Бид + Тэд = Бүгд
МонФэмНэт ивээн тэтгэсэн Ц. Оюунгэрэлийн “Хотол цагаан” ном бэлгэнд авч уншлаа. Гол утга нь эрчүүд хааны гүнжийн Их хуралдайд оролцох заяагдмал эрхийг хэрхэн булаан авч байгааг, түүний эсрэг Хотол цагаан гүнж ямар их ухаан, тэвчээр гарган сөрөн зогсож байгааг дүрсэлжээ. Сонгуулийн тухай хуульд нэр дэвшигчид доторхи эмэгтэйчүүдийн хувь, хэмжээг тогтоож өөрчлөх талаар ид яригдаж буй үед чухал ач холбогдолтой юм. Та бүхэн уншаад үзээрэй. Үдийн цайны завсарлагаар уншчихаар ном байна билээ.
Өөрийн үе тэнгийнхнийхээ жишгээр аниа нь баатарчууд, пионер, эвлэл гээд бүх шатны олон нийтийн байгууллагын гишүүн байлаа. Залуу, оюутан байхад манай хотод ХЗЭвлэлийн үүр,хоёр жинхэнэ, нэг орлогч гишүүнтэй МАХН-ын үүр мөн ажилладаг байлаа. Хоёр хүн хуралдаад юу ярьдаг байнаа гээд шоолж байснаас сонирхож байгаагүй. Харин эвлэлийн хурлаа Элчингээс хүн ирэх, эсхүл хийх заавал шаардлагатай үед хийхээс бүгдээрээ кино үзэх гэх мэтээр оромддог байсан юм.
Манай хотын оюутнуудын хүйсийн харьцаа тэнцүү. Сонгууль болж, монгол оюутнуудаа хариуцсан “хотын даргаа” сонгоход тэр үедээ бол инээдтэй, одоо бодоход бодлогогүй зүйл болж билээ. Хуучин дарга залуу өөр хүнд ажлаа өгөх сонирхолтой байгаа тул хүмүүс нэрээ дэвшүүлэхийг хүслээ. Дээд курсын эгч хүүхнийг түүний найз нөхдөөс нэг нь дарга болгохоор нэрийг нь дэвшүүлэв. Тэр охинтой найзалдаггүй дайсагнагч фракцын охин өөр нэг охины нэрийг дэвшүүлэв. Санал хураахад охидууд хоёр хуваагдаж, хөвгүүд түдгэлзэв. Ийм учраас хуучин даргыг улируулан сонгож байж билээ. Хэрэвзээ бид тэр үед илүү холыг харсан сан бол хоёр нэр дэвшигчийн нэг нь нэрээ татахад л бид эмэгтэй даргатай болох боломжтой байсан юм. Ахлах курсын эгч дарга болсон бол бага курсын бидний амьдрал орвонгоороо эргэдэггүй юмаа гэхэд ядаж л хаяа очиж хоол буудаж, элдэвлэх гээд байдаг залуучуудыг ховлох боломжтой болох байсан сан.
Яг үүнтэй ижил жишээ манай УИХ-ын сонгуулийн үеэр болдог. Нэг тойрогт хоёр эмэгтэй нэр дэвшсэнээр сонгогчдын саналыг хуваадаг ба үүний тод жишээ өнгөрсөн сонгуулиар Баянзүрх дүүрэгт нэр дэвсэн АН-ын Мөнхтуяа, МАН-ын Ганди нар байлаа. Энэ удаагийн сонгуулийн өмнө квотын асуудлыг шийдэж чадах эсэх нь маш эргэлзээтэй. Хэрэвзээ муугаар бодоод квот батлагдаагүй тохиолдолд намынхаа УЗ-өөс мандатаа авч гарч ирсэн эмэгтэйчүүдээ өрсөлдөгч намын эмэгтэй нэр дэвшигчтэй нэг тойрогт үзэлцэхгүй байхаар тохируулах, бүүр боломжгүй бол хэн нэгэн эмэгтэй нэр дэвшигч нь буулт хийх ийм л зам бидэнд харагдаж байна. Ирээдүйдээ сайн үр дүн авчрах аливаа нэг зүйлийн эхлэлийн тавихын тулд золиос гарах хэрэгтэй болно. Тийм болохоор аль ч намын хүүхнүүд арга таактик, стартээг бодлогоо сайтар нийлүүлвээс бид өөрсдийн төлөөллийг олноор шийдвэр гаргах түвшинд гаргаж ирж чадах юм.
