Тэтгэлэг горилогсдод тусламж

Archive for Зургаадугаар сар, 2012

Өөрийгөө танилцуулж сурах нь.

Өөрийгөө зөв зүйтэй танилцуулж сурна гэдэг нь хувь хүний зан чанар, хандлагаас их хамаарах юм. Хүүхдүүдийн захиаг уншихад нийтлэг ажиглагдсан зүйлс.

Олон улсын харилцаа төгссөн хүүхдүүдийн захиа цэгцтэй, өгүүлэмж зөвтэй байх юм. Гадаадын хөрөнгө оруулалттай байгууллагад ажилладаг залуучуудын СиВи нь стандарт шаардлага хангасан байх юм. Имэйлээ ярианы хэлээр их бичицгээх юм. Англиар бичсэн СиВи-нд үг үсэг, нэр томъёоны алдаа их байх юм. Нийтлэг дутагдал нь referee буюу чамайг хэн бэ гэдгийг хэлж чадах хүмүүсийн нэр, албан тушаал, холбогдох утас огт байхгүй байлаа.

Залуучууд ч гэлтгүй сонгуульд нэр дэвшигчдийн танилцуулга үзээд гайхшаа барж суутал Peakfinder: http://nomiinclub.blogspot.com/ ингээд сайхан биччихжээ. Тэгэхээр залуучууд СиВи гэж юу вэ гэж асуух нь аргагүй ч юмаа даа.

СиВи буюу Curriculum Vitae (латин хэлний “Амьдралын замнал” гэсэн утгатай үг) гэдэг нь чиний дэлгэрэнгүй нэрийн хуудас. Чамайг хэн бэ гэдгийг богино  хугацаанд олж мэдэх хамгийн хүчирхэг танилцуулга. Заримдаа Resume гэж нэрлэх нь ч бий.

Массачусетсийн Технологийн Их сургуулийн ийм лавлах байна. Илүү их академик талын буюу магистр, докторт сурах хүсэлтэй хүмүүст хамааралтай.

СиВи яаж бичих вэ? http://gecd.mit.edu/sites/default/files/CV%2008_11_0.pdf

Захиа яаж бичих вэ? http://gecd.mit.edu/sites/default/files/Cover%20Letters%2008_11_2.pdf

Нийтлэг мэдээлэл гэвэл http://www.cvtips.com/ сайхан вэб байж байна. Гүүгэл-дээд гараад ирэх юмыг хийж чадахгүй байнаа гэдэг нь зорилтот бүлэгт тавьж буй сүүлийн шалгуурыг хангахад маш их цаг зарцуулах шаардлагатайг харуулж байна.

Энэ блогийн сүүлийн нэг жилийн бичлэг мэдээлэл боловсруулах, шүүлтүүртэй хандаж сурах ур чадвар эзэмшүүлэхэд чиглэгдсэн юм. Энгийн зүйл бичихээр хандалт ихэсдэг, тархи толгой ажиллуулах зүйлс бичихээр багасдаг нь мэдээлэл боловсруулах ур чадвар дутмаг байгаагаас болж байгааг өнгөрсөн жил ажигласан. Тогтмол уншдаг 100 хүн байдаг. Тэдний ихэнхи нь гадаадад сурдаг. Тэгэхээр энэ ур чадвар манай боловсролын системд байхгүй байгааг харуулж байна. Яавал энэ ур чадварыг эзэмших вэ? Их унших хэрэгтэй, бодох хэрэгтэй. А-аас Я гэдэг шиг шууд зааж болохгүй “зөөлөн” мэдээлэл учраас зөвхөн туршлагаар бий болдог зүйл юм.

Бэлэн хоол 

Шүүмжит сэтгэлгээ

Мэдлэгийг хянах боломжтой юу?

Мэдээлэлд шүүлтүүр тавих нь.

Хил, хэл, мал гуравтайгаа байвал бид БАЯН

Ямар мэргэжлээр сурах вэ гэдэг асуултын хариу:

Тоо юу, хэл үү?

Чухлын чухал мэргэжлүүд

Завтай хүн

Зан төлөвдөө нийцүүлэн мэргэжлээ сонгох нь

Энэ блогт саяхнаас зочилсон хүмүүс уншаад байж дээ. 2009 оны 1 дүгээр сараас хойш будаа, цагаа болох зүйл их ч бичиж. Олон ч хүүхэд хичээн зүтгэсээр тэтгэлэгт хүрч. Тэнд миний оруулсан хувь нэмэр бий гэж бодохоор “сайхан зан” хөдлөөд энэ бичлэгийг хийлээ. Миний олж цулуулсан мэдээлэл, сурсан мэдсэн зүйлс, амьдралын туршлага олон хүнд түгэж, тус дэм болох болтугай.

Хүндэтгэсэн

Алимаа

2012.06.09

PS: СиВигээ явуулахдаа CV_NAME.doc эсхүл .txt .pdf файлаар явуулна уу. Жишээ нь CV_ALIMAA.doc г.м.

АНХААРУУЛГА

Мэдээллийн арга хэмжээнд очих хүсэлтэй бүх хүмүүс СиВигээ mordogch@yahoo.com хаягаар явуулна. Хэрэв биднээс тусламж авах хүсэлтэй бол ЯДАЖ СиВи яаж бичихээ сурчих. Энэ талаар мэдээлэл интернэтээр дүүрэн байгаа. Хүн өөрөө өөртөө эхэлж туслахгүй байхад танихгүй, мэдэхгүй хүнд бид яагаад туслах ёстой, бүх зүйлийг нь бэлдэж өгөх ёстой вэ? Та бүхний явуулж буй СиВиг судалж үзсэний үндсэн дээр цаашдын зохион байгуулах арга хэмжээндээ хамруулах юм.

Танилцуулгад бичсэн мэйл рүү спам явуулахгүй байхыг та бүхнээс хүсье. Бүртгүүлэхдээ сэтгэгдлээр СиВи явуулснаа бич гэдэг нь СПАМ боксонд ороод алга болохоос сэргийлж байгаа юм. Хэрэв хариу мэйл очихгүй 2-оос дээш хоносон бол та СиВигээ явуулаагүй, эсхүл таны мэйл СПАМ дотор орсон учир бүртгэгдээгүй гэсэн үг шүү. Хувийн утас, мэйл хаяг зэргийг цааш тараахаа больцгоогоорой.

Хүн бүртэй биечлэн уулзах цаг, зав байхгүй гэдгийг ойлгоно уу.Ерөнхий мэдээлэл хэрэгтэй бол энэ блогийг сайн ухахад ХАНГАЛТТАЙ мэдээлэл байгаа. Эсхүл боловсролын зөвлөгөө өгдөг хувийн компаниуд зөндөө байгаа. Тэнд мөнгөө төлөөд өөрсдийнхөө төлөө явцгаа. Мөн миний хувийн блогоо хэрхэн хөтлөхийг заагаад байгаа, нэрээ нууцлаад өөрийн уур бухимдлаа илэрхийлэх талбар болгоод байгаа хүмүүст би хариу өгөхгүй, сэтгэгдлийг шууд устгах болно. 

Бүх үйл ажиллагааг ганцаараа хийж байгаа тул тусалдаггүй юмаа гэхэд ядаж саад болохгүй байхыг та бүхнээс хүсье. Мэдээлэл хүрэхгүй байгаа, тэтгэлгийн шалгуур хангасан залуучууд зөндөө байна. Өөрөө чадахгүй бол бусдад ч бас өгөхгүй гэдэг сэтгэлгээнээсээ салцгаая.

БАЯРЛАЛАА. 

 

Бид энэ ажлыг ямар нэг ашиг харалгүйгээр сайн дурын үндсэн дээр үнэ төлбөргүй хийж байгаа. Ямар нэг улс төрийн хүчин, холбоо, эвсэлтэй хамаатуулах хэрэггүй.

Австралид тэтгэлгээр суралцахыг хүсэгчдэд

Гадаадад суралцах, ялангуяа тэтгэлгээр яаж суралцах талаар үнэн бодитой мэдээлэл ховор байгаа тул Австралийн манлайллын тэтгэлгээр суралцсан бидний хэдэн найзууд нийлж сар бүр мэдээлэл түгээх өдөрлөг зохион байгуулахаар төлөвлөж байна. Зорилго нь Австралид суралцах боломжийг тухайн сургуульд суралцсан өөрсдийн туршлага дээрээ үндэслэн танилцуулах юм.

Хамгийн эхнийх нь 2012.06.23-ны Бямба гарагт Австралийн Засгийн газрын тэтгэлгээр суралцах боломж, Өмнөд Австралийн их сургуулиудыг танилцуулна.

Бидний зорилтот бүлэг:

  • Их дээд сургууль төгссөн;
  • Голч дүн 3.2-оос дээш оноотой суралцсан;
  • Тодорхой ажил хөдөлмөр эрхэлж байгаа;
  • Нийгмийн идэвхи сайтай, өөрчлөлтийг манлайлах ур чадвартай болохоо харуулсан;
  • Англи хэлний тодорхой мэдлэгтэй;
  • Мэдээлэл боловсруулах, өөрт хэрэгтэй мэдээллийг хайж олох, шүүн тунгаах чадвартай залуус юм.

Хамрагдах хүний тоо 150.

Бүртгэл: 2012.6 сарын 1-20-ны өдрүүд

Оролцохыг хүсч буй зорилтот бүлгийн залуус өөрийн СиВи-гээ  CVNAME.doc/pdf файлаар mordogch@yahoo.com хаягаар ирүүлнэ үү.

Урилгыг имэйлээр явуулах болно.

Жич: Энэхүү блогоос Өмнөд Австралид суралцах, тэтгэлэг хүртэхэд тавьдаг шалгуур, СиВи хэрхэн бичих г.м ерөнхий мэдээллийг авах боломжтойг анхаарна уу. Мөн мэдээллээ явуулсан талаараа коммент дээр бичихдээ өөрийн мэйл хаягаа ил харагдахаар бичихгүй байхыг хүсье.

Мэдээлэл авсан талаараа та бүхэнд хариу мэйл явуулах болно. 

Баярлалаа

АЛИМАА

2012.06.02

Human dignity

MNC TV гэдэг шинэ сувагтай болж. Мэдээгээр нь My Club бүлгэмийн гишүүд залуучууд “Улаан Загалмай””-тай нийлээд Улаан чулуутын хогийн цэг дээр амьдардаг эмзэг бүлгийн хүүхдүүдэд бэлэг тараасан талаар мэдээлэв. Чихэр жимс горьдон бүлтэлзэх тэдгээр хүүхдүүдийг жагсааж зогсоож байгаа тэдэнд өглөгийн эзэн царайлан бэлэг өгч байгаа “сайн санаатнуудын” талаар 5 минут сурталчилж, сурвалжлагч нь “Бэлэг өгсөн ах эгч нартаа юу гэж хэлмээр байна” гэж 3-10 насны бяцхан хүүхдүүдийн аманд микрофоноо тулгав. Өнөөдүүл нь тэдний нэр төрийг мэдээллийн хэрэгслэлээр гутаан доромжилж буйг ойлгохгүй учраас бүгд “Баярлалаа гэж хэлмээр байна” гээд дуу дуулж, шүлэг уншиж өгөв. Мөн өрх толгойсон эмзэг бүлгийн эмэгтэйчүүдэд Улаан загалмайгаас бололтой 2кг гурил, дугуй булант цай өгч байгааг тодоор харуулав.

Олон жилийн өмнө миний дүү зуны амралтаар зусланд амрах хөнгөлөлттэй эрхийн бичиг битгий аваарай гэж гуйж билээ. Учрыг лавлавал хөөрхий тэднийг маань өмнөх зун амарч байхад нь “Хагас, бүтэн өнчин хүүхдүүд урагшаа гар” гэж удирдагч-багш нь байн байн хэлж тоолдог тул бусад хүүхдээсээ их ичдэг байснаа ярьж, миний сэтгэлийг эмтэлсэнсэн.

Жил бүрийн 12-р сарын 5. Хүний нэр төрийг эрхэмлэх дэлхийн өдөр. Манай улсад сүүлийн хэдэн жил сүр дуулиантай тэмдэглэж байгаа. Ядуу, гуйлгачин, архичин, хар тамхичин, гэмт хэрэгтэн, алуурчин, биеэ үнэлэгч хүн ч нэр төртэй байдаг. Яагаад гэвэл тэд бүгд ХҮН. Томчууд яахав гэхэд учир мэдэхгүй нялх үрсийг мэдээллийн хэрэгслээр ядуу зүдүүгээр нь дуудан, бүтэн каадраар гаргаж хүүхдүүдийн эрхийг зөрчиж байгаа гэдгээ ЯАГААД ойлгохгүй байна вэ? Хамгийн хоржоонтой нь уг сурвалжлагын дараа залгуулаад дээрхи ТВ “Ярилцах цаг” булангаараа нэр дурдагдсан клубын хоёр охинтой ярилцсан юм. Сэдэв нь “ХҮҮХДИЙН ЭРХ”.

ЮБи хотын гудамж, вэб сайтуудаар алаглах хөөрхөн хүүхдүүдийн зургийг сурталчилгаанд зориулж авахдаа эцэг, эх, харгалзан хамгаалагчаас нь зөвшөөрөл авсан гэж найдъя. Зүүн дөрвөн зам дээр халдварт сүрьеэ өвчний эсрэг самбар дээр байх зовиуртай царайтай хөөрхөн охины зургийг хараад хүүхдийн эрх, нэр төрөнд бүдүүлгээр халдаж буй энэ асуудлын талаар бичих хүсэл төрсөн бол ТВ-ийн сурвалжлага бүүр “өвчнийг” минь хөдөлгөв. Өнөө олон хүүхдийн эрх ярьдаг хүмүүс, байгууллага, ТББ хаана байнаа?

Монгол Улсын Үндсэн хууль

17-р зүйл.

1. Монгол Улсын иргэн шударга, хүнлэг ёсыг эрхэмлэн дараахь үндсэн үүргийг ёсчлон биелүүлнэ:

1/ Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх;

2/ хүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх;

3/ хуулиар ногдуулсан албан татвар төлөх;

4/ эх орноо хамгаалах, хуулийн дагуу цэргийн алба хаах.

Хувь хүний нууцын тухай (1995) хуулийн 2.4.1-д тухайн гэр бүлийн хөрөнгө чинээ, эрүүл мэндийн байдал нь хувь хүний нууцад хамаардаг. Хувь хүн нууцаа өөрөө хамгаална. Тэгвэл хувь хүний нууцаа хамгаалах эрх зүйн чадамжгүй насанд хүрээгүй хүүхдээс ярилцлага авах нь хэр шударга, ариун явдал вэ?

Хүүхдийн эрхийг хамгаалах тухай (1996) хуулийн 2.7.3-т “хүүхэд нэр төр, эрүүл мэнд, хувийн болон захидал харилцааны нууц, орон байрны халдашгүй байдлаа хамгаалуулах эрхтэй”.

Эдгээр хүүхдийн эрхийг зөрчсөн энэхүү ТВ-тэй хэн ямар хариуцлага тооцох вэ?

Хүүхдийн төлөө үндэсний газар, хүүхдийн төлөө ажилладаг 300 гаруй ТББ, Телевизүүдийн холбоо, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Хэвлэлийн хүрээлэнгийнхээн. Эдгээр байгууллагад ажилладаг хүмүүс энүүгээр БАЙНА УУ?

Өмнө Үнсгэлжин гээд томчуудын тэнэг үйлдэл тэдний ирээдүйг хэрхэн баллаж байгаа талаар бичиж байсан юм. Та уншаад нэгийг бодож, хоёрыг тунгаагаарай.

Бас үүнийг уншаарай.

Шошгон цуваа