Тэтгэлэг горилогсдод тусламж

Халиунаа

Халиунаа Японд сургууль төгссөн анхдагчдын нэг. Сургуулиа төгсөж ирээд Монголдоо хэдэн жил хувийн бизнест амжилттай ажилласан. Найз залуутайгаа хамт амьдарч, “хүүхэд” төслийг хойш тавьсаар. Гэвч нас гуч нэмэх рүү заахын цагт өөрөөс нь дүү бүсгүйтэй учир ургуулж, хаяж одсон залууд гомдохын дээдээр гомдож билээ. Япон руу буцаж ажиллаж байх хугацаандаа нутгийн залуутай хайр сэтгэлтэй болж, хөөрхөн охинтой болжээ. Төрийн албан хаагч нөхрөө дагуулаад Монголд ирж амьдрах боломжгүй. Жилдээ нэг удаа ирж, ах дүү, хамаатан саднаа эргэнэ. Мөн дараа үеийн дүү нараасаа өөр дээрээ татаж авч, амьдралд нь нэмэр болно.

Энхээ 

Хоёр Герман нийлэх үед тэнд сурч байсан Энхээ үргэлжлүүлэн сурсаар шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалав. Монгол залуутайгаа гэрлэх бодолтой байсан ч таарч тохирох сэтгэлд нийцсэн залуу олдсонгүй. Нэг багшийн шавь герман залуутай гэрлэж, хүүхэдтэй болов. Нас нь явахын хэрээр насан өндөр аав, ээжээ асарч чадахгүй байгаадаа, Монгол соёлоосоо тасарч байгаадаа сэтгэл нь эмзэглэж явдаг энэ бүсгүй биохимийн маш сайн мэргэжилтэн. Хүүхдээ томрох үед гэртээ харина гэсэн бодолтой явдаг.

Ариунаа

Энхээтэй ижил, бодлогоор гадаадад нарийн мэргэжил эзэмшсэн боловч сургууль төгсөхөд нь картын бараанд ид дугаарладаг байсан үе. Юун шинжлэх ухааны нарийн мэргэжил. Буцаж яваад барууны өндөр хөгжилтэй оронд нийтлэг мэргэжил эзэмшин тэндээ хэдэн жил ажиллан, мөнгөө сайтар хураасны хүчинд байр, орон сууц гэх мэт үндсэн хэрэгцээгээ хангахуйц хуримтлалтай болж буцаж иржээ.Олон жил гадаадад амьдарсан нөхөр нь Монголдоо идээшиж дасаж чадахгүй, эхний хэдэн жил “дайн дажинтай” байсан ч хичээн зүтгэсээр хувийн бизнес нь амжилтад хүрчээ. Мөнгөтэй, хөрөнгөтэй, танилтай болохын хэрээр ааш, араншин нь өдөр өдрөөр хувирах нөхрөө харан гайхширсаар.Тэдний хувьд богино хугацаанд үр хүүхэдтэй болох, түүнийгээ эрүүл, аюулгүй орчинд өсгөх нь хамгийн чухал асуудал болсон тул харилцан ярилцсаны үндсэн дээр хоёр тивд тусдаа амьдрахаар шийджээ. Мэдээж гэр бүл нь хол, мөнгөтэй, нэр нүүртэй залууд охид, бүсгүйчүүд олон. Бие холдвол сэтгэл холдоно гэж тэд хэрүүл, шуугиангүй хоёр тийшээ болов.

Туяа

Анагаахын дээд сургууль төгссөн хүүхдийн эмч. 2000-аад оны гадагшаа чиглэсэн их нүүдлээр хүүхдээ хөтлөөд нөхрөө сугадаад эрх чөлөөний орныг зорьсон. Тэнд байх хугацаандаа дахиад хоёр ч “америк” хүүхэдтэй болов. Нэгэнт харласан тул санаан зоргоор ирж, буцах боломжгүй. Хүүхдүүдийнхээ ирээдүйн төлөө гэж хичээн зүтгэх тэд лав 50 гартлаа Монголд ирэхгүй байх. Монгол биш монголчуудын дараа үеийг өсгөж буй тэд хүүхдүүдээ аль болохоор соёлоос нь холдуулахгүй байхыг хичээх авч, хүний нутагт яалтай билээ. “Хоккейчин”, дижэйгээр капиталист хөдөлмөрийн гараагаа эхэлж байсан тэд тохилог хувийн сууцтай, тогтмол ажилтай болжээ. Монголоос ирэх ах, дүү, танил тал, найз нөхдийн хувьд эхний буудал нь тэд байдаг тул тэндээ нийгмийн сүлжээ сайтай, монголчуудын дунд ч нэр хүндтэй.

Чимгээ

Бусдын адил хань ижил, үр хүүхэдтэй болж, аз жаргалтай амьдарч явсан үе түүнд бий. Герман хэлний багш мэргэжилтэй тэрээр Солонгост ирээд 10 жил болж байна. Ээждээ үлдээсэн хүү нь Цагдаагийн академийн төгсөх курсын сонсогч. Танил талын сүлжээ нь байхгүй болсон тул эх орондоо эргэж ирэхээс айдаг. Солонгост хамтран амьдардаг дунд сургуулийн ангийн хүү нь нутагтаа эхнэр, гурван хүүхэдтэй. Ирээдүй нь ямар байхыг хэлж мэдэхгүй тул өнөөдрөөрөө амьдран Сөүлд байх нь дээр гэж ярих боловч, олон жил хүнд хөдөлмөр хийсэн тул биеийн хүч, тамир тэнхээ доройтсон болохыг хэлэх ангийн хоёроо хараад хатуу үг хэлэх зүрх хүрэхгүй.

Нараа

Халуун ам бүлээрээ нутагтаа амьдардаг энэ бүсгүй төрийн албан хаагч. Өөрийн аав, ээж, ах дүү сайн тусалсны хүчинд байнгын орлоготой хувийн бизнестэй. Хэнз гарсан нялх охиндоо санаа зовж явдаг, бизнесийн сүйхээ муутай нөхөртөө хайртай. Уур нь хүрсэн үедээ “бэлгэ тэмдэг” нөхрөө муулах ч үеийн ганц бие хүүхнүүдийг өрөвддөг.

Сараа

Оюутан байхдаа гаргасан охиноо залуу халуун насандаа “залуу насны алдаа” гэж үздэг байснаа нас явахын хэрээр алдаа нь “ганц зөв шийдвэр” болж хувирав. Ганц хүүхдээ насанд хүргээд хаяж одсон нөхөртөө хайртай байгаагүй тул нэг их эмзэглээгүй. Цалин нь амьдралд хүрэлцээтэй. Дотоод сэтгэлээ тэр бүр нээлттэй хуваалцдаггүй түүнд найз нөхөд нь дургүй.

Миний эргэн тойронд байгаа найз хүүхнүүдийн амьдралын дүр зураг. Өнөөгийн нийгмийн дунд насны бүсгүйчүүдийн нийтлэг амьдрал.

Амьдралын ачааг нуруундаа үүрч, ороо бусгаа цагт өөрийн чадлаар амьдралын төлөө тэмцэх эдгээр бүсгүйчүүдийг магтан дуулдаггүй юмаа гэхэд ядаж битгий муулаач…

Comments on: "Бүсгүй хүний заяа" (5)

  1. zalu geru buled ch zundu asuudal bnoo.Oron ger huhedin tsetserleg surguuli geed l mundahguishude

  2. дараа нь бүстэй хүний заяа?

  3. hi alimaa egch. arai gegeetei busgui xunii amidral alga u? ta xumust xeregtei yum ogdog ch enen deer bol ogoogui ix baraan suudertei yum bichsen bn shu. gegeeleg jishee chin sxan amidrax erch xuch moroodol uram zorig ogox busuu? tiim kino uzexed xurtel…

  4. Харин эмэгтэйчүүд маань нэг иймэрхүү л болоод байх юм. Би 4 найзтай, ганц нь л нөхөр хүүхэдтэй бусад нь хүүхэдтэй эсвэл огт хүнтэй суугаагүй. Сууж салаад л тохирох хүн олдохгүй байна эсвэл эрдэм номын мөр хөөж гадагшаа дотогшоо явсаар байгаад одоо бүгд 30 гарч байна. Ер нь л нөхөргүй ганц хүүхэдтэй маш өндөр боловсролтой хүүхнүүд их болж байна шүү.

  5. suuliin oguulberiig ih goy heljee

Хариу Үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

Шошгон цуваа

%d bloggers like this: