МакДональдс, KFC г.м түргэн хоолны газруудын шарсан төмс, кола нь агуу их, том. Зөвхөн тэрийг нь идээд уухад цадна.

Австралид түргэн хоолны газруудын цэсэнд буй хоолнууд бүгд илчлэгийн хэмжээгээ бичсэн байдаг. Ирэх жилээс энэ газруудын татварын хэмжээг нэмэгдүүлэх хуулийн төсөл хэлэлцэгдэж байна. Яагаад гэвэл энэ улс таргалалтаараа дэлхийд эхний таван байранд явдаг учраас таргалалтаас гарч буй эрүүл мэндийн зардал өртөг өндөртэй болгож буй юм.

Францууд маш их иддэг. Би франц хүнтэй үдийн хоол хамт идвэл салаатнаас нь цааш илүү идэж чаддаггүй. Тэдний үдийн цайны завсарлага 1.5-2 цаг үргэлжилнэ. Яагаад франц шик буюу тэд тэгж их иддэг байж хүүхнүүд нь эрүүл туранхай, гоё байдаг вэ гэж судалж үзэхэд тэдний хооллох хэв маяг, уудаг зүйлтэй нь холбож тайлбарласан байдаг. 4-5 настай охидын дунд судалгаа хийхэд америк охидууд кола, эсхүл ямар нэг гаазтай ундаа, англи охидууд жимсний шүүс, цай, франц охидууд усыг илүү их сонгож байгаа нь ажиглагджээ.

Ирснээсээ хойш үнэтэй, ганган ресторанд ч хоол идлээ, хүмүүсийн ордог нийтлэг гуанзанд ч орлоо. Хоолны хачирт голдуу будаа, шарсан, нухсан төмс их байх юм. Хэрэвзээ нэмж ногооны салат захиалахгүй л бол ганц ширхэг брокколины тасархай, хэдэн өргөст хэмх, улаан лооль гэсхийгээд ногоо нь дуусаа. Цаашдаа ер нь карьерээ өөрчилж фүүд критик болдог юм уу ч гэж бодож байх чинь…

Before I forget: Хөөрхөнүүд

1. Мөнхөө 1 нас хагастай

“Зугтаасан” нь:

Гаазтай ундаа их уусны дараа гүйгээд байхаар нь сандал дээр суулгавал доороо өндөлзөв…Яасан байх вэ?

2. Хуягаа 5 настай

Хэргээ хүлээсэн нь:

“Хөгшин аав, ээж, Айнаа бүгд гэртээ байна” гэж хөлгүй хөгшин ээжийндээ орж хуучлав. Удалгүй ээж гаднаас орж ирэхийг харсан хөгшин ээж: “Чи яалаа, хөгшин ээж гэртээ байна гээд байсан”. Хариулт: “”Тийм, би худлаа ярьчихсан юм”.

Миний хөгшин ээж хэвтэрт олон жил болсон тул гуч нар нь “Хөлгүй хөгшин ээж” гэж дууддаг байсансан.

Түгшүүр зарласан нь:

Байдаг хурдаараа гаднаас гүйж орж ирээд гадаа гарсан галын аюулын талаар шуурхай мэдээлэл хүргэсэн нь.”Хөгшин аав…машаан…гал…ус … вэ-вэ-вэв” гээд эрүүгээ жайжигнуулав.

3. Эрдэнээ 3 настай

Ахдаа загнуулсны дараа:”Идэхээс өөр (пауз) жүдгүй”.

4. Тулгаа 4 настай

Хэрэг мэдүүлсэн нь.

Хөгшин аавтайгаа хөдөө яваад ирэв. “Хэн өмдөнд баалаа?”. Хариулт: Хөгшин аав. Уйлаан майлааны эцэст хөгшин аав “өмдөндөө баасан” хэргээ хүлээснээр хэрэгсэхгүй болгов.

Бөөрөнхий байшин:

Гэр дээр гарсан муурыг хараад “Хөлгүй хөгшин ээжийн бөөрөнхий байшин дээр муур гарчихсан байна” гэж хашгирав.

5. Туяачка 3 настай

Атаархал:

Хөлгүй хөгшин ээжийн гэрт том ногоон ялаа дүнгэнэн нисэхийг хараад ихэд атаархаж, “Манайд том ногоон илаа байгаа даа” гэв.

Гадаад охин:

“Миний палааж голландых, трико английнх, гутал германых. Би өөрөө тапоны охин”.

6. Билгээ 4 настай

Өөрийгөө өмөөрөхүй:

“Яагаад гахай шиг асгаж цутгаад байгаа юм?” Хөмсгөө зангидан ихэд нухацтай харснаа “Би ямар гагаа юм уу?”

7. Батхүү 8 настай

Монгол хэлний авиа зүйн шинэ нээлт:

“Ардаа зөөлний тэмдэгтэй гийгүүлэгчийг зөөлөрч яваа гийгүүлэгч гэнэ”.

Хамтын даалгавар:

-бал-ын дөрвөн зэрэг. Гэрт байгаа томчууд явбал, ирвэл г.м-ээр хэлнэ. За одоо -магц, мэгцийн дөрвөн зэрэг… “За болоо, даалгавраа хийчихлээ”.

Хүчний харьцаа:

-Хэрэг тарьсан тул хүн бүр нэг юм хэлж загнав. Дуугай байж байснаа гэнэт “Та нар яасан олуулаа юм?”.

8. Баярмаа 4 настай

Таталцлын хууль:

“Чиний нус яахаараа дандаа гоожиж байдаг байнаа?”. “Нүх нь доошоо юм чинь доошоо гоожихгүй, дээшээ наалдахымуу ямар”.

Туйлын үнэн:

Өглөө эрт. Ажилдаа яарах хүмүүс автобусанд ороод байр байраа эзлээд чив чимээгүй болсон үед чангаар “Сараа эгчээ, та өчигдөр аймаар согтуу байсан тэ?” Сараа эгчийн нүүр улайж, үнэн барайв.

8. Сайхнаа 5 настай.

Атаархав:

“Энэ Зулаа ээжээс салагүй халаа дуугуулаал”.

Чанамалт, чанамалтын дүү нар нэртэй байсан хүүхдүүд одоо бүгд насанд хүрсэн том залуучууд, бүсгүйчүүд болж дээ. Хөгшин аавыгаа “Ундаа уу” гэж дуудахаар хамаг тоглоомоо хаяж гэртээ ороод хэрхэн “хулхидуулдаг” байснаа бүгд дурсан ярьж инээлддэг юм.

Жич: Хотгойд хүмүүс цайлахыг ундаа уух, ундлах гэж ярьдаг

Тог тас. Ус тас. Шил авий. болоод бусад…

Тог тас

90-ээд онд төрсөн хүүхдүүд ТОГ ТАС гэж хэлж орж байсан гэнэ.  Учир нь зах зээлийн эхэн үеийн хүнд хэцүү энэ үед улс даяараа эрчим хүчний эх үүсвэргүй болж, айл бүр гал тогооныхоо цонхоор яндан гаргаж, зууханд картын бараагаараа хоол хийж иддэг байсан юм. Мэдээж, Халтар царайтаа үзээд гэр бүлээрээ сууж байтал тог тасраад бөөн үйл явдал өрнөхөөр хэлд орж байсан бяцхан амьтад энэ их чухал ач холбогдолтой зүйл болж байна гэж ойлгоод энэ үгийг хамгийн түрүүнд сурсан биз.

Ус тас.

УБ-т зун болгон халуун ус тасалдаг. Чимээ сураггүй байснаа бүтэн сараар нь тасалдаг байснаа сайжраад урьдчилж мэдэгддэг болж. Өнгөрсөн жил таслах өдөр нь вэб сайтаас мэдсэн бол энэ жил таслахын өмнөх өдөр нь мэдэв. Ядаж 3 хоногийн өмнө мэдэгдвэл юм хумаа угааж, арчих гэх мэтээр бэлтгэлээ базаана шүү дээ.

Манай хавийг 5 сарын 16-аас 6 сарын 6 гэсэн байсан. (Энэ мэдээ он сар өдөр алдаж, эсхүл дахиж таслах юм болов уу?). Гэтэл ашгүй өнөө өглөө халуун устай байж, миний нар гарав. Халуун ус тасрахаар өөр дүүрэгт амьдардаг ах дүү, хамаатан садан, найз нарын хэрэгцээ эрс нэмэгддэгийг байшин хорооллынхон бүгд мэднэ. Нийслэлийн ИТХ-д нэр дэвшиж буй хүмүүс энэ хуваарилалтын хугацааг ойлгомжтой, тогтмол болгох арга хэмжээ авна гэсэн уриа лоозон дэвшүүлбэл байшин хорооллын бид дэмжинэ шүү.

Шил авий.

2000-аад оны хүүхдүүд ингэж хэлж хэлд оров. Зуны орой О найзтайгаа гэрт нь сууж байтал 3 настай охин нь толгойгоо гадагш цухуйлгаснаа асар чухал царайтайгаар “Шилавий, шилавий” гэж уянгалуулж, бид хоёр нулимсаа гартал инээж билээ.

Сүү аваарай.

Өглөө сайхан гэгч нь унтаж байтал “Сүүаваарай, сүүаваарай” гэж уянгалуулан дуудаж сэрээдэг тэр эгчид би их баярлаж явдаг юм. Нэгэнт сэрчихсэн болохоор 6:30д босч таараа. Боссон хүн чинь ажил ортол хийх юм байхгүй юм чинь гэртээ иогадна, эсхүл жим явна. Энэхүү нэр үл мэдэх цэнхэр дээлтэй эгчийн буянаар хэдэн зун их спортлог амьдарч билээ.

Машинаа зайлуулаачээ.

Яг сайхан ид нойрондоо дугжирч байтал “3526-ын эзэн машинаа зайлуулаачээ” гэж чарлах эмэгтэй. Удалгүй гадаа байгаа машинуудын сигнализаци ажиллаж, машин сигналдах, нохой боргох дуу шувуу жиргэх байгалийн сайхан дууг нам даравай.

Эх оронд чинь хаврын сайхан өглөө эхэлж байна, Алимаа минь.

Улаанбаатарын өглөө

PS: Энэ зургийг Фликрээс авсан болно. Автор неизвестный.

 

Бидний араншин

Дараалал

Ойрын үед Чингэлтэй дүүрэг дээр бараг орон тооны ажилтан болтлоо бичиг цаас хөөцөлдөж байна. Иргэний бүртгэл, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлээр бол үйлчлүүлэх шиг л болж байна дөө.

Шинэ төрсөн хүүхэддээ төрсний гэрчилгээ авах гэсэн, хороо, хорин шилжүүлэх гэсэн хүмүүс пиг. Хамгийн гол нь бичиг цаасаа ганцаараа биш гэр бүлээрээ явж хөөцөлдөцгөөх юм. Ажиглаад байвал дотроо зохион байгуулалттай байх шиг байнаа. Авгай нь хүүхдээ тэврээд дугаарлаж байхад нөхөр нь төлбөр төлөх, эсхүл авгайг маягт анкет бөглөж байхад нөхөр очер авах г.м.

Эд хөрөнгийн бүртгэлийн жижиг өрөөнд нэг айлын 4 хүн, дээр нь би, тэгээд маягт бөглөх дахиад 2 гэр бүл, миний өмнөх нэг залуу, түүний найз-балиашиг бололтой бас нэг залуу, юм асуухаар зогсох хоёр хүн гээд үсрээд л 14 ам. метр талбайд арван хэдэн хүн очерлов. Арын эгч надтай наалдан пад. Би оочероосоо гараад зогсохоор л түрж ирээл наалдчих юм.

Бүртгэлийн залуугийн тэвчээрийг гайхлаа. өрөвдлөө. Би ганц юм асуугаад орхий гээд толгойгоо шилэн цонх руу шургууцгаачих юм.

-Хашаа, байшингаа барьцаалж, банкнаас зээл авах гэсэн юм. Банкны юм нь болсон би юу бүрдүүлэх вэ?

Хариулт. Бла-бла-бла. Тэр самбар дээр байгаа.

-Байшингаа 65 саяар зарсан юм. Тэгээд гэрчилгээ шилжүүлэх гэсэн юм.

Хариулт. Чингэлтэй дүүргийн татварт орлогын албан татвар төлсөн баримт

-Хэдийг төлөх вэ?

Орлогын 2%.

-Тэр нь хэд болох вэ? (Би энд тэсэлгүй түс хийтэл инээд алдав).

Хоёр хүүхдээ дагуулсан авгай нөхөр хоёр үнэн түгшүүртэй ярина. Хүмүүс хоёр маягт өгөөд байнаа. Дахиад нэгийг бөглөе.

Бүртгэгч залуу: Хашаандаа нэг, байшиндаа нэг маягт бөглөнө шүү.

Өө ягаан маягтыг нь авъя. Түүний ард талын хүн би бас авъя. Цэнхэрээс нь бас өгчих.

Авгай нөхөр хоёр цонхонд очив. Бүртгэгч залууг үзэж дуусаагүй байхад хэзээ гарах вэ гэсэн асуултаар булав. Баримт бичиг дутуу гээд буцав. Дараагийн хүн нь ягааныг бөглөх ямар ч хэрэггүй, ерөөсөө баримт бичиг нь дутуугийн дутуу, газрын зураг нь Нийслэлийн газрын албаар баталгаажаагүй байна г.м-ээр тайлбар аваад эргэлээ.

Түүний дараагийн хоёр хөгшин хүүхдүүдийнхээ хашааны газрыг хөөцөлдөж байгаа болж таарч, өргөдлөө буруу бичсэн гэдэг үндэслэлээр буцаагдав. Бүртгэгч залуу өргөдлийг нь уншиж, монгол хэлний багш шиг л засч харагдана. Тэрний дараагийн орон сууц худалдан авч байгаа залуугийн материалыг авав. Тэгээд миний ээлж боллоо. Энэ хугацаанд бүртгэгч залуугаас тогтмол хэн нэгэн ямар нэг юм асууж байсныг хэлэх хэрэгтэй.

Явган хүний гарцан дээр чи давуу эрхтэй. Горьдвоо

Чингэлтэй дүүргийн хойд талын гарц. Урагшаа арай ядан мөлхөх машин яг гарцан дээр машинаа зогсооно.

-Урагшаа, эсхүл хойшоо зогсох боломжгүй юу?

-Гуц. Ална шүү “нэр үг минь”.

Tedy-Мобикомын урд талд. Хаалган дээр хөндөлдөн шүлсээ хаян, тамхи татах утасны чэнжүүд.

-Та хэд жоохон ийшээгээ зогсчихож болдоггүй юм уу? Яг хаалга таглаад байна.

-Монгол эх орныхоо ХААНА зогсохоо чамаар заалгахгүй.

Их дэлгүүрийн ар талд Нийслэлийн прокурор руу гардаг замыг засч байна. 10 гаруй мэтр шугамны нүхний овоолсон шороон дээр тэнцвэрээ хадгалан тойрч нэг, дайрч нэг гарах явган зорчигчид. Нүхний яг хажууд хүрзээ тарааж шиджээ. 14 хүн байгаагаас ажил хийж буй нь 3. Хүний хөлд саад болохгүй байлгахаар тавих гээд хүрзийг нь авсан чинь нэг залуу “Ахын дүү, наад хүрзээ нааш нь аваад ирээ”. 🙂

Намайг тайтгаруулах зүйлс

1. Цэнхэр нүдэн бомбоокоос захиа иржээ. Бичиж, зурж чадахгүй тэр бяцхан амьтан эмээдээ хэлээд захиа бичжээ.

Image

Sabhdh (2.5 y.o)

Dear Ainaa,

This is Grandma and Sivey. WE just had some pasta dinner. Today we went to the library and got some books and some DVDs.  Today Sivey has green stripey socks.

We miss you and we love you.

 Love from

 Sivey

Хайрт Айнаа минь,

Эмээ, Сайви хоёр байнаа. Өнөөдөр бид оройн хоолонд паста идсэн. Өнөөдөр номын сан орж, ном, ДВД авсан. Би өнөөдөр ногоон эрээн оймстой байна.(Хоёр нас хагастай “том” хүнд ямар оймс өмсөж байгаагаа Айнаадаа хэлэх нь маш чухал гэж үзсэн бололтой :)).

Бид таныг санаж байна. Хайртай шүү

Сайви

2. Оюутан цагийн украйн найзууд

Найз Паша Украйнд болох Европын аварга ирж үзэхийг урьсан бол Афинд амьдрадаг найз Наташа сүмд лаа тавьснаа, Канадад байгаа Лена, Украйнд байгаа Нонна сэтгэл зүрхээрээ хамт байгаа бичжээ.

Пашагийн мэйлдээ хавсаргасан дууг сонсоод хүнд хэцүү энэ үед минь байгаагаар минь хайрлах найз нар энэ дэлхий дээр байгааг мэдэрч, өөрийн эрхгүй хоолой зангирлаа.

Дякуемо наидорожчи мои. Знаю що ви е в мене. Чмок-чмок-чмок. 

Бүсгүй хүний заяа

Халиунаа

Халиунаа Японд сургууль төгссөн анхдагчдын нэг. Сургуулиа төгсөж ирээд Монголдоо хэдэн жил хувийн бизнест амжилттай ажилласан. Найз залуутайгаа хамт амьдарч, “хүүхэд” төслийг хойш тавьсаар. Гэвч нас гуч нэмэх рүү заахын цагт өөрөөс нь дүү бүсгүйтэй учир ургуулж, хаяж одсон залууд гомдохын дээдээр гомдож билээ. Япон руу буцаж ажиллаж байх хугацаандаа нутгийн залуутай хайр сэтгэлтэй болж, хөөрхөн охинтой болжээ. Төрийн албан хаагч нөхрөө дагуулаад Монголд ирж амьдрах боломжгүй. Жилдээ нэг удаа ирж, ах дүү, хамаатан саднаа эргэнэ. Мөн дараа үеийн дүү нараасаа өөр дээрээ татаж авч, амьдралд нь нэмэр болно.

Энхээ 

Хоёр Герман нийлэх үед тэнд сурч байсан Энхээ үргэлжлүүлэн сурсаар шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалав. Монгол залуутайгаа гэрлэх бодолтой байсан ч таарч тохирох сэтгэлд нийцсэн залуу олдсонгүй. Нэг багшийн шавь герман залуутай гэрлэж, хүүхэдтэй болов. Нас нь явахын хэрээр насан өндөр аав, ээжээ асарч чадахгүй байгаадаа, Монгол соёлоосоо тасарч байгаадаа сэтгэл нь эмзэглэж явдаг энэ бүсгүй биохимийн маш сайн мэргэжилтэн. Хүүхдээ томрох үед гэртээ харина гэсэн бодолтой явдаг.

Ариунаа

Энхээтэй ижил, бодлогоор гадаадад нарийн мэргэжил эзэмшсэн боловч сургууль төгсөхөд нь картын бараанд ид дугаарладаг байсан үе. Юун шинжлэх ухааны нарийн мэргэжил. Буцаж яваад барууны өндөр хөгжилтэй оронд нийтлэг мэргэжил эзэмшин тэндээ хэдэн жил ажиллан, мөнгөө сайтар хураасны хүчинд байр, орон сууц гэх мэт үндсэн хэрэгцээгээ хангахуйц хуримтлалтай болж буцаж иржээ.Олон жил гадаадад амьдарсан нөхөр нь Монголдоо идээшиж дасаж чадахгүй, эхний хэдэн жил “дайн дажинтай” байсан ч хичээн зүтгэсээр хувийн бизнес нь амжилтад хүрчээ. Мөнгөтэй, хөрөнгөтэй, танилтай болохын хэрээр ааш, араншин нь өдөр өдрөөр хувирах нөхрөө харан гайхширсаар.Тэдний хувьд богино хугацаанд үр хүүхэдтэй болох, түүнийгээ эрүүл, аюулгүй орчинд өсгөх нь хамгийн чухал асуудал болсон тул харилцан ярилцсаны үндсэн дээр хоёр тивд тусдаа амьдрахаар шийджээ. Мэдээж гэр бүл нь хол, мөнгөтэй, нэр нүүртэй залууд охид, бүсгүйчүүд олон. Бие холдвол сэтгэл холдоно гэж тэд хэрүүл, шуугиангүй хоёр тийшээ болов.

Туяа

Анагаахын дээд сургууль төгссөн хүүхдийн эмч. 2000-аад оны гадагшаа чиглэсэн их нүүдлээр хүүхдээ хөтлөөд нөхрөө сугадаад эрх чөлөөний орныг зорьсон. Тэнд байх хугацаандаа дахиад хоёр ч “америк” хүүхэдтэй болов. Нэгэнт харласан тул санаан зоргоор ирж, буцах боломжгүй. Хүүхдүүдийнхээ ирээдүйн төлөө гэж хичээн зүтгэх тэд лав 50 гартлаа Монголд ирэхгүй байх. Монгол биш монголчуудын дараа үеийг өсгөж буй тэд хүүхдүүдээ аль болохоор соёлоос нь холдуулахгүй байхыг хичээх авч, хүний нутагт яалтай билээ. “Хоккейчин”, дижэйгээр капиталист хөдөлмөрийн гараагаа эхэлж байсан тэд тохилог хувийн сууцтай, тогтмол ажилтай болжээ. Монголоос ирэх ах, дүү, танил тал, найз нөхдийн хувьд эхний буудал нь тэд байдаг тул тэндээ нийгмийн сүлжээ сайтай, монголчуудын дунд ч нэр хүндтэй.

Чимгээ

Бусдын адил хань ижил, үр хүүхэдтэй болж, аз жаргалтай амьдарч явсан үе түүнд бий. Герман хэлний багш мэргэжилтэй тэрээр Солонгост ирээд 10 жил болж байна. Ээждээ үлдээсэн хүү нь Цагдаагийн академийн төгсөх курсын сонсогч. Танил талын сүлжээ нь байхгүй болсон тул эх орондоо эргэж ирэхээс айдаг. Солонгост хамтран амьдардаг дунд сургуулийн ангийн хүү нь нутагтаа эхнэр, гурван хүүхэдтэй. Ирээдүй нь ямар байхыг хэлж мэдэхгүй тул өнөөдрөөрөө амьдран Сөүлд байх нь дээр гэж ярих боловч, олон жил хүнд хөдөлмөр хийсэн тул биеийн хүч, тамир тэнхээ доройтсон болохыг хэлэх ангийн хоёроо хараад хатуу үг хэлэх зүрх хүрэхгүй.

Нараа

Халуун ам бүлээрээ нутагтаа амьдардаг энэ бүсгүй төрийн албан хаагч. Өөрийн аав, ээж, ах дүү сайн тусалсны хүчинд байнгын орлоготой хувийн бизнестэй. Хэнз гарсан нялх охиндоо санаа зовж явдаг, бизнесийн сүйхээ муутай нөхөртөө хайртай. Уур нь хүрсэн үедээ “бэлгэ тэмдэг” нөхрөө муулах ч үеийн ганц бие хүүхнүүдийг өрөвддөг.

Сараа

Оюутан байхдаа гаргасан охиноо залуу халуун насандаа “залуу насны алдаа” гэж үздэг байснаа нас явахын хэрээр алдаа нь “ганц зөв шийдвэр” болж хувирав. Ганц хүүхдээ насанд хүргээд хаяж одсон нөхөртөө хайртай байгаагүй тул нэг их эмзэглээгүй. Цалин нь амьдралд хүрэлцээтэй. Дотоод сэтгэлээ тэр бүр нээлттэй хуваалцдаггүй түүнд найз нөхөд нь дургүй.

