Тэтгэлэг горилогсдод тусламж

Archive for the ‘Work’ Category

Хүмүүний тэнэглэлийн үндсэн хууль

Тэнэглэлийн үндсэн дүрэм

Ухаалаг төр гэж дээр дооргүй шуугиж байна. Хихихи. Манай сайхан Ерөнхийлөгчийн үгээр бол эзэн биегүй төр гээч инстүүц ухаантай болохын тулд муухай монгол хүн гээч хувь бодгалиас хамааралгүй болчихвол бид хөгжөөд алаад өгөх юм байхаа. Ёстой харагдаач! Энэ тухай аль өнгөрсөн зууны 70д онд италийн эдийн засгийн түүх судлаач, эрдэмтэн Карло Чиполла Allegro Ma Non Troppo” нэртэйгээр 2 эссе бичжээ.

Тэнэглэлд хязгаар үгүй. Байгалиасаа оюун ухааны хомсдолтой төрсөн хүмүүсийг анагаах ухаан нэгэнт судлан шинжлээд тогтоож болдог бол гадна өнгөндөө цоо эрүүл харагддаг мулгуу ухаантай, мунхаг хүмүүсийг яалтай ч билээ. Форумын Д.Энхбат ах надад тэнэг мунхаг хүмүүсийн ялгааг маш хялбараар тайлбарлаж өгсөнсөн. Тэнэг гэдэг нь угаасаа тархины саарал бодис нь бага жинтэй хүмүүс бол мунхаг гэдэг нь юмыг эрэгцүүлж боддоггүй, боловсролын дипломтой тэнэгийг хэлдэг аж.

Сайн ухаж судалбал усан тэнэг, дүнхүү, эргүү, тэнэг, мунхаг, мулгуу, балай, галзуу, өвчтэй, солиотой, донгио, гажиг, гаж, далий, шаарик дутуу, гөлгөр тархитай гээд эх хэлэнд бас л олон янзаар хэлж болохоор нарийн сайхан ялгаатай юм байна. Энд би оюуны хомсдолтой хөөрхий азгүй хүмүүсийг хэлээгүй юм шүү. Францын эрдэмтэн Фуко, тэд биш, бид галзуу л гэж хэлдэг юм байна лээ. Тусдаа асуудал тул энэ тухай дараа завтай болохоороо бичих болно. Харин одоо Чиполлагийн Хүмүүний тэнэглэлийн үндсэн дүрмийг орчууллаа.

Дашрамд дурдахад “аllegro ma non troppo” гэдэг нь хөгжмийн хэмнэлийг заадаг нэр томьёо бөгөөд “хурдан, гэхдээ хэт яаруу биш” гэсэн утгатай аж.

ТЭНЭГЛЭЛИЙН НЭГДҮГЭЭР ДҮРЭМ (ТIД)

“Хэнбугай ч бай өөрийг нь тойрон хүрээлж буй тэнэгүүдийг ямагт дутуу үнэлдэг”

Хэдийгээр арай ч дээ гэмээр сонсогдож байвч, амьдрал дээр энэ нь бодит үнэн. Тухайн хүнийг яаж дүгнэхээс үл хамааран дараах нөхцөл байдал үүсдэг. Үүнд:

  • Дандаа ухаантай, эрүүл сэтгэхүйтэй харагддаг байсан хүн ухаангүй тэнэг, мулгуу нэгэн байх
  • Хамгийн хүлээж байгаагүй газарт, тохиромжгүй цагт тэнэг хүмүүс гэнэт гарч ирж таны төлөвлөгөөг нураах

Энэхүү дүрэм нийгэмд байгаа тэнэг, мунхаг хүмүүсийн тоог бодож гаргахаас биднийг гэтэлгэдэг. Тооцоолж, гаргалаа ч тэнэгүүдийн тоо дандаа бодит байгаагаас хэт цөөн байх болно. Иймд энэ утгыг зүгээр л Т үсгээр төлөөлүүчих нь шулуун.

ТЭНЭГЛЭЛИЙН ХОЁРДУГААР ДҮРЭМ (ТIIД)

“Тэнэг байх эсэх нь тухайн хүний зан чанар, өгөгдлөөс үл хамаарна.

Хамгийн дэвшилтэт гэж тооцогдож буй орчин үеийн барууны соёлын хэв загвар нь амьдралын төлөө гэсэн үзэл суртал дээр суурилдаг. Энэ номлол ёсоор бүх хүмүүс технологийн хувьд ижил аргаар үйлдвэрлэл явуулдаг үйлдвэрийн шугамаас гарч ирсэн тул бүгд ижил өгөгдөлтэй гэж үздэг Хэрэв хэн нэгэн бусдаас илүү байх аваас энэ нь түүний суурь хүмүүжил, ёс суртахуунтай холбоотой болохоос, заяагдмал зан чанартай нь түй хамаагүй гэж үздэг.

Би тэгж боддоггүй. Олон жилийн ажиглалт, судалгаанаас харахад хүмүүс адилхан бус, нэг хэсэг нь тэнэг, нөгөөх нь ухаантай бөгөөд энэхүү өгөгдөл нь байгалиасаа заяагдмал болохоос соёл, орчин тойрноос хамаардаггүй. Шар үстэй байх, I бүлгийн цустай байхтай тун чиг адилаар хүн тэнэг төрдөг. Хэрэв хүсвэл Бурхны тааллаар ийм тэнэг болж төрсөн гэж хэлж болно.

Тэнэглэлийн II дүрэм үүнийг нотолно. Энэ нь байгаль эхийн хуультай ижил. Зарим нэг юмс үзэгдэл тодорхой давтамжтайгаар байгаль дээр өрнөдөг. Газарзүйн байрлал, иргэншлийн хөгжлийн түвшин, эцэг эхийн арьсын өнгө, дөнгөж төрсөн хүүхдүүдийн дундах хүйсийн харьцаанд эрэгтэй хүүхдүүд давамгайлдаг шиг л тогтмол үзүүлэлт юм. Байгаль эх үүнийг яаж зохицуулдгийг бид мэдэхгүй боловч ингэхийн тулд Бурхан их том олонлог дээр ажиллах хэрэгтэй. Т утга ч үүнтэй мөн ижил, тухайн бүлгийн хэмжээнээс үл хамааран дурын бүлэг хүмүүс доторх тэнэгүүдийн хувь хэмжээ тогтмол.

Т утгын магадлалтай боловсрол ямар ч хамаагүй. Энэ нь оюутан, конторын албан хаагч, үйлчилгээний ажилтан, захиргааны ажилтан, багш нарын 5 бүлэг хүмүүсийн дунд хийсэн олон тооны туршилтаар нотлогдсон юм. Бага боловсролтой ажилтнуудын өгөгдлийг судалж үзэхэд Т утга миний бодож байснаас их байсан (ТIД) учир энэ нь ядуурал, боловсрол, нийгмийн анги бүлгийн ялгавартай орчин зэргээс шалтгаалсан гэж үзсэн юм. Нийгмийн анги давхарга дээшлэх тусам энэхүү утга хэвээр хадгалагдаж үлдэж байснаас гадна эрдэмтдийн дунд энэ утга мөн констант хэвээр. Сонирхолтой нь хөдөөгийн жижиг коллеж, алдартай том сургуульд ажилладаг эсэхээс үл хамааран эрдэмтэн судлаачдын хувьд ч Т хувь хэмжээ хэвээр хадгалагдаж байв.  Шинжилгээний үр дүн нь гайхмаар байсан тул оюун санааны элитүүд буюу Нобелийн шагналтнууд дунд туршилт хийхэд байгалийн дээд хүчний зохицуулсан констант хэвээр байлаа. Нобелийн шагналтнууд  дунд хүртэл Т утга байсаар.

Тэнэглэлийн II дүрмийг хүлээн зөвшөөрөхөд хэцүү боловч олон тооны туршилтаар энэ дүрэм үндэслэлтэй болохыг нь нотолсоор. Эрчүүдийн дотор эмэгтэйчүүдээс дутахгүй тооны тэнэгүүд байдаг гэсэн дүгнэлт гаргах боломжтой учраас феминистүүд энэ дүрмийг дэмждэг бол гуравдагч орны иргэд хөгжингүй орнууд тийм ч их хөгжчихсөн биш юм байна гэж бодож баясдаг. Британийн дээд зиндаанд эргэлддэг ч бай, Полинезийн ширэнгэн ойд орон нутгийн анчидтай найзалсан ч бай, үлдсэн амьдралаа сүм дуганад бүгж, эсхүл казинод хөнгөн явдалтай хүүхнүүдтэй зугаацаж өнгөрүүлэх ч бай хаа ч байсан таны бодсноос ямагт илүү олон тоотой (ТIД) тэнэгүүд таарах болно.

ТЭНЭГЛЭЛИЙН ГУРАВДУГААР (АЛТАН) ДҮРЭМ (ТIIIД)

“Тэнэг хүн гэж түүний үйл ажиллагааны үр дагавар нь өөр хэн нэгэнд эсхүл бүлэг хүмүүст хохиролтой байхаас гадна өөрт нь ямарч ашиггүй, зарим тохиолдолд бүр хор хөнөөлтэй байдаг”.

ТIIIД ёсоор бүх хүмүүс 4 бүлэгт хуваагддаг. Жирийн иргэд-Naïve people, ухаантнууд-Intelligent people, дээрэмчид-Pillagers, тэнэгүүд-Stupid people.

Хэрэв Болдын үйл хэрэг өөрт нь хохиролтой ч Батад ашигтай бол Болд жирийн иргэн буюу Ж, хэрэв өөрт нь бас Батад чиг ашигтай бол энэ ухаантай үйл хэрэг, иймд Болд ухаантан буюу У юм. Харин Болдын хийсэн үйл хэрэг өөрт нь ашигтай боловч Батад зовлон авчирвал Болд дээрэмчин буюу Д. Төгсгөлд нь тэнэг Болд Т бүсд буюу хоёр тэнхлэгийн хасах утгатай хэсэгт байна гэсэн үг. Энэ тохиолдлын тухай ТIIIД өгүүлж буй юм.

Давтамж

Ихэнх хүмүүс утга замбараатай тогтмол үйл хөдлөл хийдэггүй учир нэг бүсд байдаггүй. Тухайн нөхцөл байдлаас хамааран нөгөө Болд чинь заримдаа ухаантан, эсхүл бусдын нөлөөллөөр жирийн хүн шиг, бүр дээрэмчин шиг ч авир гаргана. Харин тэнэгүүд бусад бүсээс илүүтэйгээр Т бүсд хамгийн удаан оршдог. Дурын хүнийг түүний үйл хөдлөлийг шинжилсний дараа энэхүү хэмжээст орон зайд байршуулж болно. Тухайн хүний үйл хэрэг нь хааш нь хөтөлнө тэр тэнд оршино. Эндээс үүдэлтэйгээр тэнэгүүд, дээрэмчдийн тухай сонирхолтой дүгнэлт хийж болох юм.

Төгс дээрэмчин бол өөрт олсон олз, ашигтай ижил хэмжээтэй хохирлыг бусдад учруулдаг байна. Хамгийн энгийн жишээ болох жирийн хулгайг авч үзье. Та хулгайд 1000 төгрөг алдсан гэж бодвол энэ мөнгөнөөс өөр бодит хохирол таньд учраагүй гэж үзнэ. Харин тэр хулгайч өөртөө 1000 төгрөгний ашиг хийжээ. Энэ бол төгс дээрэмчин.  График дээр ОМ хэвтээ тэнхлэгийн дагуу байрлаж,  бүсийг тэгш хувааж байна. Амьдрал дээр төгс дээрэмчид маш ховор, тэд ихэнхидээ V1 эсхүл V2 бүсд харъяалагддаг.

V1 бүсд өөрт унагасан ашиг нь бусдад учруулсан хохирлоос нь давсан дээрэмчид харъяалагдана. Жишээлбэл, банкны ажилтнууд болон үйлчлүүлэгчдэд гэмтэл учруулалгүйгээр банк дээрэмдсэн хүмүүс. V1 бүсийн дээрэмчид нь Х тэнхлэгийн баруун талд оршдогоороо илүү ухаалаг юм. Амьдралд ийм дээрэмчид мөн л тун цөөхөн байдаг. Харин ихэнх дээрэмчид V2 бүсд оршдог. Жишээлбэл, өөрийн эхнэртээ бэлэг авахын тулд хэн нэгнийг 1000 төгрөгний төлөө гудамжинд алж буй хүн.

Тэнэгүүдийн энэхүү орон зайн хэмжээс дээрх тархалт нь дээрэмчдийн тархалтаас тэс өөр. Хэрэв дээрэмчид бүхий л бүсд байдаг бол тэнэгүүдийн олонх нь О цэгээс доош татсан сөрөг Ү тэнхлэгийн дагуу байдаг. Эдгээр хүмүүс тэнэгийнхээ хар гайгаар өөрт нь ашиггүй бас хохиролгүй хэдийч бусдад ямагт хор хохирол учруулж байдаг. Тэд Ү тэнхлэгийн зүүн талд Т бүсд оршино.

Тэнэглэлийн хүч

Удирдах албан тушаал хашин улстөр, ниймгийн эрх мэдэлтэй болсон тэнэг хүмүүсийн учруулах хор хөнөөлийн далайцыг төсөөлөхийн аргагүй. Гэхдээ тэнэг хүн яахаараа аюултай болдог талаар тусад нь нарийвчлан тодорхойлох шаардлагатай.

Тэнэг хүмүүсийн гол аюул нь тэдний тэнэглэлийн логик уялдааг эрүүл сэтгэхүйтэй хүмүүс ойлгох боломжгүй байдагт оршино. Дээрэмчид тэнэгүүдээс илүү ухаалаг буюу ердөө л шургуу хөдөлмөрлөхгүйгээр өөрийнхөө ашиг орлогыг нэмэгдүүлэх гэсэн өчүүхэн атгаг санаатай байдаг тул тэдний үйл хөдлөлийг ухаантнууд ойлгох боломжтой. Дээрэмчний үйл ажиллагааг урдчилан таамаглах боломжтой учраас хамгаалалтын арга хэмжээ авах боломжтой. Харин тэнэгийн үйл ажиллагааг таамаглах аргагүй. Тэрээр ямар ч шалтаг, шалтгаангүйгээр, төлөвлөгөө, далд санаагүйгээр гэнэгүй байхад огт төсөөлөөгүй байдлаар хохироох болно. Ухаантай нэгэн тэнэг нэгэн бодгальтай тулахдаа огт ойлгомжгүй дүрмээр тоглодог нь тэнэгт давуу байдал үүсгэдэг.

Тэнэгийн дайралт гэнэтийн байдаг. Дайрах нь тодорхой болсон хэдий ч энэхүү дайралт нь эрүүл ухаанаар бүтэцжээгүй учир ухаантан өөрийгөө хамгаалах боломжгүй. Энэ тухай Шиллэр “Тэнэгийн эсрэг Бурхан хүртэл хүчгүй” гэж нэгэнтээ бичжээ.

ТЭНЭГЛЭЛИЙН ДӨРӨВДҮГЭЭР ДҮРЭМ (ТIVД)

“Тэнэг биш хүмүүс тэнэгүүдийн сүйтгэх чадварыг дутуу үнэлдэг”

Тодруулбал, тэнэг биш хүмүүс тэнэг хүнтэй хэзээ л бол хэзээ, хаана л бол хаана хамаагүй харьцсанаар ирээдүйд ихээхэн хохирол авчрах алдаа хийж байна гэдгээ ухаардаггүй байна.

N бүсд оршдог жирийн хүмүүс Т бүсд байх тэнэгүүдийн учруулж буй аюул заналыг үнэлэх боломжгүй нь тодорхой. Харин ухаантнууд, бас дээрэмчид тэнэг, мулгуучуудыг дутуу үнэлдэг нь гайхмаар. Тэнэгүүдтэй байхдаа тэд өөрсдийн оюун санааны давуу байдалдаа найдан санаа амардаг нь тэнэглэлтэй тэмцэж, гарах хохирлыг багасгахад хүчээ дайчлахад саад болдог.

Тэнэг мулгуу хүн өөртөө л лай авчирдаг гэж нийтээрээ ойлгодог. Хөөрхий жирийн хүнтэй тэнэг нэгнийг андуурах хэрэггүй юм. Тэнэгүүдийг өөрийн зорилгодоо ашиглаж болно гэж гэнэхэн сэтгэсэн нэгэн тэдэнтэй эвсэн нийлэх нь бий. Хэрэв тэнэг, мулгуучуудтай эвсвээс та тэдний мөн чанарыг огт ойлгоогүй байна гэсэн үг төдийгүй тэнэг нэгэнд дураараа дургих талбар гаргаж өгч, ирээдүйдээ ихээхэн хохирол амсах болно. Иймд тэнэг, мулгуучуудтай хэзээ ч  бүү эвсэн нэгд.

ТЭНЭГЛЭЛИЙН ТАВДУГААР ДҮРЭМ (ТVД)

“Мунхаг хүн хамгийн аюултай хувь бодгаль. Иймд дээрэмчнээс ч илүү аюултай.”

Хувь хүний сайн сайхныг үнэлэхээсээ өмнө нийгмийн хамтын сайн сайхныг бүхэлд нь авч үзье. Хувь бодгалийн төлвийн нийлбэр математик утгаар авч үзэхийн тулд хамгийн их дурдагддаг ТVД сайтар ойлгох хэрэгтэй.

Төгс дээрэмчний үйлдэл нь эд баялаг нэгээс нөгөөд шилжихээр хязгаарлагддаг. Нийт нийгэмд энэ нь тийм ч их падлий байхгүй. Хэрэв нийгмийн бүх гишүүд төгс дээрэмчид байсансан бол ямар нэг гэнэтийн гамшиг тохиолдохгүйгээр ийм нийгэм аажим ялзардаг. Системийн хэмжээнд баялаг, үүнийхээ төлөө ямар нэг зүйл, үйл хөдлөл хийсэн хэсэгт төвлөрөх бөгөөд нийгмийн бүх гишүүд төгс дээрэмчид тул системийн хэмжээнд тогтвортой байдал хадгалагдана. Төр засаг нь авлигад идэгдсэн, ард иргэд нь хуулиа сахиж мөрддөггүй ямар ч улс орны жишээнээс үүнийг харж болно.

Тэнэг мулгуучууд гол дүрд тоглож эхэлбэл дүр зураг тэс өөрөөр эргэнэ. Тэдэнд ямар ч үр ашиггүй хэрнээ хор хохирол учирч, баялаг сүйрч, нийгэм ядуурна.

График дээрх РОМ шугамын баруун дээд хэсэгт төвлөрсөн хүмүүс нийгэмд баялаг бүтээдэг бол зүүн доод хэсэгт оршиж буй хүмүүс энэхүү баялгийг хүртдэг. Өөрөөр хэлбэл, бүх ухаантнууд, мөн боловсорсон жирийн иргэд N1, тэнэг биш дээрэмчид P1 харилцан адилгүй хэмжээтэй боловч нийгэмд бүгд ач тустай байдаг бол мунхаг дээрэмчид P2, мулгуу жирийн иргэд N2 гай түйтгэр болж, тэнэгүүдийн нийгэмд учруулдаг хор хохирлыг улам өргөжүүлэн тэлдэг аж.

Тэнэглэлийн II дүрэм ёсоор цэцэглэн хөгжиж буй нийгэм болон мөхөж буй нийгэм дэх тэнэгүүдийн тоо ижил. Гагцхүү амжилттай хөгжиж буй болон зогсонги төлөвт орсон нийгмүүдийн ялгааны хувьд гэвэл ядуу нийгэмд:

  • Тэнэг биш хүмүүс тэнэг, мулгуучууддаа үйл ажиллагаагаа чөлөөтэй явуулах боломж олгосон байдаг
  • Тэнэг биш хүмүүсийн хэсэг дэх ухаантнууд, боловсролтой жирийн иргэд, тэнэг биш дээрэмчдийн тоо тогтмол буурч байдаг

Дэлхийн түүхээс харахад аливаа улс гүрний хангалттай ухаантай хүмүүс эрх мэдлийг атгаж, мулгуу тэнэг, мунхагууд ухаантнуудын бүтээж, босгосон зүйлийг нураахаас сэргийлж байгаа үедээ хөгжил дэвшилд хүрсэн байдаг. Доройтолд орсон оронд хэдийгээр тэнэгүүдийн тоо тогтмол хэвээр боловч эрх мэдэл бүхий дээд давхаргад мунхаг дээрэмчдийн хувь хэмжээ ихсэж, бусад массын хувьд гэнэн жирийн иргэдийн тоо олширсон байдаг аж. Нийгэм дэх бүлгүүдийн байршлын иймэрхүү хуваарилалт нь тэнэг мулгуучуудын хорлон сүйтгэх ажиллагааг улам өргөжүүлж, улс орон мөхөл рүүгээ шулуухан өнхөрдөг ажээ.

Эх сурвалж: Русский  English  Italiano

График: Хувь хүний өөртөө болон бусдад хүргэх ашиг тус, учруулах хор хохирол. Intelligent people (top right); Naive people (top left) ;Pillagers (bottom right); Stupid people (bottom left).

http://en.wikipedia.org/wiki/File:Rsiccc.jpg#file

  • Ухаантнууд-Intelligent people (баруун дээд), нийгмийн баялаг бүтээхэд хувь нэмрээ оруулж, энэхүү хувь нэмэр нь бусдад болон өөрт нь харилцан ашигтай байдаг иргэд
  • Гэнэн иргэд-Naive people (зүүн дээд), нийгэмд хувь нэмрээ оруулдаг боловч ялангуяа дээрэмчдэд тонуулдаг иргэд  Энэ бүлэгт мөн ухамсартайгаар нийгмийн сайн сайхны төлөө хүч, хөдөлмөрөө зориулдаг хүмүүс мөн багтана.
  • Дээрэмчид-Bandits (баруун доод), өөрийн хувийн ашиг сонирхолдоо хөтлөгдөн хийсэн үйлдэл нь нийгмийн нийт сайн сайханд хохирол учруулдаг иргэд
  • Тэнэг хүмүүс-Stupid people (зүүн доод), үйл ажиллагаа нь өөрсдөд нь болон бусдад хор хохиролтой иргэд
  • Арчаагүй/үр ашиггүй хүмүүс- Helpless/ineffectual people (төв)

2014.01.05. 11:30PM

@altanalim

Баабар vs Ганхуяг буюу “Пийдаалын засаглал”

Баабар, судлаач Ганхуяг нарын хэн ялсан талаархи маргааныг уншиж ихэд баяслаа. Интеллектуал түвшинд мэтгэлцэж байна. Болж байна.

Ардчилсан нам засгийн эрх авснаараа бид хөгжлийн замдаа шуудрах уу? Харин ч асуудал улам төвөгтэй болно. Хамгийн тод жишээ нь Яармагийн дэнж дээр болж байгаа үйл явц. Газартай болно гэсэн иргэн хүний хүсэл, шунал дээр эсрэг талынхан “гоё” тоглолт хийж, үйлтэйгээрээ дүүргийн ЗДТГ, цагдаа,  Газрын албаныхан очиж ажил ундрав. ТВ ярилцлагад орж буй иргэд бүгд ДАРХАН ЦААЗТАЙ газар гэдгийг нь мэдэж байсан нь сайн боловч, ДАРГА НАР байшингаа бариад байхад ЖИРИЙН ИРГЭН би яагаад болохгүй байдаг гэсэн үндэслэл гаргаж байв.

Бат-Үүл БААТАР хууль бус олгосон газрыг буцааж хурааж авна гэсэн ПОПУЛИСТ зүйл ярьж сонгуульд ялалт байгуулсан. Түүний хууль бус олгогдсон гэж үзэж буй газар нь  цаасан дээрээ мөрдөгдөж буй хуулийн хүрээнд олгогдсон байдаг гэдгийг тэр ОЙЛГОЖ буй болов уу? Жишээ нь: Өвөр Зайсангийн аманд буй барилгын зөвшөөрөл бүгд АЯЛАЛ, ЖУУЛЧЛАЛЫН зориулалтаар олгогдсон газар дээр баригдсан. Тэднийг дулааны болон усны нэгдсэн шугамд холбоогүй. Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг нь айл бүрт олгосон байгаа. Авилгаар авсан газрын бичгээ олон давхар сууцанд амьдрах айлуудад хуваагаад олгочихсон энэхүү дампуу зохицуулалтаар бол иргэд Зайсангийн амны АГААРТ м.кв эзэмшдэг болохоос ГАЗАР эзэмшдэггүй тул хуулийн хүрээнд ямар ч маргаан БАЙХГҮЙ. Хэрэвзээ газрын зөвшөөрлийг нь цуцалбал төр нь өөрөө бүртгээд баталгаажуулчихсан агаарт баригдсан ХУВИЙН ӨМЧ-д халдах болж байна. Банкны зээлийн барьцаанд байгаа өмчид халдваас хэдэн банкныхаа шилийг харах л болох биз.

Нийтийн орон сууцыг амины орон сууцаар солих хөтөлбөрийг би хувьдаа дэмжиж байгаа. Үнэхээр байгаа ганц өмч нь болох газраа эргэлтэд оруулах хүсэл Ж хорооллынхонд их бий. Сүхбаатар дүүргийн Засаг хатан Цогзолмаагийн хөрөг нэвтрүүлэгтээ хийсэн нэг яриа миний сэтгэлийг ихэд эмзэглүүлсэн. Өнгөрсөн хэдэн жилд Ногоон нуур, 100 айл орчимд 7-р хороолол барих гээд баахан газар чөлөөлөлт явагдсан юм. Цогзолмаа даргыг УИХ-ын сонгуулийн сурталчилгааны үеэрээ уулзахад нь 5 сая төгрөг аваад газраа чөлөөлсөн иргэд “Таныг ухуулахад бид нүүсэн. Гэтэл нүүгээгүй үлдсэн айлууд газраа 50 саяар зарж байна” гэж гомдоллоход нь тэр хүн дотроо “Миний сэтгэл хувь хүнийхээ хувьд өвдсөн. Гэхдээ би АЖИЛ хийж байсан юм байна гэж бараг бахархсан” гэж хэлж байлаа.

2007 он. 32 тойргийн шинэ зам барих болж бас л баахан айл нүүлгээд улсаас зөөх машиныг нь гаргаж өгөөд Өлзийтөд гэрэл ч үгүй, автобус ч үгүй газарт аваачиж буулгасан. ТВ-ээр нүүхгүй байгаа айлуудыг муучлан үзүүлж, жигшүүлэх кампаанит ажил ч далайцтай өрнөсөн. 16-р сургуулийн багш хоёр хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэйн хашаа энэхүү нүүлгэн шилжүүлэлтэд хамрагджээ. Хоёр хүүхэд нь мэдээж тэр сургуульд өглөө, үдээс хойш ээлжилж явдаг тул гэрээ хараад байдаг байж. Нөхөн төлбөр нь хэд байсныг санахгүй байна. Гэвч өглөө 5.30 минутад босоод хоёр хүүхдээ хөтлөөд 5 км алхаж байж микронд суудаг, гэр нь өдөржин хоосон байдаг тул савтай ус нь тэс хөлдсөн талаар, модон хашааг нь хүмүүс нэг нэгээр нь ховхлоод явчихсан тухай ярьж байж билээ. Ядаж өвөл өнгөртөл 100 айлд хашаа түрээслэж суухаас гэж ярьж байсан тэр эмэгтэй нөхөн төлбөрт авсан мөнгөө лав юу ч болгож чадаагүй юм.

