Тэтгэлэг горилогсдод тусламж

Archive for the ‘Duriin Sedev’ Category

Гурван үгтэй онигоо: НҮҮДЭЛЧИД ХОТ БАЙГУУЛАВ

Хот бол хамтын нөөц. Уг нөөцийг удирдахдаа нийгэм-орон зай-түр холбоосыг асар том СҮЛЖЭЭ гэж харж хийдэг байна.

ХОТЫН ӨНГӨ ТӨРХ
Бүх хот өөрийн өнгө төрхтэй, дээр нь гол гол ландмарк буюу танил болсон байгууламжтай. Онол ёсоор бол хотын өнгө төрх гэж яг юуг хэлээд байна гэхээр газарзүйн хувьд тухайн хот, хүрээлэн буй орчныг нь төлөөлж, энэ хоёрыг хооронд нь эсрэгцүүлсэн тийм төсөөллийг хэлдэг гэнэ дээ. Хуучин Сүхийн хөшөө, төв талбай (2020 онд дахиад Чингис болж магадгүй тул яршиг Төв талбай гээд нэрлэчихъе) Зайсан толгойн хөшөө Богд уул байлаа л даа. Одоо бол Чойжин ламын музей Блю Скай хоёр болжээ.

Жич: Blue Sky гадаадууд V-jay Building гэдэг. Талбай дээрээс харахаар нээрээ яг тийм харагддаг юм билээ. Монголчууд болохоор Сэлмэн байшин. Далай үзээгүй эх газрын иргэдэд архитекторын санаа ингэж бууж байна даа. Кккк

Харууц сайтай, УБ аль ч цэгээс сайхан харагддаг байсан уулаа яр шиг байшингаар дүүргээд авлаа. Гэр хэлбэрээр хотоо төлөвлөн хотын төвийг дүүргээс зааглаж байсан хэсгүүдээ барилгажуулаад хаялаа. Уг нь энэ хэсгүүд салхины коридор, газар хөдлөхөд амь гарсангууд нь цуглах орчин, ногоон байгууламж, машины зогсоол гм юм барих стратегийн зорилготойгоор хадгалсан газар байв.
Жич: Саяхан УБ бүх сургуулиуд гамшгаас хамгаалах төлөвлөгөөтэй болж гэнэ. Сайхан хэрэг. Цуглах цэг болох спорт талбайдаа өндөр байшин чихсэн тэр сургуулиудын гамшгийн төлөвлөгөө нь яг яана гэсэн байдаг бол? Кккк

ХОТ бол СОЁЛ
Тухайн үндэстний соёлын илрэл хотдоо байна. Европын эртний хотууд гадаад халдлагаас хамгаалагдахын тулд өндөр хэрмээр хүрээлэгдсэн байдаг. Италийн Умбрияд Орвието гээд цул чулуун уулан дээр байгуулагдсан Этраскан үеийн хот байх. Тэр хот хаалгаа хаахад дотроо усан хангамжтай. Хүнсэндээ тагтаа хэрэглээд хэдэн ямаагаа сааж уугаад амьдраад л байхаар юм билээ. Хотын талбай төв талбайд нь худаг сүм хоёр нь байна. Нарийхан, чулуун замтай гудам үүссэн гол үндэслэл нь худгаас усаа авах.

Хөвсгөл аймгийн төвд очиж үзсэн бол хот хэрхэн үүсч бий болдгийг, соёл нь хэрхэн тогтдогийг, түүнийг яаж удирддагийг харах боломжтой. Худаг, халуун усны байршил бүгд босоо чиглэлийн замын дагуу байна. Хуучин хороонууд нь дан гудамжтай бол сүүлийн үед хоёр эгнээг нийлүүлсэн блокийн системд шилжсэн төлөвлөлт хийжээ. Дэд бүтэц тавихад зардал хамгийн сайн хэмнэх оновчтой суурь нөхцөл. Халуун ус, худагтай ойролцоо хэсэгт дэлгүүр, банкны салбар нээгдэж бизнесийн төвүүд болж төрхжиж эхэлсэн байна. Энэ хот ирээдүйдээ барууны хот байгуулалтын загвар буюу хотын бизнес төв, суурьшлын бүс гэсэн тод ялгаатайгаар хөгжинө. Энэ өнгө төрхөө ч олж.

Жич: Хөвсгөлд өдий хүртэл хадгалагдаж буй нэг соёл нь албан газар, айл бүр гутлын гөвүүр үүдэндээ тавьдаг хэвээрээ.

Улаанбаатар хотын соёл том машинтай хотын өнгө төрхтэй. Энэ хотод хүүхэд, хөгшид амьдрах боломжгүй. Худлаа гэвэл гадаа гараад алх. Чөлөөтэй тайван алхах газар байхгүй. Явган хүний замын өргөнийг нэг талаас нь жижиг худалдаачид, нөгөө талаас нь том жип, автобус шахдаг тул хоёроос илүү хүн хамт зэрэгцэж алхах боломжгүй. Гэсэр уулзвараас Зоос гоёлын уулзвар хүртэлх замын голын ногоон байгууламж үлдэж. Бусдыг нь бүгдийг хяргаад замаа өргөтгөчихсөн. Бөглөрөөг шийдэж байгаа царай нь.

Бөглөрөө
Машин бол тансаг хэрэглээ. Онол номлолоороо ч тэр, бодит эдийн засагт ч тэр. Хүйтэн бүсийн ийм хотод дулаан гараашгүй бол амбан явахгүй. Дулаан гарааш нь нэг өрөө байрны өртөгтэй. Бензин гаднаас, сэлбэг гаднаас, байгаа машинууд нь дэлхийн хогны цуглуулга. Нийтийн тээврээ хөгжүүлэхгүйгээр түгжрэлээ шийдэх боломжгүй.

