Тэтгэлэг горилогсдод тусламж

Хөгжлийн өөр гарц 2009/08/06,

Пүрэв – 17:54 — Ц.Бат

Телевизийн нэг сувгаар орвонгоороо эргэсэн Монголын уул тал, ширгэсэн голууд, нөгөө сувгаар Оюу толгой, Таван толгой тойрсон хэрүүл, бас нэг сувгаар нь олоогүй (олдохгүй) ашгаа хуваах толхилцоонууд гарч байх юм. Олон хүний ярианаас уул уурхай хөгжвөл ажлын байр нэмэгдээд ард нийтээрээ цэнгэлийн манлайд ойртох тухай санаанууд хөвөрнө. Мөнгийг тэрбумаар нь хүүдийлж, мянгыг амны цаас шиг тоохгүй болох цаг өнөөгийн хариуцлагагүйн үерээс азаар амь гарсан жаахан хүүд ирэх юм байх. Монголчууд үнэхээр уул уурхайгаар халуурч байна. Олон “эрдэмтэд”, “эдийн засагчид”, “суутнууд” үүнээс өөр хөгжлийн гарц үгүй хэмээн “нотолцгоон” энэ халуурлыг солиорол руу улам ойртуулна. Улс төрчид маань алсын хараа гэхээсээ өнөө маргаашийн оноо цуглуулах жалгын улс төр, популизмаар амьсгалан улсаа “зална”. Харамсалтай нь жалгын улс төрөөр залагдсан улс жалга ангал руу л дөхөх нь ойлгомжтой. Олон олон “эх орончид”-ын нэгэн адилаар би ч бас уул уурхайн халуурлыг битүүхэндээ дэмжиж л байна. Гэхдээ цэнгэлийн манлайд түүний тусламжтайгаар хүрнэ гэдэг утгаар нь бус, харин дээрмийн уул уурхайн уруй Монголыг дайраад бүх юм болоод өнгөрсөний дараа хаягдал шороон дээрээ хөөрхий нинжа шиг хоосон хоцорсон Монголчуудын нүд гэнэт нээгдэж, ухаарал сэхээрлээ аван өөр аргаар амьдрах арга хайж олох зөв цагийг ойртуулахад өнөөгийн энэ халуурал хэрэг болох болвуу гэдэг утгаар нь. Ер нь бол газрын гүнээс гамшгаас өөр энгийн ардад наалдацтай юм нэг их гарч ирэх нь юу л бол. Ашигтай наалдацтай юмс гарч ирлээ ч энэ баялагаар нь зөвхөн өнөө үеийхэн л туйлаад, талаар нэг нялаад л дуусгах шинжтэй. Харин дараа нь олсон хэдээрээ сүйдэж гундсан уул овоодоо мянгантаа тахиад ч амь зуух аргагүй болох өдөр энэ хурдаар явбал нэг их холгүй бололтойдог. Уул уурхай шүтсэн “хөгжлийн” энэ гарц ер нь нэг л бишээ. Тэхдээ Монголчууд бид нэгэнт олон уурхай нээгээд арвин нүгэл хуралдуудаад эхэлчихсэн тул ядаж одоо байгаа тэднээсээ олж байгаа хэдээ зөв зарцуулан алсдаа хөнөөл багатай аргаар хоолоо олдог болох аяаа бодож байхгүй бол горьгүй нь ээ. Хэдүүлээ ухаад авчихсан уурхайн шороон дээрээ шалз шиг хаягдан санаашрахаасаа өмнө хөгжлийн өөр гарцыг хайцгаая. Хөгжилд хүрнэ гэдэг бол зөв бизнесийг олж зөв хөгжүүлнэ л гэсэн үг юм. Бизнес амжилттай байхад гурван гол зүйл тун ч чухал байдаг юм. Тэр нь нэгдүгээрт байрлал, хоёрдугаарт байрлал, гуравдугаарт мөн л байрлал байдаг. Оюу толгойн зэс олдошгүй баялаг агууламжтайдаа ч биш, таван толгойн нүүрс илүү илчтэйдээ ч ингэж үнэд ороод байгаа биш юм. Оюу толгой бол бараг хайлах цехийнхээ гадаа байгаа хүдэр, таван толгой бол зуухныхаа аман дээр шахуу байгаа нүүрс гэдэгтээ л ингэж түмний хорхойг нь хөдөлгөөд байна. Байрлал л гол үүрэг гүйцэтгэсэн гэсэн хэрэг. Бас дээр нь нэмээд манай хяналтгүй, хариуцлагагүй, хямдхан төрийн систем их гарын шулаачдын хорхойг үнэхээр их гозолзуулж байна. Эдний хажууд Баруун Австрали, Хойд Куинслэндэд орон нутгийн “мэргэжлийн жинхэнэ хяналтын” түмэн шалгуурыг дамжин мянган шахалтын доор олборлосон эрдэс, эсвэл Мъянмарын хунтуудтай хуйвалдаж, Африкт тивээр нь иргэний дайныг үлээн хөгжөөж байж үнэ хөлс татвар түрээсгүй дээрэмдэн ачуулсан баялаг бүгд л илүү өндөр өртөгтэй болоод ирдэг. Өөрөөр хэлбэл тээврийн өртөг зардал шингэдэгээс өртөг нь өсдөг гэсэн үг. Ингэхлээр бизнесийн байрлалын давуу тал гэдэг бол тээврийн зардалтай л холбогдож яригддаг асуудал болох нь харагдаж байна. Хаана ч тийм байдаг, бүх төрлийн бизнест тийм л байсан. Тэр дотроо тээврийн бизнест өөрт нь хүртэл байрлал нь эргээд нөлөөлж байдаг. Тээврийн бизнес гэснээс хөгжлийн өөр гарцыг эндээс өөрөөс нь хайвал яасийм бэ. Олон бизнесийн хувьд зардлын маш том хэсэг нь энд байдаг юм бол тээвэр өөрөө маш гайгүй орлоготой эд байх ёстой. Сингапур хот усан тээврийн ашигтай байрлалаараа хөгжсөн байхад, Чикаго хот АНУ-н баруун зүүнийг холбосон авто болон төмөр замын тээврийн зангилаан дээр цэцэглэжээ. Монгол шиг далайгүй, замгүй газарт агаарын тээврээс өөр үсрэнгүй ирээдүйтэй бүтэц ажиглагддаггүй. Төмөр замын тээвэр маань маш хязгаарлагдмал зах зээлтэйгээс гадна өмчийн хэлбэр, удаан хөшүүн байдлаараа ямар ч найдварын очийг гэрэлтүүлэх боломжийг олгохгүй байна. Монголд транзит тээврийг хөгжүүлэх боломжтой гэж олон ярьдаг ч агаарын тээврээс өөр түүнийг төгс хэмжээнд нь хүргэх бизнес үгүй. Иймд агаарын тээврийн боломжуудаа л сонирхоё. Тээврийн төрлүүдийн дундаас агаарын тээврийн бизнесийн ашиг байрлалаас хамгийн ихээр хамаарч байдаг. Нисэх зай нь холдох тусам ашигтай ачаалалаа хасч оронд нь шатахуунаа ачихаас өөр аргагүй болж байдгаараа их онцлог. Орчин үеийн иргэний онгоцууд хамгийн их ачаалалтайгаар дээд тал нь 5500 далайн миль буюу 10190 км орчим нисэж чадахаар бүтээгддэг. Үүнээс хол зайнд нисэхээр болбол ачаалалаа хасаж зорчигчоо цөөлөн нисэхийг хичээдэг байна. Аль болох ихээр төлбөртэй ачаалал авч явж чадсан нь нэгжийн зарлаа бууруулж өрсөлдөөнд ялж гардаг. Харин ийм таатай маршрут зах зээлийг сонгож нисэх боломж улс болгонд тэгш байдаггүй. Нэг чиглэлд нь ашигтай байсан нэгэн нөгөө чиглэлд алдахаас өөр арга байдаггүй. Жишээ нь Эмиратс компани Европ, Энэтхэг рүү тун ч ашигтай нисдэг бол Австрали, Америк руу 7000-8500 миль нисэх болдог тул тааруухан ашигтай нисдэг. Сингапур Эрлайнз ч мөн адил Европ Америкаас холдоод ашиг нь буураад явчихдаг байна. Монголын хувьд бол байрлал маань шал өөр байдаг. Дэлхийн талыг эзэлж байсан өвөг дээдэс маань бидэнд агаарын тээврийн хувьд чухамхүү үнэхээр алтан байрлалыг үлдээжээ. Монголын тал нутгаас дэлхийн ихэнх том хотууд руу агаараар нисэхэд цаад тал нь 5500 милийн зайтай л байдаг юм байна. Бүх чиглэлд дүүрэн ачаалалтай нисэх ийм боломж нь дэлхийн агаарын тээврийн компаниудын захирлуудын зүүдэнд л байдаг гэж болно. Гэтэл тэр боломж бидэнд бодитоор заяажээ. Австралийн Сиднейгээс авхуулаад, Европ, Ази бүхлээрээ, Зүүн Африкийн гайхамшигт онгон байгалаас өгсүүлээд Хойд Америкийн том хотууд бараг тэр чигээрээ энэ тойрогт байх юм. Зүүд ч юм шиг. Хамгийн сонирхолтой нь эдгээр нь зүгээр нэг Монголыг тойроод оршсонгүй. Бүүр мөрөөдлийн гэмээр байрласан байх ажээ. Дэлхийн хамгийн идэвхтэй агаарын харилцаатай улс, хотуудыг холбосон хамгийн дөт зам Монголоор дайран өнгөрөхөөр байна. Австралийг Англитай, Синга-г Шинэ Йорктой, Чикагог ХонгКонгтой, Холливудийг Болливудтай, Токиог Дубайтай, Паристай холбох хамгийн шулуун агаарын шугамууд Монголын тэнгэрээр өнгөрч байна. Гэтэл эдгээр нь бол жилд хэдэн сая зорчигчоор яригддаг сүпэр зах зээлүүд гэж байгаа. Монголд 20-30 онгоцоор дэлхийн 5 тивд нислэг хийж, өөрийн нутгаар дамжуулан транзит тээвэрлэлт хийн бусдын зах зээлээс мөнгө олдог Сингапур Эйрлайнз, Эмиратс, эсвэл жилд улсын хүн амаас ч олон хүнийг өөрийн буудлаар дамжуулан тээвэрлэдэг КЛМ шиг компани буй болгох ирээдүйн төлөө л ажиллах ёстой юм биш үү гэж бодогдож байна. Дунджаар 20 онгоцтой дунд зэргийн нисэх компанийг ажиллуулахад дор хаяж нэг нисэгч сард 50-80 цаг ниснэ гэж тооцвол 300-380 нисэгч, онгоцуудыг бэлэн байлгах 2000-2500 инженер техникийн ажилтан, 4000-4500 үйлчилэгч, болон бусад ажилтан нийлсэн нийт 12000-15000 өндөр мэргэжилийн хүний ажлын байр шинээр бий болгох шаардлага байдаг. Үүн дээр агаарын тээвэрт үйлчлэх бусад бүтцийн ажилчдыг нэмбэл иргэний нисэхэд дор хаяж 20000-22000 ажлын байр шууд буй болох боломжтой харагддаг. Ер нь бол нэг том онгоц 1000 орчим ажлын байр үүсгэдэг. 300 орчим суудалтай 20 шахам тооны онгоцуудыг 70-80 хувь дүүргэлттэйгээр арваад гол зах зээлийн хооронд Монголоор дайруулан нисгэхэд бараг 1,3-2 тэрбум долларын орлогын боломж бас харагддаг. Хамгийн гол нь агаарын тээвэр өөрөө аялал жуулчлал, хүнс, шатахуун үйлдвэрлэл, худалдаа арилжаа зэрэг олон салбарыг чирж явдаг тул улс орны эдийн засагт үзүүлэх нөлөө асар их бөгөөд ажлын шинэ байруудыг буй болгох үндсэн өдөөгч нь болох боломж их юм. Монголын хөдөлмөрийн чадвартай хүмүүсийн 20 хүртэлх хувь нь агаарын тээвэр болон агаарын тээвэртэй холбоотой ажилладаг салбараас ажил олох бололцоо бий. Нийтээрээ ажилтай байх хөгжлийн гарц чинь чухам энэ биш гэж үү? Нисэхтэй холбоотой салбарт ажиллахаас Монгол залуучууд зугатаана гэж үү. Гэхдээ ийм болоход учир их бий. Дэс дараатайгаар үе шаттайгаар чиглэсэн нэгдмэл бодлоготойгоор явбал Монголыг дэлхийн агаарын тээврийн шинэ төв болгох боломж ойрын 6-8 жилд гарч болох юм. Эхний ээлжинд саалиа бэлдхээр саваа бэлд гэдэг шиг нисэх буудлуудаа бэлдэх хэрэгтэй байна. Ерөнхий сайдын Япон дахь айлчлалын нэг зорилт үүнд чиглэгдсэн нь тун ч олзуурхууштай. Одоо япон түншүүдээ шавдуулан ажлаа эхлүүлэх л хэрэгтэй байна. Эхний ээлжинд транзит зааланд нь буугаад мордсон хүн Монголд хэд хоноод хөдлөх сэтгэгдэл төрүүлэхүйц ганц сайн буудалтай байхад болоод явчих байх. Яваандаа агаарын тээвэр хөгжихийн хэрээр зайлшгүй 2-3 буудлын хэрэгцээ гарна. Тэр үед Хар хорин, Чойбалсанд нисэх буудал хөгжүүлж бүс нутгаа өөд нь татсан ч болохгүй зүйлгүй. Хоёрдугаарт эрх зүйн үндсүүд маань бэлэн байх хэрэгтэй. Энэ бол улс төрийн шийдлийн маш чухал асуудал. Бараг ийм бизнесийн суурь хөрс нь ч гэж хэлж болох зүйл. Гол нь агаарын тээврийн эрхүүдээ нээж авах асуудал байдаг. Агаарын тээврийн нислэгийн эрхүүдийг улс орнууд бие биеэндээ харилцан солилцох журмаар л наймаацан олж авдаг зарчмыг эхлээд Парисын конвенцоор дараа нь Чикагийн конвенцоор баталгаажуулж буй болгожээ. Дэлхийн 2-р дайны дараа агаарын харилцааны эрхүүдийн эргэн тойронд явагддаг аэрополитик нь дэлхийн улс орнуудын хамгийн том анхаарал тавидаг асуудлуудын нэг болсон байна. Агаарын харилцааны хэлэлцээр байгуулна гэдэг бол улс орнуудын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөний давхар нотолгоо болж өгдөг нь үүний ач холбогдолыг ийнхүү өргөжээ. Алслагдмал олон улс орнуудыг шинэ хөрштэй болгож өгдөг гол гүүр нь агаарын тээвэр юм. Манай гурав дахь хөршийн бодлого ч энэ агаарын тээврээр дамжиж хэрэгжвэл тун ч сайхансан. Агаарын харилцааны асуудал бол ганц салбарын ч биш улс орны гадаад бодлогын чухал асуудал мөний тул Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар маань үгээ нэгтгэж энэ чиглэлд идэвхтэй хамтран ажиллаасай гэж хүсэх байна. Эхний ээлжинд Ерөнхийлөгчийн айлчлалын үеээр эртний харилцаатай Энэтхэгтэй байгуулсан стандарт гэрээгээ open sky хэлэлцээр болгож чадвал тун зүгээр юмсан. Хэрэв ойрын жилүүдэд идэвхтэй ажиллаж алс холд байгаа улс орнуудтай нээлттэй тэнгэрийн бодлого бүхий хэлэлцээрүүдийг байгуулж чадвал замаа чөлөөлчихөөд давхихад бэлэн боллоо л гэсэн үг. Дараа нь Европтой харилцаагаа шинэчлээд, АНУ, Сингапур, Шинэ Зеланд Чили зэрэг улсыг багтаасан олон талт лебирал хэлэлцээрт элсчихвэл ч. Гэвч эцсийн эцэст бидэнд хүн л дутагдна. Нарийн мэргэжлийн хүмүүс дутагдна. Нисэгч, инженерүүд дутагдна. Нислэгийн удирдагчид маань цөөднө. Олон улсын өрсөлдөөнд дунд нарийн бизнесийн ньюансийг олж явж чадах чадварлаг менежерүүд дутагдана. Төр энэ дутууг гүйцээх бодлогоо эртнээс явуулах хэрэгтэй санагддаг. Хамгийн сүүлчийн асуудал бол олон сая, тэрбумын үнэтэй олон онгоцыг яаж юугаараа авнаа гэдэг асуудал. Онгоц авахад нэг их олон зоос хэрэггүй байдаг юм. Өөрөө өөрийхөө төлбөрийг хийчихдэг бараг ганц бараа бол тээврийн онгоц. Санхүүгийн зөв схемээр явуулахад нэг хүндрэлгүй хийгддэг наймаа бол нисэх онгоцны арилжаа юм. Гол нь зах зээлийн баталгаа л чухал. Гэтэл бидний байгаа алтан байрлалаас дэлхийн зах зээл бараг тэр чигээрээ өмнө маань байна. Бидэнд эрх зүйн асуудлуудаа л зохицуулах үлдэж. Дээр нь гаалийн татвар хураамжийн тогтолцоогоо агаарын тээврийг дэмжихэд чиглүүлээд өгвөл энд төрийн зүгээс нэг их олон халамж харж үзээний хэрэггүй юм. Ер нь бол гай болохгүй бол хамгийн хурдан томордог бизнесийн салбар бол агаарын тээвэр. Ашигийн хувь харьцангүй багатай ч ажлын байр нэмэгдүүлэх нөлөөлөл нь үнэхээр гайхамшигтай. Агаарын тээврийн бизнесийг ганц нэгээрээ хийдэггүй, нийлж нэгдэж байж хийдэг ярвигтай эд. Ганц нэгээрээ ч өмчлөхөөс зайлсхийцгээн цэрвэцгээдэг. Учир нь хариуцлагаа ганцаараа үүрэхээр зориглодог хоншоортон дэлхийд ховор. Иймээс Монголын олон капиталистууд, бизнесийн толгой тархинууд хэд гурваараа, эсвэл хэдэн арваараа хоршиж байж энэ бизнес рүү орвол дэлхийн өрсөлдөөнд тэсэж, ажлын байрыг олноор нь үүсгэж чадах байх оо. Ажлын байрыг ер нь бол хөгжиж байгаа аль ч салбар гаргаж чадна л даа. Харин Монгол залуус хүрзэт техник бариад өвгөдийнхөө бууцыг самрах “ажлын байр” руу хэр хошуурах юм бол доо гэдэг л байна. Харин агаар тэнгэрт аялан, онгон байгалаа үзүүлж жуулчин татах, ачаа тээвэрлэх, худалдаа арилжаа хийх гэх мэт бол огт өөр асуудал. Залуу хүн бүр ийм л ажлын байр руу тэмүүлж өөрийгөө хөгжүүлэхээр оролдох нь бараг баталгаатай юм. Сингапур Эйрлайнзд орох мөрөөдөлтэйгөөр өөрийгөө хөгжүүлсэн олон залуус Сингапурын эдийн засгийг нийтээр нь төрөл арилжтал нь өөрчилсөнийг дэлхий гэрчилнэ. Энэ бол нухацтайгаар бодох л ёстой хөгжлийн стратегийн асуудал юм. Персийн буланд хэдэн нефть бүхий хэдэн жижиг улс байдаг. Экспортын хэмжээ нь Саудийн Араб, Иран, Иракийг бодвол өчүүхэн. Тэдийг дэлхий нийт сургаар гадарлах боловч хэн ч нэрээр нь нэрлэж мэддэггүй байсан үе саяхан. Гэтэл тэд ертөнцөд өөрсдийгөө мэдүүлэх мэргэн арга сэджээ. Нефтээс олсон мөнгөөрөө нэгнээсээ 300-500 км шахуу ойрхон зайд сүпер нисэх буудлуудыг байгуулан тэндээ Энэтхэг, Австрали, Африкийг Европтой холбон нислэг хийдэг авиа компаниудпыг байгуулж эхэлжээ. Qatar Airways, Emirates Airlines зэрэг нь асар түргэн томорч одоо дэлхийн хамгийн сүүлийн үеийн онгоцуудыг хамгийн олноор нь захиалагч болсон байх юм. Эднийг дагаад Кувейт болон арабын бусад авиа компаниуд ч өндийж байна. Хамгийн гол нь тэд баялагаа зарж амьдрахаа больж эхэлжээ. Агаарын тээврийг түшиглэсэн аялал жуулчлал, олон улсын худалдаа, бизнес санхүүгийн төвүүд цэцэглэж эхэлж. Ажлын байр үй олноороо буй болж улсынхаа бүх хүнийг ажлаар хангаад зогсохгүй гадаадаас ажилчид, өндөр мэргэжлийн боловсон хүчнүүдийг мянга түмээр нь соронздон татагч болон хувирч байх юм. Монгол нисэгч ч тэдний дунд буй. Гэтэл бидэнд эднээс давуу байрлал байна, дутахгүй байтугай илүү их баялаг байна. Харин эднээс ялгаатай нь бид тамын тогоо шиг утаатай хар гэртээ түгжигдэжээ. Бие маань биш сэтгэлгээ маань түгжигдэж орхиж. Энэ түгжээнээс мултрах аргаа бид газар ухаж гарах л гэж харж байх шиг байна. Хонгил ухаад гарахаар оролдож байна. Гэвч ухах тусам уруудсаар, харанхуйлсаар, халтайсаар л байна. Газар ухсан хүнд уруудах л тавилан ирдэг. Учир нь газрыг өгсөх чиглэлд ухах боломжгүй. Таминь ээ сэтгэлгээг маань түгжсэн тамын тогоо шиг хар гэрээсээ нүх ухаж оргох уу харин тооноороо тэнгэрээр дамжин гарах уу. Нэгэнт ухаад эхэлсэн уурхай, эзэмшээд эхэлсэн баялагаас олсон хэдээ талаар нэг нялаад, популизмд цацаад дуусах уу, харин агаарын тээвэр шиг хөгжлийн хурдасгуурт хийж араа бодох уу. Японы тусламжаар орж ирэх нисэх буудлын мөнгө бол яг энд мөрөөдөж өгүүлсэн хэмжээний бизнес босгоход хараахан хүрэлцэхгүй юм. Үлдсэнийг нь уул уурхайн олзноосоо оруулъя л даа найзуудаа. Агаарын тээврийн шилдэг төвлөрөлийг Монгол байгуулж буй болгоцгооё л доо. Тамын тогоо шиг хар гэрээсээ тооноороо гарчихвал яасийн бэ хө? аан. Гарц бэлэн байна. Дээшээ хар. Сэтгэлгээгээ чөлөөлж авцгаая. Нэгэнт ухаж гаргасан шороогоо шалаар нэг тараан цацалгүй харин нэг газар овоолж тоонондоо хүрэх гишгүүр хийе.

Comments on: "Xogjliin oor garts" (3)

  1. YAG TODORHOI SANAL NI YU YUM BOLDOO?

    MASH OLON ZUIL ORSON BAINA, ERH ZUIN ORCHIN BURDUULNE GEDEGIIG BOLVOL TODRUULJ ASUUUMAAR BAINA.

    BID IRGENII NISEHIIN HUULIIG SHINECHILEN NAIRUULAH GEJ BAINA. SAIHAN SANAA BAIAVL HELEEREEI

    HARIN JAPANII HERGEJUULJ BGAA SHINE NISEH ONGOTSNII BUUDLIIN HUVID BID sayahan japany zuvluh companiig shalagaruulsan.

    ene ongotsnii buudliin ajil ehelj bgaa. gehdee unendee asuudal bas ih bainaaa.

  2. naraa said:

    Би бол энэ малчдыг тодорхой хувийг нь бас энэ хотод байгаа ядуусыг бүгдийг нь хотоос хөөж гаргаад газар тариаланч агробизнесмэн болгомоор байна. Юм тарьж газрыг зөв зохистой ашиглаж байж л бид ядуу улс гэдэг нэрнээс гарах байх. Дэлхийн хүн ам 2050 он гэхэд 10 тэрбум хүрнэ гэсэн. Энэ олон хүн хоол идэж хувцас өмсөж л таараа. Бид нар ядаж хоолыг нь бэлддэг болъё л доо. Хоол нь дотроо бас 2 янзаа. Зүгээр л ам хөдөлгөж ходоод дүүргэх төдий хужаа ногооноос хамаагүй дээр өдөр тутмын хүнснээс гадна, экологийн цэвэр буюу органик хүнсийг гадаад зах зээл рүү гаргадаг болъё л доо. Би 3 үхэртэй хүнд тэгэж хэлмээр санагдаад байдаг юм. Та ердөө ганц га газарт малын тэжээл тарь. Тэгвэл та 3 үхрээ ямар ч зудтай өвөл айхгүй онд оруулна. Бас таны хөрш танаас тэжээл илүүчлээч гэж гуйна. Тэгвэл та шинэ бизнесийн санаа олж харна.
    За за ингээд урсгаад байвал урсгаад л байна л даа.

  3. Хэн нэг нь хийгээд эхэлчихвэл зурагтаар цацаад бусад нь дууриагаад дараа нь өрсөлдөөд явчихна даа. Агаарын тээврийн тухайд Хөшөөтөд шинэ нисэх онгоцны буудал барих гэж байгаа. дагаад дэд бүтэц, дотоод гадаадын нислэгийн асуудал шийдэгдэх байх. харин эртнээс төлөвлөгөө боловсруулаад уялдаа холбоотой ажиллах хэрэгтэй л байх.

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

Шошгон үүл

%d bloggers like this: