Тэтгэлэг горилогсдод тусламж

Archive for 7 сар, 2014

Украинд яг юу болоод байгаа талаар…

Львовт амьдардаг найз маань Нүүрномоор ийм юм нийтэлснийг орчуулан хүргэж байна. Бодит байдал ийм л байна.

 

Яг юу болоод байгаа талаар тайлбарлахуй

Анчин: Нэг, хоёрын гурваа, туулай зугаалахаар гарлаа. Би гүйж гараал, туулайг буудаад унагачихлаа. Пан-пан. Хөөрхий туулай чад. Улаан малгайтай, хар гуталтай…

Дэлхийн ард түмэн:       Яажаагаа дурак вэ, Санта өвөөг алчихлаа ш дээ чи!

Анчин: (Өмнөх мэдээгээ устгангуутаа) Өө яанаа, аймаараа. Ой хамгаалагч тэнэгтээд, Сантаг алчихсан байнаш дээ!

Тэнэгүүдийн найрал:     Үхэж хэвтсэн ой хамгаалагч!

Блогчин:             Ой хамгаалагчаас зайлахгүй. Анчинд буу байхгүй ш дээ

Анчдын нийгэмлэгийн шинжээч:            Анчинд буу бий нь бий. Тэр нь гэхдээ эвдэрхийш дээ. Ой хамгаалагчид л бүх сайн буу байдаг юм.

Буу зэвсгийн шинжээч:Ямарч буу өөрийнхөө уртын хэмжээнээс хол зайд буудах боломжгүй, буугаар хүн алах огт боломжгүй шүү.

Испанийн цанын тамирчин:      Би Испанийн цанын тамирчин байна. Ой хамгаалагч Сантаг сүхээр цохиод алцан гэдгийг би яаааааааг мэдэж байна.

Гэрч:      Сантаг хордуулж алсан. Хордчоод л гүйгээд байсан ш дээ

Тоглоомын наадгайн шинжээч: Хачин л Санта байсан даа. Шуудайнд нь 600 тоглоом байв. Эрүүл, насанд хүрсэн эр хүн ойд шуудай тоглоомоор яах гэж байсан юм бол?

Хүйтэн бүсийн шинжээч: Жинхэнэ Санта колпак малгай өмсдөггүй, хажуудаа Цасан охиноо дандаа дагуулдаг Бас Өвлийн өвөө гэдэг нэртэй

Нийтлэлч:           Хэнд нь ашигтай юм бэ? Сантагийн аллагад ой хамгаалагчийн сэжиглэхгүй байх нь зөвхөн ой хамгаалагчид л ашигтай шүү!

Ой модны шинжээч: Хэн буудсан нь чухал бишээ. Хэрэвзээ ой хамгаалагч ажлаа сайн хийдэг байсан бол ийм осол болохгүй байсын

Блогчин хүүхэн:               Дотроо зөрчилдсөн, толгой эргэмээр түүх байна. Буун дууг шаал өөр ойд сонссон байдаг. Санта явж байсан газраа биш, тэс өөр газар уначихсан байдаг. Хэрэг явдал Баасан гарагт болсон байтал зарим гэрчүүд Мягмар гээд байдаг. Ой хамгаалагч хамаг юмыг самраад хаяж!

Мэдрэл гар:       Дахин нийтэлнэ үү! Санта болон ой хамгаалагч гэсэн үгнээс сангийн алагч гэдэг үг гарч байна Сантехникийн засварчнаас зайлахгүй!

Дэлхийн ард түмэн: Анчин биднийг хэргийн газарт нэвтрүүлэхгүй байна шүү

Анчин: Тэнэг муу ой хамгаалагч!

Тэнэгүүдийн найрал: Тэнэг муу ой хамгаалагч!

Америкийн нисгэгч: Бид ой хамгаалагч өөрийн буугаар Сантаг буудаж байхыг дурангаараа харсан

Блогчин: Ха ха. Америк нисгэгч үүнээс өөр юм хэлнэ гэж үү!?

Блогчин хүүхэн: Буудах үед нь ойд хоёр ширхэг Сантагийн хүүр хаясан. Ой хамгаалагч анчин руу буудах үед нэг Санта нь нөгөөхөө буудсан. Хоёр сум хоорондоо мөргөлдөж, гурав дахь сумыг онов. Цааш нь арай бодож олоогүй байна Хүлээж байгаарай…

Төлөвлөлтийн эксперт: Ой хамгаалагч уйдахгүйн тулд Сантаг алчихсан. Тодорхой л байнаш дээ

Блогчин: Анчинд Сантаг алах ямар шаардлага байнаа?!

Комментатор:  Анчинд тэгвэл ямар ашиг байгаа юм?

Блогчин: Анчинг буруутгахын тулд. Маргаангүй 100%

Дэлхийн ард түмэн: Бидний Сантагийн үхсэн газар руу анчин ойртуулахгүй байгаа нь хэвээр бөгөөд өөрийн зэвсгээ идчихлээ ш дээ

Блогчин хүүхэн: Хэрэв Санта ганцаараа байсым бол яахаараа хоёр хөлний мөр үлдсэн юм бэ?

Тэнэгүүдийн найрал: Ойд эмх цэгц алга. Тэнэг муу ой хамгаалагч

Уншигч: ЮУ Ч ОЙЛГОСОНГҮЙ. Ой хамгаалагчтай ямар нэг байдлаар холбоотой л юм шиг байна…

 

Эх сурвалж: Леонид Каганов

 

 

Advertisements

ХАБИТУС (Эргэцүүлэл)

Социологид habitus буюу хүмүүний оршихуйн цөм ойлголт бий. Энэ нь хүмүүн бидний амьдралын хэв маяг, зан үйл, нийгмийн харилцааны норм, нормативыг багтаасан цогц ойлгоц бөгөөд Францын алдарт социологич Пиэр Бурдьегийн (1939-2002) үзэж байгаагаар рациональ идеологи буюу тухайн нийгмийн тунхагласан үзэл баримтлал, хууль дүрмээс илүү гүнд хэвшсэн зүйл ажээ.

Зун болонгуут Улаанбаатарынхан гэлтгүй Монгол даяараа хөдөөгийн зүг хөлгийн жолоог зална. Больёо гэхэд лагерь гарч задгай агаарт байхыг эрхэмлэдэг. Яагаад?

Зөвхөн эрүүл мэндээс гадна бидний хэдэн мянган жилийн турш амьдарч ирсэн тэр л орчин буюу ориг хабитус тэнд байгаа учраас бид тийшээгээ далд ухамсрын түвшинд тэмүүлдэг юм. 

Байгалиасаа хэнээс ч хамааралгүй, задгай талбайд өнгөрсөн зууны 70д он хүртэл амьдарч ирсэн бидний хабитус сүүлийн 20 жилд эрс өөрчлөгдөв. Бид түүхэндээ ингэж шавж амьдарч байгаагүйгээр үл барам амьдрал тэтгэх гол байгалийн өгөгдөл болох нар, агаар, үзэгдэх орчин хязгаарлагдмал энэ орчинд бид хүний нийгмийн үнэт зүйлсэд тулгуурласан нийгмийн бүтэц, хэм хэмжээ гэхээсээ илүүтэй амьтны аймгийн амьд үлдэхийн төлөө зэрлэг тэмцэлд тулгуурласан нийгмийг инстүүц бүтцийг байгуулжээ. 

1. Түгжрэл:

Яах аргагүй хотын асуудал мөн. Гэтэл машингүй иргэдийн эрх ашгийг 2т тавьж автомашинтай иргэдийг дэмжсэн бодлого явуулаад байгааг огт ойлгохгүй юм. Автомашины зам тэлэхэд хамгийн түрүүнд явган хүний зорчих хэсгээс хумсална. Нөгөө талаас нь барилга барьж буй компаниуд шахна. Нэгэнт иргэнд чөлөөтэй алхах орчин байхгүй тул яах вэ? Машин унахыг л бодно. Морио унаж, хэнээс ч хамааралгүй амьдарч ирсэн монголчуудын хувьд машинаа морь гэж үздэг. Үүний тод жишээ, машины урд тал багтах газар руу чихэх,зогсоол дээр машинаа байршуулсан байдал, цагдаа байхгүй бол дүрэм зөрчиж болно гэдэг сэтгэхүй. Энэ нь дээр дурдсан нөгөө л бидний морьтон үеийн хабитус машин унах зан үйлээр илэрч байгаа хэрэг. Аль том, хүчтэй машинтай нь жижиг хямд машинтайгаа дээрэлхэнэ, шахна. Хотын зам дээрх өдөр тутмын энэхүү үзэгдэл National Geographic сувгийн африкийн цөөвөр чононы тухай баримтат киног эрхгүй сануулдаг.

2. Бохирдол.

Ойр орчимд 15 км хүн байхгүй байнга нүүж байдаг орчинд нэг өрхийн гишүүдийн ил хаяж буй нус цэр, бохир, ялгадас нэг их асуудал биш. Гэтэл суурин газарт ороод ирэхээр энэ нь маш том асуудал болж хувирна. Хэдийгээр хотын иргэний хувьд мөрдөх зайлшгүй шаардлагатай хэм хэмжээ бий боловч үүнийг мөрдүүлэхэд шаардлагатай олон нийтийн буюу хамтын хяналт манайд байхгүй учраас л бид бүгд дор дороо бухимдаж үглэсээр байна. Хэрэв нус цэрээ хаяж буй хэн нэгэнд үг хэлбэл нөгөө хүн нь урдаас нь элдвээр хэлж, хэрэлдэх нь хууль. Учир нь шаардлага зөв гэдгийг ойлгодог хүн нус, цэрээ хаяж чадахгүй. Хэрэв иргэд бүгд дарамт учруулж эхэлбэл энэ нь аажимдаа засагдах зан үйл. Бид хамтын ашиг сонирхлоо хамгаалахын тулд мөн хамтын хариуцлага хүлээж, идэвхтэй байр сууринаас хандсан тохиолдолд нийтээр мөрдөгдөх хэм хэмжээ хэрэгжинэ. Би лав хувьдаа нус цэрээ нийж, “ориг”-оороо байгаа нэгнийг харахаар NatGeo-гийн горилла самжны тухай баримтат кино санагддаг. Тухайн сүргийн тогтсон хэм хэмжээнд захирагдаагүй хэнийг ч самжны сүрэг адлан хөөж чаддаг болохыг уг киноноос харж болно.  

Хогны хувьд өөр асуудал. Одоогоос хорьхон жилийн өмнө бидний хэрэглээнд гялгар уут хуванцар сав байгаагүйгээс гадна бидний гаргаж буй ахуйн хогны бүтэц тэс өөр байсан юм. Хэрэглээ нэмэгдэхийн хэрээр хог ихсэх нь зүй ёсны асуудал. Нэгэнт хэрэглээг дэмжсэн эдийн засагтай улс болохоор хог байсаар байхаас гадна улам ихсэнэ. Хогоо ангилах тухай байтугай дөнгөж хогийн саванд хаях тухай ярьж буй бидний хувьд энэ асуудал шийдэгдтэл дахиад 50 жил байнаа байна. 

3. Fenced community

Харуул, хамгаалалттай орчинд амьдарч, хашаатай сургуульд суралцдаг хүүхдүүд. Тэд 30хан жилийн дараа нийгмийн харилцаанд оролцогч хамгийн идэвхтэй нэгж болно. Бараг манай элитар анги эндээс үүсэх биз. Бритиш скүүлийн захирлын ярьснаар монгол хүүхдүүдийн агрессийг зохицуулах хамгийн хэцүү байдаг гэнэ. Багаасаа self-regulation буюу өөрөө өөрийгөө хянах чадварт суралцаагүй учраас сөрөг эмоцио шууд илэрхийлдэг, энэ нь ялангуяа шилжилтийн насанд хүчтэй илэрдэг тухай ярьж байсан. Хэдийгээр өсвөр насныхны дунд сөрөг эмоцио бусдад гаргах нь түгээмэл хандлага мөн боловч монгол хүүхдүүдийн хувьд энэ маш өндөр гэж ярьсан нь миний анхаарлыг ихэд татав. Хайр нь дотроо, хал нь гаднаа гэдэг монгол уламжлалт сурган хүмүүжүүлэх арга нь хүүхэд өөрөө өөрийгөө хянахад маш сайн сургадаг аж. 

Сүүлийн 25 жилийн нийгмийн задрал мэдээж өрх айлыг ч тойроогүй. Цөөхөн хүүхэдтэй айлын хүүхдүүд, ялангуяа, эрэгтэй хүүхдийн төлөвшлийн асуудал бидний толгойны өвчин боллоо. Ямар сайндаа л “тавьмал хүүхэд” гэдэг нэр томъёо хүртэл гарах вэ дээ. Залуус яагаад ойворгон, тэвчээргүй, шалчигнуур болоо вэ? Нөгөө л хабитус буюу өөрөө өөрийгөө хянаж сурах орчноос нь тасалснаас эхтэй. Үүн дээр нь эмэгтэйчүүд давамгайлсан боловсролын салбар улам ташуур өгч, намайг хэн хэлж, нохойг хэн саахав гэсэн араатны хаан арслангууд олширчээ. Байгаль дээр эрслэнгүүд ан хийж, үр зулзагаа өсгөдөг бол Симбанууд зөвхөн үр тогтоох үүрэг гүйцэтгэдэг аж. Байгалийн шалгарлаар саваг үсээ хамгийн их сагсалзуулсан эр арслан сүргийн манлай болж олон эмэгчинг хураадаг, тэгж чадаагүй нь хэрэн хэсэн явсаар өлсөж үхнэ, эсхүл сэг зэм, өвчтэй дорой нэгнээр гол зогоосоор үхдэг аж.

Нарны гэрэл сайн тусдаг, байгалийн өнгө давамгайлсан орчинд хүний бүтээмж 28% илүү бөгөөд монголчуудын хувьд энэ үзүүлэлт үүнээс ч их байх гэж бодном. Учир нь бидний үндсэн хабитус алсын бараа харагдах задгай орчин, нар, салхи, агаар билээ.  

 

 

 

 

 

 

Шошгон цуваа