Тэтгэлэг горилогсдод тусламж

Бахь байдгаараа…

Ойрд Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөр уншиж байна. Күэй, нээрээ, би уншаад уншаад ойлгохгүй байгаа юм. Манай Ерөнхийлөгч чинь нийгмийн хөгжлийн асуудлаар гол шийдвэр гаргагч байсан юм байна лээ ш дээ. Бүдүүлэг, харанхуй би нь болохоор “Ард түмний эв нэгдлийн бэлгэ тэмдэг” төдий л бодож явж. Миний тэгж бодох болсон шалтгаан нь: УИХ-ын тогтоолд хориг тавьдаг ч тэрийг нь нөгөөдүүл нь түй тоож үздэггүй, УИХ нээлт, хаалтын чуулган дээр гишүүдийг өрөөлийн, өөрийн хамаагүй загначихдаг, Цагаан сараар хамгийн дээр суудаг, гадаад элчин сайд, шүүгчдийг томилох шийдвэрийг соёрхдог байсан өмнөх дүр зурагтай холбоотой.

Сонгуулийн стратегийг нь харахаар АН авлигаа яриал байвал сонгогдчихно. МАН нь хүчний харьцааг тэнцвэржүүлэхэд тустай, МАХН болохоор 2 нам ямар ч ялгаагүй гэдэг мессэжтэйгээр үзэж байх шиг байгаа юм. Яахав болж л байна. Ганцхан нэр дэвшигч хувь хүн дээрээ очихоороо л болохоо больчихоод байнаа.

АН-г харахаар аваргаа дэмжмээр, эмэгтэйг нь бодохоор Удвалаа дэмжмээр, ярьж хэлж буйг нь харахаар Ерөнхиийлөгчөө дэмжмээр. Ёстой сонголтгүй сонгууль юмаа. Үзэл баримтлал, агуулга, утга нь зөрчихөөр сонголт хийхэд хэцүү байдаг юм байна. Холимог хуурга, бантан гэдэг л энэ байх даа.

Сөрөг сурталчилгаа харж байхад залуучууд сайхан сэтгэх юмаа. Энэхүү бүтээлч сэтгэлгээг хэрэгтэй зүйлд зарцуулбал бид ч дорхноо л хөгжинө дөө. Би хувьдаа аваргын цэвэр гарыг Дэлхий нийтийн гар угаах өдөр 10сарын 15-ны уриа болгож, аваргыг цэвэр гарны элчээр томилох санал ЭМЯ-нд гаргана гэж бодож байгаа. Реклам, роликт мөнгө зарахгүй, төсөв хэмнэнэ. Халдварт өвчин буурахад тустай. ККК

Хэн хэнийг дэмжиж байгаа нь хамаагүй бүгд саналаа өгөх нь чухал. Хоёр үе шаттай болчихвол бөөн зардал. Дахиал нэг хэсэг сонгуулийн шоу тасрахгүй. Цаана чинь хямрал айсуй…

 

Хүү цонхоор харна. Цонхны цаана үзэгдэх амьдрал бяцхан түүнд ихэд сонин. Хүүгийн ойлгохгүй хэлээр хашгиралдан урт урт зүйл зөөх, бас түн түн, ян, ян гэж дуу гаргах нь гайхмаарч тэртээгээс өглөөд гарч ирдэг том, шар, хурц гэрэлтэй бөмбөг бяцхан түүнд бүр их сонихон. Түүний хувьд хамгийн гоё мөөм шиг нь дугуй, дулаахан, бас удаан харахаар нойр хүргэдэг тэр зүйлийг НАР гэдэг нэртэй гэж ээж нь хэлсэн.

Нөгөө өрөөний цонхоор тусах хурц гэрэл ч бас нар гэдгийг тэр мэднэ. Ганцхан тэр нар бөөрөнхий биш, гялтганасан, гялгар, яг л шоколадны дотор талын мөнгөлөг цааш шиг нэлэнхүйдээ цагаан Яг л тэр цаас шигээ урагдахдаа ч амархан байхдаа гэж бяцхан ухаандаа тунгаана.

Оройд хаашаа ч юм явчихаад, өглөө ирдэг тэр нүд гялбам хурц гэрэлтэй нарнаас хүү огтхон ч айдаггүй. Яагаад гэвэл хүү аав нь хаашаа ч юм явахаар нар ирдэг гэдэгт итгэдэг. Том, хүчтэй аавыгаа байхад тэр бас юунаас ч айдаггүй. Хаяа хмт гадаа гарахад аав нь хүүгээ дээр дээр өргөж тоглоход хамгийн дуртай. Учир нь хүү нөгөө гоё, хачин дулаахан наранд ойртдог юм.

Хүү цонхоор харсаар. Тэр гэнэт юуг ч юм балбан, хоорондоо чанга дуугаар хашгиран ярьдаг хүмүүс харагдахгүй байгааг анзаараадахлаа. Цонхны цаана, маш ойрхон,дээшээ өлийн харахад орой нь үл харагдах байшин боссоныг олж үзэв. Хүү нарыг хайв. Нар байгаа гэдэгт эргэлзсэнгүй. Учир нь аав нь нарыг авчрахаар гэртээ байхгүй байгааг, бас нөгөө өрөөнд мөнгөлөг гэрэл туссаар байгааг олж мэдэв. Гэвч бяцхан түүний нүдэнд хурц гэрэлтэй ч дулаахан, зөөлхөн, яг л ээжийнх нь мөөм шиг дугуй нар харагдахгүй байлаа…

Жич: Миний бяцхан үрийн НАРыг булаасан Монголын ТӨР, үүний дотор МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТ, ДУЛААН, ЦАХИЛГААНЫ ШУГАМ СҮЛЖЭЭ, ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБА, НИЙТИЙН АЖ АХУЙН КОНТОР, БАРИЛГЫН зураг ЗОХИОГЧ, барьж босгосон КОМПАНИ, энэ бүхнийг санхүүжүүлсэн БАНК, худалдан авсан ИРГЭДЭД зориулав.

 

ФБ-р тэнэж яваад өлдөөд өеөдөөд уначихсан буга босч чадахгүй байгаа бичлэг үзлээ. Их л хатуу өвөл болж байна даа. Хэдийгээр билгийн тооллын хаврын дунд сар гарсан ч гэсэн уулын цас хайлаагүй болохоор хавар болсон гэж хэлэх хэцүү юм даа. Гол нь малчид хэцүүдэж байгаа юм байна даа гэж бодлоо.

Зундаа найрлаж суухаар хадлан тэжээлээ авахад яасын, хонь мал чинь хувийн өмч, бидэнд махаа хямд өгдөггүй гээд баахан шүүмжилдэг. Хэрэв бид зундаа “айлчлан очиж” төвөг уддаггүйсэн бол, бэлчээрийг нь хязгаарлан уул уурхайн зөвшөөрөл өгдөггүйсэн бол, тун удахгүй өвөлжөөний газрыг нь өмчлөх гэж чичрэн дайрдаггүйсэн бол, амжиргааны ганц орлого нь ямааны ноолуур болоогүйсэн бол, үр хүүхдэд нь диплом өгөх гэж олсон жаахан мөнгийг нь хот газар руу ховх сордоггүйсэн бол тэд биднээс уг нь юм нэхдэггүй юм.

Миний бага насны хамгийн жаргалтай дурсамж хөдөөтэй холбоотой. Амины (хувийн өмчийг тэгж нэрлэдэг байлаа) цагаан зүсмийн сүү сайтай хэдэн үнээтэй, хүрэн, бор хоёр зүсмийн морьтой Хөвсгөл аймгийн төвөөс зүүнтээ байх Хөх толгой гэдэг газарт хаврын урь орохтой зэрэгцээд ханиад, хатгаа, гахайн хавдраас салдаггүй бие муутай намайг томилолтор явуулна. Одоо бодоход гурав дөрвөн сард л юм шиг байгаам.

Цуварсан хэдэн айл байх. Хамгийн урд талд сахал Самбуу гуайнх, борной Дамдин гэдэг хүүгийндээ амьдарна. Тэдний хойно уушиг Туваан гуайн Дунжий гэдэг авгайтай тэгээд манай хөгшин аавынх. Хойно  нэг айл байдаг байсан би сайн санадаггүй юм. Ганц бие авгай байсан, сүүлд нүүж ирсэн юм уу даа. Эхний гурван айл бол амь нэг.

Сахал Самбуу гэж оочин сахалтай хөх өвгөн, энгэрээсээ үсний сам гаргаад сахлаа самнадаг өвгөн байсан. Дамдин гуайнх адуутай, олон эрэгтэй хүүхэдтэй. Сахал Самбуу гуай орж ирж сахлаа самнахдаа “Бид нар бүгд Эрлэг номон хааны цалманд орсон доо” гэнэ. Хөгшин аав ихэд сэжиглэн өөрөө л орсон юм байгааз гэдэгсэн. Тэр юуны ч юм хавдар тусаад хүү нь хон хэрээний мах сайн гээд анд явж олзоо хөгшин аавд үзүүлсэн талаар манай хоёр яриад “Тэр нь хон хэрээ биш, хэрээний төрлийн өөр шувуу байсан талаар, хөгшин аав үнэнийг нь хэлж чадаагүй талаар ярьж байж билээ. Хөгшин аав яагаад биш гэж хэлж чадаагүйг нь бодоод олоогүй тул сэтгэлд их тод үлдэж.

