Тэтгэлэг горилогсдод тусламж

Хүүхэд насны хөгтэй явдал алийг тэр гэхэв дээ. Саяхан Нүүрномоор багадаа хамт тоглож өссөн хүүтэйгээ тааралдаж бөөн баяр болов. Голландад очоод 13 жил болж байгаа гэнэ. Энэ хүүтэй холбоотой нэг инээдтэй түүх байдаг юм. Манай тэр хавийн хөвгүүд охидуудаа ад үзээд өөрсдийн “эзэмшлийн” сагсны щитэн дээрээ тоглуулахгүй, хажигланаа. Тэрнээсээ болж “хэрүүл, тэмцэл” хурцатна. Олон ахтай, айлын ганц охин Цэцгээ сагсны бөмбөгтэй байсан болохоор тэр бөмбөгөөр нь барьцаалчихаар дуртай дургүй тоглуулна. Би сагсандаа сайн байгаагүй ээ. Зүгээр тэднийгээ харж балиашиглаж, баясна. Хаяадаа гуйж байгаад ганц удаа шиднэ.

Айлын ганц хүү Туухай нэг өдөр сагсны бөмбөгтэй болсноор хэрэг бишдэж, биднийг огт тоглуулахаа болилоо шүү. Гуйж үзлээ, хэрэлдэж үзлээ. Гонж. Ганц муу щитээ жижиг дүү нараараа мануулж, чулуу шидэж хөөгөөд банди нар ёстой “новширдог” байхгүй юу. Охид хор найруулна биз дээ. Шартай хэдэн туучийнууд нэг их бороотой өдөр хөрөө авч очоод нэг талд нь би, нөгөө талд нь Соско харуулд гарч байгаад Цэцгээ, Туяа хоёр сагсны щитнийх нь тулгуур модыг зад хөрөөдөөд унагачихаж байгаа юм чинь. Тэгээд муу сайн хөвгүүдээс хариугаа авсан баатрууд гэртээ тас тас хөхрөлдсөөр харьж билээ.

Бороо зогссон хэрэг бишдэв. Өнөө муу хэдэн хөвгүүд чинь ирж хэрүүл өдөөд, аав ээжид маткааддаг байна ш дээ. Манай Туяа, Цэцгээ хоёр угаасаа эршүүд охид, тэдний урдаас “Гохь чинь. Гуц” гэж байгаа юм чинь. Энэ Голландад байгаа Саруул манайд ирж аавд “алтан хошуу” өргөсөн ховч золиг байгаа юм. Тэгээд яахав дээ, хүүхдүүд юм чинь хэд хоноод “найрамдлын гэрээ” байгуулж, нөгөө хөрөөдсөн тулгуур модоо шонгийн модтой хүлж уяж байгаад л тоглоно биз дээ. Хи хи хи.

Жич. Боломжийг ашиглаад хорин хэдэн жилийн өмнө үйлдсэн хорлон сүйтгэх ажиллагаандаа уучлал гуйчихъяа, манай гудамжны хөвгүүдээ. Гэхдээ л та нар тэр үед шог байсан шүү.

Миний бага нас социализмын бүтээн байгуулалтын хамгийн оргил үед өнгөрсөн. Би улсын болон аймгийн чанартай нийт 23 олимпиадад эхний гурван байр эзэлж явжээ. Одоо бодоход жаахан хүүхдэд бахархмаар зүйл боловч тэр үед аав, ээж, ах, эгч нар маань тоох ч үгүй. Пионерийн зусланд явах урилгаа яаж ийж байгаад л олимпиад уралдааны шагнал болгоод авчихдагсан. Гэхдээ тэгэж их хичээл ном хийдэг хүүхэд байгаагүй ээ. Сайн багш нар сурах арга барил сайн эзэмшүүлсэн болохоор тэгж сурсан байх гэж боддог. Одоо ч гэсэн Ерөнхий эрдмийн шалгалтын дүнг аймгуудаар харьцуулж харахад Хөвсгөл аймгийн дундаж бусад аймагтай харьцуулахад чамгүй өндөр гардаг нь багш нарын заах арга зүйн нэгдлээр дамжуулан багшлах заах арга, уян мэдлэгээ бусадтайгаа хуваалцаж чаддаг уламжлал одоо ч тасраагүй байгаатай холбоотой байж магадгүй юм. Тэгж байгаад судалж үзнэ дээ.

