Унаа тээврийн хөгжил дэвшил миний амьдралд
Хөгшин аав, ээжийндээ зун томилолтоор “ажилладаг” байсан 4-5 настай байхдаа ердийн хөсгөөр сайхан зорчдог байжээ. Цагаан голдуу хэдэн үнээндээ өвс хадлан авах кампаант ажил өрнөхөд хярам, цай дөхүүлэх, цэцэг түүх, эрвээхэй хөөх гэх мэтээр ах нартаа маш их “тусалдаг” охин байлаа. Өвс ачсан тэргэн дээр биш, тэргэнд хөллөсөн үхэрний нуруун дээр суугаад явж байснаа тод санадаг. Хүрэн хайнагийн шарны эвэр нь хоёр тийшээ далбилзаад, хэрэв уначихвал сүлбэчихээр аймаар санагдсан тул тэгж их тод үлдсэн байх. Бас хөлөө жийхээр явдаг тод улаан машинтай байсан нь нэг жил томилолтоос ирсэн байхгүй болчихсон байсан. Бодоход эвдэрсэн, эсхүл хамаатны хүүхдүүдэд өгсөн байх. Эхлээд улаан Ява, дараа нь цэнхэр Иж Планета мотоцикэлний бензины саван дээр нь суудаг байснаа, суга “дэвшиж” аавын хойгуур нь суудаг болсноо хүмүүст хотгойд аялгаар гайхуулан ярьж онигоонд орж байсан юм даг. Хотгойдууд хэлний угийн г авиаг дундуур, мөн үгийн төгсгөлийн хос эгшгийг урт эгшгээр дууддаг. Хойгуур-хөөгүүр, могой- могоо г.м.
Дараа нь манайх хувийн машинтай болж, сургуульдаа хүргүүлэхдээ их ичдэг байж билээ. Зам дээр буугаад алхачихъя гэхээр аав заавал сургуулийн хашааны үүдэнд буулгаж өгдөг байсансан. Ажилтай аав намайг үргэлж хүргэж өгнө гэж юу байхав, ихэнхидээ явган, шугамын автобус ирж таарвал нийтийн тээврээр гээд л 10 жилийг үдэв.
Оюутан байхдаа шуудан хүргэгчийг тосон гүйгээд гэдэг шиг 8 номерын трамвай, 10 номерын троллейбусыг тосон гүйсээр, өвөл, зуны амралтаараа гэр рүүгээ тэмцэхдээ долоо хоног поездонд сэгсчүүлсээр өнгөрсөн байх юм. Тодорхой тооны хүмүүсийг вакумжсан нэг системд оруулчилхаар юу эс тохиолдохов. Дан залуу хүмүүс дуулна, хуурдана, хөзөрдөнө, нуугдаж тоглоно, вагон хурдлуулна, дурлана хайрлана. Их л хөгжилтэй байсан сан. Сүүлд наймааны ид үеэр бол үхтэл панз үсэргээл нөгөө их удаан хоног чинь дороо л өнгөрдөг болж билээ.
Баруун Европ руу хөл тавьсан цагаас эхлэн янзан бүрийн авиа компанийн онгоцонд суусан байна. Аэрофлотоор нисэхэд нээх хүйтэн, бараг хөлдүү тахиа, Миат болохоор дан хиаман зууш өгдөг байж, аль алийг нь идэж чаддаггүй байсан сан. Эйр Чайна, ЖАЛ-ын хоол ёстой таалагдаагүй. Тийм болохоор хоол сайтай авиа компаниудад би их хайртай. Кореан Эйр болохоор Монгол руу мяа онгоц, гадаад руу гоё онгоц явуулдаг, Малайжиан Эйрлайнс суудалнууд нь Солонгын долоон өнгөтэй, Тай Эйрвэйс хүүхнүүд турьхан нарийхан байж шуналт миний 10кг цүнхийг СҮП гээл өргөөд дээш нь хийчихдэг, Лютфханза, Бритиш Эйрвэйс зай талбай ихтэй, ялангуяа суудал хоорондын зай хол, өндөр тул би мэтийн намханчууд хөл газарт хүрэхгүй, гэхдээ хоёр сандал дамнаад элбэг сайхан багтаад унтчихаар. Манай МИАТаар нисч байгаа гадаадууд бол үнэн өрөвдмөөр. Суудлын тоогоо нэмэх гээд сандлаа шахчихсан. Хөөрхий амьтад “өвдөг тохой хамт” байрлалтай.
Австралийн үндэсний компани Кантас болохоор аюулгүй ажиллагаагаар дэлхийд тэргүүлдэг. Борооны хүн гээд кинон дээр гардаг даа, Дастин Хофман “би Кантасаар ниснэ, яагаад гэвэл түүхэндээ онгоцны сүйрэл болж байгаагүй цорын ганц компани” гээл хөөрхий Том Крузыг “шар махтай нь хатаадаг”. Барууны онгоцны компани нас харгалзахгүйгээр ажилд авдаг учраас хижээл насны стюардессүүд олонтой. Манай дүү Солонгосоос Кантасаар ирээд хөгшин үйлчлэгч нартай аягүй сонин гээл гайхаад байсан. Нэгэнт хүнийг нас, хүйсээр нь ялгах хориотой тулд бүгдэд ижил боломж олгодог.
Этихад, Эмиратс г.м баян орны авиакомпанийн онгоц нь гоё гэж юу гэхэв. Үйлчлэгч нар нь бол бүүр тасарчихсан, гөлийтлөө ширтсээр байгаал буусийш дээ. Онгоцны хоол, үйлчлэгчийн хувцас бүгд ямар нэг байдлаар эзэн орныхоо зан заншил, соёлыг илэрхийлдэг бөгөөд алдартай дизайнерууд хувцасны загварыг гаргаж, маш сайн материалаар хийгдсэн байдаг юм билээ. Эмиратс гэхэд элсэн шаргал өнгөтэй хослол дээр улаан тоорцгон малгай тавьж, лалын шашны ёсны дагуу цагаан торгон алчуураар үсээ далдалсан байдаг. Хоол хүнсний хувьд шингэц сайтай боловч шаардлагатай илчлэгийг хангах, дээр нь амттай хоолоор үйлчлэхийн тулд мундаг тогооч нар, хоол тэжээлийн мэргэжилтэн, химич технологич гээд олон хүний хөдөлмөр шингэсэн хамтын бүтээл. Хүнсний аюулгүй байдлыг дээдийн дээд зэрэг хангана. Манай МИАТ хөх өнгө голлодог. Найз эмэгтэй МИАТ-ын үйлчлэгч, олон улсад нисдэг. Агаарын даралтын зөрөөнд байнга ордог, их хэцүү ажил. Гаднаас нь харахад л гоё сайхан хүүхнүүд гүйлдээд байдаг боловч тэдний хөдөлмөр уурхайчны хөдөлмөртэй ижил түвшинд үнэлэгддэг юм байна лээ. Нэг удаа УБ-д агаар муугаас Москвагаас шууд Бээжинд бууж хонохдоо “үгээ хэлсэн” биш найзынхаа хөдөлмөрийг их үнэлж, бас бахархаж явдаг юм.
Байнга үйлчлүүлдэг компани гэвэл Сингапур Эйрлайнс. Хямд хуванцар хоолны хэрэглэл биш, үнэтэй гоё набор өгөхөөс гадна хоолоо менюнээс сонгоно. Тэгээл сүүлийн үед гарсан киног ёстой нэг заналтай сайхан үзнэ шүү дээ. 10 кино гэдэг чинь зуун хэдэн дойлуур. Нуль хэмнэлт… Залхуурахгүй бол зад компьютер тоглоом тоглоом, хөлгийн ахмадын харж байгаа өнцгөөс газар дэлхийгээ тольдоол … Үйлчилгээ бол тасарсан. Бизнес классаар нисвэл сандал нь сансрын хөлгийн бүхээг шиг лаг гоё ор болдог. Анхны жумбо Эйрбус 380-ыг Сингапур Эйрлайнс Нью Йоркын нислэгтээ явуулсан. Үнэн тансаг, бүүр коктейль баартай гээл бодоорой. Дуртай гар чинь найдлагатай үйлчлүүлэгч гэсэн пайз аваад буусий ш дээ. ;). Тэрнээс гурав хоногийн дараа Цонжин болдогт тэмээн тэрэг унаал явжээж билээ. Үнэн уйтгартай, нэг хэмээр… Тэгээд 13-р зуунд Алунгоо эхээс авахуулаад мухлаг тэргэнд суусан хүүхнүүд булаалгахдаа үнэн дуртай байсан гэсэн дүгнэлт хийсийш дээ. Ийм тийшээ горьдлого царайлж хараал…
Та нар Алимаа одоо гэнэт яагаал тэмээн тэрэг, онгоц, мотоцикол яриад унав гэж гайхаж байна уу, айн?Яасан гэхээр би энэ 3 дахь өдөр УБ явах гэж байгаан. Тэгсэн Чилид дэлбэрсэн галт уулын үнс нь энэ хавиар ирчээд нислэг саатуулаад байна. Өнгөрсөн долоо хоногжингоо тэгсэн чинь маргааш дахиад нислэгүүд цуцлагдчиж. Гурав дахь өдөр гэхэд салхи сайн үлээгээд өгөөсэй, тэгвэл би тав дахь гэхэд гэртээ харьчихсан, Их Монгол хавиар явжаах байх шүү. ККК