Хүмүүс яагаад олон хувилбарт матрикс дундаас яг нэг хүнийг онож дурладаг, хайрладаг юм бэ? Тэр хүн нь эерэг болон сөрөг үр дүнтэй хариу үзүүлэх магадлал ямар вэ? Анаашнуудын хооронд хайр дурлал байдаг уу? Ер нь бид амьтан төрлөөсөө хэр их холдож чадсан юм бэ гм асуултыг бодож бодож олсон өөрийнхөө тайлбарыг хүргэе.
Сэтгэл судлаачид судалсаар байгаад дурлал хайр өрнөдөг механизмыг олж тогтоосноос гадна нэг хүн нөгөө хүндээ дурлахад нөлөөлдөг зүйлсийг хүртэл багцаагаар тодорхойлжээ. Хэн нэгэнтэй таараад 1.5-4 минутын дотор тэр хүн таалагдаж байгаа эсэхийг тархи шийдчихдэг гэнэ.Үүнд нөлөөлдөг зүйлс нь:
55% орчим биеийн хэлэмж
38% орчим нь дууны өнгө, ярианы хурд
Зөвхөн 7% нь яг юу ярьж байгаа нь тодорхойлдог байх нь.
Яагаад “энхрий ялдам төрхтэй, урин тачаангуй охид” болон “эр хүн шиг эрчүүд”-эд эсрэг хүйсийнхэн татагддагийн нууц энд байх нь. Жишээлбэл, Голливудын од Мэрилин Монроу Скарлэт Иохансон гм одод олон жил дэлхийн эрчүүдийн санал асуулгаар сайханд тооцогддог гэхээр гоо сайхан бие цогцостойгоос гадна дууны өнгө нь маш гоё юм.
Дурлахдаа бид гурван үе шат дамждаг ба тухайн бүрд нь бие организмд химийн маш нарийн урвал явагдана.
Эхний шатанд хүсэмжлэх бөгөөд энэ үед гол үүргийг эр эм гормон гүйцэтгэнэ. Дараагийн шатанд нь яг татагдах бөгөөд энэ үед адреналин, допамин, серотонин ихэсдэг байх нь. Адреналин нь баярлах, айх, уурлах гм сэтгэл хөдлөлийг удирддаг бөгөөд энэ үед зүрх хүчтэй цохилж бие организмыг илүү их эрч хүчтэй болгодог. Допамин мэдрэлийн нейрон хооронд дамжуулагч-өдөөгчийн үүрэг гүйцэтгэж, таашаал мэдрүүлдэг. Хар тамхитай ижил нөлөөтэй. Бас нэг нейродамжуулагч болох серотонины нөлөөгөөр бид тухайн хүнээ байнга бодох, санагалзах процесс явагддаг аж. Гуравдах шатанд дасал болох бөгөөд энэ үед окситоцин, васопрессин ялгардаг. Окситоцин нь тэврэх, янаглах, дур тавихад үүсдэг бол васопрессин нь сексийн дараа урт хугацааны харилцааг үүсгэхэд чухал үүрэгтэй юм.
Маш энгийн практик дээр эдгээрийг тайлбарлая гэвэл чухамхүү эр, эм гормоны нөлөөгөөр бидний биеийн галбир, төрх тодорхойлогддог бол адреналин, допамин, серотонины ачаар галзууртлаа дурлан, байнга хамт байхыг хүсч окситоцин, васопрессиний нөлөөгөөр тэврэлдэх янаглах, урт хугацаандаа хамт байх сэдлийг төрүүлдэг байх нь.
Хайр дурлалын тухай хийсэн судалгаандаа үндэслэн 1973 бичсэн номондоо Жон Лий хүн гээч амьтан ер нь зургаан янз байдлаар хайрладаг гэж дүгнэжээ.
1. Eros буюу янагийн хайр. Бэлгийн дур хүсэл дээр тулгуурласан энэ дурлал нь маш хүчтэй сэрэл мэдрэмжийг төрүүлэх бөгөөд яруу найрагчид, утга, уянгынхан маш сайн дүрслэн бичиж чаддаг. Анхны хайр, сохор дурлал, анхны харцаар дурлах гм нь энд маш их хамааралтай. Титаник кино, Ромео Жульеттад гардаг хайр бол чухам энэ эротик хайр юм. Маш их дурламтгай хүмүүс нь генийн тодорхой өгөгдөлтэй төрдөг болохыг судалгаагаар нотолсон байх юм. Тоосоо гартал нүдэлдэж, тосоо гартал тэврэлдэнэ гэдэг хэллэг чухам яг энэ хайрыг тодорхойлж байгаа юм.
2. Ludas буюу спортлог хайр. Энэ нь хайр дурлалыг нэгэн бодлын бооцоот уралдаан гэж үздэг хүмүүст элбэг тохиолдоно. Нууц амрагийн явдал, эхнэр, нөхрөө араар нь тавих мөн энэ төрөл зүйлд хамаарна. Альфа эрэгчин, эмэгчингүүдэд энэ төрлийн хайр байх нь элбэг.Учир нь тэд адреналины хэрэгцээ маш өндөртэй хүмүүс юм.
3. Storge буюу гэр бүлийн хайр. Аав ээж, ах дүү, үр хүүхэд, ураг төрөл саднаа хайрлах хайр энд хамаарах бөгөөд тодорхой үүрэг хүлээж, энэхүү харилцаанаасаа үр шим хүртдэг. Ялангуяа, хэцүү цаг үед хүний үндсэн хэрэгцээ болох аюулгүй байдлыг энэхүү хайр дээр үндэслэн олдог байна. Олон жил үерхсэн найз нөхөд, хамт ажилласан хүмүүст мөн энэ төрлийн хайр бий болдог.
4. Pragma буюу харилцан ашигтай хайр. Гэр бүл удаан оршин тогтноход нөлөөлдөг гол зүйл бөгөөд харилцан ашигтай байдлаас гадна үр хүүхэд гм нэгдсэн зорилго бий болсноор энэ хайр хөгжих бололцоо бүрддэг аж. Бидний уламжлалт бэр буулгахдаа эмэгтэй хүнд тавьдаг үйлэнд уран, үгэнд цэцэн гм шаардлагууд чухам энэхүү прагматик хайрыг найдвартай болгоход чиглэгдсэн аж. Тооцоотой гэр бүл гэж хэлдэг энэхүү зүйл нь тийм ч муу зүйл биш. Манай олон эхнэр сольсон алтны магнат, алдарт бөхийн сонголт бол чухам энэхүү хэв шинжийг агуулдаг.
5. Mania буюу донтолттой хайр.Дурласан хүнээ өмчлөх тул хардана гэж тамтаггүй. Хар өвчин нь яг эндээс үүсэлтэй бөгөөд зүүн тархины урд хэсэг ичгүүртэй адилхан төв идэвхжин, серотонин ялгаруулалт нэмэгддүүлдэг байна. Урлаг спортын од, улстөрч, олны танил хүмүүсийг хайрлах хайр энэ хайрнаас эхтэй. Допаминий нөлөөгөөр таашаал, аз жаргал, урамших сэтгэлгээ үүсдэг аж
6. Agape буюу өгөөмөр хайр. Нөхцөл болзолгүйгээр, өөрийгөө золиослох, өгөөмөр хайр юм. Аливаа нэг фанат үзэлд үнэнч байх нь энэ хайрын илрэл юм. Ямар нэг үйл хэргийн төлөө өөрийгөө зольж байгаа хүмүүс энэ бүлэгт хамаарна. Библийн номлол ёсоор Бурхан биднийг яг энэ хайраар хайрладаг.
Хэрэв хайр дурлалыг судлаад чухам яагаад дурладгийг нь тодорхойлсон юм бол дурлалыг эмчилж болох уу? Эрдэмтэд болно гэж үзээд зогсохгүй дурлалаас аврах эм бүтээж 2020 он гэхэд өргөн хэрэглээнд нэвтэрнэ гэж үзэж байна.
Тэгвэл хүссэнээрээ дурлаж болох уу. Бас л болно гэж байна. Огт танихгүй хүнтэй тааралдаад өөрийнхөө тухай нууц мэдээллээ 30 минут хуваалцаад бие биенийхээ нүд рүү 4 минут ширтэнэ гэнэ дээ. Туршилтт эхлээд 34 минут өнгөрөхөд 100 хүний талаас илүү нь бие биендээ татагддаг гэнэ. Эльдар Рязановын “Вокзал для двоих” кинон дээр Олег Басилашвили, Людмила Гурченкогийн бүтээсэн роман чухам яг үүнийг нотолдог юм.
Эцэст нь хэлэхэд хавар болж байна. Дурлацгаа. Хайрлацгаа. Учир нь хайр дурлал аз жаргалын даавар их ялгарснаар стрессийн даавруудыг дарангуйлдаг тул дархлаа сайжирдаг юм байна.
Comments on: "Хайр хийгээд дурлалын тухай" (3)
Эрэгчингүүд хөөрхий орооны цагаар харин бүр стрэссийн гормон нь нэмэгдээд, өвчин тусамтгай болдог. Олон ханиадтай гарууд хоорондоо зодолдож байгаад жинхэнэ алфа нь үлддэг юм шиг байгаа юм. Богино наслахаас яахав.
Б
Матрикс гэж юу вэ. Алфа эрэгчин гэж ямрыг нь хэлдэг юм бэ. Майкл Жексоны хамгийн сүүлд тавигдах гэж байсан тоглолтын нэр нь This is it шүү дээ. Үүнийг монголоор юу гэж ойлгох вэ. Хариулсанд баярлалаа.
[…] Alimaa’s Cyber Space Хайр хийгээд дурлалын тухай […]