Тэтгэлэг горилогсдод тусламж

Чөлөө

Нар ээсэн намрын шар өдөр. Хүйтэн өвөл бүх хүчээрээ, эргэлт буцалтгүй дайрахын өмнөх бяцхан чөлөө. Хөлөөр нэг хөглөрөх шар навчис, хамгийн сүүлд хагдран унадаг ногоон бут. Хар бараан хувцастай, баргар царайтай алхах хүмүүс. Салхиар туугдан ирэх “мөнгө, яанаа, банк, зээл, эмнэлэг, цалин” гм үгс. Энэ их буцалсан амьдрал дунд юунд ч юм баярлан байдгаараа инээх жаахан хүүхдүүд.

Таван настай энхрийхэн Хулан. Хөл муутай хэдий ч үеийнхнээсээ хоцрохгүй гэсэндээ байдаг чадлаараа хурдлах энэ амьтныг харах бүрдээ харгис ертөнцөд яаж шуу цаашаа амьдрах бол гэхээс санаа зовнино. Аль л хөөрхөн, гоё гэснийг бэлэглэхийг хичээж, азгүй зохиолоор эрэмдэг болсон түүнийг хатуу тавиланг чадлынхаа хэрээр зөөллөхийг хичээнэ. Зайлуул, муу эх нь хамаг л арга чарга, эмнэлэг домнологыг гүйцээж байна. Сайн санаж танихгүй нэгний хэлсэн сайн гэсэн бүхэн рүү л гүйх юм. Мөнгө бурхан болсон энэ улсад олдог хэдэн төгрөгөө луйварчдад барсаар. Охинтой нь ижилхэн оноштой хэний хүүхэд дөрвөн үе дамжсан удамтай домчоор хануулаад сайжирсан тухай намуухан дуугаар хүүрнэх танил бүсгүй. Жижигхэн хайсан дээгүүр давах гэж тонгройтож унаад чанга уйлах гэснээ үеийн хүү нь харж байгааг мэдэнгүүтээ больж, ээж рүүгээ харж инээх охин. Намайг түүн рүү инээмсэглэхэд хөл нь ороолдон хариугүй уначихмаар харагдах ч чээжин биеэрээ байдгаараа урагш тэмүүлэн ирж, хөлийг минь тэврээд нүүрээ наав.

Миний дотор хоёр хүн хэрэлдэнэ. Хэрэв би үнэнийг хэлбэл энэ бүсгүй надад хязгааргүй гомдовч өнөөгийн амьдралд нь нэмэртэй шийдвэр гаргахад нөлөөлж болно. Нөгөө талдаа бяцхан ч гэсэн асч буй найдварын зулыг нь бөхөөх үг хэлэх би хэнсэн билээ.

Охины сэвлэг нь чийгтэн, хөлөрчээ. Малгайг нь өмсүүлэхэд өмнө минь тэгш, номхон зогсож, бүрэн дүүрэн итгэсэн, гуниггүй хархан нүдээр өмнөөс минь харав.

Ээж нь явахаар бослоо. Хэдийгээр цахлан эсэргүүцэвч тэргэнд нь суулган чангаар уйлахыг үл тоон бид хөдлөв. Шар навч, хог нь хальсан хогийн сав. Тэрэг түрсэн байтугай эрүүл хүн явахад аюултай гудамж талбай, хот орон. Салахдаа хэдэн төгрөг өгөв. Үүнээс илүүг хийж чадахгүй эгчийгээ өршөөгөөрэй Хулаан!

 

Сэтгэгдэл бичих