Нийтийн тээврээр зорчигчийн 5 хүний 3 нь оюутан, хүүхэд, хөнгөлөлттэй зорчигч байгаа нөхцөлд энэ салбар амиа зогоох төдий. Хэрэв би хотын дарга байсансан бол зүүн эргэхгүй гэж ёмбоорч байхаар хот нэвт явдаг чиглэлээ тролейбусанд өгөөд салбарлахыг нь автобус компаниудад өгнө. Тухайн үед өндөр үнээр тавьсан энэ дэд бүтцийг тултал нь ашиглахгүй, метро барина ч гэх шиг ёоёотож өгөх юм

Жич: УИХ-ын өмнөх фонтаны дайн чинь манай хотод газрын дайн гадаргуугаас нуувч руу шилжсэнийг нотлов.

ХОТЫН ЗАСАГЛАЛ
Ер нь бол Сүхбаатар дүүргийг л УБ хот гээд бусад дүүрэгт нь дагуул хотын статус өгчих хэрэгтэй. Тэгвэл УБ хот гэдэг данхар том улс доторх улс устаж, дүүрэг нэг аймгийн түвшинд, хороо сумын түвшинд очно. Хөрөнгө оруулалтын төлөвлөлт хийхэд гардаг хэл ам, хэрүүл тэмцэл, дивтаатуудын байгаа жаахнаа чангаадаг нь багасна. Сонгуулийн тойрог яг л хүн амын тоогоо дагадаг биз дээ. УБ хотоо уламжлал ёсоор Төв аймгийнхан, СХД-ээ баруун бүсийнхэн, БЗД зүүн бүсийнхэн гээд өнөө олон жил ярьж буй бүсчилсэн хөгжил чинь жинхэнэ утгаараа гараад ирнэ ш дээ. Монголд хамгийн хүчирхэг нутгийн зөвлөлүүд дүүргээ ч аймаг орон нутгаа ч хөгжүүлээд явна биз. Эзлэгдсэн хотынхон СБ дүүрэгтэйгээ л үзэж тар.

Жич: Оюутны хотхоныг хотоос гаргах тухай

Нөхөд өө! Бид ирээдүйд суурин газар ажиллах иргэншсэн мэргэжилтнийг бэлдэж буй. Хэрэв залуу хүн хотод орж ирээд иргэншиж чадахгүй буцах аваас энэ олон дээд сургуулиар яадаг юм бэ. Бүгдийг нь хаа.

Эцэст нь хэлэхэд иргэншсэн хүний шинж нь ОРОЛЦОО. Хотын иргэн та хорооны, СӨХ-ны хуралд хэдэн удаа сууснаа тоолоорой. Шөнө дөлөөр хана өрөмддөг, хогоо орцондоо хаядаг гаруудтай хэрхэн тэмцсэнээ тунгаагаарай.

Advertisements
Зураг

Тэдний араншин-פֶּסַח‎

Seder

Чөлөө

Нар ээсэн намрын шар өдөр. Хүйтэн өвөл бүх хүчээрээ, эргэлт буцалтгүй дайрахын өмнөх бяцхан чөлөө. Хөлөөр нэг хөглөрөх шар навчис, хамгийн сүүлд хагдран унадаг ногоон бут. Хар бараан хувцастай, баргар царайтай алхах хүмүүс. Салхиар туугдан ирэх “мөнгө, яанаа, банк, зээл, эмнэлэг, цалин” гм үгс. Энэ их буцалсан амьдрал дунд юунд ч юм баярлан байдгаараа инээх жаахан хүүхдүүд.

Таван настай энхрийхэн Хулан. Хөл муутай хэдий ч үеийнхнээсээ хоцрохгүй гэсэндээ байдаг чадлаараа хурдлах энэ амьтныг харах бүрдээ харгис ертөнцөд яаж шуу цаашаа амьдрах бол гэхээс санаа зовнино. Аль л хөөрхөн, гоё гэснийг бэлэглэхийг хичээж, азгүй зохиолоор эрэмдэг болсон түүнийг хатуу тавиланг чадлынхаа хэрээр зөөллөхийг хичээнэ. Зайлуул, муу эх нь хамаг л арга чарга, эмнэлэг домнологыг гүйцээж байна. Сайн санаж танихгүй нэгний хэлсэн сайн гэсэн бүхэн рүү л гүйх юм. Мөнгө бурхан болсон энэ улсад олдог хэдэн төгрөгөө луйварчдад барсаар. Охинтой нь ижилхэн оноштой хэний хүүхэд дөрвөн үе дамжсан удамтай домчоор хануулаад сайжирсан тухай намуухан дуугаар хүүрнэх танил бүсгүй. Жижигхэн хайсан дээгүүр давах гэж тонгройтож унаад чанга уйлах гэснээ үеийн хүү нь харж байгааг мэдэнгүүтээ больж, ээж рүүгээ харж инээх охин. Намайг түүн рүү инээмсэглэхэд хөл нь ороолдон хариугүй уначихмаар харагдах ч чээжин биеэрээ байдгаараа урагш тэмүүлэн ирж, хөлийг минь тэврээд нүүрээ наав.

Миний дотор хоёр хүн хэрэлдэнэ. Хэрэв би үнэнийг хэлбэл энэ бүсгүй надад хязгааргүй гомдовч өнөөгийн амьдралд нь нэмэртэй шийдвэр гаргахад нөлөөлж болно. Нөгөө талдаа бяцхан ч гэсэн асч буй найдварын зулыг нь бөхөөх үг хэлэх би хэнсэн билээ.

Охины сэвлэг нь чийгтэн, хөлөрчээ. Малгайг нь өмсүүлэхэд өмнө минь тэгш, номхон зогсож, бүрэн дүүрэн итгэсэн, гуниггүй хархан нүдээр өмнөөс минь харав.

Ээж нь явахаар бослоо. Хэдийгээр цахлан эсэргүүцэвч тэргэнд нь суулган чангаар уйлахыг үл тоон бид хөдлөв. Шар навч, хог нь хальсан хогийн сав. Тэрэг түрсэн байтугай эрүүл хүн явахад аюултай гудамж талбай, хот орон. Салахдаа хэдэн төгрөг өгөв. Үүнээс илүүг хийж чадахгүй эгчийгээ өршөөгөөрэй Хулаан!

 

Эрүүл энхийн жаргалан

Д. Нацагдоржийн алдартай шүлгийг амандаа маань мэгзэм шиг уншаад л эрүүл амьдарчих гээд амь тэмцэж яваа нэгэн эмэгтэйн түүх оршвой.

Нас явах ч лүд юмаа гээл эрэгнэг, диван хавьцаагаа эргэлдсэн шиг. Эрүүл саруул урт насалчих гээд үзэж тарж байна. Эрүүл мэндийн салбарыг болж бүтэхгүйгээр нь хангалттай шүүмжилдэг тул болж бүтэх гээд байгаа зүйлийг нь өөрийн туршлага дээрээ үндэслэн бичье.

  1. Өрхийн эмнэлэг

Манай өрхийн эмнэлэг хаа байдгийг ч мэддэггүй 2000-д оныг үдэж. Өвөө эмээ нар даралтаа үзүүлдэг нэг тийм газар байдаг гэдгийг онолын хувьд мэдэх ч яг юу хийдэг, ямар үйлчилгээ үзүүлдэг, санхүүжилт нь хаанаас гм сонирхдоггүй байж.

1999 оноос эхлэн АХБ-ны санхүүжилтээр “Эрүүл мэндийн салбарын хөгжил” төслийн хүрээнд хүн амд эмнэлгийн тусламж үйлчилгээг ойртуулах зорилгоор энэ тогтолцоог байгуулжээ.

Санхүүжилт: Төсвөөс 100%  байснаа аажмаар ЭМД-аас санхүүжүүлэх рүү шилжиж байгаа. (2008 оны үед лавтай 40:60 харьцаатай байж) Тухайн хамрах хүрээнд бүртгэлтэй оршин суугаа нэг хүнд ноогдох зардалд үндэслэн олгодог. Тэр нэг оршин суугчаа тооцохдоо баян ядуу, байшин гэр, УБ хөдөө гэх мэтээр ангилан үзэж хувьсах зардал тооцон санхүүжилт хийдэг, зардлын хэмжээг мэдээж Засгийн газар тогтооно  Хамгийн сонирхолтой нь энэхүү төвүүд нь Нөхөрлөлийн тухай хуулиар зохицуулагддаг аж.

Өрхийн эмнэлгийн давуу тал.

  1. Гэрийн ойрхон, хорооны хажууд
  2. Цаг авах шаардлагагүй. Үүдэнд нь өтгөс нялхастай зад оочирлож байгаал ажлын 8 цагийн хугацаанд орчихно
  3. Эмчийн үзлэг, акт бичиж өгнө, бас эм бичиж өгнө. Хөнгөлөлттэй эмийн бланкыг тэтгэврийнхэн, хүүхдүүдэд л бичдэг бололтой. Ганц удаа хөнгөлөлттэйгээр эм авч үзээгүй хүн байнаа байна.
  4. Эмчийн заавраар дусал, шарлага, тариа, зүрхний бичлэг хийнэ.
  5. Шээс, цусны ерөнхий шинжилгээ өгчихнө. Дүүргийн эмнэлгийн лаб руу явдаг тул өдөрт тооны хязгаартай. Бас эмчийн бичгээр
  6. Улс даяар явж байгаа дархлаажуулалт, умайн хүзүүний эсийн шинжилгээг авчихна.
  7. Дүүргийн эмнэлэг рүү илгээнэ. Тэнд нь бол оочир дугаар, цаг авна. Тэндээсээ бүр хэцүүдвэл 1, 3, хавдар гм эмнэлэг рүү явна. Халдварт өвчний хувьд шууд тийшээ.

Тэгэхээр гол ачаалал өрхийн эмнэлэг дээр байгааз? Хотын төв болоод чиг тэр үү, манай өрхийн эмнэлэг лавтай сүүлийн 8 жилд нөөц сайтай болсон.  Хөгжиж байгаа байтугай Англи, Австралийн туршлагатайгаа харьцуулахуйц үйлчилгээ үзүүлж чадаж байгаа. Тийм болохоор надад муулах үндэслэл алгаа. Тэгж ярих юм бол тэнд чинь чи ярьж, бас гарын үсэг зурсаар эмчид үзүүлж буй хамаг цагаа авдаг гэж өмнө энд бичсэн байгаа.

Дүүргийн эмнэлэг

2-р шаталбарын энэ эмнэлэг нь хэвтэн эмчилдэг эмнэлэгтэй. Бас өдрийн амбулатор эмчилгээтэй Зайлшгүй хэвтэж эмчлүүлэх шаардлагатай хүмүүс гэхээсээ илүүтэй сувилал хэлбэрээр ашиглагдах нь элбэг.Хүүхэд, мэс заслын тасаг нь яалт ч үгүй зайлшгүйчүүд очдог байх.