Хэдийгээр “багшийн хүүхэд сурлага муу” гэж ярьдаг ч миний нэг ахаас бусад нь бүгд ЗХУ-д шинжлэх ухааны боловсрол эзэмшсэн. “Дотоодын бүтээгдэхүүн” ах маань Цэргийн дээдээс “хараа муутай” гэж хасагдаад хөгшин ээжийн хэлдгээр “Багшийн дээдэх” төгссөн тоо, физикийн багш. Бид аав ээжийнхээ чихийг халууцуулж явсангүй, бүгд л “толгой сайтай” хүүхдүүд байж дээ. Тийм болохоор манай гэр бүлд хэн нэгний академик амжилтыг байх ёстой стандарт зүйл гэж хүлээж авдаг юм. Бидний дараа үеийнхэн үргэлж гомдоллоостой, “Хүн аймаар мундаг байхад дандаа доош нь хийдэг, айлын хүүхдүүдийг аав, ээж нь дандаа магтдаг”.

Би айлын бага хүүхэд. Зан үйл судлаачдын нотолж буйгаар гэр бүл дэхь хүчний харьцаа нь томоос жижиг рүүгээ хүч хэрэглэж, дарангуйлах чиглэлд байдаг тул айлын бага хүүхэд тэрхүү гинжин цувралын хамгийн эцсийн хүлээн авагч байдаг. Ийм ч болохоороо амиа хамгаалах чадвар өндөртэй нэгэн болж төлөвшдөг бол айлын том хүүхэд дүү нарынхаа өмнөөс хариуцлага хүлээсээр халамжтай гэж жигтэйхэн болдог гэнээ. Дундчууд нь бол өөрийн амиа тээгээл, хүнтэй зохицох чадвар нь их сайн хөгждөг.

Гэр бүлийн хүчирхийллийн “сонгодог” загвар нь аав ээжийг, ээж ахыг, ах дүүг, дүү нохойгоо зодно. Миний эгч энэхүү онолыг над дээр зад хэрэгжүүлсэн дээ. Ах нар намайг зодож байсныг огт санадаггүй, харин эгч байнга шоглоостой. Цэцэрлэгээс эхлэе. Өглөө ах нар хүргэж өгч, орой эгч авна. Цэцэрлэгийн хашаанаас гаргаад гэртээ хүрэх замын тэг дунд “Баавгайтай чихрээ өг. Тэгэхгүй бол чамайг энд хаяад явлаа” гэж дарамтална. Тэр үед цэцэрлэг тарахаар гоё гоё чихэр, алим өгдөг байсан юм. Айсан би өгдөг л байсан байх даа. Манай эгч болохоор “Чи алганы хонхор нь өөдөө хардаггүй, харамчийн туйл байсан юм чинь яг л өгнө ш дээ” гэдэг юм. Дараа энэхүү өөрийн давуу талаа ашиглаж үйлддэг “дээрмийг” Тулгаа дүү дээрээ туршсан чинь болж байнаа. Даанч чихрээ дагуулан бүлтэлзэх дүүгээ хараад өрөвдөөд тэр чихэр нь аманд орохгүй юм байна лээ.

Тэр үед манайх талхаа өөрсдөө барьдаг байсан сан. Хэдийгээр цалин өндөртэй байсан ч өсвөр насны олон эрэгтэй хүүхэд талх, боорцог тэсгээхгүй байдаг байсан биз. Дээрээ шилэн цонхтой германы жижиг печьтэй. Талхны хөрөнгө хөөгөөд тэр шилэнд тулахаар гадаа тоглох ах, эгч нарыг дуудах үүрэг надад ноогдоно. Муурнаас ухаанаа гартал айдаг, дагаж орилвол үүдэнд грилькан муур үлээгээд тавьчихаар хаалга руу айгаад дөхөхгүй. Нөгөө печьны хажууд хөгшин аавын хийж өгсөн жижиг сандал тавиад суулгачихна. Хүүхэд болохоор заримдаа өнөөхөө мартаад тоглож байгаад талхаа түлчихвэл эгчдээ зодуулна. Хажууд нь удаан сууж уйдахаараа “Болцоон” гэж хашгирна. Болоогүй байхад тоглоом тасалдуулж дуудсан ялд унаж, бас л “авахуулна”. Гэхдээ тэд нарыг аавд хуниулахад нь үнэн голоосоо баясдаг их “хүн муутай” этгээд байсан гэж байгаа.

Хүүхэд насны сайхан дурсамж зөндөө. Аав, ээжтэйгээ хөтлөлцөөд айлын бага болохоороо давуу эрх эдэлж,”цай уухаар” явахад нь хамт айл хэснэ. Амралтын өдрүүдээр томчууд гэр бүлээрээ нийлээд бууз идэж, ганц шил архи задлаад даалуудна. Одоогийнхоор бол шоудаж байгаа юм. Харихад гоё бэлэг, чихэр, бас мөнгө өгнө.

Хөвсгөл аймгийн Худалдаа бэлтгэлийн трэстийн дарга Рэнцэндорж гуай гээд бүдүүн гүзээтэй, хүүхдэд их хайртай хүн байдагсан. Манайд ирэнгүүт нь өвөр өөд нь мацна. Хармаанаасаа Улаан малгайт, баавгайтай чихэр, банкя дандаа гаргаж өгдөгсөн. Бас арын хаалгаар гоё гутал, куртка авчирч өгнө. Ганган охин байж дээ. Ах эгч нар гадаадад сурдаг болохоор гоё палааж, сандаал байнга. Тэр үед союз бохь гээч нь ховрын зүйл байв. Ах эгч ирэхээр хавийн хүүхдэд бохь тараана. Хэд хоног эрүүгээ өвдтөл жалир жалир гэсэн нөхдүүд гүйлдээд байна. Манай ангийн Азаагийн эгч Унгарт сурдаг байсан. Эгчийгээ ирэхээр надад гоё хийлдэг бохь авчирч өгдөгсөн. Чубагийн ээж лаг гоё боорцог хийнэ. Хаяа авчрахаар нь жинхэнэ “алаан” болно доо. Манай ангид эмч нарын хүүхдүүд их сурдаг байлаа. Эмнэлгийн байрныхан гээд тэр хавьдаа л ОД. Тэднээс эмч болсон нь цөөнгүй. Бараг надаас бусад нь л эмч болсон байх. Хаяадаа аавынхаа үгэнд орж эмч болох минь яалаа гэж хэн нэгэн өвдөж, зовсон хүнийг хараад бодогддог юм. Ямар ч байсан одоогийн савчсан охидоос хол дээр эмч болох байсан байх. Миний хоёр дүү эмч болсон, ажилгүй л сууна. Ид шид нь намайг ядрах үед гарах биз гэж найднам.

”Before I forget” зарим хэсгийг оруулав.

Comments on: "Before I forget: Childhood" (2)

  1. odkokai said:

    Alimaa egchee ta nad metiin scholarship hopefulluuded personal consultation ogooch PLZ.
    Ogoh bol haana heden tsagaas tsuglarch biagaan? Gegeen iin site-g haaya uhadiin. yum haragdahgui baihiiiin. End neg hun baidag argaa heregled, ene tendees asuuj suraglaad suujinoo.

    By the way, i like your writing style. It is so fun to read. When would your book be ready for sale?

  2. ta yag l oodoos harj suugaad yarij bgaam shig bichihiin, goe..
    goe dursamjuud bnaa, bandi naraa gehdee l ta nar shog bsan shu geel kkkk

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

Шошгон үүл

%d bloggers like this: