Хүмүүний тэнэглэлийн үндсэн хууль
Тэнэглэлийн үндсэн дүрэм
Ухаалаг төр гэж дээр дооргүй шуугиж байна. Хихихи. Манай сайхан Ерөнхийлөгчийн үгээр бол эзэн биегүй төр гээч инстүүц ухаантай болохын тулд муухай монгол хүн гээч хувь бодгалиас хамааралгүй болчихвол бид хөгжөөд алаад өгөх юм байхаа. Ёстой харагдаач! Энэ тухай аль өнгөрсөн зууны 70д онд италийн эдийн засгийн түүх судлаач, эрдэмтэн Карло Чиполла “Allegro Ma Non Troppo” нэртэйгээр 2 эссе бичжээ.
Тэнэглэлд хязгаар үгүй. Байгалиасаа оюун ухааны хомсдолтой төрсөн хүмүүсийг анагаах ухаан нэгэнт судлан шинжлээд тогтоож болдог бол гадна өнгөндөө цоо эрүүл харагддаг мулгуу ухаантай, мунхаг хүмүүсийг яалтай ч билээ. Форумын Д.Энхбат ах надад тэнэг мунхаг хүмүүсийн ялгааг маш хялбараар тайлбарлаж өгсөнсөн. Тэнэг гэдэг нь угаасаа тархины саарал бодис нь бага жинтэй хүмүүс бол мунхаг гэдэг нь юмыг эрэгцүүлж боддоггүй, боловсролын дипломтой тэнэгийг хэлдэг аж.
Сайн ухаж судалбал усан тэнэг, дүнхүү, эргүү, тэнэг, мунхаг, мулгуу, балай, галзуу, өвчтэй, солиотой, донгио, гажиг, гаж, далий, шаарик дутуу, гөлгөр тархитай гээд эх хэлэнд бас л олон янзаар хэлж болохоор нарийн сайхан ялгаатай юм байна. Энд би оюуны хомсдолтой хөөрхий азгүй хүмүүсийг хэлээгүй юм шүү. Францын эрдэмтэн Фуко, тэд биш, бид галзуу л гэж хэлдэг юм байна лээ. Тусдаа асуудал тул энэ тухай дараа завтай болохоороо бичих болно. Харин одоо Чиполлагийн Хүмүүний тэнэглэлийн үндсэн дүрмийг орчууллаа.
Дашрамд дурдахад “аllegro ma non troppo” гэдэг нь хөгжмийн хэмнэлийг заадаг нэр томьёо бөгөөд “хурдан, гэхдээ хэт яаруу биш” гэсэн утгатай аж.
ТЭНЭГЛЭЛИЙН НЭГДҮГЭЭР ДҮРЭМ (ТIД)
“Хэнбугай ч бай өөрийг нь тойрон хүрээлж буй тэнэгүүдийг ямагт дутуу үнэлдэг”
Хэдийгээр арай ч дээ гэмээр сонсогдож байвч, амьдрал дээр энэ нь бодит үнэн. Тухайн хүнийг яаж дүгнэхээс үл хамааран дараах нөхцөл байдал үүсдэг. Үүнд:
- Дандаа ухаантай, эрүүл сэтгэхүйтэй харагддаг байсан хүн ухаангүй тэнэг, мулгуу нэгэн байх
- Хамгийн хүлээж байгаагүй газарт, тохиромжгүй цагт тэнэг хүмүүс гэнэт гарч ирж таны төлөвлөгөөг нураах
Энэхүү дүрэм нийгэмд байгаа тэнэг, мунхаг хүмүүсийн тоог бодож гаргахаас биднийг гэтэлгэдэг. Тооцоолж, гаргалаа ч тэнэгүүдийн тоо дандаа бодит байгаагаас хэт цөөн байх болно. Иймд энэ утгыг зүгээр л Т үсгээр төлөөлүүчих нь шулуун.
ТЭНЭГЛЭЛИЙН ХОЁРДУГААР ДҮРЭМ (ТIIД)
“Тэнэг байх эсэх нь тухайн хүний зан чанар, өгөгдлөөс үл хамаарна.
Хамгийн дэвшилтэт гэж тооцогдож буй орчин үеийн барууны соёлын хэв загвар нь амьдралын төлөө гэсэн үзэл суртал дээр суурилдаг. Энэ номлол ёсоор бүх хүмүүс технологийн хувьд ижил аргаар үйлдвэрлэл явуулдаг үйлдвэрийн шугамаас гарч ирсэн тул бүгд ижил өгөгдөлтэй гэж үздэг Хэрэв хэн нэгэн бусдаас илүү байх аваас энэ нь түүний суурь хүмүүжил, ёс суртахуунтай холбоотой болохоос, заяагдмал зан чанартай нь түй хамаагүй гэж үздэг.
Би тэгж боддоггүй. Олон жилийн ажиглалт, судалгаанаас харахад хүмүүс адилхан бус, нэг хэсэг нь тэнэг, нөгөөх нь ухаантай бөгөөд энэхүү өгөгдөл нь байгалиасаа заяагдмал болохоос соёл, орчин тойрноос хамаардаггүй. Шар үстэй байх, I бүлгийн цустай байхтай тун чиг адилаар хүн тэнэг төрдөг. Хэрэв хүсвэл Бурхны тааллаар ийм тэнэг болж төрсөн гэж хэлж болно.
Тэнэглэлийн II дүрэм үүнийг нотолно. Энэ нь байгаль эхийн хуультай ижил. Зарим нэг юмс үзэгдэл тодорхой давтамжтайгаар байгаль дээр өрнөдөг. Газарзүйн байрлал, иргэншлийн хөгжлийн түвшин, эцэг эхийн арьсын өнгө, дөнгөж төрсөн хүүхдүүдийн дундах хүйсийн харьцаанд эрэгтэй хүүхдүүд давамгайлдаг шиг л тогтмол үзүүлэлт юм. Байгаль эх үүнийг яаж зохицуулдгийг бид мэдэхгүй боловч ингэхийн тулд Бурхан их том олонлог дээр ажиллах хэрэгтэй. Т утга ч үүнтэй мөн ижил, тухайн бүлгийн хэмжээнээс үл хамааран дурын бүлэг хүмүүс доторх тэнэгүүдийн хувь хэмжээ тогтмол.
Т утгын магадлалтай боловсрол ямар ч хамаагүй. Энэ нь оюутан, конторын албан хаагч, үйлчилгээний ажилтан, захиргааны ажилтан, багш нарын 5 бүлэг хүмүүсийн дунд хийсэн олон тооны туршилтаар нотлогдсон юм. Бага боловсролтой ажилтнуудын өгөгдлийг судалж үзэхэд Т утга миний бодож байснаас их байсан (ТIД) учир энэ нь ядуурал, боловсрол, нийгмийн анги бүлгийн ялгавартай орчин зэргээс шалтгаалсан гэж үзсэн юм. Нийгмийн анги давхарга дээшлэх тусам энэхүү утга хэвээр хадгалагдаж үлдэж байснаас гадна эрдэмтдийн дунд энэ утга мөн констант хэвээр. Сонирхолтой нь хөдөөгийн жижиг коллеж, алдартай том сургуульд ажилладаг эсэхээс үл хамааран эрдэмтэн судлаачдын хувьд ч Т хувь хэмжээ хэвээр хадгалагдаж байв. Шинжилгээний үр дүн нь гайхмаар байсан тул оюун санааны элитүүд буюу Нобелийн шагналтнууд дунд туршилт хийхэд байгалийн дээд хүчний зохицуулсан констант хэвээр байлаа. Нобелийн шагналтнууд дунд хүртэл Т утга байсаар.
Тэнэглэлийн II дүрмийг хүлээн зөвшөөрөхөд хэцүү боловч олон тооны туршилтаар энэ дүрэм үндэслэлтэй болохыг нь нотолсоор. Эрчүүдийн дотор эмэгтэйчүүдээс дутахгүй тооны тэнэгүүд байдаг гэсэн дүгнэлт гаргах боломжтой учраас феминистүүд энэ дүрмийг дэмждэг бол гуравдагч орны иргэд хөгжингүй орнууд тийм ч их хөгжчихсөн биш юм байна гэж бодож баясдаг. Британийн дээд зиндаанд эргэлддэг ч бай, Полинезийн ширэнгэн ойд орон нутгийн анчидтай найзалсан ч бай, үлдсэн амьдралаа сүм дуганад бүгж, эсхүл казинод хөнгөн явдалтай хүүхнүүдтэй зугаацаж өнгөрүүлэх ч бай хаа ч байсан таны бодсноос ямагт илүү олон тоотой (ТIД) тэнэгүүд таарах болно.
ТЭНЭГЛЭЛИЙН ГУРАВДУГААР (АЛТАН) ДҮРЭМ (ТIIIД)
“Тэнэг хүн гэж түүний үйл ажиллагааны үр дагавар нь өөр хэн нэгэнд эсхүл бүлэг хүмүүст хохиролтой байхаас гадна өөрт нь ямарч ашиггүй, зарим тохиолдолд бүр хор хөнөөлтэй байдаг”.
ТIIIД ёсоор бүх хүмүүс 4 бүлэгт хуваагддаг. Жирийн иргэд-Naïve people, ухаантнууд-Intelligent people, дээрэмчид-Pillagers, тэнэгүүд-Stupid people.
Хэрэв Болдын үйл хэрэг өөрт нь хохиролтой ч Батад ашигтай бол Болд жирийн иргэн буюу Ж, хэрэв өөрт нь бас Батад чиг ашигтай бол энэ ухаантай үйл хэрэг, иймд Болд ухаантан буюу У юм. Харин Болдын хийсэн үйл хэрэг өөрт нь ашигтай боловч Батад зовлон авчирвал Болд дээрэмчин буюу Д. Төгсгөлд нь тэнэг Болд Т бүсд буюу хоёр тэнхлэгийн хасах утгатай хэсэгт байна гэсэн үг. Энэ тохиолдлын тухай ТIIIД өгүүлж буй юм.
Давтамж
Ихэнх хүмүүс утга замбараатай тогтмол үйл хөдлөл хийдэггүй учир нэг бүсд байдаггүй. Тухайн нөхцөл байдлаас хамааран нөгөө Болд чинь заримдаа ухаантан, эсхүл бусдын нөлөөллөөр жирийн хүн шиг, бүр дээрэмчин шиг ч авир гаргана. Харин тэнэгүүд бусад бүсээс илүүтэйгээр Т бүсд хамгийн удаан оршдог. Дурын хүнийг түүний үйл хөдлөлийг шинжилсний дараа энэхүү хэмжээст орон зайд байршуулж болно. Тухайн хүний үйл хэрэг нь хааш нь хөтөлнө тэр тэнд оршино. Эндээс үүдэлтэйгээр тэнэгүүд, дээрэмчдийн тухай сонирхолтой дүгнэлт хийж болох юм.
Төгс дээрэмчин бол өөрт олсон олз, ашигтай ижил хэмжээтэй хохирлыг бусдад учруулдаг байна. Хамгийн энгийн жишээ болох жирийн хулгайг авч үзье. Та хулгайд 1000 төгрөг алдсан гэж бодвол энэ мөнгөнөөс өөр бодит хохирол таньд учраагүй гэж үзнэ. Харин тэр хулгайч өөртөө 1000 төгрөгний ашиг хийжээ. Энэ бол төгс дээрэмчин. График дээр ОМ хэвтээ тэнхлэгийн дагуу байрлаж, бүсийг тэгш хувааж байна. Амьдрал дээр төгс дээрэмчид маш ховор, тэд ихэнхидээ V1 эсхүл V2 бүсд харъяалагддаг.
V1 бүсд өөрт унагасан ашиг нь бусдад учруулсан хохирлоос нь давсан дээрэмчид харъяалагдана. Жишээлбэл, банкны ажилтнууд болон үйлчлүүлэгчдэд гэмтэл учруулалгүйгээр банк дээрэмдсэн хүмүүс. V1 бүсийн дээрэмчид нь Х тэнхлэгийн баруун талд оршдогоороо илүү ухаалаг юм. Амьдралд ийм дээрэмчид мөн л тун цөөхөн байдаг. Харин ихэнх дээрэмчид V2 бүсд оршдог. Жишээлбэл, өөрийн эхнэртээ бэлэг авахын тулд хэн нэгнийг 1000 төгрөгний төлөө гудамжинд алж буй хүн.
Тэнэгүүдийн энэхүү орон зайн хэмжээс дээрх тархалт нь дээрэмчдийн тархалтаас тэс өөр. Хэрэв дээрэмчид бүхий л бүсд байдаг бол тэнэгүүдийн олонх нь О цэгээс доош татсан сөрөг Ү тэнхлэгийн дагуу байдаг. Эдгээр хүмүүс тэнэгийнхээ хар гайгаар өөрт нь ашиггүй бас хохиролгүй хэдийч бусдад ямагт хор хохирол учруулж байдаг. Тэд Ү тэнхлэгийн зүүн талд Т бүсд оршино.
Тэнэглэлийн хүч
Удирдах албан тушаал хашин улстөр, ниймгийн эрх мэдэлтэй болсон тэнэг хүмүүсийн учруулах хор хөнөөлийн далайцыг төсөөлөхийн аргагүй. Гэхдээ тэнэг хүн яахаараа аюултай болдог талаар тусад нь нарийвчлан тодорхойлох шаардлагатай.
Тэнэг хүмүүсийн гол аюул нь тэдний тэнэглэлийн логик уялдааг эрүүл сэтгэхүйтэй хүмүүс ойлгох боломжгүй байдагт оршино. Дээрэмчид тэнэгүүдээс илүү ухаалаг буюу ердөө л шургуу хөдөлмөрлөхгүйгээр өөрийнхөө ашиг орлогыг нэмэгдүүлэх гэсэн өчүүхэн атгаг санаатай байдаг тул тэдний үйл хөдлөлийг ухаантнууд ойлгох боломжтой. Дээрэмчний үйл ажиллагааг урдчилан таамаглах боломжтой учраас хамгаалалтын арга хэмжээ авах боломжтой. Харин тэнэгийн үйл ажиллагааг таамаглах аргагүй. Тэрээр ямар ч шалтаг, шалтгаангүйгээр, төлөвлөгөө, далд санаагүйгээр гэнэгүй байхад огт төсөөлөөгүй байдлаар хохироох болно. Ухаантай нэгэн тэнэг нэгэн бодгальтай тулахдаа огт ойлгомжгүй дүрмээр тоглодог нь тэнэгт давуу байдал үүсгэдэг.
Тэнэгийн дайралт гэнэтийн байдаг. Дайрах нь тодорхой болсон хэдий ч энэхүү дайралт нь эрүүл ухаанаар бүтэцжээгүй учир ухаантан өөрийгөө хамгаалах боломжгүй. Энэ тухай Шиллэр “Тэнэгийн эсрэг Бурхан хүртэл хүчгүй” гэж нэгэнтээ бичжээ.
ТЭНЭГЛЭЛИЙН ДӨРӨВДҮГЭЭР ДҮРЭМ (ТIVД)
“Тэнэг биш хүмүүс тэнэгүүдийн сүйтгэх чадварыг дутуу үнэлдэг”
Тодруулбал, тэнэг биш хүмүүс тэнэг хүнтэй хэзээ л бол хэзээ, хаана л бол хаана хамаагүй харьцсанаар ирээдүйд ихээхэн хохирол авчрах алдаа хийж байна гэдгээ ухаардаггүй байна.
N бүсд оршдог жирийн хүмүүс Т бүсд байх тэнэгүүдийн учруулж буй аюул заналыг үнэлэх боломжгүй нь тодорхой. Харин ухаантнууд, бас дээрэмчид тэнэг, мулгуучуудыг дутуу үнэлдэг нь гайхмаар. Тэнэгүүдтэй байхдаа тэд өөрсдийн оюун санааны давуу байдалдаа найдан санаа амардаг нь тэнэглэлтэй тэмцэж, гарах хохирлыг багасгахад хүчээ дайчлахад саад болдог.
Тэнэг мулгуу хүн өөртөө л лай авчирдаг гэж нийтээрээ ойлгодог. Хөөрхий жирийн хүнтэй тэнэг нэгнийг андуурах хэрэггүй юм. Тэнэгүүдийг өөрийн зорилгодоо ашиглаж болно гэж гэнэхэн сэтгэсэн нэгэн тэдэнтэй эвсэн нийлэх нь бий. Хэрэв тэнэг, мулгуучуудтай эвсвээс та тэдний мөн чанарыг огт ойлгоогүй байна гэсэн үг төдийгүй тэнэг нэгэнд дураараа дургих талбар гаргаж өгч, ирээдүйдээ ихээхэн хохирол амсах болно. Иймд тэнэг, мулгуучуудтай хэзээ ч бүү эвсэн нэгд.
ТЭНЭГЛЭЛИЙН ТАВДУГААР ДҮРЭМ (ТVД)
“Мунхаг хүн хамгийн аюултай хувь бодгаль. Иймд дээрэмчнээс ч илүү аюултай.”
Хувь хүний сайн сайхныг үнэлэхээсээ өмнө нийгмийн хамтын сайн сайхныг бүхэлд нь авч үзье. Хувь бодгалийн төлвийн нийлбэр математик утгаар авч үзэхийн тулд хамгийн их дурдагддаг ТVД сайтар ойлгох хэрэгтэй.
Төгс дээрэмчний үйлдэл нь эд баялаг нэгээс нөгөөд шилжихээр хязгаарлагддаг. Нийт нийгэмд энэ нь тийм ч их падлий байхгүй. Хэрэв нийгмийн бүх гишүүд төгс дээрэмчид байсансан бол ямар нэг гэнэтийн гамшиг тохиолдохгүйгээр ийм нийгэм аажим ялзардаг. Системийн хэмжээнд баялаг, үүнийхээ төлөө ямар нэг зүйл, үйл хөдлөл хийсэн хэсэгт төвлөрөх бөгөөд нийгмийн бүх гишүүд төгс дээрэмчид тул системийн хэмжээнд тогтвортой байдал хадгалагдана. Төр засаг нь авлигад идэгдсэн, ард иргэд нь хуулиа сахиж мөрддөггүй ямар ч улс орны жишээнээс үүнийг харж болно.
Тэнэг мулгуучууд гол дүрд тоглож эхэлбэл дүр зураг тэс өөрөөр эргэнэ. Тэдэнд ямар ч үр ашиггүй хэрнээ хор хохирол учирч, баялаг сүйрч, нийгэм ядуурна.
График дээрх РОМ шугамын баруун дээд хэсэгт төвлөрсөн хүмүүс нийгэмд баялаг бүтээдэг бол зүүн доод хэсэгт оршиж буй хүмүүс энэхүү баялгийг хүртдэг. Өөрөөр хэлбэл, бүх ухаантнууд, мөн боловсорсон жирийн иргэд N1, тэнэг биш дээрэмчид P1 харилцан адилгүй хэмжээтэй боловч нийгэмд бүгд ач тустай байдаг бол мунхаг дээрэмчид P2, мулгуу жирийн иргэд N2 гай түйтгэр болж, тэнэгүүдийн нийгэмд учруулдаг хор хохирлыг улам өргөжүүлэн тэлдэг аж.
Тэнэглэлийн II дүрэм ёсоор цэцэглэн хөгжиж буй нийгэм болон мөхөж буй нийгэм дэх тэнэгүүдийн тоо ижил. Гагцхүү амжилттай хөгжиж буй болон зогсонги төлөвт орсон нийгмүүдийн ялгааны хувьд гэвэл ядуу нийгэмд:
- Тэнэг биш хүмүүс тэнэг, мулгуучууддаа үйл ажиллагаагаа чөлөөтэй явуулах боломж олгосон байдаг
- Тэнэг биш хүмүүсийн хэсэг дэх ухаантнууд, боловсролтой жирийн иргэд, тэнэг биш дээрэмчдийн тоо тогтмол буурч байдаг
Дэлхийн түүхээс харахад аливаа улс гүрний хангалттай ухаантай хүмүүс эрх мэдлийг атгаж, мулгуу тэнэг, мунхагууд ухаантнуудын бүтээж, босгосон зүйлийг нураахаас сэргийлж байгаа үедээ хөгжил дэвшилд хүрсэн байдаг. Доройтолд орсон оронд хэдийгээр тэнэгүүдийн тоо тогтмол хэвээр боловч эрх мэдэл бүхий дээд давхаргад мунхаг дээрэмчдийн хувь хэмжээ ихсэж, бусад массын хувьд гэнэн жирийн иргэдийн тоо олширсон байдаг аж. Нийгэм дэх бүлгүүдийн байршлын иймэрхүү хуваарилалт нь тэнэг мулгуучуудын хорлон сүйтгэх ажиллагааг улам өргөжүүлж, улс орон мөхөл рүүгээ шулуухан өнхөрдөг ажээ.
Эх сурвалж: Русский English Italiano
График: Хувь хүний өөртөө болон бусдад хүргэх ашиг тус, учруулах хор хохирол. Intelligent people (top right); Naive people (top left) ;Pillagers (bottom right); Stupid people (bottom left).
http://en.wikipedia.org/wiki/File:Rsiccc.jpg#file
- Ухаантнууд-Intelligent people (баруун дээд), нийгмийн баялаг бүтээхэд хувь нэмрээ оруулж, энэхүү хувь нэмэр нь бусдад болон өөрт нь харилцан ашигтай байдаг иргэд
- Гэнэн иргэд-Naive people (зүүн дээд), нийгэмд хувь нэмрээ оруулдаг боловч ялангуяа дээрэмчдэд тонуулдаг иргэд Энэ бүлэгт мөн ухамсартайгаар нийгмийн сайн сайхны төлөө хүч, хөдөлмөрөө зориулдаг хүмүүс мөн багтана.
- Дээрэмчид-Bandits (баруун доод), өөрийн хувийн ашиг сонирхолдоо хөтлөгдөн хийсэн үйлдэл нь нийгмийн нийт сайн сайханд хохирол учруулдаг иргэд
- Тэнэг хүмүүс-Stupid people (зүүн доод), үйл ажиллагаа нь өөрсдөд нь болон бусдад хор хохиролтой иргэд
- Арчаагүй/үр ашиггүй хүмүүс- Helpless/ineffectual people (төв)
2014.01.05. 11:30PM
@altanalim