Тэтгэлэг горилогсдод тусламж

Зундуйн Дорж гуайн шүлгээс сэдэвлэн гурван чиглэлээр радикал үзлээ илэрхийлье. Яагаад гэвэл нэтээр мэдээ үзэхээр миний уур хүрээд байна.

Хил.

Юмжаагийн Цэдэнбал гуайг өөрийн төрсөн бууцаа ЗХУ-д “хандивласан” гээд хүмүүс шүүмжлэх нь бий. Тэр хүн төрсөн бууцаа гаргуунд нь гарган байж, бусад хүмүүсийн бууцыг авч үлдсэн ч юм билүү бид мэдэхгүй. Дархан хил гэдэг ойлголт нь сүүлийн үед газрын зураг дээр зурагдсан бодит зүйлийг бус монгол хэмээх бүлэг сэтгэхүйг хадгалан авч үлдэж, дараа үедээ өвлүүлэхтэй илүү хамааралтай болжээ. Даяаршил нэрийн дор үндэстэн дамжсан корпорацуудын зах зээлээ тэлэх эдийн засгийн ашиг сонирхлын эсрэг тэмцэлд зөвхөн буу үүрээд, хилийн заставт манаанд гарах бус, хийж буй үйлдлийнхээ мөн чанар, үлдээх ул мөр, гарах үр дагаврыг сайтар тооцоолж хөдөлвөөс эх оронч гэж хэлэгдэх болно.

Манай эрх баригчид Оросуудын санал болгосон 100 шатахуун түгээх станцын төсөл ид яригдаж байхад эх оронч мөн, бишээрээ талцан хэрэлдэцгээсэн. Бараг Оросоос бүрэн хамааралтай болно, үндэсний аюулгүй байдалд нөлөөлнө гээд сүржигнэцгээсэн. Гэтэл 12 бизнэсмэн үгсэн хуйвалдаад хамааралтай болохгүй гэж чардайж буй Оросоос нь импортолсон бензиний үнээ нэмэхэд үндэсний аюулгүй байдал дуугай л байна. Яагаад гэвэл монголын цөөхөн иргэн олонхийгоо дээрэлхэж байгаа учраас үндэсний аюулгүй байдал зөрчигдөөгүй, эрх баригчид сонгуулийн мөнгөө тэдгээр монополь хэдхэн компаниас саах учраас.

Хэрэв та нар санаж буй бол намрын ургац хураалтын өмнө ёс юм шиг шатахууны хомсдол бий болдог. Тэгээд ургацаа алдлаа, болохоо болилоо гэсээр төсвийн мөнгөөр угжуулж, татвараас чөлөөлөгддөг. Эсхүл өнгөрсөн жилийнх шиг юм болуузай гэсээр төрөөс урьдчилгаа мөнгөө авчихдаг. Хэрэв ингэж л төр оролцох байсан юм бол анхнаасаа яах гэж тэрхүү түгээлтийн системээ задалж, хувьчлал хийсэн юм бэ? Оросын хил ШТС болгоны хажуугаар татагдчихсан байхад түүхий нефтээ Хятад руу экспортолсоор байх юм уу? Энэ бизнэсийг хийж буй “үндэсний манлай үйлдвэрлэгчдээ” төрөөс дэмжих гэж тэр үү? Нефть нэрэх үйлдвэр барихад зардал ихтэй, эдийн засгийн ашиггүй гэдэг үндэслэлд чинь би лав итгэхгүй. Уул уурхай нь хөгжөөд шатахуун тослох материалын хэрэгцээ сүүлийн 5 жилд ДНБ өсөлтөөс илүү хурдтай өссөн байхад 90-ээд оны сүүлээр хийсэн тооцоонд үндэслээд улирсан баларсан юм яриад байх ямар хэрэгтэй юм бэ? Эндээс гарах логик асуулт Монгол Улс хилгүй байх нь хэнд ашигтай вэ?

Суудлын автомашины тоо 400 мянга орчим гэсэн. Бараг өрх бүр  машинтай. Яая баян байна шүү. Гэтэл тэр сая машиных нь 70 гаруй хувь нь 10-аас дээш жилийн настай байвал яах вэ? Тийм машин бензин их иднэ, засвар их хийлгэнэ. Бензиний бизнэс хэн хийдэг билээ? Буруу талдаа рультэй машиныг хэрэглээнээс гаргах хуулийн төсөл 2000 оны үед явж байснаа ард түмний амьдрал хэцүү, япон машинтай хүмүүс чинь хөрөнгөөрөө хохирно гэсээр батлагдаагүй. Одоо УБ хотын машины тал нь япон тэрэг байгаа. 15 жилээс дээш настай машин жагсаалаас гаргах асуудал яригдтал гадаадад коллекционерууд тэр байтугай настай машин унадаг гэж мэдэмхийрээд бас батлаагүй. Гэтэл тэр коллекционерүүд хэр хэмжээний татвар машинаа бүртгүүлэхдээ төлдгийг, техникийн үзлэг гэдэг зүйлээ жилдээ хоёр удаа хийлгэдгийг хэн ч яриагүй. Хэрэвзээ шийдвэр гаргагчид хүний аюулгүй байдлыг нэгд тавьдаг бол нэг сард Ирак, Афганистанд үрэгдэж буй нутгийн иргэдийн тооноос олон монгол хүн авто тээврийн ослоор нөгөө ертөнцөд очихгүй байсансан.

Хэл

Аливаа хэл нь тухайн үндэстний соёлыг агуулж байдаг. Ё.Отгонбаяр сайдын баталсан тушаалаар кирил үсгийн зөв бичгийн дүрэмд нийцүүлэн зарим маргаантай үгсийг нэг тийш нь шийджээ. Сайшаалтай хэрэг. Намайг сурагч байхад хатуугийн тэмдгээр бичдэг байсан үгс бүгд зөөлний тэмдэгтэй болчихож. Монгол даяараа боржигон овогтой халх угсаатан болчихож. Телевизийн нэвтрүүлэгч биш, бүгд төв халх аялгаар ярих ямар хэрэгтэй юм? Хэдийгээр гадаад хэлийг хөтөлгөө морьтой зүйрлүүлэн нийгэм даяараа судалж буй боловч нөгөө талд нь эх хэлээ хамгаалах бодлого байхгүй байхад олон хэл хольж хутган ээрж, мууран ярих “унаган гадаад хэлтэй” хүүхдүүдийг бид муулах уу, магтах уу? Нутгийн аялгаа шийр заан хадгалж буй Нямка сайдыг магтан дуулах уу, хазгай хэлтэйгээр нь дуудах уу? Логик асуулт: Соёлоосоо тасарсан иргэд хэнд ашигтай вэ?

Төрийн сангийн зээлээр сурдаг хуучин дарга, даама хийж байсан оюутнуудын тухай яриа: Хэлгүй байж ирчихээд яаж юм сурдаг байнаа? Өө яахав дээ, хэлээ сураад авилгаа орчуулагчгүй авахаар болчихоод буцдаг юм. Очоод шууд дарга болно шүү дээ. 

Мал

Малын таваарлаг байдлаас болоод сүргийн бүтцэд өөрчлөлт орсныг, ямаа бэлчээр талхлаад дуусч байгааг бүгд ярьдаг. Бэлчээр доройтлоо, цөлжилт явагдлаа, эзэнгүй газар үлдэв. Малчид хот руу нүүлээ, эсхүл өвс, ургамлын гарцаа дагаад Хангай руу оторлолоо. Нөгөө талд нь уул уурхайн компаниуд уулыг дов болтол, талыг там болтол ухлаа, угаалаа, зөөлөө. Манай улсын уул уурхайн ихэнхи аль бүс нутагт байна вэ? Хэдхэн хүн баяжлаа. Өвдөл, цөвдлийг нь сайн санаатан болж жүжиглэх хэдэн нөхөд тарааж өглөө. Өнөөдрийн хоолоо аргацааж буй эрх мэдэлгүй иргэдэд цаана нь юу байгааг бодох тэнхээ алга.  Логик асуулт: Хөдөө эзгүйрвэл хэнд ашигтай вэ?

Дэлхийн хөгжсөн орнууд нь нийлүүлэлтээр биш хэрэглээгээр зах зээлээ хянах бодлого баримталж байна. Гэтэл манай ухаантнууд, эрх дархтангууд зах зээлийн зарчим, хэрэглээ их байгаа учраас үнэ өсөж байгаа домгоо ярьсаар. Хөгжиж байгаагийн илрэл нь дэлхийн зах зээл дээр шинээр гарсан бараа, үйлчилгээ хэрэглэж байгаагаар нь илэрхийлэгдэж буй болохоор үндсэн хэрэгцээгээ хиймэл хэрэглээгээр солих үйл ажиллагаа эрчтэй гэгч нь явж байна. Ланд уначихаад лаа хайдаг хүмүүс үүний тод илрэл.

Импортын барааны хэрэглээг дэмжих бодлогын жишээнүүд захаас аваад дүүрэн. Хэрэглээг хянах ямар бодлого барьсан болоод ингэж сурталдаад байгааг нь би ойлгохгүй байна. Малын тоо толгой 90-ээд оноос хоёр дахин өсч, 40 сая боллоо. Сайхан мэдээ. Махны хэрэглээ мөн хоёр дахин нэмэгдэж, дундаж иргэн өдөрт 2 удаа махан хоол идэж байна. Махны үнэ бензинтэй мөн адил. Хэрэглээнээс биш, 200 ченжээс хамаардаг. Махны том ченжүүд хэн билээ? Томоохон хөргөлттэй агуулах хэний мэдэлд байдаг билээ? Мах их идэх нь хэнд ашигтай вэ?

Comments on: "Хил, хэл, мал гуравтайгаа байвал бид баян." (5)

  1. shn bichleg bn alima egchee! ene3as yaj ch bodson hil hamgiin chuhal gj bodogdjino.

  2. IPhone 4G barichihaad utsaar yarix negjgui bn geseen byadnii xed…

  3. Ганбат said:

    Ер нь бол санал нийлж байна. Ченжийг үзэн ядах үзэл Монголд моодонд орсон. Уг нь зүгээр л худалдаачин хүн шүү дээ.

    Бичихийн хувьд үнэхээр сайхан, хүнд хүрэхүйцээр бичжээ.

  4. […] Хил, хэл, мал гуравтайгаа байвал бид БАЯН […]

Хариу Үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

Шошгон цуваа

%d bloggers like this: