Би хүмүүсийн намтар унших их дуртай. Сурагч байхдаа Зөвлөлтийн цэргийн жанжин Суворов, Рокоссовский, Жуков, дараа нь нэрт тагнуулч Абель, Рихард Зорге, капитализм эхэлсэн 90-ээд онд Жорж Сорос, Рокфеллер, Ротшильд, Онасис, Кеннеди гээд уншиж алдаж байлаа. За тэгээд эртний грек ромын түүх, Сократ, Платон, Аристотелээс авахуулаад Гримальди, Виндзор, Габсбург, Романов гээд ихэс дээдсийн түүх намтар нийгмийн байгуулалт, хөгжил дэвшлийг ойлгоход их тустай байдаг. Мөн тэдгээр хүмүүстэй холбоотой байсан хүмүүсийн намтар ч мөн их сонирхолтой. Эдгээр мэдээлэл дундаас олж авсан мэдлэг маань өнөөдөр намайг өдий зэрэгт хүргэсэн гэдэгт эргэлздэггүй. Мэдээлэлд түрүүлж хүрснээр тухайн нөхцөл байдалд зөв үнэлэлт өгч, хөрвөх, боломжийг олж харах нөхцлийг бүрдүүлсэн юм. Гэхдээ номын цагаан солио тустлаа шүүлтүүргүй уншсан нөхөр байна гэж дүгнэхээсээ өмнө энэ хүн яагаад эдгээрийг унших болов гэдгийг ойлгохыг хичээгээрэй.
Аав минь багш хүн байсан бөгөөд намайг цэцэрлэгт байхад надад зориулж Мурзылка, Весёлые картинки сэтгүүл захиалж өгдөг, тэрийг нь би тэсэн ядан хүлээдэг байсан. Мөн нам засгийн Үнэн сонинг үсэглэн уншиж хамгийн дээр нь байдаг “Орон бүхний пролетари нар нэгдэгтүн” уриаг сүртэй нь аргагүй уншиж, ах эгч нартаа шоолуулдаг хүүхэд байв. Хамгийн гоё нь МАХН гэдэг товчлолыг тэр чигээр нь уншчихаад юу гэж байгаа юм бэ гэж асуухад товчилсон үг гэдэг тайлбар сонсоод ихэд гайхаж байж билээ.
Миний хамгийн анхны жинхэнэ ном хөдөлгөөнт дүрстэй ойн амьтад өвөлд хэрхэн бэлдэж буй тухай гардаг ЗХУ-д хэвлэсэн монгол хэл дээр бичигдсэн ном байлаа.
Алаг шаазгай шон дээр суугаад
Амуу будаа нүдэж гарчээ… гэж эхлээд
…Хамгийн залхуу нь хоосон хоцорчээ гэж дуусдаг номоо манайд ирсэн хүн бүрт уншиж өгдөг байлаа. Унших юу байхав зад цээжилчихсэн байсан юм. Манай эгч бол бүүр залхчихсан байсан болохоор Үнэн сонин үсэглүүлж уншуулаад, намайг шоолж элгээ дарж унах хоббитой байсан. Гэхдээ хүүхдийг сургуульд орохоос нь өмнө уншуулж сургах дэмий гэж боддог. Яагаад гэвэл би өөрөө 1-р ангид ороод хичээл эхэлснээс 2 долоо хоногийн дараа сургуульд явахаасаа татгалзсан түүхтэй. Яагаад гэж асуухад нь тэр сургууль чинь миний мэддэг юмыг заадаг, томоотой суу гээж чилтэл нь суулгадаг, тэгээд бас чихэр өгдөггүй гэж өөрийнхөө насанд ахадсан үндэслэл хэлж байсан байгаа юм. Сүүлд боловсролын онолоор таниж мэдэх их хүсэлтэй, сониуч үедээ хамгийн сайн сурдаг буюу дотоод хэрэгцээнд тулгуурласан мэдлэг олох явц хамгийн үр дүнтэй байдаг гэдгээр үүнийг тайлбарлаж болохыг мэдээд ихэд баясаж ээждээ хэлсэн чинь ээж: “Тэгээд цүнхээ даахгүй чамайг 4 настай сургуульд оруулах байсан юм уу?”. Нээрээ би ахынхаа авчирч өгсөн гоё ногоон лакан цүнхнээсээ 3 дахин өндөр байж билээ.
Сурагч байхдаа Уран зохиолын хичээл дээр Лхамсүрэнгийн Хүрэн морь найраглалыг цээжлэвээ. Байгалийн зөнгөөрөө төрсөн газар руугаа гүйсэн хүрэн морь яахаараа социалист эх оронч морь болоод байгааг огт ойлгодоггүй, багшийн үгээр бол утга санаа, үзэл санаа хоёрыг нь хольж ярьдаг нөхөр байв. Яах гэж чиг тэр урт найраглалуудыг цээжлүүдэг байсан юм. Уран зохиолын хичээлээр олж авсан мэдлэгээс одоо санаанд байгаа нь социалист реализм бүхий хэдэн яруу найраг л юм даа. Хичээлээс гадуур уншсан номын хувьд бол харин өөр. 2-р ангид байхдаа Хар чихтэй цагаан Бим гэдэг ном уншаад тэр нохойг өрөвдөж уйлж билээ. Мөн 4-р ангидаа уншсан английн зоопаркаас гүйсэн тахины тухай бичсэн Жеймс Олдриджийн Гайхамшигт монгол морь ном Хүрэн морь найраглалаас чиг илүү сэтгэгдэл үлдээж дээ.
Тэр үед Орбит, үндэс гэсэн ТВ-ийн хоёрхон сувагтай үзэх харах юм ховор, мэдээлэл хомс байсан болохоор миний үеийн бүх хүүхдүүд номонд хорхойсч, Монте Кристо гүн, Усан доогуур 20 мянган бээр аялсан нь г.м сонгодог зохиолыг уншиж өссөн. Тэр хирээрээ ч “сууж сурсан” буюу анхаарлаа төвлөрүүлэх чадвар өндөртэй байдаг гэж боддог. Тэр үед уран зохиолын ном цензур өндөртэй тул үг, үсгийн алдаа мадаг бараг байхгүй, орчуулга маш сайн, хүүхдийн нимгэн ном 1 төг 60 мөнгөний үнэтэй байж дээ. Шинэ ном гарах бүр нэг нь авч, бусад нь дамжуулан уншдаг байлаа.
Миний аав түүхийн багш хүн байсан болохоор МНТ-оос авахуулаад Эрдэнийн сан субаашид, Хөх дэвтэр гээд түүхийн ном их байдаг байж дээ. Мянга нэгэн шөнийн үлгэрийг 2-р ангидаа уншиж байгаад ахдаа загнуулж, хураалгаж байв. Үлгэр гэж байхад яахаараа хураадаг байнаа гээд ихэд гомдож билээ. Монголын нууц товчоог би 8 удаа уншсан ба анх 2-р ангидаа уншаад монголчууд Бөртэ чоно, Гоо марал хоёроос үүсэлтэй гэдгээс өөр юу ч ойлгоогүй, 5-р ангидаа таван сум, мөн Алунгоо эх хүүхдүүдээ тэжээх гэж “гүрийсэн”, Чингис хаан айлын том хүү байсан г.м-ийг, харин 8-р ангидаа уншихдаа тэр олон овог аймаг хоорондоо “орондоо орох завгүй” үхтэл байлдаж байж гэж мэдэж авч билээ. Харин сүүлд уншихдаа түүхийн эх сурвалж гэдэг талаас нь ойлгож уншсан юм. Эндээс харахад хүүхдэд насанд нь тохирсон ном уншуулах хэрэгтэй, мөн нэг номыг нэг удаа уншаад орхих биш, дахин дахин уншвал уншилт тутамдаа шинэ зүйл мэдэж, анзаардгийн жишээ юм.
Би зөвхөн “ухаантай” ном уншдаггүй. Онгоцоор олон цаг нисэх, эсхүл толгой тархиа амраая гэсэн үедээ хялбар, хөнгөн зохиол уншдаг. Софи Кинселагийн бичсэн Шопахоликийн тухай цувралыг уншиж дуусав. Дэлгүүрчин гар чинь өөрөөс нь илүү донтны талаар уншихаараа баясаж байгаа гэж юу гэхэв. ККК.
Эцэг эх нь ном худалдан авч өгдөг байсан гэр бүлд өссөн хүүхэд амжилттай сурах магадлал өндөр байдаг гэдэг судалгааны дүгнэлттэй санал нийлдэг. Эндхийн уугуул иргэд цагаан арьстануудтайгаа харьцуулахад дунд болон их сургууль дүүргэлт бага хувьтай байдаг нь багаасаа номтой нөхөрлөдөггүйтэй холбоотой. Австраличууд хүүхдээ төрөхөд нь ном авч өгдөг. Миний найзын охин 4 сартайгаасаа номтой танилцсан бөгөөд одоо 1 настай, нэг шкаф дүүрэн номтой боловч өөрийнх нь дуртай ном кноп дарахаар дуу гаргадаг галт тэрэгний үлгэр, 10 бамбаруушны тухай үлгэр, мөн хүртэх мэдрэхүйг хөгжүүлэхэд зориулсан Миний нохой мөн үү гэдэг ном. Тэрийгээ их сайн “уншдаг”. Хуудсыг нь давхар эргүүлэх, буруу уншихыг андахгүй. Бас нэг найзын 5 настай хүү цагаан толгойн бүх үсгээр эхэлсэн шүлэгний номтой, тэрийгээ надад нэг нэгээр нь уншиж өгөх их дуртай. Одоогийн байдлаар бид хоёр Т үсгэн дээр явж байгаа бөгөөд энэ ондоо багтааж дуусгах зорилт тавиад ажиллаж байгаа юм.
“Ном бол ертөнцийг харах цонх” Максим Горькийн хэлсэн үг интернэт хэрэглээ болж, улс үндэстнүүд даяаршсан өнөө цаг үед чиг ач холбогдлоо алдаагүй байна. Сүүлийн үед орчуулгын ном манайд их гарч байна. Сайн ч байна, саар нь ч байна. Энд тэнд хүмүүс их дурдсан байдаг юм билээ, “Эдийн засгийн алуурчин” гэдэг ном их моодонд юм шиг байгаам. Миний бодлоор манайхны хувьд Драммондын Сүйрэл илүү ач холбогдолтой баймаар санагддаг. Ямар ч ном байлаа гэсэн хамгийн гол нь тухайн номонд бичсэн зүйлс нь цорын ганц үнэн биш, зөвхөн зохиолчийн өнцгөөс үйл явцыг харсан, тайлбарлахыг хичээсэн зүйл гэж үзэх нь аливаа номонд тавих хамгийн том шүүлтүүр болох бизээ.
-34.933000
138.600000