Америкийн Тагнуулын төв газрын мэдээгээр манай улсын хүн ам 3 сая хүрчихсэнээр барахгүй илүү гарчихсан байна.
Өнгөрсөн жилийн Хүн ам, орон сууцын тооллогын дүнгээр 2.7 сая. Барагцаагаар дөрвөн зуун мянган хүний зөрүү гэдэг бас л их тоо. Эх орны хишиг 21 мөнгөөр үржүүлээд хөрвүүлвэл 8,4 тэрбум төгрөг болж байх юм. Их мөнгө. Цөөхөн хүн тоолж мөнгөө хэмнэх бодлого юм болов уу?
Түүхэндээ байгаагүйгээрээ баяжиж байгаа энэ үед төсөөлөх нь битгий хэл, монголоор хэлж мэдэхгүй тэр олон оронтой тоонд миний толгой эргэчих юм. Тэр айхтар их тоог нь америк дойлуурт хөрвүүлж бодож байж арай гэж төсөөлдөг. Индонези гэх мэт мөнгөний ханш муутай орныхон төсвөө яаж хэлэлцдэг бол? Индонезүүдээс асууя байз.
Хатуу статистик тоо хэлээд байхаар хялбаршуулчихвал энгийн хүмүүст хүрэхдээ хялбар байдаг гэдгийг санхүүч еврэй хүнээс анх сонсож байж билээ. Тэр хүн ажилтнуудад санхүүгийн талаар мэдээлэл өгөхдөө их сонин, сонин жишээ хэлдэгсэн. WordPress-ийн өнгөрсөн жилийн тайлантай төстэй. Туршлага судлаад энэ аргыг хэрэглэх гээд үзье.
Бид хэн бэ?
Арван монголын НЭГ нь сургуулийн өмнөх насны маамуу.
Таван хүний НЭГ нь дунд сургуулийн сурагч. Арван таван хүний нэг нь тэтгэврийн насных. Гурван хүн тутмын нэг нь 35 хүртэлх насны залуучууд.
Баялаг хэрхэн хуваарилагддаг вэ?
20 монголын НЭГ нь аймаар баян, ГУРАВ нь хангалуун. Гурван монголын НЭГ нь нэн ядуу бол хоёр монголын НЭГ нь ядуу болоход хэзээд бэлэн өнөөдрөө аргацаагсад.
Хэн баялаг үйлдвэрлэдэг вэ?
Гурван монголын ХОЁР нь хөдөлмөрлөх насныхан бол НЭГ нь оюутан, зөвхөн НЭГ нь л ажил, хөдөлмөр эрхэлж баялаг бүтээнэ. Ажил хийдэг зургаан монголын НЭГ нь төрийн албан хаагч буюу татвар төлөгчийн мөнгөөр цалинжигч.Насанд хүрсэн найман монголын нэг нь ажил хийх ОГТ дургүй бол арвын НЭГ нь тэтгэвэрт, дөчийн НЭГ нь хөгжлийн бэрхшээлтэй. Хөгжлийн бэрхшээлтэй дөрвөн хүн тутмын ГУРАВ нь олдмол бэрхшээлтэй.
Хэнтэйгээ, хаана амьдардаг вэ?
Таван өрхийн ГУРАВ нь халуун ам бүлээрээ, дөрвийн НЭГ нь хадмуудтайгаа, харин арвын нэг нь ганцаараа амьдардаг байна. Хотод аав ээжтэйгээ амьдардаг айл хөдөөнийхнөөс хоёр дахин их. Баян-Өлгий аймагт нэг өрх хамгийн олуулаа, Дорноговь, Өмнө-Говь, Архангай, Булган, Хэнтий, Төв, Говь-Сүмбэрийн айлууд цөөхүүлээ амьдардаг юм байна.
Таван монгол айлын дөрөв нь өөрийн эзэмшлийн сууцандаа амьдардаг боловч нийт өрхийн бараг тал нь гэрт амьдарсаар. Улаанбаатарын таван айлын НЭГ нь л дэд бүтцийн шугам сүлжээнд бүрэн холбогдсон, тохилог сууцанд амьдардаг байна.
Бид технологи хэр ашигладаг вэ?
Улаанбаатарт зургаагаас дээш настай гурван хүний НЭГ нь интэрнэт хэрэглэж, дөрвөн хүний ГУРАВ нь гар утас ашигладаг.
Эх сурвалж:
Central Intelligence Agency http://www.cia.org
Үндэсний статистикийн хороо http://www.nso.mn
АНХААРУУЛГА: Дээрхи тоон үзүүлэлт нь тойм болохыг анхаарна уу.
Comments on: "Статистик юу өгүүлнэ вэ? Бидний монголчууд тооны хэлээр" (2)
Хэн баялаг үйлдвэрлэдэг вэ? гэдэг хэсэг нь тасархай байлаа 🙂
7 hunii 6 n boddog, 6-n 1 n ooriin tuhai, 5 n busdiin tuhai, 5-aas 3 n busdiin amidraliin tuhai hov jiv ataarhliin shinjtei, 2 n uls ornii tuhai, harin 1 n l hiideg kkkkk. denduultsenuu barag l dohono doo