Тэтгэлэг горилогсдод тусламж

Archive for Нэгдүгээр сар, 2012

Мэдээлэлд шүүлтүүр тавих нь

Б. Обамагийн Итгэл найдварын гал буюу The Audacity of Hope, The Dreams of My Father номыг уншиж байхад сонгуульд ялалт байгуулахад нь эдгээр номны гүйцэтгэсэн үүргийн талаар их бодож байж билээ. Обама, түүний командын торгон мэдрэмж нь хүмүүст итгэл найдвар төрүүлж чадсан учраас, цагаачдаас бүрдсэн нийгэмд би та нарын нэг шүү гэдэг мэссэжийг маш хүчтэй тарааж чадсан учраас сонгуульд ялсан юм.

Манай хэвлэл мэдээллийн салбар бизнэс бүлэглэлүүдийн эрх мэдэлд аль хэзээ очсон. Талцаад үзэлцэж байна. Зөвхөн нэг талыг барьсан, тархи угаасан мэдээлэл гараад байх юм. Хэвлэлээр хэнийг хамгийн их муулж байгааг харахаасаа илүүтэй хэнийг муулахгүй байгааг нь анзаарчихвал, эсхүл хэнийг магтан дуулж байгааг нь харахад л хангалттай. Өнгөрсөн цагаан сараар аргаа барсан нэг нь ядаж Батболдгүй нар харах юм сан гэж бичсэн байсансан.

Нэг их олон оронтой тоо хэлээд эдийн засаг өслөө, баяжлаа гээд байгаа хүмүүсийн үгэнд итгэхээсээ өмнө цалингийн өсөлтийн зөрүүгээсээ Атар талхны үнийн өсөлтийг зөрүүг хасаад үлдсэн дүнг нь инфляцитай харьцуулчихад л бид хэр зэрэг баян болсноо мэднэ. Бүгд тоондоо сайн бишээс хойш манайхан статистик үзүүлэлтээ өсөлтийг илтгэх биш бодит өөрчлөлтийг илтгэх дүнгээр гаргавал ойлгомжтой болно доо.

Хэрэвзээ манай статистик  нэгж  өрхийн хөрөнгийн дундаж хэмжээ, иргэний зээлийн дундаж хэмжээ гэдэг хоёр үзүүлэлт гаргаад ирвэл ядуурч байгаа, баяжаад байгааг хэлэхэд ядах юм алга. Ажлын байр 80 мянгаар нэмэгдэв гээд ярьдаг ч хэдий хэмжээний ажлын байр устсаныг ярьдаггүй, тийм болохоор ярьж хэлж байгаа нь дандаа л өссөн, дэвжсэн сайхан сайхан юм яриад байдаг, бодит байдал дээрээ дээрдэхгүй бүүр дордоод байгааг тайлбарлаж чадахгүй болохоор хүмүүс бухимдаад байна. Эрх баригчдад итгэхгүй байна. Хүн ам 2 сая байхад ядуурал дөчин хэдэн хувь байсан, 3 сая болоход 30 хувь болж буурсан үзүүлэлт хэлдэг. Гэтэл 800 мянган хүн ядуу байснаа одоо 900 мянга болохоор чинь өссөн байгаа биз дээ?

Эдийн засаг өсч байгаа нь бидэнд наалдахгүй байгаагийн хамгийн тод жишээ орон сууц. Инфляци Дэлхийн Банкны вэб дээр байгаагаар 18 хувь давчихсан учраас жилийн 16 хувийн хүүтэй зээл олгох банк олдохоо болилоо. Нөгөө талд нь орон сууцны үнэ сүүлийн сард суга өслөө. Хүмүүс банкинд 14 хувийн хүүтэй хадгалж байлгахаар орон сууц худалдан авчихсан нь хамаагүй илүү найдвартай хөрөнгө оруулалт учраас тэр. УБ хотод шинээр орон сууц худалдан авч буй хүмүүсийн үсрээд л 15 хувь нь гэр хорооллоос орон сууцанд орж байгаа. Орон сууц барьж утаатай тэмцэх асуудал хэр зэрэг явж байгаа нь эндээс сайхан харагдаж байна. Тэгэхээр л барьж буй орон сууцны бодлого нь байшин хорооллын иргэдийн орон сууцны нөхцөл сайжруулах буюу хадгаламжтай хүмүүст чиглэсэн болохоос нэг их холбогдолгүй. Банкны хадгаламжийн 85 хувийг нь нийт хадгаламж эзэмшигчдийн 15 хувь нь эзэмшдэг гэдэг шиг УБ хотын орон сууц өмчлөгчдийн тэдэн хувь нь хоёр, түүнээс олон орон сууц өмчилдөг гээд хөрөнгөөр нь гаргаад ирвэл бидний баялаг хуваарилалтын дүр зураг гараад ирнэ.

Макроэдийн засгийн үзүүлэлтээс харвал үйлдвэрлэлийн аргаар тооцсон ДНБ-ий хэмжээ 2011 оны урьдчилсан гүйцэтгэлээр, оны үнээр 10829.7 тэрбум төгрөг, 2005 оны зэрэгцүүлэх үнээр 4881.4 тэрбум төгрөгт хүрсэн гэнэ. (http://www.nso.mn/v3/index.php?page=news_more&id=824). Эхний хоёр тоо юу хэлж байна гэхээр мөнгөний ханш 2005 оныхоос хоёр дахин унажээ гэсэн үг. Тийм болохоор 2005 онд 230 төгрөг байсан Атар талх өнөөдөр 600 давсанд гайхах ч юм алга.

ЖИЧ: Саяхны Эбигийн хувийн хонзон тайлах шоуны ялагчаар У. Хүрэлсүх тодорч байх шиг байна. Алдаан дээр нь дөрөөлөөд МАН сайн ажиллав. Анаж байгаад л алдаа гаргангуут нь аятайхан гэгч нь мушгичихдаг гэдгийг нь “хошгируулж”, “бохь зажилж” байхдаа сураагүй л юм байх даа энэ Ерөнхийлөгч.  Эсхүл бүүр анхнаасаа Хүрэлсүхийн нэр хүндийг өсгөхийн тулд өөрийнхөө намыг золигт гаргаж, МАН-ын талд тоглолт хийсэн юм болов уу гэж хардаж эхэлж байна. Ингээд байвал сонгуульд МАН ялна, өнөө дархлагдсан хэд нь эргээд сонгогдоно. Өөдийн нар үзэхгүйнээ.

Ичих булчирхайгүй хүн улс төрч болдог.

