Тэтгэлэг горилогсдод тусламж

Би тамхи татдаг хүмүүсийг нэг нүдээрээ ч үздэггүй. Шууд өрөөсөн нүдээрээ хялалздаг. Ямарч сайн сайхан хүн байгаад миний дэргэд тамхи татвал нэр хүнд шууд унааска. Миний найз нөхөд, ойр дотныхон бүгд мэднэ.

Тамхитай хийсэн хувийн тэмцлийнхээ үр дүнгээс санаа авахуулах зорилгоор хуваалцъя.

2001-2005 он. Хамт ажилладаг хүмүүсийн дотор гурван хүний нэг нь тамхичин. Даргын зөвлөлийн 9 хүний 5 нь тамхичин. Хурал дээр “дуу дуугаа” аваад баагиулчихна. “Даргаа энэ таны өрөө гэдгийг ойлгож байна. Гэхдээ миний уушиг энүүгээр чинь амьсгалаад байна”..

Ажлын Т ах коридорт яг миний өрөөний үүдэнд тамхи татна. Нэг удаа бид хоёр зад “үзэлцэв”. “Чаддаг юм бол тамхинаасаа гарчих. 100 дойлуур өгье” гэж шарыг нь малтсан чинь Т ах тамхинаас гарчихсан юм. Үүнээс хойш тамхинаас гарсан хүнд 100 цаас, хэрэв 4 сарын дотор эргээд орвол надад 200г буцааж төлөх болзолт уралдаан манай ажил дээр өрнөв. Түүний татсаныг харсан “мэдээлэгч”-ийн шагнал 100 болохоор амжилттай өрнөсөн аяны хүрээнд 4 хүн тамхинаас гарсан даа. Даргадаа “Таныг гарвал 1000 ногоон өгнө шүү” гэхэд манай дарга хаяхаар хэд хэдэн удаа оролдсон ч ажлын стрессээсээ болсон уу буцаж орсоор, нөлөөллийн арга хэмжээнд “өртөөгүй” юм.

Харин Т ах сүүлд тааралдаад “Тамхи татдаг хүн ёстой муухай юм байна. Ам нь аймаар өмхий. Тэр Г-г хар” гэчихсэн надтайгаа нийлчихсэн тамхичдыг жигшин муулсан даа.

Тамхинаас гарахад хэд хэдэн үе шатыг дамждаг юм байна.

Хамгийн эхэнд мэдээж тамхинаас гарахаар ШИЙДЭХ.

Шийдвэр гаргах нь зөвхөн таниас хамаарна. Бусад хүн гуйж, гувшсан ч сэтгэл зүйн хувьд та өөрийгөө бэлтгэж, яагаад гарах гээд байгаа учир шалтгаанаа тодорхойлоогүй цагт эргэж орох магадлал 90%-д хүрдэг гэнэ. Тийм болохоор:

-Тамхидалттай холбоотой өвчин тусахааж айж байна уу?

-Тамхилахгүй байхын ашиг тус нь тамхи татахаас авдаг таашаалаас чинь илүү байна уу?

-Мэнгэр, уушигны хавдар, астма, зүрхний эмгэг г.м тамхидалттай холбоотой хүнд өвчин туссан хэн нэгнийг та таних уу?

-Та үнэхээр тамхинаас гараах зориг шулуудав уу?

Тамхичидтай ярилцахад ихэнхи нь шилжилтийн наснаасаа эхлэн татсан байдаг ба “сонгодог” хариулт “Манай өвөө, аав, авга, найз, нутгийн хүн үхтэлээ тамхи татсан. Ануухан өвгөн 70 гартлаа татаад тэгээд жамаараа өнгөрсөн”. Тэр хүн яг ямар ажил хийж байсан, амьдран байгаа орчин нь ямар байсныг лавлан асуугаарай. Ихэнхи тохиолдолд амьдралын тэс өөр хэв маягтай хүн байх нь бий.

Тамхинаас гарах цаг хугацаагаа ТОВЛОХ, ТӨЛӨВЛӨХ

Зарим хүмүүс сүүлчийн тамхиа татаал шууд гарчихдаг. Зарим нь тодорхой ач холбогдол бүхий өдөр сонгодог. Төрсөн өдөр, хүүхдийнх нь төрсөн өдөр, шинийн 3, ханш нээсэн өдөр г.м. Ямар ч өдөр сонгосон байлаа гэсэн энэ нь таньд тамхинд “баяртай” гэж хэлэхэд хангалттай бодож төлөвлөх боломж олгохуйц байх ёстой. Гэхдээ хэт хол өдөр сонговол тамхидалтаа хүлээн зөвшөөрөх мянга, түмэн шалтаг, шалтгаан бодож олох боломж олгодог учир дунджаар 2-3 долоо хоног байхад хангалттай гэнэ.

Өдрөө товлосон бол гэр бүл, найз нөхөд, ажлын газрынхандаа тамхинаас гарах болсноо зарлан тунхаглаарай. Уруу татагчид олон учраас өөрийгөө тамхи татчихаар нөхцөл байдалд оруулахгүй байхыг ЧАРМАЙХ хэрэгтэй юм. Тамхинаас гаргах наалт хангалттай хэмжээгээр нөөцөл. Тамхинаас гарсан найз нөхөдтэйгээ харилцаа холбоогоо зузаатгаж, туршлага судлах нь чухал. Тамхи татдаг найз нөхдөөсөө таны хажууд тамхи татахгүй байх, тамхиа таны нүдэнд өртөхүйц газар тавихгүй байхыг гуйгаарай. Эхний хариулт нь “ёоо, чи юун лаг юм?” гэх байх. Гэхдээ та хэр зэрэг сэтгэлийн тэнхээтэйгээ харуулаад гарчихвал тэд таныг өөр нүдээр харах болно. Таньд шууд хэлэхгүйч найз нөхдийнхөө дунд тамхинаас гарах тухай яриа болоход “Манай найз нөгөө хэн гарчихсан. Шийртэй муу туучий шүү” гэж бахархангуй ярих вий. Өмнө тамхинаас гарахаар хийсэн оролдлого бүрээ эргэн санаад чухам юу нь болсон, юу нь болоогүйг тунгааж үзээрэй. “Би ч овоо гайгүй хэд хоносноо хэнтэй пиявдаад л буцаад татчихсан юм”. “Улирлын эцэс байсан болохоор стресст ороол нэг татаал тэгээл бүх юм будаа болсон доо”. “Аягүй хөөрхөн байж байсан чинь Дорж гэж нэг юм намайг уруу татаад тэгээл үнэнч “амраг” чамтайгаа эргээд учирсан” г.м үгс тамхичдаас их сонсдог. Өмнө оролдож байсан гэдэг чинь сайн хэрэг. Судалгаанаас харахад дунджаар ямарч тамхичин 3-5 оролдлогын дараа амжилтад хүрдэг, оролдохоо дахиад больчихдог гэнэ. Энд үед хамгийн чухал нь тамхидалтаа зөвтгөж бодож болохгүй. Хэрэвзээ ингэж бодож эхлэх юм бол нөгөө тамхинаас гарч “арван цагаан буяныхаа” замд орох  Барбарос төлөвлөгөө биелэхгүй байх магадлал 99 хувьд хүрнэ.

Тамхинаас гарах ариун өдөр

Тамхи БҮҮ тат. Бүр ГАНЦ удаа ч сорж болохгүй. Идэвхитэй бай. Алх, гүй, спортоор хичээллэ. Биеийн тамирын дасгалаар өөрийгөө ачаал. Ус их уу. Хэрэвзээ та тамхинаас гаргах наалт хэрэглэхээр шийдсэн бол хэрэглэж эхэл. Тамхинаас гарахаар төлөвлөж бичсэн зүйлсээ уншаад дагаж мөрд. Тамхи татах хүсэл тэсэхийн аргагүй төрүүлдэг үйл явдал, орон зайнаас өөрийгөө тусгаарла. Ихэнхи хүмүүс нойлын өрөөнд байхдаа тамхи татдаг тул хаалгыг нь онгорхой орхиод “ариун цэврээ” сахих ажлаа хий. Тамхичдаас гэрлийн хурдаар зугтаа. Согтууруулах ундаанаас хол бай. Уусан ч эхний хундага, гүрүүшигний дараа баяртай гэж хэлээд гар. Өдөр тутмын хэвшлээ өөрчилж болох бүх боломжийг ашигла. Ажил, гэртээ өөр замаар явж хүр, үдийн цайгаа өөр газар барь. Дандаа иддэггүй хоолоо захиал. Эдгээр алхмууд нь таны далд ухамсарт “Би өөрчлөгдөж байна” гэдэг мессэжийг үлдээдэг тул аль болохоор өдөр тутмын хэвшмэл үйлдлээсээ татгалз.

Тамхинаас гарахад сэтгэл зүйн хямралаас гадна физиологийн хувьд цочролд ордог.

Сүүлчийн тамхиа татсанаас

20 минутын дараа

  • Цусны даралт хэвийн хэмжээнд очно
  • Судасны цохилт хэвийн хэмжээнд очно
  • Гар хөлийн дулаан хэвийн хэмжээнд очно

8 цагийн дараа

  • Цусан дахь нүүрсхүчлийн дан ислийн (CO)  хэмжээ хэвийн хэмжээнд очно.
  • Цусан дахь хүчилтөрөгчийн хэмжээ (O2) хэмжээ хэвийн хэмжээнд очно.

24 цагийн дараа

  • Зүрхний шигдээс болох магадлал тамхи татагчтай харьцуулахад 40 хувь буурна.

48 цагийн дараа

  • Мэдрэлийн судлын төгсгөлүүд дахин нөхөн төлжиж эхэлнэ.
  • Үнэрлэх, амтлах чадвар мэдэгдэхүйц дээшилнэ.

2 долоо хоногоос 3 сарын хугацаанд

  • Цусны эргэлт сайжирна.
  • Алхахад хялбар болно.
  • Уушигний үйл ажиллагаа 30 хувь сайжирна.

3-9 сарын дараа

  • Ханиалгах, хамар битүүрэх, ядрах, амьсгаа давчдах шинж тэмдгүүд арилна.
  • Уушигны уутанцар нөхөн төлжиж, цэр ховхлох, уушгаа өөрөө цэвэрлэх, халдвар авах боломжийг багасгана.
  • Биеийн ерөнхий хүч чадал сэргэнэ.

1 жилийн дараа

  • Тамхичидтай харьцуулахад зүрх судасны өвчнөөр өвчлөх, улмаар “чадхийх” магадлал 50 хувь буурна.

5 жилийн дараа

  •  Тамхинаас гарсан хүний уушигны хавдар болох магадлал дундаж тамхичинтай харьцуулахад 50 хувь буурна. Дундаж тамхичин өдөрт нэг хайрцаг татдаг гэж тооцсон.
  • Тамхинаас гарснаас хойш 5-10 жилийн хугацаанд цус харваж талийх магадлал нь тамхи огт татдаггүй хүнтэй ижил түвшинд очно.
  • Ам, хоолой, мөгөөрсөн хоолойн хавдар тусах магадлал тамхичинтай харьцуулахад 50 хувь багасна.

10 жилийн дараа

  • Уушигны хавдраар нөгөө ертөнцөд морилох магадлал тамхи татдаггүй хүнтэй ижил болно.
  • Хавдрын өмнөх эсийн өсөлт зогсоно.
  • Ам, хоолой, мөгөөрсөн хоолой, давсаг, бөөр, умайн хүзүү, цөсний хавдар болох магадлал тавин хувь буурна.

15 жилийн дараа

  • Зүрх судасны өвчин тусах магадлал нь тамхи татдаггүй хүнтэй нэг түвшинд очно.

Энэ нь тамхинаас гарснаас таньд гарах эрүүл мэндийн эерэг үр дүнгүүд.

Тэгвэл санхүүгийн хувьд ямархуу хэмнэлт гарах вэ гэдгийг дараах вэб сайтны тооцоолуураар тооцож болно.

http://www.stqp.org/smokingcalculator.asp

Америк дундаж тамхичин өдөрт нэг хайрцаг тамхи 5 жил татсан гэж үзвэл Хонда мотоцикл аваад уначихаар мөнгийг агаарт утаа болгон замхруулдаг ажээ.

Тамхинаас гарах хэцүү. Никотинд дасал болсон таны бие тэрхүү хорт бодисоос цэвэрлэгдэх гэж нөөцөө шавхан ажилладаг. Ам цангараа ус уудагтай ижил никотинд дасал болсон бие организм эхний үед “хороо” танаас нэхнэ. Сайн тал нь энэ хугацаа маш БОГИНО. Таны тэвчээр, сэтгэлийн ЧИН ЗОРИГ үнэнхүү энэ үед илэрнэ.

Тамхи татах хүсэл тэсэхийн аргагүй төрөх, уурлаж уцаарлах, хүмүүстэй муухай харьцах, ядрах, нойргүйдэх, анхаарлаа төвлөрүүлж чадахгүй байх, толгой өвдөх, ханиалгах, хоолой өвдөх, хөлрөх, чичрэх, гэдсэнд хий дүүрэх, гэдэс өвдөх, ам хатах, хэл, буйл өрөвсөх, цээж бачуурах, нус гоожих.

Тэмцэх арга.

1. Тэсэхийн аргагүй хүслээ тэвчиж өнгөрөөх. Дунджаар 3-5 минут л гүрийчихвэл энэхүү тамхи татахын тулд хүн алсан ч чадахаар десперадо үе өнгөрнө.

2. Найзтайгаа утсаар ярих, ПС тоглоом тоглох, салхинд алхах г.м-ээр өөрийгөө сатааруул.

3. Ус, цай уу.

4. Нүдээ аниад 10 хүртэл тоолж гүнзгий амьсгал

5. Юу мэдэрч байгаагаа хэн нэгэнтэй хуваалц. Энэ үед тамхинаас гарахыг чинь дэмжиж буй хүмүүс хамгийн сайн туслагч болно.

Бусад шалгарсан аргууд

Өдөрт 2 удаа 15 минут эрч хүчтэй алх.

Гаа, бохь зажилж амаа завгүй байлга.

Гараа завгүй байлга. Цаасан дээр штрихээр эрээч, зураг зур. Электрон бараа боодог зөөлөвчтэй гялгар уутны бөмбөлгийг заналтайгаар бяцал.

Сайн унтаж амар. Нойр хүрэхгүй бол унтахаасаа өмнө “ядарч үхтэлээ” биеийн тамир хий.

Витамины нэмэлт хэрэглэ. Бие организмаас никотины хор зайлуулахад тусална.

Өөрийгөө урамшуул. Үзэж чадахгүй байсан киногоо үз. Үнэтэй ном авч унш. Нүд баясгах гоё зүйл өөртөө худалдаж ав. Бүтэн биеийн массаж, хөл, гар, толгойны массаж хийлгэ.

Никотины хамаарлаас гарна гэдэг нь маш ХҮНД асуудал. Гэхдээ энэ үеээ л давчихвал та тамхинаас гарч чадна. Тамхитай хийх энэ дайн таны хувьд өөрийгөө ялах ХАМГИЙН том дайн юм.

Таны таталгүй үлдээсэн тамхи бүр таньд үр өгөөжөө өгнө.

“Таны хүүхэд таныг нэг минут алга болоход ингэж их айдаг бол та бүр байхгүй болчихвол тэр яахыг төсөөлөөд үз дээ”

Ашигласан эх сурвалж:

http://www.quitsmokingabout.com

http://www.quitnow.gov.au/

http://www.stqp.org

Advertisements

Comments on: "Донтогчид: Тамхичин" (7)

  1. Nice one. ta tegvel olon hund buyan boljee.
    Gesnees taniig UB- d irsen gej oilgoloo. Ta haayaa neg CV busad materialaa avaad gegeenii bairand hureed ir zovlogoo ogii gedegsen. Ene udaad tanid zav garah bolovuu ingej zovlogoo ogoh?

  2. Thanks sis, saihan bichleg bna,fb dee shareley baiz

  3. […] Манай ажлын Т ах (нөгөө надтай зад хэрэлдээд тамхинаас гардаг) эмэгтэйчүүдийнхээ овгор, товгорыг илэх, […]

  4. Ta ih hund tus bolooroi, Bi Tamhi tatdag l daa garah gej barag zunduu oroldoj uzsen odoo dahin2 oroldood l baih heregtei ym bna gedgiig medlee, Tanii blog iig anh udaa l orj uzlee sanaandgui, odoo bainga orj baih bolnoo 😀

  5. Naiz O chini nadad chinii blog iig yavuulsan, unshij baina, mash ikh taalagdaj baina! Odoo bainga orj unshinaa, onodor unshikh yumtai boloo gej baryalaj suuna! Amjilt khusie!
    From Switzerland

  6. […] Би тамхидалтыг ҮЗЭН ЯДДАГ.  […]

  7. Тэр бараа боодог бөөрөнхийтэй уутны бөөрөнхийг заналтайгаар няцал гэдэг дээр баахан инээлээ кк. Би ч бас тамхинд дургүй. Тамхи татдаг найзуудыгаа надаас хол татахыг шаарддаг. Гэхдээ тэд нарыг тамхинаас гарахыг шаардаж бгаагүйн бна. Хүний хувийн асуудал гэж боддог л доо. Тэхдээ энийг уншаад бодол маань өөрчлөгдөж бна. Нэг ёсондоо найздаа тусалж бгаа хэрэг юм тамхинаас гарсныхаа дараа тэр хүн ямар хор хэрэглэж бснаа ойлгохын бна гэж бодлоо. Одооноос идэвхитэй хувийн дайн зарланаа. Мөнгө амалж чадахгүй ч шаардлага тавьж амалсныг нь байнга сануулах маягаар гаргана даа хүмүүсийг ккк

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

Шошгон цуваа

%d bloggers like this: