Тэтгэлэг горилогсдод тусламж

Archive for 7 сар, 2011

Үндсэн зорилго БАЛЕТ

Монголд очсон үндсэн зорилгоо бичээгүй аялал жуулчлал, амралт сувилал гээд бичээд байсан байна ш дээ. Хамгийн дуртай зүйлийнхээ талаар гоё бичлэг хийнээ.

Алдарт “Балетын үдэш”-ийг үзлээ. Боргилмаагийн бичсэн нийтлэлийг уншаад яаж дуугай байх вэ комментоор хэрэлдээд л тавьсан.  Алиа салбадайд бүжиглэсэн африкан-амэрикан бүжигчнийг хар арьстан болохоороо уян налархай байв гэж арьс өнгөний үнэр нэвт ханхалуулсан бичлэг байсан нь миний бухимдлыг төрүүлсэн юм. Бүжигчний ур чадварыг дүгнэхэд хар, ногоон, цагаан ямар хамаа байнаа, айн? 

Балет гоё байлаа. Үзэгчид нь бүүр “гоё” байв. Шинэ баячуудын “Хэн нь хэн бэ?” гэдэг шоу болсон гэвэл илүү үнэнд дөхөх байх. Найз балетчины урилгаар үзсэн болохоор дээр сууж, хүмүүсийг тольдох боломж олдсон юм. Ядуу орны иргэн гэж хэлэхээргүй баян, тансаг хувцаслалт. Брэндийн цуглуулга болсон хүүхнүүд. LV, Burberry, Armani, Chanel… Парисын Загварын долоо хоног шиг, гэхдээ бүүр 2000 оны шинэ оросуудын хувцаслалт, Голливудын скандалд дуртай залуу оддын хэв загвар тэнд ноёрхож байлаа. Understated elegance буюу интеллект ангиллыг бусдаас ялгадаг тэр вкус тэнд үнэхээр ховор байв. Эдгээр брэндийг Парист, эсхүл Нью Йоркод бутик дэлгүүр хэсэхдээ өмсөхөд болж байнаа. Түүнээс дунд сургуулийн гурван багшийн сарын цалинг нийлүүлсэнтэй тэнцэх хэмжээний үнэтэй, ухаантай маркетингийн ачаар үнэд орсон цүнх барьчихаад ядуу оронд алхах нь politically incorrect үйлдэл юм. Тэгээд тэр цүнх нь театрт барихаар гоёмсог жижиг клатч бол бас яахав. Хүн цохиж алмаар том, хүрэн бор өнгөтэй, эсхүл бизнес СЕО эмэгтэйчүүдийн барьдаг Hermes байсан нь инээдтэй байлаа.

Надад тэр брэндүүд байхгүйдээ би ингэж бичсэнгүй. Хүмүүс LV гэдгийг мэддэггүй 90-ээд онд надад үүргэвч, түрийвчтэйгээ байсан. Залуу ч байж, миний амжилтыг олонд илтгэх бэлгэ тэмдэг болсон брэндлэх өвчин тусч явлаа. Харин одоо үүнээс илүү үнэ цэнэтэй зүйл амьдралд байдгийг ойлгосон учраас УБ гудамжаар явах брэндийн цуглуулгыг хараад нийгэм, хүмүүсийн сэтгэхүй ямар шатандаа явааг үнэлэх баримт болж хөгшин Европын аманд багтаж байгааг хараад шүүрс алдав.

Conspicuous consumption буюу хүчээр бий болгосон хэрэглээг дэмжих Америк соёлын гүнзгий түрэмгийллийн хажууд Дээлтэй Монгол наадам үнэхээр үндэсний соёлоо сурталчилсан сайхан арга хэмжээ болов. Хүмүүс өвөг дээдэс, удам судраараа их бахархадаг болж. Би ч мөн адил. Өчигдрийн үргэлжлэл, ирээдүйн тулгуур болсон бидний үед үндэсний соёл, үнэт зүйлээ хадгалж үлдэх үүрэг ноогджээ. Тийм болохоор өөрсдийгөө тусгай заяатай, оюун потенциаль сайтай гойд хүмүүс гэж хэт дөвийлгөлгүй, гэхдээ бас үндэсний үнэт зүйл, соёлоо харийнхаар бүр мөсөн сольчихолгүй шиг байвал хойч үедээ дурсагдах бидний гавъяа тэр юм.

Балетчдын хувьд ДБЭТ-ын гоцлол бүжигчин Саруул, Батчимэг хоёрыг ихэд дэмжив. Саруул Хунт нуурын цагаан хунд бүжиглэдэг шинэ прима балетчин. Театрын улирлын нээлтээр заавал театрт очиж, түүний бүжихийг хараарай.

Хэрэвзээ би балетчин болсон бол хар хунд бүжиглэхийг хүснэ. Миний бодлоор энэ дэлхийн хамгийн сайхан хар хун бол Светлана Захарова.

Бас энэ http://www.youtube.com/watch?v=e6xhKxDGWqo&playnext=1&list=PL1F45C26B748D0CE0

Never judge a resort by its postcards

Монголд очингуутаа Хэнтий аймгийн Аварга тосон рашаан сувилалд 10 хоног амрав. Эхэнд гарсан жижиг хүндрэлийг эс тооцвол толгой тархиа хоосортол бүүр юу ч бодохоо больтлоо сайхан амарлаа. Ойрын хэдэн жил ингэж сайхан амраагүй юм байна. 

1. Офис

Амралтад илгээх бичгээ бичсэн боловч автобусанд нь суудал байхгүй гээд бичсэнгүй. Миний ойлгосноор илгээх бичиг бичдэг нэг, захиалга авдаг нэг, автобусны билет бичдэг нэг г.м лав гурван залуу байна. Эхний хоёрын ааш зан бол за ёстой мэдэхгүй ээ. Хүнд үйлчилж байгаа, яавал би энэ хүнд аятайхан сэтгэгдэл төрүүлж, асуудлыг нь шийдэж өгөх вэ гэж бодохоосоо илүүтэй миний хариуцах ажил биш, таны буруу гэсэн байр суурьнаас харьцав. Илүү үглээд миний дүү чи намайг сонс доо гэж байгаад хоёр үг хэлсэн чинь биеэ өмөөрөөд аюул. Та надад энийг ойлгуулах гэж хичээх шаардлага байхгүй гэж залуу бүсгүй тас ширвэв. Харин захирлын хүү Билгүүн асуудлыг дор нь шийдэж өгсөн бөгөөд хүнтэй харьцаж сурсан залуу байв. Гадаадад боловсрол эзэмшсэн соёлтой, хөөрхөн энэ хүүг дараа нь ээжид нь зөндөө магтсан.

2. Автобус

Өглөө 8 цагт бэлэн гэж зарласан тул хүүхэд, хөгшдөө дагуулсан хүмүүс 7.30 гэхэд бэлэн. Гэвч суудлыг нь тулгадаг цаасаа өмнөх орой нь ширээн дээрээ гаргаж тавилгүй явсан (нөгөө эрдэм боловсрол төгс залуу бүсгүй) тул 9 боллоо. Өлсөж ундаассан хүмүүсийн уур бухимдал хүрч эхлэв. Автобусны билет нь дугаартай тул тэр дугаарыг нь бичиж аваад дараа нь өөрсдөө нийлэхээр болж, үйлтэйгээрээ Билгүүн хүмүүст загнуулсаар бүртгэж дуусав. Хөдлөнгүүтээ бензин авахаар зогсож, картыг нь уншихгүй гэсэн үү яасан жолооч ийш тийш нь утасдаж, яриа хэлэлцээр өрнүүлсний эцэст замдаа гарлаа даа. Замдаа ямар нэгэн адал явдалгүйгээр явсаар амралтанд ирэв.

3. Цаг агаар

Очсоны маргаашнаас нар гарч дулаахан сайхан байлаа. Хоолойн ангинатай тул хар шавар тавь гэсний дагуу эмчилгээ хийлгэтэл хоолой таг. Бүүр сөөгөөд тагийн таг 5 хонов. Нарны хамгаалалттай тос түрхэлгүй үлдээсэн хөл түлэгдэж, углаашны ороор борлов. “Аргалын утаа боргилсон малчны гэрт төрсөн би” гээд угалз, хээ ихтэй зочны гэрт байрласан нь бороотой өдрүүдэд үнэн аминд орлоо. Сүүлдээ өдөржин, шөнөжин бүгшүүлэн ханиаж, эсгий, тоосны харшил шинээр нэмж тусав.  Тэр ханиалга нь энд ирээд 3 хоноход зүгээр болсон учраас харшил гэж баттайгаар олж мэдлээ.  Харшлын сувилалд очоод шинэ харшлаа нээн мэдэж авлаа.

Хэрлэнгийн хөдөө арал

4. Сумын наадам

Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын 80 жил болж, сумын наадам үзэх завшаан тохиолоо. Баг бүр асар зоож, идээ тавьсан байлаа. Асарт ороод суухаар гоё дээлтэй бүсгүй айраг аягалж өгнө. Идээнээс нь хүртэнэ. Бөхчүүдийн боорцогноос гуйж байгаад идэв. Наадмын талбайн хойд хэсгээр хуушуурны гуанз-өрхийн аж ахуй сайхан ажиллаж байлаа. Аав нь хуушуураа хайрч, ээж, эгч чимхэж, хүү гурилаа нухаад, ач охин мөнгөө тоолж авах гэх мэтээр бүтээлч үйл ажиллагаа явж байв. Хувинтай хуушууран дээр хүмүүс гадаа алалцаж, бид дотор хуушуураа хүлээгээд гоё байсан шүү.

Наадмын хуушуур

Бөхчүүд нь жинстэй гарч ирээд барилдах бөгөөд хэн нэгэн “морь ирлээ” гэж хашгирахад үзэгчид, бөхчүүд бүгд пир хийтэл морь барианы газар руу жирийнэ. Цагаан хоолойгоор “Нярав хааччихваа, бөхчүүдийг байг өгмөөр байна” гэсэн зар 5-ын давааны алдад явж, нярвыг сум даяараа хайв. Байдаг гоё дээрээ тавьсан Юндэн, Нансалмаа нар дүүрэн байлаа. Дэлгэрхаан сумын заан гэж нэг хачин сайхан амьтан байнаа. Авсан зурагнуудаа НН-доо тавьна. Тэндээс үзээрэй.

Юндэн гөөгөө

5. Хэрлэнгийн хөдөө арал

Нууц товчооны ойд зориулсан их сайхан хөшөөг хийсэн хүмүүст баярлууштай. Их найман ханат гэрийн буурин дээр гантиг чулуугаар ханлиг, овог аймгуудын сүлдийг дүрсэлсэн гэрэлт хөшөөг цогцлоож, дэргэд нь жижиг музей байв. Мөн нилээд том талбайг тойруулан хашсан нь Чингэсийн онгоныг хайх явцад балгасны туурь олдсонтой холбоотой.

6. Рашаан

Кука курортная-гаас дутахгүй сайхан рашаан газрын гүнээс оргилон гарах юм. Жижигхэн байшин барьж, хамгаалалтын зурвас бариад нутгийн иргэдэд хариуцуулан өгсөн нь тухайн орон нутгийн удирдлагын хэр ажилтай, алсын хараатайг харуулав. Сувилал орон нутгаас рашаанаа худалдаж авдаг нь  аль аль талдаа харилцан ашигтай байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа юм.

7. Амралтын захиргаа, үйлчилгээ

Батчулуун захирал 2009 оноос уг амралтыг ажиллуулж байгаа бөгөөд үнэхээр хөдөлмөрч, хичээнгүй бүсгүй юм. Хоёр давхар сайхан зочид буудал барьж байгаа бөгөөд энэ жилдээ ашиглалтад оруулж ирэх жил гэхэд амрагчдаа хүлээж авна гэж байсан. Дүнзээр дөрвөн талаасаа ордог дотроо ариун цэврийн өрөөтэй хөөрхөн байшин барьсан байлаа.

Наадам 2011

-Монголын нууц товчоо"-нд зориулсан гэрэлт хөшөө

Үйлчилгээ үнэхээр сайн байлаа. Бие засах газрын үйлчлэгчид нь орон нутгийн иргэд бөгөөд өнжөөд нэг гардаг ээлжтэй. Өглөө 5 цагаас эхлээд мөлхөж угааж буй тэднийг хараад их өрөвдсөн.  Сайхан амттай хоол хийдэг ур чадвар маш өндөр тогооч нар, хөөрхөн ааштай зөөгч оюутнууд, Бадамсүрэн ахлагчтай нарийн мэргэжлийн эмч нар, физик эмчилгээний сувилагчид гээд чин сэтгэлээсээ хүний төлөө ажилладаг хүмүүс байлаа.  2007 оноос хойш 4 жилийн хугацаанд чанар эрс сайжирчээ. Дараа жил, тэрний дараа жил амрах болно.

Наадам 2011

Хөдөө талын үзэсгэлэн

8. Санаа авууштай зүйлс

Хүүхдүүд хэт их байв. Амрагч бүр ач гуч, өөрийн хүүхэд гэх мэтээр дор хаяж нэг хүүхэдтэй очиж байгаа нь хүүхэдгүй очсон хүмүүстээ их тээртэй. Үр хүүхэдтэйгээ хөөцөлдөөд аав, ээж, эмээ, өвөө амарсан болохгүй бараг ядраад буцдаг байх. Иймд хүүхэдтэй хүмүүст зориулсан цэцэрлэг, хүүхэд харах газар ажиллуулмаар юм байна лээ.

Усны хэрэглээ хэт их байна. Шүд амаа угааж байхдаа, нүүрээ цэвэрлэж байхдаа крантны ус гоожоостой. Түүнийгээ тоож байгаа ч юм алга. Гүний худагнаас ус шахаж байгаа тул өртөг өндөртэй. Крантуудаа автоматаар хаагддаг болговол илүү их хэмнэх байх. Гадуур байдаг даа шахаж нээгээд өөрөө эргээд хаагддаг тиймэрхүү зүйлс тавьбал усны хэрэглээ арай л багасах байх. Түүнээс эмч ажилчид нь энэ талаар байнга сануулах боловч ус хайрлах сэтгэхүй суугаагүй ард түмэнд мянга үглээд нэмэргүй юм.

Хог бас нэг том асуудал. Хэрэвзээ би тэнд байнга байдаг байсан бол лааз, ундааны сав, шил цуглуулаад намар тушаахад лав их хөөрхөн мөнгө олно доо. Хогоо ангилдаггүй болохоор 100 поошигонд хийсэн хог нь халуунд хурдан үнэр орох юм. Гадуур чихрийн цаас, тамхины иш дүүрэн. Ер нь тамхичдыг тусад нь байранд оруулбал бусаддаа их хэрэгтэй юм билээ.

8. Дурсамж

Өглөө эрт 8 цагт сүүдрэвчид таарсан 10 настай хүү. Хоёр дүүгээ харахад ээждээ туслах зорилготой ирсэн Төгөлдөр дүү нараа сэрэхээс нь өмнө Харри Поттерээ унших гэж надтай зэрэгцэн суугаад хууч хөөрөв. Дараа нь “Усан доогуур 20 бээр аялсан” номын сангаас авч уншиж байгаа гэж ярьж явсан. Номонд дуртай тэр хүү бид хоёр бас нилээдгүй буу халсан.

Монголд өөрөөр сэтгэдэг залуус байгаад надад бахархах сэтгэгдэл төрүүлсэн гурван залуу. Хамтдаа тоглож наадаж, буу халж, гэдэс дотор чанаж идэж, барбекью хийж идэх гэх мэтээр цагийг ихэд зугаатай сайхан өнгөрөөсөн. Австралид ирж суралцахад нь тэдгээр залуусыг дэмжихээр ам өчгөө өгчихөөд ирсэн. Амалсандаа хүрнээ.

Япон судлалын мэргэжилтэн Дэмбэрэл багш, түүний гэр бүл Оюун багштай танилцсан нь надад маш завшаантай хэрэг болов. Ном бичихээр оролдож байгааг минь ихэд дэмжиж, урам өгсөн болохоор ойрын хоёр жилдээ номоо бичиж дуусгана даа. Эхлээд англиар бичээд тэгээд орчуулах бодолтой байгаа юм. Амжилтад хүрэхийн тулд хувь хүний хувьд ямархуу золиос гаргах шаардлагатай байдгийг ойлгоход залууст туслана гэж найдаж байна.

Амралтад байхдаа олон сайхан хүнтэй танилцсан бөгөөд намайг тоож, бодол санаагаа хуваалцсан тэдгээр хүмүүст маш их талархаж сууна. Монголын нийгмийн янз бүрийн давхаргын төлөөлөл болох тэдгээр жирийн иргэд надад өөрсдөө ч мэдэлгүйгээр “гэртээ харих” урам зориг өгсөн юм. Home is where you belong. My heart says Mongols are my people, my identity, therefore, I belong to Mongolia.

Хөгжил дэвшилд хүрэх ину.

Гэртээ хариад нуль эрч хүч, энерги, тарга тэвээрэг, өөх тос аваад ирсэн хүн чинь ажилдаа шууд ороол даргатайгаа шууд уулзаал, өмнө дургүй хүргэж байсан бүх үйлдлийг нь нэг нэгэнгүй хэлээд өгчихлөө гэвэл алав аа. ККК.

Ажилдаа орсон, бүгдээрээ монгол оньсоо нухаад, даргад өгсөн зургийн альбомыг үзээд танай Монгол ийм гоё юм уу гэж дуу алдаад л… 2013 онд лав хоёрын зэрэг нөхөр очихоор болов. Хүмүүс очиход хаагуур явуулах, юу үзүүлэх, үлдсэн хүмүүст ямар бэлэг авах гэх мэт Монголдоо очихоор зэхэж буй экспатуудад өөрийн туршлагаас хуваалцая.

Мөнгөтэй найз нөхдийн айлчлал

Надтай хамт Украйнд сурч байсан Паша хичээл тасалдаг, дандаа хуулдаг “муу” сурлагатан байлөө. 3-р курсээсээ банкинд ажилд орсон дэвшсээр дэвшсээр хөрөнгө оруулалтын банкны захирал болсон бөгөөд Оросын 40 хүртэл насны саятангуудын жагсаалтад байдаг гэнэ. 2006 онд Монголд ирж амарсан бөгөөд дараа жил нь найз нараа явуулсан байсан. “Баян хүнийг балаг тойрохгүй” гэдгээр жуулчны компаниар үйлчлүүлэхэд аюулгүй байдлаа хангах гэж бөөн асуудал байдаг бололтой юм шиг байгаа юм.

Найз Паша жинхэнэ баян, дээр нь сайхан сэтгэлтэй орос зантай учраас мөнгийг сайн цацдаг. Наадмын талбайг нэг тойрчоод шууд түрээсийн вертолётоо унаад Хөвсгөлийн тайгад очив. Түрүүлээд машин, унаа, тогооч, хүнс, хар Чингисээ явуулсан байсан тул нэг Иридиум бариал гараад шидчихлээ. Очоод эхний 3 хоног сайхан хоол хийлгэж идээл архидахыг үзүүлсэн. Дараа нь Хөвсгөл нуурыг тойрон аялах, загасчлах гэх мэтээр яг 7 хоног. Буцаад машинаараа давхисаар УБ ирээд ус цасанд орж, Алтай кашмирын дэлгүүрийг нүүлгэх шахаад нэг сайхан хоолонд оруулаад “До свидания, до новых встреч” гээд явуулчихсан юм. Ихэд таалагдсан бололтой дараа жил нь бас гурван нөхөр явуулсан ба вертолет олдоогүй тул Хэнтий аймаг руу аялсан юм. Саахалтын зайд айлын гадаа майхнаа зоогоод амралт зугаалга эхлэв. Эхний хэд хоног яах вэ усанд сэлээл, уугаал, хоол идээл… Сүүлдээ тэр хавийн айлаар хэсч адуу уургалах, үхэр саах, аргалд явах, бяслаг шахах гэх мэтээр үнэн зугаатай хэд хоногийг үдэж, УБ ирээд зад наадамлаад тэгээд буцацгаасан даа. Хамгийн гол нь стресс ихтэй ажилтай хүмүүс нь шууд налайсан амралт, сувилалд явахад тохиромжгүй учраас адвенчэр аялал хийвэл их зүгээр юм байна лээ. Мөнгөний хувьд хангалттай сайн типс өгүүлж, нутгийн иргэдийг башийлгасан. Жолооч, тогооч хоёр бол аялалд явахаар авсан бүх зүйлийг цалин дээрээ нэмж авсан даа. Хамгийн гол нь жолооч архи уухгүй, тогооч  хурдан шаламгай, сэтгэл сайтай хүн байхад болоод явчихдаг юм байна лээ. Нийлэлдэн ууж эхлэхэд үйлчилгээнийхээ хүмүүсийг эхний гурвын дараа шууд “жийх” хэрэгтэй. Түүнээс нийлэлдэн уугаад эхэлбэл утга учраа алдана. Нутгийн иргэдтэй бол шууд яриад яах ийхийг нь хэлээд өгчих хэрэгтэй. Хүүхдүүдэд өгөхөөр чихэр, жимс, айлын авгайд цай гэх мэт зүйл ахиухан бэлдээд явбал хүмүүсийн хандлага шал өөр.

“Хүний мөнгийг хүнээс харамладаг” хоббитой болохоороо хэт их мөнгө зарцуулахад нь хязгаар тавих гэж бөөн ажил болсон юм. Хэдгийгээр Монголд зарцуулж буй мөнгө боловч дараа дараагийн жуулчдад хүндрэл учрах магадлал ихтэй учраас дооз, тунг нь тааруулаад аль аль талдаа үр дүнтэй байх нь хамгийн чухал. Түүнээс хэдэн онд билээ ШО-гийн урилгаар Аль Файэд ирээд малчин айлд өгсөн чинь цайны мөнгөнд орчуулагч залуу нь барьцаад давхисан шиг юм болбол онигоо биздээ.

Ажилчин зөгий ганц бие найз нөхдийн айлчлал

2008 онд швецарь найз хүүхэн өөрийн найз Швед хүүхэнтэйгээ ирсэн. Олон улсын байгууллагад ажилладаг, цалин орлого өндөр, феминист хүүхнүүд тул Пашагаас шал өөр сонирхолтой. УБ-ын ойролцоо Цонжин болдог, 13-р зуун, Хустайн нуруу гээл Монголын сайхан байгальтай танилцах аялал дуусаа. Харин гоо сайхан, хуруу, хумсны засал, саун массажаар сайн үйлчлүүлсэн бөгөөд УБ-ын хэдэн пабыг дуусгасан тул хүлээн авагч би хөлд нь үрэгдэнгээ алдсан даа. Тэд Монгол залуусыг ихэд сонирхсон, гэвч хажууд нь би шавар болсон уу яасан шулуухан шиг армаанчиглах залуу олдохгүй байлаа. Сүүлдээ ч массажист залуугаа гуйх бил үү, найз нөхдөө Их Монголд дуудаж авчирч байгаад загнах бил үү хачин юм болсон. ККК. Ер нь тэгээд хүүхэн найрдгийг мэдэхээс залуу найрах туршлагагүй би голд нь байдалд орж, хэцүү юм билээ. Тийм болохоор иймэрхүү сонирхолтой хүмүүс ирвэл эртхэн учрал, ерөөлийг нь бүрдүүлэхгүй бол цаг хугацаа давчуу үед асуудалтай юм байна билээ шүү, таминээ.

Тэтгэврийн хөгшчүүл

Тэтгэвэрт гарсан 60-аад насны залуувтар эмээ өвөө нарыг Хятад, Монгол, Оросоор дайрдаг Транс Сибирын аяллын шугамаар авбал манай Жуулчин компани Монголд 3 хоноход нь сайхан зохион байгуулаад, тэр хэрээрээ ч мөнгийг нь хөөрхөн салгачихдаг юм байна билээ. Тэдгээр хүмүүст хамгийн гол нь тав тух, аюулгүй байдал хамгийн чухал. Австрали найз нөхдөөс 4 гэр бүл Монголд энэ шугамаар очиж байсан бөгөөд аяллын багаас нь салгаад Тэрэлжид хэд хонуулаад Хустай нуруу үзүүлчихэд л болоод явчихдаг юм байна лээ.

Ирэх жилээс найз нөхөд гэр бүлтэйгээ ирэхээр хүсэлт гаргаж байгаа юм. 7-15 насны гурван хүүхэдтэй. Нөхөр нь манай сургуульд ажилладаг, эхнэр нь нойрсуулагч эмч. Тэр хоёр машинаар элсэн дундуур давхих, загас барих, сарлаг унах, хайкинг хийх хүсэлтэй. Бага байхдаа сарлагны тухай сургуульд үзсэн бөгөөд маш хүчтэй сэтгэгдэл төрүүлсэн тул одоо болтол ИАК гээл бөөн юм  ярьдаг юм. Эдний хүүхдүүд их хүмүүжилтэй, Найрамдалд амраавал хүүхдүүдтэй найзлаад манай хүүхдүүдийн англиш дээшлэх боломжтой болох юм.

Бэлэг

Их дэлгүүрийн бэлэг дурсгалын тасагт сайхан сайхан зүйлс байнаа. Зураасан зурагнууд их тавьсан нь хөнгөн бөгөөд чанарлаг их аятайхан бэлэг болно. Монгол эротик агуулгатай зураг их болсон байна лээ. Монгол утга санаатай футболка цамц, малгай бас их гоё бэлэг болно. “Монголд үйлдвэрлэв”-ээс цэвэр даавуун футболка аваад тэр шигтгээ наадаг хүмүүсээр монгол хээ наалгаад, эсхүл уйгаржин монголоор нэрийг нь бичүүлээд өгвөл их гоё бэлэг болно. Бэлэн зарж буй шигтгээтэй футболканы материал нь полиэстер болохоор жоохон онцгүй байсан. Монголын тухай фото зурагтай ном Их дэлгүүрийн дээд талд байдаг номын дэлгүүрт байгаа. Монгол үлгэртэй англи хэл дээрхи хүүхдийн ном их болсон байсан нь гоё бэлэг болов. Үнэтэй ноолуур гэхээсээ илүү Сүлжмэлийн үйлдвэрийн сарлагын хөөврөөр хийсэн алчуур их гоё бэлэг болов. Хүйтэн орны хүмүүст бэлэглэвэл эсгий гэрийн шаахайг янзан бүрээр хийдэг болсон байна лээ. Монгол оньсон тоглоом ажлын газрынхан, найз нөхөддөө өгвөл хачин сайхан бэлэг. Манай босс шагналтай гэсэн тул ажлынхан бүгд нэг нэгийг аваад вийкэндээрээ эвлүүлээд нэг дэхэд ажилдаа авч ирэх юм гэсэн. Зааврыг нь дарга хурааж аваад далд хийчихсэн. Өмнө явахдаа авчирч өгөхөд тэр бэлэг офисын ОД болсон юм.

Дотны найз нөхөддөө монгол мөнгөн ээмэг, зүүлт бэлэглэвэл чамин бэлэг. Найз хүүхэндээ өгсөн чинь ажилдаа зүүгээд офис дээрээ ОД болсон гэнээ.

Home sweet home

Олон ой давхацсан ойн баяр наадмыг сайхан өнгөрүүллээ. Австралийн long weekend гэдэг ойлголтод хагас бүтэн сайн нэгдэх өдөр багтдаг бол манай наадмын амралт бүхэл бүтэн ДОЛОО ХОНОГ үргэлжилж уртын урт амралт болжбайна. Хэдийгээр зуны дэлгэр цагт амрах зугаалах  нь таатай боловч ингэж хэт олон хоног амрах нь бас сөрөг талтай юм. Энэхүү уртын урт амралтын хамгийн гое нь ЮБи гудамжны машины тоо эрс цөөрч, түгжрэл гээч алга байгаа явдал юм.

Амьдрал дээшилжээ.

Ерөнхийдөө хүмүүсийн амьжиргаа тогтжээ. Тойм сэтгүүлд монголчуудын гэр бүлийн байдлын чиг хандлагын судалгааны дүн хэвлэгдсэн байсныг олж уншихад нийт судалгаанд хамрагдагсдын 47 % нь МӨНГӨ гэр бүлийн хамгийн үнэ цэнэтэй зүйл гэж хариулсан бол дөрвөн хүн тутмын нэг нь ГЭР БҮЛ, ҮР ХҮҮХЭД гэж хариулсан байх жишээтэй. Үнэхээр МАНЫ, МАНЫ гэсэн хүмүүс их байна. Бидний үеийнхний нас болоод чиг тэр үү найз нөхөд, ярилцаж суусан хүмүүс бүгд амьдралын гол үнэт зүйл нь материаллаг бус хэрэгцээ гэр бүл, эрүүл мэнд, сэтгэл тайван байдал г.м-ээр илэрхийлж байлаа. Ямарч байсан нийгмийн дундаж давхарга бүрэлдэж эхэлсэн, тэдний үнэт зүйл нь хөгжил дэвшилд хүрсэн нийгмийн яг ижил давхаргын үнэ цэнээс зөрөхгүй байгаа нь намайг маш их баярлууллаа. Чухам эдгээр иргэд нийгэмд дийлэнхи олонхи болж чадвал бид хөгжлийн замдаа шуударнаа гэсэн үг.

Үйлчилгээ

Үйлчилгээ сайжирчээ. Энэ зуны хамгийн HOT SPOT Түшиг их дэлгүүрийн баруун талын Клаб 23. Меню дээрээ 12 коктэйль бичсэн боловч зөвхөн 2 нь гарна гэв. Гэхдээ үйлчлэгч залуугийн хөөрхөн нь энэхүү жижиг хүндрэлийг хүнд хүлээж авахааргүй болгов. Хи хи хи.

8 жилийн өмнө 40 мянгатад гоо сайхны газарт ор түрээслээд бизнесээ эхэлж байсан найз Д. Мөнхтуяа өнөөдөр өөрийн гэсэн салонтой болж, олон арван охидыг сургаж мэргэшүүлжээ. Жил ирэх бүр өөдлөн дэвшиж байгаа нь миний найзын хөдөлмөрч, уйгагүй гялалзуур зантай холбоотой. Өөрийн дүү Мунжаал, Үйлсээгээ дагуулан хичээн зүтгэсээр найз минь өнөөдөр Монгол Улсдаа тэргүүлэх гоо засалч болжээ. BDS салоноо намайг ирэх бүрт л сайжруулан тохижуулсан байдаг бөгөөд миний найз нөхөд тогтмол үйлчлүүлэгч. Ямарч үйлчилгээний байгууллагын амин сүнс нь тогтвортой үйлчлүүлэгчид. Ийм учраас “үерхэлдээ үнэнч байх нь” жижиг бизнес эрхлэгчдийг дэмжих хамгийн сайн бодлого юм.

APPLE салоны эзэн Э. Алимаа, Э. Алигэрмаа хоёр маань ч гэсэн бас амжилттай сайхан явна. Гадаадад суралцан өндөр боловсрол эзэмшсэн ч гэсэн оюутан байхдаа сурсан гар хөл засах чадвартаа үндэслэн Монголдоо л анхдагч болсон бүсгүйчүүд юм. Энэ хугацаанд мөн ч олон оюутан охидыг сургаж, ажилтай орлоготой байлгасан даа.

Найз нөхдийн бизнесээ сурталчлах гэж үүнийг бичсэнгүй. Аливаа нэг юмыг тууштай тэвчээртэй хийсэн хүн амжилтад хүрдгийг ойлгуулах үүднээс ойр дотныхноороо жишээлэн бичлээ. Үүнтэй ижил англи хэлээ тэвчээртэй, уйгагүй сурч, гадаадад тэтгэлгээр сурна хэмээн сайн сайхныг бодон хичээн зүтгэвээс 2 жилийн дотор ямар ч байсан явж байна. Миний тусалж дэмжсэн  тэтгэлэг хүртсэн хүний тоо 54 хүржээ. Өөрөөрөө бахархаж байна. Үүнээс илүүтэй олон олон бэрхшээлийг тэвчин туулж зорилгодоо хүрсэн тэднээхээ бахархаж сууна. Энэ тооноос хоёр дахин хүн замын дундаас буцсан. Шантарч буцсан тэдгээр хүмүүсийн амьдралаа өөрчлөх хүсэл зорилго нь унтраагүй байгаа гэж итгэж байна. Яагаад гэвэл тэдгээр хүмүүс боломж ямарч хүнд байдаг гэдгийг ойлгосон гэж найддаг. Хүн бүр ижилгүйн адилаар хүн бүрийн амьдрал өөр. Гагцхүү хувь заяагаа өөрөө жолоодож чаддаг хүн амжилтад хүрдэг юм.

Англи хэлтэй л бол тэтгэлэг хүртдэг гэдэг өрөөсгөл ойлголт их өргөн тархжээ. Энд миний оруулсан хувь нэмэр ч бий. Англиш нь тэтгэлгийн үндсэн шалгуурыг хангах нэг үзүүлэлт болохоос шууд тэтгэлэг хүртэх шалгуур биш. Хэлнээс гадна чиний амьдралыг үзэх үзэл, чадвар, хэр ХҮН бэ гэдэг нь үндсэн шалгуур болдог гэдгийг дахин сануулья.

Би нэг удаа бичиж байсан даа: “Энэ эгч ийм ааш муутай шиманус шиг байж яаж дандаа тэтгэлэг авдаг байнаа гэж та нар гайхаж байна уу? Нийгмийн сайн сайханд чиглэсэн энэ мэтийн бөөн дурын ажил их хийдэг учраас гадаад орны засгийн газрууд надад хайртай байдаг юм” гэж.  Залуус та нар хувь хүн гэхээсээ илүү иргэн гэдэг утгаар нь нийгмийн хөгжилд өөрийн чадлаар хувь нэмрээ оруулбал 2 жилийн дотор ямарч байсан нэг тийшээ хүний мөнгөөр эрдэм сурахаар явах болно шүү гэдгийг дахин хэлье.

PS: Уртын урт амралт таарсан тул уулзалт зохион байгуулах боломж гарсангүй. Уучлаарай.

Шошгон цуваа