“Миний нэр Хулан >>> My name is Ass”
Бид цахим ертөнцөд МОНГОЛ орчуулагчтай боллоо. Баярлаж байна. Хэдийгээр учир дутагдалтай зүйл байгаа, хөгжүүлэгч нь Арго багш байх гэсэн шүүмж сонсож байгаа боловч эхний алхмаа хийлээ.
Нэгэнт энэ систем нь статистик дээр тулгуурладаг тул хэдий чинээ олон үг оруулна, төдий чинээ сайжирна гэсэн үг юм. Ийм болохоор гадаад хэл гайгүй гадарладаг хүн бүрийн хүчин чармайлт хэрэгтэй байна.
Би энэхүү Гүүгэл Транслэйт төсөлд анх өөрөө ч сайн ойлгоогүй байхдаа татагдан орчихсон юм. Анх твиттэрээр тест болтой зүйл явахаар нь бөглөж өгөөл байсан юм.Хүмүүст хэл сурахад нь хэрэг болох болов уу гэж бодоод мундаг, сундаг хүмүүсийн хэлсэн үг, эшлэлийг хадмал орчуулгатай нь тавиал байлаа. Ажилгүй хүн өөр юу хийхэв дээ. Нэг удаа утас дуугарлаа.
Би: Байна. Хэн бэ?
-Энхболд байнаа
Би: Ямар Энхболд?
-УИХ-ын дарга!
Диюнг! Том дарга миний утсыг Д.Энхбат гуайд өгч болох эсэхийг асуугаад намайг Гүүгэл Транслэйтэд бөөн дурын үндсэн дээр ажиллах санал тавьлаа. Би ч хэнхэг хүн тэгье л гэв.
Ямар ч байсан Гүүгэлд бүртгүүлээд a verified tester гэдэг болчихов. Бас гүйж очоод өөрөө ч сайн ойлгоогүй хөлөөвт элсээд орчихлоо. Гол утга нь Verified Tester болохоор чиний мэйлээр материал ирэх юм шиг байгаан. Тэрнээс өмнө зарим нэг үг хэллэгүүдийг сайтар ухаж бодож, монгол үгийг нь олох хэрэгтэй байгаа. Энэ ажилдаа Монгол-Англи толь бичиг зохиосон Алтангэрэл гуайг уруу татчихлаа. Бас гадаад, дотоодод Др хамгаалсан найз нөхөд, таньдаг мэддэг сайн орчуулагч нарт зар хүргэлээ. Бүгд л дэмжиж байна. Энэ завшааныг ашиглаад та нартаа баярлаж байгаагаа илэрхийлье.
Энэхүү ажил нь олон нийтийн сайн дур дээр үндэслэсэн төсөл юм. Эхний ээлжинд бид монгол хэлээ маш сайн мэддэг байх хэрэгтэй. Энэ зорилгоор энэ сарын 17-нд дахиж хэвлэгдэн гарсан Я. Цэвэл гуайн толийг худалдан авлаа. Үр хүүхдүүд нь энэхүү сайхан номыг дахин хэвлэж гаргажээ. Номын дэлгүүрүүдээр энэ 7 хоногоос 80 мянган төгрөгөөр зарагдаж эхэлсэн байгаа. Бас МонСудар компаниас гаргасан 8 боть Монгол хэлний тайлбар толийг сайн судлах хэрэгтэй болов. Аз болоход энэ номны зохиогчийн эрхийг Нээлттэй боловсролын ONE төсөл худалдан авсан тул олон нийтэд нээлттэй болсон юм.
Би та бүхнийг мэдлэгийг нээлттэй болгоход маш их чухал ач холбогдолтой үйл болох энэхүү Гүүгэл Транслэйт төсөлд өөрийн хувь нэмрээ оруулахыг хичээнгүйлэн гуйж байна. Мэдсэнээ бусдад харамгүй түгээж, эргэлтэд оруулж байж бид хамтаараа нийгмээрээ хөгжинө гэж боддог миний итгэл үнэмшил энэхүү ажилд идэвхийлэн оролцох гол хөшүүрэг болж байгаа юм шүү. Дээр нь нийгмийн сайн сайхны ажилд бөөн дурын үндсэн дээр оролцож, тодорхой цаг заваа зарцуулах боломжтой хүмүүсийн идэвхи зүтгэл, сэтгэлээс энэхүү нээлттэй эх сурвалж төсөл хэр амжилттай болох нь хамаарах тул та бүхнийг хариуцлагатай хандаасай гэж чин зүрхнээсээ хүсч байна.
Та google@list.mn хаягаар бүртгүүлж, бидний хэлэлцүүлэгт хувь нэмрээ оруулах боломжтой юм. Гол шаардлага нь монгол хэлээ сайтар мэддэг байх, имэйл хаягаар янз бүрийн сурталчилгаа хийлгүй, бусдыгаа хүндэтгэн төслийн зорилгодоо тууштай байх юм.
Дашрамд хэлэхэд Гүүгэл монгол хэлд орсноос хойш намайг дагах гадаадын гатнуулуудын тоо твиттэрт ЭРС өссөнийг баяртайгаар дуулгая. 😉
Хүндэтгэсэн @altanalim