Миний эргэн тойронд байгаа найз хүүхнүүдийн амьдралын дүр зураг. Өнөөгийн нийгмийн дунд насны бүсгүйчүүдийн нийтлэг амьдрал.

Амьдралын ачааг нуруундаа үүрч, ороо бусгаа цагт өөрийн чадлаар амьдралын төлөө тэмцэх эдгээр бүсгүйчүүдийг магтан дуулдаггүй юмаа гэхэд ядаж битгий муулаач…

Эх орны хишиг хүртэх дараалал

Гадаадаас буцаж ирэгсдэд зориулав.

Би ч ирэнгүүтээ үүнийг хөөцөлдсөн билээ.

1. Өөрийн хорооны нийгмийн ажилтан дээр дараахи гурван зүйлтэй очоод Хүний хөгжлийн сангийн дэвтрээ авна.

  • Иргэний үнэмлэх
  • Нэг хувь зураг
  • Хадгаламж банкинд дэвтрийн мөнгө болох 350 төгрөг төлсөн баримт

2. Дүүргийнхээ Хөдөлмөр, халамжийн хэлтэст очиж бүртгүүлнэ. Энд чиний хурууны хээ Улсын бүртгэлийн газрын мэдээллийн санд бүртгэгдсэн бол шууд банк зааж өгөөд явуулна. Миний хувьд гарын хээ нь ороогүй гээд  сар болсон. Мэдээллийн санд орсон эсэхийг  www.registrationmongolia.com  сайтаас эсхүл 1890 лавлах утсаар асууж болно. Хэрэвзээ байсан гадаад орондоо бүртгэгдсэн бол энэ гарын хээ ортол ямар ч нэмэргүй юм байна лээ шүү. Хэрэв гадаадад бүртгүүлээгүй бол дүүргийнхээ Иргэний бүртгэл дээр очоод хурууны хээгээ өгч бүүр эхнээс нь эхлэнэ.

  • Иргэний үнэмлэх,
  • Төрсний гэрчилгээгээ авч очих юм байна.

Хэрэв Монголд хурууны хээгээ өгсөн бол нэг сарын дотор бүртгэлд нэгтгэгддэг гэнэ.

За ингээд хэрэв бүртгэлийн санд ороод Дорж овогтой Дулмаа нь Монгол Улсын иргэн мөн нь нотлогдвоос эх орны хувь хишгээ хүртэнэ. Дүүргээс аль банкны салбарт очихыг зааж өгнө. Заасан банкны салбар дээр нь

  • Иргэний үнэмлэх
  • Хүний хөгжлий сангийн дэвтрээ барьж очиход

2010.07 сард 70000

2010.11 сард 50000 болон

2011 оны 1-12 сар болон 2012 оны 7 сар хүртэл олгох сар бүрийн “алдарту 21 мянган төгрөгөө авна. Минийх энэ оны 5-р сар хүртэлх нь нийлээд 456000 төгрөг болсон. Энэ дундаас нь банкны шимтгэл 250 төгрөг суутгаад 455750 төгрөг авав. Нийтдээ 500 мянган төгрөг авах төсөвтэй юм байна.

Хэрэвзээ Алдарт эхийн одонтой бол жилд олгох 100 мянга бас байгаа. Ахмад, настан хөгжлийн бэрхшээлтэй иргэний хувьд нөгөө сая төгрөг авахын тулд

  • Иргэний үнэмлэхний хуулбараа иргэний үнэмлэхтэйгээ хорооны халамж хариуцсан нийгмийн ажилтан дээр очихоор нэг анкет бөглөнө. За тэгээл тэр нь тэтгэврээ авдаг данс руу нь орох юм шиг байгаа юм. Энэ сардаа багтаж эхний 350 мянга нь орвол их юм болох юм шиг байна лээ. Тэтгэвэр бас хэдэн хувиар гэнэ үү нэмэгдсэн гэсэн.