Тэтгэлэг горилогсдод тусламж

Archive for 12 сар, 2011

Өдөр тутмын амьдрал:Жигмэд, Тогмид хоёр

Фермийн агуулахын хаалгаӨнгөрсөн ням гарагт манай эндхийн монголчууд нийлээд интоор жимсэнд явлаа. Эндхийн жимсний аж ахуй, фермерүүд ургац хураалтын үеэр хүмүүс ажиллуулахаас гадна хүмүүс гэр бүл, найз нөхдөөрөө очоод өөрсдөө хураагаад тэрийгээ худалдаж авч болдог юм. Ферм рүү нь ороход ойролцоогоор 5-8 доллар төлөх ба кг жимс нь дэлгүүрээс арай хямд байдаг.

Энэ удаа бид Форэст Рэнж ферм орсон. Жимсний модоо ховдог шувууны дайралтаас хамгаалахын тулд дээгүүр нь тор татсан байлаа.

Дээрхи зурган дээр харагдаж байгаа хуванцар хувин бариад л үсрээд орчихлоо. Бөнжийгөөл байжээдэг гэнээЭхлээд бүгд гэдсээ дүүргээд дараа нь савандаа түүж эхлэв. Савандаа нэг, гэдсэндээ нэг гэдэг хувилбар ч байлаа.  Интоор жимс том болохоор сав дороо дүүрэх юм. Хамгийн гол нь мод мод руу үсчихгүй нэг модоо сайн мөлжвөл илүү хурдан түүх юм байна билээ. Ихэнхи маань хувингийн тал түүсэн бол би ч шукадаад хувин арай дүүргэлгүй түүсэн нь 6 кг болов. Интоорын хувьд хар хүрэн өнгөтэй нь болсон байдаг бөгөөд хэрэв иштэй нь хамт түүвэл удаан хадгалагддаг юм байна.

Интоор

 

Фермийн ажилчид нь Цаасан хайрцаг гялгар уутаар доторлоод түүсэн жимсийг чинь сайхан гэгч нь савлаад өгчихнө. Тэрийгээ идээл идээл. Өнөөдөр хийсэн ажил нь интоорны яс салгадаг багаж худалдаж авав. Өнөө орой ясыг нь салгаад маргааш чанамал хийнэ дээ. Мөн лимоны хүчил саахарын уусмалд хийгээд хөлдөөж болох юм байна.

Интоороос гадна гүзээлзгэнэ, тоор, нэрс, намар бол усан үзэм түүж болно. Үүргэвчтэй аяллаар ирсэн хүмүүс ургац хураалтын үеэр ажиллаад Австрали тойрох аяялын мөнгөө олчихдог гэсэн шүү. Хэдэн жилийн өмнө зуны амралтаараа гүзээлзгэнэ түүдэг ажил хийж ашиг орлогоо нэмэгдүүлэх санаатай оюутнуудтай нийлж ургац хураалтад яваад наранд цохиулснаас хойш Жигмэд хийх нь Тогмид болохоос илүү надад зохидог гэдэг дүгнэлтэд хүрч, амралтын өдрөөр эко аялал хийж гэдсээ дүүргэхээс өөрөөр жимс, ногоо хураах ажил хийсэнгүй.

Гадаад оюутнууд хаягдсан уурхайд байдаг мөөгний аж ахуй дээр ажилладаг бөгөөд нэг кг нь 25 центийн хөлстэй гэсэн бил үү дээ. Зарим өдөр нь их, зарим өдөр нь бага ургасан байдаг. Хуучин энд сурч байсан хоёр хятад оюутан тийм ажил хийдэг байсан ба өдөрт 50-80 доллар авдаг гэхийг бодоход их хурдан түүдэг юм шиг байна лээ. Угийн Жигмэд болохоороо түүхий мөөг идэх боломжгүй гээд уг ажлыг ерөөсөө сонирхоогүй.

Шинэ жилийн баяр ойртоод ойрд ажил ихтэй байна. Шоколадны сурталчилгаанд ажиллаж байгаа болохоор самартай, карамэльтэй, хар, гаатай гээд янз бүрийн шоколад дэлгүүрт амсуулж, өөрөө бас завсар зайгаар нь яаж зүгээр байхав дээ, идээл, амсаал, үнэрлээл… Хи хи хи…

Мао-гийн сүүлчийн бүжигчин

Хятадын цагаач балетийн бүжигчин Ли Цүнсины 2003 онд бичсэн дурсамж ном нь нэг хэсэгтээ л бэстсэллэр болж байсан юм. Кино нь зохиолоосоо илүү ойлгомжтой.

Гол агуулга нь соёлын хувьсгалын үед тариачны ганц хүү балетын тусгай сургуульд тэнцсэнээр түүний урлагийн замнал эхэлнэ. Түүнийг бүжигчний карьерээ эхэлж байхад Маогийн эхнэр балет үздэг бөгөөд сонгодог балет хувьсгалт үзэл хангалттай илэрхийлэхгүй байна гэж шүүмжилснээс болж театрын бүжиг дэглэлт хувьсгалт найруулгатай болохоос гадна Вагановагийн школтой бүжиг дэглээч нь эсэргүү болж ачигдах гэх мэт үйл явдлуудын гэрч болох юм. 80-аад Маогийн дараах дулаарлын үед Хьюстон Балет Бээжинд соёлын солилцооны дагуу тоглолт хийх ба хариуд нь нэг эрэгтэй балетчин туршлага судлахаар АНУ-д гурван сар ажиллах боломжтой болох юм. Бээжингийн театрын уран сайхны удирдагч нь Лиг сэтгэлийн дотоод хүч ихтэй, тууштай гэж тодорхойлсноор түүнийг капитализмын нөлөөнд авталгүйгээр нэр төртэйгээр ажиллаад ирнэ гэж найдвар хүлээлгэн Америкт явна.

Америк бүсгүйтэй танилцаж, дурласнаар байдал эргэнэ. Хьюстон Балетын гоцлол бүжигчин тоглолтын өдрөө гэмтсэнээс болж АНУ-ын Дэд ерөнхийлөгчид зориулсан гала концертод Ли испани бүжиг бүжиглэхээр болж 6 цагийн бэлтгэлийн дараа тайзан дээр гардаг. Энэ нь түүнд алдар хүндийг авчрах ба түүний АНУ-д ажиллах хугацааг сунгах хүсэлт Хятадын ЗГ-т гаргадаг боловч татгалзсан хариу авна. Хамт ажилладаг хоёр бүжигчин түүнийг цагаачлалын өмгөөлөгчтэй уулзуулах бөгөөд хэрэв америкийн иргэнтэй гэрлэвэл үлдэх боломжтойг түүнд хэлснээр америк найз бүсгүйтэйгээ гэрлэж, үүнийгээ мэдэгдэхээр Хятадын консулын газарт очино. Найз нөхөд, эхнэр, дарга, өмгөөлөгчийнх нь хажууд түүнийг хүчээр авч яван хорьдог. Мэдээж америкчууд бөөн юм болоод өмгөөлөгч нь Ерөнхий прокурорын зөвшөөрөл авч сүүлдээ ЭфБиАй, АНУ-ын дэд ерөнхийлөгч Буш хүртэл оролцсон асуудал боссоноор Лид үлдэх боломж олдож, тэрээр Хьюстон баллетын гоцлол бүжигчин болно. Эхнэрээсээ сална.

Жирийн тариачин эцэг, эхийг нь хүмүүс жигшин муучлах компанит ажил өрнөнө. 10 орчим жилийн дараа ээж, аав нь Америкт ирж, хүүгийнхээ тоглолтыг үзнэ. Тэрээр төрсөн тосгондоо 15 жилийн дараа очдог.

Миний хувьд энэ хүн мундаг гэхээсээ илүү хувиа хичээгч. Хувь хүнийхээ хувьд авъяаслаг бүжигчин энэ эр өөрийн хүсэл мөрөөдөлдөө хүрсэн ч гэлээ аав ээж, хамт ажилладаг байсан олон хүмүүсийн боломж, амьдралыг золиосолж байж үүнд хүрсэн юм. Мэдээж түүнийг зугтааснаас хойш лав Бээжингийн драмын театрынхан коммунист намын хар дансанд орсон байгаа. Хөөрхий аав, ээж хоёр нь олон хүнд чичлүүлэн урвагчаараа дуудуулан ихэд зовсон. Мэдээж боломж олдож байгаа дээр ашиглах ёстой, ашиглаагүй бол чи тэнэг гэж олон хүн хэлэх байх. Гэвч уучлаарай. Ард үлдэж буй хүмүүстээ ямархуу гай зовлон авчрахаа мэдсээр байж, үлдэж чадаж байна гэдэг нь хувиа бодсон хүний шинжээс гадна хүсэл мөрөөдлөө биелүүлэхдээ бусдыг золиосолсон хүн хэр зэрэг “мундаг” хүн бэ?

Энэ хүн одоо хөрөнгийн бирж дээр ажилладаг бөгөөд гэр бүлийн үнэт зүйлс, зорилго гм-ийн тухай нийтэд зориулсан лекц уншдаг юм. 

 

Цагаан тууз

Эндхийн үдийн цайны завсарлага 30 минут. Австраличууд үдийн хоолондоо бидний ойлголтоор амны зугаа-зууш болох хачиртай талх идээд болчихдог болохоор энэ хугацаа хангалттай байдаг.   Үдийн цайны цагаараа ойрхон байдаг япон хоолны газарт орлоо. Хэдхэн ширээтэй, цэвэрхэн энэ газарт би орох дуртай тул танил болсон дүр зураг намайг угтав. Дуртай сушигээ аваад ширээнд суулаа. Харин өнөөдөр хажуу талын ширээнд суусан 3 залуу бүсгүйг хараад ямар их атаархал төрөвөө. Найз хүүхнүүдтэйгээ сүүлийн үеийн сонин сайхнаа хуваалцаж, ам хэлээ билүүдэн хажуугаар нь хов сүнгэнүүлсэн шигээ хооллохын сайхныг бүсгүйчүүд л ойлгох байх.

Будаанд ороосон түүхий загасаар ходоодоо хуурч буй хувь заяатайгаа эвлэрсэн би тэдгээр хүүхнүүдэд атаархсан сэтгэлээ хөгжөөхгүйн тулд хурдан хоолочихоод гарахаар шийдэв. Гэтэл… Хэдхэн минутын өмнө миний атаархлыг төрүүлж байсан бүсгүйчүүдийн нэг нь ямар нэг зүйл аяархан дуугаар хэлээд цүнхнээсээ алчуур гарган нүдээ дарах нь нүдний үзүүрт өртлөө.

Хэдхэн минутын өмнө найз хүүхнүүдтэйгээ инээмсэглэж суусан шаргал үст тэр сайхан бүсгүй гэнэт нүдээ арчих болсон нь миний сониуч зан хөдөлж, суудалдаа тухлахад хүргэв. Илүү үглэн түүний ярихыг сонсвоос найз залуу, эсхүл нөхөртэйгээ муудсан болохыг төвөггүй ойлгоно. Хөгжөөн дэмжигчдийн бүлэг-найз бүсгүйчүүд нь сэтгэл санааны дэмжлэг үзүүлэхээр хамт хоолож буй бололтой. Гэвч тэр бүсгүйн аяархан хэлсэн HE HITS ME гэдэг үгс намайг суудалдаа навтайн сууж, тавагтай сушигээ удаан ширтэхэд хүргэсэн юм.

Найз хүүхнээ яаж тайвшруулах учраа олохгүй суугаа хоёр бүсгүй, япон хоолны газрын нэгэн хэвийн танил дүр зураг бүгд хоёрдугаар планд  бүдгэрч “Хөөрхий дөө” гэдэг шүүрс алдалт өөрийн эрхгүй амнаас  уналаа.

Жич: Улаан тууз ДОХ-той тэмцэх өдрийн бэлэг тэдэг бол ижил цагаан тууз нь эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг эсэргүүцэх бэлэг тэмдэг юм.

Шошгон цуваа