Тэтгэлэг горилогсдод тусламж

Хүү цонхоор харна. Цонхны цаана үзэгдэх амьдрал бяцхан түүнд ихэд сонин. Хүүгийн ойлгохгүй хэлээр хашгиралдан урт урт зүйл зөөх, бас түн түн, ян, ян гэж дуу гаргах нь гайхмаарч тэртээгээс өглөөд гарч ирдэг том, шар, хурц гэрэлтэй бөмбөг бяцхан түүнд бүр их сонихон. Түүний хувьд хамгийн гоё мөөм шиг нь дугуй, дулаахан, бас удаан харахаар нойр хүргэдэг тэр зүйлийг НАР гэдэг нэртэй гэж ээж нь хэлсэн.

Нөгөө өрөөний цонхоор тусах хурц гэрэл ч бас нар гэдгийг тэр мэднэ. Ганцхан тэр нар бөөрөнхий биш, гялтганасан, гялгар, яг л шоколадны дотор талын мөнгөлөг цааш шиг нэлэнхүйдээ цагаан Яг л тэр цаас шигээ урагдахдаа ч амархан байхдаа гэж бяцхан ухаандаа тунгаана.

Оройд хаашаа ч юм явчихаад, өглөө ирдэг тэр нүд гялбам хурц гэрэлтэй нарнаас хүү огтхон ч айдаггүй. Яагаад гэвэл хүү аав нь хаашаа ч юм явахаар нар ирдэг гэдэгт итгэдэг. Том, хүчтэй аавыгаа байхад тэр бас юунаас ч айдаггүй. Хаяа хмт гадаа гарахад аав нь хүүгээ дээр дээр өргөж тоглоход хамгийн дуртай. Учир нь хүү нөгөө гоё, хачин дулаахан наранд ойртдог юм.

Хүү цонхоор харсаар. Тэр гэнэт юуг ч юм балбан, хоорондоо чанга дуугаар хашгиран ярьдаг хүмүүс харагдахгүй байгааг анзаараадахлаа. Цонхны цаана, маш ойрхон,дээшээ өлийн харахад орой нь үл харагдах байшин боссоныг олж үзэв. Хүү нарыг хайв. Нар байгаа гэдэгт эргэлзсэнгүй. Учир нь аав нь нарыг авчрахаар гэртээ байхгүй байгааг, бас нөгөө өрөөнд мөнгөлөг гэрэл туссаар байгааг олж мэдэв. Гэвч бяцхан түүний нүдэнд хурц гэрэлтэй ч дулаахан, зөөлхөн, яг л ээжийнх нь мөөм шиг дугуй нар харагдахгүй байлаа…

Жич: Миний бяцхан үрийн НАРыг булаасан Монголын ТӨР, үүний дотор МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТ, ДУЛААН, ЦАХИЛГААНЫ ШУГАМ СҮЛЖЭЭ, ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБА, НИЙТИЙН АЖ АХУЙН КОНТОР, БАРИЛГЫН зураг ЗОХИОГЧ, барьж босгосон КОМПАНИ, энэ бүхнийг санхүүжүүлсэн БАНК, худалдан авсан ИРГЭДЭД зориулав.

 

Сэтгэгдэл бичих