Тэтгэлэг горилогсдод тусламж

Аниа нь аялан тоглолтоороо залуу насаа дурсаж, идэж идэж, ууж ууж, бас дуртай зүйлийнхээ  нэг болох хөл бөмбөг, тэр дундаа Европын аваргын финал үзчихээд ирлээ.

Португаль-Испанийн хагас шигшээгийн тоглолт болсон ДОНЕЦК гэдэг хотод оюутан байлаа. Сургуульдаа явдаг байсан 8 номерын трамвай, 10 номерын троллейбусаараа явлаа, хуучин общагаараа орлоо, сургуулиараа ч орлоо. Дотуур байрныхаа хажуугийн Щербаковын пааркаараа зугаалж, сэтгэл хөдөлсөндөө болоод нулимс ч гаргалаа. Сайхан байлаа. Шахтер клубын хуучин стадион нь манай оюутны байрны ойр байдаг тул олон ч тэмцээн болдог, бид ч бас хаяа боломжоороо үздэг байсан юм. Билет нь бас л чамгүй үнэтэй байдаг байсан санагдана. Харин сая тэмцээн болсон Шахтёр клубын Донбасс АРЕНА нь шинэхэн бөгөөд гоёхон, европ стандартаар баригдсан сайхан цэнгэлдэх хүрээлэн байлаа.

Нэгэнт бүгдээрээ цэнхэр дэлгэцээрээ HD форматаар үзэцгээсэн тул тоглолтын талаар бичих нь та бүхэнд сонирхолгүй болохоор эргэн тойрных нь явдлыг бичье.

“Орнальдогийн оруулсан гоолыг тоолж болохоос унтсан хүүхнүүдийг тоолох аргагүй ээ, эрхэм хүндэт үзэгчидээ”. ТВ9-ийн тайлбарлагч 105-р сургуулийн орос хэлний багш Балжинням.

Криштианo Рональдо үнннннннннннннннннэн тас залуу юм аа. Тэр нуруу, туруу, хөл, гар нүд, шүд… Ццццц. Юун цагаан сар, юун наадам, юун Доржсамбуу. Нээрээн, ёстой сайхан амьтан байна лээ.

Дашрамд хэлэхэд би бөх Доржсамбууг их сайхан залуу гэж бодож явдаг. Авзага трэйдийн бөх болохоороо жил бүрийн барилгачдын баяр дээр дандаа ирж барилдана. Мэдээж түрүүлнэ. Анх “Хангайн бу(х) шиг сайхан амьтан байна даа” гэж хэлж байж онигоонд ороод хуучин ажлын ах нар тэрнээс хойш намайг амралтанд явахгүй гэхээр л “Нөгөө хангайн бух чинь ирнэ шүү дээ” гэж явуулдаг юм. ККК.

Мэдээж спортын энэ том арга хэмжээ зохион байгуулж буй болохоор дагаад жижиг бизнэс цэцэглэж байна лээ. Зарж болох бүхий л зүйлийг зарж байх шиг байв. Айлууд гэрээ түрээслэж байна, машинаар үйлчилж байна, Гоожуурын пиявны задгай мухлаг энд тэндгүй. Бие үнэлэгч бүсгүйчүүд түүнээс дутахгүй. Хэв журам сахиулах цагдаа хамгаалалт мөн их. Фэнүүдийн хотхон тусад нь байгуулсан. Тэнд бол сайхан найр болсон сурагтай байна лээ.

Хамгийн моодны футболка нь “I am not afraid anymore, I have been to DONETSK” байв. Киевт болсон финал дээр тийм цамцтай хүмүүс их байв. Бас тэмцээний бэлэг тэмдэг Славек, Славко хоёрын дүрстэй, тэдний толгойн өнгөтэй парик зүүсэн залуучууд гол талбай Крещатикаар дүүрэн. Ямар ч эмблем дээр 20 дугаартай польш Славек баруун гар талд, 12 дугаартай Славко украйн хүү зүүн талд нь байсан нь Польш-Украйн гэж албан эмблем дээрхи дарааллаараа зогссон байдал гэнэ. Албан ёсны бэлэг тэмдэг гурван ширхэг цэцэг нь зохион байгуулж буй орнуудын төрийн далбааны өнгө, бөмбөгийг дүрсэлснээс гадна дэлбээлж буй хонхон цэцэг нь хонх шүгэл, баяр хөөрийг илтгэж буй юм. Польш, Украйн Улсад зохион байгуулагдсан уг тэмцээний уриа Creating History Together-“Хамтдаа түүх бүтээнэ” гэдэг нь хөл бөмбөгийн тивийн аварга шалгаруулах тэмцээн анх удаа Зүүн болон Төв Европт зохион байгуулагдаж байгаагаараа онцлог бөгөөд түүхэнд тэмдэглэгдэж үлдэнэ гэсэн санаа. Энэ хоёр улс хэл, соёлын хувьд төстэй, ганцхан загалмайтны шашны өөр өөр урсгал польшууд ромын католик, украйнууд үнэн алдартны шашинтай. Ер нь сүүлийн үеийн спортын томоохон арга хэмжээ зохион байгуулагдаж буй орнуудыг харахад хүчний харьцаа хэрхэн өөрчлөгдөж байгаа нь ажиглагддаг. Үнэхээр бид ч бас ойрын 50 жилд дэлхийн хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулах ч юм бил үү.

Хар шороон хөрстэй болохоор Украйнд газар тариалан маш их хөгжсөн,  жимс ногоо маш хямд. Хувин жимс гэхэд ойролцоогоор 5 доллар юм уу? Тэгээл юм үзээгүй Алимаа абрикос, малина, клубника, черешня гээл элдэв өнгөөр нь идээл байлаа идээл байлаа. Жимс идээд хийсэн хоолыг нь идэхгүй болохоор найз украйн охин бүүр гайхчихсан, миний хийсэн хоол таалагдахгүй байгаа юм уу гээд ээжийгээ дуудаж, би украйн ээжийн гарын хоол идэв. Оюутан байхад хамгийн гоё абрикосны голдоо самартай варенье хийдэг байсан Тамара Николаевна маань эрүүл саруул, жимс ногоогоо тарьсаар дарсаар л суугаа юм байна.

Оюутан цагийн ихэнхи найзуудтайгаа уулзлаа, уулаа, идлээ, инээлээ, хөхрөлдлөө. Бүгд л ажилтай амьдралтай, сайн сайхан амьдарч байна. Ангийн маань хоёр залуу, нэг бүсгүй бурхан болчихож. Заримынх оюутан байхдаа төрүүлсэн хүүхдүүд нь нас биенд хүрээд тэд маань эмээ, өвөө болохгүй гээд “үзэж тарч, үсэрч наалдаж байгаа” л гэж байна. Дараа хавар улаан өндөгний баяраар болох хуримын хүндэт зочноор уригдсан. Бэр болох бүсгүйг нялх байхад нь хаяадаа харж, бас салхилуулахад нь хамт явдаг байж билээ. Бид гурвын авахуулсан инээдтэй зураг тэднийд байна лээ. Хамгийн хөөрхөн нь найз хоёрыгоо анх оюутны байранд айл болоход нь бэлэглэсэн хоолны хэрэглэлний набор тэднийд одоо хүртэл байна лээ дээ.

Найз охид дунд огт гэрлээгүй нь ч байна, дахин гэрлэсэн нь ч байна. Яагаад гэвэл бидний насны бүлэгт хүйсийн харьцаа Украйнд маш их буюу 17 хувийн зөрүүтэй.  ЗХУ нурж унах айхтар хүнд үеээс ихэнхи эрчүүд нь архичин, хар тамхичин болж, улмаар богино насалсан юм. Одоо ч гэсэн наслалтын зөрүү нь 10 жил байдаг.

Манай ангид Афганистаны дайнд оролцоод ирсэн хоёр хүү байдаг байсан. Багш нар тэднийг медалиа зүүгээд шалгалтанд орохоор шууд сайн тавиад гаргачихдаг байсанд бид ихэд дургүйцдэг байж билээ. Одоо бодоход дайн үзсэн ард түмэн гэдэг ухамсарт нь дайнаас амьд эргэж ирсэн баатрыг хайрлах агуу хайр ямагт байдаг, ийм ч учраас хамгийн чанга физикийн Бешевли багш ч тэр хоёрыг унагадаггүй байж дээ. Тэдний маань нэг нь авто осолд ороод өнгөрсөн гэнэ. Нөгөөх нь хөдөө тосгонд амьдардаг сурагтай байна лээ. Залуу насандаа эргэж очиход сайхан байлаа. Монгол ноолууран ороолт бэлгэнд аваад миний дуртай өнгө, чамд зохих өнгө гэж шаагилдах найз охидоо хараад би жаргалтай, олон жилийн дараа Алимусятайгаа уулзсан тэд минь ч жаргалтай байлаа. Зарим нь манайд очоогүй, сайхан “архидаж” хоноогүй гээд гомдолтой үлдсэн.

Украйнууд үндэсний хэлээрээ маш их ярьдаг болжээ. Миний оюутан үед баруун Украйн, эсхүл хөдөө тосгонд л украйнаар ярихаас оросоор яриад ойлголцоод байдаг байсан юм. Дэлгүүр хоршоо, хаана ч орсон урдаас украйнаар хариулахад нь эхлээд ч гайхаж байснаа ганц хоноол украйн хэл сэргээд ирж байна билээ. Бүүр “дүрдээ ороод” Москвад буучихаад щокалдсан гэж хүмүүст шоолуулсан. (Что буюу юу гэсэн үгийг украйнууд що гэж дууддаг). Дашрамд хэлэхэд польш, украйн хэлний аль аль нь гадаад хүн сурахад хэцүү хэлэнд ордог юм байна.

Хэвээр хадгалагдсан зүйлс гэвэл нийтийн үнэ төлбөргүй боловсрол, эрүүл мэнд. Чанарын хувьд ямрыг мэдэхгүй ч ямар ч байсан хүртээмжийн хувьд бидэнтэй зүйрлэлтгүй бололтой. Манай найз охины хэлснээр “Мы еще держим старую закалку”. Дээд боловсрол гадаадын иргэдэд маш хямд юм байна. Ойролцоогоор 5 мянган доллараар анагаах, уул уурхайн инженер гээд нарийн мэргэжлээр чанартай сайн боловсрол олж авах боломжтой. Донецк нь нүүрсний уурхайн гол муж учир энэ чиглэлээрээ сайн, манай улсын энэ салбарын цөөнгүй мэргэжилтэн тэндхийн Политехникийн дээд сургуулийг төгссөн юм. Дэлгэрэнгүй сонирхвол http://www.edu-ukraine.com/ эндээс мэдээлэл авах боломжтой. Мөн надаас асуувал би чадах ядахаараа хэлж, холбоо тогтоож өгч болно.

Залуухан сайхан багш нар маань цагийн эрхэнд халзан профессор болж, нэг группын хэд хэдэн охид, хөвгүүд их сургуульдаа багшилж, бүүр тэнхимийн эрхлэгч хүртэл албан тушаал ахисан байна билээ. Цагийн эрхэнд өвгөрч, эмгэрсэн багш нар маань надад хичээл зааж байхдаа миний насан дээр байсан байна шүү дээ гэж бодохоод хөнгөн гуниг төрж явлаа. Цаг хугацаа гэж хурдан ч юм даа.

Уг нь сайн хүн болж явснаа бичих гэсэн юм. Угийн муу хүн болохоороо идсэн, ууснаа бичсээр байгаад дуусгаваа хөөрхий.

Comments on: "Европын аварга хийгээд залуу нас" (6)

  1. goe.

    nmn

  2. Neeh goy setgegdel turloo. Bi ch bas ooriin tuuhiig iim saihan uil yawdluudaar chimnee gej bodoj baina. Neeree ter Christiana Ronaldo gesnees yag europiin awargiin margaash office-iin liftend baahan tanihgui humuus chiheldeed suuwaa. Tegsen neg ah shuud hulbombog yarij ehleed huuhnuud yagaad portugaliig demjdeg bnaa gesen neg nastai egch argaguisht saihan zaluuchuudtai yum chin ged helwuu gui yu huuhnuud bid tiishdee tiishdee Ronaldo enter geel duu hadaad ter liften deh buh humuus ineeldej ugloog saihan ehelsen. Dashramd helehed 6 sariin 23-nii udorlog minii huwid ih untei zuwlogoo bolson. Bi bodsonoos yag hiij ehleegui bsan yum. Odoo bol minii bodol zorilgo bolood ehelchihsen, ehlel maani mash amjilttai bolood yawj bna. Gaihaltai uil yawdaliig butheer ni bi tanid helnee. Bas yag heregtei zuilee tanaas asuuj unetei zuwlogoog tani awnaa. Daraa daraagiin uil yawdaliig tesen yadan huleej bgaa shuu naizuudaa daguulaad ochno sonirhson hun ih bgaa. Tanid setgeleesee tuslahad belen baigaa.

  3. estoi goe bichleg baina 🙂

  4. Sahan sanagdaj bainaa. Bayarlalaa

  5. WOW. Dursah iim ih tuuhtei. Goyo sanagdlaa. Taniig harahad tegj hogshin (sorry, no offense meant) gej haragdagui. Tegeed tanii yarisan, uzesen turshilgaasaa yariad ehleheer baragtsaa nasnii tootsoo aldagdchihiin. Tanii bichij biagaa nomiig duusahaar l avch unshina daa. Yor ni gerees garch, hiliin dees alhaj, end tend ocij uzej, olon huntei nohorloj naizlah goyo sanagdlaa. Info session deer Khurelbat ahiin yarisan zuil tolgoid ih yum bodogduulsan. Tend speech hiisen ulsuud bugd l oor ooriin gesen style-tei uneheer heregtei medeelel ogson. Tsag zavaa haramgui zoriulsan ta bugded uneheer ih bayarlalaa. Bas baharhalaa. Endeavour award iin ezen bolood neg odor iimerhuu event-d ooriin turshilgaa busadtai huvaaltsah yumsan gej moroodloo. 😀

  6. By the way, ter jims yamar goyo yum be. Shuud araanii shuls asgaraal…

Хариу Үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

Шошгон цуваа

%d bloggers like this: