Өмнө Австрали амьдрал ТВ гэж бичиж байсан даа. Өнөөдөр манайд гардаг ТВ-үүдийн тухай бичнээ.
Би Сансар кабелийн үзэгч. Анх үүнээс өөр кабелийн ТВ байгаагүй болохоор сонголт ч байсангүй. Үндэсний ТВ анх 1967 онд Улаанбаатар хотод эфирт цацагдсан юм. Үеэлийг харах ажилд томилогдсон эгч маань нэг жил хичээлдээ хоцорч очсон нь Польшийн уран сайхны олон ангит “Нохойтой 4 танкчин” киног үзэж дуусаад хотоос ирж байж билээ. 🙂
Хөвсгөл аймгийн Мөрөн хотод ТВ нэвтрүүлэг 1974 гарч эхэлсэн юм. Тэр үед ЗХУ-д үйлдвэрлэсэн хар цагаан мушгидаг Рекорд зурагт 1230 төгрөгний үнэтэй. Тог тогтворжуулагч гээд жижигхэн цагаан юманд заавал залгана. Тэр нь хэд ч билээ бас хөөрхөн үнэтэй байлаа. Миний ах нар “Энэ өвөл мах идэхгүй, хоосон хононо” гэж аав, ээж хоёрт ам өчгөө өгч, өвлийн идэш авна гэж хадгалсан мөнгөөр нь авч байсан гэнэлээ. Тэр хавьдаа ганц ТВ-тэй айл нь манайх. Орой 6-9 цагийн хооронд монгол суваг гардаг, хавийн хүүхдүүд “Боролдойн цаг”-аа үзэхээр манайд цугларч, хөл гишгэх зайгүй болно. Би ч хүүхдүүдтэй муудахаараа “Чамайг хүүхэлдэйн кино үзүүлэхгүй дээ” гэж шаралхана. Хи хи хи.
Тэр үед өдөр болгон “үндэс” гарахгүй ээ. ТВ-ийн бичлэг УБ-аас онгоцоор ирдэг байсан тул хэрэв тэнгэр муудаад онгоц ирээгүй бол Орбит сувгаа л үзнэ. Эхлээд өдөр алгасдаг байснаа сүүлдээ өдөр бүр гардаг болсон санагдаж байна. Сонирхолтой нь тэнгэр бүрхэг өдөр ТВ гоё гарна. Яагаад ингэдэг талаар аймгийн холбоонд ажилладаг инженер ахаасаа асуухад хөндлөн долгион үүлэнд ойгоод сарнидаггүй гэдэг тайлбар сонсоод ихэд гайхаж байж билээ. Ахыгаа шалсаар байгаад нэг удаа өмнөх өдрийн нэвтрүүлэг давтаж гаргуулаад арга хэмжээнд оруулж байсан түүхтэй. Тийм л эрхийн балай байсан байгаа юм даа. Гэхдээ хаяадаа хүүхэлдэйн кино, бас гоё кино “үндэсгүй” өдөр хаяа давтаж гардаг байсан. Байнга л мэдээ гарч байдаг, аав ээж хоёр Орбит дээр гоё кино гарч байхад “мэдээ үзнэ” гээд шууд мушгичихдаг байж билээ.
Үндэсний ТВ, Орбит хоёрос өөр суваггүй ТВ үздэг байсан хүүхэд насаа бодвол бас ч гэж олон сувагтай болж дээ. Энэ хэрээрээ ч үзэгчийн авч буй мэдээлэл урсгал тэлж, бид бараг мэдээллийн дарангуйлалд амьдарч байна. Учир нь хүн нүдээрээ авсан мэдээллийнхээ 80 хүртэл хувийг санах чадвартай. Иймд өдөр бүр маш их мэдээллийг нүдээрээ, чихээрээ авахаар стрэсст орсон хүмүүс гадуур бөөн уур унтуу, хэрүүл зарга байх нь ч аргагүй юм.
Хэдхэн жилийн өмнө наадам болохоор л ОДСҮРЭН ахлагчтай явуулын АЯАКО станц хэрхэн ганцхан камерээр наадмын бөхийн барилдааныг чадан ядан дамжуулсан талаар сонсдог байснаа бодвол том ТВ-үүд нь хоёр сувагтай, зарим нь бүүр HD форматаар цацдаг болоод ТВ-ийн салбар манайд хөгжиж байнаа. Би ТВ үзэх, ялангуяа монгол сувгууд үзэх их дургүй. Хүргэж буй мэдээний чанар, нэвтрүүлэгч, хөтлөгч нарын хэллэг, яриа, эфирт биеэ авч яваа байдлыг нь харахаар ТВ рүүгээ үсэрч ороод үсдээд унагачихмаар санагдаад байдаг юм
ТВ-ийн нүүр царай нь мэдээний “дуудлага”, хөтлөгч хоёр. Мэдээний дуудлага гэдэг нь Цагийн хүрд, Цаг агаарын мэдээ явахад тогтмол явдаг аяыг хэлээд байгаа юм. Бид компьютэрээ асаахад Виндоус системд нэг л аялгуу явдаг шиг дэлхийн аль ч ТВ өөрийн гэсэн хөг, аялгуутай. Лав манай нэг ТВ Австралийн ABC сувгийн мэдээний аяыг “туучихсан” л байна лээ.
Цагийн хүрдийн аялгуу, “Цэнхэр залаа” хоёр бол МҮОНРТ-ийн брэнд. Мэдээж МҮОНРТ-ийн мэдээний хөтлөгч нартай юу ярих вэ, мэргэжлийн түвшинд дикц сайтай уншдаг. Тэдний дараа үеийг бэлдэх талаар одооноос бодохгүй бол “акул”-ууд тэтгэвэрт гарангуут нэг хэсэг баларсан 90-ээд он шиг л болчих вий дээ. Хуучин Eagle-д байсан одоо NTV-д байдаг нэг аятайхан бүсгүй бий. Түүн шиг хэдэн сайхан нэвтрүүлэгчтэй болчихвол ч аль ч ТВ-ийн рэйтинг дорхноо л өснө дөө. Миний бодлоор МҮОНТВ мэдээний дикторуудаа арай л ойроос аваад байх шиг байдаг. Мэргэжлийнхэн нь мэдэж байгаа байлгүй дээ.
Дуу, дүрсний хувьд С1 гайгүй ТВ. Хамгийн царайлаг хөтлөгчидтэй нь Eagle. Тэдний цаг уурч Өнөболд нийт 250 орчим үгэнд үгийн сан эргэлддэг бөгөөд гар хөлөө савчаад, хоолойгоо шахаад ихэд сүртэй ярих нь “хөөрхөн”. ККК. За тэр хэлээ хазсан, “одоо”, “бас” сул үг, “өөрөөр хэлбэл”,”ёстой” үгсийн санд нь байнга хэрэглэгддэг сурвалжлагч, хөтлөгч, сэтгүүлч нарыг бол харах ч юм биш. Хувийн ТВ-үүдийн хувьд хаяа 25, UBS-ээр гайгүй нэвтрүүлэг гарч харагдахаас үзэх юм ч их л ховор юм.
Гадаад кино орчуулж их гаргах юмаа. Оюуны өмч, патентаа болъёо гэхэд ядаж зөв сайхан орчуулаад, сайхан дуу оруулсан кино гаргаж болдоггүй л юм байх даа? ТВ болгон тус тусдаа орчуулж, дуу оруулж мөнгө зарж байхаар кинонуудаа хувааж авч байгаад сайн орчуулаад, сайтар дуу оруулаад тэгээд солилцоод гаргаад байвал хүн хүч, хөрөнгөө арай илүү үр дүнтэй хуваарилмаар бодогдож явдаг. Хэдийгээр дээр үеийн зарим орчуулгын кино монгол хэл дээр яг эх хэл дээрхи шигээ гоё байдаггүй ч Эльдар Рязановын бүтээл “Ийм нэгэн явдал” кинонд орос хэл дээр, монгол хэл дээр ижилхэн. Яагаад гэвэл “ам барьсан” жүжигчид нь их сайн ажилласан болохоор яг л тэр хүн дуугарч байгаа юм шиг сонсогддог.
Оросын сувгуудаас НТВ үзэх их дуртай. Энэ сувгийн нэвтрүүлгүүд ерөнхийдөө мэдээллийг өөр өнцгөөс хүргэхээр чармайдаг. Лав Австралид энэ сувгийн мэдээ орос хэл дээр гардаг. Цагийн зөрүүнээс болоод гоё нэвтрүүлэг, кино нь шөнө гардаг нь жоохон асуудалтай ч ямар ч байсан намайг баясгачих нэвтрүүлгүүд гараад л байх юм. Австралийн ABC-гийн асуудал дэвшүүлсэн нэвтрүүлгүүд гоё ч манайд дамжуулж байгаа нь чанар их муутай, жирилзээд олигтой гардаггүй. Манайд 4 цагийн үед гардаг англи хэлний нэвтрүүлгүүд нь их сайн. Уг нэвтрүүлгийг МҮОНРТ VoiceBox-оор гаргадаг. Хэрэв системтэй, тэвчээртэй үзвэл хэлний курсэд мөнгө төлөхгүйгээр англи хэл сурчих боломжтой л доо.
Миний компьютерийн screensaver ОРТ ТВ-ын цаг. Цаг хугацаа яваал байгааг надад сануулж байнга сануулдаг учраас их зүгээр байдаг юм. Татаж авах бол эндээс http://www.screensaver-clock.com/?screensavers=1
Comments on: "Өдөр тутмын амьдрал-ТВ" (6)
alimaa ania enii haraa http://cabinet.gov.mn/images/editor/files/NEGTGEL-1.pdf
ТӨСӨЛ. Өнөөдөр ҮХШХ-оос тайлбар гаргасан байна лээ.http://www.open-government.mn/read-1484-.html Гэхдээ л төслийн хэмжээнд ортлоо өндөр авна гэхээр…
ZARIM TV-NUUD NEG KINOGOO GANTSHAN HUNEER DUU ORUULTSAN BAIDAG SHDE , YOOY UZEHEER BUUR HEN YARIAD BAIGAAG NI OILGOHGUI ARAI L AIMAAR GOMDMOOR
Kkk. Odoo ch neeree olon suvagtai boljee. Neg bodliin yum hogjood l baina. Harin ter kino orchuulahdaa unen shog hereevee l baigaa yum daa. Uzeh durtai kinonuudiig maani taaruuhan orchuulsan bol uzehees durgui hureed baidiin… There is something fishy geed neg kinon deer garlaa. Tegsen terniig YUN ZAGAS UNERTEED YAVCHIVAA gej avsan. Kkk.
Орчуулгын чанар бас л хэцүү дээ. Англи хэлээс орчуулсан харилцан яриа ихэндээ агуулгын том алдаатай, тэр хэмжээгээрээ киноны гол утгыг мушгичихна шүү дээ. Friends -ийг монгол хэл дээр үзэхээр ерөөсөө инээдтэй санагддаггүй.
Сонгуулийн ажлаар хотоос хөдөөг зорьсон манай хэд ярьж байна. Хөдөө дидиш тв гэж байна гэнэ. зав гарвал малаа анхаараад бусад үед нь солонгос кино үзээд сууж байдаг юм байна. хот, хөдөөгүй болж дээ. ..