Тэтгэлэг горилогсдод тусламж

Archive for Аравдугаар сар, 2011

Бэлэн хоол

Хоёр минутын бэлэн гоймонг англиар instant noodle гэж нэрлэдэг. Хэрэв анзаарсан бол эхний үед миний өгсөн “будаа, цагаа” нь нэг, хоёр, гурав гэж дугаарласан, амаа түлчихгүй шиг идчихэд болохоор бэлэнгээс бэлэн байсан бол сүүлийн үед “тогооч” би хоолныхоо амт, чанарт сүрхий анхаарч байна. Идэхээсээ өмнө эх болсон хамаг амьтан зургаан зүйлсийн тухай, хоол байтугай өвдөл цөвдөлхөн ч олдохгүй байгаа бусдын талаар бодуулах гэж, та нарыг өлөн хоосон явахад хоолондоо түрүүлээд хүрчихсэн тарган, цатгалан хүмүүсийг “унаган буяны таргатай” гэж магтахаасаа өмнө тэд тарга тэвээргээ хэрхэн хадгалж байгаа талаар нь эргэцүүлэн бодуулахын тулд төрөл бүрийн сэдвээр бичиж эхэллээ.

Мэдээж өгч буй мэдээллийг хүлээж авахад “бэлэн” болсон хүмүүс үүнийг ойлгож, олж харж чадна. Түүнээс түүхийн аль ч цаг үед, суралцах явцад “будааны хүүхдүүд” оршсоор байдгийн адил шүүмжит сэтгэгчид мөн байсаар байна. Хэрэвзээ эдгээр өгүүлбэрүүд асуулт дагуулж байвал мэдлэгийн талаар бичсэн постуудыг эргээд уншаарай.

Идэвхитэй нүүрномдсон хоёр сарын хугацаанд олж харсан хамгийн том ололт нь залуу насны максимализм дээр радикал үзэл ямар их газар авч байгааг, тэр үзлээ илэрхийлэх арга хэлбэр ямархуу байгааг мэдэрлээ. Залуучуудын энэ их эрч хүчийг зөв гольдирол руу нь залах институц тогтолцоо байхгүй байгаа нь үүний нэг шалтгаан юм. Тухайн үедээ зуун хэдэн их дээд сургуулийг байгуулсан шалтгаан нь мөнгө санхүүгээс гадна залуучуудыг төлөвшүүлэх институц тогтолцоог ажиллуулах байсан баймаар юм. Даанч энэ систем ажилласангүй.

Оюутны холбоо, монголын залуучуудын байгууллага г.м залуучуудын эрх ашгийг хамгаалах ёстой олон нийтийн байгууллага нь “сэргэлэн” нэгний карьерээ өсгөх шат дамжлага болон хувирч, популист улс төрчингүүдийн дараа үеийг бэлдэх болсоор даруй арван жил болжээ.

Хүний хөгжлийн хувьд залуучууд ямагт максималистууд байдаг. Би ч өөрөө тийм байсан. Аливаа зүйлийг абсолют утгаар нь хүлээж авах энэ үзэл дээр нь мэдээллийн сөрөг урсгал нэмэгдээд радикаль үзэл болж бүрэлдэх хөрсийг сайхан бүрдүүлж өгч байна. Мэдээллийг шүүлтүүртэй хүлээж авах туршлага, дадал суугаагүй тэд эрх мэдэлтнүүдийн мэдээллийн талбар дахь зарлаагүй дайны далд хохирогсод. Ажиллах хүчний дөрвөн хүн тутмын нэг болсон 25-35 насныхны дунд гутарсан цөхөрсөн хүмүүс ихсэж. Тэдний цөхрөлөө илэрхийлж буй хэлбэр нь миний хувьд хамгийн сонирхолтой байдаг.

Хэвлэл мэдээллээр бичээд, яриад байгаа шиг манай улс, бид тийм ч их баларчихсан, болохоо больчихсон бишээ. Жишээлээд байгаа хөгжлөөрөө “тасарчихсан” орнуудын сүүлийн 100 жил бүтээсэн нийгмийн хөгжил, байгуулалтыг хийх гэж зүтгэцгээж байна. Бид чинь Африктай харьцуулахад “улс, үндэстэн”-ээ аль эрт байгуулчихсан хүмүүс.

Цагаан морин жил нийгмийн байгуулалт солигдсоноос хойш хорин жил өнгөрч. Үндсэн хуульдаа тунхагласан ХҮНЛЭГ, АРДЧИЛСАН нийгэм байгуулах явцдаа АРДЧИЛАЛ-д өндөр ач холбогдол өгсөнөөс хүн төвтэй нийгэм байгуулах асуудлыг орхигдуулсны гор нь энэ бухимдал, цөхрөлөөр илэрч байгаа юм. Хэрэвзээ Үндсэн хуулийн тодорхойлолтыг харвал ХҮНЛЭГ нэгд, АРДЧИЛСАН хоёрт байгаа биз???

“Тууврын замд” киноны хэлц үг “Түрүүлж нүү, өрсөж ид” зарчмаар хорин жилийг туулахдаа хүнлэг байдлын гол үндсэн агуулга нь болох тэгш боломж олгох систем ажилласангүй. Үүний үр дүнд баян, ядуугийн туйлшрал үүсч, бидний голоод хаячихсан Марксийн сургаальд гардаг “ангийн тэмцэл” хурцадахаас сэргийлэн популист амлалтууд  хөвөрч байна.

Чинээлгээ болъёо гэхэд мэдээлэлтэй дундаж давхарга бүрдүүлэхэд эрх баригчид юу хийхээс хамаарч бидний дараагийн 20 жилийн хөгжлийн чиг хандлага тодорхойлогдоно. Өнөөдрийн боловсролын системд хийгдэж буй өөрчлөлтүүд үүнд чиглэгдэж байгаа. Харин хэлбэрийн өөрчлөлт үү, агуулгын өөрчлөлт үү? Хэрэвзээ яг одоо энэ өөрчлөлтийг шүүмжилж эхэлбэл үүнийг ойлгож хүлээж авах шийдвэр гаргагчийг өдрийн цагаар локатор бариад хайсан ч олдохгүй байх магадлал өндөр юм. Тийм болохоор үр дүнгүй зүйлд цаг, нээрвээ зарж суухаар залуустаа бэлэн хоол өгчөөл, сайхан аашаа хөдлөхөөр төрөл бүрийн амт хачир оруулчаал сууж байвал миний хувьд болоо доо. Яагаад гэвэл 2005 онд Дэлхийн банкнаас ядуурлыг бууруулах чиглэлээр семинар зохиоход үг хэлсэн бүх хүмүүс хүүхдийн мөнгө 25 мянган төгрөгийг дэмжиж байсан юм. Аниа нь дутагдлын хажуугаар дуугай өнгөрөх биш “Та нар үр удмаараа халамжийн тэтгэмжээр амьдардаг хүмүүсийн бүхэл бүтэн бүлэг гаргаж ирэх гэж байна шүү дээ” гэх мэтээр шүүмжлээд амжилтад хүрээгүй. Үр дүнд нь төрөлт ялангуяа орлого багатай өрхийн гишүүдийн тоо гэрлийн хурдаар өссөн, намууд халамжийн амлалтаар уралдсан. Тэр ч байтугай одоо бүлэг байтугай нийгмээрээ халамж хүртэцгээж байна шүү дээ…

Тэгшээд: Өнөөдөр нилээд их бодож байж идэхээр будаа чаналаа шүү. Шингүүртэй байх болтугай.

Буруу зөнөсөн нь…

Сүүлийн хоёр сар НН-оор донтох шиг л боллоо. “Сайхан үгс” нэртэй хөлөөв байгуулагдсаныг мэдээд яаж яваад чиг юм тэнд орчихлоо. Эхний хэд хоног хүмүүсийн хэрэглэж буй үг хэллэг, биеэ авч яваа байдлыг хараад уур хүрээд, уушиг зүрх сагсайлгасан тул тэмцлийн галыг өрдөв.

Ямар хүмүүс ажлын цагаар ингээд нийгмийн сүлжээгээ “тэмтрээд” сууж байдаг юм бол гээд судалж үзэв. Дутагдлын хажуугаар дуугай өнгөрөх биш хэлж, хэлцэж, хэрэлдэж чиг үзлээ. Сүүлдээ ч би ер нь яг хэнд зориулаад хэний төлөө цагаа үрэн барин блог хөтлөөд илүү юм сараачаад суудаг юм бол гэж гайхаж чиг эхэллээ.

Хоёр сар донтсоны үр дүнд ямар ч байсан монголын интернэт хэрэглэгч залуусын талаар ерөнхий дүр зурагтай боллоо. Тархи толгой ажиллуулсан юм бичихээр уншигчдын тоо буурдагийн учрыг ч олох шиг боллоо. Долоо хоногийн чухам аль өдөр бичигдсэнээс хамаардаг хандалтын тооны хэлбэлзлийг тайлбарлах юмтай ч боллоо. Мөн сэтгэгдэл бичдэггүй, бичлэг “таалдаггүй” байдгийн учир шалтгааныг чиг олох шиг боллоо. Гадаадад яаж, тэтгэлгээр сурах вэ утгатай ижил асуултаа мянга түм дахин давтаад байдгийн учрыг чиг олох шиг болов.

Айхтар айхтар үг хэлээд асар “идэвхитэй” байгаа хүмүүсийн профайлыг ч харлаа. Заримтай нь “үерхэж”, нилээн хэдийг “матаж”, бас бус хүмүүстэй “чаатлав”.

Нэгэнт нийгмийн сүлжээ нь олон нийтийн газар учраас хэн ч үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Үүнийг би хөхиүлэн дэмждэг. Харин бусдын үзэл бодлыг бүдүүлгээр мушгин гуйвуулж, хараалын үг, хэллэгийг хамаа, намаагүй хэрэглэх нь арай л бишээ. Эсхүл нас, намбандаа байхгүй залуучуудын ажлын цагаараа арзганаж, алжаалаа тайлдаг талбар луу дурандаа гүйж очоод өөрийн хүүхдүүд шиг хүмүүстэй дальжиганасан миний хохь юм байхаа даа.

Аниа нь өнөөдрөөс эхлээд зөв зөнөхөөр шийдлээ. Тийм болохоор НН дахь янз бүрийн хөлөөв, бүлгэм, дугуйлангаас гарахаар шийдэв. Үзэл бодлоо хуваалцсан, намайг доромжилсон, зүхсэнээс эхлээд дэмжсэн, “таалсан”, найзалсан бүх хүмүүст баярлалаа. Их зүйл ойлголоо, ухаарлаа. Цаашдаа өөрийн үе тэнгийнхэн болох манай дүүргээс сонгогдсон эрхэм гишүүд Очко, Зоригоо хоёр шиг НН дээр өөрийн хуудсаа нээчээл шинэ бичлэгээ шахчаал “Нас тогтох сайййййхан” гэж дуулаал явж байя, яршиг цаашаа.

Настан

Жил бүрийн оны 10 сарын 1. Олон улсын ахмад настны өдөр.

Манай эвэртэн туурайтнууд сонгогдсон хороо, дүүргийнхээ хөгшчүүлийн хүлээн авч уулзаж байна гэж сонгуулийн сурталчилгаагаа хийдэг өдөр. Ахмадууд нь ч нийгмийн харилцаанд орох боломж олдсон учраас баярлаад өнгөрдөг. Тэр уулзалтад бүгд орохгүй, хорооны Засаг ноёнтой гайгүй харьцаатай хөгшчүүд ороод байх шиг байгаа юм.

Харъяалагдах албан газартай ахмадуудыг хуучин ажил нь хүлээн авдаг. Барилгын агентлагт харъяатай хөгшчүүл жил бүр амралтад явж бидэнд “эрхэлдэг” байсансан. Энэ арга хэмжээ төсөв санхүүгээс бас хөөрхөн “юм” зулгаачихдаг санагдаж байна.

Ахмадын тухай хуулийн дагуу албан газар бүр энэ чиглэлд зардал төсөвлөх ёстой. Жил бүрийн ахмадын баяр, цагаан сар хоёр бол тэдний хувьд хамт ажиллаж байсан хүмүүстэйгээ уулзаж, зовлон жаргалаа ярих боломж. Хөөрхий дөө, үр хүүхдээ hомунизм hээчид амьдруулахын төлөө чадалтай, тэнхээтэй насаа зориулсан тэднийг цагаан сарын бэлэг болох хадаг, таван мянган төгрөгөө аваад духандаа хүргэж адислахыг харахаар миний хоолой зангирдаг юм.

Үр хүүхэд нь сайн сайхан яваа, эсхүл харж үзэх албан газартай хөгшчүүлийн хувьд бол энэ өдөр арай гэгээлэг өнгөрдөг. Харин хуучин албан газар нь татан буугдсан, эсхүл хөдөөнөөс үр хүүхдээ бараадан шилжиж ирсэн хүмүүсийн хувьд энэ өдөр ТВ-ийн концерт гэх мэтхэнээр хязгаарлагдана. Энэ өдөр жирийн л нэг өдөр шиг өнгөрөх хүмүүс ч олон бий гэдэгт эргэлзэхгүй байна.

Миний ээж лав Хөвсгөл аймагтаа л алдартай дотрын эмч байлаа. Амбулаторид үзлэг хийхэд хүмүүс ээж дээр овоороод нөгөө эмч нар дээр нь хоосон байдаг сан. Миний бага насны дурсамжид ээж үргэлж ажилтай, завгүй, өглөө 8-д гараад орой 8-д ирдэг, амралтын өдрүүдээр жижүүртэй, эсхүл дуудлаганд явна.

Анх Хөвсгөл аймгийн Ханх сумын сум дундын эмчээс ажлын гараагаа эхэлж, нэг настай нялх үрээ айлд захиж үлдээчихээд Хөвсгөл нуурын баруун зүүн эргийн дагуу Улаан тайга, Дархадын хотгор, Жанхайн даваа аглаг хөвч, тайгыг цаатай, морьтой, завьтай, цанатай, чаргатай дуудлаганд явдаг байсан гэсэн. Залуу хүүхэд болохоор мэдэхгүй хагас жил орчмын дараа аймгаас ирсэн шалгалтын хүнээс сумын бага эмч дуудлаганд явах ёстой, өөрөө эмнэлгээ хариуцаж ажиллах ёстойгоо мэдэж авсан гэж хэлдэг юм. Тэр үедээ “уйланхай дооктор” хочтой болчихсон байсан гэнэлээ. Учир нь мөнхийн халамцуу завьчин буриад Балдантай хамт Хөвсгөл нуурыг олон удаа гаталсан ба нуурын давалгаа цохихоор л ингээд живж үхэх нь гэж бодоод уйлж эхэлдэг байсан тул ийм хоч авчээ.

Ээж минь ар гэр, үр хүүхдээ умартан түмний төлөө 38 жил тасралтгүй ажилласан. Үндсэн ажлаас гадна гуйлга түүлгэнд бол байнга явдаг байсан юм. Намайг хүүхэд байхад амралтын өдрөөр гэрт хүн ирээл өвчтэй хүн үзүүлнэ гээд дагуулаад явдагсан. Гудамжинд зүгээр таарсан хүн хүртэл өвчин яриастай.

2000 онд УБ-т шилжиж ирэхдээ миний ээж сард 18 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг байсан бол одоо түүнээсээ арав дахин их, 180 мянган төгрөг авдаг. Миний ээж тэтгэвэр бага байна хэцүү байна гэж хэзээ ч гомдоллодоггүй. Намайг “Бид нарыг гаргуунд гарган гарган гүрийж хөдөлмөрлөсөн байхад өвлийн өрөөсөн гуталны мөнгө төр засаг чинь өгч байна шүү дээ, арай ч дээ” гэхээр төрийн минь өгч байгаа буян үүнээс илүүг өгч чадахгүй байгаа юм гэж өмөөрнө. Эмч нарыг “цагаан халаадтай алуурчид” гэж ТВ, хэвлэлээр ярьж, бичихээр үнэн сэтгэлээсээ гомдоно. Насаараа хлораминтай ойр байсан болохоор элдэв үнэртэн, танартанаас аллергитэй. Дээр нь УБ-ын утаа нэмэгдээд хэцүү л байдаг юм.

Ээж сэтгэл санаа нь үймрэхээрээ хөгшин ээжийг минь ярьдаг. “Хөгшин ээжийг чинь “Чи намайг зүгээр үхүүлэхгүй зовоож байна” гээд уйлаад загнахаар нь аашиндаа тэгж байна гэж боддог байсан. Арга нь барагдаад хүний гарт ороод, чаддаг юмаа чадахаа болихоороо хүн ингэж боддог юм байна. Одоо л өөрийн биен дээр мэдэж байна”.  Миний хөгшин ээж 80 хүрсэн ба үүнээс арван жил нь хэвтэрт бүрэн асаргаанд байсан даа. Хөгшин ээж насаараа улсад ажил хийж үзээгүй, удам судар сайтай баян айлын охин болохоор амины цөөхөн малынхаа шимийг хүртээд хөгшин аавын тэтгэвэр, дараа нь тэжээгчээ алдсаны тэтгэвэр 120 төгрөгийн орлоготой ганц хүү нь болох миний аавын асрамжинд байсан юм.

Хүүхэд байхдаа хөгшин ээжийгээ зугаацуулж “Үйчүүр” хамт тоглоно. ТВ-ээр уртын дуу, Учиртай гурван толгой гарахаар дууг нь чангалж, үзүүлнэ. Миний талийгаач дунд ах хөгшин ээжийн уншсан маанийг тоолж өгөөд 2 дүнчүүр гэж тогтоосон юм. Дүнчүүр гэдэг нь 100 сая бөгөөд нэг дүнчүүр маань уншсан хүн шууд Бурханы оронд очих “виз”-тэй болдог гэнэлээ.  Хөгшин ээжийн ээж Төмөр нь хөгшин ээжээс илүү олон дүнчүүр маань уншсан гэнэлээ.

Буурал ээж Төмөр нь өндөр дээд угсаатай, язгууртан сурвалжит айлын охин бөгөөд царай зүс сайтай, гоёл зүүсгэл ихтэй ганган авгай байжээ. Түүнийг үзэх гэж халхын сумдаас хүмүүс ирдэг байсан гэж авга эгч маань ургийн бичигтээ тэмдэглэж үлдээсэн байдаг. Цэргийн дарга хүүгийнхээ хүүхдийг харж байгаад 50-аад онд бурхан болсон гэнэлээ. Тэр хүнээс өвөлж ирсэн түнтгэр мөртэй авгай дээл, толгойн мөнгөн боолт намайг багад хөгшин ээжид байдаг байсан бөгөөд ороо бусгаа цагт буруу хүний гараар ороод алга болсон доо.

Бидний хөгшчүүл гэрийн үнэгүй үйлчлэгч, хүүхэд асрагч, гэрийн манаач хийсээр нэг л өдөр чимээгүй оддог. Тэд биднээс их юм нэхдэггүй. Зөөлөн боов, атга чихрэнд хууртан баярлаж суудаг. Үе тэнгийн хөгшидтэйгээ нийлээд данх сүүтэй цайгаа дундаа тавиад хууч хөөрөх газар тэдэнд алга. Даалуу тоглодог байсан сүүдрэвчийг нь буулгаад байшин барьчихдаг улсууд тийм байгууламж барьж өгнө гэж горьдсоны гарз. Зуны дэлгэр цагт амралтанд явах арчаатай, танагтай хөгшчүүлд зардлынх нь тавин хувийг гаргаж өгөхөөс өөр тэдэнд чиглэсэн бодитой нийгмийн үйлчилгээ байхгүй гэж хэлэхэд болно.

Хурдан морь хэдэн саяар худалдаж авч баярхаж байхаар ядаж нэг хорооны хөгшчүүлийг нарийн мэргэжлийн эмчийн үзлэгт элдэв баримт бичиг нэхэлгүй оруулаад өгвөл их буян болохсон. Гандангийн бүдүүн гүзээтэй үйлийн үрийг номлогч лам нар тэтгэврийн хөгшчүүлд зориулаад ядаж сардаа нэг засал номыг нь үнэгүй хийгээд өгчихдөг бол өөрсдөд нь их л буян болохсон. Хэдэн саяар хөшөө, суврага босгоод байгаа хүмүүс дүүргийн эмнэлгийн ганц, хоёр өрөөг хөгшчүүлд зориулаад тохижуулаад өгвөл нийтийн жорлон сарнаас хол санагддаг хөл муутай тэдэнд их л тустай юм. Хичнээн саяын орлоготой уул уурхайн магнатууд буйдхан газарт хөгшчүүлд зориулсан байнгын ажиллагаатай сувилал бариад өгвөл тэтгэврийн хэдээ цуглуулж байгаад жилдээ ганц удаа ч болов явах хөгшчүүл олон байгаа. Ясаа нутагтаа тавих хүслийг нь гүйцээгээд ядахдаа л чандрыг нь авч яваа үр хүүхдийнх нь зардлын талыг улсаас гаргаад өгчихвөл их л буянтай хэрэг болно доо.

Миний хөгшчүүлийн эмэгтэйчүүд нь их урт насалдаг ба тухайн үеийнхээ дундаж наслалтаас дор хаяж 15 жил илүү амьдарсан байдаг. Тийм болохоор би дор хаяж ная хүрнэ гэж боддог. Харин тэр үед залуус та нар таарахаараа “Үкдэггүй ээ” гээд байваа 😉

PS: ”Before I forget…” номноос хэсэгчлэн оруулав.

Шошгон цуваа