Тэтгэлэг горилогсдод тусламж

Сүүлийн хэд хоног Монголдоо гадаад жуулчин болж баахан тэнэв. Күнзийн сургаальд хэлсэнчлэн хүн хийж байж мэддэгийн үлгэрээр хэд хоног аялсных манайд аялал жуулчлал хөгжүүлэхэд хэрэгтэй байж болох санааг олж харав. Тэгээд дутагдлын хажуугаар дуугай өнгөрдөггүй хүн гялс энд сийрүүлчихье. Тэр салбарт ажилладаг хүмүүс байвал санаа авчихна биз.

Өмнө нэг удаа бичиж байсан даа. Дэлхийн аялал жуулчлалын чиг хандлага зөвхөн юм үзэхэд биш, бас үзэнгээ ажил хийх гэдэг чиглэл рүү их явж байгаа тул сүүлийн үед манайд ч бас иймэрхүү сонирхолтой хүмүүс их ирэх болж дээ. Салбарын яам нь үүргэвчтэй аялагчид өдөрт сайндаа л 25 доллар зардаг гээл орж ирэх мөнгөө л бодоод байх юм. Гэтэл энэ хүмүүсийг сайтар зохион байгуулж чадвал мөнгө олох нүх сүв их байнаа.

Австралиас манай улсын эмзэг бүлгийн иргэнд байшин барихад нь туслах сайн дурын ажилтан жуулчлагч хүмүүс ирсэн юм. Эд нартайгаа нийлээд л явж өглөө. Зам зуурт ганцаараа, хоёулаа аялж яваа Америк, Англи, Швед, Норвегийн үүргэвчтэй аялагчидтай ч танилцав. Санал сэтгэгдлийг нь сонсов.
1. Байр сууц

Ер нь бол манайд маш өндөр зэрэглэлийнх л биш бол том зочид буудал хэрэг алга. Одоо байгаа хэд нь хангалттай юм байна. Харин хостел буюу цэвэрхэн жижиг буурчийн газрыг олноор байгуулах нь хэрэгтэй бололтой. Зундаа жуулчдын улирлаар тэдэнд түрээслээд өвөлдөө бол оюутнуудад түрээслэх боломжтой юм байна. Ихэнхидээ хотын төвийн хуучин байшинд иймэрхүү Зочны гэр буудал олон байдаг. Зарим нь бол хэцүү л гэж байна. Лав хотын төвийн УБ Гэст хаус интернэтээр захиалаад орсон хоёр ч үүргэвчтэй аялагчид маш их гомдолтой байлаа. Маш бохир байснаас гадна ажилтнууд нь харилцаа муутай, намайг бараг доромжилсон гэж гомдоллож байлаа. Тэд олуулаа нэг өрөөнд давхар ортой байх, нийтийн ариун цэврийн өрөөтэй байх зэргийг бол тоохгүй гэж байна. Хамгийн гол нь цэвэрхэн байх, харилцаа сайтай байхыг л хүсдэг гэнэ. Магтаал дагуулсан нь Заяагийн гэр буудал хамгийн олон хүн цэвэрхэн, аятайхан гэж ярьж байх юм. Лоунли Планет дээр ч гэсэн энэ тухай бичсэн байдаг юм байна.

Дундаж хүмүүс бол хоногт 40-50 доллар төлөхөд татгалзахгүй гэж байна. Хамгийн гол нь бас л цэвэрхэн, харилцаа сайтай байхад болно гэнэ.

2. Хоол

Хоолны хувьд тэд нэг их тоохгүй байна. Сайхан хоол үнэтэй ресторанд, боломжийн үнэтэй дундаж нь Модэрн Номадс юм. Монгол эзэнтэй, бас хүүхдийн байгууллагад мөнгө хандивладаг энэ тэр гэж магтсаны хүчинд бараг бүх салбарыг нь дуусгав бололтой.  Номадсынхан монгол хоол яаж хийдэг талаараа 7 хоногийн нэг өдөр шоу маркийн зүйл хийвэл жуулчид их сонирхох бололтой.

Хотын төвөөр кофе их үнэтэй. Хамгийн үнэтэй нь Сакэрс гээд Австри эзэнтэй кофи шоп байв. 40 мянгатын хуучин аптек Эрэл банк болоод Жуулчны мэдээллийн төв, хүүхэд саатуулах газар, кофи шоп гээд их л олон зүйл байдаг бололтой. Гэхдээ 5 жилийн өмнөхийг бодвол иймэрхүү газрууд олон болсон, бас өглөө эрт онгойдог болсон нь сайн хэрэг юм.

3. Үзвэр

Драмын театрт өдөр бүр 6 цагаас сайхан тоглолт болж байна лээ. Цуки Хауст Сарны чулуу чуулга мөн өдөр бүр 2 тоглолттой юм байна. Циркийн хувьд тоглолт олдсонгүй. Уг нь гадаадад тэр бүр цирк үзэх боломж тохиодоггүй болохоор сонирхолтой байсан байх.

Музэйнүүдийн хувьд хотын төвд учраас нэг их асуудалгүй хүмүүс үзнэ. Харин Богд хааны музэй рүү явдаг автобусны дугаарыг гарын авлага дээрээ зааж өгөх нь зөв байх.

Жуулчны операторууд хэрэвзээ аялагчдыг гэр хорооллын айлаар оруулдаг тийм аялал зохион байгуулбал хүмүүс ч их явах төлөвтэй. Жирийн иргэд яаж амьдардаг нь их сонин байдаг болохоор би ч мөн гадаадад явахдаа иймэрхүү турд явах дуртай байдаг. Яахав дээ нэг хашаанд гэр бариал дотор нь эд хэрэгсэл бүх юмтай, харуул нь гэрийн эзэн болоод жүжиг тоглочиход нэг их зовлонгүй хүн болгоноос 3-5 доллар аваад л байна.  Бас тэр айл руугаа нийтийн автобусанд суулгаж явуулж үзүүлэх гэх мэтээр хялбар, зардал багатай асуудлыг шийдэх боломжтой. Тэд хотын төвөөр алхсаар УБ-т байх цагаа дуусгадаг юм байна.

4. Хөдөө

Хотын төвд ойрхон аяллууд Тэрэлж, 13-р зуун, Хустайн нуруу. Тэрэлжид очоод үзэж хараад байх нэг их юм алга. Тэр хавьд малтай айл байвал мал саалгаад, унага татуулдаг ч юм уу, аргал түүлгэх гэх мэт нэг тиймэрхүү жижиг хөгжөөнтэй зүйл хийвэл боломжтой.

13 зуун парк нь зөвхөн Женко Тур Бюрогоор захиалагддаг учир груп жуулчин биш бол асуудалтай л юм байна. Хустайн нуруу руу бол тахь үзэх гэсэн хүмүүс явахаас зайтай, бас очоод үзэх харах юм ховор санагдсан.

Холын аялал гэвэл ихэнхи хүмүүс Хөвсгөл рүү явдаг юм байна. Монголиан Эйрлайнс ирэх буцах нь 260 мянга. Гадаад дотоод ялгаагүй тул бүгд тийшээгээ явцгаадаг юм байна.  Овоо ш дээ Монголиан Эйрлайнс. Хөвсгөл нуурт очсон хойноо нуураа тойроод мориор хийдэг аялал харин их зүгээр юм.

Говийн аялал бол бензиний үнэнээс болоод өндөр өртөгтэй тусдаг бололтой. Хамгийн гол нь жинхэнэ адал явдалд дуртай хүмүүс тийшээ зүглэдэг.

Сайхан зүйлс:

УБ хотын төвөөр үнэгүй WiFi интэрнэт элбэг.  Англиар бичсэн заалт хаяг олон болсон байна лээ. Хэрэв цаг завтайсан бол алхаад яваад үзэхэд нэг их асуудалгүй болжээ.

Мэри анд Марта гээд хөдөлмөр шударгаар үнэлэх буюу Fair Trade  дэлгүүр 40 мянгатын Франц Бистроны хойд талд  нээгдсэн байна билээ . Казах болон орон нутгийн иргэдээс барааг нь шууд худалдаж аваад зарж борлуулдаг юм байна. 40-50 жилийн өмнө казах уран эмэгтэйчүүдийн оёсон орны аравч зарж байсан нь хүмүүсийн сонирхлыг маш их татаж, надтай явсан жуулчид 2 ш. худалдаж авав. Үнэн нь 260 орчим мянга. Мөн ял эдэлж буй эрчүүд оригами урлалаар гэр хийж зардаг ба мөнгө нь гэр бүлд нь очдог гэнэ. Тэнд байгаа бүх л бараанууд өөрийн гэсэн түүхтэй байсан нь надад маш сайхан санагдсан.

Пийв маш гоё бөгөөд хямд байна гэж надтай дөрөө нийлсэн “манай талынхан” магтав. Хоолны хувьд хуушуур, бантан хоёр хамгийн их үнэлгээтэй.

Швед хүүхэн гар урлал, дизайн маш их сонирхдог тул дараа оюутнуудтайгаа ирж эсгий хийх гэх мэт зүйлсийг судалбал их сонин гэж ярив. Миний таарсан хүмүүсээс лав гурав нь дараа ирэхдээ гэж ярихыг сонсох надад сайхан байлаа. Ямарч байсан хичээж зүтгэсний хүчинд дахиж ирэх хүслийг нь төрүүлж чадсандаа би баяртай байна.

Муухай зүйлс.

Ямар ч хүмүүс эхлээд мөнгөө дараа нь үйлчилгээгээ бодох юм. Уг нь эхлээд үйлчилгээ, аюулгүй байдлыг нь бодоод ажилбал мөнгө нь дагаад л ороод ирнэ шүү дээ.

1-2-оороо яваа хүмүүст зориулж тусгайлан аялал зохион байгуулахад маш өндөр үнэтэй болдог юм байна. Жишээлбэл Женкогийн автобус гэхэд өдрийн 150 мянга. Тэгэхээр жуулчид буусан газар, кофи шопын зарын самбар дээр зар бичээд нийлээд аялцгаадаг юм байна. Гэхдээ энэ нь бас цаг зав их ордог.

Уг нь Жуулчны мэдээллийн төв дээр ийш тийшээ явах сонирхолтой хүмүүс байвал бүртгэж аваад 6-аас дээш хүн хүсэлт гаргавал Тэрэлж, Хустайн нуруу, Цонжин болдог явна гээд жижиг жижиг тогтмол аяллууд зохиовол нэгэнт нийт жуулчдын талаас илүү хувь нь үүргэвчтэй аялагчтай аялал жуулчлалын салбарт илүү ашигтай баймаар юм. Тэгэхгүй цаг хугацааны хувьд давчуу явааа хүмүүс өөрсдөө тур олж нийлээд явна гэвэл их хүндрэлтэй бололтой.

МИАТ компани билетийн кассаа нүүлгэчихсэн бол энэ талаараа мэдээлмээр юм. Буцах билетээ баталгаажуулах гээд Лоунли Планетаа бариад гайхсан хүмүүс 40 мянгатад олон таарав. Хэдийгээр мэйл бичсэн гэх боловч нөгөөдүүл нь хариулахгүй болохоор офисыг нь олж очиж, биечлэн асуухаар хайгаал. Ядаж байхад шинэ офис нь тайлбарлахад бас их төвөгтэй. Билетээ захиалах гэж би лав хүнээс асууж байж явж очсон. Харин утас нь овоо ажилладаг, хоёр хэлээр ярьдаг юм байна билээ.

Онгоцны буудлаас хотын төв хүрдэг автобустай болохгүй бол хэцүү байна. Нисэхийн чиглэлийн автобусныхаа нэрийг англиар бичдэг юм уу яамаар юм. Уг нь томоохон зочид буудлуудаас шаттл бас явдаг сураг гарсан, би лав олж харсангүй. Хэдийгээр тэдний ихэнхи таксиддаг ч гэлээ аялагчийн таксины мөнгийг хэмнэвээс бусад зүйлд зарцуулах мөнгө нь ихсэнэ. Энэ хэмжээгээрээ жуулчны хэдэн компаниуд нь дээшилнэ. Орлого нь буурахаар халтуурын таксины тоо цөөрч, бөглөрөл багаснаа даа. Хариуцсан яам нь ядаж иймэрхүү зүйлсэд санаа тавьбал их зүгээр байх юм.

Ариун цэвэр сахих асуудал замд их хэцүү бололтой. Ядаж жуулчин явдаг гол маршрутынхаа дагуу душээ болъёо гэхэд модон жорлон байрлуулж болдоггүй юм байх даа. Ялангуяа хоол солигдоод замд удаан сэгсчүүлж гэдэс эвгүйтсэн хүмүүст бол бас л хэцүү л юм байна билээ. Бид болохоор хаана ч хамаагүй сурчихсан. Харин төрсөн цагаасаа паалантай жорлонд суусан хүмүүст энэ бол их том асуудал.

Надтай таарсан хоёр англи залуу бол яах аргагүй аялаж сурсан хүмүүс байна билээ. Бүх зүйлээ тэр өдөртөө тэмдэглэж бичээд, дараа мартахгүй болгоно. Тэгээд модон жорлонд бие засахаас аваад морины аль талаас мордох гээд тайлбарлаж өгсөн жижиг деталь бүрийг алдалгүй анхааралтай тэмдэглэж байв. Үүргэвчтэй аялагчдын хувьд гол эх сурвалж нь Lonely Planet. Гэхдээ манайд өөрчлөлт маш хурдтай явагдаж буй тул шинээр орсон өөрчлөлт тэр бүр байдаггүй юм байна билээ. Тийм болохоор интэрнэт мэдээлэл хамгийн зөв болж хувирч байна.

Хүмүүс ямар мэдээлэлтэй ирдэг, хаанаас авдаг вэ гээд судалсан  мэдээллээ тогтмол шинэчилдэг сайн блог ганцыг л оллоо. Англи дээр байхыг бодоход гадаад хүн хөтөлдөг бололтой. Бусад блог, вэбийн хувьд ихэд албархуу хуурай үгтэй голдуу. Бээжингийн онгоцны буудлын вэб гэхэд форумтай тэрүүн дээр нь гадаадууд юм асуухаар дор нь хариулаад л ихэд зүгээр юм байна билээ. Тэндээс суралцаад манайх яамныхаа вэбийг болъёо гэхэд өөр  http://www.mongoliatourism.gov.mn/ энд ч юм уу тийм форум хийгээд идэвхитэй ажиллуулмаар юм. Эсхүл Боловсролын яам шиг Фэйсбүүк хуудастайгаа холбочих хэрэгтэй ш дээ.

Үүргэвчтэй аялагчид бол залуучууд. Залуучууд учраас интернэт дээр санал бодлоо төвөгшөөхгүй тавина. Мэдээлэл түгээх идэвхи маш сайн. Та өнөөдөр нэг жуулчнаас илүү хэдэн төгрөг авчихаад баярлаж суувч дараа жил Тань руу зорьж ирэх жуулчны тоо тодорхой хувиар буурна. Тийм болохоор эхлээд үйлчилгээ, тэгээд мөнгөө бодох хэрэгтэй юм.Онгоцны билэт, машиндаа баахан мөнгө үрж, үрж ирсэн хүмүүсийг аха чи муу хөрөнгөтөн гэсэн хандлагатайгаар харьцвал тогтвортой орлогоосоо л татгалзаж байна гэсэн үг.

Comments on: "Аялал жуулчлалын улирал" (6)

  1. yostoi zov yum bichsen baina.

  2. sain bichsen bna shuu

  3. tiim shyy alivaa yum daraagiinhaa ehlel bolno gesen yg shuud sanaand orlo

  4. sn bn u tanitai holboo barih gesen ym ene minii id add hichiih tehvv bayrlalaa, sukheehero@yahoo.com

  5. […] ходоодоороо дэмждэг. Өнгөрсөн жил энэ тухай энд бичсэн. Гадаад найз нөхдөө ирэхээр тийш нь чирдэг. Аль […]

Хариу Үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

Шошгон цуваа

%d bloggers like this: