Нисэх үү, эс нисэх үү?
Австралийн үндэсний агаарын тээврийн компанийн гүйцэтгэх захирал өнгөрсөн хагас сайн өдөр бүх нислэгээ цуцлах шийдвэр гаргаснаар энэхүү улс төр, үйлдвэрчин, Австралийн үндэсний компанийг хамарсан хурц үйл ажиллагаа өнөөдөр 2 цаг хүртэл үргэлжлэв.
Маргаанд оролцогч талууд:
1. Кантас дэлхий даяар 35 мянган ажилчин, ажилтантай бөгөөд тэдний 92 хувь нь австралийн иргэд юм. 3800 ачаа, тээш, шат, хоол хүнсний нийлүүлэт зохицуулалт хариуцсан ажилтантай. 1600 нисгэгчтэй, 1650 инженер, техникийн ажилтантай. Өдөрт 68 мянган хүн уг компаниар үйлчлүүлдэг бөгөөд дэлхийн 22 онгоцны буудалд хүмүүс гацлаа. Энэ нь өдөрт 20 сая доллар алдахад хүргэв. Нислэг нь цуцлагдсан зорчигчдын тийзний үнийг буцаан олгохоос гадна хэрэв өөр авиакомпаниар үйлчлүүлсэн бол тийзний үнийн зөрүүг давхар олгохоор Кантас шийдвэрлэв.
2. Хөдөлмөрийн нөхцөлөө сайжруулахаар нэгдсэн холбоо, эвслүүд
Тээвэрчдийн холбоо- ачаа тээш, нисэх баг, зөөврийн шатны жолооч, хоол хүнснийхэн нийлээд 5000.
Шаардлага: цалингаа ирэх гурван жилд жилд 5 хувь нэмэгдүүлэх, хөдөлмөр жуулчлалын компаниар ажил үүрэг гүйцэтгүүлэхийг зогсоох. Өмнө нь хэд хэдэн удаа 1-2 цагийн ажил хаялт зарлаж байсан юм.
Мэргэжлийн нисэхийн инженерүүдийн холбоо-1400 гишүүнтэй.
Шаардлага: Цалин 5 хувь нэмэгдүүлэх. Өмнө нь нэг цаг үйлчилгээ хийхгүй байх, бүтэн өдөр ажил хаялт зарлаж байснаас болж 7 нислэг зогсож байсан.
Австрали болон олон улсын нисгэгчид
Шаардлага- Тогтвортой ажлын байр, Кантасаар компаниар үнэгүй үйлчлүүлэх, клубын гишүүний эрхийг тэдний гэр бүлд олгох. Кантас компанийн сургалтад хамрагдсан ахмад нислэгийг удирдах. Өмнө нь нислэгийн явцад нөхцөл байдлын талаар зорчигчдод мэдээлэл хийж байсан.
3. Засгийн газар
Засгийн газар Fair Work Australia байгууллагаар асуудлыг шийдвэрлүүлэхээр шийдвэрлэсэн. Одоо мөрдөгдөж буй Fair Work Act 2009 хуулиар бол эдийн засагт оруулах хохирол нь их бол ажилтнуудын хамтын ажил хаялт, хөдөлгөөнийг зогсоох эрх уг байгууллагад байдаг бөгөөд 5 хоногийн дотор шийдвэрлэх үүрэгтэй.Дээрхи байгууллага шийдвэр гаргахаас өмнөх хугацаанд Засгийн газар ажил хаялтыг зогсоох хууль зүйн эрхтэй байдаг юм байна.
Хагас сайн өдөр бүх нислэгээ цуцлахынхаа өмнө Кантасын СЕО Аллан Жойс ЕС Жулиа Гиллардтай утсаар ярихаар чармайсан бөгөөд тэрээр Баруун Австралид Хамтын нөхөрлөлийн орнуудын удирдагчдын хуралд оролцож байсан болно.
Нислэг цуцлалт албан ёсоор хагас сайны 5 цагт эхэлсэн ба үүнээс цааш гурван цагийн дотор ЕС үйлдвэрчний хөдөлгөөн хууль бус гэж зарлах ёстой байсан гэнэ. Энэ тохиолдолд Кантасын нислэг тэр шөнөдөө буцаж хэвийн нөхцөлд орох байлаа.
Аллан Жойс тав дахь өдөр Тээврийн сайд Антони Албанизтэй уулзсан болохыг эх сурвалжууд нотлов. Өнөөдөр Парламэнтийн хуралдаан дээр сөрөг хүчнийхэн ЕС яагаад тэр дор нь арга хэмжээ аваагүй талаар мэтгэлцэхэд Тээврийн сайд Албаниз Кантасын босс ийм боломж олгоогүй гэж бүүр өөр юм ярилаа. Үйл явдал улам л сонирхолтой болж байна. Эд ч яахав буруу зөвөө хэрэлдэж, хэлэлцээд олоод тогтоочихно. Харин жуулчлалын улирал эхэлж байхад үндэсний ганц компанийн нэр хүндээ шавартай хутгасан асуудал ард олны дунд хамгийн их яригдаж байна.
Би Аллан Жойсыг лидэрийнх нь хувиар дэмжинэ. Үнэхээр хатуу чанга шийдвэр гаргаж, асуудлыг олны анхааралд, Засгийн газрын анхааралд орууллаа. Гэвч нийтийн эрх ашгийг хамгаалах нь хаана байна вэ? Дэлхий даяараа бүсээ чангалж байхад цалин нэмэх яриад ажил тасалдуулаад байгаа хүмүүс “эх оронч” уу, эсхүл хямд компаниудад зах зээлээ алдаж байгаа үед хатуу чанга боловч цаашдын хямралаас сэргийлж чадсан шийдвэр гаргасан босс “эх оронч” уу? Нисгэгч болохыг мөрөөддөг байсан гавал хүү хараа муутайгаасаа болоод мөрөөдлөө биелүүлж чадаагүй ч заримдаа хатуу шийдвэр гаргах нь цаашдын зам мөрд зөв сайн байдгийн жишээ болон мэнэжмэнтийн сурах бичгүүдэд орох биз.