Тэтгэлэг горилогсдод тусламж

Archive for Аравдугаар сар, 2017

Гурван үгтэй онигоо: НҮҮДЭЛЧИД ХОТ БАЙГУУЛАВ

Хот бол хамтын нөөц. Уг нөөцийг удирдахдаа нийгэм-орон зай-түр холбоосыг асар том СҮЛЖЭЭ гэж харж хийдэг байна.

ХОТЫН ӨНГӨ ТӨРХ
Бүх хот өөрийн өнгө төрхтэй, дээр нь гол гол ландмарк буюу танил болсон байгууламжтай. Онол ёсоор бол хотын өнгө төрх гэж яг юуг хэлээд байна гэхээр газарзүйн хувьд тухайн хот, хүрээлэн буй орчныг нь төлөөлж, энэ хоёрыг хооронд нь эсрэгцүүлсэн тийм төсөөллийг хэлдэг гэнэ дээ. Хуучин Сүхийн хөшөө, төв талбай (2020 онд дахиад Чингис болж магадгүй тул яршиг Төв талбай гээд нэрлэчихъе) Зайсан толгойн хөшөө Богд уул байлаа л даа. Одоо бол Чойжин ламын музей Блю Скай хоёр болжээ.

Жич: Blue Sky гадаадууд V-jay Building гэдэг. Талбай дээрээс харахаар нээрээ яг тийм харагддаг юм билээ. Монголчууд болохоор Сэлмэн байшин. Далай үзээгүй эх газрын иргэдэд архитекторын санаа ингэж бууж байна даа. Кккк

Харууц сайтай, УБ аль ч цэгээс сайхан харагддаг байсан уулаа яр шиг байшингаар дүүргээд авлаа. Гэр хэлбэрээр хотоо төлөвлөн хотын төвийг дүүргээс зааглаж байсан хэсгүүдээ барилгажуулаад хаялаа. Уг нь энэ хэсгүүд салхины коридор, газар хөдлөхөд амь гарсангууд нь цуглах орчин, ногоон байгууламж, машины зогсоол гм юм барих стратегийн зорилготойгоор хадгалсан газар байв.
Жич: Саяхан УБ бүх сургуулиуд гамшгаас хамгаалах төлөвлөгөөтэй болж гэнэ. Сайхан хэрэг. Цуглах цэг болох спорт талбайдаа өндөр байшин чихсэн тэр сургуулиудын гамшгийн төлөвлөгөө нь яг яана гэсэн байдаг бол? Кккк

ХОТ бол СОЁЛ
Тухайн үндэстний соёлын илрэл хотдоо байна. Европын эртний хотууд гадаад халдлагаас хамгаалагдахын тулд өндөр хэрмээр хүрээлэгдсэн байдаг. Италийн Умбрияд Орвието гээд цул чулуун уулан дээр байгуулагдсан Этраскан үеийн хот байх. Тэр хот хаалгаа хаахад дотроо усан хангамжтай. Хүнсэндээ тагтаа хэрэглээд хэдэн ямаагаа сааж уугаад амьдраад л байхаар юм билээ. Хотын талбай төв талбайд нь худаг сүм хоёр нь байна. Нарийхан, чулуун замтай гудам үүссэн гол үндэслэл нь худгаас усаа авах.

Хөвсгөл аймгийн төвд очиж үзсэн бол хот хэрхэн үүсч бий болдгийг, соёл нь хэрхэн тогтдогийг, түүнийг яаж удирддагийг харах боломжтой. Худаг, халуун усны байршил бүгд босоо чиглэлийн замын дагуу байна. Хуучин хороонууд нь дан гудамжтай бол сүүлийн үед хоёр эгнээг нийлүүлсэн блокийн системд шилжсэн төлөвлөлт хийжээ. Дэд бүтэц тавихад зардал хамгийн сайн хэмнэх оновчтой суурь нөхцөл. Халуун ус, худагтай ойролцоо хэсэгт дэлгүүр, банкны салбар нээгдэж бизнесийн төвүүд болж төрхжиж эхэлсэн байна. Энэ хот ирээдүйдээ барууны хот байгуулалтын загвар буюу хотын бизнес төв, суурьшлын бүс гэсэн тод ялгаатайгаар хөгжинө. Энэ өнгө төрхөө ч олж.

Жич: Хөвсгөлд өдий хүртэл хадгалагдаж буй нэг соёл нь албан газар, айл бүр гутлын гөвүүр үүдэндээ тавьдаг хэвээрээ.

Улаанбаатар хотын соёл том машинтай хотын өнгө төрхтэй. Энэ хотод хүүхэд, хөгшид амьдрах боломжгүй. Худлаа гэвэл гадаа гараад алх. Чөлөөтэй тайван алхах газар байхгүй. Явган хүний замын өргөнийг нэг талаас нь жижиг худалдаачид, нөгөө талаас нь том жип, автобус шахдаг тул хоёроос илүү хүн хамт зэрэгцэж алхах боломжгүй. Гэсэр уулзвараас Зоос гоёлын уулзвар хүртэлх замын голын ногоон байгууламж үлдэж. Бусдыг нь бүгдийг хяргаад замаа өргөтгөчихсөн. Бөглөрөөг шийдэж байгаа царай нь.

Бөглөрөө
Машин бол тансаг хэрэглээ. Онол номлолоороо ч тэр, бодит эдийн засагт ч тэр. Хүйтэн бүсийн ийм хотод дулаан гараашгүй бол амбан явахгүй. Дулаан гарааш нь нэг өрөө байрны өртөгтэй. Бензин гаднаас, сэлбэг гаднаас, байгаа машинууд нь дэлхийн хогны цуглуулга. Нийтийн тээврээ хөгжүүлэхгүйгээр түгжрэлээ шийдэх боломжгүй.

Нийтийн тээврээр зорчигчийн 5 хүний 3 нь оюутан, хүүхэд, хөнгөлөлттэй зорчигч байгаа нөхцөлд энэ салбар амиа зогоох төдий. Хэрэв би хотын дарга байсансан бол зүүн эргэхгүй гэж ёмбоорч байхаар хот нэвт явдаг чиглэлээ тролейбусанд өгөөд салбарлахыг нь автобус компаниудад өгнө. Тухайн үед өндөр үнээр тавьсан энэ дэд бүтцийг тултал нь ашиглахгүй, метро барина ч гэх шиг ёоёотож өгөх юм

Жич: УИХ-ын өмнөх фонтаны дайн чинь манай хотод газрын дайн гадаргуугаас нуувч руу шилжсэнийг нотлов.

ХОТЫН ЗАСАГЛАЛ
Ер нь бол Сүхбаатар дүүргийг л УБ хот гээд бусад дүүрэгт нь дагуул хотын статус өгчих хэрэгтэй. Тэгвэл УБ хот гэдэг данхар том улс доторх улс устаж, дүүрэг нэг аймгийн түвшинд, хороо сумын түвшинд очно. Хөрөнгө оруулалтын төлөвлөлт хийхэд гардаг хэл ам, хэрүүл тэмцэл, дивтаатуудын байгаа жаахнаа чангаадаг нь багасна. Сонгуулийн тойрог яг л хүн амын тоогоо дагадаг биз дээ. УБ хотоо уламжлал ёсоор Төв аймгийнхан, СХД-ээ баруун бүсийнхэн, БЗД зүүн бүсийнхэн гээд өнөө олон жил ярьж буй бүсчилсэн хөгжил чинь жинхэнэ утгаараа гараад ирнэ ш дээ. Монголд хамгийн хүчирхэг нутгийн зөвлөлүүд дүүргээ ч аймаг орон нутгаа ч хөгжүүлээд явна биз. Эзлэгдсэн хотынхон СБ дүүрэгтэйгээ л үзэж тар.

Жич: Оюутны хотхоныг хотоос гаргах тухай

Нөхөд өө! Бид ирээдүйд суурин газар ажиллах иргэншсэн мэргэжилтнийг бэлдэж буй. Хэрэв залуу хүн хотод орж ирээд иргэншиж чадахгүй буцах аваас энэ олон дээд сургуулиар яадаг юм бэ. Бүгдийг нь хаа.

Эцэст нь хэлэхэд иргэншсэн хүний шинж нь ОРОЛЦОО. Хотын иргэн та хорооны, СӨХ-ны хуралд хэдэн удаа сууснаа тоолоорой. Шөнө дөлөөр хана өрөмддөг, хогоо орцондоо хаядаг гаруудтай хэрхэн тэмцсэнээ тунгаагаарай.

Сурталчилгаа

Шошгон цуваа