Тэтгэлэг горилогсдод тусламж

ФБ-р тэнэж яваад өлдөөд өеөдөөд уначихсан буга босч чадахгүй байгаа бичлэг үзлээ. Их л хатуу өвөл болж байна даа. Хэдийгээр билгийн тооллын хаврын дунд сар гарсан ч гэсэн уулын цас хайлаагүй болохоор хавар болсон гэж хэлэх хэцүү юм даа. Гол нь малчид хэцүүдэж байгаа юм байна даа гэж бодлоо.

Зундаа найрлаж суухаар хадлан тэжээлээ авахад яасын, хонь мал чинь хувийн өмч, бидэнд махаа хямд өгдөггүй гээд баахан шүүмжилдэг. Хэрэв бид зундаа “айлчлан очиж” төвөг уддаггүйсэн бол, бэлчээрийг нь хязгаарлан уул уурхайн зөвшөөрөл өгдөггүйсэн бол, тун удахгүй өвөлжөөний газрыг нь өмчлөх гэж чичрэн дайрдаггүйсэн бол, амжиргааны ганц орлого нь ямааны ноолуур болоогүйсэн бол, үр хүүхдэд нь диплом өгөх гэж олсон жаахан мөнгийг нь хот газар руу ховх сордоггүйсэн бол тэд биднээс уг нь юм нэхдэггүй юм.

Миний бага насны хамгийн жаргалтай дурсамж хөдөөтэй холбоотой. Амины (хувийн өмчийг тэгж нэрлэдэг байлаа) цагаан зүсмийн сүү сайтай хэдэн үнээтэй, хүрэн, бор хоёр зүсмийн морьтой Хөвсгөл аймгийн төвөөс зүүнтээ байх Хөх толгой гэдэг газарт хаврын урь орохтой зэрэгцээд ханиад, хатгаа, гахайн хавдраас салдаггүй бие муутай намайг томилолтор явуулна. Одоо бодоход гурав дөрвөн сард л юм шиг байгаам.

Цуварсан хэдэн айл байх. Хамгийн урд талд сахал Самбуу гуайнх, борной Дамдин гэдэг хүүгийндээ амьдарна. Тэдний хойно уушиг Туваан гуайн Дунжий гэдэг авгайтай тэгээд манай хөгшин аавынх. Хойно  нэг айл байдаг байсан би сайн санадаггүй юм. Ганц бие авгай байсан, сүүлд нүүж ирсэн юм уу даа. Эхний гурван айл бол амь нэг.

Сахал Самбуу гэж оочин сахалтай хөх өвгөн, энгэрээсээ үсний сам гаргаад сахлаа самнадаг өвгөн байсан. Дамдин гуайнх адуутай, олон эрэгтэй хүүхэдтэй. Сахал Самбуу гуай орж ирж сахлаа самнахдаа “Бид нар бүгд Эрлэг номон хааны цалманд орсон доо” гэнэ. Хөгшин аав ихэд сэжиглэн өөрөө л орсон юм байгааз гэдэгсэн. Тэр юуны ч юм хавдар тусаад хүү нь хон хэрээний мах сайн гээд анд явж олзоо хөгшин аавд үзүүлсэн талаар манай хоёр яриад “Тэр нь хон хэрээ биш, хэрээний төрлийн өөр шувуу байсан талаар, хөгшин аав үнэнийг нь хэлж чадаагүй талаар ярьж байж билээ. Хөгшин аав яагаад биш гэж хэлж чадаагүйг нь бодоод олоогүй тул сэтгэлд их тод үлдэж.

Уушиг Туваан гэж улаан царайтай жижигхэн өвгөн, Дунжий гуай нь харин том биетэй. Тэднийх ганц охинтой, тэр нь аймгийн төвд суудаг. Нөхөр нь жаахан архи балгадаг гар байсан байх, энэ талаар хөгшин ээж аав хоёр ярьж байсан юм даг. Нэг удаа Дунжий гуай гэрийн гаднаас Долгор гуай гэж дуудахад анх удаа хөгшин ээж нэртэй болохыг мэдээд ихэд гайхаж байсан нь дөрөвтэй л байсан болов уу даа. Хөгшин ээжээ, таныг яагаад Долгор гэж дуудаад байгаа юм бэ гээд үнэн голоосоо гайхаад л. Тэгэхэд л анх хөгшин аав, ээжийнхээ нэрийг хэлж болдоггүй, тэгвэл тэд нь тэнгэрт хол явчихдаг гэж мэдэж авч билээ.

Туваан гуайнд орох их дуртай, хоймроороо улаан том авдар эгнүүлж, гурван хавтастай толь дээр нь тавьсан айл байдагсан. Бас нэг шалтгаан нь тэднийх хоньтой. Эрхийн мангар намайг эрхлүүлэх гэж эм хонь уяж өнжинө. Надаар саалгах гэж байгаам. Унтаж унтаж босоод цайгаа уучихаад нэг л их ажилтай амьтан Туваан гуайнд орно, жижиг стакан угаагаад өгөхөөр нь тэрүүнд хонио саана даа. Нэг удаа сааж байсан хонь стаканд бааж, сүүг нь асгачихаж билээ. Дахиад баахаар нь Дунжий гуайд хэлтэл хорголыг нь авч хаяснаас хойш тэднийд орохоороо цай уухаа больсон юмдаг. Бас сүү гарахгүй болохоор нь дэлэн рүү нь алгадах ёстойг Дунжий гуай зааж өгч билээ. Бас Туваан гуайх баастай цай уудаг тухай их л сүржин гэгч нь ярихад хоёр буурал маань нулимсаа гартал инээж, тэрийг нь харсан би онгироод л…

Туваан гуайнх, манайх хоёр нохойгүй. Бусад айлын нохой нь дэл сул давхиж явдаг л байсан, хүүхэд рүү дайрдаггүй байсан юм уу, би айдаггүй байсан юм уу бүү мэд. Миний хийдэг хамгийн том ажил өтгөн дээрээс юу ч юм түүх бор шувуу тоолох, хөгшин аавын гаргасан зүүн гүвээний цаадах худгаас ус авахаар явахад нь дагаж явж, ховоо татна гэж орилох, малд тавьсан хужир долоох, хөгшин ээжийг авдраа ухахад нь алдалгүй хажууд нь сууж чихэр идэх. Бас шинэ тугалны эхсээр хийсэн хэнгэргээ балбах. Туваан гуайн хашаанд орж, хэдэн хурга ишгийг нь ийш тийш нь элдэх. Оройдоо хөгшин аавын ярих Бигэрмижид хааны тухай үлгэр сонсох. Бас хийцтэй цай хийхээр айлын Дунжий гуайг дуудах ажилтай. Хөгшин ээж минь хуучин дээлнийхээ хуулгаар хийж өгсөн дээлээ мялаалгах шиг сайхан юм байхгүй. Хавийн айлаар хэснэ дээ. Хахаха Мялаалгах гэж байгаам. Бас зураг зурах гэж нэг том ажил байсан юм байна.  Тэр зурагнуудаа гадаа гэрийн бүслүүрт хавчуулаад л үзэсгэлэнгээ гаргачихдаг байлаа шүү дээ. Хар багаасаа л алдар нэрэнд дуртай байж. Хихихи.

Манай үхэрнүүд өглөө ажилдаа явчихаад орой яг цагтаа ажлаасаа ирнэ. Бас аав, ээж хоёр хэзээ ирж намайг авах бол гэж урд талын жижигхээн гүвгэр дээр гарч зам харуулдана. Уулын усанд эвдэрсэн хажуугийн жалгаас цааш явахгүй. Их л том ангалтай, аймаар санагддагсан. Энэ бүхнийг бичээд байгаа нь яг тэр нэг хэвийн тайван амгалан амьдрал ямар жаргалтай байсныг, тэр гурван айлын дунд, ямар их хайр мэдэрч өссөнөө бодохоор өөрийгөө азтайд тооцож, бас зунжин найрласан хөдөөнийхнийг муу хэлэхээр нь дурсан бичив.

8-р сард хадлан авдаг бөгөөд өвөлжөөндөө авчирч ачдаг, бас пэрээстэй өвс өвөлжөөний хойно байдагсан. Хөгшин аав нэмэлт хорголжин тэжээл овьёостой зуурч оройд бэлдэнэ. Тэгээд үхэр болгоны толгойд угладаг хошуувчинд нь тэжээл хийж өгдөгсөн. Өвсийг тэнгэр муухайрсан, үхэр бэлчээрт гараагүй өдөр л өгдөг байсан байх. Үхэр үхэж байсныг санадаггүй. харин нэг хар ямаа онхолдож унаад нүд нь аймаар болчихсон байсныг санаж байна. Хүүхдэд муу юм харуулахгүй гээд тиймэрхүү юмнаас хол байлгадаг байв шүү.

Санаанаас гардаггүй нэг хөгжилтэй явдал Үзүүртээ понпонтой улаан цэнхэр малгайг санаж байна уу? Надад лав улаан байсан юмдаг. Тэрнийхээ нэг бөөрөнхийг нь хаячихаваа. Хот айлд энэ их том үйлдэл болж хавийн амьтанд хэлэв. Айл хотлоороо эрээд олоогүй юмдаг.  Хөгшин аав минь хайсаар байгаад хэд хоногийн дараа олж ирж, хөгшин ээж бөх гэгч нь хадаж өгч билээ. Хихихи. Энэ бүхнийг дурсах бүртээ тэдгээр хүмүүсийн хайрыг л мэдрэх юм. Надад муухай загнаж байсныг ерөөсөө санадаггүй юм.

 

Comments on: "Хайр хийгээд зуд" (1)

  1. Бидний багад үзэж туулсан жинхэнэ монгол амьдрал, монгол заншил он цагийн хамт алслан холдсоор ….

Сэтгэгдэл бичих