Тэтгэлэг горилогсдод тусламж

Archive for Есдүгээр сар, 2013

Илүү, дутуу хийгээд иргэншсэн хүн болох нь

Фэйсбүүк дээр UB Foodies гэдэг бүлэг бий. Бүгд англиар ярьдаг гадаад, дотоод хүмүүс Улаанбаатар хотын хоолны газрууд, рестораны талаар санал бодлоо солилцдог юм. Хаана ямар аятайхан хоол байгаа талаар мэдэхэд дөхөмтэй. Заримдаа хоолны жор хуваалцаж буй нь ч харагддаг.

Миний ажиглалтаар олж авсан нэг дүгнэлт: МОНГОЛЧУУД шүүмжилж чаддаггүй, Учир нь гадаадууд тухайн хоолыг үнэлэхдээ сайнтай, муутай нь хэлээд базаж дүгнэдэг бол манайхан шууд л “It sucks”, ” Don’t ever go there” гэж эхэлдэг. Бичиж буй комэнтийг нь харваас дийлэнхидээ гомдоллосон, шүүмжилсэн. Гадаадууд нь тухайд ресторан пабын эзэд байх нь бий ч монголчууд ч түүнээс дутахгүй тоотой юм гэж дүгнэсэн тул нийтлэг хандлага тодорхойлоход өмчийн эзний реклам ороогүй гэж хэлж болно.

Хурал цуглаанд сууж байхад үг хэлж буй хүмүүс үзэл бодлоо бүтээлчээр илэрхийлэх гэхээсээ илүүтэй шүүмжлэх байр сууринаас ханддаг. Шүүмжлэх, үзэл бодлоо бүтээлчээр илэрхийлэх хоёр угтаа асар ялгаатай зүйлс л дээ. Иргэншсэн хүн, примитив сэтгэж буй хүний хоорондын гол ЯЛГАА: Санал хэлэхэд монгол хүн шүүмжлэл гэж хүлээж авна. Иргэншсэн бол Юу билээ? гэж асуудлаа эргэж харна. Асуудлыг ухаж хэлэлцсээр, судалсаар нийтлэг ойлголтод хүрнэ.

Жишээ нь: Нүүлгэлтийн үйлчилгээ 2404-ийн тухай санал авахаар утасдаж байна. Цагтаа ирсэн, сайн байсан. Харин ирсэн дөрвөн залуугийн нэг нь арай туршлагатай 2 нь яг юу хийхээ мэдэхгүй байх шиг байна лээ. Сайн зааж, зааварлаж, сургаж өгч байвал зүгээр юм гэж хэлэнгүүт За баярлалаа гээд утсаа тасалчихав. Оюутан залуус цагаар авч ажиллуулдаг байх магадлалтай гэдгийг би ойлгож буй тул туршлага жаахан тийм байна шүү л гэж хэлэх гэсэн санаа байв. Хэрэв сэргэлэн оператор байсан бол үүнийг нь хэлчихэд л би ч нөхцөл байдлыг ойлгоод цаашдаа дадлагажаад сайн болно гэдэг дээр санаа нэгдээд аль аль тал нь сэтгэл ханамжтайгаар салах байлаа.

Бидний монголчуудын бүх зүйлийг шүүмжлэл гэж хүлээж авдаг сэтгэхүй хаанаас эхтэй вэ гэхээр

  1. Хувь хүний өөртөө итгэх итгэл сул. Энэ нь нийгэмд хүлээн зөвшөөрөгдөх хэрэгцээ нь хангагддаггүйтэй холбоотой

Өсөн торних цагаас нь эхлэн боловсрол, хүмүүжлийн нэгдсэн философигүйгээр зөвхөн иргэний толгойд мэдээлэл хийх агуулгаар явсан учраас тухайн хүний өөртөө итгэх итгэл үнэн сул. Дээр нь яг нэг ижил системээр явсан хүмүүс нь өөрчлөлт, шинэчлэлтийн цагийн өнгөнд өөрөөс нь илүү “амжилттай” яваа болохоор барьцах сэтгэлгээ өндөр байгаа. Мөн ажиллах хүчний нийт тоонд залуус олонхи болж байгаа зэрэг олон хүчин зүйлээс хамаардаг. Мөн гэр бүлийн хамтач менталитет, бусдын хэрэгт хошуу дүрэх сэдлийг ямагт өддөг тул найз нөхөд, гэр бүлийн зүгээс ирэх шүүмжлэл нь дарамт болж хүндээ очдог аж. Энэ нь эргээд хувь хүний үнэлэмжид нь хатуу цохилт өгдөг юм байна.

2. Үзэл бодлоо бүтээлчээр илэрхийлэх чадвар сул, Иргэний боловсролоор олгогддог энэ ур чадвар манайд нийтээрээ дутмаг байгаа

Орос сургууль төгссөн хүүхдүүд яриандаа “яагаад гэвэл” гэж тайлбар хийх нь монгол сургууль төгссөн хүүхдүүдээс хамаагүй олон байдаг. Та нар анзаараарай. Өгүүлбэрийн бүтэц, дүгнэлт хийж байгаа байдал нь тухайн хүний сэтгэхүйн хэв шинжийг илэрхийлэхээс гадна тухайн хүний боловсрол мэдлэг, уншиж судалсан зүйлээс аваад аав ээж нь хэрхэн харилцаж байсныг илэрхийлдэг юм.

3. Өөрчлөлт асар хурдтай явж, хуучин нийгмийн харилцаанд ороход нь “аюулгүйн бүс” нь болдог байсан гэр бүл, танил талын хүрээ гм институц тогтолцоо нь шилжих хөдөлгөөнөөс болж задран унасан тул “ХҮН ХҮНДЭЭ ЧОНО, дараа нь НАЙЗ” гэдэг сэтгэхүй давамгайлж, хэн хаанаас намайг барьчих бол гэж ямагт биеэ хураан “хамгаалалт-довтолгооны” байр сууринаас асуудалд ханддаг болж.

Иргэншсэн хүмүүн болон нийтлэг монгол хүний хувьд дараахи үзэл  бодлын асар ТОМ ЯЛГАА байгаа нь харагддаг.Учир нь асуудлын мөн чанарыг ойлгоход үзэл бодлоо илэрхийлэх нь тустай гэсэн агуулгаар харах чухал болохоос хэний зөв, хэний буруу гэж ангилах нь асуудлын гол утга биш юм.

Бидний хэд Чи надаас юугаар ч илүү биш, би чамаас юугаар ч дутуу биш гэсэн арсалдах, барьцах сэтэхүй давамгайлдаг бол иргэншсэн хүн Чи надаас юугаар ч дутуу биш, би чамаас юугаар ч илүү биш гэдэг өнцгөөс асуудалд ханддаг байна. Өөрөөр хэлбэл эхнээсээ л өөрийн зүгээс нөгөө хүнээ илүү, дутуу тавихгүйгээр анхнаасаа бид ижил тэгж гэсэн сэтгэхүйн өгөгдөлтэй харьцвал алив саналыг шүүмжлэл гэж хамгаалалтын байр сууринаас биш, эн тэнцүү хамтын гэсэн хэв шинжтэйгээр харах аж.

О.Чулуунбилэгт:

Энэ тайлбарлахад маш хэцүү ойлголт тул сайн болоогүй гэдгээ хүлээн зөвшөөрөв. Хүндэтгэсэн Алимаа

Австралийн боловсролын үзэсгэлэн яармаг

 АВСТРАЛИД СУРЦГААЯ

 Австрали Улсын Засгийн Газрын Монгол
Улс дахь Худалдааны төлөөлөгчийн
газраас Австралийн боловсролын тухай
танилцуулга яармаг үзэсгэлэнг энэ жил 2
дахь удаагаа зохион байгуулах гэж
байна. Арга хэмжээнд Австралийн нийт 18
Их дээд, мэргэжлийн боловсролын болон
англи хэлний сургуулиуд оролцож үйл
ажиллагаа, сургалтын чиглэлийн тухай
танилцуулгыг хийнэ. Үзэсгэлэн
яармагийн арга хэмжээ Блю Скай зочид буудлын 3 давхарт болно 

Дэлгэрэнгүй
мэдээллийг 1199-ээс лавлаарай.

Бөөгийн домог-2

Хүмүүс намайг нүүсэн гэхээр их хэцүү байсан гэж бодоод байх шиг байна. Ганц тэр хүүхнээс ч бус, бусад шалтгаан байсан юм. Жишээлбэл, нийтийн тээврээс хол тул заавал автомашинтай байх хэрэгтэй. Гэтэл би гэдэг хүн УБ хотод машин барьсан дорвол алхсан нь дээр гэдэг үзэлтэй. Би мянга дүрмээрээ яваад байхад үнэн стрэсстэй, амьд явах магадлал бараг 50% буурах учир өнгөрсөн жилийн туршлагаас болоод машин авахгүй гэж шийдсэн юм. 

Хэдийгээр бид хөгжөөд,  эдийн засаг 10 гаран хувьтай өсөөд байгаа ч гэсэн хүмүүс нийтээрээ яагаад гэнэт морь, бөх, нийтийн дуучдад хайртай, бөөчин, ламчин, хутагт хувилгаачин болж, хуучин түүхээ маш ихээр эргэн дурсаж байна вэ? Яагаад нийгмээрээ урагшаа биш, хойшоо харчихаад байгааг тайлбарлахыг хичээе.

Хантингтоны Иргэншлийн мөргөлдөөн номыг уншсан байх гэж найдаж байна. Энд гарч буй гол санаа нь дэлхий дээр цаашдаа үзэл санааны бус, шашин, соёлын мөргөлдөөн гарнаа гэж таамагласан. Уг зохиолоо цааш нь дэлгэрүүлэн бас нэг ном бичсэн бөгөөд анхлан өөрийн шавь, манайд ирж лекц уншдаг Фукуямагийн Түүхийн төгсгөл ба эцсийн хүн номын хариу болгож бичсэн юм. Фукуяамагийн номын гол санаа нь Барууны либераль ардчилсан үзэл засаглалын нийтлэг жишиг болж тогтсоноор хүн төрөлхтний оюун санааны эволюц төгсгөл болно гэж үзсэн. Энэ нь Марксийн таван нийгэм дамжин хөгжих онолыг үгүйсгэж буй юм. Марксын онол ёсоор бид капитализмаар дамжиж, коммунизмд хүрэх ёстой. Амьдрал дээр үүний эсрэг Хятад, Орос, хаант засаглалтай булангийн орнууд гээд үй түмэн улс байгаад байдаг. Хачин юмаа?

Бидний монголчууд боолын нийгмийг алгасаж үсрээд, феодализмд явж байснаа дахин нэг үсрээд социалист хамтын нийгэм рүү орсон. Гэтэл 90ээд онд улстөр, эдийн засгийн бүхий л институци тогтолцоо задран унаж, үүнээ дагаад нийгэмд эмх замбараагүй байдал бий болсон юм. Хамгийн хачирхалтай нь тэр үед ядуу байснаа өөрсдөө ч мэдэлгүй туулчихсан нь хуучин нийгмийн үнэт зүйл нийгэмд баттай оршиж байсантай холбоотой гэж үздэг. Албан тасалгааны цонхоор амьдрал сайхан байгааг мэдрүүлэхийн тулд тэр үед Халтар царайт гэдэг савангийн дуурийг улсаас бодлоготойгоор гаргаснаар өөрсдөө ядуу, өлсгөлөн байгаагаа мэдээ ч үгүй өнгөрсөн дөө. Гол нь ардчилал гэж социалист тоталитар дэглэмд тас хориотой байсан даргыгаа шүүмжлэх эрхийг ард түмэнд өгөх явдал гэж ойлгосноор хүмүүс үүний цаадах капитализмын үнэн төрхийг олж харж чадаагүй юм. Учир нь Манжийн дарлалаас салаад 70аад жил явчихсан, бараг 3 үе солигдчихсон, үйлдвэржилт явагдаад 1 үе ч өнгөрөөгүй байлаа. Дээр нь бид түүхэндээ өлсөж үзээгүй, газар нутаггүй хөөгдөж, тэнүүчилж байгаагүй, үйлдвэржээгүй, Барууны колонид ороогүй, гадны иргэд олноор нутагшин суурьшаагүй сэкулар нийгэм байв. Бид өөрсдөө ч мэдэлгүйгээр улстөр, эдийн засаг, нийгмийн шинэ харилцаанд үсрээл орчихсон, сурсан, суралцсан, одооноос л энэ бүхэн хүний мөн чанарыг шалгадаг нийгэм болохыг ойлгож эхэлж байна. 

Улстөр, нийгэм, эдийн засгийн тогтолцоо огцом хурдацтай солигдож, нийгэм хаашаа явж буй чиг баримжаагаа алдахаар хүмүүс нийтлэг үнэт зүйлийн эрэлд гардаг аж. Жамаараа хөгжиж буй нийгэмд энэ бүхэн нь дээд үеэсээ өвлөгдөн явсаар өөрчлөлт, шинэчлэлт нь алгуурхнаар хийгдэн, эволюц хөгжил болдог бол манайх шиг 100хан жилийн дотор маш олон хувьсгал хийж, нийгмийн байгуулалтыг алгасаад үсрээд явчихсан улсад либераль нийгмийн үнэт зүйлсийг тогтоох гэж эх баригчид махаа идэж байна. Ямар сайндаа л хүмүүс авчраад лекц уншуулахав дээ. Чааваас, арай боловсролтой хэсэг нь там тум ойлгосноос, нийт массдаа хүрсэн эсэх нь үнэн эргэлзээтэй.

Нийгмийн хөгжлийн түүх, өөрсдийгөө хараад харьцуулж бодоход учраа олохоо больж самуурсан хүмүүс яадаг вэ гэхээр сайн мэддэг зүйл рүүгээ буцдаг аж. Тайлбарлах гол онол нь хүний оршихуйд реферэнс пойнт буюу тулгуур үнэт зүйл ямагт хэрэгтэй байдаг бөгөөд энэ нь ёс зүй, үнэт зүйл, хүн байхын утга учрыг багтааж байдаг маш том ойлголт юм. Хөгшин Европын орнуудад энэ нь католик шашны хүн төвтэй үнэт зүйлс байдаг, хууль эрхзүй нь ч яг үүн дээрээ тулгуурлаж гарсан байдаг. Гэтэл бидний нүүдэлчдийн хувьд газар дэлхийгээ шүтэх, байгалиа хайрлах гэх мэт сүүлийн хэдхэн жилд хөгжсөн орнуудын үнэт зүйлс болж буй нийтлэг үнэлэмж байсаар ирсэн юм. Тод жишээ нь хүүхдээсээ илүү малаа хайрладаг примитив сэтгэлгээ

Бас нэг тод жишээ нь хөгжлийн хурдацтай машины эргүүлгэд орж самуурсан бид хутагт хувилгаад тодруулах (XIV Далай ламын зөвшөөрөлтэйгээр шүү), бөө удган, шидтэн, лам хуврагад сүсэглэн, амьдрал ахуйгаа даатган мөргөх, лидер нэртэй аврагчийг хайх сэдэл хүчтэй илэрч буцаад анх хаана байсан хөгжлийн тэр цэг дээрээ очдог аж. Баабар гуайгаас авахуулаад Молор-Эрдэнэ хүртэл ИРГЭНИЙ БОЛОВСРОЛ гэж хашгирч, ТҮМЭН БОДИСОО судлахыг уриалаад байгаа нь үүнтэй холбоотой. Мөн бид АФРИК болох уу, АНГЛИ болох уу гээд салаа замын эхэн дээр байна гээд байгаа нь ийм учиртай. 

Өөрчлөлт хэт хурдан явагдахад хүмүүс алдаж буй зүйлдээ харамсан эх орончсог, шашинлаг, үнэт зүйлсэг болж,хуучны зүйлсээ хэт санагалздаг ажээ

Хүний нийгмийн хөгжил нь эволюц хэлбэрээр явагддаг гэж үзээд үнэт зүйлсээ тогтоон баръяа гэвэл хаант засаглал, түүний арай хурц хувилбар болох цэргийн дэглэмтэй, тоталитар систем рүү бид явна. Хэрэв хөгжлийн шатуудыг зовлон багатайхан, хурдхан туулъя гэж бодвол ТҮМЭН БОДИСоо сайн уншиж, хэн нэгний онол, номлолыг сохроор шүтэх бус, прагматик байдлаар тусган авч, өөртөө тохируулан хэрэглэхээс өөр сайн гарц одоогоор харагдахгүй байна. Үүнд сэхээтэн буюу сэхээрсэн ангийн үүрэг асар их. Сэхээрсэн гэдэгт нь улстөрийн карьеристуудыг хэлээгүй юм шүү. Ялгаж, салгаж ойлгоорой. Тэгж ярих юм бол иргэншээгүй ард түмний тархийг угааж, өөрийн атгаг хувь санаагаа гүйцэлдүүлж буй тэд яавч эх орончид биш. Ер нь эх оронч гэдгийг түүх шүүхээс өнөө цагийн бид шүүхгүй.

Энэхүү нийтлэлийг бичих болсон шалтгаан нь манай нэлээд гайгүй уншдаг хэсгийн төлөөлөгч залуус өчигдөр өглөөжин хутагт, хувилгаан тодруулах тухай, үдээс хойш Хаант засаглалтай болох тухай ярьж, миний гэдэнг хөдөлгөв. Ёстой, чёрт юмаа. Би энд зөв, бурууг шүүх гэсэнгүй. Гагцхүү өөрийн уншиж, судалсны хүрээнд хүмүүст ойлгомжтой байдлаар тайлбарлахыг хичээв.

Энэ тухай Гаардиан сонинд сайхан нийтлэл гарчээ. Манай бөөгийн сургалт Өвөр Монголд яагаад амжилттай хэрэгжиж буй тухай англи хүний нүдээр  http://gu.com/p/3tkkj/tw

Бөөгийн домог

Хөрш бөө хүүхэнтэй тэмцсэн туршлагаасаа хуваалцъя. Нийтийн орон сууцанд амьдардаг хэнд ч энэ хүндрэл гардаг гэдэгт мөрийцсөн ч бэлэн байна.

“Манай хөрш хүүхэн саяхан угаа авсан бөө. Шөнөжин бөөлөөд унтуулдаггүй” гэдэг шиг дээд айлынхаа хүүхэнтэй бүтэн 3 сар тэмцэл хийсний эцэст тулаанд ялагдаж, би нүүснээр асуудал шийдэгдэв.

Эхлээд хаалган дээр нь захиа бичиж үлдээлээ. Засарсангүй. Орцны зарлалын самбарт нээлттэй захидал бичлээ бахь байдгаараа. СӨХд хэллээ. Хэсэг намжсан нь хөдөө явсан байлаа. Өдөржин, шөнөжин, өглөө, үдэшгүй бөөлдөг боллоо. Хорооны цагдаад хэллээ. Нэмэр алга. Уулзлаа, гуйлаа, уурлалаа, хэрэлдлээ. Хохь чинь чамайг хорлоно гэж цамнаж байгаа тэр хагас галзуу хүүхэнтэй зодолдолтой нь биш. Ингээд байраа зарж, нүүлээ.

Би хүний шашин шүтэх эрхийг хүндэтгэж байна. Тэр хүн бөөгөө шүтнэ үү, Ийсүсээ шүтнэ үү, надад ямар ч хамаа алга. Ганцхан өглөө, орой, үдэш, шөнөгүй хэнгэргээ балбаад орилж, чарлаад, дэвхцэж цовхчоод галзуурчих юм. Хамгийн гол нь манай орцонд доод давхрын нэг залуу бид 2с бусад нь юу ч хэлдэггүй тул тэр хүүхэн хэнээс ч санаа нь зовохгүй. Ядаж байхад ажилгүй, тэр бизнесээрээ л амьдралаа залгуулдаг бололтой. СӨХ бол бүүр нэмэргүй. Мөнгөө авахаа мэдэхээс нийт оршин суугчдын тав тух, сэтгэл ханамж гэдгийг ойлгодоггүй юм шиг байна лээ. Гэрлийн мөнгөө төлөөгүй 1 өдөр хоцроход цахилгаан тасалж, миний өвчин хөдөлгөв. Хуулийн дагуу СӨХд цахилгаан ус таслах эрх байхгүй. Мөн Дундын эзэмшлийн орон сууцны тухай хуульд ажлын өдрүүдэд өглөө 10с орой 5 хүртэлх бусад цагт бусдын амгалан, тайван байдлыг алдагдуулахыг хориглодог заалт байдаг гэдгийг ч мэддэггүй бололтой. Баахан хэрэг зарга хийж хууль дүрэм ярьсны эцэст ЧИ ЯАСАН ИХ ХУУЛЬ МЭДДЭГ ЮМ. Хуультайгаа жаргахыг чинь харнаа гэж зануулснаар би хэлэх үггүй болов. Байраа зараад нүүв. Одоо морин хуурч ач хүүтэй хөрштэй болсон. Удахгүй морин хуурыг үзэн ядах байх гэж айж сууна.

Ядаж гэр орондоо амгалан тайван амьдарчмаар байх юм.

Шошгон цуваа