Тэтгэлэг горилогсдод тусламж

Posts tagged ‘Нийгэм’

Бөөгийн домог-2

Хүмүүс намайг нүүсэн гэхээр их хэцүү байсан гэж бодоод байх шиг байна. Ганц тэр хүүхнээс ч бус, бусад шалтгаан байсан юм. Жишээлбэл, нийтийн тээврээс хол тул заавал автомашинтай байх хэрэгтэй. Гэтэл би гэдэг хүн УБ хотод машин барьсан дорвол алхсан нь дээр гэдэг үзэлтэй. Би мянга дүрмээрээ яваад байхад үнэн стрэсстэй, амьд явах магадлал бараг 50% буурах учир өнгөрсөн жилийн туршлагаас болоод машин авахгүй гэж шийдсэн юм. 

Хэдийгээр бид хөгжөөд,  эдийн засаг 10 гаран хувьтай өсөөд байгаа ч гэсэн хүмүүс нийтээрээ яагаад гэнэт морь, бөх, нийтийн дуучдад хайртай, бөөчин, ламчин, хутагт хувилгаачин болж, хуучин түүхээ маш ихээр эргэн дурсаж байна вэ? Яагаад нийгмээрээ урагшаа биш, хойшоо харчихаад байгааг тайлбарлахыг хичээе.

Хантингтоны Иргэншлийн мөргөлдөөн номыг уншсан байх гэж найдаж байна. Энд гарч буй гол санаа нь дэлхий дээр цаашдаа үзэл санааны бус, шашин, соёлын мөргөлдөөн гарнаа гэж таамагласан. Уг зохиолоо цааш нь дэлгэрүүлэн бас нэг ном бичсэн бөгөөд анхлан өөрийн шавь, манайд ирж лекц уншдаг Фукуямагийн Түүхийн төгсгөл ба эцсийн хүн номын хариу болгож бичсэн юм. Фукуяамагийн номын гол санаа нь Барууны либераль ардчилсан үзэл засаглалын нийтлэг жишиг болж тогтсоноор хүн төрөлхтний оюун санааны эволюц төгсгөл болно гэж үзсэн. Энэ нь Марксийн таван нийгэм дамжин хөгжих онолыг үгүйсгэж буй юм. Марксын онол ёсоор бид капитализмаар дамжиж, коммунизмд хүрэх ёстой. Амьдрал дээр үүний эсрэг Хятад, Орос, хаант засаглалтай булангийн орнууд гээд үй түмэн улс байгаад байдаг. Хачин юмаа?

Бидний монголчууд боолын нийгмийг алгасаж үсрээд, феодализмд явж байснаа дахин нэг үсрээд социалист хамтын нийгэм рүү орсон. Гэтэл 90ээд онд улстөр, эдийн засгийн бүхий л институци тогтолцоо задран унаж, үүнээ дагаад нийгэмд эмх замбараагүй байдал бий болсон юм. Хамгийн хачирхалтай нь тэр үед ядуу байснаа өөрсдөө ч мэдэлгүй туулчихсан нь хуучин нийгмийн үнэт зүйл нийгэмд баттай оршиж байсантай холбоотой гэж үздэг. Албан тасалгааны цонхоор амьдрал сайхан байгааг мэдрүүлэхийн тулд тэр үед Халтар царайт гэдэг савангийн дуурийг улсаас бодлоготойгоор гаргаснаар өөрсдөө ядуу, өлсгөлөн байгаагаа мэдээ ч үгүй өнгөрсөн дөө. Гол нь ардчилал гэж социалист тоталитар дэглэмд тас хориотой байсан даргыгаа шүүмжлэх эрхийг ард түмэнд өгөх явдал гэж ойлгосноор хүмүүс үүний цаадах капитализмын үнэн төрхийг олж харж чадаагүй юм. Учир нь Манжийн дарлалаас салаад 70аад жил явчихсан, бараг 3 үе солигдчихсон, үйлдвэржилт явагдаад 1 үе ч өнгөрөөгүй байлаа. Дээр нь бид түүхэндээ өлсөж үзээгүй, газар нутаггүй хөөгдөж, тэнүүчилж байгаагүй, үйлдвэржээгүй, Барууны колонид ороогүй, гадны иргэд олноор нутагшин суурьшаагүй сэкулар нийгэм байв. Бид өөрсдөө ч мэдэлгүйгээр улстөр, эдийн засаг, нийгмийн шинэ харилцаанд үсрээл орчихсон, сурсан, суралцсан, одооноос л энэ бүхэн хүний мөн чанарыг шалгадаг нийгэм болохыг ойлгож эхэлж байна. 

Улстөр, нийгэм, эдийн засгийн тогтолцоо огцом хурдацтай солигдож, нийгэм хаашаа явж буй чиг баримжаагаа алдахаар хүмүүс нийтлэг үнэт зүйлийн эрэлд гардаг аж. Жамаараа хөгжиж буй нийгэмд энэ бүхэн нь дээд үеэсээ өвлөгдөн явсаар өөрчлөлт, шинэчлэлт нь алгуурхнаар хийгдэн, эволюц хөгжил болдог бол манайх шиг 100хан жилийн дотор маш олон хувьсгал хийж, нийгмийн байгуулалтыг алгасаад үсрээд явчихсан улсад либераль нийгмийн үнэт зүйлсийг тогтоох гэж эх баригчид махаа идэж байна. Ямар сайндаа л хүмүүс авчраад лекц уншуулахав дээ. Чааваас, арай боловсролтой хэсэг нь там тум ойлгосноос, нийт массдаа хүрсэн эсэх нь үнэн эргэлзээтэй.

Нийгмийн хөгжлийн түүх, өөрсдийгөө хараад харьцуулж бодоход учраа олохоо больж самуурсан хүмүүс яадаг вэ гэхээр сайн мэддэг зүйл рүүгээ буцдаг аж. Тайлбарлах гол онол нь хүний оршихуйд реферэнс пойнт буюу тулгуур үнэт зүйл ямагт хэрэгтэй байдаг бөгөөд энэ нь ёс зүй, үнэт зүйл, хүн байхын утга учрыг багтааж байдаг маш том ойлголт юм. Хөгшин Европын орнуудад энэ нь католик шашны хүн төвтэй үнэт зүйлс байдаг, хууль эрхзүй нь ч яг үүн дээрээ тулгуурлаж гарсан байдаг. Гэтэл бидний нүүдэлчдийн хувьд газар дэлхийгээ шүтэх, байгалиа хайрлах гэх мэт сүүлийн хэдхэн жилд хөгжсөн орнуудын үнэт зүйлс болж буй нийтлэг үнэлэмж байсаар ирсэн юм. Тод жишээ нь хүүхдээсээ илүү малаа хайрладаг примитив сэтгэлгээ

Бас нэг тод жишээ нь хөгжлийн хурдацтай машины эргүүлгэд орж самуурсан бид хутагт хувилгаад тодруулах (XIV Далай ламын зөвшөөрөлтэйгээр шүү), бөө удган, шидтэн, лам хуврагад сүсэглэн, амьдрал ахуйгаа даатган мөргөх, лидер нэртэй аврагчийг хайх сэдэл хүчтэй илэрч буцаад анх хаана байсан хөгжлийн тэр цэг дээрээ очдог аж. Баабар гуайгаас авахуулаад Молор-Эрдэнэ хүртэл ИРГЭНИЙ БОЛОВСРОЛ гэж хашгирч, ТҮМЭН БОДИСОО судлахыг уриалаад байгаа нь үүнтэй холбоотой. Мөн бид АФРИК болох уу, АНГЛИ болох уу гээд салаа замын эхэн дээр байна гээд байгаа нь ийм учиртай. 

Өөрчлөлт хэт хурдан явагдахад хүмүүс алдаж буй зүйлдээ харамсан эх орончсог, шашинлаг, үнэт зүйлсэг болж,хуучны зүйлсээ хэт санагалздаг ажээ

Хүний нийгмийн хөгжил нь эволюц хэлбэрээр явагддаг гэж үзээд үнэт зүйлсээ тогтоон баръяа гэвэл хаант засаглал, түүний арай хурц хувилбар болох цэргийн дэглэмтэй, тоталитар систем рүү бид явна. Хэрэв хөгжлийн шатуудыг зовлон багатайхан, хурдхан туулъя гэж бодвол ТҮМЭН БОДИСоо сайн уншиж, хэн нэгний онол, номлолыг сохроор шүтэх бус, прагматик байдлаар тусган авч, өөртөө тохируулан хэрэглэхээс өөр сайн гарц одоогоор харагдахгүй байна. Үүнд сэхээтэн буюу сэхээрсэн ангийн үүрэг асар их. Сэхээрсэн гэдэгт нь улстөрийн карьеристуудыг хэлээгүй юм шүү. Ялгаж, салгаж ойлгоорой. Тэгж ярих юм бол иргэншээгүй ард түмний тархийг угааж, өөрийн атгаг хувь санаагаа гүйцэлдүүлж буй тэд яавч эх орончид биш. Ер нь эх оронч гэдгийг түүх шүүхээс өнөө цагийн бид шүүхгүй.

Энэхүү нийтлэлийг бичих болсон шалтгаан нь манай нэлээд гайгүй уншдаг хэсгийн төлөөлөгч залуус өчигдөр өглөөжин хутагт, хувилгаан тодруулах тухай, үдээс хойш Хаант засаглалтай болох тухай ярьж, миний гэдэнг хөдөлгөв. Ёстой, чёрт юмаа. Би энд зөв, бурууг шүүх гэсэнгүй. Гагцхүү өөрийн уншиж, судалсны хүрээнд хүмүүст ойлгомжтой байдлаар тайлбарлахыг хичээв.

Энэ тухай Гаардиан сонинд сайхан нийтлэл гарчээ. Манай бөөгийн сургалт Өвөр Монголд яагаад амжилттай хэрэгжиж буй тухай англи хүний нүдээр  http://gu.com/p/3tkkj/tw

Шошгон цуваа