Уушиг Туваан гэж улаан царайтай жижигхэн өвгөн, Дунжий гуай нь харин том биетэй. Тэднийх ганц охинтой, тэр нь аймгийн төвд суудаг. Нөхөр нь жаахан архи балгадаг гар байсан байх, энэ талаар хөгшин ээж аав хоёр ярьж байсан юм даг. Нэг удаа Дунжий гуай гэрийн гаднаас Долгор гуай гэж дуудахад анх удаа хөгшин ээж нэртэй болохыг мэдээд ихэд гайхаж байсан нь дөрөвтэй л байсан болов уу даа. Хөгшин ээжээ, таныг яагаад Долгор гэж дуудаад байгаа юм бэ гээд үнэн голоосоо гайхаад л. Тэгэхэд л анх хөгшин аав, ээжийнхээ нэрийг хэлж болдоггүй, тэгвэл тэд нь тэнгэрт хол явчихдаг гэж мэдэж авч билээ.

Туваан гуайнд орох их дуртай, хоймроороо улаан том авдар эгнүүлж, гурван хавтастай толь дээр нь тавьсан айл байдагсан. Бас нэг шалтгаан нь тэднийх хоньтой. Эрхийн мангар намайг эрхлүүлэх гэж эм хонь уяж өнжинө. Надаар саалгах гэж байгаам. Унтаж унтаж босоод цайгаа уучихаад нэг л их ажилтай амьтан Туваан гуайнд орно, жижиг стакан угаагаад өгөхөөр нь тэрүүнд хонио саана даа. Нэг удаа сааж байсан хонь стаканд бааж, сүүг нь асгачихаж билээ. Дахиад баахаар нь Дунжий гуайд хэлтэл хорголыг нь авч хаяснаас хойш тэднийд орохоороо цай уухаа больсон юмдаг. Бас сүү гарахгүй болохоор нь дэлэн рүү нь алгадах ёстойг Дунжий гуай зааж өгч билээ. Бас Туваан гуайх баастай цай уудаг тухай их л сүржин гэгч нь ярихад хоёр буурал маань нулимсаа гартал инээж, тэрийг нь харсан би онгироод л…

Туваан гуайнх, манайх хоёр нохойгүй. Бусад айлын нохой нь дэл сул давхиж явдаг л байсан, хүүхэд рүү дайрдаггүй байсан юм уу, би айдаггүй байсан юм уу бүү мэд. Миний хийдэг хамгийн том ажил өтгөн дээрээс юу ч юм түүх бор шувуу тоолох, хөгшин аавын гаргасан зүүн гүвээний цаадах худгаас ус авахаар явахад нь дагаж явж, ховоо татна гэж орилох, малд тавьсан хужир долоох, хөгшин ээжийг авдраа ухахад нь алдалгүй хажууд нь сууж чихэр идэх. Бас шинэ тугалны эхсээр хийсэн хэнгэргээ балбах. Туваан гуайн хашаанд орж, хэдэн хурга ишгийг нь ийш тийш нь элдэх. Оройдоо хөгшин аавын ярих Бигэрмижид хааны тухай үлгэр сонсох. Бас хийцтэй цай хийхээр айлын Дунжий гуайг дуудах ажилтай. Хөгшин ээж минь хуучин дээлнийхээ хуулгаар хийж өгсөн дээлээ мялаалгах шиг сайхан юм байхгүй. Хавийн айлаар хэснэ дээ. Хахаха Мялаалгах гэж байгаам. Бас зураг зурах гэж нэг том ажил байсан юм байна.  Тэр зурагнуудаа гадаа гэрийн бүслүүрт хавчуулаад л үзэсгэлэнгээ гаргачихдаг байлаа шүү дээ. Хар багаасаа л алдар нэрэнд дуртай байж. Хихихи.

Манай үхэрнүүд өглөө ажилдаа явчихаад орой яг цагтаа ажлаасаа ирнэ. Бас аав, ээж хоёр хэзээ ирж намайг авах бол гэж урд талын жижигхээн гүвгэр дээр гарч зам харуулдана. Уулын усанд эвдэрсэн хажуугийн жалгаас цааш явахгүй. Их л том ангалтай, аймаар санагддагсан. Энэ бүхнийг бичээд байгаа нь яг тэр нэг хэвийн тайван амгалан амьдрал ямар жаргалтай байсныг, тэр гурван айлын дунд, ямар их хайр мэдэрч өссөнөө бодохоор өөрийгөө азтайд тооцож, бас зунжин найрласан хөдөөнийхнийг муу хэлэхээр нь дурсан бичив.

8-р сард хадлан авдаг бөгөөд өвөлжөөндөө авчирч ачдаг, бас пэрээстэй өвс өвөлжөөний хойно байдагсан. Хөгшин аав нэмэлт хорголжин тэжээл овьёостой зуурч оройд бэлдэнэ. Тэгээд үхэр болгоны толгойд угладаг хошуувчинд нь тэжээл хийж өгдөгсөн. Өвсийг тэнгэр муухайрсан, үхэр бэлчээрт гараагүй өдөр л өгдөг байсан байх. Үхэр үхэж байсныг санадаггүй. харин нэг хар ямаа онхолдож унаад нүд нь аймаар болчихсон байсныг санаж байна. Хүүхдэд муу юм харуулахгүй гээд тиймэрхүү юмнаас хол байлгадаг байв шүү.

Санаанаас гардаггүй нэг хөгжилтэй явдал Үзүүртээ понпонтой улаан цэнхэр малгайг санаж байна уу? Надад лав улаан байсан юмдаг. Тэрнийхээ нэг бөөрөнхийг нь хаячихаваа. Хот айлд энэ их том үйлдэл болж хавийн амьтанд хэлэв. Айл хотлоороо эрээд олоогүй юмдаг.  Хөгшин аав минь хайсаар байгаад хэд хоногийн дараа олж ирж, хөгшин ээж бөх гэгч нь хадаж өгч билээ. Хихихи. Энэ бүхнийг дурсах бүртээ тэдгээр хүмүүсийн хайрыг л мэдрэх юм. Надад муухай загнаж байсныг ерөөсөө санадаггүй юм.

 

Өглөө.

Алс хол сурдаг охиноос @ иржээ. Амьдран суугаа газар оронд нь хавар болж байгаа тухай, байгаа хотод нь дулаарсан тухай, цонхон дээрх цэцэг нь нахиалсан тухай гээд ойр зуурын сонин сайхан бичжээ. Хавсаргасан файлыг нь онгойлгож үзсэнгүй. Цонхон дээрх цэцэгнийхээ зургийг явуулсан биз гэж санаад орой тухтай үзэж, хариу бичнэ дээ гэж бодоод ажилдаа явав.

Бага үд

Утсанд мэссэж ирэв. “Имэйлээ үз”. Үзлээ. Хэдэн зар сурталчилгааны спамаас өөр юм байсангүй. Залгалаа. Утсаа таслав. Хммм…

Их үд

Үүсээд байгаа нөхцөл байдлыг хэлэлцэхээр яаралтай хурал үдийн хоол далимдуулан хийв.”Би өвөө болоход БЭЛЭН биш” гэж гараа савчих шоконд орсон “залуу”-г харж жаал баясаад, орой энэ тухай сайтар ярилцахаар тохиров. Хихихи.

Кофе завсарлага

Хамаг асуудлын эхлэл болсон тэрхүү электрон захиаг нээж үзлээ. Зургаа,долоон долоо хоногтой нэгэн “амьтны” зураг. Хүүхэд гэж нэрлэхэд эртдэх, үр хөврөл гэж хэлбэл хэт хуурай сонсогдох, гэрэл сүүдрийн ялгаралд тод харагдах харанхуйлан бөөгнөрсөн цөм. Юу ч гэсэн хамааралтай бүх талуудад баяр хүргэн дипломат ёсны шэдээвр болохуйц захиа бичээд илгээчихлээ. Өглөө сэрээд унших биз.

Орой

Цуйван хийгээд хүлээв. Алга л байна. 21 цагийн алдад гөлөмцүү амьтан ирэв. Уур ч хүрэх шиг. Галзуу ганц найзтайгаа уулзаж сэтгэгдлээ хуваалцсан гэнэ. Шооч гэж жигтэйхэн амьтан байдаг юм, лав их егөөдсөн биз. Ну-погоди!

Шөнө

Гүүгэл ахын тусламжтайгаар  тэрхүү сүүдэртсэн бөөгнөрлийн зүрх нь цохилж эхэлснийг олж мэдээд шоконд оров. Амьдралд ямар том өөрчлөлт ирж байгааг, миний биелээгүй, биелэхгүй гэдгийг мэдсэн ч сэтгэл зүрхнийхээ хаа нэгтээ найдсаар байсан тэр зүйлс үүрд арчигдаж байгааг мэдрэн бяцхан гуниглаад, нойр муутай хонов.

Гурав хоногийн дараа

Гэрийн хажуугийн хүнсний дэлгүүрт  ваннын тоглоом зардгийг олж мэдэв. Тод шар өнгийн резинэн нугас нөхцөл байдалтайгаа эвлэрснийг минь хүлээн зөвшөөрөх бэлгэдэл болон ваннын өрөөнд байраа эзлэв.

Долоо хоногийн дараа

“Хадам ээжийн өдрийн тэмдэглэл” сериал үзэж эхлэв. “Бэлтгэлээ базааж байгаа юм уу?”… Зэвүүн амьтан…

To be cont.

Game Theory

МБА хөтөлбөрт Удирдлагын багийн шийдвэр гаргах арга зүйг ойлгуулахад тустай нэг кэйсийг бичье. Хариултыг комментоор бичээрэй

Шинээр гарсан хуулийн өөрчлөлтөөс болж оны эцэст төлөвлөгдөөгүй ашиг 500 сая ₮ үлдэхээр байгааг Санхүүгийн газар танилцуулав. Уг ашгийг хэрхэн хуваарилан зарцуулах талаар компанийн удирдлага хамтын шийдвэрт хүрэх ёстой.

Сценари

Гүйцэтгэх захирал ерөнхий санхүүчийн саналыг сонсоно. Ерөнхий санхүүч CBA (өртөг зардлын анализ) хийсний дараа харьцуулж үзэх боломжтой. Иймд газрын дарга нар хөрөнгө оруулалтын төслөө хийчихвэл CBA-г  удирдлагын хуралд танилцуулах боломжтой гэдгээ мэдэгдсэн.

Бизнес хөгжлийн газар уг ₮-г зах зээлийн сегмент бүрт чиглэсэн бүтээгдэхүүн төрөлжүүлж хөгжүүлэхэд зарцуулах саналтай байгаа. Үндэслэл нь зах зээл дээр өрсөлдөөн ширүүссэн, эдийн засгийн хямрал болсон нөхцөлд бүтээгдэхүүнээ төрөлжүүлэх нь зах зээлээ барих хамгийн зөв бодлого

Маркетингийн газар уг саналыг дэмжинэ. Учир нь борлуулалт муудаж байгаа. Бид цөөхөн бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэд хоногшуулж чадсан тул өрсөлдөгчид үйлдвэрлэлээ бууруулж байгаа үед бүтээгдэхүүнээ төрөлжүүлэх нь зөв.

Дээрх хоёр газрын захирлууд бие биенийхээ саналыг дэмжинэ

Үйлдвэрийн газар тоног төхөрөмжөө шинэчлэхэд хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа. Бүтээгдэхүүн төрөлжүүлэхэд технологи өөрчлөгдөнө. Гэтэл хуучин техникээр хуучнаа үйлдвэрлэхээс шинэ бүтээгдэхүүн гаргах боломжгүй.

Мэдээлэл технологийн хэлтэс дотоод сүлжээ, аюулгүй байдалд хөрөнгө зарцуулах хэрэгтэй байгааг дуулгана. Тухайлбал, шинээр худалдан авсан шуурхай удирдлагын програм одоо хэрэглэж буй Windows7-той нийцэхгүй,  заавал Windows 10 суулгахыг шаарддаг тул удирдлагын мэдээлэл орохгүй байх, замдаа алдагдах явдал нэлээд хэдэн удаа гарч, тэр нь цаг бүртгэл цалин хөлс бодоход маргаан дагуулж байгаа. Мөн уг програмд холбогдсон бүх компьютерүүдийн мэдээллийн аюулгүй байдал их чухал. Учир нь дотроо хак хийх боломж маш өргөн.

Захиргаа, хүний нөөцийн газар 13-р сарын цалин дээр нэмж урамшуулал олгох, сургалтад зарцуулах саналтай.

Гүйцэтгэх захирал ямар ч шийдвэр гаргахгүй, саналыг сонсоно.

Шийдэл нь юу вэ?

Мөн ашиг орлого энэ хэмжээгээр буурвал хаанаас мөнгө танах тухай шийдвэр гаргахаар хэлэлцэхэд таналтад өртөх хамгийн эмзэг нэгж аль нь вэ?

 

Өчигдөр өнөөдөр хоёр Австралийн боловсролын үзэсгэлэн Шангри-Ла зочид буудалд болж буй. Сургуулиа ятгаж дөнгөсний хүчинд оролцож байгаа юм. Энэ тусдаа түүх

Үзэсгэлэн эхэллээ. Болж буй гол яриа

  • Би магистрт сурмаар байна
  • Ямар чиглэлээр?
  • МВА, хүний нөөц, менежмент, шүдний эмч, сэргээгдэх эрчим хүч, барилгын инженере гм
  • Байгаа. Эхний шаардлага англи хэлний IELTS шалгалт 6.0 бүх үзүүлэлтээр
  • Тийм дүн байхгүй, очоод англи хэлээ сураад тэгээд суралцана
  • Тэгвэл хэлний курсэд суралцаад дамжиж орж болно. Энэ хүн таньд тайлбарлана
    • Манай сургуульд хэлний курсэд сураад төссөн хүү элсэн ороход тавьдаг шаардлага, визний нөхцөл гм баахан юм ярина
  • Тэтгэлэг байгаа юу? МВА хөтөлбөрт ирэх жил 15% тэтгэлэг байгаа. Гол нь тэнд сайн дурын ажил хийх шаардлага тавьдаг юм
  • Төлбөр нь хэд вэ?
  • Жилийн 30 000 орчим австрали доллар. Америк 21 000 доллар болно.
  • Бүтэн тэтгэлэг байхгүй юм уу?
  • Австралид нарийн мэргэжил, технологиор маш мундаг хүүхдүүдэд тэтгэлэг өгдөг. Манай сургуулийн хувьд Австралийн ЗГ, Монголын ЗГ, АХБ гэх мэт манай улсад зарлагддаг гадаадын том тэтгэлгүүдэд хамрагдсан сургуулийн жагсаалтад ордог.
  • Тэр чинь аймаар хэцүү эсхүл тэрийг нь яаж авах вэ?
  • Улаан онц сурлагатан байхаас гадна нийгмийн сайн сайханд чиглэсэн ажил манлайлж хийсэн байх ёстой
  • Би сайн дурын ажил хийдэг ш дээ. (Уурлав)
  • Дэлхийн бусад орны мундаг хүүхдүүдтэй өрсөлдөнө шүү дээ. Тэгээд ч MBA гэдэг нь 30 хол гарсан, хувийн бизнестэй, мөнгөтэй хүмүүст зориулсан хөтөлбөр юм.

Хамгийн сүпэр нь:

  • МВА-д сурнаа. Англи хэлний шалгуур ийм.
  • Англи хэл дунд зэрэг, очоод сурчихна.
  • Тэгвэл хэлний курсэд сурч болно.
  • Тэгвэл тэтгэлэг өг!

Нөхөд өө!

Би энэ блог бичиж эхэлснээсээ хойш англи хэлний шалгалт өгөөгүй бол Австралид суралцах тухай бодоод чиг хэрэггүй гэж зөндөө бичсэн. Хэлний курсэд хүртэл явахын тулд IELTS тодорхой оноотой байх шаардлагыг Австралийн ЗГ тавьдаг, энэ баримтыг виз хүсэхэд шаарддаг.

Зөвхөн IELTS өндөр оноотой бол тэтгэлэг өгдөг юм биш. 10-аад жилийн өмнө англи хэлтэй хүн ховор байсан тул ажилтай, шалгалтаа өгчихсөн бол явчихдаг байсан. Одоо бол ёстой НӨҮ шүү дээ

Тэтгэлэг гэдгийг авдаггүй хүртдэг юм. Үүний тулд дор хаяж хоёр жил хөдөлмөрлөдөг юм. Мэргэжлээрээ үр бүтээлтэй ажиллахаас гадна сайн дурын ажил маш их хийдэг, нийгмийн сайн сайханд чиглэсэн үйл ажиллагааг тогтвортой, нэр алдар хөөхгүй, ухаан санаа, цаг заваа зарцуулж байж, бусдаас ялгарч байж хүртдэг юм.

Миний сэтгэл эмзэглүүлсэн зүйлс нь гэвэл Сант, Орчлон, 1-р сургуулийн тооны сонгон гм сайн сургалттай сургууль төгсөж байгаа хүүхдүүд бизнесийн удирдлага, улстөр судлал, философи гм мэргэжлээр бакалаврт сурна гээд ээж ааваа дагуулаад ирсэн явдал байлаа. Эдгээр сургуулийг сайн төгсөж буй бол цаашид шинжлэх ухааны чиглэлээр сурвал илүү үр дүнтэй гэж бодож байна.

Үүдэнд өгч байгаа сургуулиудын танилцуулгыг уншилгүй өгсөн торонд хийгээл бүх сургуулийн брошурыг хамах хүмүүс маш олон байлаа. Надад бол хайран санагдсан. Эдгээр цаасыг онгоцоор авчирсан, яг хэрэгтэй хүндээ хүрэхгүй, зүгээр л цуглуулаад гэртээ эргүүлж нэг хараал хаяна. Бараг юу авч байгаагаа ч ойлгохгүй хүмүүс.

Нийт ирсэн хүмүүсийн 15% зорилготой яах гэж ирснээ мэдэж байв. Асуулт нь ч зөв, сонирхол нь ч өөр юм.

Хэлний курсэд сурах гэж буй хүн бол харьцуулаад агентууд их байна. Сургуультайгаа шууд харьцаад явчихмаар байх юм гэсэн хүмүүс хэд хэд байв. Тэд гэрийн даалгавраа маш сайн хийсэн байлаа.

Гадаадад дунд сургууль коллеж төгсөөд ирсэн хүүхдүүдийн асуулт мөн илүү тодорхой, ойлгомжтой байлаа.

Инженер, нанотехнологи, биотехнологиор сурах хүүхдүүдийн тоо өсчээ.

Нийтлэг хандлага нь дөнгөж төгссөн хүүхдүүд шууд магистрт сурах эрмэлзэл маш их байна. Магистрт дор хаяж 2 жил ажиллаж байгаад орвол илүү үр дүнтэй . Энэ тухай шууд сурсан, дараа нь ажиллаж байгаад сурсан бүх хүн хэлнэ.

Барилгын инженер эсхүл ямар нэг тодорхой инженер гэж хайхаасаа илүү Инженерийн шинжлэх ухааны магистр гэж хайвал илүү үр дүнтэй. Мөн нарийн шинжлэх ухааны мэргэжлээр суралцах гээд байгаа голч оноо 3.4-с бага бол дор хаяж хоёр жил ажиллахгүй бол сургуульдаа элсэж орж чадахгүй шүү.

Австралид улсын болон хувийн их сургуулиуд байдаг бөгөөд гадаад дотоодын оюутнуудын харьцаа нь тухайн сургууль арилжааных уу, шинжлэх ухааных уу гэдгийг тодорхойлдог. Мөн өргөдөл гаргасан бүх хүнийг ч авдаг юм биш. Ийм болохоор мөнгөө төлөөд суръяа гэсэн ч чамайг авахгүй байх магадлал бий шүү.

Өчигдөр яг л дэлгүүр хэсч байгаа хүүхэн гоё харагдсан юмныхаа үнийг асуугаад, дийлэхгүй бол үнэгүй өг, эсхүл хямдруулж өг гэж байгаатай ижил сэтгэгдэл төрснийг энд хэлье. Та нар Лью Вуиттон орчихоод надад наад цүнхээ зүгээр өг гэж загнадаггүй биз дээ? LV сурталчилгаандаа зориулж нэр алдартай хүмүүсийг рекламандаа оролцуулдаг юм. Жирийн иргэд LVтэй болохын тулд дор хаяж 2 жил мөнгөө хураадаг, одод бол од болтлоо дижээйгээс эхлээд дишка хүртэл хийсэн байдаг

PS: Сайн дураараа экспо дээр өдөржин ажилласан Б. Батмөнхөд сургуулийн болон өөрийнхөө зүгээс талархал илэрхийлье Баярлалаа

Batmunkh

Хүмүүс яагаад олон хувилбарт матрикс дундаас яг нэг хүнийг онож дурладаг, хайрладаг юм бэ? Тэр хүн нь эерэг болон сөрөг үр дүнтэй хариу үзүүлэх магадлал ямар вэ? Анаашнуудын хооронд хайр дурлал байдаг уу? Ер нь бид амьтан төрлөөсөө хэр их холдож чадсан юм бэ гм асуултыг бодож бодож олсон өөрийнхөө тайлбарыг хүргэе.

Сэтгэл судлаачид судалсаар байгаад дурлал хайр өрнөдөг механизмыг олж тогтоосноос гадна нэг хүн нөгөө хүндээ дурлахад нөлөөлдөг зүйлсийг хүртэл багцаагаар тодорхойлжээ. Хэн нэгэнтэй таараад 1.5-4 минутын дотор тэр хүн таалагдаж байгаа эсэхийг тархи шийдчихдэг гэнэ.Үүнд нөлөөлдөг зүйлс нь:

55% орчим биеийн хэлэмж

38% орчим нь дууны өнгө, ярианы хурд

Зөвхөн 7% нь яг юу ярьж байгаа нь тодорхойлдог байх нь.

Яагаад “энхрий ялдам төрхтэй, урин тачаангуй охид” болон “эр хүн шиг эрчүүд”-эд эсрэг хүйсийнхэн татагддагийн нууц энд байх нь. Жишээлбэл, Голливудын од Мэрилин Монроу Скарлэт Иохансон  гм одод олон жил дэлхийн эрчүүдийн санал асуулгаар сайханд тооцогддог гэхээр гоо сайхан бие цогцостойгоос гадна дууны өнгө нь маш гоё юм.

Дурлахдаа бид гурван үе шат дамждаг ба тухайн бүрд нь бие организмд химийн маш нарийн урвал явагдана.

Эхний шатанд хүсэмжлэх бөгөөд энэ үед гол үүргийг эр эм гормон гүйцэтгэнэ. Дараагийн шатанд нь яг татагдах бөгөөд энэ үед адреналин, допамин, серотонин ихэсдэг байх нь. Адреналин нь баярлах, айх, уурлах гм сэтгэл хөдлөлийг удирддаг бөгөөд энэ үед зүрх хүчтэй цохилж бие организмыг илүү их эрч хүчтэй болгодог. Допамин мэдрэлийн нейрон хооронд дамжуулагч-өдөөгчийн үүрэг гүйцэтгэж, таашаал мэдрүүлдэг. Хар тамхитай ижил нөлөөтэй. Бас нэг нейродамжуулагч болох серотонины нөлөөгөөр бид тухайн хүнээ байнга бодох, санагалзах процесс явагддаг аж. Гуравдах шатанд дасал болох бөгөөд энэ үед окситоцин, васопрессин ялгардаг. Окситоцин нь тэврэх, янаглах, дур тавихад үүсдэг бол васопрессин нь сексийн дараа урт хугацааны харилцааг үүсгэхэд чухал үүрэгтэй юм.

Маш энгийн практик дээр эдгээрийг тайлбарлая гэвэл чухамхүү эр, эм гормоны нөлөөгөөр бидний биеийн галбир, төрх тодорхойлогддог бол адреналин, допамин, серотонины ачаар галзууртлаа дурлан, байнга хамт байхыг хүсч окситоцин, васопрессиний нөлөөгөөр тэврэлдэх янаглах, урт хугацаандаа хамт байх сэдлийг төрүүлдэг байх нь.

Хайр дурлалын тухай хийсэн судалгаандаа үндэслэн 1973 бичсэн номондоо Жон Лий хүн гээч амьтан ер нь зургаан янз байдлаар хайрладаг гэж дүгнэжээ.

1. Eros буюу янагийн хайр. Бэлгийн дур хүсэл дээр тулгуурласан энэ дурлал нь маш хүчтэй сэрэл мэдрэмжийг төрүүлэх бөгөөд яруу найрагчид, утга, уянгынхан маш сайн дүрслэн бичиж чаддаг. Анхны хайр, сохор дурлал, анхны харцаар дурлах гм нь энд маш их хамааралтай. Титаник кино, Ромео Жульеттад гардаг хайр бол чухам энэ эротик хайр юм. Маш их дурламтгай хүмүүс нь генийн тодорхой өгөгдөлтэй төрдөг болохыг судалгаагаар нотолсон байх юм. Тоосоо гартал нүдэлдэж, тосоо гартал тэврэлдэнэ гэдэг хэллэг чухам яг энэ хайрыг тодорхойлж байгаа юм.

2. Ludas буюу спортлог хайр. Энэ нь хайр дурлалыг нэгэн бодлын бооцоот уралдаан гэж үздэг хүмүүст элбэг тохиолдоно. Нууц амрагийн явдал, эхнэр, нөхрөө араар нь тавих мөн энэ төрөл зүйлд хамаарна. Альфа эрэгчин, эмэгчингүүдэд энэ төрлийн хайр байх нь элбэг.Учир нь тэд адреналины хэрэгцээ маш өндөртэй хүмүүс юм.

3. Storge буюу гэр бүлийн хайр. Аав ээж, ах дүү, үр хүүхэд, ураг төрөл саднаа хайрлах хайр энд хамаарах бөгөөд тодорхой үүрэг хүлээж, энэхүү харилцаанаасаа үр шим хүртдэг. Ялангуяа, хэцүү цаг үед хүний үндсэн хэрэгцээ болох аюулгүй байдлыг энэхүү хайр дээр үндэслэн олдог байна. Олон жил үерхсэн найз нөхөд, хамт ажилласан хүмүүст мөн энэ төрлийн хайр бий болдог.

4. Pragma буюу харилцан ашигтай хайр. Гэр бүл удаан оршин тогтноход нөлөөлдөг гол зүйл бөгөөд харилцан ашигтай байдлаас гадна үр хүүхэд гм нэгдсэн зорилго бий болсноор энэ хайр хөгжих бололцоо бүрддэг аж. Бидний уламжлалт бэр буулгахдаа эмэгтэй хүнд тавьдаг үйлэнд уран, үгэнд цэцэн гм шаардлагууд чухам энэхүү прагматик хайрыг найдвартай болгоход чиглэгдсэн аж. Тооцоотой гэр бүл гэж хэлдэг энэхүү зүйл нь тийм ч муу зүйл биш. Манай олон эхнэр сольсон алтны магнат, алдарт бөхийн сонголт бол чухам энэхүү хэв шинжийг агуулдаг.

5. Mania буюу донтолттой хайр.Дурласан хүнээ өмчлөх тул хардана гэж тамтаггүй. Хар өвчин нь яг эндээс үүсэлтэй бөгөөд зүүн тархины урд хэсэг ичгүүртэй адилхан төв идэвхжин, серотонин ялгаруулалт нэмэгддүүлдэг байна. Урлаг спортын од, улстөрч, олны танил хүмүүсийг хайрлах хайр энэ хайрнаас эхтэй. Допаминий нөлөөгөөр таашаал, аз жаргал, урамших сэтгэлгээ үүсдэг аж

6. Agape буюу өгөөмөр хайр. Нөхцөл болзолгүйгээр, өөрийгөө золиослох, өгөөмөр хайр юм. Аливаа нэг фанат үзэлд үнэнч байх нь энэ хайрын илрэл юм. Ямар нэг үйл хэргийн төлөө өөрийгөө зольж байгаа хүмүүс энэ бүлэгт хамаарна. Библийн номлол ёсоор Бурхан биднийг яг энэ хайраар хайрладаг.

Хэрэв хайр дурлалыг судлаад чухам яагаад дурладгийг нь тодорхойлсон юм бол дурлалыг эмчилж болох уу? Эрдэмтэд болно гэж үзээд зогсохгүй дурлалаас аврах эм бүтээж 2020 он гэхэд өргөн хэрэглээнд нэвтэрнэ гэж үзэж байна.

Тэгвэл хүссэнээрээ дурлаж болох уу. Бас л болно гэж байна. Огт танихгүй хүнтэй тааралдаад өөрийнхөө тухай нууц мэдээллээ 30 минут хуваалцаад бие биенийхээ нүд рүү 4 минут ширтэнэ гэнэ дээ. Туршилтт эхлээд 34 минут өнгөрөхөд 100 хүний талаас илүү нь бие биендээ татагддаг гэнэ. Эльдар Рязановын “Вокзал для двоих” кинон дээр Олег Басилашвили, Людмила Гурченкогийн бүтээсэн роман чухам яг үүнийг нотолдог юм.

Эцэст нь хэлэхэд хавар болж байна. Дурлацгаа. Хайрлацгаа. Учир нь хайр дурлал аз жаргалын даавар их ялгарснаар стрессийн даавруудыг дарангуйлдаг тул дархлаа сайжирдаг юм байна.

Шошгон үүл

Follow

Get every new post delivered to your Inbox.

Join 152 other followers