2008 он
Манай дүүргээс УИХ-д “сонгуулсан” Гарьдхүүгийн Баярсайхан Чингэлтэй хайрханаа тахилгатай болгоно гэж амлан хэдэн оюутан хаваржин гадаа зогсоож гарын үсэг зуруулж өөрийгөө таниулсан. Хогоо ялгах механизм, боловсруулдаг үйлдвэртэй болгоно гэж амласан.
Д. Очирбат дүүргийн эмнэлэгт ажиллаж байсан эмч тул ард иргэдэд үзүүлэх эмнэлгийн үйлчилгээг шинэ шатанд гаргаж, эмнэлгээ өргөжүүлнэ, эрүүл мэндийн даатгалын тогтолцоог ОГЦОМ шинэчилнэ гэж амласан.
Ц. Элбэгдорж БҮҮ МЭД. Үзэл бодол нь ямагт өөрчлөгдөж байдаг энэ хүнийг би ойлгодоггүй.
Сонгогчидтой хийх уулзалтаа ажлын өдрөөр өдрийн цагаар хийцгээдэг тул ажилтай бид очиж чаддаггүй.Тийм болохоор амлаж байгаа зүйлийг нь няцааж, мэтгэлцэх, эсхүл хэрэгжих боломжтой зүйлийг нь нэхэж шаардах бололцоо надад байдаггүй.
Доод айлын хоёр хөгшинд АН-аас алдарт ҮЙЛДВЭРБАТ-ынхаа зурагтай ханын цаг, 5 кг будаа өгсөн гэнэлээ. Манайх хэдий хотын төвд байдаг ч гэсэн хорооны бүртгэлээс мэдээлэл авч, боломж, чадал муутай хөгшид, ажилгүй иргэдийг ходоодоор нь хэмжих ажил өргөн явагдсан. Захын гэр хороололд бүүр учир тоймоо алдсан гэнэлээ. Хаалган дээрээ “Бид сонголтоо хийсэн” гэдэг бичиг нааж, орой үдшээр хар чадлаараа хаалга балбах хүмүүсийг үргээхийг оролдсон ч амжилтад хүрээгүй. Энэ жил хонх дарахаар тог цохидог байхаар холболт хийж, хаалгаа угаахгүй, хүн сэжиглэхээр бохир байлгана даа. Сурталчилгааны материал тараахаар хүүхдүүд,оюутнууд, хөгшдийг дайчилдаг бөгөөд нөгөөдүүл нь идэвхитэй гэж. Нийтийн орон сууцанд ард иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулж байгаа гэдгээ сонгуулийн штаб нь ойлгохгүй байхад тэд яаж ухаарахав дээ.
Миний ээжид “энхрий хайрт” нь НЭГ САЯ төгрөгийн батламж гардуулсан гээд тэр жилээс нандигнан хадгалсансан. Гэвч тэр сая төгрөгөө авч чадахгүй байх. Хүнд өвчинд шаналж, хорвоод үзэх зүйлийнхээ хязгаарт дөхөж буй миний ээжид 3 удаа тасалж олгох тэр мөнгөний эхнийхийг ч хүлээх хугацаа байхгүй. Үүнтэй ижил 1996 оноос өмнө тэтгэвэрт гарсан бага тэтгэвэр авдаг 2200 гаруй ахмад Засгийн газрын амалсан тэтгэврийн зөрүүг арилгахыг хүлээж дийлэлгүй жил жилээр тоо нь багассаар. Эрийн сайндаа бус хуулиар далайлган нийгмийн даатгалын санд хурааж авсан мөнгөө банкуудад хуваан байршуулж, өөрсдөдөө тэрбум тэрбумаар нь зээл авч үрэн таран хийж байгаа олигархууд, төрөөс төрсөн тэрбумтнуудаасаа эхлээд ажилтнуудынхаа нийгмийн асуудлыг шийдэх нэрийн доор хөгшдийн тэтгэврийн мөнгөөр ичихгүй орон сууцтай болж буй нийгмийн даатгалын газрын удирдлага, ажилтнуудад миний зэвүү хүрч байна.
Чадалтай, тэнхээтэй үедээ төлсөн энэ мөнгө ядрах үед минь миний амьдралын баталгаа болох ёстой атал увайгүй хүмүүсийн гарын салаагаар урсаж байгааг тэвчих арга алга. Оюутнуудад өгөөд байгаа тэр 70 мянга чинь та нарын саналыг авахын тулд шийдвэр гаргагчдын өгч буй “хахууль”. Хөгшдийн, хөгжлийн бэрхшээлтэй иргэний асаргаа, сувилгаа, цайны сүүнд явах ёстой тэр мөнгө та нарын баасан гарагийн баардалтын мөнгө болж байгаад бүүрч “шар хөдөлж” байна.
Миний ээж хүн ардын эрүүл мэндийн манаанд 37 жил үр хүүхэд, ар гэрээ гаргуунд нь гарган хаяж, хөдөө, орон нутагт сумын эмчээс, аймгийн нэгдсэн больницын эмчилгээ эрхэлсэн орлогч дарга хүртлээ ажилласан. Одоо сард 180 мянган төгрөг тэтгэвэр гэж авдаг. Түүнээс хойш тэтгэвэрт гарсан түүний асрагч хийж байсан хүн 230-мянга, сувилагч нь 280 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг. Миний ээж нийт 36 мянган хүн эмчлэн эдгэрүүлсэн гэж залуу наснаасаа хөтөлсөн тэмдэглэлийн дэвтэрт нь бичээстэй байдаг юм. Биднийг ч хийсэн ажлаа тэмдэглэж үлдээж байхыг шаарддаг. Амьдралын чухал эгзэгтэй үед ээж ямагт ажилтай, хөдөө дуудлаганд, эсхүл жижүүрт хонодог. Орой эрт ирлээ гэхэд 8 цагт гэртээ ирнэ. Тэр өдөр нь ч “зоолттой” нэг хүн гэрт хүлээгээд сууж байна. МУИС-ын Анагаахын факультетийг 1960 онд мундагуудтай нэг ангид төгсчээ. “Сэрэлт” киноны гол дүр Доржпалам гуай мөн тэдний ангид сурч байсан гэнэлээ. Одоо тэдгээр хөгшдөөс гарын таван хуруунд багтах хүн үлдэж дээ.
Comments on: "Амлалт нэхэх Алимаа" (4)
Тэтгэврийн зөрүүгийн хувьд үнэхээр үнэн шүү. Миний ээж бас л Монголын ард түмний эрүүл энхийн манаанд 30 гаруй жил ажиллаад тэтгэвэрт гарсан. Тэтгэвэр нь ердөө л 100 гаруй мянган төгрөг. Гэтэл сүүлд тэтгэвэрт гарсан асрагч, сувилагч байсан хүмүүс эмч ээжээс минь дор хаяж л 2 дахин илүүг авч байна. Үнэхээр шударга бус нийгэм шүү. Соц нийгмийн үед ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан хүмүүсийн хохь гэж байгаа юмуу даа.
Нийгмийн даатгалын одоогийн жишиг бол ерөөсөө дээрэм ш дээ. Би өнөөдөр чад хийлээ гэхэд миний мөнгө дуракуудын өмчлөлд шилжинэ. нийгмийн даатгалд хүү бодогддог, хугацаанаасаа өмнө үхвэл өв залгамжлалаар шилждэг, тэтгэвэрт гараад маргааш нь чад хийвэл мөн өвлүүлдэг байх хүмүүнлэгийн зарчим үгүйлэгдэж байна.
Би өмнөөс нь ичиж үхлээ. http://news.gogo.mn/r/104641
Намайг хүүхэд байхад миний эцэг улсад нэгэнтээ 24 25н жил нийгмийн даатгал төлчихсөн байсан санаж байна. Удалгүй хорвоогын мөнх бусыг үзүүлээд ээж эгч бид 3 үлдэхэд улсаас тэр олон жил төлсөн мөнгөн дүнгээс нөхөн төлбөр болгож ердөө л 100 гаруйхан мянган төгрөг өгсөн гэж бодохоор гайхаад барахгүй юм. Үлдсэнийг тэгээд юунд яах гээд ийх гээд авчихдаг байнаа??? үүнийг юу гэж ойлгох уу?