Аниа нь гэртээ ирлээ. Шороотой байна. Салхитай байна. Гэхдээ л сайхан байна.
Үүнээс цааш өдөр тутмын амьдралдаа тохиолдож буй үйл явдлаа бичнэ. Та нар анзаардаггүй ч байж магадгүй, миний хувьд бол гайхмаар зүйлс олон тохиолдож байгаа учраас залуучууд санаа аваг гээд “адал явдал, хоррор, триллэрээ” хуваалцахаар зориглов.
Эхний долоо хоногийн мэдээ.
Бид буцаж ирж байна.
МИАТ-ын онгоцоор Бээжингээс нисэв. Америкаас яваа залуутай өглөө эрт тааралдаж, хууч хөөрлөө. Их сургуулиа төгсөөд Монголд бизнэс хийж байгаад сурахаар АНУ-д очсон юм байна. Эхнэртэйгээ зэрэг суралцах нь санхүүгийн хувьд хүндрэлтэй байсан тул эхнэрээ сургаад өөрөө бизнэс хийсэн. Давгүй сайхан амьдардаг гэнэ. Бага хүү нь тэнд төрсөн, охин нь дунду сургуульд сурдаг. Ямарч байсан хүүхдүүдээ томортол буцах бодолгүй байгаа юм байна. Аав, ээж, ах дүүтэйгээ золгочихоод нэг их удалгүй буцах бодолтой гэнэ.
Энэ залуутай их сургуулийн нэг анги залуу онгоцонд тааралдаж хууч хөөрөхийг нь сонсвол Ирландаас буцаж яваа гэнэ. Бас л 2000 оны гадаад руу чиглэсэн давалгаагаар гарч одсон бололтой. “Байгаал байвал байгаал байх” зориглоод эх орондоо ажиллахаар иржээ. Ажилд хурдан орохыг хүсээд энд тэнд тааралдвал мэндтэй явахыг хүсээд саллаа. Өөрийн ирээдүй ч бүдэг байхад тэр залууг “хөлөө олтлоо яана даа” гэж бодов.
Эх орны хишиг.
Аниа нь “эх орны хишиг”-ээ хүртээгүй яваа хүн шүү дээ. Өглөө эртлэн манай хороо хорин байсан газар очвол дан тоосгон байшинг нь нураагаад хашаалчихаж. Тухайн үедээ төсөв хөрөнгө зарцуулаад өрхийн эмнэлэг, цагдаагийн хэсэг, хороо байрлах авсаархан байшин байсан юм. Хотын төвийн газар үнэд орохоор хөрөнгө зарж барьсан байшингаа хүртэл буулгачихдаг л юм байна. Дүүрэг орлоо. Дүүргийн Хөдөлмөр, халамжийн газар руу явуулав. Очлоо, асуулаа. Буцаад хороо руугаа яв. Хороо хаана очсон талаар асууж аваад буцаал алхлаа даа. Хороогоо олоод очтол иргэний үнэмлэхний хуулбар, Хадгаламж банкинд 350 төгрөг тушаасан баримтаа аваад ир гэнэ дээ. Цайны цагийг нь лавлаж асуугаад Хадгаламж банкны салбар оров. Дугаар тараадаг машинаас нь тасалбар авбал миний өмнө 13 хүн байгаа гэнэ. Хэдийгээр теллэрийн 6 цонхтой боловч 2 теллэр ажиллаж байлаа. Нэг хүнд дунджаар 14 минут зарцуулах юм. Зарим “сэргэлэн” нөхдүүд дугаар нь зарлагдаад хүн нь очихгүй шинжтэй болбол урдуур дайрах юм. Хүмүүс бухимдаж байна. Эдийн засагчийн өрөө рүү нь гүйж ороод теллэрээ нэмэх боломж байгаа эсэхийг лавлахад “Би мэдэхгүй” гэсэн хариулт сонсов. Хүмүүс ч уурлаад “ажлын долоо хоног эхэлж байхад удаан байна, чадваргүй юмнууд суучихаад” г.м-ээр явж өглөө дөө. 42 минутын дараа миний дугаар дуудагдаж 350 төгрөгөө төлөөд буцаад хороо руугаа чавхдав. Энэ үед нилээд дулаарсан тул халууцах маягтай. Ямар ч байсан нөгөө дэвтрийг нь бичүүлээд авлаа. Тэгсэн Дүүрэг дээр очиж бүртгүүл гэнэ. Дүүрэг орлоо. Миний хурууны хээ системд нь байхгүй тул 100 айл яв гэнэ дээ.
Элчин яамнаас бүртгэхэд өгсөн цаасан дээр байсан вэб хуудсаар мэдээллээ шалгахад “Таны мэдээлэл шалгагдаж байна “гэсэн бичиг гарсан бөгөөд лавлах утас байсныг санаад эргээд Хадгаламж банк руу явав. Сүлжээ тасарсан тул хүмүүс хүлээгээд сууж байлаа. 10-аад минутын дараагаас сүлжээ нь холбогдсон бололтой ашгүй үйлчилж эхлэв. Байрны мөнгө тушаахад теллэр биш орлогын нярав нь шууд авсан тул аз болж, байрны мөнгө, утасны мөнгөө тушаав. Хотын төв хөндлөн гулд алхсан эхний өдөр эцэж, ядарсан хүн 5 ажлын хоёрыг бүтээсэн биелэлттэйгээр гэртээ харив.
ГОЛОМТ банк
Зун ирэхдээ интернэт болгож чадаагүй дансаа шалгах, мөн нэт банкинд холбуулахаар Голомтын 1-р салбарыг өглөө эртлэн зорилоо. Валютын хадгаламжийн банкны хүү энэ хугацаанд лав гурван удаа өөрчлөгдсөн юм байна. Энэ тухай хэрэглэгчид яагаад мэдэгдээгүй болохыг асуухад вэб хуудсан дээрээ тухай бүр нь мэдээлж байсан гэнэ шүү. Голомт банкны вэб хуудсыг өдөр бүр орж шалгаж үзэж суух шаардлагатай юм байна л даа. Жилийн эцэст хүү тооцдог тул хүү хөдөлж буй тохиолдолд яаж тооцдог вэ гэхэд эдийн засагч нь тайлбарлаж өглөө. Мөн яагаад дансны хуулга хэрэглэгчид өгдөггүй болохыг лавлахад одоогоор тийм үйлчилгээ байхгүй гэж байна. Нэхэж байгаад гаргуулж авлаа. Интэрнэт банкинд холбогдохын тулд гэрээ хийв. Зураг авахуулах шаардлагатай болоход гадуур хувцастай нь зураг авчих бололтой юмаа. Хувцсаа тайлаад байдаг “хөөрхөн” дээрээ тавьж байгаад патиараа татуулав. Банкны өр барагдуулах албанаас сонинд тавьдаг зар дээрхи зураг яагаад бүдэг, гадуур хувцастай байдгийг ойлгов. Теллэр залуучуудад хэлээд нэмэргүй гэж үзээд идэвхийлэн санал хүсэлтийн хайрцагт нь бичиг үлдээв.
МОБИКОМ
Утасны төлбөрөө төлөхөөр дугаар аваад суулаа. Чимээ шуугинтай орчимд чухам юу гээд байгаа нь сонсогдохгүй тул чих тавин сонсвол миний дугаарыг 13 дугаартай цонхонд оч гэж байнаа. Өмнөө байгаа цонхнуудыг харвал зүүнээс баруун тийш дугаарласан тул логикийн дагуу ийшээ байна гэж бодоод явтал алгаа. Гэтэл миний явсны эсрэг зүгт тэр хэдэн цонх нь байхаас гадна намайг хайж явах 1 минутыг хугацаанд дараагийн дугаарыг дуудав. Хөл муутай хүн бол амжиж очихгүй юм байна. Хөгшрөх үед минь нэтээр мөнгөө төлөх боломжтой болох биз гэсэн юм бодоод дуудсан цонхон дээр очвол дараагийн үйлчлүүлэгч нь төлбөрөө төлж байлаа. Яаж дуугай байхав хэлээд л тавьчихлаа. “Энэ хүний дараа таныг авъя” л гэж байна.
Гэх мэтээр хөлийн хурдаар явган таваргаж, бас бус үйлчилгээний байгууллагаар үйлчлүүлж амжлаа. Ерөнхий дүр зураг нь хуучнаасаа хамаагүй дээрдэж. Тас ширвээд загнадаг нь гайгүй болсон байна. Харин үйлчлүүлэгчдийн соёл бахь байдгаараа. Дараалал дайрдаг, лангуун дээр нь хамаг байдгаараа дардаг, тухайн хүний орон зай руу довтолдог нь яг хэвээрээ. Хэрэв блог уншигчид дунд үйлчилгээний байгууллагад ажилладаг хүмүүс байгаа бол дараахи дүр зураг их л танил сонсогдох биз.
Үйлчилгээ гэдэг нь тухайн хүний хэрэгцээ шаардлагыг сонсохоос гадна өөрийн боломжоороо ТУСЛАХ юм. Нэг дүүгийн хэлснээр манайхан үйлчилгээ гэдгийг сайхан ярих гээд ойлгочихсон гэдэг бараг үнэн. Сайхан ярьж, тайлбарлах юм. Банкны теллэр охид дуржиганатал нь ярих бөгөөд соёлын шоконд байгаа надад нөгөө үг нь хүрэхгүй, дахин лавлан асууж уцаарлуулав. Хөгшин настай хүнд бол хэцүү л юм байна гэж бодогдов. Барааны сурталчилгаа биш гоё хоолойгоор яриад нөгөө хүндээ хүрээгүй бол үйлчилгээний үнэ цэнэ шууд унана.
Аливаа байгууллага нь танилцуулга, заавраа хэвлэмэл материал болгоод тавьсан, эсхүл самбарт хадсан байх нь элбэг. Энэ нь тэр бүр үйлчилгээний ажилтантай харьцаж, дараалалд зогсохгүй цаг хэмнэх давуу талтай юм. Манайд хэвлэмэл материалын хувьд дууссан байх нь олон. Зарлалын самбартаа мөнгө тушаах дансны дугаар, мэдээллээ А4 стандарт цаасан дээр бичээд дээр хадсан нь хараа муутай, намхан нуруутай надад бол зөөврийн шат тавьж байж уншигдахаар юм. Мөн аливаа стандарт, гэрээ хэлцлийн үсгийн фонт хэт жижиг болохоор унших гэж томруулагч шилтэй явахгүй бол горьгүй юм байна.
Монголын үйлчилгээний ажилчдын нийтлэг дүр зураг нь аль болохоор хурдан хугацаанд хийж дуусгахаар чармайх юм. Чухам юуг, яаж хийхээ төлөвлөж, нягтлахын оронд “ХҮ, ХА” гэж дайрч ороод хамаг чадал, цагаа мунгинасаар, ухнатсаар барах юм даа. Социализмын үед л 15 жилийн ажлыг 5 жилд багтаан хийх боломжтой байснаас ямар ч ажил тодорхой цаг хугацаа, орон зай шаардлагатай байдаг тул хурдан, түргэн хийсэн зүйл чанар муутай болно. Чанар муутай юм чинь ахин дахин хийнэ. Нэг ажлаа олон давтаж хийнэ гэдэг нь үр ашиг муутай, мөнгөн дүнгээс гадна бодит бус зардал ихтэй үйл ажиллагаа тул хөгжлийг сааруулагч нь болдог. Үйлчилгээний стандарт тогтоохдоо байгууллагууд өдөрт үйлчлэх хүмүүсийн дээд хязгаарыг тогтоож өгвөл үйлчлүүлэгчид ч чанартай үйлчилгээ авах, үйлчилж буй хүн ч ачааллаа жигд хуваарилах боломжтой болж бага ядрах юм.
Comments on: "Вээлком хоум" (4)
hehe yag l iim bdag shuu. gehdee onii omnohon bas naashlahiin omno baahan gazruudaar orsonoos Chingeltei duurgiin niigmiin daatgaliin uilchilgee hamgiin setgeld hurse, turgen shuurhai bsan. Gehdee yur ni l Chingeltei Duurgiin haana ch ochson uilchilgee ni gaigui shuurhai, humuus ni ajilaa medeed ch bgaa yum shig sanagddagiin.
tedy.mn-r mobicomiin yarianii tolboroo tolj boldogiin bas hadgalamj bankii karttai bol hadgalamj bankii site ruu orj bairnii mongoo toloh bolomjtoi shuu
[…] ч ирэнгүүтээ үүнийг хөөцөлдсөн […]
[…] лавла гэнэ дээ. Тэр утас нь авдаггүй ээ. Өнгөрсөн жил хөлөө эргэтэл явж байж бүртгэлд нь орсон сон. Одоо цахим […]