Өнөөдөр миний амьдардаг дүүргийн засаг захиргаанаас дүүргийн иргэдийн сайн сайханд цаг, хөдөлмөрөө зарцуулж, сайн дурын ажил хийдэг хүмүүсээ хүлээн авч, шинэ оны мэнд хүргэлээ.
Ойролцоогоор 300 гаруй хүн ажилладаг юм байна. Гол чиглэлүүд нь:
- Митчам дүүргийн оршин суугчдад зориулсан унааг жолоодох, уг автобусаар үйлчлүүлэгчдэд туслах
Долоо хоногтоо нэг удаа гол гол дэлгүүрийн комплэкс, сардаа нэг удаа дүүргийн номын сан, Адэлайдын төвд байх төв зах руу унаагаар хүргэж өгөх, авах үйлчилгээг авах эрх бүхий хүмүүст хүргэх ажил юм. Ямар хүмүүс ийм эрхтэй вэ гэхээр гэртээ бие даан амьдардаг хөгшчүүл, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, машин барих боломжгүй иргэд юм. Зөвхөн автобус барихаас гадна бас нэг хүн бууж, суухад нь туслах, дэлгүүрээс авсан юмыг нь ачихад туслах г.м ажлыг хийдэг
- Эмнэлгийн үзлэгт орох г.м нийгмийн үйлчилгээ хүртэхэд нь унаагаар хүргэж өгөх, авах үйлчилгээ
Хөгшин настай хүмүүс, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, эсхүл бага насны олон хүүхэдтэй г.м хүмүүст туслана.
- Батламж гаргаж, нотариатын үйлчилгээ үзүүлэх.
Justice of Peace буюу нотлох үйлчилгээ үнэ төлбөргүй бөгөөд төрийн албан хаагч, их сургуулийн багш нар, эсхүл ийм үйлчилгээ үзүүлж болохоор бүртгэгдсэн хүмүүс аливаа баримт бичиг тухайн хүн өөрийн биеэр гарын үсэг зурсныг нотлох ажил. Заавал хуульч байх албагүй. Үйлчлүүлэгчийн гэрт нь очоод гарын үсгээ зурахад нь байлцаад нотолчихно. Ялангуяа гэрээсээ гарах боломжгүй хүмүүст энэ нь маш чухал байдаг.
- Номын сан, тоглоомын номын санд туслах
Номын санд туслахдаа өрөх, каталогижуулахаас аваад захиалга авах, гэрээр ном олгохдоо унаагаар хүргэж өгөх, авах, захиалгаар канондож өгөх г.м олон ажлыг сайн дурынхан амжуулна.. Мөн хараа муутай хүнд ном уншиж өгөх, уншсан номоо бусдад ярьж өгөх гэх мэт олон арван зохион байгуулдаг. Хамгийн хөөрхөн нь тоглоомын номын сан бөгөөд тэр бүр хүүхэддээ тоглоом авч өгөх боломжгүй эцэг эхчүүд сэтгэхүй хөгжүүлэх тоглоом нэг сар хүртэл хугацаагаар зээлдэж авч болдог. Тоглоом чанартай бас үнэтэй. Мөн хүмүүс хүүхэд нь томрохоор хэрэглэхээ больсон тоглоомоо авчирч өгдөг тул тэрийг нь ангилан ялгаж, аюулгүй талаас нь үнэлэх, байгаа тоглоомын эвдрэл, гэмтлийг засах гэх мэт ажлыг сайн дурынхан хийдэг. Манай гудамжны 91-тэй Жим өвөө лав модон тоглоом сайн хийдэг ба хуванцар таглаагаар дугуй хийх, алга болсон паазл нөхөж модоор хийх гэх мэтийг сайн дураараа хийдэг юм.
- Явган хүний жим, замыг арчлах. Шинээр гарсан жимийг ургамалжуулах г.м. Замын тэмдэг, тэмдэглэгээг засаж янзлах
- Олон нийтийн газарт байх цэцэрлэг, байгууламжийн арчилгаа, граффити цэвэрлэх үйл ажиллагаа
- Эрүүл мэндийн, алхдаг бүлгэмийг зохион байгуулж удирдах. Би лав нэг удаа Митчам хавийн түүх дурсгалтай танилцах группт ороод хавь ойрынхоо хамгийн анхын байшин, хажуугаар нь анзаардаггүй өнгөрдөг жижиг дурсгалын хөшөөтэй танилцсан. Энэ талаар нь судалж олж мэдээд тэгээд бүлгээрээ явж үзэх сонин юм байна лээ. Хөрөнгө мөнгө огт хэрэггүй, зохион байгуулалтын асуудал л байгаа юм.
- Түүхийн баримт материал, эх сурвалж эрж хайх, судлах, Соёлын өвийн судалгааны төвийн үйл ажиллагаанд туслах. Түрүүний түүх дурсгалтай танилцах группд байхад энэхүү төвөөс мэдээллээр маш сайн хангаж байсан бөгөөд тэр ажлыг нь мэргэжлийн архивчид биш дандаа сайн дурынхан хийсэн гэдгийг өнөөдөр олж мэдлээ.
- Олон нийтэд мэдээлэл түгээх. Шуудангийн хайрцагт хэвлэмэл материал тараах г.м
- Харааны бэрхшээлтэй хүмүүст зориулж Митчамын шинэ сонин, цагдаагийн газрын сануулга зэрэг чухал мэдээллийг уншиж бичүүлэх г.м
- Олон нийтийг хамарсан арга хэмжээнд туслалцаа үзүүлэх. Жишээлбэл, долоо хоногийн өмнө Бэл Эйр үндэсний паркад байгаль орчинтой хамаатай томоохон урлагийн тоглолт боллоо. Хүмүүсийн унааг зөв зохистой байршуулах, хог хамах, хүмүүст мэдээлэл өгөх гэх мэт үйлчилгээг дан сайн дурынхан хийсэн. Алдарт жүжигчин Кэйт Бланшэт гээд байгаль орчны асуудалд санаа тавьдаг одууд ирсэн уг арга хэмжээний үеэр сайн дурынхан тод өнгөтэй хувцас өмсөөд хүмүүст зүг чиг зааж, нарны халхавч босгох, буулгах гээд хүн хүч шаардсан бүх ажлыг сайн дурынхан хийсэн.
Ерөнхийдөө сайн дурын ажил нь австрали амьдралын салшгүй нэг хэсэг. Австрали хүмүүс дунджаар долоо хоногт 4.5 цаг сайн дурын үнэ төлбөргүй ажил хийдэг. Ялангуяа тэтгэвэртээ гарсан царигтай хөгшүүл энэ ажлын голыг нугалагчид. Австралид хаана ч очсон та сайн дурынхныг харах болно. Хотын төвд Вээлком Адэлайд гэсэн футболкатай хүмүүс зам зааж зогсох нь бий. Зоопарк, музэйд очиход тэд хөтөч хийнэ, эсхүл үүднийх нь жижиг бэлэг дурсгалын дэлгүүр, цайны газар ажиллуулж байх вий. Том эмнэлгийн комплэксууд дотор бол тэд хэрэгтэй хэсэгт хүргэж өгөх ажлыг хийхээс гадна жижиг кофий шоп, дэлгүүр ажиллуулж орсон ашгаа эмнэлэгт хандивладаг.
Өмнө Австралийн хөгжлийн залуу элчин сайд, ХСҮТөвд ажиллаж буй сайн дурын ажилтан Хэйли МакНамарагийн захиаг нийтэлсэн ба олон хүн зөндөө ном, тоглоом хандивлаад төсөл нь их амжилттай болж байгаа гэж мэйл бичсэн байна лээ. Нэг удаа их олон ном аваад ганцаараа өргөөд, дүүрээд, чирээд явсан гэж бичсэн байна билээ. Ажил нь бүтэмжтэй болсонд би их сэтгэл хангалуун байна. Дашрамд сэтгэл тавьж тусалсан бүх хүмүүст талархалаа илэрхийлье.
Манайд 11 сарын 1-нд байхаа Үндэсний өгөх өдөр гэж зохион байгуулдаг болсон гэсэн. Иймэрхүү нийгмийн сайн сайханд чиглэгдсэн сайн дурын тустай хөдөлмөрийг дэмжвэл бидний байгуулах гэж зориод байгаа хүнлэг нийгмийн амин сүнс нь болсон хүнд чиглэсэн үйлчилгээг нэвтрүүлэхэд дөхөмтэй. Миний мэдэхээр Банжигийн блогчид хэд хэдэн удаа ийм арга хэмжээг зохион байгуулсан бөгөөд би тэдгээр залуусаар бахархаж байна. 80-аад оныхон дунд зөвхөн БИ биш БИД сэтгэлгээтэй хүмүүс байгаад баярлаж сууна. Иймэрхүү арга хэмжээнд идэвхитэй оролцдог хүмүүс багийн тоглогчид байдаг бөгөөд нэг зорилгын төлөө багаар ажиллаж, эхлэлээс нь төгсгөл хүртэл нь аливаа нэг арга хэмжээг хийнэ гэдэг нь тэдний төслийн мэнэжмэнт, цагийн мэнэжмэнт гэх мэт ажил, амьдрал дээр зайлшгүй сурсан байх шаардлагатай ур чадваруудыг эзэмших, сайжруулахад дөхөмтэй. Мөн хэн нэгэнд ач саналгүй тусалснаар иргэн хүнийхээ хувьд үнэлж баршгүй сэтгэл ханамж авдаг юм.
Манайд сайн дурын хөдөлгөөн төдийлөн идэвхитэй биш. Нийгмийн хөгжил, шашны үзлээсээ хамаардаг байх. Хэрэвзээ энэхүү эдийн засгийн шууд үзүүлэлт болж тооцогддоггүй баялгийг эргэлтэд оруулваас бид төр засаг, санхүү мөнгөнөөс хамааралгүйгээр их ажил хийж чадна гэдэгт би итгэдэг. Эдийн засаг гэхээсээ илүүтэй уг ажлыг системтэйгээр тогтмолжуулах нь хамгийн чухал юм.
Хэрэвзээ зөвхөн санхүү, хөрөнгөөр хэмжигдэх хандив тусламж бол 25-р ТВ гарсан Тунгалаг бүсгүйн түүхээс хойш олон дахин өрнөсөн. Сүүлдээ энэ нь мөнгө олох хэрэгсэл болоод мөнгө, хандив гуйсан олон хүн хандах болж. Хоёр жилийн өмнө олж мэдсэн нэг сонирхолтой баримт гэвэл Тунгалагийг Бээжин явахад гарсан зардлыг манай Эрүүл мэндийн яамнаас гаргасан гэж ЮНИСЭФ-т ажиллаж байсан найз бүсгүй маань хэлж байсан. Хамгийн гол нь аюулт өвчнөөсөө салж чадсан, тэрхүү мөнгөн хандив, тусламж нь эзэндээ хүрсэн тохиолдол олон байгаа гэдэгт би итгэдэг. Гэхдээ мөнгө төгрөгөөр хэмжигдэж боломгүй зүйл бас байна.
Comments on: "Өдөр тутмын амьдрал: Бөөн дурын ажил" (2)
Mongolian Bloggers too, contributing and investing a lot to the mentality
Манайхан нэг нэгэндээ бас иймэрхүү тус дэмжлэг үзүүлж байгаа. Гэхдээ зурагтаар дүрсжүүлж, сонин дээр нэрээ гаргах сэдэл нь түлхүү ажиглагдаад, интертаймэнт талдаа болоод байгаад харамсаж байгаа. Батсүмбэрийн өвөө, эмээ нарт ойр зуурын тус хүргэсэн чинь өгч байгаа бэлгийг сорчилж аваад байна лээ. Энэ бас асуудал шүү. Байгаа онож буудацгаая