Анх 7-р хорооллын хэсэгчилсэн төлөвлөгөө гарч нэг айлын газрыг 50 сая төгрөгөөр үнэлэхэд маш их хэл ам гарна гэж ярьж хэлж байсан. 100 айл орчмын айлуудын 15 орчим хувь нь 50 түүнээс олон жил суурьшсан хүмүүс байдаг. Сүүлийн 20 жил суурьшсан хүмүүс нь 50 орчим хувийг эзэлнэ. Тэгвэл суурьшлийн хугацанаас нь хамааран ялгавартай нөхөн олговор олгох загвар байсаар байтал нэг ижил үнэлээд хашаандаа барьсан байшинг нь үнэлж мөнгө олгож эхэлснээр хашааныхаа газар дээр хөрөнгө зарцуулж жижиг сууц барих ажил идэвхижсэн. Банк чиг уухайн тас газрынх нь гэрчилгээгээр барьцаалж бага хэмжээний зээл ихээр гаргасан. Яг эндээс нүүхгүй, 250 саяыг өг гэдэг гэдийлт үүсч, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр тэдгээр өрхийг жигшээх ажил өрнөсөн.

Дөрвөн сард Хот байгуулалтын форум болов. Сонгинохайрхан дүүрэгт УИХ-д нэр дэвшигч Л. Эрхэмбаяр гуай ирж хот байгуулалтын талаар мөрөөдлөө хуваалцсан. Хот байгуулалтын архитекторууд ч бүгд “Бид сайн төлөвлөдөг. Дарга нар зөвшөөрөл олгоод бидний төлөвлөгөөг хэрэгжүүлэхгүй байна” гэж гомдоллон “нийтийн эрх ашгийн төлөө айлуудыг албадан нүүлгэх нь зөв” гэдэг дээр санал нийлцгээж, “Та нар хүний өмчид халдаж байна шүү дээ” гэсэн намайг олон талаас дайрсансан. Хэрэвзээ АН амлалтаа биелүүлж, хөрөнгө оруулалтын зардлаа ОЛООД Ж хороолол руу дэд бүтцээ ТАТАЖ ЧАДВААС газрын үнэ өснө. Харин гэр хорооллын 180 мянган өрхийн хэд нь гэр рүүгээ тэрхүү шугам, сүлжээг оруулж чадах бол гэдэг нь өөрөө их том асуудал болж хувирна. Ямар ч л байсан ойрын хэдэн жилдээ утаа арилахгүй. Зун болохоор наадмаа ярьсаар, өвөл болохоор утаагаа ярьсаар лав дахиад 5 жил болох нь. Зун утаагүй ч тоосжилт гэж аймаар зүйлтэй болж байна. Өвөл нь утаа, хавар нь хог, зун нь тоос, намар нь шороо ярьдаг УБ болох нь дээ, хөөрхий.

Ёо, улс төржсөөр байтал мэдрэл нээрэв муудлаа байна. Дээр нь энэ Ганчимэг ч бас юув дээ.

”Education Australia” Info Session

“Education Australia” Information Session

One: South Australia

Date: 2012:06.23

Time: 10:30AM-1.30PM

‎10.30               Opening remarks and introducing presenters

10.45-11.05    Lucky country Australia: Mr. David Lawson-AusTrade Commissioner 

11.05-11.20    South Australia-Festival State: James Harris, AVID Mongolia

11.20-11.40    University of Adelaide (Khurelbat-ADS 2010 )

11.40-12.00    Flinders University (Batkhishig ALA-2011)

12.00-12.20    Quiz (Bolormaa ADS-2009)

12.20-12.50    Australian Government Scholarship opportunities (Alimaa-ADS 2003, ALA-2009)

12.50-13.20    Q & A

13.30                Closing and group photo.

Two:

Due to many requests from employers, we have extended the registration till June 20th, 2012. Please, encourage your friends and colleagues to register by sending a CV to mordogch@yahoo.com. The event is by invitation ONLY. One rule for everyone. No exception.

Ажил олгогчдын хүсэлтээр бүртгэлийн хугацааг 2012.06.20 хүртэл сунгав. Өөрийн найз нөхөд, хамт ажилладаг зорилтот бүлгийн хүмүүсдээ СиВи-гээ mordogch@yahoo.com руу илгээж бүртгүүлэхийг зөвлөөрэй. Энэ арга хэмжээнд зөвхөн УРИЛГААР оролцох боломжтой. Нэг дүрэм бүх хүнд үйлчилнэ.

Three: 

I am strongly recommend you to read widely about Australia. Two our Australian presenters will give a speech in English, therefore it will very helpful to have background information. Also, we will have a QUIZ to freshen-up.

Та бүхнийг Австралийн тухай боломжоороо олж мэдэхийг зөвлөж байна. Манай хоёр илтгэгч англи хэл дээр ярих учраас тодорхой мэдээлэлтэй байвал та бүхэнд ойлгоход хялбар байх болно. Бид мөн”Асуулт-Хариулт”-ын уралдаан зохион байгуулж, гэнэтийн бэлэг барих болно.

See you guys on June 23. Please, come 15 minutes early for registration.

6 сарын 23-нд уулзацгаая. Бүртгэлд зориулж 30 минутын өмнө ирээрэй.

Өөрийгөө танилцуулж сурах нь.

Өөрийгөө зөв зүйтэй танилцуулж сурна гэдэг нь хувь хүний зан чанар, хандлагаас их хамаарах юм. Хүүхдүүдийн захиаг уншихад нийтлэг ажиглагдсан зүйлс.

Олон улсын харилцаа төгссөн хүүхдүүдийн захиа цэгцтэй, өгүүлэмж зөвтэй байх юм. Гадаадын хөрөнгө оруулалттай байгууллагад ажилладаг залуучуудын СиВи нь стандарт шаардлага хангасан байх юм. Имэйлээ ярианы хэлээр их бичицгээх юм. Англиар бичсэн СиВи-нд үг үсэг, нэр томъёоны алдаа их байх юм. Нийтлэг дутагдал нь referee буюу чамайг хэн бэ гэдгийг хэлж чадах хүмүүсийн нэр, албан тушаал, холбогдох утас огт байхгүй байлаа.

Залуучууд ч гэлтгүй сонгуульд нэр дэвшигчдийн танилцуулга үзээд гайхшаа барж суутал Peakfinder: http://nomiinclub.blogspot.com/ ингээд сайхан биччихжээ. Тэгэхээр залуучууд СиВи гэж юу вэ гэж асуух нь аргагүй ч юмаа даа.

СиВи буюу Curriculum Vitae (латин хэлний “Амьдралын замнал” гэсэн утгатай үг) гэдэг нь чиний дэлгэрэнгүй нэрийн хуудас. Чамайг хэн бэ гэдгийг богино  хугацаанд олж мэдэх хамгийн хүчирхэг танилцуулга. Заримдаа Resume гэж нэрлэх нь ч бий.

Массачусетсийн Технологийн Их сургуулийн ийм лавлах байна. Илүү их академик талын буюу магистр, докторт сурах хүсэлтэй хүмүүст хамааралтай.

СиВи яаж бичих вэ? http://gecd.mit.edu/sites/default/files/CV%2008_11_0.pdf

Захиа яаж бичих вэ? http://gecd.mit.edu/sites/default/files/Cover%20Letters%2008_11_2.pdf

Нийтлэг мэдээлэл гэвэл http://www.cvtips.com/ сайхан вэб байж байна. Гүүгэл-дээд гараад ирэх юмыг хийж чадахгүй байнаа гэдэг нь зорилтот бүлэгт тавьж буй сүүлийн шалгуурыг хангахад маш их цаг зарцуулах шаардлагатайг харуулж байна.

Энэ блогийн сүүлийн нэг жилийн бичлэг мэдээлэл боловсруулах, шүүлтүүртэй хандаж сурах ур чадвар эзэмшүүлэхэд чиглэгдсэн юм. Энгийн зүйл бичихээр хандалт ихэсдэг, тархи толгой ажиллуулах зүйлс бичихээр багасдаг нь мэдээлэл боловсруулах ур чадвар дутмаг байгаагаас болж байгааг өнгөрсөн жил ажигласан. Тогтмол уншдаг 100 хүн байдаг. Тэдний ихэнхи нь гадаадад сурдаг. Тэгэхээр энэ ур чадвар манай боловсролын системд байхгүй байгааг харуулж байна. Яавал энэ ур чадварыг эзэмших вэ? Их унших хэрэгтэй, бодох хэрэгтэй. А-аас Я гэдэг шиг шууд зааж болохгүй “зөөлөн” мэдээлэл учраас зөвхөн туршлагаар бий болдог зүйл юм.

Бэлэн хоол 

Шүүмжит сэтгэлгээ

Мэдлэгийг хянах боломжтой юу?

Мэдээлэлд шүүлтүүр тавих нь.

Хил, хэл, мал гуравтайгаа байвал бид БАЯН

Ямар мэргэжлээр сурах вэ гэдэг асуултын хариу:

Тоо юу, хэл үү?

Чухлын чухал мэргэжлүүд

Завтай хүн

Зан төлөвдөө нийцүүлэн мэргэжлээ сонгох нь

Энэ блогт саяхнаас зочилсон хүмүүс уншаад байж дээ. 2009 оны 1 дүгээр сараас хойш будаа, цагаа болох зүйл их ч бичиж. Олон ч хүүхэд хичээн зүтгэсээр тэтгэлэгт хүрч. Тэнд миний оруулсан хувь нэмэр бий гэж бодохоор “сайхан зан” хөдлөөд энэ бичлэгийг хийлээ. Миний олж цулуулсан мэдээлэл, сурсан мэдсэн зүйлс, амьдралын туршлага олон хүнд түгэж, тус дэм болох болтугай.

Хүндэтгэсэн

Алимаа

2012.06.09

PS: СиВигээ явуулахдаа CV_NAME.doc эсхүл .txt .pdf файлаар явуулна уу. Жишээ нь CV_ALIMAA.doc г.м.

Үнсгэлжин

Зорилтот блогчид бүлгийн гишүүдийн энэ сарын сэдэв хүүхдийн эрх. Манай улсад энэ талаар “бичдэг”, “мэддэг” хүмүүс шороон бум, энэ чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллагын тоо 300 давсан.

Би төрүүлсэн үрээ өөрөө мэдъе, хүн биш хүүхэд гэдэг сэтгэхүйг яавал халж эрхээ хамгаалах чадамжгүй тэднийг яавал ирээдүйн биш өнөөдрийн иргэн гэж хардаг болгох вэ? Энэ олон асуултын хариуг би мэдэхгүй. Гэхдээ “эрх” гэж томруулж ярихаасаа өмнө өдөр тутам тохиолддог та бидний мэддэг боловч мэдэрдэггүй зүйлсийн талаар бичихээр шийдлээ.

Надад залуу бүсгүйчүүдийн СиВи унших тохиолдол олон гардаг юм. Тэнд “Үнсгэлжин”, “Гоо охин” гэх мэт хүүхдийн уралдаанд түрүүлсэн гэж бичсэн байх нь олонтаа. Үнэхээр бахархамаар хэрэг мөн. Гэхдээ…

Та бүхэн санаж буй бол ТВ-ээр бага насны хүүхдүүдийн мисс шалгаруулах тэмцээн гаргадаг. Бүлтийтэл нь гоёж, уруул, нүдийг нь будсан бяцхан охидууд дуулж, бүжиглэж, шүлэг уншиж, асуултад хариулдаг. Юмны учир мэдэхгүй тэднийгээ балчир наснаас нь эхлэн гадаад үзэмжээр нь “зодолдуулчихаж” байгаа эцэг эхчүүд, шүүгчид юу бодож явдгийг би мэдэхгүй. Бодоход багаас нь эхлэн авъяас чадварыг нь сорьж, дуртай чиглэлийг нь сонгуулах байх Саяхандаа нэг блог дээр 10 настай охин нь ноолууран хувцасны шоунд загвар өмсөх эрхийн төлөө уралдаад түрүүлж чадалгүй, нус нулимстайгаа хутгалдсан талаар бичсэн байсан.

Ялагдлын шорвог амтыг арван насандаа мэдэрсэн тэр охин амьдралд ялагч, ялагдагч байдаггүй гэдгийг ойлготлоо дахиад 20 жил болох байх. Өөртөө итгэлтэй залуу бүсгүй болж төлөвшихөд түүнд олон олон ялалт хэрэгтэй.

Эгчийн яриа: Охиных нь ангийн хүүхэд чи НӨГӨӨ Л палаажаа өмссөн юм уу? гэж асуусан гээд 5 настай Б дүү маань хүүхдийн баяраар заавал шинэ палааж өмсөнө гэсэн гэнэ. Учир нь шинэ жилээр өмссөн хамгийн хайртай “бомбогор” гоёлын цагаан палаажаа мартын 8-аар өмссөн юм. 1997 он

Найзын яриа: Дөрвөн настай охин нь толинд өөрийгөө хараад миний хамар муухай, нүд онин, би халтар г.м-ээр явж өгч байна гэнээ. 2002 он.

12-15 настай охидууд дэглэм барьж турж байна.Шилжилтийн насандаа бэлгийн даавар ялгаруулж эхэлснээс болоод таргалдаг үе нь таарч байхад хоолоо хасч байгаа тэднийг яалтай. Багаас нь гадаад үзэмжийн асуудлыг нэгд тавьчихаар мэдлэгт биш үзэмжинд дулдуйдсан хүмүүс олширно. Миссийн тэмцээнд оролцогчдын ихэнхи нь ийм төрлийн тэмцээнд багаасаа оролцсон охидууд байдаг. Алимаа өөрөө намхан, царай муутай болохоороо миссүүдэд атаархаад ийм юм бичиж байна гэж бодуузай. Насанд хүрсэн хүмүүсийн дунд миссээ шалгаруулна уу, зиссээ шалгаруулна уу хамаа алга. Оролцогчид нь үүрэг хариуцлагаа, гарах үр дагаврыг нь хүлээх чадвартай. Харин цэцэрлэгийн насны, шилжилтийн насны, насанд хүрээгүй төлөвшөөгүй хүүхдүүдийн талаар энд ярьж байгаа юм шүү. Эмэгтэй хүний энд тэндээ овойж товойдог гоо сайхан нь бүрэлдээгүй 16 настай дунд сургуулийн сурагч охин миссийн титмийн төлөө тайзан дээр усны хувцастай инээмсэглэн алхална.

Биеийн гадаад үзэмж, туранхай л бол гоё гэдэг нийтлэг ойлголт манай нийгэмд улам бүр тархсаар. Миний хөгшин ээжийн үед тарган цатгалан эмэгтэйг нүүр дүүрэн сайхан эмэгтэй гэж үнэлдэг байсан гэнэ лээ. Тийм ч учраас “буяны тарга” гэдэг ойлголт монголчуудад бий болсон байх. Хөдөлгөөний дутагдалд орох боломжгүйгээр хөдөлмөрлөдөг байсан тэр үеийн хүмүүс бүгд шөрмөслөг, мах шөл нь таарсан хүмүүс байсан (60-аад оны хүмүүсийн зургийг манай үеийнхэнтэй харьцуулаад хараарай). Тарган хүн мэр сэр байсан нь ихэнхидээ өвчний тарга байсан юм. Сэтгэл судлаачдын нотолж байгаагаар өвчний учраас л биш бол илүүдэл жинтэй, эсхүл хэт туранхай байна гэдэг нь тэр хүн сэтгэл зүйн ямар нэг асуудалтай байгааг харуулдаг гэнэ лээ. Энэ асуудал нь ихэнхи тохиолдолд бага насандаа авсан сэтгэл зүйн гэмтэлтэй холбоотой байдаг гэсэн шүү.

 

 

 

 

 

Бэлэн хоол

Хоёр минутын бэлэн гоймонг англиар instant noodle гэж нэрлэдэг. Хэрэв анзаарсан бол эхний үед миний өгсөн “будаа, цагаа” нь нэг, хоёр, гурав гэж дугаарласан, амаа түлчихгүй шиг идчихэд болохоор бэлэнгээс бэлэн байсан бол сүүлийн үед “тогооч” би хоолныхоо амт, чанарт сүрхий анхаарч байна. Идэхээсээ өмнө эх болсон хамаг амьтан зургаан зүйлсийн тухай, хоол байтугай өвдөл цөвдөлхөн ч олдохгүй байгаа бусдын талаар бодуулах гэж, та нарыг өлөн хоосон явахад хоолондоо түрүүлээд хүрчихсэн тарган, цатгалан хүмүүсийг “унаган буяны таргатай” гэж магтахаасаа өмнө тэд тарга тэвээргээ хэрхэн хадгалж байгаа талаар нь эргэцүүлэн бодуулахын тулд төрөл бүрийн сэдвээр бичиж эхэллээ.

Мэдээж өгч буй мэдээллийг хүлээж авахад “бэлэн” болсон хүмүүс үүнийг ойлгож, олж харж чадна. Түүнээс түүхийн аль ч цаг үед, суралцах явцад “будааны хүүхдүүд” оршсоор байдгийн адил шүүмжит сэтгэгчид мөн байсаар байна. Хэрэвзээ эдгээр өгүүлбэрүүд асуулт дагуулж байвал мэдлэгийн талаар бичсэн постуудыг эргээд уншаарай.

Идэвхитэй нүүрномдсон хоёр сарын хугацаанд олж харсан хамгийн том ололт нь залуу насны максимализм дээр радикал үзэл ямар их газар авч байгааг, тэр үзлээ илэрхийлэх арга хэлбэр ямархуу байгааг мэдэрлээ. Залуучуудын энэ их эрч хүчийг зөв гольдирол руу нь залах институц тогтолцоо байхгүй байгаа нь үүний нэг шалтгаан юм. Тухайн үедээ зуун хэдэн их дээд сургуулийг байгуулсан шалтгаан нь мөнгө санхүүгээс гадна залуучуудыг төлөвшүүлэх институц тогтолцоог ажиллуулах байсан баймаар юм. Даанч энэ систем ажилласангүй.

Оюутны холбоо, монголын залуучуудын байгууллага г.м залуучуудын эрх ашгийг хамгаалах ёстой олон нийтийн байгууллага нь “сэргэлэн” нэгний карьерээ өсгөх шат дамжлага болон хувирч, популист улс төрчингүүдийн дараа үеийг бэлдэх болсоор даруй арван жил болжээ.

Хүний хөгжлийн хувьд залуучууд ямагт максималистууд байдаг. Би ч өөрөө тийм байсан. Аливаа зүйлийг абсолют утгаар нь хүлээж авах энэ үзэл дээр нь мэдээллийн сөрөг урсгал нэмэгдээд радикаль үзэл болж бүрэлдэх хөрсийг сайхан бүрдүүлж өгч байна. Мэдээллийг шүүлтүүртэй хүлээж авах туршлага, дадал суугаагүй тэд эрх мэдэлтнүүдийн мэдээллийн талбар дахь зарлаагүй дайны далд хохирогсод. Ажиллах хүчний дөрвөн хүн тутмын нэг болсон 25-35 насныхны дунд гутарсан цөхөрсөн хүмүүс ихсэж. Тэдний цөхрөлөө илэрхийлж буй хэлбэр нь миний хувьд хамгийн сонирхолтой байдаг.

Хэвлэл мэдээллээр бичээд, яриад байгаа шиг манай улс, бид тийм ч их баларчихсан, болохоо больчихсон бишээ. Жишээлээд байгаа хөгжлөөрөө “тасарчихсан” орнуудын сүүлийн 100 жил бүтээсэн нийгмийн хөгжил, байгуулалтыг хийх гэж зүтгэцгээж байна. Бид чинь Африктай харьцуулахад “улс, үндэстэн”-ээ аль эрт байгуулчихсан хүмүүс.

Цагаан морин жил нийгмийн байгуулалт солигдсоноос хойш хорин жил өнгөрч. Үндсэн хуульдаа тунхагласан ХҮНЛЭГ, АРДЧИЛСАН нийгэм байгуулах явцдаа АРДЧИЛАЛ-д өндөр ач холбогдол өгсөнөөс хүн төвтэй нийгэм байгуулах асуудлыг орхигдуулсны гор нь энэ бухимдал, цөхрөлөөр илэрч байгаа юм. Хэрэвзээ Үндсэн хуулийн тодорхойлолтыг харвал ХҮНЛЭГ нэгд, АРДЧИЛСАН хоёрт байгаа биз???

“Тууврын замд” киноны хэлц үг “Түрүүлж нүү, өрсөж ид” зарчмаар хорин жилийг туулахдаа хүнлэг байдлын гол үндсэн агуулга нь болох тэгш боломж олгох систем ажилласангүй. Үүний үр дүнд баян, ядуугийн туйлшрал үүсч, бидний голоод хаячихсан Марксийн сургаальд гардаг “ангийн тэмцэл” хурцадахаас сэргийлэн популист амлалтууд  хөвөрч байна.

Чинээлгээ болъёо гэхэд мэдээлэлтэй дундаж давхарга бүрдүүлэхэд эрх баригчид юу хийхээс хамаарч бидний дараагийн 20 жилийн хөгжлийн чиг хандлага тодорхойлогдоно. Өнөөдрийн боловсролын системд хийгдэж буй өөрчлөлтүүд үүнд чиглэгдэж байгаа. Харин хэлбэрийн өөрчлөлт үү, агуулгын өөрчлөлт үү? Хэрэвзээ яг одоо энэ өөрчлөлтийг шүүмжилж эхэлбэл үүнийг ойлгож хүлээж авах шийдвэр гаргагчийг өдрийн цагаар локатор бариад хайсан ч олдохгүй байх магадлал өндөр юм. Тийм болохоор үр дүнгүй зүйлд цаг, нээрвээ зарж суухаар залуустаа бэлэн хоол өгчөөл, сайхан аашаа хөдлөхөөр төрөл бүрийн амт хачир оруулчаал сууж байвал миний хувьд болоо доо. Яагаад гэвэл 2005 онд Дэлхийн банкнаас ядуурлыг бууруулах чиглэлээр семинар зохиоход үг хэлсэн бүх хүмүүс хүүхдийн мөнгө 25 мянган төгрөгийг дэмжиж байсан юм. Аниа нь дутагдлын хажуугаар дуугай өнгөрөх биш “Та нар үр удмаараа халамжийн тэтгэмжээр амьдардаг хүмүүсийн бүхэл бүтэн бүлэг гаргаж ирэх гэж байна шүү дээ” гэх мэтээр шүүмжлээд амжилтад хүрээгүй. Үр дүнд нь төрөлт ялангуяа орлого багатай өрхийн гишүүдийн тоо гэрлийн хурдаар өссөн, намууд халамжийн амлалтаар уралдсан. Тэр ч байтугай одоо бүлэг байтугай нийгмээрээ халамж хүртэцгээж байна шүү дээ…

Тэгшээд: Өнөөдөр нилээд их бодож байж идэхээр будаа чаналаа шүү. Шингүүртэй байх болтугай.

Буруу зөнөсөн нь…

Сүүлийн хоёр сар НН-оор донтох шиг л боллоо. “Сайхан үгс” нэртэй хөлөөв байгуулагдсаныг мэдээд яаж яваад чиг юм тэнд орчихлоо. Эхний хэд хоног хүмүүсийн хэрэглэж буй үг хэллэг, биеэ авч яваа байдлыг хараад уур хүрээд, уушиг зүрх сагсайлгасан тул тэмцлийн галыг өрдөв.

Ямар хүмүүс ажлын цагаар ингээд нийгмийн сүлжээгээ “тэмтрээд” сууж байдаг юм бол гээд судалж үзэв. Дутагдлын хажуугаар дуугай өнгөрөх биш хэлж, хэлцэж, хэрэлдэж чиг үзлээ. Сүүлдээ ч би ер нь яг хэнд зориулаад хэний төлөө цагаа үрэн барин блог хөтлөөд илүү юм сараачаад суудаг юм бол гэж гайхаж чиг эхэллээ.

Хоёр сар донтсоны үр дүнд ямар ч байсан монголын интернэт хэрэглэгч залуусын талаар ерөнхий дүр зурагтай боллоо. Тархи толгой ажиллуулсан юм бичихээр уншигчдын тоо буурдагийн учрыг ч олох шиг боллоо. Долоо хоногийн чухам аль өдөр бичигдсэнээс хамаардаг хандалтын тооны хэлбэлзлийг тайлбарлах юмтай ч боллоо. Мөн сэтгэгдэл бичдэггүй, бичлэг “таалдаггүй” байдгийн учир шалтгааныг чиг олох шиг боллоо. Гадаадад яаж, тэтгэлгээр сурах вэ утгатай ижил асуултаа мянга түм дахин давтаад байдгийн учрыг чиг олох шиг болов.

Айхтар айхтар үг хэлээд асар “идэвхитэй” байгаа хүмүүсийн профайлыг ч харлаа. Заримтай нь “үерхэж”, нилээн хэдийг “матаж”, бас бус хүмүүстэй “чаатлав”.

Нэгэнт нийгмийн сүлжээ нь олон нийтийн газар учраас хэн ч үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Үүнийг би хөхиүлэн дэмждэг. Харин бусдын үзэл бодлыг бүдүүлгээр мушгин гуйвуулж, хараалын үг, хэллэгийг хамаа, намаагүй хэрэглэх нь арай л бишээ. Эсхүл нас, намбандаа байхгүй залуучуудын ажлын цагаараа арзганаж, алжаалаа тайлдаг талбар луу дурандаа гүйж очоод өөрийн хүүхдүүд шиг хүмүүстэй дальжиганасан миний хохь юм байхаа даа.

Аниа нь өнөөдрөөс эхлээд зөв зөнөхөөр шийдлээ. Тийм болохоор НН дахь янз бүрийн хөлөөв, бүлгэм, дугуйлангаас гарахаар шийдэв. Үзэл бодлоо хуваалцсан, намайг доромжилсон, зүхсэнээс эхлээд дэмжсэн, “таалсан”, найзалсан бүх хүмүүст баярлалаа. Их зүйл ойлголоо, ухаарлаа. Цаашдаа өөрийн үе тэнгийнхэн болох манай дүүргээс сонгогдсон эрхэм гишүүд Очко, Зоригоо хоёр шиг НН дээр өөрийн хуудсаа нээчээл шинэ бичлэгээ шахчаал “Нас тогтох сайййййхан” гэж дуулаал явж байя, яршиг цаашаа.

Цэрэг голдуу нөхөртэй Цэцэрлэгийн багшийн техникумынхан…

9-р сарын сэдвээр дахиад нэг бичлэг шахчий даа.

Ийм гарчиг яагаад тавих болов гэхээр бидний адчилан муулаад байдаг төлөвлөсөн төлөвлөгөөт эдийн засагтай нийгэмд хүйсийн асуудалд хэрхэн хандаж байсныг бичих гээл мунгинаад байгаа юм.

Намайг дунд сургуулиа дүүргээд конкурсдэхэд эрэгтэй хүйс заасан хуваарь байдаг байлаа. Хэдийгээр өрсөлдөгч ангийн хүүгээс өндөр оноотой боловч нийт оноо чинь жагсаалтад бичигдэхэд дээд сургуульд орж чадахуйц биш бол тэгээл техникумд орно гэсэн үг. Харин нэг группээр уралдаант шалгалтад өрсөлдсөн тэр хүү хүйс заасан хуваарь авна. Яг ийм тохиолдолд манай ангийн хүүхдүүд дээр гарч байсан юм. Конкурсын шалгалтын авч болох хамгийн өндөр оноо тус бүр нь 15. Нэг группэд гурван шалгалт өгнө. Харманы оноо буюу чиний аттестатын оноо хамгийн дээдэх нь 5. Ингээд боломжит хамгийн өндөр оноо 50. Манай ангийн охин 34.85 оноогоор Сувилагчийн сургуульд орж байсан бол 33.97 оноотой хүү Анагаахын дээдэд орж эмч болж байлаа. Тэр үед тэг зууны нэг оноо дутаад дээд сургуульд орж чадаагүй, улаан шугам давж конкурсэнд орох эрхгүй болж байсан хүмүүс ч байдаг байсан юм шүү. Тийм болохоор уралдаант шалгалт, улаан шугам гэдэг чинь хүүхэд насны жинкэн хар дарсан зүүд байлаа шүү дээ.

Аав ээж, ах эгч нар чинь ярьдаг байх. Намар намарт сангийн аж ахуйн явна гэдэг хампаант ажилд бүх дотоодын оюутнууд хамрагддаг байсан талаар. Тэр үед дотоодын цэрэг, оюутан гэсэн үнэгүй ажиллах хүчээр ургац хураалтын их ажлын голыг нугалж авдаг байсан юм. Сангийн аж ахуйд явахад бас их бодлоготой хуваарилалт хийнэ шүү дээ. Анагаахын дээдийнхэн Полийн дээдтэй, Хөдөө аж ахуйнхан, багшийн дээдтэй г.м-ээр нэг аж ахуй дээр хуваарилагдан ажиллана. Залуу улс бүтэн сар хамт байхад юу хийх вэ? Хайрлалцана, дурлалцана. Сангийн аж ахуйн үерхлээс насны ханиа олсон ч бий. Хос хоёрын эзэмшсэн мэргэжил нь  хаана ч ажил олдохоор байхаар ингэж хуваарилалт хийдэг байсан нь нэг талаас улсаас маш том бодлого явж байсныг гэрчилдэг юм.

Аж ахуйгаас ирээд сургууль сургуулиараа шефийн холбоо тогтооно. Бүжиг таанц зохионо. Тухайн үеийн оюутны холбоо иймэрхүү нийгмийн асуудал шийдвэрлэх ажил их сайн хийдэг байсан юм. Гэхдээ тэгж айхтар задгай байгаагүй ээ. Тухайн үед 3-р курсээсээ өмнө жирмээ болвол залуу бүсгүйн хувьд дээд боловсролтой сэхээтэн болох боломжоо алдана гэсэн үг. Тэр үед эцэг эхийн охиддоо захьдаг хамгийн том сургааль: ГЭДСЭЭ ЧИРЭЭД ИРЭВЭЭ ЧИ. Хөвгүүддээ бол СУРГУУЛИАСАА ХӨӨГДӨЧИХӨВӨӨ ЧИ. Хүний охин хүүхэд жирэмсэн болгочихов чи. Хэрэвзээ яаж ийж байгаад 3-р курсэд орчихвол улсын таван жилийн төлөвлөгөөнд багтчихдаг болохоор нэг жилийн чөлөө авах боломжтой болдог. Төгсөх курсээс барагтай л бол хөөгдөхгүй.  Та нар энэ бүхнийг худлаа гэж бодож байвал аав, ээж, ах эгчээсээ асуугаарай.

Гадаадад сурч байсан мань мэт нь САА-г “Мартагдашгүй намар” киногоор төсөөлдөг. Гэхдээ тэнд бас бодлого явнаа. Монгол оюутан сурдаг аль ч хотод охид голдуу сурдаг нэг сургууль байхад хөвгүүд голдуу сурдаг бас нэг сургууль байна. Миний сурч байсан хот Донбассын нүүрсний уурхай учраас уул уурхайн инженер бэлтгэдэг Полийн дээд байлаа. Төгсөгчид нь одоо уул уурхайн салбарын боссууд.  Охидын сургууль нь Худалдааны дээд. Их дээд сургууль 5 жилийн сургалттай байхад энэ сургууль бүрэн бус дээд боловсролтой буюу 4 жил сурган бараа судлаачид, хоолны технологичид бэлтгэдэг байсан юм. Бас металлургийн техникум, хөнгөн үйлдвэрлэлийн техникум гээд сайхан “зэрэг зиндаа” таарсан сургуульд манай оюутнууд сурдаг байлаа.

Тухайн үед гадаадад сурч буй оюутан бүр аль нэг яам, тамгийн газрын нэр дээр буюу захиалгаар сурдаг байлаа. Ирэх буцах галт тэрэгний билетний мөнгийг улсаас жилд нэг удаа даадаг. Амралтаараа ирээд яаман дээрээ бүртгүүлнэ. Яам 14 хоног ажил хийлгэнэ. Тэгж байж замын зардлын мөнгөө авна. Яамны оюутан хариуцсан боловсон хүчин гэдэг чинь “бузар лут” амьтан байлаа шүү дээ. Эрүүл мэндийн яамных лав Цэцэгдарь гээд одоо ч байдаг эмэгтэй байсан юм. Залуудаа ТВ-ээр “Эрүүл мэнд” нэвтрүүлэг хөтөлдөг хацар дээрээ мэнгэтэй хөөрхөн эгч байсан даа. Нэг зун 1-р эмнэлгийн араар явсан цэвэр усны шугам шуудууны ажил хийж хоёр гар нь улаан нялга цэврүүтсэн амьтан харьж билээ.

Буцах билетийг харъяа яамнаас нэгдсэн журмаар захиалж өгнө. Тэнд бас бөөн бодлого. Ихэнхидээ 8 сарын хорин хэднээс оюутнууд буцаж эхэлнэ. Эрүүл мэндийн яамныхантай буюу Москвагийн анагаахын хоёр сургууль, Ленинградын анагаах, за бас бус над мэтийн дэл сул хүмүүстэй өөр нэг яамны нэр дээр сурдаг оюутнууд нэг өдрийн Москвагийн суудалд таарна. 1989 оны зун байхаа Бабушкиний цэргийн дээд, Минскийн иргэний хамгаалалтынхан, Шаварын (Свердловск буюу одоогийн Екатеринбург) УПИ-гийнхан явж таарч, манай купэний гурван охин эхний хэдэн өдөр өрөөнөөсөө ч гарч чаддаггүй, нойль орсон ч хамт явцгаадаг байж билээ. Үнэн дарамттай. Өрөөний ганц залуу маань Киевийн оюутан. Орон дээрээ гараал нам. Юун өрөөний охидоо хамгаалах. Орой үдшээр бол өрөөнөөсөө ч гардаггүй “хүмүүжилтэй, сайн хүү” байсансан. Орой болохоор оюутнууд вагон хурдлуулнаа. Тэгээл тамбурт зодоон цохион болноо. Хөөрхий орос проводникууд хүртэл нам ш дээ.

Бабушкиний цэргийн дээд бол алдартай сургууль байсөөн. Орост төгссөн ямар ч хүн хэлнэ. Сүүлдээ ч нэг вагоны хэдтэйгээ танил болоод вагон даяараа гурван бүсгүйгээ хамгаалах аян өрнөөл. Манай нэг ах цагтаа Баабын атаман байсан бөгөөд би тэрний дүү гэнгүүт хоёр ах шууд хамгаалалтдаа аваал. Буудал дээр хөөрхөн залуучууд хоол авчирч өгөөл. Манай өрөөний охидууд ганц залуугаа шордоол. Ингэж манаргаж явсан тэдгээр ах нар одоо хилийн цэргийн мундаг хурандаа, дэд хурандаанууд байдаг юм.  Одоо бодоход инээдэмтэй болохоос тэр үедээ бол үнэн боевик адал явдалтай байсан даа.

Соц нийгмийн үед их сургууль, дээд сургуулийн сургалтын агуулгын ялгаа их байсан. Их сургуульд шинжлэх ухаан, академик талаа барьдаг судлаач, онолчид бэлддэг байсан бол дээд сургууль технологичид бэлтгэн гаргадаг байв. Зөвхөн ЗХУ-д манай арван таван мянган залуучууд дээд боловсрол эзэмшсэнээс дал, наян хувь нь инженер, технологийнхон байсан юм. Уралын Политехникийн дээд сургууль буюу УПИ, Эрхүүгийн ПДС, Москвад Пироговын нэрэмжит анагаахын дээд сургууль, Ленинградын анагаахын дээдийн хүүхдийн эмч, Киевийн Нисэх хүчний дээд сургуульд манай олон олон залуучуудыг сургаж гаргасан. Барилгын салбарт гэхэд УПИ, Эрхүү, Новосибирскт төгссөн инженерүүд олон бий. Бодлогоор сургаж байсан тэдгээр мэргэжилтнүүдийн дундаж нас одоо 50 давлаа. Дараагийн үе буюу надаас доошхи хүмүүс манай улсын боловсролын алдаа завхарлын бүтээгдэхүүнүүд учраас дээд боловсролтой иргэдийн дундах хүйсийн харьцаа алдагдаад байна. Харин одоогийн 25-аас доош насныханд энэхүү гажуудал балансжиж ирэх болов гэж найдаж сууна даа.

Атрын 3-р аяны ачаар манай газар тариалан сэргэж байна. Өнөө цагийн “энхрий” оюутнуудыг намрын ажилд дайчлах талаар үе үе хувьсгалт санаачлага их гардаг. Хэрэв амьдралд хэрэгжвэл арван сар хавьцаа  БЗХӨ, үр хөндөлтийн тоо баллах байх даа гэж би боддог юм. Миний бодлоор бүгдийг биш юмаа гэхэд ядаж төрийн сангийн зээл тусламжаар сураад байгаа нөхдүүдийг намрын биш юмаа гэхэд малын хашаа хороо барих,  худаг шуудуу татах гэх мэт зуны ажилд нэг сар дайчлах хэрэгтэй. Ядаж л орон нутгийн сургууль, цэцэрлэгийнхээ сандал ширээг будахад нь тусладаг болгочихвол их л ажил нугална даа.

Critical thinking

Барууны их сургуульд магистрт сурахад энэ “шүүмжит сэтгэлгээ” маш чухал. Нэгэнт унших судлах юм маш их, өөрийн санааг бусдын санаагаар баяжуулан нотлоно гэдэг нь зөвхөн санал нэг байгаагаа хэлээд хуулан бичнэ гэсэн үг биш. Бусдын санааг баримттайгаар няцаах нь энэ “шүүмжит сэтгэхүйн” илрэл. Түүнээс шууд шүүмжлээд шүүмжлээд муу, муухайг нь дуудах огт биш.  Товчоор хэлбэл “шүүмжит сэтгэлгээ” гэдэг нь академик мэдлэг, байр сууриа батлахын тулд учир шалтгаанаа объектив гаргаж тавих чадвар юм даа.

Хэрэвзээ миний бичсэн сүүлийн үеийн постуудыг ажваас шүүмжит бас дээр нь бүтээлч сэтгэлгээг өдөөх зорилго агуулсан болохыг харж болох юм. Ерөнхийдөө шүүмжит сэтгэлгээ гээд байгаа зүйл нь дараах байдлаар илэрнэ.

  • Ном, лекц, нийтлэлүүд нь маш их мэдээллийг агуулдаг. Бичигчийн сэтгэгдэл, байр суурь, тайлбараас нотлох баримтаа салгах. Бичигчийн гаргаж буй санааг үнэлэх. Жишээ: “Хөрөнгийн биржийн луйварчид”. Ёс зүй буюу болох болохгүй хязгаар нь мөнгөөр хэмжигддэг бол хичнээн суут ухаантан, маш сайн боловсролтой хүн байгаад чиг гамшигт хүргэнэ.
  • Бичигч бүр нэг санааг өөр арга барилаар, бүр эсрэг тэсрэг байр суурийг ч илэрхийлдэг. Хооронд нь харьцуулах . Жишээ: Ө. Ганзориг ”Model trading” (2011.08.11)
  • Бичигч нь нийгэм, соёлын хувьд нэг талыг барьсан үзэл бодол илэрхийлэх. Тод жишээ монголчууд бид бүхнээс агуу, тусгай ард түмэн.
  • Аливаа санаа нь хувь хүний итгэл үнэмшил, ёс зүй, мэдлэг, мэдээлэлтэй зөрчилдөнө. Иймд аль болох объектив дүгнэлт хийх. Жишээ: Гадаадын иргэд Mонголын тухай бичихээр бидний ихэнхи эмзэглэн хүлээж авдаг. Кимура Аяако “Тархины тураал”
  • Аливаа мэдлэг, санаа нь олон талтай. Иймд гаргаж буй санаагаа яагаад гэдэг асуултын хариултаар нотлох шаардлагатай. Жишээ: Яг одоо НН дээр мэтгэлцээн өрнөж байна. Нийтлэгч Аанхаагийн өчигдрийн статус: “Аймар их сонссон үг байна. Гэхдээ сайн хэлж мэдэхгүй байна” . 2011 оны тэргүүн мисс И.Төгсөө. “Миний нутгийн газар шорооноос бурхан гуйсан ч битгий өг гэж хэн хэлсэн бэ” гэсэн асуултанд хариулсан нь. 

Зөв хариулт нь Модун Шанью. Гэвч Бурханы шашин Монголд 16-17-р зууны үед нэвтэрч эхэлсэн бөгөөд түүнээс өмнө Бурхан гэдэг ойлголт ард түмний дунд өргөн дэлгэр байгаагүй. Бид Хөх тэнгэр, эцэг тэнгэр, эх газраа шүтэж амьдардаг нүүдэлчид байлаа. Тэгэхээр энэ үг нилээд сүүлд буюу 18-19-р зууны үед дэлгэрсэн. Эсхүл Сүх жанжны хандах зүгийн тухай хэлсэн шиг хэн нэгэн зохиочоод аваачаад “наасан” эд.

  • Эссэ, диссертацийн бүтэц, зохион байгуулалт нь тодорхой, уншигч “нээрээ ч тийм дээ” гэж бодохуйц, логиктой байх. Жишээ: Батбаяр. “НАТО, мөнгө, цус” (www.news.mn  

PS: Мунхаг би “Critical thinking” -“Шүүмжит сэтгэхүй” гэж орчуулсан нь хэр зөв бол???

Хөрөнгийн биржийн луйварчид

Монголд ФОРЕКС-ийн сургалт их явагддаг, манайхан ч их хамрагддаг бололтой юм. Сургамж болох үүднээс дараахыг бичлээ. Хэдийгээр эдийн засагч мэргэжилтэй боловч бодит баялаг бүтээдэггүй, санхүүгийн аферистуудад дургуй гэж өмнө бичиж байсан даа. Миний итгэл үнэмшлийг энэ түүх баталж байна. Яагаад гэвэл тэдний болох, болохгүйн хязгаар мөнгөөр хэмжигддэг юм.

Ойрын өдрүүдэд санхүүгийн зах зээлийн сенсаацын гол баатар Квеку Адоболи нь Швейцарын UBS банкны ажилтан бөгөөд түүний учруулсан хохирол 2 ТЭРБУМ долларт хүрчээ. Энэхүү алдагдлын хажууд 1995 онд Барингс банкыг дампууруулахад хүргэсэн 1.3 тэрбумын Ник Лийсон “бага гар” харагдахаар байна.

Алдагдлын өртөг нь дэлхий даяар 3500 ажлын байр цомхотгох шийдвэртэй тэнцэх ба ажилтнаа хянаж чадаагүй дарга нь хамгийн түрүүнд огцорлоо. Ганын дипломатчийн хүү, Англид өндөр боловсрол эзэмшсэн, авъяаслаг математикч энэ залуугийн шуналаас болж UBS банкны хувьцаа 10 хувь унав.  Түүний цалин жилийн 300 мянган доллар бөгөөд бонус нь түүнээс хоёр дахин их байжээ.

Алдар суутай биржийн “тоглоомчид”:

Жером Кервиэль. Францын Societe Generale-ийг 2008 онд 6 тэрбум америк долларын алдагдалд оруулсан хөрөнгийн зах зээлийн луйварчин.

Ясуо Хаманака. Сумитомо Корпораци 1997 он 2.6 тэрбум долларын хэрэг.

Ник Лийсон. 1995 онд 1.6 тэрбумаар наадаж Барингс банкыг дампууруулсан.

Жон Руснак. Ирландын Allfirst/Allied Irish Bank 700 сая долларын хохирол.  

Онолын хувьд эрсдэлийн удирдлага санхүү, мөнгөний системд хамгийн “чанга” байвал аливаа алдагдлаас урьдчилан сэргийлж чадна. Гэхдээ мөнгө “бурхан” болсон эдгээр байгууллагад эрсдэл байж гэмээнэ нь “бурхан” амилна.

Шошгон цуваа