Чингэлтэй дүүргийн эмнэлэгт гурван удаа үзүүлсэн.  Анх утсаар цаг авсан бөгөөд миний тухай мэдээлэл огт байдаггүйг хэлэв. Анх удаа л улсын эмнэлэг явж байна гээд үнэнээ л хэллээ. Хамаг мэдээллийг маань гялалзтал шивж оруулаад дор нь цаг өгөв. Мэс заслын эмч залуухан бүсгүй манайд энэ шинжилгээг хийдэггүй, та 1-р эмнэлэг явах уу гээд 13 гэдэгт маягт гээчийг өгсөнөөр тийшээ явсан түүхтэй. Энэ талаар дараагийн бүлэгт гарах тул тэвчээртэй цааш уншаарай.

Хоёр дахь удаад нүдэнд юм ороод ажлаасаа харайлгаж очтол цаг байхгүй гээд төлбөртэй үйлчилгээ авч болохыг үүдний бүртгэл нь эелдэг гэгч нь хэлж, нүдний эмч дээр учир байдлаа хэлж мөнгө төлж байгаад үзүүлсэн

Гурав дах нь саяхан зүрхний эмч явлаа. Өнгөрсөн хавар гэнэт эрүүл мэндээ анхаарч жимэнд явав. Нэг юманд донтохоороо тултал донтдог зантай хүн чинь ачааллаа хэтрүүлсэн юм байлгүй зүрхээр хатгуулж өвдөв. Тэр үедээ зүрхний бичлэг хийлгэхэд зүгээр байсан тул тэгсгээд орхисон саяхнаас бүр их хатгуулан өвдлөө дөө. Өмнөх Баасанд нь  утасдаад бараагүй тул өөрийн биеэр очиж үүдэнд нь оочирлон 78 хүний дараа 32 минут хүлээсний эцэст очиж маргаашийн 14.30-д цаг авлаа.

Маргааш нь очлоо. Яг л австрали шиг бүртгэлийн системд нь лавтай дотроо холбогдсон болтой юм. Өрх дээрээ хийлгэсэн зүрхний бичлэгээ өмнө хийлгэж байсан бүх бичлэгтэйгээ хамт үзүүллээ (Дөхх. миний өвчний түүх гэж хоёр дэвтэр, бас 2 СД байдаг юм КККК). Тэгсэн хэлж байнаа та зүрхний эхо хийлгэ гэж. Өөрөө ухаж мэдсэн зөвхөн 3-р эмнэлэгт хийдэг прононин энзимны шинжилгээг хэлтэл “Өө тэрийг тань шиг ийм хүнд үзэхгүй, тэр чинь үнэтэй” гэв. Тэгээд 13-р маягт авах хүсэлтэйгээ хэлтэл та манай дүүргийн зөвлөх эмч байсан багшид үзүүл. Хувийн эмнэлэгтэй энд гээд уриалгахан нь аргагүй заагаад явууллаа даа. Найзын эгч алдартай зүрхний эмч байдаг, ЭХО нь ажиллахгүй байгаа юм байна. Өөр нэг эмч зааж өглөө. Тэр нь хол юм. Хамгийн хачирхалтай нь зүрхний ЭХО гээчийг хийх төлбөртэй үйлчилгээ нь дүүргийн эмнэлгийн даргын баталсан тамгатай бичгэн дээр байсан төдийгүй үүдэндээ ил тод наасан байв. Тэгэхээр тус эмнэлэгт зүрхний ЭХО байх магадлалтай төдийгүй тухайн эмч ядаж энэ тухай надад хэлээгүйд нь гайхсангүй.Учир нь таньдаг хүнээ зааж өгдөг тэр нь тухайн эмчид төлбөрийн 15%-р орлого болж очдог тухай сонсож байсан болохоор Эвдэрсэн байсан юм болов уу даа гэж эерүүлэн бодоод зааж өгсөн эмч рүү нь очив.

“Багадаа хоолой их өвдөж байснаас зүрхэнд нөлөөлсөн. Гэхдээ энэ бол зүрх, судасны өвчинтэй харьцуулахад айхтар зүйл биш” гэв. Би хэллээ, яахав бид өндөр уулын бүсд амьдардаг, тэгээд чиг хоолой нь өвдөөгүй монгол хүн байдаггүй байхөө. Сайн тал нь хавдар тусаж чадарснаас зүрхээр явчихвал амархан юм даа.. Эмч инээж байна, тань шиг ингэж өөдрөгөөр боддог хүн олон бол би ажилгүй болноо. Манайхан чинь заавал нэг өвчин олох гээд чичрээд дайрчихдаг юмаа л гэж байна. Кккк

3: Улсын том эмнэлэг

Хоёр гурван жилийн өмнө болох юм уу даа, 1-р эмнэлэг гээчид очлоо. Гол шалтгаан нь өтгөн хатсан, цустай гарсан. Манайхан хоол боловсруулах замын хавдраар өвчлөх магадлал өндөр тул Сонгдод 4 жилд нэг үзүүлдэг юм. Өвчний шинж тэмдэг нь Баримт бичгээ өгтөл гялс тэр дор нь цаг өгчихлөө. Оочир дугааргүй хурдан л шийдэв. Барууны эмнэлэг шиг зүг чиг заасан тэмдэг тэмдэглэгээ өнгөний ялгарал сайтай, бас дотор нь кофе шоптой гм. Проктологийн эмчийн үүдэнд нь очтол яг миний цагтай ижил цагтай 3-4 ч хүн байх юм. Давхардуулж олгодог юм байх даа гэж гайхав.За тэгээд ороод л учир явдлаа ярилаа. Цаад орон дээрээ өвдөглөөд тонгойж бай гэв. Ккк Хаалт итар байхгүй. Цагаан мах нь эргээд бүр эвхэрчихсэн нэг эрэгтэй хүн хүнээр түшүүлсээр орж ирэв. Тэгсэн өнөө эмч залуу хуруундаа бээлий углаж байгаад нэг шургуулж үзээд л боллоо гэв. Гэрэлтэй зонд шургуулж харах юм бодсон чинь их санасан газар хоосон хоцровоо. Эм бичиж өгөөд (Даатгалын талаар юу ч дурдсангүй!) зүв зүгээр. Таны хоолны найрлага өөрчлөгдсөн болохоор гадаадад байжаагаад ирсэн хүмүүс ингээд байдаг юм. Энэ эмчилгээг хийлгээд зүв зүгээр. Сонгдодоо үргэлжлүүлэн үзүүлж харуулаад байгаарай гэж байна.

Дараагийн удаад нь нэг дүүгээ дагуулан MRI гээчид нь харуулахаар очив. Харин хаа очиж рентген кабинетынх нь үүдэнд жирэмсэн бол хэлээрэй гэсэн бичиг байв. Өмнө нь жирэмсний хяналтад ороход заавал рентген зураг авахуулах ёстой ч бил үү нэг тийм домбоо юм байсан. Сайн тал руугаа өөрчлөгдсөн бололтой. Хамгийн хөгжилтэй нь бүхэл биеэр нь харах боломжгүй, зөвхөн тодорхой хэсгийг л хардаг гэнэ. Миний ойлгосноор ихэнх хүмүүс тархи толгой, нуруу нугас л их харуулдаг бололтой юм байна лээ. Хувийн биш, улсын эмнэлгийг сонгосон нь аминдаа төсвийн мөнгөөр авчихсан юм чинь өртгөө нөхөхөд нь ядаж туслаж байгаа, бас улсын эмнэлгийн ачаалал өндөр учраас техникчид, эмч нар нь олон тохиолдолтой таарсан, туршлагатай гэж сэтгэсэн хэрэг.

Хэвлэл мэдээллээс харахад нээрээ л хувийн эмнэлэгт болохоо болихоороо улсын эмнэлэг бараадаж байгаа дүр зураг харагдах. Ялангуяа, эх нялхас, төрөхийн асуудлаар.

Энэ бүхнээс харахад хүүхдийн найз хэн бэ? Эмээ өвөө гэдэг шиг эрүүл мэндийн тал дээр чиний хамгийн сайн найз өрхийн эмч. Мэдээж эрхзүйн тогтолцооны хувьд асуудалтай ч гэсэн анхан шатны чанартай үйлчилгээг бид авч чадаж байна. Эрүүл мэнд төрийн өмч байсан социализм дууссан өнөө үед хувь хүний төдийгүй нийгмийн хамгийн том капитал эрүүл, боловсролтой иргэн. Ийм болохоор иргэн бүр өөрийн эрүүл мэндэд анхаарч залуу наснаасаа биеэ хайрлаарай. Хайрладаггүй юмаа гэхэд багахан шинж тэмдэг гарангуут л арга хэмжээ аваарай. Интернетэд энэ тухай олон нийтэд зориулсан мэдээлэл маш их болжээ. Шамбарамын талаар энэ нэвтрүүлэг их хөөрхөн, заавал үзээрэй.

Зүрх судасны өвчин, хавдар нь үхлийн голлох шалтгаан болсон улсад эрт оношилгоо илрүүлэлт хамгийн чухал.

Жаргалан, жаргалан, жаргалан
Энэ ертөнцийн түмэн жаргалан
Түүний доторх чухам жаргалан
Эрүүл энхийн нэгэн жаргалан

Залуу бие эрүүл бол
Өдөр бүр амгалан
Нэгэн өдрийн амгалан
Мянган жаргалын үүд

Өтгөс өвгөд эрүүл бол
Насан бартал амар
Амар байж нөгчвөл
Орчлонд төрсний гавьяа

Жаргалыг хүсвэл
Эрүүлийг хүс,
Эрүүлийг хүсвэл
Эмнэлгийг хүс [Д.Нацагдорж]

Жич: Ганц санаа хэлэхэд эрүүл мэндийн мэдээллийн системээ өрх-дүүрэг-эмнэлэг-даатгал-төрийн сан гэсэн сүлжээ холбоостой хийчихвэл асуудал уг нь цэгцэрчихээр л юм билээ. Удахгүй байхаа.

 

Social Good Summit

Долоо хоногийн өмнө НҮБ-с дэлхий дахинд зэрэг зохион байгуулдаг залуучуудын  чуулга уулзалтад Мэдээлэл харилцааны технологи ба жендэрт суурилсан хүчирхийллийг таслан зогсоох салбар хуралдаанд чиглүүлэгчээр оролцов. Залуучуудын идэвх, үзэл бодлоо илэрхийлэх чадвар, хүчирхийллийг үзэл бодол 10 жил байтугай таван жилийн өмнөх юмгүй өөрчлөгджээ.

Миний харсан хамгийн том ололт нь хүчирхийлэл байж болшгүй зүйл гэдэгтэй бүгд санал нийлж байна. Ийм шинэ үе өсч өндийж байгааг хараад хонгилын үзүүрт гэрэл харагдана гэдэг л боллоо.

Хүчирхийлэлд өртсөн хүмүүс, ялангуяа гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүд яагаад уг харилцааг зогсоож чаддаггүй юм бол гэж олон хүн гайхдаг. Хүчирхийлэгч нь хохирогчийг эрхэндээ байлгах сэтгэлзүйн маш зэвүүн арга техник хэрэглэж, хувь хүнийх нь хувьд нухчин дардаг юм. Хүсэл зоригоо нухчин даруулсан хүн рациональ, эрүүл шийдвэр гаргах боломжгүй. Яг л улстөрчид яаж тархи угаадаг шиг процесс тухайн гэр бүлд болдог.

1-р үе

Хувь хүний эрхэм чанар руу дайрах

Хэн нэгнийг хяналтандаа байлгахын тул өөрийгөө үнэлэх үнэлэмж, эрхэм чанар руу давшилдаг. Бүр тухайн хохирогч өөртөө эргэлзтэл нь шүү Жишээ: Унхиагүй, ажилгүй, муу ээж, царай муутай, хэн чамайг тоодог юм гм

Өдөр бүр үүнийгээ давтсаар байх тул хохирогч нэг л мэдэхэд өөртөө төдийгүй өмнө нь гүн итгэдэг байсан зүйлдээ хүртэл эргэлзэж эхэлдэг байна. Үр дүнд нь хүчирхийлэгчтэй ижилхэн үнэт зүйлийн нэгдмэл ойлголттой болж эхэлдэг.

Тархи угаалтын гол санаа нь хуучин үнэт зүйлийн системий нь нурааж, хүчирхийлэгчтэй төстэй  шинэ итгэл үнэмшилтэй болдог. Хэдийгээр сэтгэл санааны хүчирхийлэл нь зогссон байсан ч гэсэн үнэт зүйлийн шилжилт хадгалагдсаар байдаг.

3. Буруутан болох

Хүний сэтгэлзүйг удирдахад буруутай мэт мэдрэмж төрүүлэх нь маш үр дүнтэй тактик юм. Том жижиг ямар ч зүйлд, тэр байтугай ямар ч хамааралгүй зүйлд хүртэл  хохирогчийг буруутгадаг.

“Чиний буруу.. Чамаас болж л би энийг хийсэн”

Бухлын чинээ асуудлыг уулын чинээ болгон сүр бадруулах нь хүчирхийлэгчийн гол шинж. Өөрөө өндөг шиг өөгүй, харин хохирогч л өөрийнх нь тарьсан асуудалд буруутай гэж хариуцлагыг шилжүүлж, буруутгадаг. “Хэрэв чи эхэлж хэрүүл өдөөгүй бол би чамайг юу гэж цохих юм”

Санал нийлэхгүй байгаа нь хохирогчийн буруу, юу ч хийсэн санаанд нь хэзээ ч хүрдэггүй.

Гол нь хохирогч хувь хүний үнэлэмжээ сольсны дараа буруутай учраас шийтгүүлэхэд сэтгэлзүйн хувьд бэлэн болсон байдаг. Буруугаа “ухаарснаар” дотроо гэмшиж эхлэснээр хувь хүний өөртөө итгэх байдал, үнэ цэнээ алдаж эхэлдэг байна.  Юу ч хийсэн, хэлсэн ярьсан буруутан болсоор нэг л мэдэхэд хохирогч өөрөө буруу зүйл хийдэг муу хүн мэтээр өөрийгөө төсөөлөн бодож эхэлдэг аж.

3. Өөрөөсөө урвах

Буруутай муу хүн болохдоо итгэснээр өөрийгөө хайхрахаа больж өөрт нь муугаар тусах шийдвэр гаргаж эхэлдэг. Энэ үед нийтлэг үнэт зүйл, ааш араншин бүхий сайн найз нөхөд гэр бүлээсэ харилцаа холбоогоо таслан нийгмээс өөрийгөө тусгааарлаж эхэлдэг. Учир нь хүчирхийлэгч хохирогчийн найз нөхөд, гэр бүл нь тэдний харилцаанд нөлөөлөх аюултай гэж үздэг. Харилцаанд нь үүсч байгаа аливаа асуудалд гэр бүл, найз нарыг нь буруутгадаг.

“Танай ээж ингэдэг, тэр найз чинь ганц бие болохоороо атаархаж байгаам”. Нийтлэг үнэт зүйл бүхий дотно найз нөхөд, гэр бүлээсээ  урваж буй мэдрэмж нь хохирогчид хүндээр тусаж, дотроо улам их шаналдаг. Хохирогч ганцаардах тусмаа хүчирхийлэгчээс илүү их хамааралтай болох нь хууль

4.Хугарлын цэг

Хохирогч энэ үед өөрийгөө танихаа больсон, тэр байтугай бодит байдлыг эрүү саруул ухаанаар цэгнэх чадваргүй болсон байх нь бий. Энэ үед нөгөө хүний мэдэрч, ойлгож байгаа зүйлийг сааруулах техник өргөн хэрэглэгдэнэ.

“Чи солиорчиж. Ийм юм ерөөсөө болоогүй.”
“Битгий худлаагаасаа зохиогоод бай.”
“Хар өвчин тусчээ чи”

Үүнээс болж хохирогчийн бодит байдлын тухай ойлголт улам гажина. Учрыг нь олохоор хариулт байнга хайж, тайван бус болж, нойргүйдэлд, хардалтын донд нэрвэгддэг. Зарим мэргэжилтнүүд үүнийг сэтгэцийн хямрал гэж нэрлэх нь бий. Удаан хугацаанд сэтгэл санааны хүчирхийлэлд байснаар ядарч туйлдан ямар ч гэрэл гэгээтэй зүйлийг харахаа больж, арчаагүй нэгэн болж хувирдаг. Хохирогчийн бодох чадвар нь маш гүнзгий хямарснаар өдөр тутам хэвийн амьдрах боломжгүй болдог.

II үе шат

5. Аврагчийн дүр

Хохирогч цаашид тэвчих боломжгүй тийм нөхцөл байдалд ороход хүчирхийлэгч аврагч болж хувирдаг. Сэтгэлзүйн дарамтанд байлгаж байхдаа маш өчүүхэн зүйлд өгөөмөр зан гарган хэдийгээр үүрч байгаа зовлон шаналалтай нь харьцуулахад өчүүхэн зүйл байлаа ч хохирогчид маш хүчтэй талархах сэтгэл төрдөг

Бодит байдлыг бүрэн дүүрэн зөвөөр хүлээн авах чадвар нь гажсан тул маш бяцхан өгөөмөр зан нь хэд дахин үржигдсэн хэлбэрээр сэтгэлзүйд нь маш хүчтэй нөлөөлж хүчирхийлэгчид улам хамаатуулж өгдөг аж. Хэдий өдрийн од шиг ч гэсэн аяга цай дөхүүлж өгөх, тэврэх, магтах нь хуурамч найдвар төрүүлнэ. Иймэрхүү “сайхан зан” гаргах тоог олшруулахын тулд хөөрхий хохирогчид илүү их тэвчих, хичээх сэдлийг төрүүлнэ. Хүчирхийлэгч нэг өдөр хайлсан тугалга шиг, маргааш нь арслан заан шиг муухай аашлан ойлгомжгүй, олон ааштай байх  нь маш их стресст оруулдаг юм.

 

6. “Буруугаа” хүлээх хүсэл

Хатуу харгис шүүмжлэлийн хооронд багахан хэмжээний сайхан зангийн хариуд шүүмжлэлийг талархан хүлээн авдаг болж, энэ үедээ өөртөө байгаа “муу муухайгаа” олж илрүүлж, засаж залруулахыг оролдоно. Энэ нь шинэ “хувь хүн” болгож хувиран, хүчирхийлэгчийн үнэлэмж, итгэл үнэмшлийг өөртөө наадаг. Энэ үедээ хохирогч хэлсэн бүрийг нь  гүйцэтгэх хүсэл дүүрэн байдаг байна.

7. Буруугаа хүлээх

Хохирогч чухам юуг буруу хийснээ ойлгодоггүй ч өөрийнх нь буруу гэдгээ мэддэг. Ингээд ч зогсохгүй түүний үнэлэмж, ертөнцийг үзэх үзэл нь асуудалтай тул хүчирхийлэгчийн зөв гэж итгэн, түүний үгэнд хөтлөгдөн өөрийн бодит мөн чанараасаа ичдэг.

8. Өөрийгөө устгах

Энэ үедээ асуудал тэдэнд биш, үнэлэмжийн системд байгаад үнэмшин хэрэв үүнийгээ өөрчилчих юм бол буруутахаа болино гэж итгэдэг. Ийм учраас хуучин найз нөхөд, гэр бүлээсээ зугтааж, хуучин итгэл үнэмшлээрээ хийж байсан зүйлийнхээ талаар нээлттэй ярина. Ингэснээр хуучин үнэлэмжээсээ татгалзах үйл явц дуусгавар болно.

Энэхүү тактик нь олзлогдсон цэргүүд, эсхүл шашны культын гишүүдэд хэрэглэдэг аргатай ижил. Гэр бүлийн хүчирхийллийн хувьд тархи угаах энэ үйл ажиллалаа алхам алхамаар тасралтгүй хэрэгжин, хохирогч хяналтаас нь гарч байгаа мэдрэмж төрөх бүрт хувь хүний үнэ цэнийг нь доромжлон шинэ цикль эхлүүлнэ.  Хамгийн хортой нь хэдийгээр хүчирхийлэлтэй орчноос салсан байсан ч гэлээ хохирогч хүчирхийлэгчийн суулгасан тэрхүү үнэлэмжийн системд итгэсээр байдаг байна. Өөрийгөө олохын тулд хүчирхийллийн хохирогчид олон жил шаардлагатай болох нь бий.

Гэхдээ найдвар бий. Хүчирхийлэл ямагт чимээгүй орчинд амжилт олдог. Хэрэв гэр бүлийн хүчирхийллийн золиос болж, ийм харилцаанаас салсан бол өөрийгөө уучлах нь хамгийн том алхам. Хэрэв та өөрийгөө ийм харилцаанд байгаа гэж бодож байгаа бол тусламж хүсээрэй. Айх ичих хэрэггүй, учир нь энэ таны буруу биш. Хүчирхийлэл зөвхөн чимээгүй орчинд л оршин тогтнодгийг санаарай.

Хэрэв найз нөхөд, ах, эгч, дүү нараас чинь хэн нэгэн ийм нөхцөлд байгаа бол таны тусламж хамгийн их хэрэгтэй. Учир нь хөөрхий тэр хохирогч сэтгэлзүйн хувьд гадны тусламжгүйгээр хүчирхийллийн хар хонгилоос өөрийн хүчээр гарах шаанс бараг байхгүй.

 

 

 

Аялан тоглолт хийгээд ижилсэл

Ийш тийшээ аялан тоглолтоор явахдаа тухайн улс үндэстний онцлог шинжээс гадна ижил төстэй зүйл юу байгааг олж мэдэхийг хичээдэг. Италид хийсэн аялан тоглолтын дүнд олж мэдсэн зүйлсээ хуваалцъя. Тэнд удвал ер нь л италиар ярьчих юм байна лээ дээ.
1. Хүзүү гоёдох
Толгойгоо салхинд цохиулснаас (Colpo d’aria) болж хүзүү гоёдоно (cervicale). Мотоцикльд унах, сундлахдаа заавал малгай өмсөх, алчуур зүүх ёстой. Тэгэхгүй бол хүзүү гоёдоно. Тэд массажилдаг бол бид сайхан залууд “мөргөж” эмчилдэг. 😉
2. Нойтон үс
Усанд орчихоод нойтон үстэй гарахыг үздэггүй. Бид мөн нойтон толгойтой гарвал ханиад хүрнэ гэж үздэг. Шинжлэх ухааны үүднээс тайлбарлавал хүзүү гоёдох, нойтон үстэй гадаа гарснаас болж ханиад хүрэх нь бүгд бие организм богино хугацаанд дулааны хэмийн хэт өөрчлөлтөд ороход физиологийн шок үүсдэг гэдэг онолоос үүдэлтэй.
3.Хооронд нь хольж болохгүй хүнс
Италичууд хоол идсэний дараа каппучино уувал гэдэс өвдөнө гэж үздэг. Бид тараг сүүтэй цайг хольдоггүй.(Адууны махны талаар бас нэг зүйл манайд байдаг. Сайн санахгүй юм). Зарим хүнд (ялангуяа Европ зүгийнхэнд) сүүний уураг задалдаг энзим бага, эсхүл огт байдаггүй. Тэгэхээр эндээс эхтэй онол байх. Тараг, сүүний хувьд тарагны хөрөнгө нь сүүгээ ээдүүлдэг болохоор хооронд нь хольдоггүй.
4. Гаазтай ус хоол боловсруулахад тусладаг.
Манайд Жанчивлан, Оргил гээд рашаан уудаг. Нэг ёсондоо гаазтай ус л юм даа. АПУ Оргилуун гээд сайхан эд гаргасан байна лээ.
5. Италийн уламжлалт апперетиф лимончелло, амаро, граппо хоол боловсруулахад туслана. Бид ч мөн 100гр-даа итгэдэг.
6. Хоол идсэний дараа гурван цагийн дотор усанд сэлэхийг хориглодог. Манайд ч мөн их идсэний дараа усанд орох нь аюултай гэж үздэг. Эргийн харуул хамгаалалт, аврагч муутай Итали, байгалиасаа усанд муу монголчуудын хувьд энэ нь ч өлзийтэй
7. Далайн залхагт хатгуулбал шээс тусална. Халгайнд хатгуулбал шээчихвэл зүгээр болно. Эмчилгээний тос байдаггүй байсан хүй нэгдлийн үеэс гаралтай. Гэхдээ химийн ухаанаар авч үзвэл зөв л дөө.
8. Эйркондиционер өвчин тусгадаг. Италичууд шөнө нь урсаж үхэх шахаж байсан нь эйрконоо асаахаас түдгэлздэг. Азийн орнуудад очихоороо бид мөн эйрконд нь хөлдөж үхэнгээ алдаад хоолой өвдөж эхэлдэг. Гол онол нь №1,2-т бичсэн агаарын хэмийн хэлбэлзэл юм. Учир нь бид гадаа гарч дулаацдаг.

Үргэлжлэл бий…

Саваагүй нохой саранд хуцнаа. Хов хов хов Reloaded

Бахь байдгаараа…

Ойрд Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөр уншиж байна. Күэй, нээрээ, би уншаад уншаад ойлгохгүй байгаа юм. Манай Ерөнхийлөгч чинь нийгмийн хөгжлийн асуудлаар гол шийдвэр гаргагч байсан юм байна лээ ш дээ. Бүдүүлэг, харанхуй би нь болохоор “Ард түмний эв нэгдлийн бэлгэ тэмдэг” төдий л бодож явж. Миний тэгж бодох болсон шалтгаан нь: УИХ-ын тогтоолд хориг тавьдаг ч тэрийг нь нөгөөдүүл нь түй тоож үздэггүй, УИХ нээлт, хаалтын чуулган дээр гишүүдийг өрөөлийн, өөрийн хамаагүй загначихдаг, Цагаан сараар хамгийн дээр суудаг, гадаад элчин сайд, шүүгчдийг томилох шийдвэрийг соёрхдог байсан өмнөх дүр зурагтай холбоотой.

Сонгуулийн стратегийг нь харахаар АН авлигаа яриал байвал сонгогдчихно. МАН нь хүчний харьцааг тэнцвэржүүлэхэд тустай, МАХН болохоор 2 нам ямар ч ялгаагүй гэдэг мессэжтэйгээр үзэж байх шиг байгаа юм. Яахав болж л байна. Ганцхан нэр дэвшигч хувь хүн дээрээ очихоороо л болохоо больчихоод байнаа.

АН-г харахаар аваргаа дэмжмээр, эмэгтэйг нь бодохоор Удвалаа дэмжмээр, ярьж хэлж буйг нь харахаар Ерөнхиийлөгчөө дэмжмээр. Ёстой сонголтгүй сонгууль юмаа. Үзэл баримтлал, агуулга, утга нь зөрчихөөр сонголт хийхэд хэцүү байдаг юм байна. Холимог хуурга, бантан гэдэг л энэ байх даа.

Сөрөг сурталчилгаа харж байхад залуучууд сайхан сэтгэх юмаа. Энэхүү бүтээлч сэтгэлгээг хэрэгтэй зүйлд зарцуулбал бид ч дорхноо л хөгжинө дөө. Би хувьдаа аваргын цэвэр гарыг Дэлхий нийтийн гар угаах өдөр 10сарын 15-ны уриа болгож, аваргыг цэвэр гарны элчээр томилох санал ЭМЯ-нд гаргана гэж бодож байгаа. Реклам, роликт мөнгө зарахгүй, төсөв хэмнэнэ. Халдварт өвчин буурахад тустай. ККК

Хэн хэнийг дэмжиж байгаа нь хамаагүй бүгд саналаа өгөх нь чухал. Хоёр үе шаттай болчихвол бөөн зардал. Дахиал нэг хэсэг сонгуулийн шоу тасрахгүй. Цаана чинь хямрал айсуй…

 

Шошгон цуваа