Элбэгдорж Харвардад сурч ирээд хэлсэн үгэнд нь баярлаж суулаа гэж Монголдоо ажилладаг найз маань ярьж байсан санаанд орчихлоо. Юу гэсэн гэхээр хашир Кеннэдийн институт төгсчихөөд “Бид нар бодлого боловсруулна гэж ёстой гурилддаг юм байна” гэсэн гэнэлээ. Би өөрөө олж сонсоогүй, гэхдээ тэгэж хэлсэн байх магадлалтай юм. Алдаагаа ойлгож байна, сайжирч байна, болж байна. Гэхдээ…

Элбэгдорж сайн улс төрч. Олби оготно шиг ямар ч юмны аргыг нь олоод гараад ирдэг азтай туучий л даа. Бид түүний сүүлийн 20 жилд өсч, дэвжиж, унаж босож явсан түүхийг гэрчилнэ.

Гэхдээ дүрдээ орчоод гарч чадахгүй байгаа жүжигчин аятай аяглах нь надад лав таалагдахгүй байна. Би лав нэр дэвшсэн сайд нар, дэд сайдуудыг нь батлахгүй байгаа нь өөрийнхөө нэр хүндийг өсгөх гэсэн алхам л гэж харж байна. Эсхүл үүрэг гүйцэтгэгчээр 10 сар шарлаасан үеийн хариуг авч байгаа золиг юм болов уу? Монгол Тамхи Со компанийн Дашдорж  гэдэг Барилга, хот байгуулалтын дэд сайдтай байснаа мэдэлгүй Ерөнхий сайд хийсэн гэдэг нь таны тэргүүлж байсан танхим яамархуу ажиллаж байсныг илтгэж байна. Түүнээс эрх барьж байгаа нам нь хамтын шийдвэрээ гаргаад нэр дэвшүүлээд ороод ирж байгаа хүнийг УИХ-ын гишүүн учраас зөвшөөрөхгүй гэж хэлэх ёс зүйн эрх таньд байхгүй. Миний мэдэж байгаагаар энэ хүний сэтгэлийн хөөрлөөр хэлсэн үгнээс болж, манай хот байгуулалтын хэдэн мэргэжилтнүүд лав гурван жил үйлээ үзсэн. Америкаас ирэнгүүтээ Хархоринд очиж шав тавиад нийслэлээ нүүлгэнэ гэж солиорсноос болж шинэ хот төлөвлөлт, хөрс, усны судалгаа, шинжилгээний ажил ундарч, манай хуучин ажлын хэдэн залуучуудын “мах”-ыг нь зулгаасан даа. Хэрэвзээ тэр нөөцийг УБ хотын шинэ суурьшлын бүсийн төлөвлөлтөд зарцуулсан бол өнөөдөр бид ийм байдалтай байгаа ч уу, үгүй ч үү?

Салбарын яамнаас нь ганц асуулга аваагүй байж Хонгорын асуудлыг сөхөх ямар хэрэгтэй байсан юм бол? Элбэгдоржийн нотолж байгаагаар өдөрт 2-3 хүн хорт хавдраар нас барж байгаа Хонгор сумынхны асуудлаар арга хэмжээ авахын тулд одоо Эрүүл мэндийн яамнаас зохион байгуулж хавдрын хэдэн эмч нар тийш нь явуулах шаардлагатай болж байх шиг байна. Тэр зардал мөнгө хаанаас гарах вэ гэдгийг бодсон уу?  Энэ хооронд ХСҮТөвд хэвтэж буй, оношлуулахаар оочер авсан хүмүүс яах вэ? Өөрөөсөө талхны мөнгийг нь өгөхгүйгээс хойш Хонгор сумын ногоо, цагаахан зарж, амжиргаагаа залгуулдаг хүмүүсийн амьдралыг баллах ямар хэрэг байна? Тэгж л санаа нь зовоод байгаа бол ижил төстэй нөхцөлтэй зэргэлдээ сумын дунд харьцуулсан судалгаа хийлгээд орхиоч дээ. Тэгээд үнэхээр Хонгор нь хордсон болохоороо уушиг, дотор эрхтэн нь муудсан юм уу, өөрсдөө чөлөөт цагаараа гар аргаар алт олборлодог хүмүүс юм уу, эсхүл хажууд нь байгаа Төмөрлөгийн үйлдвэрээсээ болоод байгаа юм уу тэрийг нь тогтоочих хэрэгтэй ш дээ. Харвардад аливаа хэлж буй аргумэнт чинь нотлох баримттай байх ёстой гэж заалгасан л баймаар юм. Эсхүл бодлогоор бэлтгэгдэж буй буурай орны ирээдүйн удирдагчдад энэ дүрэм хамаардаггүй юм уу?

Хэдэн онд билээ дээ, ЕС болсныхоо дараахан 100 айл орчимд хамгаалалттай машинаасаа зугтааж шоудсан. Дараа нь сонсохнээ хамгаалалтын залуучууд нь арга хэмжээ авахуулсан гэнэлээ. Тэгж л ард түмэнтэйгээ баймаар байгаа юм бол УИХурлын гишүүн, ЕС байхдаа Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулинд өөрчлөлт оруулаад үүнийгээ өөрчлөх нь яасан юм? Бие хамгаалагч, сурвалжлагч нараа нэг машинд суулгаад зам чөлөөлүүлэхгүй нэг удаа ажилдаа яваад үзээрэй. Тэгчихээд ийм байна, тийм байна гэж шоудаач. Ер нь энэ хэдэн хүнийг Монголд хэн алах гээд хамгаалуулаад байдгийг би ойлгодоггүй. Дайн байлдаантай Афганистан, Ирак байгаа биш. Амь насанд нь халдахдаа тулах юм бол явдаг маршрут нь цаг нартайгаа ойлгомжтой тэдний замд нь машиныг нь дэлбэлчихнэ. Буудахаа ирэх юм бол тэр хэдэн хамгаалагч нь байсан байгаагүй байшингийн орой дээрээс снайпэр ганц пан хийгээл дуусгана. Эсхүл уул тахиж, ан гөрөө эргүүлж явахад нь санамсаргүй осол хийчих, идэж буй хоолонд нь цианит натри тогтмол хийчих хэмжээний сэтгэчихээр хүн зөндөө.

Энэ хүний үүрэг нь Энхбаярыг унагахад байсан. Үүргээ гүйцэтгэж. Гүйцэтгэх засаглалын тэргүүнээ суулгаж байгаад загначихдаг дүрдээ итгэсэн энэ хүн жудаггүй, ёс зүйгүй үнэн төрхөө харуулав. Чаддаг юм бол Дорлигжав найзыгаа дуудаж авчраад амласан шүүхийн шинэтгэлийг чинь яаж хийж байгааг асуугаад, загначихаач!!!!

 

 

 

Хэрэгцээ vs Хэрэглээ

Сонгодог капиталист нийгэмд их хөдөлмөрлөвөл орлого нэмэгдэнэ, орлого нэмэгдэхийн хэрээр худалдан авах чадвар нь өсдөг. Худалдан авах чадвар өсөхөөр хэрэглээ нь өснө. Тэгээл өссөн хэрэглээгээ хангахын тулд илүү их хөдөлмөрлөнө гээд спираль циклээр явж өгдөг байна. Энэ дунд нь хүнийг ажлын машин бус, хүн болгодог үнэт зүйлсийг суулгах асуудал орхигдож байнаа даа.

Сүүлийн үед гэр бүлээрээ аль нэг хөгжиж буй орон руу аялахын зэрэгцээ, очсон улсдаа сайн дурын ажил хийдэг чиглэлийн аялал жуулчлал их дэлгэрч байгаа юм байна. Манайх дотооддоо хөгжүүлбэл болох юм болов уу гэж бодоод нилээд судалсан боломжийн юм байна найз нараа.

Хөгжингүй орнуудад шилжилтийн насны хүүхдүүдтэй дундаж давхаргын гэр бүлийн хувьд хүүхдийнхээ хэрэглээг хязгаарладаг, ухамсартай хэрэглэгч болгож төлөвшүүлэх нь эцэг, эхчүүдийн хувьд хамгийн хэцүү асуудал юм байна. Масс мэдээллийн хэрэгслээр тархи толгойг нь өдөржин шөнөжин бөмбөгдөөстэй, дээр нь бараа бүтээгдэхүүний сонголт өргөн, үнэ боломжийн, орлого хангалттай үед хэрэглэгч сэтгэхүйтэй хүүхэд өсгөх нь амьдралын үнэ цэнийг мөнгөөр бус, аз жаргалаар хэмждэг тогтсон нийгэмд бас асуудалтай л юм байна.

Эндхийн дундаж давхарга яаж байна гэхээр хүүхдээ нэг жил сурагч солилцоогоор азийн орнууд руу их явуулж байна. Ингэснээрээ өөр амьдрал байдаг, юмыг ганц өөрийн соёлын үүднээс биш, бас бусдын нүдээр харж ойлгох чадвар суулгадаг. Манай багшийн 12 настай хүүхэд Хонгконгод нэг жил сураад ирсэн. Эхлээд чиг хэцүү байсан гэнэ. Сүүлдээ дасаад аягаа угаадаг болсон юм байх. Гэртээ бол аяга таваг угаагч руу хэдэн тавгаа чулуудаад болоо. Хонконгод гараараа угаадаг байсан, азиуд яагаад нэг тавганд хамаг юмаа овоолж байгаад иддэгийг ойлгосон шүү гэж байна лээ.

Дараагийн бас нэг чиглэл нь гэр бүлээрээ амралтаа аваад Тайланд, Вьетнам, Кампуч гээд явах юм. Очоод юу хийдэг гэхээр тэр улсуудад байшин барьж байгаа бол тэнд нь бодитоор хамт барилцдаг гэнэ, ургацын талбай дээр ээж нар ажиллаж байхад нь хүүхдийг нь хардаг, эсхүл усанд явж өгдөг гэнэ. Нэг тосгонд очоод амрангаа л сайн дурын ажил хийгээд тэгээд дараа жил нь очихдоо бас дахиад жоохон сайжруулаад гэсээр хямдхан бөгөөд аятайхан үр бүтээлтэй аялцгаачихдаг болжээ. Манайд япон оюутнууд ирж Туул гол цэвэрлээд, солонгосууд ирж хогийн сав байрлуулдагтай ижил юм.

Хэрэвзээ манай аялал жуулчлалын компаниуд энэ зах зээлийг эзлэхээр чармайх аваас боломж бол байгаа л юм байна. Яагаад гэвэл аялал жуулчлал хөгжсөн мундаг орнуудтай өрсөлдөхөд хэцүү болохоор ганц нэгээрээ ирсэн үүргэвчтэй аялагчаас илүүтэй зохион байгуулалттай ирж буй гэр бүлийнхнийг авчирвал хувь нэмэр нь их юм. Бусад хөгжих гэж буй улсуудтай харьцуулахад манай улс хамаагүй аюулгүй, тайван орон.

Сингапурт энэ чиглэлийн аялал жуулчлал их хөгжиж байгаа гэнэ. Танил Синга хүүхний ярьснаар ах нь эхнэр хоёр хүүхдээ чирээд Тайландад очиж дунд сургуулийн дотуур байр барих ажилд сүүлийн 3 жил тусалж байгаа гэнэ. Хоёр хүүхэд нь шинэ юм л гарвал авна гэж орилдог байснаа болиод хуучин юмаа хаяхаа больсон гэж байна шүү. Хэдийгээр илүү сайн сайханд хүн тэмүүлж амьдардаг ч гэсэн өөрөөсөө арай муу яваа амьдралтай ойр танилцах нь хиймэл хэрэглээг өдөөх шуналаа дарахад сайн дархлаа тогтоож өгдөг бололтой. Хэрэгцээ, хэрэглээ хоёроо сайтар зааглаад тодорхойлж чадвал байгаа юмандаа баярлаж, стрэсс багатай амьдрах найдвар бидэнд байгаа л юм байна.

Яахав дээ, ядуу орны иргэн л байгааз тэ?

Нээрээ ядуу орны иргэн байхаар чинь сэтгэлгээ хүртэл ядуу байдаг гэж үнэн юмаа. Би промо ажил хийгээд үнэгүй юм их цуглуулдаг гэж бичиж байсан тэ?

2010 онд баахан шүдний оо сурталчилсан юм. Тэгээд яахав дээ, ядуу хүн чинь бүтэн хайрцгийг  гэртээ хэрэглэнэ гээд аваад тавьчихсан. Одоо шүдээ угаахаар өмхий үнэртэж байгаа юм шиг санагдаад байх юм. Хаях хайран, хүнд өгөх гэхээр хүн амьтан хордуулчихвал гэж муу санаалаад. Тэгээл өглөө оройдоо ярвайлттайгаар шүдээ угааж байна.

Монголд идэж чадах юм биш гээл амаа олохгүй элдэв янзын юм идэх юм. Австрали найз нар бол хэрэгцээгээрээ иднэ. Би бол дахиж олдоо ч уу, үгүй ч үү гэсэн сэтгэлгээтэй идэхээр ширээний араас бараг хөдөлж чадахаа больсон амьтан босох юм. Хэрэвзээ энэ бүхэн надад цаашдаа олдоно гэдэг итгэл, үнэмшил далд ухамсарт байдаг бол би ингэж гуранхайтахгүй дээ.

Надтай хамт нэг англи хүүхэн ажилладаг. Би авсан юмаа яаж авч явнаа гээл бөөн толгой өвдөөстэй. Шуналтай дэлгүүрчин чинь хичнээн ч юм цуглуулсан юм. Тэгэхэд тэр хүүхэн бол хэдэн хувцас чемодандаа хийгээл үлдсэнийг нь шууд тусламжинд явуулж байна. Би ийм болох юмсан. Энд тэнд очиж амьдрал босгоол, явах болохоороо гарааж сэйлдээл зарагдаагүй үлдсэнийг нь шууд хандивт тушаадаг маргаашдаа итгэлтэй нэгэн болох юмсан.

Шунал, хүслээ хязгаарлаж сурна гэдэг их том боловсрол юмаа. Ядаж байхад юм үзээгүй ядуу орны иргэн миний шунал хөдөлгөх зүйлс захаас аваад олон. Өөрийгөө ажиглаад хэрэгцээгээ зөв тодорхойлж чаддаггүй этгээд байна гэж дүгнэлт хийв. Хамт ажилладаг хүүхэнтэйгээ хамт дэлгүүрдээд, сонголт хийж байгаа байдлыг хараад ийм дүгнэлтэд хүрлээ. Тэр ийм захтай, ийм материалтай, ийм юм авна гэсэн бол яг тэрийгээ эрт, орой хэзээ нэгэн цагт авдаг. Би болохоор за нэг тиймэрхүү юм байхад болно гэсэн бүдүүн тоймын ойлголттой гараад худалдан авалт хийхэд нөлөөлдөг хамгийн эхний зүйл үнэ, тэгээд материал, загвар байхад англи хүүхнийх яг эсрэгээрээ. Цалин адилхан байж яагаад ингэж байна гэдэг асуулт тавихаар ерөөсөө л сонголт хийх чадвар сул хөгжсөн нь харагдаад байгаа байхгүй юу. Дээр нь маргаашдаа итгэлгүй учраас өнөөдөр олдож байгаагаас нь сонголтоо хийдэг юм байна.

Үүнтэй яг ижилхэн, мянга шүүмжилсэн ч 21 мянган төгрөг тараахаар бүгд авдаг. Маргаашдаа итгэлгүй учраас олдож байгаа дээр нь аваад, өнөөдрийнхөө хэрэгцээнд зарцуулаад дуусдаг.

Хэрэглээг хязгаарлах бодлого

ОРШИЛ. Австралийн холбооны парламэнтийн гишүүн А. Вилки гэдэг тагнуулч нөхөр бий. Тасманийн арлаас сонгогдсон энэ хүн “дүүжлэгдсэн” парламэнтэд Хөдөлмөрийн нам буюу социал демократуудыг дэмжиж ажиллахаа илэрхийлснээр Жулиа Гиллардын удирдсан Хөдөлмөрийн нам засаг барих эрхтэй болсон юм. Тэгсэн өнөөдөр энэ хүн ЗГ дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн гол шалтгаан нь автомат тоглоомын машины зохицуулалтын хуулийн төслийг нь дэмжинэ гэж амалсан Хөдөлмөрийн намынхан амлалтаа биелүүлээгүй болохоор нь хамтрахгүйгээ мэдэгдсэн юм байна.

АГУУЛГА. Эндхийнхэн мөрийтэй тоглоомонд дондохтой тэмцэл хийх ажлаа өргөн фронтоор явуулдаг. Машин байгуулсан паабаас онцгой татвар авна. Нөгөө талд нь хэрэглээг хаах бодлого хамт. Донтогсодтой ажилладаг бүхэл бүтэн нийгмийн үйлчилгээний сүлжээ байна. Нэмээд хэрэглээг хязгаарлахад чиглэгдсэн заалт хуулиндаа байдаг. Холбооны сенатор Вилкигийн санал болгож буй заалт АТМ машин пааб дотор биш, гадаа 200 м гадагш байрлуулах, мөн 250 дойлуураас илүү мөнгө покер машины ойролцоо байгаа АТМ-ээс авахгүй байх заалт юм байна.

Насанд хүрсэн хүн өөрөө шийдвэрээ гаргаад тоглож байгаа юм чинь хохь нь. Тогло гэж машин байршуулсан юм байгаа биз дээ гэж маргаж болноо доо. Гэтэл үгүй ээ, донтсон хүнийг шийдвэрээ дахин бодох боломж олгож байна. Сэтгэл судлаачдын дүгнэлтээр жирийн хүн мөрийтэй тоглох үед тархинд нь маш хүчтэй өдөөлт болж, эрүүл, саруул шийдвэр гаргах боломжгүй байдаг юм байна. Тийм болохоор тоглоомны машинаас холдож явах, мөн шууд мөнгөтэй болж үргэлжлүүлэн тоглох боломжийг нь хязгаарлах зорилгоор дээрхи хоёр өөрчлөлтийг оруулах гээд зүтгүүлээд байгаа юм.  Донтсон хүмүүсийн нийгэм эдийн засагт учруулах хор, холбогдол нь мөрийтэй тоглоомны машинаас татвараар олсон орлогоосоо илүүтэй зардал гаргадаг учраас хэрэглээг хянах бодлого зэрэг явуулдаг байна.

Манайд жишээлбэл баар, цэнгээний газар 12 цагаас хойш ажиллуулахгүй гэсэн заалт нь  согтууруулах ундааны хэрэглээг хянах заалт боловч, баарны орлогын 60-70 хувийг согтууруулах ундаагаар хийдэг, мөн тоо, байршлын хувьд ямарч зохицуулалтгүй үед хэр үр дүнтэй нь эргэлзээтэй боловч ямарч байсан хэрэглээг хянахаар оролдож байна. Орон сууцны орцонд, оюутны хотхоны зэргэлдээ баар, цэнгээний газар, архины мухлаг ажиллуулах зөвшөөрөл олгочихоод, нөгөө талд нь архи битгий уу, найруулсан сүү уу гээд байгаа нь агуулга биш, хэлбэр хөөсөн улс төрийн тоглолт болохоос манийхаа сайн сайхныг бодсон нь юу л бол?

Шатахуун импортлогчдыг татвараас чөлөөлж байхаар фитнэс, бүжиг, бясалгал өөр юу байдаг юм чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудыг татвараас 5 жил чөлөөлчихвөл архи, тамхины хэрэглээ багасна даа. Үүнтэйгээ зэрэгцүүлээд 10 мянган оршин суугчдад ноогдох архи, тамхины дэлгүүрийн тоогоо гаргаад баруун солгойгүй өгдөг зөвшөөрлөө хумьчих. Авилга, арын хаалга орно гэж бодож байвал дүүрэг дүүргээр нь ангилж байгаад шууд ТВ-ээр сугалаа явуулчих. Шударга зүгээр.

 

Хил, хэл, мал гуравтайгаа байвал бид баян.

Зундуйн Дорж гуайн шүлгээс сэдэвлэн гурван чиглэлээр радикал үзлээ илэрхийлье. Яагаад гэвэл нэтээр мэдээ үзэхээр миний уур хүрээд байна.

Хил.

Юмжаагийн Цэдэнбал гуайг өөрийн төрсөн бууцаа ЗХУ-д “хандивласан” гээд хүмүүс шүүмжлэх нь бий. Тэр хүн төрсөн бууцаа гаргуунд нь гарган байж, бусад хүмүүсийн бууцыг авч үлдсэн ч юм билүү бид мэдэхгүй. Дархан хил гэдэг ойлголт нь сүүлийн үед газрын зураг дээр зурагдсан бодит зүйлийг бус монгол хэмээх бүлэг сэтгэхүйг хадгалан авч үлдэж, дараа үедээ өвлүүлэхтэй илүү хамааралтай болжээ. Даяаршил нэрийн дор үндэстэн дамжсан корпорацуудын зах зээлээ тэлэх эдийн засгийн ашиг сонирхлын эсрэг тэмцэлд зөвхөн буу үүрээд, хилийн заставт манаанд гарах бус, хийж буй үйлдлийнхээ мөн чанар, үлдээх ул мөр, гарах үр дагаврыг сайтар тооцоолж хөдөлвөөс эх оронч гэж хэлэгдэх болно.

Манай эрх баригчид Оросуудын санал болгосон 100 шатахуун түгээх станцын төсөл ид яригдаж байхад эх оронч мөн, бишээрээ талцан хэрэлдэцгээсэн. Бараг Оросоос бүрэн хамааралтай болно, үндэсний аюулгүй байдалд нөлөөлнө гээд сүржигнэцгээсэн. Гэтэл 12 бизнэсмэн үгсэн хуйвалдаад хамааралтай болохгүй гэж чардайж буй Оросоос нь импортолсон бензиний үнээ нэмэхэд үндэсний аюулгүй байдал дуугай л байна. Яагаад гэвэл монголын цөөхөн иргэн олонхийгоо дээрэлхэж байгаа учраас үндэсний аюулгүй байдал зөрчигдөөгүй, эрх баригчид сонгуулийн мөнгөө тэдгээр монополь хэдхэн компаниас саах учраас.

Хэрэв та нар санаж буй бол намрын ургац хураалтын өмнө ёс юм шиг шатахууны хомсдол бий болдог. Тэгээд ургацаа алдлаа, болохоо болилоо гэсээр төсвийн мөнгөөр угжуулж, татвараас чөлөөлөгддөг. Эсхүл өнгөрсөн жилийнх шиг юм болуузай гэсээр төрөөс урьдчилгаа мөнгөө авчихдаг. Хэрэв ингэж л төр оролцох байсан юм бол анхнаасаа яах гэж тэрхүү түгээлтийн системээ задалж, хувьчлал хийсэн юм бэ? Оросын хил ШТС болгоны хажуугаар татагдчихсан байхад түүхий нефтээ Хятад руу экспортолсоор байх юм уу? Энэ бизнэсийг хийж буй “үндэсний манлай үйлдвэрлэгчдээ” төрөөс дэмжих гэж тэр үү? Нефть нэрэх үйлдвэр барихад зардал ихтэй, эдийн засгийн ашиггүй гэдэг үндэслэлд чинь би лав итгэхгүй. Уул уурхай нь хөгжөөд шатахуун тослох материалын хэрэгцээ сүүлийн 5 жилд ДНБ өсөлтөөс илүү хурдтай өссөн байхад 90-ээд оны сүүлээр хийсэн тооцоонд үндэслээд улирсан баларсан юм яриад байх ямар хэрэгтэй юм бэ? Эндээс гарах логик асуулт Монгол Улс хилгүй байх нь хэнд ашигтай вэ?

Суудлын автомашины тоо 400 мянга орчим гэсэн. Бараг өрх бүр  машинтай. Яая баян байна шүү. Гэтэл тэр сая машиных нь 70 гаруй хувь нь 10-аас дээш жилийн настай байвал яах вэ? Тийм машин бензин их иднэ, засвар их хийлгэнэ. Бензиний бизнэс хэн хийдэг билээ? Буруу талдаа рультэй машиныг хэрэглээнээс гаргах хуулийн төсөл 2000 оны үед явж байснаа ард түмний амьдрал хэцүү, япон машинтай хүмүүс чинь хөрөнгөөрөө хохирно гэсээр батлагдаагүй. Одоо УБ хотын машины тал нь япон тэрэг байгаа. 15 жилээс дээш настай машин жагсаалаас гаргах асуудал яригдтал гадаадад коллекционерууд тэр байтугай настай машин унадаг гэж мэдэмхийрээд бас батлаагүй. Гэтэл тэр коллекционерүүд хэр хэмжээний татвар машинаа бүртгүүлэхдээ төлдгийг, техникийн үзлэг гэдэг зүйлээ жилдээ хоёр удаа хийлгэдгийг хэн ч яриагүй. Хэрэвзээ шийдвэр гаргагчид хүний аюулгүй байдлыг нэгд тавьдаг бол нэг сард Ирак, Афганистанд үрэгдэж буй нутгийн иргэдийн тооноос олон монгол хүн авто тээврийн ослоор нөгөө ертөнцөд очихгүй байсансан.

Хэл

Аливаа хэл нь тухайн үндэстний соёлыг агуулж байдаг. Ё.Отгонбаяр сайдын баталсан тушаалаар кирил үсгийн зөв бичгийн дүрэмд нийцүүлэн зарим маргаантай үгсийг нэг тийш нь шийджээ. Сайшаалтай хэрэг. Намайг сурагч байхад хатуугийн тэмдгээр бичдэг байсан үгс бүгд зөөлний тэмдэгтэй болчихож. Монгол даяараа боржигон овогтой халх угсаатан болчихож. Телевизийн нэвтрүүлэгч биш, бүгд төв халх аялгаар ярих ямар хэрэгтэй юм? Хэдийгээр гадаад хэлийг хөтөлгөө морьтой зүйрлүүлэн нийгэм даяараа судалж буй боловч нөгөө талд нь эх хэлээ хамгаалах бодлого байхгүй байхад олон хэл хольж хутган ээрж, мууран ярих “унаган гадаад хэлтэй” хүүхдүүдийг бид муулах уу, магтах уу? Нутгийн аялгаа шийр заан хадгалж буй Нямка сайдыг магтан дуулах уу, хазгай хэлтэйгээр нь дуудах уу? Логик асуулт: Соёлоосоо тасарсан иргэд хэнд ашигтай вэ?

Төрийн сангийн зээлээр сурдаг хуучин дарга, даама хийж байсан оюутнуудын тухай яриа: Хэлгүй байж ирчихээд яаж юм сурдаг байнаа? Өө яахав дээ, хэлээ сураад авилгаа орчуулагчгүй авахаар болчихоод буцдаг юм. Очоод шууд дарга болно шүү дээ. 

Мал

Малын таваарлаг байдлаас болоод сүргийн бүтцэд өөрчлөлт орсныг, ямаа бэлчээр талхлаад дуусч байгааг бүгд ярьдаг. Бэлчээр доройтлоо, цөлжилт явагдлаа, эзэнгүй газар үлдэв. Малчид хот руу нүүлээ, эсхүл өвс, ургамлын гарцаа дагаад Хангай руу оторлолоо. Нөгөө талд нь уул уурхайн компаниуд уулыг дов болтол, талыг там болтол ухлаа, угаалаа, зөөлөө. Манай улсын уул уурхайн ихэнхи аль бүс нутагт байна вэ? Хэдхэн хүн баяжлаа. Өвдөл, цөвдлийг нь сайн санаатан болж жүжиглэх хэдэн нөхөд тарааж өглөө. Өнөөдрийн хоолоо аргацааж буй эрх мэдэлгүй иргэдэд цаана нь юу байгааг бодох тэнхээ алга.  Логик асуулт: Хөдөө эзгүйрвэл хэнд ашигтай вэ?

Дэлхийн хөгжсөн орнууд нь нийлүүлэлтээр биш хэрэглээгээр зах зээлээ хянах бодлого баримталж байна. Гэтэл манай ухаантнууд, эрх дархтангууд зах зээлийн зарчим, хэрэглээ их байгаа учраас үнэ өсөж байгаа домгоо ярьсаар. Хөгжиж байгаагийн илрэл нь дэлхийн зах зээл дээр шинээр гарсан бараа, үйлчилгээ хэрэглэж байгаагаар нь илэрхийлэгдэж буй болохоор үндсэн хэрэгцээгээ хиймэл хэрэглээгээр солих үйл ажиллагаа эрчтэй гэгч нь явж байна. Ланд уначихаад лаа хайдаг хүмүүс үүний тод илрэл.

Импортын барааны хэрэглээг дэмжих бодлогын жишээнүүд захаас аваад дүүрэн. Хэрэглээг хянах ямар бодлого барьсан болоод ингэж сурталдаад байгааг нь би ойлгохгүй байна. Малын тоо толгой 90-ээд оноос хоёр дахин өсч, 40 сая боллоо. Сайхан мэдээ. Махны хэрэглээ мөн хоёр дахин нэмэгдэж, дундаж иргэн өдөрт 2 удаа махан хоол идэж байна. Махны үнэ бензинтэй мөн адил. Хэрэглээнээс биш, 200 ченжээс хамаардаг. Махны том ченжүүд хэн билээ? Томоохон хөргөлттэй агуулах хэний мэдэлд байдаг билээ? Мах их идэх нь хэнд ашигтай вэ?

Хүнд мөнгө өгсөн бол хаясанд тооц, хүнээс авч чадсан бол авсанд тооц..

90 саяын Гансүхийн түүхийг эндээс үзлээ.  Хувь хүнийхээ хувьд болж байнаа. Итгэл үнэмшилтэй болж, ороо бусгаа цагт хөлөө олж. Эндээс миний анхаарлыг татсан хоёр чухал зүйл байсан нь шашны үзэлтэй огт хамаагүй, энэ хүнтэй бүр ч хамаагүй зүйлс юм.

1. 90 саяын өр цайрсан нь

“Банкны өр 10 жилийн дараа найдлагагүй өр ангилалд шилжин дансны бичилтээс хасагддаг”.  Яг үүнтэй ижилхэн жишээ би олныг мэднэ. Авилгыг нь өгөөд 50, 60, зуун сая, тэрбумын зээл авдаг, төлбөрийн чадваргүй болохоороо шүүхээр орно. Манайх шүүхийн хэрэг шийдвэрлэх хугацаа дор хаяж 18-22 сар. Тэгж байтал хөөн хэлэлцэх хугацаа дуусна, өршөөгдөнө, эсхүл шат шатны шүүхээр давж заалдсаар дор хаяж гурван жил болно. Банкны тэр алдагдлыг хэн төлдөг вэ? Өндөр хүүтэй зээл авсан хүмүүс. Сарын цалингийнхаа талыг жилийн 12 түүнээс дээш хувийн хүүтэй банкны зээлээ төлж буй залуу та тэр мөнгийг төлдөг юм.

2. Аливаа улсын шоронгийн зорилго нь гэмт хэрэгтнийг нийгмээс тусгаарлан ЗАСАН хүмүүжүүлэх юм.  Манайд энэ үүргийг христийн шашны байгууллагууд гүйцэтгэдэг бололтой. Төсвөөс цалин авдаг бүхэл бүтэн систем ажиллах боловч энэ үүргийг нь солонгосын миссионэрүүд гүйцэтгэдэг байх нь. Таван жилийн дотор Монголын католик шашинтны тоо долоо дахин нэмэгдсэн баримт байна.  Би шашны асуудал дээр туйлшрах дүргүй. Хөгжилд хүрэхэд иргэдийн оюун санааны гэгээрлийн туйлын хэмжүүрийг шашин шүтлэг тодорхойлдог гэж итгэдэг учраас шашин шүтдэг хүн гэдэг нь ямар ч байсан айх ичих зүйлтэй, болох болохгүйн хязгаараа мэддэг, нийгэмшсэн хүн гэж боддог. Гэхдээ энд шашны мөн чанарыг ойлгосон хүнийг хэлж буй болохоос болохоо болихоороо Гандан орж,  лам нарт авилга өгч, нүглээ далдлахыг хүсдэг, эсхүл уул усаа тахиж байна гээд байгаа хэдэн модыг нь таслаад, овооны орой дээр хог тариад буцдаг хүмүүсийг хэлсэнгүй.

Удирдагчдын Эс энд Ай

Гамбир ток-шоунд орсон Ч. Ганхуягийг хүмүүс “талхны үнэ мэддэггүй дэд сайд” гээд сайхан шүүмжилж байна. Өнөөх нь ч биеэ өмөөрч уурлав. Өргөн хэрэглээний барааны үнэ мэдэхгүй байгаа хүн инфляци ярих, цаашлаад улс орны эдийн засгийн бодлого тодорхойлогчийн өндөрт албан тушаал хаших нь бас жоохон авцалдаа муутай л юм даа. НН, твиттэрээр бол бүр талцаад “алалцдаг” гэнэ. Хүмүүсээ ТАЙВШИРЦГАА.  Яахав, Ганхуяг хэвлэл мэдээлэлтэй харьцах туршлага дутаад өөрийнхөө S & I-аа унагачихлаа. Цаашид туршлагажаад 5 жилийн дараа гэхэд мундаг мундаг улс төрчдөөс дутахгүй ярьдаг болно биз. Харин та нар л үүнийг нь мартав

Хэдэн жилийн өмнө дөө, Төрийн дуулал эгшиглэхэд манай ОДОД мэдэхгүй байсан тохиолдол гарч, төрийн албаныхныг бүгдээрээ цээжил, бараг шалгалт авна гэсэн лүндэн бууж байсныг санаж байна. Би одоо ч хольж хутгадаг. 2-р ангид байхад социалист агуулгатайгаар нь сурсан, одоо тэр хэвээрээ л байна. Нэг хэсэг ТВ-ээр караокэдэж гаргадаг байхад нь дагаж дуулаад овоо сурсан, гэсэн ч хоёрдугаар бадаг бол там тум хэвээр.

Та нар анзаарвал Мөнх-Оргил, Улаан, Рааш, Буд, Лүндээжанцан, Гүндалай, Тэрбишдагва өөр хэн хэн билээ хэдэн парламэнт дамжсан улс төрчид огт дуугарахаа больсон байгааг.Гол дүрд Нямка, Энка, Мөнх-Очир гээд хэдхэн нөхдүүд солигдоод яриад байна. Илүү дутуу юм ярьж нэр хүндээ нийт массад унагаахаар орон нутагтаа сонгогчидтой тулж ажиллаж байгаад дахин сонгогдохоо бодоцгоож байна, цаадуул чинь.

Хэрэв бид Гүндалай, Хүрэлсүх гэх мэт улс төрчдийн хэдэн жилийн өмнө өгсөн ярилцлагыг үзвэл Ганхуягийнхаас нэг их дээрдэхгүй. Харин ч бүүр сэдвээсээ хальж хадуурсан, үзэл бодол нь төлөвшөөгүй, хэвийн дундаж сэтгэл зүйтэй эсэхэд нь эргэлзэхүйц дүр зураг харагдана. Баабарын хэлдэгээр ард түмний тусгал нь манай улстөрчид гэдэгтэй би санал нийлнэ. Хэдийгээр зарим нэгэнд нь үзэл баримтлалын хувьд ойлгомжгүй, сонин зүйл ярьдаг боловч болж байна, сонгогчиддоо таалагдаж чадаж байгаа учраас л сонгогдоод байна.

Өөрийн стиль имижээ аятайхнаар дээр нь үзэл бодолдоо үнэнч байхаар яаж өөрийгөө илэрхийлэх вэ гэдэг нь олон нийтийн анхаарлын төвд амьдардаг хүмүүсийн хувьд чухал чадвар. НҮБ-ын өдөр ЕС үг хэлэхээр индэрт гарахад миний бүх булчин шөрмөс чангарав. Яагаад? Манайхны нийтлэг дадал болсон хэлэх үгээ А4 цаасыг голоор нь давхарлаж нугалсан байх вий гээд бараг хөлс гарсан. Дипломат хүн болохоороо арай ч тийм бүдүүлэг байхгүй гэж итгэдэг ч юмыг яаж мэдэхэв гээд миний хөлс чийхарсан юм. Ёох. Ашгүй дээ. Манай хүн стандарт дугтуйны хэмжээтэйгээр хоёр захыг нь зөрүүлсэн цаас энгэрээсээ эвтэйхэн гэгч нь сугалаад гаргаж ирээд уншсан даа.

ТВ-д ярилцлага өгөх. Ярилцаж буй хүн рүүгээ харж ярихаас ТВ каамэр голлоод авч өгөх юмаа, манайхан. Операторууд, сурвалжлагч нар нь ч гэсэн бас үүнийг бодолцож зөв байрлал эзлэх хэрэгтэй юм. ТВ хөтлөгч л биш бол камэр руу голлож харна гэдэг нь хэвлэл мэдээлэлтэй харилцаж сураагүй хүний хамгийн том алдаа болдог. Мөн ярьж байхдаа хөл дээрээ өндөлзөх, хөлөө сольж ачааллаа шилжүүлэх гээд болохгүй болохгүй юм их байдаг. Хэрэв гар хөл чинь өөрийн мэдэлгүй савчдаг бол хоёр гараа бариад эсхүл гартаа жижиг зүйл бариад ярих хэрэгтэй. Хэрэв нүдний шилтэй бол аль болохоор гэрлийн эсрэг харахгүй байх. Гэрэл нь шилэн дээр ойгоод хүний нүүрний хэлбэр гажуудуулдаг.

Суулт. Энэ бол ёстой тусдаа шинжлэх ухаан юм. Манай эрчүүдийн нийтлэг нь хөлөө хоёр тийш нь байдгаар нь шидээд сандлаа налаад суухаар гэдэс нь унжаастай. Ялангуяа том биетэй хүмүүс бол дэлгэцээр нэг нүүгэлтсэн юм л гардаг. Та нар япончуудын зураг авахуулсан байдлыг хараарай. Суусангууд нь хөлөө бараг нийлүүлээд гараа өвдгөн дээрээ авсан байгаа. Зогсож байгаанууд нь гараа хоёр талаараа унжуулаад нэг тийм “бууж өгсөн”, “таньд үйлчилж байгаа шүү” гэж мэссээж илгээсэн поозтой. Манайхан бол нөгөө салтаа нь доор унжсан өмд, гараа гэдсэн дээрээ зөрүүлээд барьчихсан тэгээд каамэрээ тас голлосон зургууд “алалцвал ч алалций” гэсэн дүр зураг байгаа. Зураг авахуулах, суух, хүнтэй ярилцах г.м гаднах имиж талдаа манай ЕС Батболд их мундаг ш дээ. Та нар анзаараарай. Гарал үүсэл, мэргэжил, боловсрол, сурсан сургууль ном нь ч энэ хүнийг ийм байлгах хэмжээнд бэлдсэн юм.

Хар шил. Рокчин, поопчин биш бол уучлаарай, хар шилтэй ярилцлага өгнө гэдэг нь ёстой нээрээ…

2011 in review

The WordPress.com stats helper monkeys prepared a 2011 annual report for this blog.

Here’s an excerpt:

The concert hall at the Sydney Opera House holds 2,700 people. This blog was viewed about 48,000 times in 2011. If it were a concert at Sydney Opera House, it would take about 18 sold-out performances for that many people to see it.

Click here to see the complete report.

2011-2012

Бүгдэд шинэ оны мэнд хүргэе. Блог уншигчдаас гадаадад сурах хүсэлтэй нь хүний мөнгөөр сурч, англи хэл сурах хүсэлтэй нь АйЛТС шалгалтдаа 6.5 оноо авч, ажилд орох хүсэлтэй нь 600 мянган төгрөгний цалинтай ажилд орж, авгай авах хүсэлтэй нь чамайг дунд сургуульд тоодоггүй байсан бүсгүйтэйгээ, нөхөрт гарах хүсэлтэй нь архи уудаггүй, авгай эргүүлдэггүй, ажилтай, амжилттай яваа залуутай гэрлэж, орон сууцтай болох хүсэлтэй нь халаалт сайтай, цонхноосоо сийгдэггүй, м.кв 650 мянгын үнэтэй байраа жилийн 8 хувьтай зээлээр авах ерөөл өргөе. Ингээд бичгэн хэлбэрт оруулчихаар бодитой л хүсэлт байгаа биз дээ? Хүслээ биелүүлж чадвал дарга, босс, улс төрч, мисс, хөрөнгөтэй, баян болох гэх мэт том мөрөөдөлдөө нэг алхам дөхөж байна гэсэн үг юм. 

2011 оны блог 5 зорилт хэрхэн хэрэгжсэн бэ?

1. Тархины фитнес сэдвээр бичихдээ хүмүүст асуудлыг өөр өнцгөөс харах сэдэл төрүүлэхүйцээр бичих. Энэ нь цаашид тэтгэлэг горилогсдод Action plan, Research proposal- бичихэд нь туслах зорилготой юм.

Өнгөрсөн оны бичлэгүүд энэ чиглэлд анхаарал гоц хандуулсан бөгөөд уншсан хүмүүс ямар нэг сэдвээр үйл ажиллагааны төлөвлөгөө бичихэд ямар ч байсан хуучин шиг гадаадад сургуульд сурчих л юм бол буцаж ирээд шууд “алаад хаяна” гэж бичихээ больсон байна билээ.

2. Тэтгэлэг хүртсэн хүүхдүүдийг “дарамталж” байгаад өөрсдийнх нь “түүхийг” бичүүлэх. Одоогийн байдлаар Булган, Отгонжаргал хоёр бичсэн байгаа.

Зарим нь өөрсдөө блог бичиж эхэлсэн, зарим нь туршлагаасаа хүмүүст харамгүй хуваалцаад найз нөхөд нь ирж эхэлсэн учраас энэ зорилтын биелэлт 40 хувьтай гэж үзэж болох ч хүмүүс бас их хойрго хандлаа. Өөрсдийн түүхээ хуваалцах хүсэл сонирхол тэр бүр хүмүүст төрөхгүй байна гэдэг нь тэтгэлэг авахад нь анхаарал их хандуулснаас дээрхи нэгдүгээр зорилтод ач холбогдол өгөөгүйтэй холбоотой гэж үзэж байгаа. Мөн хувь хүний зан чанараас ч хамаарч буй байх.

3. Нийгэмдээ хэрэгтэй хүн байх чиглэлээр санаа авахуйц “будаа” бүхий нийтлэлийг ажиглалт, туршлага дээрээ үндэслэн бичих. Австралийн жишээгээр баяжуулан манайд эхлэл нь байгаа боловч зохион байгуулалттай системийн хэмжээнд өргөжиж чадахгүй байгаа сайн дурын ажил, эсхүл их л том абстракт яриад байдаг хүйсийн тэгш байдал, хүмүүний төлөвшил чиний өдөр тутмын амьдралд яаж буудаг талаар жишээ баримттай илэрхийлэхийг хичээлээ. Овоо хэдэн блог дээр би, бид хэн бэ гэдгээ тодорхойлохыг оролдон бичлэг хийх болсон нь үүний үр дүн гэж харж байгаа. Гэхдээ тэр хүмүүс яг эндээс санаа авсан эсэх нь бас эргэлзээтэй шүү дээ.

4. Сардаа нэг удаа АНГЛИШ-ээр эссе бичих. (Тоймтой сэдэв одоогоор алга байна, гэхдээ аль болохоор target audience late 20s, early 30s -д чиглэсэн байна). Англишаар юм бичээд тавихаар ойлгодоггүй юу, эсхүл залхуурдаг уу уншигчдын тоо шууд унадаг. Уг нь мөр мөрөөр нь орчуулаад тавьдаг юм. Орчуулж тавьж байгаа зүйл нь чамд хэрэгтэй, мэдэж байгууштай зүйлс тавихыг чармайдаг ч энэ жилийн хамгийн амжилтгүй зорилт нь англиар бичих байлаа. Хамгийн их цаг авдаг мөртлөө хамгийн бага уншигчтай энэ хэсгийг сүүлдээ бичихээ больсон.

5. Үг үсгийн алдаагүй бичлэг хийхийг чармайх. Чармайгаал байлаа, чармайгаал байлаа. Дараа нь уншихад алдаа байж л байх юм. 

Энэ жил миний хувьд их чухал, шийдвэрлэх он учраас тогтмол бичлэг хийж чадахгүй байх. Гэхдээ хаяадаа сэтгэл санаа өндөр, сайхан ааштай, эсхүл зэвүү, дургүй хоёр зэрэг хүрсэн үедээ бичлэг хийнээ. Мөн хуучин галигласан бичлэгүүдийг хөрвүүлнэ. Хүмүүс нөгөөхөө л асуух юм. Би хариулахгүй гээд байхад л шантрахгүй юм даа.

Магистр ТЭТГЭЛЭГ ЯАЖ АВАХ ВЭ?

1. АНГЛИ ХЭЛНИЙ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ШАЛГАЛТ ӨГЧ, сургуульд тэнцэж орохоор оноо ав.

2. Тэтгэлэг хүсэх өргөдөл гаргах үедээ ХОЁР ЖИЛ УЛС ЭХ ОРОНДОО ҮР БҮТЭЭЛТЭЙ мэргэжлээрээ АЖИЛЛАСАН БАЙ.

3. Чухал ач холбогдолтой мэргэжил, чиглэлээр суралцах сургуульдаа элсэн орж, ЯМАР НЭГ НӨХЦӨЛ заагаагүй урилга авсан бай.

4. Тэтгэлгийн өргөдөл гаргахад шаардлагатай БҮХ БАРИМТ БИЧГЭЭ бүрдүүл.

5. ШАНТРАЛГҮЙ дахин дахин өргөдөл гаргаад бай. Тэр бүрдээ туршлага хуримтлуулж, эссэгээ олон янзаар бичиж сурна. Дунджаар 2 жил дагнан хөөцөлдөхөд нэг тийшээ сурахаар нийт горилогчдын 80 хувь нь явж байна.

 

 

 

Шошгон цуваа