Тэтгэлэг горилогсдод тусламж

11 сарын аялан тоглолтоор Брунэйн Даруссалам Улсад айлчлаад ирлээ. Борнео арлын зүүн хойд хэсэгт байдаг энэ улс нь Малайзын Саравак мужаар тусгаарлагдсан хоёр хэсгээс бүрддэг. Английн колончлолын үеэс газрын тос, хий олборлосоор ирсэн бөгөөд 1984 онд тусгаар тогтнолоо баталгаажуулсан энэ залуу улсын хувьд бүрэн эрхэт хаант засаглалаа одоо хүртэл хадгалж байна. Одоогийн султан Хассанал Болкия 1969 онд хаан ширээндээ заларсан. Энэ улсын хаант засаглал нь бүүр 13-р зуунаас эх сурвалжтай гэнэ. Энэ баян орны хүн ам 2010 оны байдлаар 400 мянгад хүрсэн бөгөөд нутгийн хүмүүсийн яриагаар жинхэнэ уугуул иргэд 280 орчим байх гэж байна лээ.

Хэрэвзээ барууны үзэл суртлын нүдээр харвал гайхаад баршгүй хачирхалтай зүйлс энэ оронд маш их байна.

1. Үнэгүй орон сууц, газар

Сарын дундаж орлого нь 4 мянган брунай доллараас бага бол улсаас үнэгүй хаус өгнө. Дотор нь орж үзсэнгүй гадна талаасаа лав манай Хөгжим бүжгийн хажууд байдаг Орчлон хотхон шиг л юм харагдана лээ. Хэрэв 4 мянгаас их бөгөөд гэр бүл, аав ээж чинь өөрийн хувийн газаргүй бол улсаас газар үнэгүй өгөх бөгөөд тэнд нь хөнгөлөлттэй зээл аваад байшингаа барьж болно. Хүн амын тоо сүүлийн үед өссөн нь хот байгуулалт, орон сууцны бодлогоо эргэж харахад хүргэж байгаа бөгөөд олон давхар нийтийн орон сууц бариад ард иргэддээ үнэгүй өгөх гэхээр хүмүүс дургүй байгаа гэнэ. Улс нь баян байх сайхан ч юмаа даа үнэгүй, сайхан байшин бариад өгөхөөр орохгүй, заавал хаус авна гээд зүтгэдэг гэнээ. Нийтийн орон сууцаа түр орон сууц гэж үздэг гэж эндхийн Хөгжлийн яамны Барилгын газрын мэргэжилтэн ярив. Гэтэл монголчууд бид чадлынхаа хэрээр мөнгөө төлөөд авъяа гэхээр дийлдэх үнэтэй нийтийн орон сууц алга байна даа. Голландын чинээлэг дундаж давхаргын иргэн хэлж байнаа ” Энэ халамжийн хаус нь минийхээс том юм байна ш дээ”. Брунай хаусны дундаж хэмжээ 100 кв.м. Олуулаа амьдардаг болохоор том талбайтай байдаг гэж ойлгосон.

Сөрөг тал нь гэвэл тэр байшингаа авах гэж дунджаар 15-20 жил оочерлодог гэнээ. Хэрэв оочроо хүлээж чадалгүй өнгөрчихвөл үр хүүхдүүд нь авдаг гэж байна. Мөн уг хаусаа зарж борлуулж болохгүй, хэрэв уг газраасаа нүүх бол улсдаа буцааж тушаадаг. Яг энэ хэсэг нь манай социализмыг санагдуулав.

2. Хөдөлмөр эрхлэлт

Засгийн газар хамгийн том ажил олгогч тул төрд ажилладаг хүмүүс өөрсдийгөө азтай гэж үздэг юм байна. Төрийн албан хаагчдын цалин сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 4 мянган доллараас (US$1=B$1.3) их тул хөнгөлөлттэй зээл, тусламж аваад байшингаа барьдаг. Эцэг эх нь газаргүй бол улсаас газар олгоно. Үнэгүй. Мөн газаргүй иргэд гэсэн зүйл яриад байхаар нь юу болохыг асуухад уламжлалаараа усан дээр байшингаа бариад амьдардаг хүмүүсийг хэлж байгаа юм байна.

Усан дээрхи тосгон

Water Village гэж нэрлэдэг  уламжлалт суурьшлыг хэвээр хадгалахын тулд улсаас их харж үздэг гэнэ. Нийтийн бие засах газар, хог хаягдал бүх зүйлийг нь улсаас хангадаг. Моторт завиар сүнгэнээл ажилдаа явна. Байшин нь мөн л улсаас үнэгүй.

Нийтийн аж ахуйн үйлчилгээг улс хариуцаж явуулдаг тул хоггүй, цэвэрхэн газар байна лээ. Зочид буудалд байсан Шар ном үзэхэд зарим нэг үйлчилгээний ангиллын дор ганцхан компани байх нь элбэг. Ихэнхи үйлчилгээний ажлыг филиппины иргэд, барилга, зам малайзи, үйлдвэрлэл индонезууд хийдэг гэнэ. Оройн зоогны үеэр нэг ширээнд суусан 8 хүнээс зөвхөн нэг нь тус улсын ориг иргэн байсан бөгөөд 3 нь Малайзын иргэн байнгын оршин суугч, 2 нь Филиппины иргэн хөдөлмөр эрхлэгч, 1 нь хятадын иргэн малайзтай гэрлэсэн хүүхэн байв.

Эндхийн үндсэн иргэд шар, байнгын оршин суугчид ягаан, хөдөлмөр эрхлэгчид ногоон кардтай байдаг. Гол ялгаа нь ногоон бол татвар төлөхгүйгээр хөдөлмөр эрхэлнэ, ягаан бол нийгэм, эрүүл мэндийн үйлчилгээнд үнэгүй хамрагдана, шар бол үнэгүй байшин, газартай болно, орон сууц, газраа өмчилнө.

3. Хүмүүсийн амьжиргаа

Лалын шашинт улс учраас хүүхнүүд нь толгойгоо боосон байх нь элбэг. Гэхдээ хаа газар хятадууд жижиг бизнес, худалдааг атгадгийн жишгээр хятадууд ажиллуулдаг дэлгүүр, мухлаг, цайны газар их.

Спирт архины зүйлс худалдаалдаггүй. Мөн тамхи татаж байгаа хүн огт хараагүй тул тамхийг хориглодог гэж ойлгосон.

Эрүүл мэндийн үйлчилгээ бүх иргэдэд үнэгүй. Бага орлоготой иргэдэд будаа үнэгүй. Хэрэв тухайн улсад эмчлүүлэх боломжгүй эмнэлгийн үйлчилгээ байвал гадаадад хийлгэх эмчилгээний зардлыг улс даана.

Султаны гэр бүлээс бусад нь нэгэн жигд түвшинд амьдарна. Үйлдвэрлэл бараг байхгүй тул импортоор бүх зүйлээ авна. Дундчууд нь Англи, Францад, ядуучууд нь Сингапур, Малайзид дэлгүүрддэг гэнэ.

4. Зам харилцаа, тээвэр

Зам бол ярих юм алгаа. Үнэхээр зам дагаж хөгжил ирдэг гэвэл хотын төв, дагуул хотуудаа хурдны замаар сайтар холбосон байлаа. Такси их цөөхөн, үнэтэй. Манайхаар жишээлбэл Их дэлгүүрээс Сансар орох газарт 25 доллар, Сүхийн талбайгаас Их дэлгүүр ороход 10 доллар гэх мэт. Brunei Royal Airlines үндэсний агаарын тээврийн компани дэлхийн нилээд орон руу нислэг үйлддэг. Хуучин Сингапур Эйрлайнз ашиглаж байсан тохь тух сайтай онгоц нислэгтээ ашигладаг юм байна билээ.

Нэг хүнд ноогдох машиныхаа тоогоор дэлхийд дээгүүрт ордог гэнэ. Вилкипэдияд 3 хүн тутам нэг машинтай гэж бичсэн байсан, нутгийн хүмүүс бол бараг хүн бүр машинтай гэж байлаа. Үнэхээр л хаус болгоны гадна хоёроос доошгүй машин сойсон байхыг харсан. Учир нь бензин үнэмшмээргүй хямд. 1 литр нь 30 орчим цэнт.

Нийтийн тээвэрт хорь орчим хүний суудалтай жижиг микро-автобус үйлчлэх бөгөөд хаашаа ч явсан 1 долларын үнэтэй. Мөн маршрутын дагуу зогсдог буудлуудаас гадна зорчигч хаана бууя гэнэ зам дагуу буулгах, гараа өргөсөн зорчигчийг авах юм. Хаалган дээрээ тамга, тэмдэгтэй зөвшөөрлийн бичгээ наасан байсан нь их содон байлаа.

Тамгатай, гарын үсэгтэй зөвшөөрөл

5. Эдийн засгийн суурь

Газрын тос, хий. Олборлосон түүхий эдээ Малайзын хил залгаа Саравак мужид нэрээд гадагш нь гаргадаг юм байна. Эсхүл бүүр түүхийгээр нь экспортолдог ч байж магадгүй. Яг нарийн учрыг нь олж мэдэж чадсангүй. Ямарч байсан уг арал, баялаг нь Султаны өмч тул бидэнд өгөөмөр сэтгэлээр загнаж хишиг хүртээдэг гэдэг ойлголт ихэнхи хүмүүст нь гүн гүнзгий тогтсон болохыг ярианаас нь анзаарч болно. Орлогын албан татвар, импортын татвар байхгүй. Ерөөсөө татвар гэдгийг мэддэггүй. Харин хураамж гэдэг ойлголт байх шиг байна лээ. Яг нарийн юмыг нь ухаж төнхөх боломж хомс байлаа.

Барууны үзлээр харвал энэ бүхэн ёстой ойлгомжгүй санагдахаар. Гэвч дөнгөж 1984 онд тусгаар улсаа хүлээн зөвшөөрүүлсэн орны хувьд Султан нь бараг бурхантай дөхөж очно. Тэгээд чиг энгийн хялбар амьдардаг энэ хүмүүс ардчилал, үг хэлэх эрх чөлөө гэх мэт үнэт зүйлс ойлгомжгүй хэвээр. Дэлхийд толгой баянд ордог султаныхаа хайр хишгийг хүртээл өөрийнхөө тавилангаар амьдарч буй энгийн хүмүүс. Боловсролгүйдээ биш. Хоёр их сургуультай. Хэрэвзээ гадаадын сургуульд элсэж орж чадах юм бол улсаасаа тэтгэлэг авдаг. Миний танил хувийн архитектурын компанитай Брунай хүн гэхэд 3 хүүхдийн хоёр нь Англид сурч байгаа. Сардаа хоолны мөнгөнд нь 1200 орчим доллар явуулдаг гэж ярьж байв.

Стрэссгүй, налгар тайван, нэгэн жигд энгийн амьдралтай орон юм. Үндэсний паарк ихтэй учраас гадаадынхан байгалийн туризм хийж их ирдэг юм байна. Гэхдээ аялал жуулчлал, жижиг үйлдвэрлэл хөгжөөгүй гэж хэлж болохоор. Бэлэг дурсгалын зүйл худалдаж авахаар явахад Хятадад үйлдвэрлэсэн зүйлс их байхаас яг нутгийн гар урлал ховор байлаа.

Ард иргэд нь байгаадаа сэтгэл хангалуун амьдардаг бололтой. “Манай эрхэмсэг султаны хишгээр” гэдэг үг их сонсогдож байсан бөгөөд ерөөсөө уг арал нь Султаны өмч, баялаг султаных харин тэр бидэнд өгөөмөр загнаж хуваалцдаг гэдэг ойлголт их гүн шингэсэн бололтой юм. Нээрээ ч үнэгүй хаустай, цалин амьдралд хүрэлцээтэй, эрүүл мэнд, боловсролын үнэгүй үйлчилгээтэй, хаясан хогийг чинь хүртэл үнэгүй цэвэрлээд байхад юундаа дургүйцэх билээ дээ. Ардчилал, үг хэлэх эрх гэх мэт барууны соёл иргэншлийн үнэт зүйлс бол ёстой хоёрдугаар асуудал болж хувирна биз дээ.

Энэ хэсэгт Брунай жирийн иргэний амьжиргааны талаар бичлээ. Дараагийн удаа БАЯН, мөнгөтэй гэж юу хэлдэг вэ гэдэг талаар бичих болно.

Comments on: "Алтан жорлонтой улсад аялсан тэмдэглэл 1" (5)

  1. NB, Canada said:

    Брунайгаар аялуулсанд их баярлалаа. Буянтай л султан юм. Ганцаараа идэлгүй, бусадтайгаа хуваадаг нь. Дараагийн бичлэгийг хүлээж байяа.

    NB, Canada

  2. zulzaka said:

    Тэгээд баячууд нь хаагуур явж шоппинг хийдгийн бэ.Дундчууд нь Англи Франц гэхээр чинь одоо өөр хаагуур явдгийн болоо.

    • Баячууд хаашаа ч явахгүй. Дэлгүүр нь өөрөө нүүгээд ирдэг.

  3. сайхан мэдээлэл авлаа, нэг шинэ газартай танилцлаа, маш их баярлалаа:)

  4. TSEEGII said:

    их сонирхолтой юмаа. биднээс шал эсрэг юм тиймээ хө,цөөхөн хүн амтай, бүх зүйл нь эмх цэгцтэй, архи зардаггүй нь сайхан юмөөө. манай залуус архинд дэндүү дуртай болоод байна уу гэж бодогдоод бдаг юм, Тэр дундаа оюутнууд………………..

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

Шошгон үүл

%d bloggers like this: