Тэтгэлэг горилогсдод тусламж

Archive for Хоёрдугаар сар, 2012

Сайхан шинэлээрэй

Сар шинэдээ сайхан шинэлээрэй. 

Австралийн Засгийн газрын тэтгэлгийн талаархи мэдээллийг 2012.03.02-ны FRIDAY 14 цагаас Чингис зочид буудлын хурлын танхимд зохион байгуулагдана. Асуух, лавлах зүйлсээ цаасан дээр бичээд бэлдээд очоорой.

Жич: Монголд байгаа хүмүүст атаархаад “үхлээ”. Утас дуугарлаа, буузаа тавьлаа, хаалга тайллаа, дуу шуу болсон хамаатан садангууд ээжид ээлж дараагаараа золгоно. Бүгд инээлдээл, ТВ-ээр уртын дуу яваал, гоё хувцсаа өмссөн хүмүүс цомцойж суугаал, цагаалга, цай, салат, бууз, архи, бэлэг гэсэн дарааллаар үйлчлээл, хүмүүс гарангуут хамаг юмаа угааж, цэвэрлээл, үлдсэн бууз хамж идээл, дараагийн  груп ирэх хооронд хэдэн дүү нартайгаа зад даалуу тоглоол мөн сайхан шүү, тиймээ?. Багадаа “үйлчилгээний бригад” байснаа дүү нар томорсон тул “бэлэгний мэнээжэр” болж тушаал дэвшсэн сэн. Намайг “ёслолын албанд” очихоор та нар бүгдээрээ ирж золгоорой. ККК.

Зан төлөвдөө нийцүүлэн мэргэжлээ сонгох нь

“Би ямар чиглэлээр сурвал зүгээр вэ?” гэж залуучууд их асуудаг бөгөөд тухайн хүнийг биечлэн танихгүй үед хариулахад маш хэцүү юм.

Мянганы Сорилын Сангийн Мэргэжлийн боловсролын төслийн хүрээнд Австрийн систем туршиж байгаа юм байна. Хүмүүний зан төлвийг тодорхойлсны үндсэн дээр тохирох мэргэжлээ сонгоход туслах зорилго бүхий энэ тестийг туршаад үзээрэй. Мөн санал асуулгад нь идэвхитэй оролцвол цаашид улам боловсронгуй болгоход тустай юм. Одоогоор монгол хүний сэтгэхүйд нийцэх эсэхийг туршж байгаа юм байна.

http://www.ochirsukh.blogspot.com.au/2012/02/test-version-of-career-guidance.html

Мэргэжил бүрийн профайлыг гаргасан нь тухайн мэргэжлийг эзэмшихэд зайлшгүй шаардлагатай зан чанар чамд байгаа эсэхийг харахад дөхөмтэй юм.

Австралийн ЗГ-ын тэтгэлэгт шалгаруулах зарчим

Академик сурлагын амжилт (Нийт үнэлгээний 30 хүртэл хувь)

Бүх өргөдөл гаргагчид

  • Сурлагын дүн -(Бакалаврын онооны голч 3.0 түүнээс дээш)
  • Сурч мэдэх хүсэл эрмэлзлэл
  • Боловсрол олоход учирч байсан хүндрэл, бэрхшээлийг даван туулсан байдал
  • Эзэмшсэн мэргэжил нь суралцах чиглэлтэй хэрхэн холбогдож байгаа байдал
  • Суралцах, хөдөлмөрлөх арга барил: давуу болон сул талууд
  • Суралцахаар сонгосон чиглэл, их сургууль

Судалгааны чиглэлээр суралцах бол нэмэлт

  • Судалгаа хийж байсан туршлага
  • Хэвлэн нийтлүүлсэн материалын тоо, чанар
  • Судалгааны төслийн чанар
  • Судалгааны ажил удирдах багштайгаа холбоо тогтоосн байдал
  • Академик тодорхойлолтын чанар

Манлайллын үзүүлэлт (Нийт үнэлгээний 30 хүртэл хувь)

  • Хүмүүст итгэл үнэмшил төрүүлэх, түүнийгээ илэрхийлэх чадвар
  • Ажил амьдралаа төлөвлөх ур чадвар
  • Хувийн сахилга бат, дасан зохицох чадвар
  • Асуудал тулгарсан үед зөв, шударгаар шийдвэрлэх, хариуцлагатай хандах чадвар
  • Ёс зүй
  • Ажил хэргийн бүтээлч холбоо, сүлбээ тогтоох, хадгалах чадвар
  • Мэдлэгээ бусадтай хуваалцах ур чадвар
  • Асуудал шийдвэрлэх, хүмүүстэй харьцах ур чадвар
  • Үр дүнтэй ажиллах ур чадвар
  • Бусдад нөлөөлөх, үр дүнтэй зөвшилцөх ур чадвар
  • Нийтийн оролцоог хангах, асуудалд өөриймсөг хандах сэтгэлгээ
  • Өөрчлөлтийг мэдрэх, зохицуулах ур чадвар
  • Үлгэр дууриал үзүүлэх, бусдыг уриалан дуудах ур чадвар
  • Ажлын туршлага,  хүрсэн амжилт
  • Одоогийн ажиллаж буй байгууллагын бүс нутаг, эх орон, салбартаа үзүүлэх  нөлөө
  • Эрхэлж буй албан тушаал, хариуцлага хүлээх түвшин

Үр дүнд хүрэх боломж, бололцоо, амжилттай суралцах магадлал үнэлэх үзүүлэлт (нийт онооны 40 хүртэл хувь)

Бүх өргөдөл гаргагчид:

  • Хувь хүний хувьд гарах үр дүн
  • Суралцах чиглэл одоогийн болон ирээдүйн ажилтай хэрхэн холбогдож байгаа байдал
  • Байгууллага, салбар, мэргэжлийн хувьд гарах үр дүн
  • Сургалтын хөтөлбөр Монголын хөгжлийн тэргүүлэх чиглэлүүдтэй хэрхэн холбогдож байгаа байдал
  • Эх оронд оруулах хувь нэмэр
  • Улс эх орон, бүс нутгийн хөгжилд хувь нэмэр оруулахуйц сүлжээ үүсгэх боломж

Судлагааны чиглэлээр өргөдөл гаргасан бол нэмэлт

  • Тухайн орны судалгааны чадавхид оруулах хувь нэмэр (буцаж ирээд их сургууль, судалгааны байгууллагад ажиллан судалааны ур чадвараа бусдад зааж сургах боломж)

ОНООНЫ НИЙЛБЭРИЙН УТГА

90% түүнээс дээш бол ШИЛДЭГ өргөдөл гаргагч буюу эх орныхоо хөгжил дэвшилд манлайлан оролцогч: академик онц, сайн сурлагатай, манлайлах ур чадвараа ажил, амьдрал дээр олон удаа нотлон харуулсан, стратеги сэтгэлгээтэй,  бусдад үлгэр дууриал үзүүлэгч, цаашид өөрийн ажиллаж буй салбарт болон олон улсад том нөлөө үзүүлэгч

80-89% ОНЦ САЙН өргөдөл гаргагч нь эх орныхоо хөгжил дэвшилд чухал хувь нэмэр оруулах чадавхи, чадвартай, стратеги сэтгэлгээ, бусдад үлгэр дууриал үзүүлэх чадвартай болохоо өмнө нотлон харуулсан, өөрийн ажиллаж буй чиглэлээр тодорхой өөрчлөлт хийх чадавхи, чадвартай

70-79% Боломжийн САЙН өргөдөл гаргагч нь ирээдүйд манлайлах ур чадвараа хөгжүүлэх боломжтойгоо нотолсон, сургалтаа амжилттай дуусгах магадлал өндөртэй, өөрийн ажиллаж буй чиглэлээр мэдэгдэхүйц өөрчлөлт хийх чадвартай

60-69% ХАНГАЛТТАЙ өргөдөл гаргагч нь зарим чиглэлээр манлайлах ур чадвартай болохоо харуулсан, суралцах хөтөлбөр нь тэтгэлгийн зорилготой нийцсэн, сургалтаа дуусгах магадлалтай, цаашид сонгосон чиглэлээрээ тууштай ажиллах магадлалтай

60% түүнээс доош Өргөдөл гаргахдаа сайтар бодож боловсруулаагүй, сургалтаа дуусгах магадлал бага, өөрийн мэргэжлийн чиглэлээр манлайлах  боломж хязгаарлагдмал

Эх сурвалж: Австралийн Засгийн газрын тэтгэлэг горилогчийн гарын авлага Хавсралт А.

Австралийн ЗГ-ын тэтгэлгүүд зарлагдлаа.

2012. 02.01-ээс 2012.04.30 хүртэл Австралийн Засгийн газрын тэтгэлгүүдийн өргөдөл хүлээж авна. Дэлгэрэнгүй мэдээллийг монгол хэлээр эсхүл англи хэлээр аваарай.

Тодруулга:

Энэ жилээс Хөгжлийн тэтгэлэг, Манлайллын тэтгэлэгт нэг өргөдөл гаргаж, сонгон шалгаруулалтад ордог болж байгаа юм байна.

ADS Хөгжлийн тэтгэлэг

Нэгдүгээр категори 21 (Төрийн байгууллага)

Хоёрдугаар категори 17 (ТББ, хувийн хэвшил)

ALAS категори хамаарахгүй, гэхдээ чухал мэргэжил, чиглэлээр 8 хүртэл хүнд тэтгэлэг олгоно.

Шошгон цуваа