Тэтгэлэг горилогсдод тусламж

Долоо хоногийн өмнө НҮБ-с дэлхий дахинд зэрэг зохион байгуулдаг залуучуудын  чуулга уулзалтад Мэдээлэл харилцааны технологи ба жендэрт суурилсан хүчирхийллийг таслан зогсоох салбар хуралдаанд чиглүүлэгчээр оролцов. Залуучуудын идэвх, үзэл бодлоо илэрхийлэх чадвар, хүчирхийллийг үзэл бодол 10 жил байтугай таван жилийн өмнөх юмгүй өөрчлөгджээ.

Миний харсан хамгийн том ололт нь хүчирхийлэл байж болшгүй зүйл гэдэгтэй бүгд санал нийлж байна. Ийм шинэ үе өсч өндийж байгааг хараад хонгилын үзүүрт гэрэл харагдана гэдэг л боллоо.

Хүчирхийлэлд өртсөн хүмүүс, ялангуяа гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүд яагаад уг харилцааг зогсоож чаддаггүй юм бол гэж олон хүн гайхдаг. Хүчирхийлэгч нь хохирогчийг эрхэндээ байлгах сэтгэлзүйн маш зэвүүн арга техник хэрэглэж, хувь хүнийх нь хувьд нухчин дардаг юм. Хүсэл зоригоо нухчин даруулсан хүн рациональ, эрүүл шийдвэр гаргах боломжгүй. Яг л улстөрчид яаж тархи угаадаг шиг процесс тухайн гэр бүлд болдог.

1-р үе

Хувь хүний эрхэм чанар руу дайрах

Хэн нэгнийг хяналтандаа байлгахын тул өөрийгөө үнэлэх үнэлэмж, эрхэм чанар руу давшилдаг. Бүр тухайн хохирогч өөртөө эргэлзтэл нь шүү Жишээ: Унхиагүй, ажилгүй, муу ээж, царай муутай, хэн чамайг тоодог юм гм

Өдөр бүр үүнийгээ давтсаар байх тул хохирогч нэг л мэдэхэд өөртөө төдийгүй өмнө нь гүн итгэдэг байсан зүйлдээ хүртэл эргэлзэж эхэлдэг байна. Үр дүнд нь хүчирхийлэгчтэй ижилхэн үнэт зүйлийн нэгдмэл ойлголттой болж эхэлдэг.

Тархи угаалтын гол санаа нь хуучин үнэт зүйлийн системий нь нурааж, хүчирхийлэгчтэй төстэй  шинэ итгэл үнэмшилтэй болдог. Хэдийгээр сэтгэл санааны хүчирхийлэл нь зогссон байсан ч гэсэн үнэт зүйлийн шилжилт хадгалагдсаар байдаг.

3. Буруутан болох

Хүний сэтгэлзүйг удирдахад буруутай мэт мэдрэмж төрүүлэх нь маш үр дүнтэй тактик юм. Том жижиг ямар ч зүйлд, тэр байтугай ямар ч хамааралгүй зүйлд хүртэл  хохирогчийг буруутгадаг.

“Чиний буруу.. Чамаас болж л би энийг хийсэн”

Бухлын чинээ асуудлыг уулын чинээ болгон сүр бадруулах нь хүчирхийлэгчийн гол шинж. Өөрөө өндөг шиг өөгүй, харин хохирогч л өөрийнх нь тарьсан асуудалд буруутай гэж хариуцлагыг шилжүүлж, буруутгадаг. “Хэрэв чи эхэлж хэрүүл өдөөгүй бол би чамайг юу гэж цохих юм”

Санал нийлэхгүй байгаа нь хохирогчийн буруу, юу ч хийсэн санаанд нь хэзээ ч хүрдэггүй.

Гол нь хохирогч хувь хүний үнэлэмжээ сольсны дараа буруутай учраас шийтгүүлэхэд сэтгэлзүйн хувьд бэлэн болсон байдаг. Буруугаа “ухаарснаар” дотроо гэмшиж эхлэснээр хувь хүний өөртөө итгэх байдал, үнэ цэнээ алдаж эхэлдэг байна.  Юу ч хийсэн, хэлсэн ярьсан буруутан болсоор нэг л мэдэхэд хохирогч өөрөө буруу зүйл хийдэг муу хүн мэтээр өөрийгөө төсөөлөн бодож эхэлдэг аж.

3. Өөрөөсөө урвах

Буруутай муу хүн болохдоо итгэснээр өөрийгөө хайхрахаа больж өөрт нь муугаар тусах шийдвэр гаргаж эхэлдэг. Энэ үед нийтлэг үнэт зүйл, ааш араншин бүхий сайн найз нөхөд гэр бүлээсэ харилцаа холбоогоо таслан нийгмээс өөрийгөө тусгааарлаж эхэлдэг. Учир нь хүчирхийлэгч хохирогчийн найз нөхөд, гэр бүл нь тэдний харилцаанд нөлөөлөх аюултай гэж үздэг. Харилцаанд нь үүсч байгаа аливаа асуудалд гэр бүл, найз нарыг нь буруутгадаг.

“Танай ээж ингэдэг, тэр найз чинь ганц бие болохоороо атаархаж байгаам”. Нийтлэг үнэт зүйл бүхий дотно найз нөхөд, гэр бүлээсээ  урваж буй мэдрэмж нь хохирогчид хүндээр тусаж, дотроо улам их шаналдаг. Хохирогч ганцаардах тусмаа хүчирхийлэгчээс илүү их хамааралтай болох нь хууль

4.Хугарлын цэг

Хохирогч энэ үед өөрийгөө танихаа больсон, тэр байтугай бодит байдлыг эрүү саруул ухаанаар цэгнэх чадваргүй болсон байх нь бий. Энэ үед нөгөө хүний мэдэрч, ойлгож байгаа зүйлийг сааруулах техник өргөн хэрэглэгдэнэ.

“Чи солиорчиж. Ийм юм ерөөсөө болоогүй.”
“Битгий худлаагаасаа зохиогоод бай.”
“Хар өвчин тусчээ чи”

Үүнээс болж хохирогчийн бодит байдлын тухай ойлголт улам гажина. Учрыг нь олохоор хариулт байнга хайж, тайван бус болж, нойргүйдэлд, хардалтын донд нэрвэгддэг. Зарим мэргэжилтнүүд үүнийг сэтгэцийн хямрал гэж нэрлэх нь бий. Удаан хугацаанд сэтгэл санааны хүчирхийлэлд байснаар ядарч туйлдан ямар ч гэрэл гэгээтэй зүйлийг харахаа больж, арчаагүй нэгэн болж хувирдаг. Хохирогчийн бодох чадвар нь маш гүнзгий хямарснаар өдөр тутам хэвийн амьдрах боломжгүй болдог.

II үе шат

5. Аврагчийн дүр

Хохирогч цаашид тэвчих боломжгүй тийм нөхцөл байдалд ороход хүчирхийлэгч аврагч болж хувирдаг. Сэтгэлзүйн дарамтанд байлгаж байхдаа маш өчүүхэн зүйлд өгөөмөр зан гарган хэдийгээр үүрч байгаа зовлон шаналалтай нь харьцуулахад өчүүхэн зүйл байлаа ч хохирогчид маш хүчтэй талархах сэтгэл төрдөг

Бодит байдлыг бүрэн дүүрэн зөвөөр хүлээн авах чадвар нь гажсан тул маш бяцхан өгөөмөр зан нь хэд дахин үржигдсэн хэлбэрээр сэтгэлзүйд нь маш хүчтэй нөлөөлж хүчирхийлэгчид улам хамаатуулж өгдөг аж. Хэдий өдрийн од шиг ч гэсэн аяга цай дөхүүлж өгөх, тэврэх, магтах нь хуурамч найдвар төрүүлнэ. Иймэрхүү “сайхан зан” гаргах тоог олшруулахын тулд хөөрхий хохирогчид илүү их тэвчих, хичээх сэдлийг төрүүлнэ. Хүчирхийлэгч нэг өдөр хайлсан тугалга шиг, маргааш нь арслан заан шиг муухай аашлан ойлгомжгүй, олон ааштай байх  нь маш их стресст оруулдаг юм.

 

6. “Буруугаа” хүлээх хүсэл

Хатуу харгис шүүмжлэлийн хооронд багахан хэмжээний сайхан зангийн хариуд шүүмжлэлийг талархан хүлээн авдаг болж, энэ үедээ өөртөө байгаа “муу муухайгаа” олж илрүүлж, засаж залруулахыг оролдоно. Энэ нь шинэ “хувь хүн” болгож хувиран, хүчирхийлэгчийн үнэлэмж, итгэл үнэмшлийг өөртөө наадаг. Энэ үедээ хохирогч хэлсэн бүрийг нь  гүйцэтгэх хүсэл дүүрэн байдаг байна.

7. Буруугаа хүлээх

Хохирогч чухам юуг буруу хийснээ ойлгодоггүй ч өөрийнх нь буруу гэдгээ мэддэг. Ингээд ч зогсохгүй түүний үнэлэмж, ертөнцийг үзэх үзэл нь асуудалтай тул хүчирхийлэгчийн зөв гэж итгэн, түүний үгэнд хөтлөгдөн өөрийн бодит мөн чанараасаа ичдэг.

8. Өөрийгөө устгах

Энэ үедээ асуудал тэдэнд биш, үнэлэмжийн системд байгаад үнэмшин хэрэв үүнийгээ өөрчилчих юм бол буруутахаа болино гэж итгэдэг. Ийм учраас хуучин найз нөхөд, гэр бүлээсээ зугтааж, хуучин итгэл үнэмшлээрээ хийж байсан зүйлийнхээ талаар нээлттэй ярина. Ингэснээр хуучин үнэлэмжээсээ татгалзах үйл явц дуусгавар болно.

Энэхүү тактик нь олзлогдсон цэргүүд, эсхүл шашны культын гишүүдэд хэрэглэдэг аргатай ижил. Гэр бүлийн хүчирхийллийн хувьд тархи угаах энэ үйл ажиллалаа алхам алхамаар тасралтгүй хэрэгжин, хохирогч хяналтаас нь гарч байгаа мэдрэмж төрөх бүрт хувь хүний үнэ цэнийг нь доромжлон шинэ цикль эхлүүлнэ.  Хамгийн хортой нь хэдийгээр хүчирхийлэлтэй орчноос салсан байсан ч гэлээ хохирогч хүчирхийлэгчийн суулгасан тэрхүү үнэлэмжийн системд итгэсээр байдаг байна. Өөрийгөө олохын тулд хүчирхийллийн хохирогчид олон жил шаардлагатай болох нь бий.

Гэхдээ найдвар бий. Хүчирхийлэл ямагт чимээгүй орчинд амжилт олдог. Хэрэв гэр бүлийн хүчирхийллийн золиос болж, ийм харилцаанаас салсан бол өөрийгөө уучлах нь хамгийн том алхам. Хэрэв та өөрийгөө ийм харилцаанд байгаа гэж бодож байгаа бол тусламж хүсээрэй. Айх ичих хэрэггүй, учир нь энэ таны буруу биш. Хүчирхийлэл зөвхөн чимээгүй орчинд л оршин тогтнодгийг санаарай.

Хэрэв найз нөхөд, ах, эгч, дүү нараас чинь хэн нэгэн ийм нөхцөлд байгаа бол таны тусламж хамгийн их хэрэгтэй. Учир нь хөөрхий тэр хохирогч сэтгэлзүйн хувьд гадны тусламжгүйгээр хүчирхийллийн хар хонгилоос өөрийн хүчээр гарах шаанс бараг байхгүй.

 

 

 

Сэтгэгдэл бичих