Тэтгэлэг горилогсдод тусламж

Archive for the ‘Education’ Category

Настан

Жил бүрийн оны 10 сарын 1. Олон улсын ахмад настны өдөр.

Манай эвэртэн туурайтнууд сонгогдсон хороо, дүүргийнхээ хөгшчүүлийн хүлээн авч уулзаж байна гэж сонгуулийн сурталчилгаагаа хийдэг өдөр. Ахмадууд нь ч нийгмийн харилцаанд орох боломж олдсон учраас баярлаад өнгөрдөг. Тэр уулзалтад бүгд орохгүй, хорооны Засаг ноёнтой гайгүй харьцаатай хөгшчүүд ороод байх шиг байгаа юм.

Харъяалагдах албан газартай ахмадуудыг хуучин ажил нь хүлээн авдаг. Барилгын агентлагт харъяатай хөгшчүүл жил бүр амралтад явж бидэнд “эрхэлдэг” байсансан. Энэ арга хэмжээ төсөв санхүүгээс бас хөөрхөн “юм” зулгаачихдаг санагдаж байна.

Ахмадын тухай хуулийн дагуу албан газар бүр энэ чиглэлд зардал төсөвлөх ёстой. Жил бүрийн ахмадын баяр, цагаан сар хоёр бол тэдний хувьд хамт ажиллаж байсан хүмүүстэйгээ уулзаж, зовлон жаргалаа ярих боломж. Хөөрхий дөө, үр хүүхдээ hомунизм hээчид амьдруулахын төлөө чадалтай, тэнхээтэй насаа зориулсан тэднийг цагаан сарын бэлэг болох хадаг, таван мянган төгрөгөө аваад духандаа хүргэж адислахыг харахаар миний хоолой зангирдаг юм.

Үр хүүхэд нь сайн сайхан яваа, эсхүл харж үзэх албан газартай хөгшчүүлийн хувьд бол энэ өдөр арай гэгээлэг өнгөрдөг. Харин хуучин албан газар нь татан буугдсан, эсхүл хөдөөнөөс үр хүүхдээ бараадан шилжиж ирсэн хүмүүсийн хувьд энэ өдөр ТВ-ийн концерт гэх мэтхэнээр хязгаарлагдана. Энэ өдөр жирийн л нэг өдөр шиг өнгөрөх хүмүүс ч олон бий гэдэгт эргэлзэхгүй байна.

Миний ээж лав Хөвсгөл аймагтаа л алдартай дотрын эмч байлаа. Амбулаторид үзлэг хийхэд хүмүүс ээж дээр овоороод нөгөө эмч нар дээр нь хоосон байдаг сан. Миний бага насны дурсамжид ээж үргэлж ажилтай, завгүй, өглөө 8-д гараад орой 8-д ирдэг, амралтын өдрүүдээр жижүүртэй, эсхүл дуудлаганд явна.

Анх Хөвсгөл аймгийн Ханх сумын сум дундын эмчээс ажлын гараагаа эхэлж, нэг настай нялх үрээ айлд захиж үлдээчихээд Хөвсгөл нуурын баруун зүүн эргийн дагуу Улаан тайга, Дархадын хотгор, Жанхайн даваа аглаг хөвч, тайгыг цаатай, морьтой, завьтай, цанатай, чаргатай дуудлаганд явдаг байсан гэсэн. Залуу хүүхэд болохоор мэдэхгүй хагас жил орчмын дараа аймгаас ирсэн шалгалтын хүнээс сумын бага эмч дуудлаганд явах ёстой, өөрөө эмнэлгээ хариуцаж ажиллах ёстойгоо мэдэж авсан гэж хэлдэг юм. Тэр үедээ “уйланхай дооктор” хочтой болчихсон байсан гэнэлээ. Учир нь мөнхийн халамцуу завьчин буриад Балдантай хамт Хөвсгөл нуурыг олон удаа гаталсан ба нуурын давалгаа цохихоор л ингээд живж үхэх нь гэж бодоод уйлж эхэлдэг байсан тул ийм хоч авчээ.

Ээж минь ар гэр, үр хүүхдээ умартан түмний төлөө 38 жил тасралтгүй ажилласан. Үндсэн ажлаас гадна гуйлга түүлгэнд бол байнга явдаг байсан юм. Намайг хүүхэд байхад амралтын өдрөөр гэрт хүн ирээл өвчтэй хүн үзүүлнэ гээд дагуулаад явдагсан. Гудамжинд зүгээр таарсан хүн хүртэл өвчин яриастай.

2000 онд УБ-т шилжиж ирэхдээ миний ээж сард 18 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг байсан бол одоо түүнээсээ арав дахин их, 180 мянган төгрөг авдаг. Миний ээж тэтгэвэр бага байна хэцүү байна гэж хэзээ ч гомдоллодоггүй. Намайг “Бид нарыг гаргуунд гарган гарган гүрийж хөдөлмөрлөсөн байхад өвлийн өрөөсөн гуталны мөнгө төр засаг чинь өгч байна шүү дээ, арай ч дээ” гэхээр төрийн минь өгч байгаа буян үүнээс илүүг өгч чадахгүй байгаа юм гэж өмөөрнө. Эмч нарыг “цагаан халаадтай алуурчид” гэж ТВ, хэвлэлээр ярьж, бичихээр үнэн сэтгэлээсээ гомдоно. Насаараа хлораминтай ойр байсан болохоор элдэв үнэртэн, танартанаас аллергитэй. Дээр нь УБ-ын утаа нэмэгдээд хэцүү л байдаг юм.

Ээж сэтгэл санаа нь үймрэхээрээ хөгшин ээжийг минь ярьдаг. “Хөгшин ээжийг чинь “Чи намайг зүгээр үхүүлэхгүй зовоож байна” гээд уйлаад загнахаар нь аашиндаа тэгж байна гэж боддог байсан. Арга нь барагдаад хүний гарт ороод, чаддаг юмаа чадахаа болихоороо хүн ингэж боддог юм байна. Одоо л өөрийн биен дээр мэдэж байна”.  Миний хөгшин ээж 80 хүрсэн ба үүнээс арван жил нь хэвтэрт бүрэн асаргаанд байсан даа. Хөгшин ээж насаараа улсад ажил хийж үзээгүй, удам судар сайтай баян айлын охин болохоор амины цөөхөн малынхаа шимийг хүртээд хөгшин аавын тэтгэвэр, дараа нь тэжээгчээ алдсаны тэтгэвэр 120 төгрөгийн орлоготой ганц хүү нь болох миний аавын асрамжинд байсан юм.

Хүүхэд байхдаа хөгшин ээжийгээ зугаацуулж “Үйчүүр” хамт тоглоно. ТВ-ээр уртын дуу, Учиртай гурван толгой гарахаар дууг нь чангалж, үзүүлнэ. Миний талийгаач дунд ах хөгшин ээжийн уншсан маанийг тоолж өгөөд 2 дүнчүүр гэж тогтоосон юм. Дүнчүүр гэдэг нь 100 сая бөгөөд нэг дүнчүүр маань уншсан хүн шууд Бурханы оронд очих “виз”-тэй болдог гэнэлээ.  Хөгшин ээжийн ээж Төмөр нь хөгшин ээжээс илүү олон дүнчүүр маань уншсан гэнэлээ.

Буурал ээж Төмөр нь өндөр дээд угсаатай, язгууртан сурвалжит айлын охин бөгөөд царай зүс сайтай, гоёл зүүсгэл ихтэй ганган авгай байжээ. Түүнийг үзэх гэж халхын сумдаас хүмүүс ирдэг байсан гэж авга эгч маань ургийн бичигтээ тэмдэглэж үлдээсэн байдаг. Цэргийн дарга хүүгийнхээ хүүхдийг харж байгаад 50-аад онд бурхан болсон гэнэлээ. Тэр хүнээс өвөлж ирсэн түнтгэр мөртэй авгай дээл, толгойн мөнгөн боолт намайг багад хөгшин ээжид байдаг байсан бөгөөд ороо бусгаа цагт буруу хүний гараар ороод алга болсон доо.

Бидний хөгшчүүл гэрийн үнэгүй үйлчлэгч, хүүхэд асрагч, гэрийн манаач хийсээр нэг л өдөр чимээгүй оддог. Тэд биднээс их юм нэхдэггүй. Зөөлөн боов, атга чихрэнд хууртан баярлаж суудаг. Үе тэнгийн хөгшидтэйгээ нийлээд данх сүүтэй цайгаа дундаа тавиад хууч хөөрөх газар тэдэнд алга. Даалуу тоглодог байсан сүүдрэвчийг нь буулгаад байшин барьчихдаг улсууд тийм байгууламж барьж өгнө гэж горьдсоны гарз. Зуны дэлгэр цагт амралтанд явах арчаатай, танагтай хөгшчүүлд зардлынх нь тавин хувийг гаргаж өгөхөөс өөр тэдэнд чиглэсэн бодитой нийгмийн үйлчилгээ байхгүй гэж хэлэхэд болно.