Мэдээж эрчүүд яагаад бууж өгдөггүй юм, бид адилхан үзэх ёстой гэх хүн гарна. Гэвч уучлаарай, тэднээр квотоо батлуулж чадаагүй бид улс төрчийн хувьд “амиа хорлох” зоригтой, хөгжлийн төлөө өөрийгөө золиослон зүрхээ сугалан ирээдүйн олон олон эмэгтэйчүүдийн замыг гэрэлтүүлэгч Данко гарахгүй биз дээ. Улс төрчийн ухаан гэдэг нь байгаа материал дээрээ боломжит хамгийн сайн үр дүн авчрах тоглолт хийх учраас байгаа нөхцөлдөө манээвэрлэх чадвараа огцом дээшлүүлэх хэрэгтэй л юм даа манай улс төрч хүүхнүүд.
Квотын асуудлаар хүмүүсийн ойлголтыг нэмэгдүүлэхэд өөрийн зүгээс нэмэр болгоход
-Эсэргүүцэл 1: Чадалтай бол заавал квот гэхгүй сонгогдоод гараад ирнэ.
Боломжгүй, Хөрөнгө, эрх мэдлийг эрчүүд атгаж буй цагт эмэгтэйчүүд чадлаараа гарч ирэхийн тулд эсхүл их мөнгөтэй байна, эсхүл…
-Ард түмэн массаараа эмэгтэйчүүдийг сонгоход бэлэн биш. Тэгээд ч тэдний сонгох эрхэнд халдаж байна.
Нэр дэвших асуудал яригдаж буй болохоос сонгогдох асуудал биш. Хэрэв масс бэлэн биш бол квоттой явуулсан сонгуулийн дүнгээр харагдана.
– “Бид сонгуульд оролцох ёстой, эмэгтэйчүүдийн төлөөллийг УИХ-д нэмэгдүүлэх ёстой” гэж Монголын бүх эмэгтэйчүүд яриагүй шүү. Наадах чинь ерөөсөө улстөрийн амбицтай, өөрснийгөө заавал улстөрд байх ёстой гээд итгэчихсэн, мөрөөдчихсөн хэдэн хүүхнүүд л өдөр, шөнөгүй телевиз, хэвлэлээр л яриад байгаа асуудал юм Ер нь тэгээд тэр хэд УИХ-ын сонгуульд тогтмол л ордог шүү дээ. Ард түмэн чамайг сонгохгүй бол чи заавал хүчээр гарах ямар хэрэгтэй юм”. (УИХ-ын гишүүн З. Алтайгийн ярилцлагаас).
Олонд танигдсан учраас тэдний ярьж байгаа нь хүмүүст ил харагдаад байна. Гэвч би мэтээс аваад олон хүн үүнийг ярьж байна, дэмжиж байна. Нөгөө талдаа олон нийтийн сурталчилгааны ажилдаа эрэгтэй улстөрчдийг оролцуулах хэрэгтэй байна. Саяхан болсон 1000 эмэгтэйчүүдийн хурал дээр бүгд л хайртай, дуртай чухам зүгээр гэсэн гэнэлээ. Сонгогчиддоо таалагдахаар чармайж буй тэднийг энд татан оролцуулбал ядаж “өнөө л Арвин, нөгөө л Дэлгэрмаа” гэсэн нийтлэг ойлголтоос салахад дөхөмтэй.
Амиа хоохойлох гэж том нам дагаад алга болсон гэдэг муу нэртэй Иргэний хөдөлгөөнийхний тарьсан балгаас болж гудамжинд гарч тэмцэж буй хэнбугайг ч олон нийт тоохоо больсон. Үүнтэй ижил улс төрд халаагаа бэлдээгүй, би гэсэн үзлээр явж ирсэн өмнөх үеийн эмэгтэйчүүдийн балгыг бидний үе үүрэх хувь тохиолтой юм шиг байна. Ядаж дараа үедээ адлагдахгүйн тулд чадлаараа тэднийхээ ирээдүйн карьерийн замыг тэгшилцээе.
Төгсгөлд нь 90-ээд онд болсон хошин үйл явдлыг бичье.
Монголын эмэгтэйчүүдийн их хурал. Дарга нар (мэдээж эрчүүд) индэр дээрээс та нарыгаа дэмжинэ, тэтгэнэ гээд л сайхан үгсээ урсгаж алдав. Говийн аймгийн эмэгтэйчүүдийн байгууллагын дарга эмэгтэй үг хэлэв. “Баярлалаа та нарт. Эрчүүд та нар дээгүүрээ хөдлөөд өгвөл хүүхнүүд бид чинь доороос нь дэмжээд өгнө шүү дээ” :)). Эрчүүд минь ээ, дээгүүрээ сайн хөдлөөд нэр дэвших квот баталж хайрал. Хүүхнүүд бид чинь та нарыгаа дэмжихэд хэзээд бэлэн шүү дээ.