Хөвсгөл аймгаар явж, хамаатан садныхаараа айлчлав.
Малчны хот айл Төмөрбулаг, Бүрэнтогтох сум
Хөвсгөл аймгийн өмнөд сумдаар газрын гарц муу, сааль сүүндээ ч хүрээгүй, хар цайтай байна. Хүйтэн салхитай сэрүүн байгаа болохоор ямаагаа самнасан ч ноосоо аваагүй байна даа. Өвөл хүйтэн, цастай байсан тул мал жилбэ муутай төллөсөн, сүүндээ цадаагүй төл, ногоонд цадаагүй мал.
Гол горхи олноор ширгэж, амьдрах нутаг бэлчээр нь улам л хумигдаж байгаа тухай ярина. Томхон хүүхдүүд нь УБт сургуульд явсан, дунд сургуулийнхан аймгийн төвд гэр барьж өгсөн тухай хуучлав. Бага охиноо ирэх жил сургуульд орохоор эхнэр нь дагаж төв орж, нөхөр нь малтайгаа үлдэх санаатай гэнэ.
10, 20 жилийн өмнөхөөс өөрчлөгджээ. Нарны зайтай, D-Dish-ээр ТВ үзчихнэ. Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны материал хүрчихсэн байна лээ. ККК
Улирлын чанартай орлого ноолуур, махаа зарж борлуулах хооронд хүүхдийн мөнгөөр ойр зуурын хэрэгцээгээ хангана. Малаа барсан хүмүүс нь төв орно.
Ерөнхий дүр зураг 1990-ээд оны дунд үе. Байгаа мөнгөө өрхийн хэрэглээндээ зарцуулаад дуусдаг, амиа аргацаасан аж ахуйн системтэй. Улирлын чанартай орлого нь төв суурин газарт сургалтын төлбөр болж шилжинэ.Аж ахуйгаа өргөжүүлэх, сайжруулах боломж хомс.
Сумын төв: Тариалан, Тосонцэнгэл
Тариалн сумын хувьд газар тариалангийн бүс нутаг болоод ч тэр үү айлууд хашаандаа жимс, жимсгэнэ, хүнсний ногоо тариалсан байв. Мөн гахай, тахиа гэх мэт амьтан тэжээдэг юм байна.Сумын төвд ажил хомс. Цэрэгт явсан хүүхдүүд нь УБт барилга дээр ажилладаг гэнэ. Хүүхдүүд нь УБт сургуульд сурдаг, ажилладаг айл олон. Сумын төвийн эдийн засгийг 2-3 гэр бүл атгадаг юм байна. Дэлгүүр ажиллуулдаг айл өрхүүд ямар нэг байдлаар бие биетэйгээ холбоотой байдаг бололтой.
Цагаан сараар нэг сар амарсан болохоор хүүхдүүдийн амралт эхлээгүй байлаа. Халуун салхитай өдөр цүнхээ үүрсэн хөөрхөн хүүхдүүд олон тааралдаж байв. Хог, шороо ихтэй. УБ-ын 90ээд оны сүүл, 2000 он хавьд нийгэм, эдийн засгийн хөгжлийн түвшин нь байна
Аймгийн төв
Их өргөжжээ. Хангай нутаг болохоор бүгд л дүнзэн байшинтай. Шугам сүлжээтэй хэсэгт нь аль хэзээ хувийн байшингууд баригджээ. Хамгийн хөгийн нь дунд сургууль барих ёстой байсан газарт нь хаус хороолол боссон тул голын эрэг дээр шинэ сургууль барьсан байна. Анх 1200 хүүхэдтэй байснаа одоо 900 болж буурсан гэнэ. Аргагүй шүү дээ, хэн балчир үрээ өвлийн хүйтэнд жавар сөргүүлж, хичээлд нь явуулахыг бодох билээ.Авлигын хар сүүдэр. 6, 7 настай жаахан юмнууд -30С градуст цүнхээ үүрээд 15-30 минут алхаж хүрэхээр газар байна
Аймгийн төвийн машин унаа хэт олон байна. Уулзвар дээр түгжрэл үүсэх хэмжээнд хүрсэн гээд төсөөл дөө. Аймгийн төвд газар олгож дуусаад зэргэлдээ сумдын газар нутагт оржээ. Яг одоо эдгээр асуудлыг бодлого,төлөвлөгөөтэй хянахгүй бол 5 жилийн дараа гэхэд УБ шиг л болох нь. Ерөнхийдөө аймгийн төвийн хөгжил 2000 оны дунд үеийн УБыг санагдуулахаар байна. Шугам сүлжээ орсон төв хэсэгтээ нүх сүв үлдээлгүй хашаа хатгаж, суурь ухсан байв. Газрын төлөөх дайнд бүгд гарчээ.
Аймгийн эдийн засаг, мөнгөний урсгалын ихэнхи нь 4-5 гэр бүлийн гарт байна. Талх, нарийн боовны хэдэн хөөрхөн үйлдвэр байхаас гадна хэд хэдэн сум цай үйлдвэрлэдэг болжээ. Хамгийн сонирхолтой нь зэрлэг жимсний чанамал УБ-аас үнэтэй байв.
Гүний худгийн литр ус 1төгрөг. Модоо усалдаг болсны дүнд сайхан ногоорчээ. Зам, нийтийн эзэмшлийн талбайн цэвэрлэгээ сайн юм. Гэрэлтүүлгээ замынхаа нэг талд хооронд нь их ойрхон байрлуулсан байв. Яагаад ийм төлөвлөлт хийснийг ойлгосонгүй. Гудамжны хаягжууллт маш сайн тул айл олоход маш хялбар. Ард нийтийн амьдрал ерөнхийдөө сайжирчээ. Хүн амын төвлөрлөөс болоод эмнэлэг,цэцэрлэг, сургууль нь ачааллаа дийлэхгүй байгаа гэнэ.
Шугам сүлжээ шинээр тавигдаагүй тул хуучин байсан барилгуудаа хажуу тийш нь татаж өргөтгөл хийж байгаагаас орон зайн төлөвлөлт алдагдаж эхэлж байгаа юм байна. Одоогоор арай ч сургууль, цэцэрлэгийн талбай руугаа дайраад орчихоогүй, хуучин юу ч байдаггүй байсан хоосон газраа чигжиж байгаа бололтой. Хэрэв одоо л төлөвлөлтдөө анхаарахгүй бол удахгүй УБ шиг нийтийн барилга байгууламжийн талбайдаа барилга барьж эхлэх биз. Аймгийн музэйн хашаа гэхэд хуучин зоопарк байгуулж байсан том талбайтай, хашааны араар нь 5 давхар орон сууцны барилга хоёрыг бариад, шинээр суурь цутгахаар ухсан харагдана лээ. Гэр хорооллын хашаанууд нь эмх цэгцтэй тул бохир, цэвэр усны шугам оруулчих л юм бол 10 жилийн дараа дахин төлөвлөлт хийнэ гэх УБ-ын зовлон тохиохгүй юм гэж санагдав. Ер нь УБ-ын асуудлаас сургамж авч, аймгийн төв, сум суурин газрын төлөвлөлтөө хийж, сайтар барихгүй бол эрх мэдэлд хүрсэн хүмүүсийн ёс жудагт найдах нь өвлийн хүйтэнд яргуй ургуулахтай ижил дэмий хоосон мөрөөдөл гэдгийг өнгөрсөн 15 жилд бид хангалттай сайн ойлгосон гэж найдаж байна.
PS: УБ-ын иргэний хувьд хөдөөгийн амьдрал миний нүдэнд ингэж тусч байна. Тэгвэл хөгжсөн орны иргэний нүдэнд Монгол Улс маань тэдний өнгөрсөн түүхийг харагдуулдаг тул тэд ирээдүйд үр ашгаа өгөх боломжийг биднээс түрүүлж олж харж чаддаг бөлгөө. Суурин иргэншилдээ хэдэн зуун жил хөгжиж ирсэн оронтой суурьших гэж ядаж буй бидний монголчууд “чөлөөт зах зээл” дээр өрсөлдөж байна. Бид чадах уу? Амжих уу?!