Хурдан морь хэдэн саяар худалдаж авч баярхаж байхаар ядаж нэг хорооны хөгшчүүлийг нарийн мэргэжлийн эмчийн үзлэгт элдэв баримт бичиг нэхэлгүй оруулаад өгвөл их буян болохсон. Гандангийн бүдүүн гүзээтэй үйлийн үрийг номлогч лам нар тэтгэврийн хөгшчүүлд зориулаад ядаж сардаа нэг засал номыг нь үнэгүй хийгээд өгчихдөг бол өөрсдөд нь их л буян болохсон. Хэдэн саяар хөшөө, суврага босгоод байгаа хүмүүс дүүргийн эмнэлгийн ганц, хоёр өрөөг хөгшчүүлд зориулаад тохижуулаад өгвөл нийтийн жорлон сарнаас хол санагддаг хөл муутай тэдэнд их л тустай юм. Хичнээн саяын орлоготой уул уурхайн магнатууд буйдхан газарт хөгшчүүлд зориулсан байнгын ажиллагаатай сувилал бариад өгвөл тэтгэврийн хэдээ цуглуулж байгаад жилдээ ганц удаа ч болов явах хөгшчүүл олон байгаа. Ясаа нутагтаа тавих хүслийг нь гүйцээгээд ядахдаа л чандрыг нь авч яваа үр хүүхдийнх нь зардлын талыг улсаас гаргаад өгчихвөл их л буянтай хэрэг болно доо.

Миний хөгшчүүлийн эмэгтэйчүүд нь их урт насалдаг ба тухайн үеийнхээ дундаж наслалтаас дор хаяж 15 жил илүү амьдарсан байдаг. Тийм болохоор би дор хаяж ная хүрнэ гэж боддог. Харин тэр үед залуус та нар таарахаараа “Үкдэггүй ээ” гээд байваа 😉

PS: ”Before I forget…” номноос хэсэгчлэн оруулав.

Цэрэг голдуу нөхөртэй Цэцэрлэгийн багшийн техникумынхан…

9-р сарын сэдвээр дахиад нэг бичлэг шахчий даа.

Ийм гарчиг яагаад тавих болов гэхээр бидний адчилан муулаад байдаг төлөвлөсөн төлөвлөгөөт эдийн засагтай нийгэмд хүйсийн асуудалд хэрхэн хандаж байсныг бичих гээл мунгинаад байгаа юм.

Намайг дунд сургуулиа дүүргээд конкурсдэхэд эрэгтэй хүйс заасан хуваарь байдаг байлаа. Хэдийгээр өрсөлдөгч ангийн хүүгээс өндөр оноотой боловч нийт оноо чинь жагсаалтад бичигдэхэд дээд сургуульд орж чадахуйц биш бол тэгээл техникумд орно гэсэн үг. Харин нэг группээр уралдаант шалгалтад өрсөлдсөн тэр хүү хүйс заасан хуваарь авна. Яг ийм тохиолдолд манай ангийн хүүхдүүд дээр гарч байсан юм. Конкурсын шалгалтын авч болох хамгийн өндөр оноо тус бүр нь 15. Нэг группэд гурван шалгалт өгнө. Харманы оноо буюу чиний аттестатын оноо хамгийн дээдэх нь 5. Ингээд боломжит хамгийн өндөр оноо 50. Манай ангийн охин 34.85 оноогоор Сувилагчийн сургуульд орж байсан бол 33.97 оноотой хүү Анагаахын дээдэд орж эмч болж байлаа. Тэр үед тэг зууны нэг оноо дутаад дээд сургуульд орж чадаагүй, улаан шугам давж конкурсэнд орох эрхгүй болж байсан хүмүүс ч байдаг байсан юм шүү. Тийм болохоор уралдаант шалгалт, улаан шугам гэдэг чинь хүүхэд насны жинкэн хар дарсан зүүд байлаа шүү дээ.

Аав ээж, ах эгч нар чинь ярьдаг байх. Намар намарт сангийн аж ахуйн явна гэдэг хампаант ажилд бүх дотоодын оюутнууд хамрагддаг байсан талаар. Тэр үед дотоодын цэрэг, оюутан гэсэн үнэгүй ажиллах хүчээр ургац хураалтын их ажлын голыг нугалж авдаг байсан юм. Сангийн аж ахуйд явахад бас их бодлоготой хуваарилалт хийнэ шүү дээ. Анагаахын дээдийнхэн Полийн дээдтэй, Хөдөө аж ахуйнхан, багшийн дээдтэй г.м-ээр нэг аж ахуй дээр хуваарилагдан ажиллана. Залуу улс бүтэн сар хамт байхад юу хийх вэ? Хайрлалцана, дурлалцана. Сангийн аж ахуйн үерхлээс насны ханиа олсон ч бий. Хос хоёрын эзэмшсэн мэргэжил нь  хаана ч ажил олдохоор байхаар ингэж хуваарилалт хийдэг байсан нь нэг талаас улсаас маш том бодлого явж байсныг гэрчилдэг юм.

Аж ахуйгаас ирээд сургууль сургуулиараа шефийн холбоо тогтооно. Бүжиг таанц зохионо. Тухайн үеийн оюутны холбоо иймэрхүү нийгмийн асуудал шийдвэрлэх ажил их сайн хийдэг байсан юм. Гэхдээ тэгж айхтар задгай байгаагүй ээ. Тухайн үед 3-р курсээсээ өмнө жирмээ болвол залуу бүсгүйн хувьд дээд боловсролтой сэхээтэн болох боломжоо алдана гэсэн үг. Тэр үед эцэг эхийн охиддоо захьдаг хамгийн том сургааль: ГЭДСЭЭ ЧИРЭЭД ИРЭВЭЭ ЧИ. Хөвгүүддээ бол СУРГУУЛИАСАА ХӨӨГДӨЧИХӨВӨӨ ЧИ. Хүний охин хүүхэд жирэмсэн болгочихов чи. Хэрэвзээ яаж ийж байгаад 3-р курсэд орчихвол улсын таван жилийн төлөвлөгөөнд багтчихдаг болохоор нэг жилийн чөлөө авах боломжтой болдог. Төгсөх курсээс барагтай л бол хөөгдөхгүй.  Та нар энэ бүхнийг худлаа гэж бодож байвал аав, ээж, ах эгчээсээ асуугаарай.

Гадаадад сурч байсан мань мэт нь САА-г “Мартагдашгүй намар” киногоор төсөөлдөг. Гэхдээ тэнд бас бодлого явнаа. Монгол оюутан сурдаг аль ч хотод охид голдуу сурдаг нэг сургууль байхад хөвгүүд голдуу сурдаг бас нэг сургууль байна. Миний сурч байсан хот Донбассын нүүрсний уурхай учраас уул уурхайн инженер бэлтгэдэг Полийн дээд байлаа. Төгсөгчид нь одоо уул уурхайн салбарын боссууд.  Охидын сургууль нь Худалдааны дээд. Их дээд сургууль 5 жилийн сургалттай байхад энэ сургууль бүрэн бус дээд боловсролтой буюу 4 жил сурган бараа судлаачид, хоолны технологичид бэлтгэдэг байсан юм. Бас металлургийн техникум, хөнгөн үйлдвэрлэлийн техникум гээд сайхан “зэрэг зиндаа” таарсан сургуульд манай оюутнууд сурдаг байлаа.

Тухайн үед гадаадад сурч буй оюутан бүр аль нэг яам, тамгийн газрын нэр дээр буюу захиалгаар сурдаг байлаа. Ирэх буцах галт тэрэгний билетний мөнгийг улсаас жилд нэг удаа даадаг. Амралтаараа ирээд яаман дээрээ бүртгүүлнэ. Яам 14 хоног ажил хийлгэнэ. Тэгж байж замын зардлын мөнгөө авна. Яамны оюутан хариуцсан боловсон хүчин гэдэг чинь “бузар лут” амьтан байлаа шүү дээ. Эрүүл мэндийн яамных лав Цэцэгдарь гээд одоо ч байдаг эмэгтэй байсан юм. Залуудаа ТВ-ээр “Эрүүл мэнд” нэвтрүүлэг хөтөлдөг хацар дээрээ мэнгэтэй хөөрхөн эгч байсан даа. Нэг зун 1-р эмнэлгийн араар явсан цэвэр усны шугам шуудууны ажил хийж хоёр гар нь улаан нялга цэврүүтсэн амьтан харьж билээ.

Буцах билетийг харъяа яамнаас нэгдсэн журмаар захиалж өгнө. Тэнд бас бөөн бодлого. Ихэнхидээ 8 сарын хорин хэднээс оюутнууд буцаж эхэлнэ. Эрүүл мэндийн яамныхантай буюу Москвагийн анагаахын хоёр сургууль, Ленинградын анагаах, за бас бус над мэтийн дэл сул хүмүүстэй өөр нэг яамны нэр дээр сурдаг оюутнууд нэг өдрийн Москвагийн суудалд таарна. 1989 оны зун байхаа Бабушкиний цэргийн дээд, Минскийн иргэний хамгаалалтынхан, Шаварын (Свердловск буюу одоогийн Екатеринбург) УПИ-гийнхан явж таарч, манай купэний гурван охин эхний хэдэн өдөр өрөөнөөсөө ч гарч чаддаггүй, нойль орсон ч хамт явцгаадаг байж билээ. Үнэн дарамттай. Өрөөний ганц залуу маань Киевийн оюутан. Орон дээрээ гараал нам. Юун өрөөний охидоо хамгаалах. Орой үдшээр бол өрөөнөөсөө ч гардаггүй “хүмүүжилтэй, сайн хүү” байсансан. Орой болохоор оюутнууд вагон хурдлуулнаа. Тэгээл тамбурт зодоон цохион болноо. Хөөрхий орос проводникууд хүртэл нам ш дээ.

Бабушкиний цэргийн дээд бол алдартай сургууль байсөөн. Орост төгссөн ямар ч хүн хэлнэ. Сүүлдээ ч нэг вагоны хэдтэйгээ танил болоод вагон даяараа гурван бүсгүйгээ хамгаалах аян өрнөөл. Манай нэг ах цагтаа Баабын атаман байсан бөгөөд би тэрний дүү гэнгүүт хоёр ах шууд хамгаалалтдаа аваал. Буудал дээр хөөрхөн залуучууд хоол авчирч өгөөл. Манай өрөөний охидууд ганц залуугаа шордоол. Ингэж манаргаж явсан тэдгээр ах нар одоо хилийн цэргийн мундаг хурандаа, дэд хурандаанууд байдаг юм.  Одоо бодоход инээдэмтэй болохоос тэр үедээ бол үнэн боевик адал явдалтай байсан даа.

Соц нийгмийн үед их сургууль, дээд сургуулийн сургалтын агуулгын ялгаа их байсан. Их сургуульд шинжлэх ухаан, академик талаа барьдаг судлаач, онолчид бэлддэг байсан бол дээд сургууль технологичид бэлтгэн гаргадаг байв. Зөвхөн ЗХУ-д манай арван таван мянган залуучууд дээд боловсрол эзэмшсэнээс дал, наян хувь нь инженер, технологийнхон байсан юм. Уралын Политехникийн дээд сургууль буюу УПИ, Эрхүүгийн ПДС, Москвад Пироговын нэрэмжит анагаахын дээд сургууль, Ленинградын анагаахын дээдийн хүүхдийн эмч, Киевийн Нисэх хүчний дээд сургуульд манай олон олон залуучуудыг сургаж гаргасан. Барилгын салбарт гэхэд УПИ, Эрхүү, Новосибирскт төгссөн инженерүүд олон бий. Бодлогоор сургаж байсан тэдгээр мэргэжилтнүүдийн дундаж нас одоо 50 давлаа. Дараагийн үе буюу надаас доошхи хүмүүс манай улсын боловсролын алдаа завхарлын бүтээгдэхүүнүүд учраас дээд боловсролтой иргэдийн дундах хүйсийн харьцаа алдагдаад байна. Харин одоогийн 25-аас доош насныханд энэхүү гажуудал балансжиж ирэх болов гэж найдаж сууна даа.

Атрын 3-р аяны ачаар манай газар тариалан сэргэж байна. Өнөө цагийн “энхрий” оюутнуудыг намрын ажилд дайчлах талаар үе үе хувьсгалт санаачлага их гардаг. Хэрэв амьдралд хэрэгжвэл арван сар хавьцаа  БЗХӨ, үр хөндөлтийн тоо баллах байх даа гэж би боддог юм. Миний бодлоор бүгдийг биш юмаа гэхэд ядаж төрийн сангийн зээл тусламжаар сураад байгаа нөхдүүдийг намрын биш юмаа гэхэд малын хашаа хороо барих,  худаг шуудуу татах гэх мэт зуны ажилд нэг сар дайчлах хэрэгтэй. Ядаж л орон нутгийн сургууль, цэцэрлэгийнхээ сандал ширээг будахад нь тусладаг болгочихвол их л ажил нугална даа.

Critical thinking

Барууны их сургуульд магистрт сурахад энэ “шүүмжит сэтгэлгээ” маш чухал. Нэгэнт унших судлах юм маш их, өөрийн санааг бусдын санаагаар баяжуулан нотлоно гэдэг нь зөвхөн санал нэг байгаагаа хэлээд хуулан бичнэ гэсэн үг биш. Бусдын санааг баримттайгаар няцаах нь энэ “шүүмжит сэтгэхүйн” илрэл. Түүнээс шууд шүүмжлээд шүүмжлээд муу, муухайг нь дуудах огт биш.  Товчоор хэлбэл “шүүмжит сэтгэлгээ” гэдэг нь академик мэдлэг, байр сууриа батлахын тулд учир шалтгаанаа объектив гаргаж тавих чадвар юм даа.

Хэрэвзээ миний бичсэн сүүлийн үеийн постуудыг ажваас шүүмжит бас дээр нь бүтээлч сэтгэлгээг өдөөх зорилго агуулсан болохыг харж болох юм. Ерөнхийдөө шүүмжит сэтгэлгээ гээд байгаа зүйл нь дараах байдлаар илэрнэ.

  • Ном, лекц, нийтлэлүүд нь маш их мэдээллийг агуулдаг. Бичигчийн сэтгэгдэл, байр суурь, тайлбараас нотлох баримтаа салгах. Бичигчийн гаргаж буй санааг үнэлэх. Жишээ: “Хөрөнгийн биржийн луйварчид”. Ёс зүй буюу болох болохгүй хязгаар нь мөнгөөр хэмжигддэг бол хичнээн суут ухаантан, маш сайн боловсролтой хүн байгаад чиг гамшигт хүргэнэ.
  • Бичигч бүр нэг санааг өөр арга барилаар, бүр эсрэг тэсрэг байр суурийг ч илэрхийлдэг. Хооронд нь харьцуулах . Жишээ: Ө. Ганзориг ”Model trading” (2011.08.11)
  • Бичигч нь нийгэм, соёлын хувьд нэг талыг барьсан үзэл бодол илэрхийлэх. Тод жишээ монголчууд бид бүхнээс агуу, тусгай ард түмэн.
  • Аливаа санаа нь хувь хүний итгэл үнэмшил, ёс зүй, мэдлэг, мэдээлэлтэй зөрчилдөнө. Иймд аль болох объектив дүгнэлт хийх. Жишээ: Гадаадын иргэд Mонголын тухай бичихээр бидний ихэнхи эмзэглэн хүлээж авдаг. Кимура Аяако “Тархины тураал”
  • Аливаа мэдлэг, санаа нь олон талтай. Иймд гаргаж буй санаагаа яагаад гэдэг асуултын хариултаар нотлох шаардлагатай. Жишээ: Яг одоо НН дээр мэтгэлцээн өрнөж байна. Нийтлэгч Аанхаагийн өчигдрийн статус: “Аймар их сонссон үг байна. Гэхдээ сайн хэлж мэдэхгүй байна” . 2011 оны тэргүүн мисс И.Төгсөө. “Миний нутгийн газар шорооноос бурхан гуйсан ч битгий өг гэж хэн хэлсэн бэ” гэсэн асуултанд хариулсан нь. 

Зөв хариулт нь Модун Шанью. Гэвч Бурханы шашин Монголд 16-17-р зууны үед нэвтэрч эхэлсэн бөгөөд түүнээс өмнө Бурхан гэдэг ойлголт ард түмний дунд өргөн дэлгэр байгаагүй. Бид Хөх тэнгэр, эцэг тэнгэр, эх газраа шүтэж амьдардаг нүүдэлчид байлаа. Тэгэхээр энэ үг нилээд сүүлд буюу 18-19-р зууны үед дэлгэрсэн. Эсхүл Сүх жанжны хандах зүгийн тухай хэлсэн шиг хэн нэгэн зохиочоод аваачаад “наасан” эд.

