Тэтгэлэг горилогсдод тусламж

Archive for 4 сар, 2012

Амлалт нэхэх Алимаа

2008 он

Манай дүүргээс УИХ-д “сонгуулсан” Гарьдхүүгийн Баярсайхан Чингэлтэй хайрханаа тахилгатай болгоно гэж амлан хэдэн оюутан хаваржин гадаа зогсоож гарын үсэг зуруулж өөрийгөө таниулсан. Хогоо ялгах механизм, боловсруулдаг үйлдвэртэй болгоно гэж амласан.

Д. Очирбат дүүргийн эмнэлэгт ажиллаж байсан эмч тул ард иргэдэд үзүүлэх эмнэлгийн үйлчилгээг шинэ шатанд гаргаж, эмнэлгээ өргөжүүлнэ, эрүүл мэндийн даатгалын тогтолцоог ОГЦОМ шинэчилнэ гэж амласан.

Ц. Элбэгдорж БҮҮ МЭД. Үзэл бодол нь ямагт өөрчлөгдөж байдаг энэ хүнийг би ойлгодоггүй.

Сонгогчидтой хийх уулзалтаа ажлын өдрөөр өдрийн цагаар хийцгээдэг тул ажилтай бид очиж чаддаггүй.Тийм болохоор амлаж байгаа зүйлийг нь няцааж, мэтгэлцэх, эсхүл хэрэгжих боломжтой зүйлийг нь нэхэж шаардах бололцоо надад байдаггүй.

Доод айлын хоёр хөгшинд АН-аас алдарт ҮЙЛДВЭРБАТ-ынхаа зурагтай ханын цаг, 5 кг будаа өгсөн гэнэлээ. Манайх хэдий хотын төвд байдаг ч гэсэн хорооны бүртгэлээс мэдээлэл авч, боломж, чадал муутай хөгшид, ажилгүй иргэдийг ходоодоор нь хэмжих ажил өргөн явагдсан. Захын гэр хороололд бүүр учир тоймоо алдсан гэнэлээ. Хаалган дээрээ “Бид сонголтоо хийсэн” гэдэг бичиг нааж, орой үдшээр хар чадлаараа хаалга балбах хүмүүсийг үргээхийг оролдсон ч амжилтад хүрээгүй. Энэ жил хонх дарахаар тог цохидог байхаар холболт хийж, хаалгаа угаахгүй, хүн сэжиглэхээр бохир байлгана даа. Сурталчилгааны материал тараахаар хүүхдүүд,оюутнууд, хөгшдийг дайчилдаг бөгөөд нөгөөдүүл нь идэвхитэй гэж. Нийтийн орон сууцанд ард иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулж байгаа гэдгээ сонгуулийн штаб нь ойлгохгүй байхад тэд яаж ухаарахав дээ.

Image

МАХН-д 1970.09.21-ны өдөр гишүүнээр “дэлсчээ”.

Миний ээжид “энхрий хайрт” нь НЭГ САЯ төгрөгийн батламж гардуулсан гээд тэр жилээс нандигнан хадгалсансан. Гэвч тэр сая төгрөгөө авч чадахгүй байх. Хүнд өвчинд шаналж, хорвоод үзэх зүйлийнхээ хязгаарт дөхөж буй миний ээжид 3 удаа тасалж олгох тэр мөнгөний эхнийхийг ч хүлээх хугацаа байхгүй. Үүнтэй ижил 1996 оноос өмнө тэтгэвэрт гарсан бага тэтгэвэр авдаг 2200 гаруй ахмад Засгийн газрын амалсан тэтгэврийн зөрүүг арилгахыг хүлээж дийлэлгүй жил жилээр тоо нь багассаар. Эрийн сайндаа бус хуулиар далайлган нийгмийн даатгалын санд хурааж авсан мөнгөө банкуудад хуваан байршуулж, өөрсдөдөө тэрбум тэрбумаар нь зээл авч үрэн таран хийж байгаа олигархууд, төрөөс төрсөн тэрбумтнуудаасаа эхлээд ажилтнуудынхаа нийгмийн асуудлыг шийдэх нэрийн доор хөгшдийн тэтгэврийн мөнгөөр ичихгүй орон сууцтай болж буй нийгмийн даатгалын газрын удирдлага, ажилтнуудад миний зэвүү хүрч байна.

Чадалтай, тэнхээтэй үедээ төлсөн энэ мөнгө ядрах үед минь миний амьдралын баталгаа болох ёстой атал увайгүй хүмүүсийн гарын салаагаар урсаж байгааг тэвчих арга алга. Оюутнуудад өгөөд байгаа тэр 70 мянга чинь та нарын саналыг авахын тулд шийдвэр гаргагчдын өгч буй “хахууль”. Хөгшдийн, хөгжлийн бэрхшээлтэй иргэний асаргаа, сувилгаа, цайны сүүнд явах ёстой тэр мөнгө та нарын баасан гарагийн баардалтын мөнгө болж байгаад бүүрч “шар хөдөлж” байна.

Ээж

МУИС-АУФ 1-р курс 1955 он

Image

2010.05.27. Төгсөлтийн 50 жилээрээ. Нэг подгруппын найзууд

Миний ээж хүн ардын эрүүл мэндийн манаанд 37 жил үр хүүхэд, ар гэрээ гаргуунд нь гарган хаяж, хөдөө, орон нутагт сумын эмчээс, аймгийн нэгдсэн больницын эмчилгээ эрхэлсэн орлогч дарга хүртлээ ажилласан. Одоо сард 180 мянган төгрөг тэтгэвэр гэж авдаг. Түүнээс хойш тэтгэвэрт гарсан түүний асрагч хийж байсан хүн 230-мянга, сувилагч нь 280 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг. Миний ээж нийт 36 мянган хүн эмчлэн эдгэрүүлсэн гэж залуу наснаасаа хөтөлсөн тэмдэглэлийн дэвтэрт нь бичээстэй байдаг юм. Биднийг ч хийсэн ажлаа тэмдэглэж үлдээж байхыг шаарддаг. Амьдралын чухал эгзэгтэй үед ээж ямагт ажилтай, хөдөө дуудлаганд, эсхүл жижүүрт хонодог. Орой эрт ирлээ гэхэд 8 цагт гэртээ ирнэ. Тэр өдөр нь ч “зоолттой” нэг хүн гэрт хүлээгээд сууж байна. МУИС-ын Анагаахын факультетийг 1960 онд мундагуудтай нэг ангид төгсчээ. “Сэрэлт” киноны гол дүр Доржпалам гуай мөн тэдний ангид сурч байсан гэнэлээ. Одоо тэдгээр хөгшдөөс гарын таван хуруунд багтах хүн үлдэж дээ.

Сүүлийн үед тэтгэлэг горилогчид биечлэн зөвлөгөө авч, материалаа хянуулахаар хүсэлт тавих нь ширүүсэв.  Би үүнийг ХИЙХГҮЙ. Яагаад гэвэл шалгаруулалт дуусахаас хэдхэн хоногийн өмнө хэн нэгэнд ДАВУУ байдал олгох нь “ариун явдал” биш учраас…

Хэрэвзээ өмнөх бичлэгүүдийг бүгдийг нь уншсан бол ямарч байсан тэтгэлгийн өргөдөл гаргахдаа юуг анхаарах, хэзээ тэтгэлэг зарлагддаг, ямархуу дарааллаар материалаа бүрдүүлдэг,  ямар материал бэлдэх, шалгаруулалт нь ямар зарчмаар явдгийг МАГИСТРЫН түвшинд АВСТРАЛИЙН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛГЭЭР суралцах чадвартай хүн ойлгохоор бичсэн байгаа. Түүнээс өмнө хоёр ч удаа бичсэн шиг “ДАЙСНАА ИРЭХЭЭР ДАРИА НУХДАГ” хүмүүс бол НАЙДВАРГҮЙ. Тэгэж өөрийнхөө болон миний цагийг авах ямар хэрэг байна? Өмнө надад “загнуулж” байсан ч “гүрийсээр” тэтгэлэгт хүрсэн хүүхдүүд үүнийг нотлоод өгнө.

Дашрамд: Гэгээн ТББ-тай ямар нэг холбоогүй болохоор үүгээр мэдэгдъе. 2009 онд шинэ зүйл санаачилсан залуучуудыг дэмжих зорилгоор анх 2-3 удаа уулзалт зохион байгуулахад нь очиж “илүү үгэлсэн” болно. Үүнтэй мөн ижил “Нью Войс” ХХК-тай ямар нэгэн холбоос огт байхгүй гэдгээ дуулгая. Австралийн их сургуульд зуучилдаг боловсролын агент хийдэг байгууллага гэсэн. Тухайн компанийн үйл ажиллагааны талаар мэдэхгүй учраас ийм тийм гэж хэлэх боломжгүй.

Эцэст нь Англи, Америк, Австрали, Японд суралцах хүсэлтэй хүмүүст анхааруулахад:

Нэгэнт мөнгөө төлөөд сурах гэж байгаа бол САЙН сургууль, хөтөлбөр сонговол виз гарах магадлал чинь өндөрсөнө шүү.

Before I forget: Childhood

Хүүхэд насны хөгтэй явдал алийг тэр гэхэв дээ. Саяхан Нүүрномоор багадаа хамт тоглож өссөн хүүтэйгээ тааралдаж бөөн баяр болов. Голландад очоод 13 жил болж байгаа гэнэ. Энэ хүүтэй холбоотой нэг инээдтэй түүх байдаг юм. Манай тэр хавийн хөвгүүд охидуудаа ад үзээд өөрсдийн “эзэмшлийн” сагсны щитэн дээрээ тоглуулахгүй, хажигланаа. Тэрнээсээ болж “хэрүүл, тэмцэл” хурцатна. Олон ахтай, айлын ганц охин Цэцгээ сагсны бөмбөгтэй байсан болохоор тэр бөмбөгөөр нь барьцаалчихаар дуртай дургүй тоглуулна. Би сагсандаа сайн байгаагүй ээ. Зүгээр тэднийгээ харж балиашиглаж, баясна. Хаяадаа гуйж байгаад ганц удаа шиднэ.

Айлын ганц хүү Туухай нэг өдөр сагсны бөмбөгтэй болсноор хэрэг бишдэж, биднийг огт тоглуулахаа болилоо шүү. Гуйж үзлээ, хэрэлдэж үзлээ. Гонж. Ганц муу щитээ жижиг дүү нараараа мануулж, чулуу шидэж хөөгөөд банди нар ёстой “новширдог” байхгүй юу. Охид хор найруулна биз дээ. Шартай хэдэн туучийнууд нэг их бороотой өдөр хөрөө авч очоод нэг талд нь би, нөгөө талд нь Соско харуулд гарч байгаад Цэцгээ, Туяа хоёр сагсны щитнийх нь тулгуур модыг зад хөрөөдөөд унагачихаж байгаа юм чинь. Тэгээд муу сайн хөвгүүдээс хариугаа авсан баатрууд гэртээ тас тас хөхрөлдсөөр харьж билээ.

Бороо зогссон хэрэг бишдэв. Өнөө муу хэдэн хөвгүүд чинь ирж хэрүүл өдөөд, аав ээжид маткааддаг байна ш дээ. Манай Туяа, Цэцгээ хоёр угаасаа эршүүд охид, тэдний урдаас “Гохь чинь. Гуц” гэж байгаа юм чинь. Энэ Голландад байгаа Саруул манайд ирж аавд “алтан хошуу” өргөсөн ховч золиг байгаа юм. Тэгээд яахав дээ, хүүхдүүд юм чинь хэд хоноод “найрамдлын гэрээ” байгуулж, нөгөө хөрөөдсөн тулгуур модоо шонгийн модтой хүлж уяж байгаад л тоглоно биз дээ. Хи хи хи.

Жич. Боломжийг ашиглаад хорин хэдэн жилийн өмнө үйлдсэн хорлон сүйтгэх ажиллагаандаа уучлал гуйчихъяа, манай гудамжны хөвгүүдээ. Гэхдээ л та нар тэр үед шог байсан шүү.

Миний бага нас социализмын бүтээн байгуулалтын хамгийн оргил үед өнгөрсөн. Би улсын болон аймгийн чанартай нийт 23 олимпиадад эхний гурван байр эзэлж явжээ. Одоо бодоход жаахан хүүхдэд бахархмаар зүйл боловч тэр үед аав, ээж, ах, эгч нар маань тоох ч үгүй. Пионерийн зусланд явах урилгаа яаж ийж байгаад л олимпиад уралдааны шагнал болгоод авчихдагсан. Гэхдээ тэгэж их хичээл ном хийдэг хүүхэд байгаагүй ээ. Сайн багш нар сурах арга барил сайн эзэмшүүлсэн болохоор тэгж сурсан байх гэж боддог. Одоо ч гэсэн Ерөнхий эрдмийн шалгалтын дүнг аймгуудаар харьцуулж харахад Хөвсгөл аймгийн дундаж бусад аймагтай харьцуулахад чамгүй өндөр гардаг нь багш нарын заах арга зүйн нэгдлээр дамжуулан багшлах заах арга, уян мэдлэгээ бусадтайгаа хуваалцаж чаддаг уламжлал одоо ч тасраагүй байгаатай холбоотой байж магадгүй юм. Тэгж байгаад судалж үзнэ дээ.

Хэдийгээр “багшийн хүүхэд сурлага муу” гэж ярьдаг ч миний нэг ахаас бусад нь бүгд ЗХУ-д шинжлэх ухааны боловсрол эзэмшсэн. “Дотоодын бүтээгдэхүүн” ах маань Цэргийн дээдээс “хараа муутай” гэж хасагдаад хөгшин ээжийн хэлдгээр “Багшийн дээдэх” төгссөн тоо, физикийн багш. Бид аав ээжийнхээ чихийг халууцуулж явсангүй, бүгд л “толгой сайтай” хүүхдүүд байж дээ. Тийм болохоор манай гэр бүлд хэн нэгний академик амжилтыг байх ёстой стандарт зүйл гэж хүлээж авдаг юм. Бидний дараа үеийнхэн үргэлж гомдоллоостой, “Хүн аймаар мундаг байхад дандаа доош нь хийдэг, айлын хүүхдүүдийг аав, ээж нь дандаа магтдаг”.

Би айлын бага хүүхэд. Зан үйл судлаачдын нотолж буйгаар гэр бүл дэхь хүчний харьцаа нь томоос жижиг рүүгээ хүч хэрэглэж, дарангуйлах чиглэлд байдаг тул айлын бага хүүхэд тэрхүү гинжин цувралын хамгийн эцсийн хүлээн авагч байдаг. Ийм ч болохоороо амиа хамгаалах чадвар өндөртэй нэгэн болж төлөвшдөг бол айлын том хүүхэд дүү нарынхаа өмнөөс хариуцлага хүлээсээр халамжтай гэж жигтэйхэн болдог гэнээ. Дундчууд нь бол өөрийн амиа тээгээл, хүнтэй зохицох чадвар нь их сайн хөгждөг.

Гэр бүлийн хүчирхийллийн “сонгодог” загвар нь аав ээжийг, ээж ахыг, ах дүүг, дүү нохойгоо зодно. Миний эгч энэхүү онолыг над дээр зад хэрэгжүүлсэн дээ. Ах нар намайг зодож байсныг огт санадаггүй, харин эгч байнга шоглоостой. Цэцэрлэгээс эхлэе. Өглөө ах нар хүргэж өгч, орой эгч авна. Цэцэрлэгийн хашаанаас гаргаад гэртээ хүрэх замын тэг дунд “Баавгайтай чихрээ өг. Тэгэхгүй бол чамайг энд хаяад явлаа” гэж дарамтална. Тэр үед цэцэрлэг тарахаар гоё гоё чихэр, алим өгдөг байсан юм. Айсан би өгдөг л байсан байх даа. Манай эгч болохоор “Чи алганы хонхор нь өөдөө хардаггүй, харамчийн туйл байсан юм чинь яг л өгнө ш дээ” гэдэг юм. Дараа энэхүү өөрийн давуу талаа ашиглаж үйлддэг “дээрмийг” Тулгаа дүү дээрээ туршсан чинь болж байнаа. Даанч чихрээ дагуулан бүлтэлзэх дүүгээ хараад өрөвдөөд тэр чихэр нь аманд орохгүй юм байна лээ.

Тэр үед манайх талхаа өөрсдөө барьдаг байсан сан. Хэдийгээр цалин өндөртэй байсан ч өсвөр насны олон эрэгтэй хүүхэд талх, боорцог тэсгээхгүй байдаг байсан биз. Дээрээ шилэн цонхтой германы жижиг печьтэй. Талхны хөрөнгө хөөгөөд тэр шилэнд тулахаар гадаа тоглох ах, эгч нарыг дуудах үүрэг надад ноогдоно. Муурнаас ухаанаа гартал айдаг, дагаж орилвол үүдэнд грилькан муур үлээгээд тавьчихаар хаалга руу айгаад дөхөхгүй. Нөгөө печьны хажууд хөгшин аавын хийж өгсөн жижиг сандал тавиад суулгачихна. Хүүхэд болохоор заримдаа өнөөхөө мартаад тоглож байгаад талхаа түлчихвэл эгчдээ зодуулна. Хажууд нь удаан сууж уйдахаараа “Болцоон” гэж хашгирна. Болоогүй байхад тоглоом тасалдуулж дуудсан ялд унаж, бас л “авахуулна”. Гэхдээ тэд нарыг аавд хуниулахад нь үнэн голоосоо баясдаг их “хүн муутай” этгээд байсан гэж байгаа.

Хүүхэд насны сайхан дурсамж зөндөө. Аав, ээжтэйгээ хөтлөлцөөд айлын бага болохоороо давуу эрх эдэлж,”цай уухаар” явахад нь хамт айл хэснэ. Амралтын өдрүүдээр томчууд гэр бүлээрээ нийлээд бууз идэж, ганц шил архи задлаад даалуудна. Одоогийнхоор бол шоудаж байгаа юм. Харихад гоё бэлэг, чихэр, бас мөнгө өгнө.

Хөвсгөл аймгийн Худалдаа бэлтгэлийн трэстийн дарга Рэнцэндорж гуай гээд бүдүүн гүзээтэй, хүүхдэд их хайртай хүн байдагсан. Манайд ирэнгүүт нь өвөр өөд нь мацна. Хармаанаасаа Улаан малгайт, баавгайтай чихэр, банкя дандаа гаргаж өгдөгсөн. Бас арын хаалгаар гоё гутал, куртка авчирч өгнө. Ганган охин байж дээ. Ах эгч нар гадаадад сурдаг болохоор гоё палааж, сандаал байнга. Тэр үед союз бохь гээч нь ховрын зүйл байв. Ах эгч ирэхээр хавийн хүүхдэд бохь тараана. Хэд хоног эрүүгээ өвдтөл жалир жалир гэсэн нөхдүүд гүйлдээд байна. Манай ангийн Азаагийн эгч Унгарт сурдаг байсан. Эгчийгээ ирэхээр надад гоё хийлдэг бохь авчирч өгдөгсөн. Чубагийн ээж лаг гоё боорцог хийнэ. Хаяа авчрахаар нь жинхэнэ “алаан” болно доо. Манай ангид эмч нарын хүүхдүүд их сурдаг байлаа. Эмнэлгийн байрныхан гээд тэр хавьдаа л ОД. Тэднээс эмч болсон нь цөөнгүй. Бараг надаас бусад нь л эмч болсон байх. Хаяадаа аавынхаа үгэнд орж эмч болох минь яалаа гэж хэн нэгэн өвдөж, зовсон хүнийг хараад бодогддог юм. Ямар ч байсан одоогийн савчсан охидоос хол дээр эмч болох байсан байх. Миний хоёр дүү эмч болсон, ажилгүй л сууна. Ид шид нь намайг ядрах үед гарах биз гэж найднам.

”Before I forget” зарим хэсгийг оруулав.

Залуу жолооч зам гаръяа…

Аниа нь бодож бодож жижиг тэрэг авлаа. Уг нь “ногооръёо” гэж бодсон ч гэртээ харих зам хэт хол тул аргагүй байдалд оров.

Монгол ардын жолооч нараа:

1. Зам дээр зогсож болно. Дохиогоо өгөөд зогсож бай л даа. Бас хүн авчаад хөдлөхдөө дохиогоо өг. Яах гэж байгаа нь мэдэгдэхгүй, гэнэт зогсоол, гэнэт хажуугаас шахаад ороод ирэх юм.

2. Миний машин жижигкээн. Гэхдээ нэг эгнээ зам дээр заавал намайг шахаж, хослох гээд байгаа чинь ямар учиртай юм бэ? Худалдан аваад ганц хоноол өөрөө ч мэдээгүй байжээтэл хажуудаа жижиг зураастай болчихдог юм даа.

3. Зам дээр бэлчиж буй явган зорчигчдоо гаргаж байхад битгий араас сигналдаад бай. Чи ч гэсэн хаяадаа явган зорчигчдын эгнээнд шилждэг л биз дээ? Хамт олноо хүндэлж бай л даа, “хоёр нутагтангуудаа”.

4. Яах гэж байгаа нь мэдэгдэхгүй “хамраа”, эсхүл “бөгсөө” гаргаад зогсчих юм. Ядаж дохиод зогсвол чинь би зогсож байгаад гаргачихна. Тэгэнгүүт давраад хоёр эгнээ дамнаад эргэх гээд урд ирээд зогсчих юм.

5. Уулзвар дээр эргэж, хөдөлгөөн хаахаа болиоч. Нээх том жиптэй юм байж ичихгүй хөдөлгөөн хаагаал урагшаа, хойшоо “оцогночих” юм. Ядаж тэр үйлдлээ хурдан, цэвэрхэн хийж сурчаад THREE POINT TURN хийгээч.

6.  Авто замын газрын дарга Дэлгэрнараан, Хотын мээр Мөнхбаяраа. Машин зам засах яах вэ? Энэ явган зорчигчдодоо зориулсан замаа хурдан хийгээчээ. Явган хүний зам байхгүй юм чинь энэ хүмүүс чинь зам дээр машинтайгаа нийлээд бэлчихээс яах юм бэ?

7. Хүүхдээ хөтөлсөн “эцэг, эхэнцэрүүдээ”. Нялх үрээ ядаж зам дагуу биш нөгөө талдаа хөтөлж яваач. Жижигхээн “юм”-аар бамбай хийчээд, хөдөлгөөний чиг дагуу, нуруугаа харуулаад “найгачих” юм. Холын гэрлээ сольдоггүй дүнкүүнүүдийн гэрэл ард, урдаас нүд сохолчих гээд машины хамар давахгүй тэр жаахан амьтан чинь харагдахгүй байна.

8. Жолооч нараа. Эгнээ байраа солихдоо ХАЖУУГИЙН ТОЛЬ-ГОЛЫН ТОЛЬ-ДОХИО-BLIND SPOT буюу хүзүүгээ эргүүлээд чамтай ижил хурдтай, аль ч толинд ороогүй яваа тэрэг байгаа эсэхийг шалгаж байж үйлдлээ хийгээч. Хажууд суусан хүмүүс: “Чи яагаад эргэж харж хялалзаад байгаа юм” гээд гайхаад байх юм. Блайнд спот тайлбарлах гэж үгээ барж байна ш дээ.

9. Жолооны БАГШ нараа: Зөвхөн шалгалт өгүүлж, үнэмлэх авч өгөхөд чиглүүлсэн сургалтын арга барилаа болиоч. Төгсөж гарч буй жолооч нар чинь өөрийгөө боддоггүй юмаа гэхэд бусдын аюулгүй байдлыг хариуцаж байгаа гэдгийг нь ТАРХИ, ТОЛГОЙ, ЭД, ЭС бүрт нь ойлгуулаагүйгээс жилд хэдэн зуугаараа авто тээврийн ослоос болж хайран сайхан залуучууд, хүүхнүүд нөгөө ертөнц рүү яваад байна. Эрүүл мэнд, эд материалаараа хохироод байна.  Хөдөлгөөнд оролцогчдын амь нас ТАНЬТАЙ шууд холбоотой. Таны ээлж болоод явах үед таны өмнө ТАМЫН ХААЛГА хамгийн томоор онгойх байх шүү.

Дээр үед бичиж байсан жолооч болсон түүхээ дурсчихъя.

2009 он

Анхны аваараа хийчлээ дээ өнөөдөр. Яасан, хар өглөө гараад машинаа арчдаг баатар болсон чинь хажуу айлын залуу гараашаас гарч байхтай тааралдав. Аминдаа өнөөхөд чинь зай гаргаж өгөх гээд ухардаг араандаа хийгээд явсан, мод мөргөөд түс. Хөршийн царай бараалттай гүйж ирээд R U OK?

Би: sorry, I am a learner. Тэр: I will help you гээд ажилдаа явцан. Орой нь хонх дуугарав, хаалгаа онгойлгов. Найз нь driving instructor тул надтай танилцуулна гэв. За тэгээд утсаар 10 гаруй минут “танилцсаны” эцэст 7 хоногт 2 цаг дадлагад тэрний хоёр тормостой машинаар явах болвоо.

Гадаад жолооны багшийн монгол багшаас ялгарах ялгаа

1. Хэзээ ч ХАРААХГҮЙ.

2. Чамайг хэзээ ч “МАНГАР юм уу” гэж загнахгүй.

3. Сандарч ядаж байхад хажуугаас чинь хашгирахгүй.

4. Тухайн үйлдлийг хийхэд шаардлагатай бүх дарааллыг сайтар хэлж өгнө. Хичээлийн дунд нэг газар 5 минут зогсоож амсхийлт өгнө.

5. Цагийн $50 авдаг.

6. Тухайн үйлдлийг суртал чинь чамаар өдөр бүр давтуулдаг. Хамгийн гол нь чиний өөрийн болон бусдын АЮУЛГҮЙ БАЙДАЛ хамгийн хамгийн чухал нь.

За тэгээд ямар ч байсан багшийн тасралтгүй гярхай хараан дор машинаа бариад, хаяа баc өөрөө бариад явж л байна. Эндхийн замуудын хурдны хязгаарлалтын учрыг одоо болтол сайн олгохгүй л байна. Багш заримдаа Push push, заримдаа slow down, slow down гээд би ч автомат хүүхэлдэй шиг хэлэхээр нь дараастай, гишгээстэй, дохиостой. КККК

 

Баярлах зүйлс vs Хэлэлцэх асуудал

Социализмын материал техникийн баазаа бариад бараг дуусч байх өнгөрсөн зууны 70-80-аад онд конкурсдээ “онхолдсон” хөвгүүд бөөн бөөнөөрөө цэргийн алба хаадаг байлаа. Эхлээд гурав байснаа намайг дунд сургууль төгсөх үед хоёр, одоо бол бүүр нэг жил болсон юм.  Ажил дээр Цэргийн баяр болохоор М даргаас өөр цэргийн цолтой хүн байдаггүй, би ч эрчүүдээ “армид алба хааж, дүрмээр ажиллах, сахилга бат, нэг хүн шиг байх гэдгийг мэддэггүй” гэж шорддогсон. Шинэхэн ажилд орсон залуу: “Аниа, цэргийн хэлтсээс асуувал намайг хөдөө томилолтоор явсан гэж хэлээрэй” гэх захина.

Манай арми хэдэн хүнтэй вэ? АНУлсын ТЕГазрын мэдээгээр армийн нөөц 16-49 насны 700 мянган хүн байдаг юм байна. Улсын нууцтай хамаардаг мэдээлэл боловч төсвийн зарцуулалтаас бодоход дунджаар манай зэвсэгт хүчинд 200 мянган хүн алба хаадаг. Социализмын материал техникийн баазаа барьж дуусах үед хилийн, барилгын, дотоодын цэрэг гээд нүсэр бүтэцтэй, үнэгүй ажиллах сайхан  хүч байлаа. Хаваржилт хүндрэх, зуд, турхан болох, гал түймэр, үер ус гээд олон нийтийн аюулгүй байдалд нөлөөлсөн ажил, ургац хураалт, барилга, зам гээд бүтээн байгуулалтын ажилд хэдэн бор цэрэг явдаг байв. Ардчилсан хувьсгал ялснаар цэрэг, батлан хамгаалах салбарт хийсэн хамгийн том өөрчлөлт нь мэргэжлийн, цомхон зэвсэгт хүчний бие бүрэлдхүүнтэй болж, картын барааны хүнд хэцүү үед мөнгөө хэмнэх шийдэл байсан юм. Хэрэвзээ манайх ингэж армиа цомхотгоогүй бол Африктай ижил цэргийн эргэлт БАЙНГА гардаг орон болох байлаа. Эдийн засгийн суурь бүтцээ нурааж хаяснаар бүсээ чангалах хэрэгтэй болсон 90-ээд онд цэрэг, армиа цөөлсний үр дүнд азаар цэргийн эргэлт хийх боломж хязгаарлагдмал болсон юм.

Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг харахад институц тогтолцоо, түүний удирдлагын түвшинд ур чадвар ямар муу байгааг, судлаачдын хашгираад байгаа ХАОСЫН онол судалдаггүй юмаа гэхэд эрсдэлийн удирдлага гээч хүчний байгууллагуудад ОГТ байдаггүйг өнгөрсөн шөнийн үйл ажиллагаа ТОД ТОМРУУН харуулав.

Сэтгүүлчид: Өөр өөрсдийн өнцгөөр УЛС ТӨРЖСӨН тайлбар хийж, тархи угаахаа болиоч. Гүйцэтгэх үйл ажиллагаа явуулж байхад хэвлэл мэдээллийн хүмүүс нь саад тотгор учруулж, “ХУВИЙН МӨРДЛӨГ” хийхээ болиоч.

МАХНамын гишүүд, дэмжигчид нь БОЛОМЖИЙГ ашиглаад ТВ суваг, сонин бүрээр аймаг, сумд, гадаадад байгаа монголчуудад “МЭНД” дамжуулан үг дайхаа болиоч.

Хүн бүрт хамааралтай асуудал: Өнөөдөр барилгын салбарын удирдах ажилтны зөвлөгөөн Төрийн ордонд болж байна. Чанаргүй байшин бариад байгаа компанийн захирлууд чинь шүү дээ. Инженер гэхээсээ илүүтэй, газрын авилгын сүлжээнд орчихсон этгээдүүд. Тэгэхээр Намбар Ван Энхбаярыг ОД болгож байхаар, та бидний амин чухал хэрэгцээ орон сууцны асуудлаар маргаан, мэтгэлцээнээ үргэлжлүүльеээ, та минээ…

Хот байгуулалт

Уг нь хот байгуулалтын бодлого нь хүний аятай, тухтай амьдрах аюулгүй орчныг бүрдүүлэх зорилготой юм. Манайд бол эрх мэдэлтэй, мөнгөтэй хүн дуугаа захиалж, байшин барилгыг яаж л бол яаж барьж байна дөө. Үүнийгээ тэгээд “эрхэмсэг оршихуй” гэчихжээ бас.

Эбенезэр Ховардын “Цэцэрлэг-хот” (Garden city) онолын амин цөм санаа нь хүн амьдрах хамгийн тааламжтай орчин бол хүний үндсэн хэрэгцээг хангасан орон сууц нүд баясгах сайхан цэцэрлэгтэй байвал болно гэнэ. Үүний дараа аюулгүй байдал болох цэвэр ус, ариутгах татуурга, гэрэлтүүлэг, цахилгаан. Хамгийн сүүлд нь өрхийн гишүүн тус бүр унтлагын өрөөтэй, угаалгын өрөөтэй, унаа машин, гэх мэт хэрэглээ талын асуудал байдаг гэнэ.

Ерөнхийдөө хот байгуулалтын онолыг хоёр хуваана. Цомхон хот буюу олон давхар барилгатай, нийгмийн дэд бүтцээ орон сууцны байшин дотроо шийдэхийг чармайсан хот. Газар нутгийн хэмжээ бага орнууд яг энэ загвараар хотоо босгоно. Сингапур, Сөүл, Бахрейн,

Дараагийнх нь дэлгэмэл буюу хотын төвдөө бизнес дүүргээ бариад хотын нэгдүгээр бүсийн гадна амины орон сууцны хорооллуудыг барина. Хороолол бүр нь дагуул хотхоны хэмжээнд баригдаж дотроо нийгмийн үйлчилгээний бүх байгууламжуудтай. Манайд бол 1-р хороолол, барилгажуулан шавааралдуулахаас өмнөх 3-4, Сансар байлаа.

ЮБи хотын хувьд сайжирсан зүйлс байнаа.

Хотын төвийн хог үнэхээр багасчээ. Өнгөрсөн амралтын өдрүүдээр ТҮК-ийн ажилчид Гэсэр уулзвараас Хүнсний 1-р дэлгүүр хүртэлх замын зурвасны дунд хэсгийг ногоон байгууламжийн хашааг угааж байна лээ. Тод ногоон өнгөтэй болоод гоё харагдаж байна. Хотын төвд үлдсэн цөөхөн хэдэн ногоон байгууламж даа.

Хоёрдахь сайн юм нь нийтийн тээвэр сайжирчээ. Ямарч байсан нэг их хүлээлгэхгүйгээр автобус явж байна. Үнэ нь ч боломжийн юм. Микро гэхээсээ илүүтэй том оврын автобус нь сайн явж байна. Ойрд аниа нь дандаа BUS 1 компаниар идэвхитэй үйлчлүүлж байгаа.

Ямарч байсан зам дээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан зурвас тавьдаг болж. Гэвч явган хүнд зориулагдаагүй, том том жиптэй агаа, эгээ нарт зориулсан хот болохоор угаасаа нариййййййййййхан явган хүний замын бүрррррррр нариййййхан хэсэгт нь нэг плитаны өргөнтэй зурвас хийж. Ишш, тэр хараагүй хүн тэмтчээд яг явж харагдаач. Нүгэлийн нүдийг гурилаар хуурна гэж энэ дээ.

УБ хот том жиптэнд зориулсан гэдгийг хэд хэдэн үндэслэлээр нотолж чадна. Энэхүү төлөвлөлтийн гажиг нь эргээд машины тоог ихэсгээд байгааг завтайсан бол судлаад нотолчихмоор байна.

1. Явган хүний гарц

Жишээ: Хотын төв. Сүхийн талбайн зүүн талаар цаашаагаа зам гарах хоёрхон гарц бий. Нэг нь балгас байшингийн тэнд, хойшоо чиглэсэн хөдөлгөөн баруун гар тийшээ Туушин руу эргэдэг хэсгийн яг өмнө. Ногоон асаад зам гарах гэсэн ч баруун эргэж буй жиптэй агаа дайрчих шахна. Юун явган зорчигчийн давуу эрх вэ?

Нөгөө гарц нь саадны зүүн талд Энх тайвны өргөн чөлөөний уулзвар дээр. Эхний хэсгийн ногоон гэрэл асаагүй байхад Шангри Ла тал руугаа гарах ногоон гэрэл секунд заан асч дарамтална. Тэнд мөн төв замаас баруун эргэх машин дайрчих шахан гарна.

Миний бодлоор Ардчилсан намын байрны эсрэг дахиад нэг гарц байвал илүү их бодитой, талбай гаталж машингүй ил задгай хэсгээр явж буй хүмүүст хялбар амар баймаар юм. Замын цагдаа, автозамынхан гарц, тэмдэглэгээг хийхэд хамтардаг байх. Арай л  даргынхаа энд гарц хий гэснээр нь хийдэггүй баймаар.

Явган зорчигчдыг ногоон гэрлээр гардаггүй гэж муучлахаасаа өмнө гэрлэн дохио нь зүүн, баруун эргэж байгаа машинтайгаа давхцаад байгааг болиулж бүх чиглэлийн хөдөлгөөнийг хааж байгаад явган зорчигчдоо гаргаж байж дараа нь машинтнуудыг хөдөлгөөнд оролцуулаад ирвэл 5 жилийн дараа гэхэд хүмүүс машинаасаа бууж нийтийн тээврээр явж эхэлнэ дээ. Том том уулзвар дээрх хөндлөн эрээлжилсэн шар зураас уг нь бүх чиглэлд явган зорчигч гарах боломжийг олгодог юм. Манай дарга нар гадаадад зөндөө явдаг. Анзаарч харахгүй байна гэж байхгүй дээ. Токиогийн Шибуяа Шинжүкү, Нью Йоркийн Таймс Скуэр, Лондоны Трафалгар.

Би нүхэн гарцыг нэг их таашаадаггүй. Яагаад гэвэл тал нутагт чөлөөтэй нүүдэллэн амьдардаг задгай орон зайд ойрхон соёл, уламжлал бүхий монгол хүнд тохиромжгүй эд. Тэрүүн дорвол Сингапур шиг гүүрэн гарц хийвэл хүмүүс илүү их таашаах вий. Дараа бид баяжихаараа гүүрэн гарцандаа дээшээ доошоо урсдаг шат хийгээд, эсхүл томоохон дэлгүүрүүдийг холбоод болгочихно.

2. Сэвгүй машин үгүй

Нээрээ. УБ-т сэвгүй машин бараг байхгүй. Тусгай хамгаалалттай давхидаг дарга агаа нарын машин сэвгүй байж магадгүй. Түүнээс энэ их замбараагүй урсгал дунд сэвгүй машин түй ч олдохгүй. Хажуу талаасаа гэхээсээ илүүтэй баруун хойноо сэвтэй, урд талдаа сэвтэй машинууд сүнгэнэлдээл. Эгнээ байраа солихдоо дохио өгөөд сурчихвал уг нь энэ багасна. Яагаад гэвэл дохио өгнө гэдэг нь өөрийн хийх үйлдлийг бусдад урьдчилан мэдээлж буй бусдын аюулгүй байдлыг хангах анхааруулга юм. Гэнэт л баруун тийш, зүүн тийш дараад шахаад ороод ирэх юм. Дохио өгөөд байвал хүн бүр биш ч гэсэн нийт жолоочдын 30 хувь нь чамайг оруулчихна. Дохиогоо өгөөд зогсож буй жолоочийг араас нь сигналдан бухимдахаасаа өмнө дотроо 10 тоолоод чамд чиг мөн орж чадахгүй зогсох үе хол биш, дараагийн уулзвар дээр ирнэ гэдгийг санаад, хүлээцтэй тэвчээртэй байвал болчих гээд байна.

3. Даатгал

Жолоочийн хариуцлагын даатгалтай болжээ. Сайн хэрэг. Харин насаар нь ангилан даатгалын хувь хэмжээг тогтоолгүй хийснээс болоод гарах үр дагаврыг тооцсонгүй. Залуучууд буюу 18-25 насныхан осол аваарийн хамгийн их хувийг эзэлдэг. Энэ нь тэдний төлөвшил, гормооны дарангуйллаар удирдагддаг сэтгэл зүйтэй илүүтэй холбоотой. Энэ насныхан хамгийн их хаазлан давхиж, замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, согтуугаар машин барьдаг нь дэлхий дахинд судлаад тогтоочихсон факт. Осол аваар хийх тутамд нь даатгалын хэмжээг дараа жил нь индексжүүлэн нэмээд байвал хүмүүжлийн доголдолтой, эцэг эхийнхээ машиныг унаж давхисан хөөргөн бацкануудын арми зам дээрээс хэдхээн жилийн дотор алга болно. Хэрэвзээ жолоочийн нас, хийсэн аваар, ослоос хамааран даатгалын хувь хэмжээ өсөөд байвал авто замын ослоос болж нөгөө ертөнцөд очдог хүмүүсийн тоо эрс буурна. Ингэж багахаан, цомхон хотын хиймэл хэрэглээ буюу машины тоогоо буулгаж, иргэн төвтэй улс болох замдаа гарна даа.

4. Авто замын зогсоол

Энэ бүүр аймаар байна. Машинаа тавих зогсоол нь алга, зогсоол дээрээ тавьж байгаанууд ч аятайхан бусдад саад болохгүй байхаар тавьчихгүй юм. Хэрэвзээ би хотын мээр, ИТХ-ын дарга байсан бол Их тойруугаас дотогш нийтийн тээвэр, таксинаас бусад автомашин тодорхой цагуудад оруулахгүй. Харин хотоо нар зөв болон буруу тойрдог үнэгүй автобустай болно. Тэгээд Их тойруугаас гадна давхар зогсоолууд барьж өгнө.  Хотын төвийн зогсоолуудыг бүгдийг нь төлбөртэй болгоод хэдэн ажилгүй иргэнийг кассчингаар нь тавиад орлогын хувиар нь санхүүжүүлчихнэ. Тэдэнд камертай гар утас, торгуулийн хуудас байхад л хангалттай. Торгуулиа зураг аваад баримтжуулчихна. Тэгээд шууд замын цагдаа руу явуулчихна. Торгуулийн хуудсаа дор бүр нь төлөхгүй новширвол жил жилийн үзлэгээр дугаарыг нь хураагаад авчих. Зарчихна гэж айвал нэр шилжүүлэх гээл ирэхэд нь системээсээ гаргаад ирнэ. Хохь чинь. Угаасаа дугаар бүр нь автомашин эзэмшигчтэйгээ бүртгэлтэй юм чинь нэг их асуудал гарахгүй. Танил талаа хайгаад гүйг л дээ. Тэртэй тэргүй оруулсан мэдээллийг нь дээд түвшний удирдлага нь ч өөрчлөх боломжгүйгээр програмдахад яах юм?Мөнгөө төлж байж л тэр чинь чөлөөлөгдөнө шүү дээ.

Хүмүүс “Мөнгөтэй хүн л машин унадаг болно. Би мөнгөгүй ч өмчтэй баймаар байна” гэж хэлэх байх. Гэвч дээшээ барьж буй компакт хотын хувьд үүнээс сайн шийдэл дэлхий дахинд бодож олоогүй юм. Ядаж л хүүхдүүд маань чөлөөтэй яваад сургуульдаа хүрдэг байг. Явган зорчигчид нь айлгүйгээр зам хөндлөн гараад ажилдаа хүрдэг байг. Хотын төв рүүгээ багшрах бизнес, аж ахуйнууд чиг төвөөсөө гараад хотхонууд руу чиглэж эхэлнэ. Нийтийн тээврийн үйлчилгээний хөрөнгө оруулалтын үр ашиг дээшлэн, үйлчилгээний чанар сайжирна.

Хэрэвзээ бид хүн төвтэй нийгэм байгуулъяа л гэж хүсэж буй бол нийтийн эрх ашгийн тулд хатуу, чанга шийдвэр гаргаж байж хөгжингүй нийгмийн 200 жилийн хөгжлийг алдаа завхрал багатайхан богино хугацаанд туулна. Түүнээс нийгмийн хөгжил, хүний хөгжлийн хувьд АНУ-ын 30-40өөд он, хөгшин Европын Дэлхийн нэгдүгээр дайны үе, Австралийн Дэлхийн хоёрдугаар дайны дараахи үед явж буй бид тэдний алдаж онож, туршлагажиж байгуулсан нийгмийг гэнэт нэг өглөө сэрээд байгуулна гэвэл БҮТЭШГҮЙ мөрөөдөл юм. Гэнэт огцом хурдацтай хөгжсөн орнуудын түүхийг харахад тухайн үед нь диктатур тогтож, хатуу бодлого явуулсны дүнд өнөөдрийн хөгжлийн сууриа зөв тавьсан байдаг.

Эцэст нь: Ногоон байгууламж, цэцэрлэг яагаад байх ёстой вэ?

За энэ ёстой нээрээ эмзэгийн эмзэг асуудал. Ер нь анзаарвал хотын баруун тийшээ Баянзүрх дүүрэг рүүгээ мод ихтэй байдаг нь тэнд оросууд ихээр амьдардаг байсантай холбоотой. ДСНК-ийн сайхан модтой цэцэрлэг байсан. Няд. Хүүхдийн парк, хуучин Пионерийн ордон. Бас няд. Хамгийн эмгэнэлтэй нь дунд сургуулийн биеийн тамирын талбай, хүүхдийн тоглоомын талбай руу дайраад байгаа нь ёстой нээрээ. Олон давхар орон сууцны хүүхэд гэртээ гүйж, хөдлөхөөр доод айл нь хэрүүл хийнэ. Сургууль дотроо багш нар нь загнана. Тэгэхээр тэр их эрч хүчээ хөвгүүд хаана гаргах юм болоо? Сургуулийнхаа биеийн тамирын талбай дээр гүйж, харайж, цүнхээрээ зодолдож, чоно тарвага болж, алтан гинжийг таслаж, охидын үснээс зулгааж өсөөгүй хөвгүүд Солонгос стильтэй, нүүрээ буддаг уяхан туяхан болоод байгаад гайхах юм юу байнаа???

Бидний багад хэдэн байрны дунд ядаж л өөрсдөө дугуйны голоор хийсэн сагсны щиттэй байдаг байлаа. Одоо хөөрхийс минь хөдөлгөөнгүй сууж компьютер тоглоомоор л НБАдаж байх шив. Хүмүүсээ. Хүүхдээ академик мэдлэгээр бөмбөгдөхөөс нь илүүтэй биеийн тамирын секц дугуйланд явуулаач. Олимпийн аварга болохгүй ч гэсэн ядаж эрүүл аж төрөх ёс хэвшиж өснө. Том болоод архи, тамхи, хар тамхинаас хол байж, ХҮН шиг ХҮН болж төлөвшинө.

 

 

 

 

 

Баян хоосны ялгаа

Би үнэнчээр хөдөлмөрлөж, хүмүүст тустай бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ үйлдвэрлэн дэвжиж буй шинэ үеийн хөрөнгөтнүүдийг дэмждэг. Харин “Чадаж байгаа бол арга байхгүй” гэдэг афоризмээр дөрөөлөн өөрийн албан тушаал, ах, дүү, хамаатан садныхаа сүлжээг ашиглан зүй бусаар хөрөнгөжиж буй хүмүүст зэвүү, дургүй хоёр зэрэг зэрэг хүрч байна.

Мөнгө хүүлэгчид:

Үндэсний валютаа америк доллартай уясан олборлогч эдийн засагт Фридманы мөнгөний бодлогоор эдийн засгаа удирдах онол яаж хэрэгжиж байна вэ? Манай мундаг эдийн засагчид энэ талаар ярьсан, бичсэн байхыг би олж хараагүй. УИХ-ын гишүүн Амаржаргал гуайн ярилцлагаас харахад нэгэн цагт ЕС хийж, ачааны хүндийг үүрч явсан энэ хүн мэддэг ойлгодог гэж бодогддог.

Тэгээд яагаад баян нь баяжаад, ядуу нь улам ядуураад 90-ээд онд хүн амын 30 хувь хүрч байсан дундаж давхарга хоёр дахин багасав? Ойлгомжтой байх үүднээс жишээ авъя.

ХХБ-аас орон сууцны барилга барихаар 2 тэрбум төгрөг 2006 онд 5 жилийн хугацаатай авсан гэж төсөөлье.Банкны хүү жилийн 14-16 хувь. Ам. долларын ханш 1120.

2011 оны сүүлээр зээлээ эргүүлэн төлөхөд ханш 1390. Өсөлт нь 270 төгрөг буюу 24 хувь. Авилгын арван хувиа банкны хүүтэйгээ зөвхөн ханшийн зөрүүгээрээ дараад орон сууц борлуулсан үнэнээсээ ашгаа хийчихэж байгаа биз?

Тооцооны задаргаа:

Эхний хөрөнгө оруулалт нь 2 тэрбум төгрөг.

Барилгын төсөл 9 давхар 120 айлын сууц нийт талбай ойролцоогоор 8 мянган метр квадрат барилга. Үүнээс ашиглах талбай 7.2 мянган м.2в

1 м2 төсөвт өртөг 280 мянган төгрөг. Нийт төсөвт өртөг 2,24 тэрбум төгрөг. Борлуулах үнэ 1 м.2 тухайн үед 380-450 мянган төгрөг байсан. Борлуулалтаас орж ирэх орлого. 7.2мянХ МНТ410 мян =2.9 тэрбум.Үүний гучин хувийг урьдчилгаа төлбөр болгон захиалагчдаас авахад 870 сая.

Барилгын захиалагч: 2005-2006 онд 2.87 тэрбум төгрөгөөр хөрөнгө босгож байшин барьсан захиалагч нь санхүүгийн бага хэмжээний эрсдэл хүлээж, эрх зүйн ямарч хариуцлага хүлээхгүйгээр мөнгө хийнэ.

Гүйцэтгэгч компанийн хувьд ашгийн 15 хувиа хийгээд хүмүүсээ ажилтай байлгалаа. Захиалагчийн шахсан материалыг алдчихгүй манаад зураг төслөөс нь зөрүүлчихгүй шиг хөдөлмөр хамгааллаа бариад байшингаа барих үүрэг хүлээлээ. Цутгамал бетоны бэхжилт 72 цаг бол 24 болгон товчилж, шахааны чанаргүй материалаар 18-24 сарын дотор төсөл хэрэгжүүлэв. Борлуулалтын асуудал захиалагчийн ажил.

Барилгын захиалагч, гүйцэтгэгч, худалдан авагчдаас хамгийн өндөр эрсдэл хүлээгч нь орон сууцны зээл авсан ХУДАЛДАН АВАГЧ. Яагаад гэвэл газрын зөвшөөрөл авсан барилгын захиалагч нэгж лицензээ олон өмчлөгчид тарааж өгснөөр төр, иргэний хооронд хамгийн хэцүү эрх зүйн харилцаа үүсч байгаа юм. 0.7 га газартаа байшин барьчихаад өндөр орон сууц бариад 120 өрхөд өмчлүүлчихдэг. Эцсийн худалдан авагч энэхүү бүх санхүү, авилгын сүлжээнд бий болсон ашгийг үүрдэг юм.

 

 

 

 

 

 

Шошгон цуваа