Тэтгэлэг горилогсдод тусламж

Archive for Аравдугаар сар, 2013

Ягааран туяарах нь

10 р сар нь Хөхний хорт хавдартай тэмцэх сар. Энэ сард миний найз хүүхнүүд ягаан өнгөтэй зүүлт, алчуур зүүж, ягаан өнгөтэй тоорт идэж ягаан өнгөтэй шампаан дарс ууж тэмдэглэдэг. Энэ жил Монголд хэр тэмдэглэдгийг сонирхвол бүүр таг чиг шүү. Би хувьдаа хумсаа ягаанаар будчихаад л гүйгээд байгаа.

10-р сар ч дуусах нь. Ядаж энэ аюулт өвчний тухай санамж болгож, урьдчилан сэргийлэх энгийн аргын тухай бичлэг хийх санаа төрөв. Хэдийгээр ягаан өнгөөр туяарсан энэхүү арга хэмжээ арилжааны шинж чанартай болтлоо өргөжсөн гэж шүүмжлүүлдэгч хүмүүст хөхний хорт хавдрын тухай сануулж чаддагаараа ач холбогдолтой юм.

Энгийн гэрийн нөхцөлд хийчих хөхөө шалгах энэ аргыг хүүхнүүд ашиглаад сурчихвал хавдрыг эрт үед нь илрүүлж эмчлүүлж болно. Тийм болохоор энэхүү аргыг сураад аваарай. Эрчүүд ч бас сурч аваад хайртай хүндээ тусалж байгаарай. Гол нь сарын тэмдгийн мөчлөгийн тодорхой өдөр буюу биений юм ирснээс хойш 7 дахь хоног дээр усанд орсны дараа хийвэл илүү үр дүнтэй.

Энэ постыг уншсан бүх хүмүүсийг ядаж энэ сар дуустал ямар нэг ягаан өнгөтэй зүйл өмсөж, зүүж, идэж, уухыг хүсье. Бас ЯГААН өнгөтэй зүйл харах бүртээ хөхний хорт хавдар гэдэг аюулт өвчний тухай санаж байгаарай. Баярлалаа

 

Энэ жилийн намар, өвлийн моодны голлох өнгө нь зөөлөн ЯГААН буюу  baby pink шүү.

Иргэний оролцоо vs Улстөржилт

Манай СӨХ-ны хурал энэ амралтын өдрүүдээр боллоо. Манай 3 байрны залуучууд нийлж буулгах гээд бараагүй 3 жил өнгөрсөн гаричин өвөө байсан юм. ТУЗ-ийн дарга нь бас ялгаагүй настай хүн. Манайд байдаг нийтлэг дүр зураг СӨХ-ны хуралд тэтгэвэртээ гарсан хөгшчүүл идэвхитэй ирж оролцоно.  Манайд ч ялгаагүй.

ТУЗийн дарга болон СӨХ Гүйцэтгэх захирлаа огцруулах хурал боллоо. Огцруулах ч юу байхав, өөрсдөө хүсэлтээ гаргаж ажлаа өгч байгаа юм.  Тэгэхгүй бол ёстой буунаа нэг гонж шүү дээ. 

Хурал эхэллээ. Тайлан гэж нэг жонхуурсан юм. Төсвийн мөнгөөр хийсэн, хажуугийн шинэ барилгын тусламжтай хийсэн ажлаа чухам би хийсэн гэж авч байна нөгөө өвөө чинь ККК. Дарга болох хүсэлтэй хүн байвал саналаа хэл гэхээр нь би гараа өргөлөө. Тэгсэн чинь галтай цогтой нэг эмээ босч ирээд л дарга болох дуртай, эмэгтэй хүнээр тавихгүй, тулхтай сайхан эрэгтэй хүнээр тавина. Манай дарга сайн ажилласан. ТУЗ-ын дарга 71тэй өвөөг улируулан сонгоно гэж авч өглөө. Тэгснээ манайд хамаагүй байрны хуучин хорооны намын дарга байсан өвөөг авчирч дарга тавих юм боллоо доо.  Тэр нь манай байртай түй хамааралгүй, шал өөр байрны өвөө шүү дээ. Дараа нь боссон эмээ өвөө нар тэр намын дарга асан өвөөг дэмжээд наачихлаа шүү.

Манай хажуу айлын өвөө босонгуутаа чадаж байвал эр, эм хамаагүй. Дарга болъёо гэж байгаа хүмүүс өөрсдөө саналаа хэлэг. Тэр даргаар сонгох гээд байгаа хүн чинь өөрөө ирж, хөтөлбөрөө танилцуулаг гэснээр өөр байрны намын дарга асан өвөө рүү утасдаж, одоогийн СӨХ-ийн санал болгож буй эмэгтэй бид хоёр юу хийхээ ярьлаа.

Би ч хэллээ. СӨХ-ны дарга болохгүй, ТУЗ, эсхүл хяналтын зөвлөлийн дарга болъёо. Би өөрөө даргад дуртайдаа биш, хуулиараа өөр байрны хүн сонгож болохгүй, дээр нь би энэ байрны оршин суугч учраас цэвэрхэн, тохилог байгаасай гэж боддог учраас нэрээ дэвшүүлж байгаа юм. Би өөрөө СӨХ хурал хийлгэх гэж би 3 удаа гарын үсэг цуглуулсан. Дарга солихыг бүгд дэмждэг мөртлөө, хэн нь ч хуралд ирдэггүй. СӨХ ТУЗ Гүйцэтгэх захирлын үйл ажиллагаанд хяналт тавьдаг субъект. Хэрэв ТУЗ-ын дарга болчихвол ядаж орц болгоныг нэг ахлагчтай болгоод ажиллахад боломжтой. Мөн подвал, О өрөөний түрээсийн үйл ажиллагааг зогсоож, СӨХ мөнгийг дахиж эргэж харна гэв

Мөнгө нэмэх гэж байна. Чухам дарга болоод хэт залуу тул “цусыг нь холих нь” гэнэ дээ. Хоёрч хүн босч, эр эм нь хамаагүй гэв. Гэвч зангаа тавихгүй, ТУЗ-ын даргаар эрэгтэй, ахмад хүн тавина гэж зүтгэлээ. Ингээд ТУЗ-ын гишүүнээр 2 эмээ, 2 өвөө бид 5 сонгогдож, нөгөө 4 маань намайг ТУЗ-ийн даргаар сонгов. СӨХ ТУЗ нь Гүйцэтгэх захирлыг томилдог тул бодлогоор тавихаар авчирсан өөр байрны нэг эмэгтэйг даргаар томилж, ажил хүлээлцүүлэх шийдвэр гаргаснаар улстөржсөн, талцсан СӨХ хурал өндөрлөв.

Би Баярхүү багшийн энийг уншаад за арай ч дээ гэж инээж байсан үнэхээр ард нийтийн дунд улстөржилт айхтар юм байна. Хэдийгээр СӨХ гэдэг нь оршин суугчдын өөрөө удирдах байгууллага мөн боловч нийт гишүүд нь идэвхигүй бол хуучин үед дарга хийж явсан идэвхитэй хэдхэн хүний үзэмжээр шийдэгддэг аж. Ялангуяа, тулхтай, настай, эрэгтэй хүнээр томилно гэж эмээ нар маш их дайрч байсныг хэлэх хэрэгтэй. Тэдний залуу сайхан, ид хөдөлмөрлөж байх үед эрэгтэй дарга ихтэй байсан учраас тэр үзэл, стереотип нь бүүр цусанд нь шингэсэн бололтой юм. Хурлын дараа хамгийн их гомдол хэлдэг суугчид надтай уулзаж, ингэ тэг гэж хэлсэн бөгөөд би тэдэнд ХУРАЛДАА сууж бай л гэлээ. Учир нь тэдний хэн нь ч хуралд оролцоогүй. 

Манай СӨХ-ны хуралд 60с доош насны намайг оролцуулаад ХОЁРХОН хүн байсныг хэлэх хэрэгтэй. 

 

 

Уяхан замбуу тивийн наран

Хүү цонхоор харна. Цонхны цаана үзэгдэх амьдрал бяцхан түүнд ихэд сонин. Хүүгийн ойлгохгүй хэлээр хашгиралдан урт урт зүйл зөөх, бас түн түн, ян, ян гэж дуу гаргах нь гайхмаарч тэртээгээс өглөөд гарч ирдэг том, шар, хурц гэрэлтэй бөмбөг бүүр их сонихон Түүний хувьд хамгийн гоё мөөм шиг нь дугуй, дулаахан, бас удаан харахаар нойр хүргэдэг тэр зүйлийг НАР гэдэг нэртэй гэж ээж нь хэлсэн.

Нөгөө өрөөний цонхоор тусах хурц гэрэл ч бас нар гэдэг нэртэйг тэр мэднэ. Ганцхан тэр нар бөөрөнхий биш, гялтганасан, гялгар, яг л шоколадны дотор талын мөнгөлөг цааш шиг нэлэнхүйдээ цагаан гэдгийг тэр бас мэднэ. Яг л тэр цаас шигээ урагдахдаа ч амархан байхдаа гэж хүү бяцхан ухаандаа тунгаана.

Оройд хаашаа ч юм явчихаад, өглөө ирдэг тэр нүд гялбадаг хурц гэрэлтэй зүйлээс тэр огтхон ч айдаггүй. Яагаад гэвэл хүү аав нь хаашаа ч юм явахаар нар ирдэг гэж мэднэ. Том, хүчтэй аавыгаа байхад тэр бас юунаас ч айдаггүй. Хаяа аавтайгаа хамт гадаа гарахад түүнийг дээр дээр өргөж тоглоход хамгийн дуртай. Учир нь хүү нөгөө гоё, хачин дулаахан наранд ойртдог юм.

Хүү цонхоор харсаар. Тэр гэнэт юуг ч юм балбан, хоорондоо чанга дуугаар хашгиран ярьдаг хүмүүс харагдахгүй байгааг анзаараадахлаа. Цонхны цаана, маш ойрхон дээшээ өлийн харахад орой нь үл харагдах байшин боссоныг тэр харахлаа. Хүү нарыг хайв. Тэр нар байгаа гэдэгт эргэлзсэнгүй. Учир нь аав нь нарыг авчрахаар гэртээ байхгүй байгааг, бас нөгөө өрөөнд мөнгөлөг гэрэл тусч байгаагч олж мэдэв. Гэвч бяцхан түүний нүдэнд хурц гэрэлтэйч дулаахан, зөөлхөн, яг л ээжийнх нь мөөм шиг дугуй нар харагдахгүй байлаа…

Жич: Миний бяцхан үрийн НАРыг булаасан Монголын ТӨР, үүний дотор МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТ, ДУЛААН, ЦАХИЛГААНЫ ШУГАМ СҮЛЖЭЭ, ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБА, НИЙТИЙН АЖ АХУЙН КОНТОР, БАРИЛГЫН зураг ЗОХИОГЧ, барьж босгосон КОМПАНИ, энэ бүхнийг санхүүжүүлсэн БАНК, худалдан авсан ИРГЭДЭД зориулав.

PS:

Корпорацийн засаглал хийгээд эх орноо мандуулан хөгжүүлэх шахсан нь

Би гэдэг хүн эх орондоо ирээд уул уурхай, архи, тамхи, авлигаас ангид эрүүл мэндэд хор нөлөөгүй ажил хийнэ гэсэн зорилт тавиад ажил хайсан бөлгөө. Энэ тухай энд бичсэн байгаа.

Эрсний эцэст олно, Эзэн хичээвэл заяа хичээнэ гээд үндэсний манлай үйлдвэрлэгч компанид ажилд орлоо. Насан багын мөрөөдөл загвар зохион бүтээгч болж чадаагүй ч төөрсөөр төрөлдөө гэдэг шиг загвар, моодтой ойртож, үндэсний үйлдвэрлэгчид ажилд орсондоо баяртай байлаа. Мэдээж шинэ ажилд орсон хүн идэвхитэй ч гэж жигтэйхэн өглөө 7-с орой 9 цаг хүртэл нэг сар ажиллав. Би үнэхээр хичээсэн юм шүү.

Ажилд орсон эхний өдөр хурал дээр том заки ирж бүгдийг нь хамруулан загналаа. Яагаад загнаад байгааг нь ойлголгүй нүдээ цавчиж сууж байгаад хурлаас гарав. Бүгд л тоо баримттай, тайлан тооцоотой орж ирж, удирдлагын хурал дээр мэдээлэл өгдөг аж.

Миний хариуцсан нэгжийн хамт олон нь залуу, эрч хүчтэй, зөв хандлагатай хүүхдүүд байсныг хэлэх хэрэгтэй. Ялангуяа, ажилдаа үнэн сэтгэлээсээ хандаж буй тэдэнд жаахан ч гэсэн мэддэг, чаддагаасаа заагаад өгчих юмсан, нөгөөдүүл маань ч бас сурчих юмсан гэсэн хүсэл, зориг нь сайхан таарч, хамт ажиллахад хүндрэл бэрхшээл гараагүй юм.

Эхний долоо хоногт дэд заки, нэгжийн мэнэжэрийн хооронд хөдөлмөрийн маргаан үүслээ. Миний хариуцсан ажлын нэг мөнөөсөө мөн тул уг асуудлыг судалж, шийдвэрлэх, эрхзүйн хувьд яаж зохицуулах вэ гэх мэт асуудал босч ирнэ гэж бодож холбогдох хууль, дүрэм, журмыг сайтар судалсны эцэст маргаанд өртсөн ажилтантай уулзлаа. Хамгийн гол нь тэр хүн алдааг удирдлагад чихэлгүй, өөрийн буруутай үйлдлээ ухамсарлаж байсан бөгөөд манай улсдаа олдохгүй нарийн технологич хүн байв. Мөн энэ хугацаанд байгууллагын дотоод сахилга баттай холбоотой асуудал үүсч анх удаа хувь хүний нэр төрд хэрхэн аймшиггүйгээр халдах байж боломгүй үйлдэлтэй тулгарав. Асуудалдаа биш, асуудлыг хэлэлцэж буй байдал нь миний хувьд хачирхалтай гэж хэлэхэд багадахаар зэрлэг зүйл байсан юм.

Хоёр дахь долоо хоногт нь харуул хамгаалалт, үйлчилгээний ажилтнуудтай уулзсанаар ажлаа эхлэв. Бүгд биеэ барьсан, цэнэсэн байдалтай. Хэн ч хэзээ ч тэдний юу хүсч байгааг нь сонсдоггүй бололтой. Өөрөөр хэлбэл эдгээр ажилтнууд компанид хувь нэмрээ оруулдаг гэдгийг нь хэн ч үнэлдэггүй, тэднийг чухал ажилтан гэдгийг нь хэлдэггүй бололтой. Баахан гоморхол, гомдол сонссоны эцэст би юуг баримталж ажиллахаа ойлгогдохоор хэлсэн. Гэвч…

Яг юу нь болохгүй байгааг ойлгохгүйгээр 2 ч удаа том закид дуудагдан нэг удаа нь үглүүлж, нөгөө удаа нь ажилтнуудын дэргэд загнуулав. Дуугаа чангалан орилох тэр хүнийг хараад сэтгэл мэдрэл нь зүгээр эсэхэд ихэд эргэлзэв. Гаднаас ирсэн яам, тамгын хүнтэй эелдэг сайхан хандах мөртлөө ажилтнууддаа арслан барс болдог боссыг хараад мэл гайхаж цэл хөхрөв. Тайлбарлахыг оролдсон биш бүүр гай болж хувь хүнийхээ хувьд доромжлуулаад зогсохгүй, сэтгэл зүйн дайралтад өртөв. Хүчирхийлэгч. УЖАС. Ажлаас гарах талаар бодож эхэллээ.

Тав дахь өдөр нь дэд закитайгаа уулзаж надаар яг юу хийлгэх гээд байгааг нь ойлгохыг чармайв. Юу ч ойлгосонгүй. Тэр хүн ярьж буй зүйлээ ойлгож буйд нь эргэлзэв. Чаддагаар нь байгууллагын соёлын тухай, удирдлагын шийдвэр гаргах процессын тухай юуг нь сайжруулах шаардлагатай байгаа тухай өөрийн санаа бодлоо бичээд мэйлдэв.

3 дахь 7 хоногийн эхний өдрийн хурал дээр нийт 24 үүрэг даалгавар өгөгдсөний 17 нь манай нэгжид байв. Мөн намайг ХАНГАЛТГҮЙ ажиллаж байна гэж дэд заки үнэлэв. Тав дахь өдөр ярьсан зүйлээ нэг дэх өдөр шаарддаг нь намайг супэр робот гэж бодсон юм байх даа гэж гайхаж хоцров. Би олон долоон юм бичиж, үйл ажиллагааг нь шүүмжилсэн тул заки ажлаар дарах стратеги барьжээ. Хуучин ажиллаж буй хүмүүсээс асуувал ийм арга барилтай гэнэ. Өөрийн нэгжийн ажилтнуудаа өрөвдлөө. Уучлал гуйлаа. Хөөрхийс минь бүлтэгнээл, зүгээрээ бид хийчихнэ л гэж байна.

Уг нь би энэ залуусыг бодож байж юм хийлгэдэг болгох гээд ингэж байж бүтээлч сэтгэлгээ нь задарна гэж бодоод байдаг, удирдлагын өгч буй үүрэг даалгавар бодохгүйгээр, зөвхөн тухайн үеийн гал унтрааж, аргацааж өнгөрөөх өгөгдөлтэй байхаар байв. ХУРДАН ШИЙДВЭР ГАРГАХ НЬ САЙН ТАЛТАЙ Ч БАЙГУУЛЛАГЫН ХЭМЖЭЭНД ЭНЭ НЬ ГАЛ УНТРААХ АРГА ХЭМЖЭЭ БОЛЖ БАЙНА гээл биччихлээ.

Эхний судалгаа, анализийн дүн энэ долоо хоногоос гарч эхэлсэн бөгөөд чухам яагаад хүн тогтохгүй, гаралт, оролт их байгааг олж харж эхэллээ дээ. Гол мэссэжүүдээ ч удирдлагын багт өгч эхэллээ. Гурван ч асуудал шийдүүлэхийг чармайв. Үнэхээр болохгүй байв. Мөн байгууллага доторхи улстөр, фракц, эрх мэдлийн хуваарилалтыг бүхэлд нь харж, асуудлыг ая зүйгээр хэлцлийн замаар шийдэхээр ихэд хичээв. Би шинэ хүн тул намайг хүлээн зөвшөөртөл хугацаа хэрэгтэй гэдгийг сайтар ойлгож байсан юм. Хөдөлмөрийн хоёр дахь том маргаан үүслээ. Дахиал… Дэд заки түүнийг сайн шийдсэн. Мөн сайжирна гэсэн итгэл төрүүлэхүйц хоёрзүйл энэ хугацаанд болсныг хэлэх хэрэгтэй.

Ажилтнууд яагаад шинэ санаа хэлэхээр улаан цайм эсэргүүцэхгүй ч дэмждэггүй, соргогоор хүлээж авдаггүй болохыг ойлгож эхлэв. Шийдвэр тухайн моментод нэг талын мэдээллээр гардаг тул аливаа асуудлыг төлөвлөж, судалж, нухацтай шийдвэрлэх боломж тогтолцооны хувьд байхгүй болохыг ойлгов. Дахин нэг хөдөлмөрийн маргаан үүслээ. Холбогдох захирлуудтай нь хэлцэл хийхийг чармайсан ч бүтсэнгүй.

Дөрөв дэхь долоо хоногт нь нэгж хоорондын мэдээллийн зөрүүтэй байдлыг арилгаж, нэгдмэл ойлголттой болохын тулд холбогдох нэгжийн удирдлагуудтай ажилтнуудтайгаа хамт албан бус уулзалт хийв. Ямарч байсан хийж буй үйл ажиллагааныхаа мөн чанарын зах зухаас ойлгож эхэлсэн гэж найдаж байна. Мөн хоёр ч хүнд сахилгын арга хэмжээ авахаар болов. Ярилцаж тохиролцсон гэж бодсон үйлчилгээний ажилчид намайг ойлгоогүй бололтой юм. Хүний цалин пүнлүүгээр оролдох нь хэцүү ч ярьсан тохирсондоо байж чадаагүй тул надад өөр арга байгаагүй. Мөн энэ үйлдлийг нүдээ аниад өнгөрөөвөл хэзээч сахилга, дэг журам гэдгийг тогтоож чадахгүй гэдгээ ойлгож байв.

Тав дахь долоо хоногт нь гэрээний эрхзүйн асуудлаар маргаантай, будлиантай асуудлыг цэгцлэхийг оролдов. Надад олдох бүхий л эх сурвалжаас шаардлагатай мэдээлэл авч ихэд хичээнгүйлэн бэлтгэв. Бодов. Их хэцүү уулзалт байсан. Учир нь компани гэрээний заалтаа улаан цайм зөрчсөн байсан бөгөөд үүнээс гарах гарцыг боломжийн хэмжээнд судалсан юм. Эв зүйгээр шийдвэрлэх асуудал байтал өөр нэг захирлын удирдах ур чадвар, жудгаас болж асуудал унахыг харав. Дахин хоёр асуудал бас өөр нэг захирлын амиа аргацаасан байдлаас болж унав. Ямарч шийдвэр гаргах эрх мэдэлгүй, гүйцэтгэгч, үүрэг хүлээгч болохоо мэдрэх тусам миний дургүй хүрч, ажлаас гарахаар нэг мөсөн шийдсэн юм. Өргөдлөө бичээд өгчихлөө. Хариуцсан хүн нь намайг сэтгэл хөөрлөөр шийдэж байна гэж бодсон бололтой юм билээ, закид өгөөгүй байв. Надаас асуухаар нь өг л гэв. Захирал дээр орж чухам яагаад ажлаас гарч байгаа үндэслэлээ хэлснээр тушаалаа дор нь гаргуулж, ажилтнуудаа зааж өгнө гэж бодож байсан гүйцэтгэлийн үнэлгээ тооцох онолын үндэслэл, аргачлалаа хурдхан зааж өгснөөр миний үндэсний үйлдвэрлэлээ дэмжих ажил дуусав.

Та нар намайг хурдан шантарсан гэж бодож байгаа байх. Үгүй юм. Би 5 долоо хоног ажиллахад 7 кг турж, анхны цагаан үсээ зулгаасан даа. Тэр үсний тал нь цагаан, тал нь хар байв. Хэдийгээр нэг талдаа ёс жудгаа бодож, тэрхүү эрх мэдэлгүй, хөдөлмөрийн мөлжлөгт өртөж буй ажилтнуудын эрх ашгийг хамгаалах ёстой гэсэн итгэл үнэмшил их байсан ч нөгөө талдаа би тэдний тэрхүү ажилтнаа робот мэт боддог соёлд автагдах магадлалтай байгаагаа мэдэрсэн учраас, миний суурь хүмүүжил, боловсрол, мэдлэг ийм зүйлийг хүлээн зөвшөөрвөл би өөрөө АЛИМАА биш болно гэдгээ ойлгосон учраас ажлаасаа гарсан юм. Би харамсахгүй ээ. Найз нөхөд, гэр бүлийхэн маань шоолсон хэвээр. Монголд “алдартай” боссын компанид яаж яваад орчихсон юм бэ гэж байна. Зарим нь ч Монголд хувийн компани угаасаа л ийм ш дээ, газарт буу л гэж байна. Би өөрийнхөө ажлын ачаалал, урт цагаар ажиллаж буйдаа огт санаа зовоогүй, гагцхүү ажилтнуудаа хүндлэхгүй байгаа хандлага миний зэвүү, дургүйг хамгийн их хүргэсэн юм шүү. Ухаан муутай хүнд мөнгө, амьдралын туршлагагүй залуу хүнд эрх мэдэл төвлөрөхөөр чухам юу болдгийн амьд жишээг харлаа.

Манай бизнесийнхэн КОРПОРАЦИЙН ЗАСАГЛАЛ гэж идэвхитэй ярьж байгаач феодал нийгмийн өмчийн эзний сэтгэхүйгээр компаниа удирдаж буй цагт удирдлагын энэхүү арга барил сарнаас ч хол байна даа. Ядаж эхний алхам нь ЧАМААР ТЭЖЭЭЛГЭЖ байгаа амьтан биш, УР ЧАДВАР, ОЮУНАА ҮНЭЛЖ БУЙ бие даасан СЭТГЭДЭГ ХҮН гэж харах  юм.

Хүн мөнгөтэй, хөрөнгөтэй болохоор оюуны мэлмий нь нээгдэж нигүүлсэл, гэгээрэл рүү явдаг бол манайхан улам л араатан шинж рүүгээ ордог аж.  Учир нь бид капиталын анхны хуримтлал хийх гэж ядаж яваа, БИ, МИНИЙ сэтгэхүй нь БИДНИЙ, ХАМТЫН гэх сэтгэхүйгээ дарангуйлчихсан аж.

Хөрөнгө мөнгө, эрх мэдлийн хуваарилалт зэрлэг капитализмын загвараар явж, мөн чанараа ухаараагүй хүмүүс мөнгөтэй, хөрөнгөтэй ийм учраас эрх мэдэлтэй болохын хэрээр цаашдаа харынхан ба улааныхан гэдэг шиг БОРЧУУД ба БАЯЧУУД гэдэг хуваагдлыг улам алсруулж, хувьсгал гарахад хүргэнэ шүү.

ТЭНГЭР ӨРШӨӨГ

Жич: Сүүлийн 4 жилд миний ажиллаж байсан албан тушаалд 10 хүн ажиллаж байсан бөгөөд хамгийн удаан нь нэг жил тэссэн байв.

Шошгон цуваа