  • Эссэ, диссертацийн бүтэц, зохион байгуулалт нь тодорхой, уншигч “нээрээ ч тийм дээ” гэж бодохуйц, логиктой байх. Жишээ: Батбаяр. “НАТО, мөнгө, цус” (www.news.mn  

PS: Мунхаг би “Critical thinking” -“Шүүмжит сэтгэхүй” гэж орчуулсан нь хэр зөв бол???

Хөрөнгийн биржийн луйварчид

Монголд ФОРЕКС-ийн сургалт их явагддаг, манайхан ч их хамрагддаг бололтой юм. Сургамж болох үүднээс дараахыг бичлээ. Хэдийгээр эдийн засагч мэргэжилтэй боловч бодит баялаг бүтээдэггүй, санхүүгийн аферистуудад дургуй гэж өмнө бичиж байсан даа. Миний итгэл үнэмшлийг энэ түүх баталж байна. Яагаад гэвэл тэдний болох, болохгүйн хязгаар мөнгөөр хэмжигддэг юм.

Ойрын өдрүүдэд санхүүгийн зах зээлийн сенсаацын гол баатар Квеку Адоболи нь Швейцарын UBS банкны ажилтан бөгөөд түүний учруулсан хохирол 2 ТЭРБУМ долларт хүрчээ. Энэхүү алдагдлын хажууд 1995 онд Барингс банкыг дампууруулахад хүргэсэн 1.3 тэрбумын Ник Лийсон “бага гар” харагдахаар байна.

Алдагдлын өртөг нь дэлхий даяар 3500 ажлын байр цомхотгох шийдвэртэй тэнцэх ба ажилтнаа хянаж чадаагүй дарга нь хамгийн түрүүнд огцорлоо. Ганын дипломатчийн хүү, Англид өндөр боловсрол эзэмшсэн, авъяаслаг математикч энэ залуугийн шуналаас болж UBS банкны хувьцаа 10 хувь унав.  Түүний цалин жилийн 300 мянган доллар бөгөөд бонус нь түүнээс хоёр дахин их байжээ.

Алдар суутай биржийн “тоглоомчид”:

Жером Кервиэль. Францын Societe Generale-ийг 2008 онд 6 тэрбум америк долларын алдагдалд оруулсан хөрөнгийн зах зээлийн луйварчин.

Ясуо Хаманака. Сумитомо Корпораци 1997 он 2.6 тэрбум долларын хэрэг.

Ник Лийсон. 1995 онд 1.6 тэрбумаар наадаж Барингс банкыг дампууруулсан.

Жон Руснак. Ирландын Allfirst/Allied Irish Bank 700 сая долларын хохирол.  

Онолын хувьд эрсдэлийн удирдлага санхүү, мөнгөний системд хамгийн “чанга” байвал аливаа алдагдлаас урьдчилан сэргийлж чадна. Гэхдээ мөнгө “бурхан” болсон эдгээр байгууллагад эрсдэл байж гэмээнэ нь “бурхан” амилна.

Есдүгээр сарын сэдэв

Өмнөх постуудад альфа эрэгчны тухай бичсэн нь хүмүүст их асуулт дагуулсан бололтой юм.

Жууд Лоүгийн тоглосон Альф гэдэг киног санавал энэ их ойлгомжтой. Гэхдээ гол дүр шиг олон хүүхэнтэй зэрэг явалддаг ёс зүйгүй шалиг эр биш. Амжилтад хүрсэн эр хүн бүр an alpha male. Үүнтэй ижил өгөгдөлтэй альфа эмэгчин байна. Ганцхан тооны хувьд эрэгтэйчүүдээс хоёр дахин их гэж нийгэм судлаачид үздэг юм байна.

Биологийн хуулиар (дахиал 😉 ) бол эрэгчин үр төлөө аль болохоор олон тоотой үлдээх, эмэгчний хувьд аль болохоор амьдрах чадвартайгаас нь “тоос хүртэх”, сүргийн амьтны зүй тогтлоор хувьд нэг эрэгчин олон эмэгчин хураах, үр дүн нь удмын сан сайжирч, амьдрах чадвар дээшилнэ. Зохицуулалт нь ойлгомжтой болж ирж байгааз???

Гэвч хүмүүн бидэнд амьтны аймгаас ялгагдах гол чанар болох оюун ухаан байдаг. Хүн хоорондын харилцааг хууль дүрмээр зохицуулна. Хууль дүрмийн цаад утга нь хүмүүн төрөлхтний нэгдсэн итгэл үнэмшил (belief), үнэ цэнэтэй зүйлс (value system)-ийг хамгаалах юм.

Нийгмийн хөгжил дэвшилт гарсан өөрчлөлтүүд нь эрэгтэй эмэгтэй хүмүүсийн өрх гэр, нийгэмд гүйцэтгэх үүрэг функцийг нэг түвшинд авчирсан. Өмнө байгалийн жамаа дагаад хүүхэд гаргаснаас нийгмийн харилцаанд идэвхитэй оролцох боломж бололцоо эмэгтэйчүүдэд бараг байгаагүй. Өр гэрээ тэжээхийн тулд гадуур асуудлаа эр нь зохицуулна, эм нь гэрийн асуудлыг зохицуулна гэх мэтээр өрхийн хөдөлмөрийн хуваарилалтын дагуу хөрөнгө, мөнгө олох баттай эх сурвалж нь эрчүүд байсан.

Шинжлэх ухааны хөгжлийн ачаар төрөлтийг удирдах боломжтой болсноор эмэгтэйчүүдийн эрчүүдтэй ана мана, ач тач зэрэгцэн хөдөлмөрлөх, хөрөнгө мөнгө олох боломж бололцоо бүрдсэн. Үүний дүнд зуугаадхан жилийн өмнө “гэрийн боол, эрийн зарц” байсан хүүхнүүд “төрийн тэргүүн, түмний манлай” болж эхэлсэн юм. Гэвч үе уламжлан ирсэн, хүмүүсийн тархинд гүн шингэсэн эм, эр хүнийг тодорхойлох ойлголтууд өөрчлөгдөөгүй байна. Ядаж л монголчуудын хувьд.

Зүйр үгс:

“Эм хүн урт үстэй, богино ухаантай”. Манайхан бошгыг халж, задгай цагаандаж эхэлсэн 20 хэдэн оноос эхлээд хүүхнүүд үсээ тайраад зогсохгүй, буржийлгадаг, буддаг, бүүр хусдаг болчихсон шүү дээ өнөөдөр.

“Оргүй дорвол охинтой нь дээр”.  Тэгсэн мөртлөө “хүргэний царай”-г бэрийнхээс дээрд үздэг. 

Хүйсийн тэгш эрхийн талаар ярилцаж байхад надтай хамт ажиллаж байсан англи хүн нэг үг хэлсэн юм. Хүйсээр ялгаварлах үзлийг арилгахад ээжүүдийн оролцоо хамгийн чухал. Яагаад гэвэл хүүхдээ яаж хүмүүжүүлэхээс тэдний үнэлэмж тогтдог юм. Үнэн.

“Эр юм байж уйллаа”, “охин юм байж арчаагүй”, “эмэгтэй юм байж тамхи татлаа, архи уулаа”, “эмэгтэй хүн зөөлөн байж, ар гэрээ авч явах үүрэгтэй”, “эр юм байж хүүхэн шиг шалчиганасан зантай” Бла-бла-бла. Эцэг эхийн хэлж байгаа үг, үйлдэл нь бидний хэн болохыг тодорхойлдог. Үүнийгээ бид суурь хүмүүжил гэж хэлдэг.

Дэлгүүрээр явахад охидын хувцасны сонголт тод ягаан өнгөтэй, арвин, хөвгүүдийнх цөөн, ихэнхи нь цэнхэр өнгөтэй байдаг. Бүр хувцсаар нь дамжуулаад толгойд нь хар нялхаас нь стереотип хийж өгч байна ш дээ бид.

Саяхандаа НН-он дээр нэг хүн “Эмэгтэй хүнд хаалга онгойлгож өгнөө гэдэг нь эр нөхөртөө цай аягалж өгч байгаатай ижил соёл. Түүнээс хүйсээр ялгаварлан гадуурхаад байгаа зүйл биш” гэсэн утгатай статус тавьсан байсан. Үнэн.

Хоолны ширээнд суусан хүмүүсээс эр хүнд би эхэлж хоол, цайг нь өгдөг. Манай австрали найз хүүхнүүд эсэргүүцээстэй. Миний тайлбар: “Ээ, Монголдоо буцаж очихоороо надад хэцүү болох тул соёлоосоо тасрахгүйн тулд тэгжаагаамаа. Нээрэнгээсээ та нарыг хоёрдогч сорт гэж үзээгүй ш дээ”.

Өмнө “Хүмүүн төрөлхтний дотроосоо, хөөрхий ихээр дарлагдсан …” гээд бичиж байсан. Би тийм улаан феминист хүн бол биш. Гэвч эмэгтэй хүнийг дорд үзэх илрэл бүртэй чадлынхаа хэрээр тэмцдэг.

Хуучин ажил дээр нийтийн хурал болж байлаа. Даргын мэдэгдэл: “Би шинээр эрэгтэй хүмүүсийг ажилд авна. Боловсрол, мэдлэг, сурлага, чадвараараа муу байсан ч би эрчүүдийг бодлогоор дэмжинэ. Монгол хүүхнүүд даварч байна”. Би: “Дарга минь ээ. Зөвхөн хүйсээр нь үндэслэн мэргэжилтэн сонгон шалгаруулна гэдэг нь ажлын бүтээмжтэй ямар холбоотой вэ???”. Манай ажилтнуудын хүйсийн харьцаанд эмэгтэйчүүд давамгайлдаг боловч хэн ч дуугараагүй юм даа.

Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн сэтгэл зүй өөр гэдэгтэй санал нийлнэ. Гэвч энэ өөр байдал дээр нь дөрөөлөн эмэгтэйчүүдийг дорд үзнэ гэдэг нь ёстой уучилчихаарай, ЗАО!!!!

Гэмт хэрэгтний сэтгэл зүй

Ардын зураач О. Цэвэгжав "Азарганы ноцолдоон"

Онц ноцтой гэмт хэрэг гарлаа”. “Гэмт хэргийн нөхцөл байдал хүндэрлээ”. “Гурван хүний амь насанд хүрсэн ХЭН-ийг баривчлав“. Өдөр тутмын мэдээллийн суваг, сонин хэвлэлээр иймэрхүү гарчигтай мэдээ, мэдээлэл өдөр бүр биш гэхэд байнга явах нь харагддаг. Энэ мэссэж нь гэмт хэргийн тоо нэмэгдсэн, хүмүүс илүү харгис хэрцгий болсон мэт санагдуулдаг. Үнэхээр одоогоос 10, 20, 50 жилийн өмнөхтэй харьцуулахад гарах гэмт хэргийн тоо нэмэгдэж, хэрцгий байдал нь ихэссэн үү?

Их сургуулийн биологийн хичээлээр зүйлийн онол, эволюцийн онолыг судалж байхад уншиж байсан сүргийн амьтны зарчим санаанд үлдэж. Аливаа сүргийн амьтны хувьд эрэгчингүүдтэйгээ тэмцэлдэж сүргийн манлай болох эмэгчнээ хураах тэмцэл тулаан хатуу ширүүн байдаг. Хархнаас аваад бүхий л амьтад, хүн сүрэгт PECKING ORDER буюу айхтар ширүүн тэмцэл дуусахад  илүү хүчтэйгээ хүлээн зөвшөөрч, захирагдах дэг жаяг тогтоно. Намын дундаж байсан нөхөр гэнэт удирдлагад гарч ирж, лидер болж бусад лагууд нь хүлээн зөвшөөрөх нь бий. Хэрэвзээ энэ дэг жаягаас гажваас мөнхөд ганцаардан тэнэж явсаар үхдэг африкийн арслангийн хувь заяа хүлээж байдаг. Эрх мэдэлд хүрсэн хүмүүс түүнээ алдахгүйн тулд үхэлддэгийг мөн энэ зарчмаар тайлбарлаж болно.

Сүүлд яагаад гэдэг асуулт тавьж судалж үзэхэд бидний “Хэрэгцээний пирамидын онол”-ыг нь сайн мэдэх Абраам Масловын бас нэг онолоор тайлбарлаж болмоор юм байна. Утга нь хүн бүр дарангуйлал буюу dominance-ийн хувьд өндөр, дундаж, бага гэсэн гурван шаталбарын аль нэгд хамаардаг. Шаталбар бүр нь дотроо мөн гурван түвшинтэй. Эр эм хүмүүсийн харилцааны үүднээс тайлбарлаваас эмэгтэйчүүд өөрийн шаталбар дотроо боловч өөрөөсөө арай илүү түвшний “манлайлагч-дарангуйлагч”-ийг хайж байдаг байна. Жишээлбэл: би өмнө альфа эрэгчинд шунан дурладаг гээд бичиж байсан нь өөрөөсөө ИЛҮҮ хүнийг хайх байгалийн зөн хүчтэй байгаагийн шинж юм.

Дарангуйлал гэмт хэрэгтэй ямар хамаатай юм бэ гэж бодож байна уу? Бас л биологи ярих хэрэгтэй болохнээ. Энэ хичээлд дургүйчүүд уучлаарай. Гах гах гах.

Амьтан судлаач Лоуренз,  Тимбергэн нарын ажиглалтаар бүхий л амьтны төрөл зүйлийн хувьд энэхүү дарангуйлагчид нь нийт амьдын 5 хувь болохыг тогтоожээ. Үүнээс гадна сэтгэл судлаач Жон Калхауны олж тогтоосноор хэрэв туршилтын тодорхой нутаг дэвсгэрт байх хархнуудын тоо толгой  ихсэн шахцалдаан үүсэхэд “сүргийн манлай” 5 хувь нь  манлайлагч-дарангуйлагчийн үүрэг ролио хадгалахын тулд бусдыгаа барьж идэх, хүчирхийлэх г.м байгаль дээр хэзээ ч гаргахгүй зан авир гарган  “гэмт хэрэгтэн” 5 хувь болж хувирч байхыг ажигласан байна. 

Энэхүү 5 хувийн манлайлагч-дарангуйлагчдын талаар түүхэнд тэмдэглэгдэж үлдсэн зүйлс их байдаг. Жишээлбэл Алдарт зохиолч Бернард Шоу Британы Консерватив намын удирдагч Стэнлигээс  хэрэвзээ чамайг өвдвөл намын удирдлагыг авах хэдэн хүн байгаа вэ гэж асуухад тэрээр хорин хүн тутмын нэг нь гэж хариулсан байдаг. Энэ тоо яг таг уу, ойролцоо юу гэсэн асуулт ЯГ гэсэн хариултыг өгчээ.

Бас нэг сонирхолтой баримт гэвэл дэлхийн аль ч шоронд атмаануудын тоо тогтмол буюу нийт хоригдлуудын таван хувь нь шоронгийн ОВГОР болдог байна. Солонгосын дайны үед олзны цэргүүд яагаад олноор зугтаахгүй байгааг судалж үзэхэд хятадууд маш сонин арга хэрэглэсэн байдаг. Нийт олзны цэргүүдийг сайтар ажигласны эцэст манлайлагч-дарангуйлагчдыг тусгаарлан чанга дэглэмтэйгээр цагдахад үлдсэн олзныхон нь идэвхигүй байдалд орж, бараг харуул хамгаалалт шаардлагагүй болж байсан байна. Үүнтэй ижил зарчмаар буюу 14-р зуунд манай их хаад Европийг эзлэх тулаандаа эгнэн зогсож дохио хүлээх викинг, рыцариудын урд зогсох хамгийн гоё, өндөр малгайтайг нь уургалан армийг удирдагчгүй болгож хохирол багатайгаар ялалт байгуулж байсан талаар Баабар гуай бичсэн байдаг.

Амьтан судлаач (дахиал биологи 😉 ) Дэсмонд Мориссын ажиглалтаар амьтад байгаль дээрхи амьдрах үндсэн орчиндоо, хэвийн нөхцөлд өөрсдийнхөө эд эрхтнээс сайн дураараа салах, гар хангалга хийх, өөрийн үр хүүхдээ барьж идэх, хэт таргалах, ижил хүйстэнтэйгээ явалдах, амиа хорлох, хүн алах зан үйлийг хийдэггүй болохыг олж тогтоожээ. Төгсгөлд нь хот суурин газар нь “хүний хүрээлэн” учраас хүн амын өсөлтийг хянаж чадах хүртэл гэмт хэргийн тоо нэмэгдсээр байх болно гэсэн дүгнэлтийг гаргажээ.

Аливаа онолыг хоосон цээжлэх бус нийгэмд гарч буй аливаа үзэгдэлтэй холбон тайлбарлах нь хүмүүсийн тархинд буухдаа сайн байдаг. Дээр дурдсан Масловын онолоор Монголд нийгмийн асуудал болоод байгаа ганц бие бүсгүйчүүд, өрх толгойлсон эмэгтэйчүүдийн сонголтыг тайлбарлаж болох юм. Хэрэвзээ сайтар бодвоос монгол ардын сайхан зүйр үг “Гутлаа чирснийг нь би тоохгүй, гунхсан нэг нь намайг тоохгүй” Маслов агаагийн онолыг оновчтойгоор илэрхийлсэн байгааз???

ЖИЧ: Зорилго нэгт блогч Ободын нээсэн www.criminology.mn сайтыг дэмжин энэхүү бичлэгийг хийлээ.

9-р сарын 1

Хичээлийн шинэ жилийн нээлт.

Анх удаа нийтийн албанд явах гэж буй балчир насныхан, сургуульд орж байгаа 6 настангууд, ээж аавын гэрээс гарч их сургуулийн оюутан болж буй залуусын хувьд жил бүрийн 9-р сарын 1 чухал өдөр.

Хэт нялх 45-хан хоногтойгоос нь эхлээд “нийгмийн хонгор” болгодог байсан учраас миний үеийн, институц тогтолцооны бүтээгдэхүүнүүд ясли, цэцэрлэгт анх орсон чухал өдрөө санадаггүй. Харин сургуульд орсон өдрөө маш тод санаж байна. Сургуулийн захирал аав намайг хүргэж өгөх боломжгүй тул ээжтэйгээ хөтлөлцөөд анх сургуульдаа явсан сан. Гоё ногоон цувтай миний ээж шиг гоё ээж, лакан ногоон цүнхтэй над шиг гоё цүнхтэй амьтан лав тэр өдөр байгаагүй юм даа. Их л сайхан нартай, цэлмэг өдөр байсансан.

Их сургуульд орсон өдөр. Бороотой өдөр таарч бидний 9 оюутнаас шүхэртэй ганц хүн байсан тул бүгд багталцахгүй. Донецкийн Их сургуулийн Биологийн факультет руу Б, О, П, О, Б, У бид хэд томоохон гялгар уутан дор өндөр намаараа ороод ихэд баяр хөөртэй, хөгжилтэй инээлдэн алхацгааж байж билээ. Түүнээс хойш олон олон 9 сарын нэгнийг үзжээ.

Хэдэн жилийн өмнө нэг дүү “Ёоо, энэ хөдөөний оюутнуудыгээ” гэж ундууцахад нь нэг л зүйл хэлсэнсэн. “Эдгээр оюутнуудын хувьд төрсөн бууриасаа гарч, хот хүрээнд ирж, сургууль ном сурнаа гэдэг нь чи Америк, Австрали явж сурдагтай ижил зүйл. Гэр бүлээсээ анх удаа их сургуулийн боловсрол олохоор сурч байгаа хувь хүн, сургаж байгаа түүний эцэг эхийг нэг бодоод үзээрэй. Зүйрлүүлээд сайн бод”.

Анжгай багш хүн болохоороо сайхан зөвлөгөө бичсэн байна. Б. Гантулга мөн гоё бичиж. Өдөр тутмын сонин дээр “Улаанбаатарчуудаа, бэлтгэлээ базаагаарай” нийтлэл гарсан харагдсан.

Их хотын хүн болохын тулд залуус та нарт бүр эхнээс нь суралцах хэрэг гарна. Нус цэрээ ил хаяхгүй, хаа хамаагүй “морь” харахгүйгээс эхлээд явган хүний замаар сугадалцан хэлхэлдэж зөрж өнгөрч буй хүмүүст саад учруулахгүй, олон нийтийн газарт хүний биенд хүрэлгүйгээр эвтэйхэн дараалалд зогсож сурах гээд дунд сургуульд заагаагүй зөндөө мэдлэг шинээр эзэмших шаардлагатай болно. Хэрэвзээ эдгээр зүйлсийг хурдан сурчих аваас дараа дараагийн суралцах зүйлс хялбар. Та нарын нүдийг хужирлах, сонирхлыг татах сайн муу зүйлс улсын нийслэлд зөндөө. Эцэг эхийн чинь, багш нарын чинь чамайг ХҮН болгох гэж зүтгэсэн арван хэдэн жилийн хөдөлмөрийн үр дүн эхний жилд харагдана. Тийм болохоор тэднийхээ итгэл, сэтгэлийг хөсөрдүүлчихгүйн тулд муу муухайгаас хол байж, оюутан чиний УБ-т байгаа цорын ганц туйлын зорилго болох СУРАЛЦАХ, МЭДЛЭГ ХУРИМТЛУУЛАХ ажилдаа хамаг анхаарлаа төвлөрүүлэх нь зүйтэй.

Залуу хүмүүст зугаацах, наргих цаг гарна. Гэвч эхний жил, эхний семестрээ амжилттай давбаас дараа дараагийн боломжууд гардаг гэдгийг санаж, хичээн зүтгээрэй. Зуны амралтаараа зугаацах, наргих цаг чамд зөндөө гарна.

Дотуур байрныханд зориулсан ТУСГАЙ зөвлөгөө

  • Өрөөнийхөө хүүхдүүдтэй амь нэг байх. Гэвч амь нэг байгаа нь энэ гээд хувийн юмыг нь зөвшөөрөлгүйгээр дураараа хэрэглэж, ашиглаж болно гэсэн үг биш.
  • Өрөөгөө цэвэрлэх, хоол хийх хуваариа сайхан гаргачих.
  • Хоол буудагчдаас холхон явах.
  • Нийтийн бие засах газар, шүршүүр хэрэглэхдээ аль болохоор дараагийн хүнд саад болохооргүй цэвэрхэн ашиглах
  • Эвдрэл гэмтэл бүрийг комендатдаа мэдээлэх
  • Үйлчлэгч цэвэрлэгчийн хөдөлмөрийн хүндэтгэх. Энэ ажлыг хийх өдөр чамд ч ирж болно.
  • Өөртөө хэрэгтэй чамайг “дээш” нь татахуйц фракцад нийлэх
  • Охидын хов живнээс хол байх. Хэн нэгэн хэн нэгний тухай санаа бодлыг чинь асууваас зөвхөн сайн талыг нь дурдахыг хичээх. Хэрэв чиний үзэн яддаг өрсөлдөгч бол “би сайн танихгүй” гэдэг шилдэг хариултыг хэлэх
  • Хэцүү хүнд, уйлмаар болсон үедээ номын санд очиж ном унших
  • Амралтын өдрүүдээр хамаатан садангийнхаараа очиж шалыг нь угааж өгөх, дэлгүүр явахад нь туслах г.м-ээр дэм болвоос тэр өдөртөө л гэдэс цатгалан. Ядаж цай, хоол хийж өгөхөөр нь уусан, идсэн аяга, тавгаа өөрөө угаагаад гарч байгаарай. (Энэ үгийг ээж минь бид нарт байнга үглэдэг байсан ба одоо би дүү нартаа дамжуулан үглэдэг юм)  
  • Оюутны холбоо, ангийн олон нийтийн ажилд идэвхитэй оролцох.

Миний дүү нар хурдхан хотын хөөрхөн залуус, охидууд болж, соёлын үрийг цааш нь тараагаарай.

Анх удаа гэрээс гарч нийтийн албанд явах гэж байгаа Тууланка, сургуулийн сурагч том агаа болох гэж байгаа Тэлмэн хоёртоо Аниагаас нь зориуллаа.

Чухлын чухал мэргэжлүүд

Ойрын 5 жилд үнэд орох мэргэжлийн чиглэл:

  1. Биологи, хими технологи, хүнс:

               Хүлэмжийн тариалалт: (hydroponics, aeroponics, ургамал, амьтан судлал, арчилгаа (цэцэрлэгжүүлэлт,  гахай, тахиа, галуу, жимсний аж ахуйн)

              Хүнсний бүтээгдэхүүн нөөшлөх технологи,  хоол хүнсний илчлэг судлаач, бактер судлаач,   

   2.      Хүн судлал, анагаах: Сэтгэл судлал-psychology, сэтгэл зүйч-psychotherapy, хөнгөвчлөх эмчилгээ-palliative care, донтолт судлаач-addiction study, ахмад настны сувилгаа-aged care, хөгжлийн бэрхшээл судлал-disability study, гоц авьяастан судлал-gifted education, бэлгийн цөөнх чиг хандлага судлал- queer study, идэвхижүүлэгчид-life coach, нийгмийн ажилтан-community development, илчлэг судлал-dietology,

3.            Техник, технологи-Усан хангамж, усны хайгуул- hydrology, инженерийн байгууламжийн арчилгаа-infrastructure maintenance, өндөр настай барилга, байгууламжийн ашиглалт, хамгаалалт-heritage site maintenance, refurbishment,

Мэргэшлүүд. Ямархуу хувь хүн байвал тохирох вэ

Нийгмийн эмх замбараагүй байдал, онцгой байдлын үед ажиллах зохицуулагчид, шийдвэр гаргагчид. Маш олон талын мэдлэгтэй, тусгай бэлтгэгдсэн хүмүүс, гэхдээ хүчний байгууллагын ажилтнуудаас өөр. IQ өндөртэй хүмүүс. Латераль сэтгэлгээ сайтай, эмоцио дээд зэргээр хянах чадвартай,  нийгмийн ур чадвар, маргааныг зохицуулах чадвар маш өндөр хүмүүс.

Гэмт хэрэг, форенсик судлал. Задлан шинжилгээ хийх, латераль сэтгэлгээ сайтай, хүний сэтгэл зүйн профайль гаргах ур чадвар маш өндөр. Нийгэм-соёлын антропологиор төгссөн хүмүүс энэ чиглэлээр мэргэших боломжтой. Донж төвийн Төгөлдөр шиг хүмүүс.

Лайф көүч: Эктраверт, тайлбарлан таниулах, итгэл үнэмшил төрүүлэх чадвар маш өндөр, хүний сэтгэл зүйн мэдлэг өндөр, нийгмийн ур чадвар сайтай,  амьдралын эерэг туршлагатай. EQ (Emotional Quotient) өндөртэй хүмүүс. Багш, эмч гэх мэт хүнтэй ажилладаг мэргэжлийнхэн энэ чадварыг эзэмшихэд дөхөм. Лэйди төвийн Энхтулга байна.

Хувийн туслах, Personal Assistant: Нягтлан бодох, бичиг хэрэг хөтлөлтөөс авахуулаад олон нийттэй харьцах, хүүхэд асрах, сайхан хоол хийх хүртэл бүх талын авъяастай, үнэнч, ёс зүй өндөр, нууц сайн хадгалдаг хүмүүс. Чөтгөр Прада өмсдөг киноны охин шиг.  

Тэмдэглэлт үйл ажиллагаа зохион байгуулагчид Event organizer: Хурим, гавъяатын угаалгаас аваад хүүхдийн төрсөн өдөр, шинэ байрны найр, номын хурим зэргийг шинэлэг, сонирхолтой зохион байгуулах зорилготой. А төлөвлөгөөнөөс гадна ямагт Б төлөвлөгөөтэй байдаг хүмүүст тохирно. Дизайн мэдрэмж, уран сэтгэмж, хүнтэй хэл амаа ололцох, зохицуулах чадвар өндөртэй, “гүйдэг” хүмүүс. СУИС-ын соёл, урлагийн менежер анги төгссөн хүүхдүүд үүнийг өлхөн хийж чадна даа. Би завтайсан бол энийг ёстой нээрээ гялалзуулна.

Хувийн стилист, шоппер, имижмэйкэр, ПиАрчин. Улс төрч, одод, завгүй бизнесмэнүүд, тэдний гэр бүлд зөвлөгөө өгдөг хүмүүс. Эдгээр хүмүүсийн хувцаслалт стиль нь нийгэмд маш том сурталчилгаа болдог тул завгүй хүмүүс энэ үйлчилгээг авснаараа хувийн ПиАр хийж, ТВ-д төлбөртэй ярилцлага өгснөөс хамаагүй бага мөнгөөр өөрийгөө таниулах боломжтой юм. Хэрэгтэй газар, хэрэгтэй хүмүүстэй, хэрэгтэй цагт байх ажлыг зохицуулдаг сайн ПиАрчинтай бол айл болгонд авилга өгөлгүйгээр УИХ-д залрахад 2 жил хангалттай. Ялалтын 60 жилээр байхаа, манай улсын Тэргүүн хадагтай шиг тод цэнхэрээр “намирсан” хүн Ялалтын талбайд лав байгаагүй дээ.

Хувийн дасгалжуулагч, идэвхижүүлэгч: Хамтдаа жим-д дасгал хийдэг, дасгал, хөдөлгөөнийг хэрхэн зөв хийхийг зааж, сургаж, үлгэрлэн үзүүлдэг хүмүүс. Хэрэвзээ ийм үйлчилгээ байвал би болон миний найз нөхдөөс байнга биш ч сардаа нэг удаа авах хүмүүс их л байх юм.

Жич. Зарим мэргэжлийн нэрийг монголоор буруу буулгасан байж магадгүй шүү. Тодоор бичигдсэн мэргэжлээр сурах хүсэлтэй, Их дээд сургуулийн 2-р курсээс дээш ангид сурдаг, эсхүл төгссөн, англи хэлний АйЛТС оноо ядаж 5.5, ТОЕФЛ 530-тай хүмүүс сэтгэгдлээр мэйл хаягаа үлдээгээрэй. Эдгээр хүмүүстэй хоёр жил тулж ажиллах болно.

Хүндэтгэсэн Алимаа

Нээлттэй хаалганы өдөр

2005 онд Засгийн газрын “Нээлттэй хаалга“-ны өдөрт оролцож байснаа бичиж байсан юм байна.

Тэрүүн шиг манай сургуулийн Нээлттэй хаалганы өдөр өнгөрсөн хоёр өдөр тохиож, би идэвхийлэн оролцов. Манай Их дээд, сургуулиуд үүнийг нэвтрүүлүүштэй.

Энд бага сургуулиасаа их сургууль хүртлээ нээлттэй хаалганы өдөр хийж үйл ажиллагаагаа сурталчилдаг.  Ерөнхий боловсролын сургуулийн хувьд эцэг, эхийн зөвлөл идэвхийлэн оролцож, барбекью хийгээд хөөрхөн мөнгө босгочихно. Хүүхдүүд нь концерт тоглоно. Үнэтэй охидын болон хөвгүүдийн ахлах сургуулийн хувьд хүүхдүүд эцэг эхтэйгээ нээлттэй хаалганы өдрөөр зочлох бөгөөд тухайн сургуулийн философи, соёлыг нь ойлгоход энэ үйл ажиллагаа их тустай байдаг. Төлбөртэй хувийн сургуулиуд хайж “дэлгүүрдэх” иймэрхүү үйл ажиллагаанд би идэвхитэй явдаг бөгөөд бусад үед гадны хүн сургуулийн орчинд ингэж чөлөөтэй нэвтрэх боломжгүй тул Нээлттэй хаалганы өдөр нь сургуулиудтай танилцах сайхан боломж юм.

Их сургуулийн нээлттэй хаалганы өдөр нь энэ жил ахлах сургууль, коллеж төгсөж байгаа хүүхдүүд, тэдний эцэг эх, дээд боловсрол эзэмшихийг хүсч байгаа насанд хүрэгчдэд чиглэсэн үйл ажиллагаа юм.

Нээлттэй хаалганы өдөр болох долоо хоногийн Даваа гарагт нь айлуудын шуудангийн хайрцагт эвхмэл материал хийсэн байв. Эвхмэл материал дээр гол кампусын газрын зураг, паркинг, гол үйл ажиллагаа болох спортын ордонг тод тэмдэглэснээс гадна 2012 онд шинээр санал болгож буй хөтөлбөрүүдийг жагсаасан байв. НН, Твиттер, Ютюб, АОЛ гэх мэт соушл нэтвооркоор холбогдох боломжийг дурдсан нь Нээлттэй хаалганы өдрөөс өмнө хүмүүст тодорхой суурь мэдлэгтэй болох боломжийг олгов. 

Эвхмэл брошур дээр энэ хоёр өдөрт болох арга хэмжээний цагийн хуваарийг тавьсан ба сургуулиуд заасан цагт нь лекцийн танхимд тухайн мэргэжлийн чиглэлээр сонирхолтой лекц уншиж байлаа. Мөн тэтгэлэг, сургалтын зээл, насанд хүрэгчдэд зориулсан сурах боломжууд, мэргэжил, хөтөлбөр солиход кредит тооцох г.м практик ач холбогдолтой лекцүүдэд дүүрэн хүнтэй байв. Үнэгүй кампус аяллын хувьд цаг тутам байсан бөгөөд дотуур байр, оюутнуудын ногооны аж ахуй, биологийн сургуулийн лаборатори амьтад, 3Д театр, Арт оюутнуудын зургийн үзэсгэлэн, жүжиг гээд их сонирхолтой аяллуудын хөтөч нь дан оюутнууд байв.

Гол арга хэмжээ болж байгаа спорт зааланд үнэгүй тарааж өгч байгаа зүйл их. Би гүйж ороол тэмдэг, тор, бал, бугуйвч авсан. Тэр бүр өөр сургууль руу ордоггүй болохоор нэг дор цугласан ийм арга хэмжээнээс сайхан мэдээлэл авах боломжтой байдаг юм.

www.flinders.edu.au/openday энэ линк рүү орвол энэ жилийн арга хэмжээний хуваарь байгаа.

Хашир хүн гэж хаширсан хүнийг хэлнэ гээд үнэнч шударгаар паркингийн төлбөрөө хийсэн чинь Нээлттэй хаалганы өдрөөр паркинг үнэгүй байсан байж би “шатав”. Сургуульдаа өргөсөн хандив гээд болчихоос…

Нэр үг нь “П****”, үйл үг нь “Ш**”

Монгол хэл аялгуу, тансаг. Нүүдэлчин соёл иргэншилтэйгээсээ хамаараад харагдах, үзэгдэх талбай ихтэй тул дүрслэн бодох чадвар өндөр хөгжсөнтэй холбоотой байх гэж би боддог. Дүрслэлийн хэл үнэн чка. Жишээлбэл, зохиол, шүлэг найраг, ардын дуу байгалийн дүрслэлээр эхлэх нь их. (“Хулсан ташуур”, “Эрүү цагаан болжмор”, “Өвгөн шувуу” гм дуунууд энд хамаарахгүй)

Морины зүс, явдлыг гурван зуун янзаар хэлэх боломжтой. Гэвч суудлын машины хувьд sedan, hatchback г.м-ийг тайлбарлахын тулд нэлээд тооны үг, өгүүлбэр хэрэгтэй болдог.

Сүүлийн 10 жилийн хугацаанд үйл үг нь Ш**, нэр үг нь П**** болсон хүмүүс хэт олон болж. УБ хотын гудамж, хөдөө тал, бүүр Хөх хотын гудамжинд чиг үүнийг тав алхаад сонсоно. Сэтгэгдлээр таашаал авагчид бол хараал, ерөөлийн магистр байтугай доовторууд. Тухайн нийтлэл, санааны юутай нь санал нийлэхгүй байгаагаа илэрхийлж чадахгүй байж, бичсэн хүний дэлдэн чих, муруй хамар, хэдэн онд ч юм үйлдсэн “нийгмийн эсрэг гэмт хэргийг” нь дуудаад тавьчихна. Зигмунд Фрөидийн онолоор бол хүн өөрт дутуу зүйлээ ямар нэг байдлаар илэрхийлдэг гэнэм. Нөгөө хулгайч бусдаас хамгийн чангаар “Хулгайчийг бариарай” гэдэгтэй ижил утгатай.

Cyber-bullying буюу нэтээр сэтгэл санааны дарамт үзүүлэх нь интернэтийн сөрөг тал. Нийгмийн сэтгэлзүйн эрүүл мэнд Засгийн газрынх нь шүдний өвчин болчихоод байгаа хөгжингүй орнуудын хувьд энэ үзэгдэлтэй хийх тэмцэл чангаруулж байна.

Дэлгэцний цаанаас хараан зүхэгсэд АНОН-уудыг таних боломжгүй, нүд нүдээ харж байгаад хэлж чадахгүй үгсээ хайрлалгүй урсгадаг тул тэр бүхнийг уншиж байгаа хүнд дэлхий ертөнц чиний эсрэг байгаа юм шиг мэдрэмж төрдөг. Ийм ч учраас олон хүн нууц нэрээр блог хөтөлдөг байх. Саяхандаа Гилийн хатны дугуй унасан зурагнаас болж, эр эм нь мэдэгдэхгүй гээд бөөн комээнт. ГХ эм гэдгээ батлах гээд бас үзэж байнаа. Тэр хүний далд ухамсарт нь “би эр хүн шиг харагддаг” гэдэг мэссеж “дугуй унахдаа” гэдэг тодотголтойгоо үлдсэн гэж найдъя. Дашрамд хэлчихье. Манай ГХ САЙХАН ХҮҮХЭН. Сайхан гэдэгтээ гадна үзэмжнээс гадна дотоод сэтгэлийг нь, түүний ертөнцийг багтаасан юм шүү.

Нэтээр гутаан доромжлогчдын талаар Баабар гуай, хүний эрхийн хуульч М. Ичинноров хоёр бичиж байсан. Монголд энэ талаар өөр ярьдаг хүн байдаг бол би олж уншаагүй байж болно.

Хуучин өөрийн санаагаа нийтэд илэрхийлэх боломж ТВ, сонины сурвалжлагч нар, албан тушаалтнууд г.м тодорхой бүлэг хүмүүст байсан бол интернэт дэлгэрснээр хэнбугай ч үзэл санаагаа илэрхийлэх боломжтой болсон. Фэйсбүүк, твиттер бол бүүр “морийг нь эмээллээд” өгчихсөн. Дэлхий ертөнц зургаан тэрбум хүнтэй. Дэлхийн банкны судалгаагаар 2009 оны байдлаар интернет хэрэглэгчид нь тэдний 27 хувь. Манайх 13 орчим хувь. 

Манайд яадгийг мэдэхгүй. Харин гадаад орнуудад интернэтийн орчин дахь үзэн ядалтыг хязгаарлах үүднээс хэвлэл мэдээллийн байгууллагууд модераторуудыг хөлсөлж авдаг бөгөөд тэдгээр хүмүүсийн үндсэн ажил нь сэтгэгдлээр “таашаал авагч” гаж донтонгуудын коомэнтийг устгадаг. Нийт орж буй мэдээллийн урсгалын 20-30 хувь нь энэхүү шүүлтүүрт тунаж үлддэг байна.

Ихэнхи хүмүүс нэт хэлэлцүүлэгт хэрэглэгдэж буй үг хэллэг, харилцааны соёлын стандартыг хараад гайхшаа бардаг. Бүтээлч, эрүүл ухаантай мэтгэлцээн гэхээсээ илүүтэй хувь хүнийг гутаан доромжлох, гүтгэх нь арррраа дэндүү. Ялангуяа АНОН, эсхүл нууцлаг нэртэй хүмүүсийн дайралт бол бүүр заналтай.

19-р зууны философич Алексис дэ Токвилль гэж хүний хэлснээр “олон нийтийн дарангуйлал” буюу ”tyranny of the massess wields power through the social mechanisms of popular opinion and common belief”. Ийм учраас энэ бол манай нийгмийн интернэт хэрэглэгчдийн үндсэн өнгө төрх.

Олон нийтийн нүдэн дээр ил амьдардаг улс төрчид, урлаг соёлын одууд олон нийтийн гутаах доромжлолыг үүрэх зовлонг хамгийн их эдэлдэг. Тийм болохоор зарим сонин дээр гарсан ярилцлага, нийтлэлийн доор коомент үлдээх боломжгүй байдаг. Блог бичигчид мөн хийсэн бичлэг бүрийг нь шүүмжлэх атаархагчдаас залхаад комэнтээ хаах нь бий. Тэдэнтэй хэрэлдэж суух нь цагийн гарз. Ганзориг кoомэнт авдаггүй нь ийм учиртай байх.

Би энд эрүүл шүүмжлэлийг яриагүй, бүтээлч биш, хорсон тэчъяадсанаасаа болоод “өмдөндөө дусаах” гэж байгаа хүмүүсийн талаар ярьж байгаа юм шүү. Ингэж тодруулахгүй бол шууд тусгаж авангуутаа коомэнт үлдээхээ больчихно.

Бүтээлч коомэнтууд байнаа. Анх энэ блогийг бичиж эхлэхэд монгол фонт байхгүй тул галигладаг байсан. Нэг хүний коомэнтээс санаа аваад юникодоор хөрвүүлдэг болсон. Одоо бол шууд бичдэг болсон. Бичиж буй надад чиг амар, уншиж буй таанууст чиг хялбар. CHXurlee-ийн санал болгосноор австрали өдөр тутмын амьдралаа бас дандаа биш ч хаяадаа бичдэг. Хандалтын тооноос харахад их сонирхолтой байдаг юм шиг байна лээ.

Яахав дээ, эзэн нь юмаа мэддэг, эрэг нь усаа хашдаг юм чинь сайбер буллинг ихдээд байвал блогоо хаачихвал өөрийн дуртай юмаа хийх цаг, зав л их гарах биз.

Анхаарал тавьж уншсан бүх хүмүүст баярлалаа.

Энэхүү бичлэгээрээ нууц нэрээр блог хөтөлж буй хүмүүсийг бүгдээрээ ИЛ гар гэж хэлэх гээгүй болно.

Алимаа

2011.08.14 Ням гараг

Шошгон цуваа