Тэтгэлэг горилогсдод тусламж

Настан

Жил бүрийн оны 10 сарын 1. Олон улсын ахмад настны өдөр.

Манай эвэртэн туурайтнууд сонгогдсон хороо, дүүргийнхээ хөгшчүүлийн хүлээн авч уулзаж байна гэж сонгуулийн сурталчилгаагаа хийдэг өдөр. Ахмадууд нь ч нийгмийн харилцаанд орох боломж олдсон учраас баярлаад өнгөрдөг. Тэр уулзалтад бүгд орохгүй, хорооны Засаг ноёнтой гайгүй харьцаатай хөгшчүүд ороод байх шиг байгаа юм.

Харъяалагдах албан газартай ахмадуудыг хуучин ажил нь хүлээн авдаг. Барилгын агентлагт харъяатай хөгшчүүл жил бүр амралтад явж бидэнд “эрхэлдэг” байсансан. Энэ арга хэмжээ төсөв санхүүгээс бас хөөрхөн “юм” зулгаачихдаг санагдаж байна.

Ахмадын тухай хуулийн дагуу албан газар бүр энэ чиглэлд зардал төсөвлөх ёстой. Жил бүрийн ахмадын баяр, цагаан сар хоёр бол тэдний хувьд хамт ажиллаж байсан хүмүүстэйгээ уулзаж, зовлон жаргалаа ярих боломж. Хөөрхий дөө, үр хүүхдээ hомунизм hээчид амьдруулахын төлөө чадалтай, тэнхээтэй насаа зориулсан тэднийг цагаан сарын бэлэг болох хадаг, таван мянган төгрөгөө аваад духандаа хүргэж адислахыг харахаар миний хоолой зангирдаг юм.

Үр хүүхэд нь сайн сайхан яваа, эсхүл харж үзэх албан газартай хөгшчүүлийн хувьд бол энэ өдөр арай гэгээлэг өнгөрдөг. Харин хуучин албан газар нь татан буугдсан, эсхүл хөдөөнөөс үр хүүхдээ бараадан шилжиж ирсэн хүмүүсийн хувьд энэ өдөр ТВ-ийн концерт гэх мэтхэнээр хязгаарлагдана. Энэ өдөр жирийн л нэг өдөр шиг өнгөрөх хүмүүс ч олон бий гэдэгт эргэлзэхгүй байна.

Миний ээж лав Хөвсгөл аймагтаа л алдартай дотрын эмч байлаа. Амбулаторид үзлэг хийхэд хүмүүс ээж дээр овоороод нөгөө эмч нар дээр нь хоосон байдаг сан. Миний бага насны дурсамжид ээж үргэлж ажилтай, завгүй, өглөө 8-д гараад орой 8-д ирдэг, амралтын өдрүүдээр жижүүртэй, эсхүл дуудлаганд явна.

Анх Хөвсгөл аймгийн Ханх сумын сум дундын эмчээс ажлын гараагаа эхэлж, нэг настай нялх үрээ айлд захиж үлдээчихээд Хөвсгөл нуурын баруун зүүн эргийн дагуу Улаан тайга, Дархадын хотгор, Жанхайн даваа аглаг хөвч, тайгыг цаатай, морьтой, завьтай, цанатай, чаргатай дуудлаганд явдаг байсан гэсэн. Залуу хүүхэд болохоор мэдэхгүй хагас жил орчмын дараа аймгаас ирсэн шалгалтын хүнээс сумын бага эмч дуудлаганд явах ёстой, өөрөө эмнэлгээ хариуцаж ажиллах ёстойгоо мэдэж авсан гэж хэлдэг юм. Тэр үедээ “уйланхай дооктор” хочтой болчихсон байсан гэнэлээ. Учир нь мөнхийн халамцуу завьчин буриад Балдантай хамт Хөвсгөл нуурыг олон удаа гаталсан ба нуурын давалгаа цохихоор л ингээд живж үхэх нь гэж бодоод уйлж эхэлдэг байсан тул ийм хоч авчээ.

Ээж минь ар гэр, үр хүүхдээ умартан түмний төлөө 38 жил тасралтгүй ажилласан. Үндсэн ажлаас гадна гуйлга түүлгэнд бол байнга явдаг байсан юм. Намайг хүүхэд байхад амралтын өдрөөр гэрт хүн ирээл өвчтэй хүн үзүүлнэ гээд дагуулаад явдагсан. Гудамжинд зүгээр таарсан хүн хүртэл өвчин яриастай.

2000 онд УБ-т шилжиж ирэхдээ миний ээж сард 18 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг байсан бол одоо түүнээсээ арав дахин их, 180 мянган төгрөг авдаг. Миний ээж тэтгэвэр бага байна хэцүү байна гэж хэзээ ч гомдоллодоггүй. Намайг “Бид нарыг гаргуунд гарган гарган гүрийж хөдөлмөрлөсөн байхад өвлийн өрөөсөн гуталны мөнгө төр засаг чинь өгч байна шүү дээ, арай ч дээ” гэхээр төрийн минь өгч байгаа буян үүнээс илүүг өгч чадахгүй байгаа юм гэж өмөөрнө. Эмч нарыг “цагаан халаадтай алуурчид” гэж ТВ, хэвлэлээр ярьж, бичихээр үнэн сэтгэлээсээ гомдоно. Насаараа хлораминтай ойр байсан болохоор элдэв үнэртэн, танартанаас аллергитэй. Дээр нь УБ-ын утаа нэмэгдээд хэцүү л байдаг юм.

Ээж сэтгэл санаа нь үймрэхээрээ хөгшин ээжийг минь ярьдаг. “Хөгшин ээжийг чинь “Чи намайг зүгээр үхүүлэхгүй зовоож байна” гээд уйлаад загнахаар нь аашиндаа тэгж байна гэж боддог байсан. Арга нь барагдаад хүний гарт ороод, чаддаг юмаа чадахаа болихоороо хүн ингэж боддог юм байна. Одоо л өөрийн биен дээр мэдэж байна”.  Миний хөгшин ээж 80 хүрсэн ба үүнээс арван жил нь хэвтэрт бүрэн асаргаанд байсан даа. Хөгшин ээж насаараа улсад ажил хийж үзээгүй, удам судар сайтай баян айлын охин болохоор амины цөөхөн малынхаа шимийг хүртээд хөгшин аавын тэтгэвэр, дараа нь тэжээгчээ алдсаны тэтгэвэр 120 төгрөгийн орлоготой ганц хүү нь болох миний аавын асрамжинд байсан юм.

Хүүхэд байхдаа хөгшин ээжийгээ зугаацуулж “Үйчүүр” хамт тоглоно. ТВ-ээр уртын дуу, Учиртай гурван толгой гарахаар дууг нь чангалж, үзүүлнэ. Миний талийгаач дунд ах хөгшин ээжийн уншсан маанийг тоолж өгөөд 2 дүнчүүр гэж тогтоосон юм. Дүнчүүр гэдэг нь 100 сая бөгөөд нэг дүнчүүр маань уншсан хүн шууд Бурханы оронд очих “виз”-тэй болдог гэнэлээ.  Хөгшин ээжийн ээж Төмөр нь хөгшин ээжээс илүү олон дүнчүүр маань уншсан гэнэлээ.

Буурал ээж Төмөр нь өндөр дээд угсаатай, язгууртан сурвалжит айлын охин бөгөөд царай зүс сайтай, гоёл зүүсгэл ихтэй ганган авгай байжээ. Түүнийг үзэх гэж халхын сумдаас хүмүүс ирдэг байсан гэж авга эгч маань ургийн бичигтээ тэмдэглэж үлдээсэн байдаг. Цэргийн дарга хүүгийнхээ хүүхдийг харж байгаад 50-аад онд бурхан болсон гэнэлээ. Тэр хүнээс өвөлж ирсэн түнтгэр мөртэй авгай дээл, толгойн мөнгөн боолт намайг багад хөгшин ээжид байдаг байсан бөгөөд ороо бусгаа цагт буруу хүний гараар ороод алга болсон доо.

Бидний хөгшчүүл гэрийн үнэгүй үйлчлэгч, хүүхэд асрагч, гэрийн манаач хийсээр нэг л өдөр чимээгүй оддог. Тэд биднээс их юм нэхдэггүй. Зөөлөн боов, атга чихрэнд хууртан баярлаж суудаг. Үе тэнгийн хөгшидтэйгээ нийлээд данх сүүтэй цайгаа дундаа тавиад хууч хөөрөх газар тэдэнд алга. Даалуу тоглодог байсан сүүдрэвчийг нь буулгаад байшин барьчихдаг улсууд тийм байгууламж барьж өгнө гэж горьдсоны гарз. Зуны дэлгэр цагт амралтанд явах арчаатай, танагтай хөгшчүүлд зардлынх нь тавин хувийг гаргаж өгөхөөс өөр тэдэнд чиглэсэн бодитой нийгмийн үйлчилгээ байхгүй гэж хэлэхэд болно.

Хурдан морь хэдэн саяар худалдаж авч баярхаж байхаар ядаж нэг хорооны хөгшчүүлийг нарийн мэргэжлийн эмчийн үзлэгт элдэв баримт бичиг нэхэлгүй оруулаад өгвөл их буян болохсон. Гандангийн бүдүүн гүзээтэй үйлийн үрийг номлогч лам нар тэтгэврийн хөгшчүүлд зориулаад ядаж сардаа нэг засал номыг нь үнэгүй хийгээд өгчихдөг бол өөрсдөд нь их л буян болохсон. Хэдэн саяар хөшөө, суврага босгоод байгаа хүмүүс дүүргийн эмнэлгийн ганц, хоёр өрөөг хөгшчүүлд зориулаад тохижуулаад өгвөл нийтийн жорлон сарнаас хол санагддаг хөл муутай тэдэнд их л тустай юм. Хичнээн саяын орлоготой уул уурхайн магнатууд буйдхан газарт хөгшчүүлд зориулсан байнгын ажиллагаатай сувилал бариад өгвөл тэтгэврийн хэдээ цуглуулж байгаад жилдээ ганц удаа ч болов явах хөгшчүүл олон байгаа. Ясаа нутагтаа тавих хүслийг нь гүйцээгээд ядахдаа л чандрыг нь авч яваа үр хүүхдийнх нь зардлын талыг улсаас гаргаад өгчихвөл их л буянтай хэрэг болно доо.

Миний хөгшчүүлийн эмэгтэйчүүд нь их урт насалдаг ба тухайн үеийнхээ дундаж наслалтаас дор хаяж 15 жил илүү амьдарсан байдаг. Тийм болохоор би дор хаяж ная хүрнэ гэж боддог. Харин тэр үед залуус та нар таарахаараа “Үкдэггүй ээ” гээд байваа😉

PS: ”Before I forget…” номноос хэсэгчлэн оруулав.

Comments on: "Настан" (6)

  1. Gutalchin said:

    Saihan niitlel bn, unshaad muu emeegee sanachihlaa. Hoorhiidoo burhani orondoo mend suugaa bhdaa, bidniigee deerees harj haayahan zuudend orj elgee devteej bgaa bh gehees gol ood neg um ogsood l yavchih shig bolloo.

    suuliin heseg uneheer boduushtai zuil bichjee. demjij bn

  2. За би ч ямар эмээ өвөө гэж мэдэх биш, өвөөгөө бүүр түүрхэн л санадын, эмээ бол зурган дээрээс л санаанд хальт бууна.. Дэргэд минь байгаа ээж минь ч одоохондоо 40 ч хүрээгүй сайхан бүсгүй. Гэхдээ л энэ хөгшчүүл хархаар өрөвдмөөр байдын..
    Гэснээс нээх хөөрхөн 2 эмээ өвөөг би Цэцэг төвийн тэнд харжүлээ. Ижилхэн өнгөтэй дээлээр гоёцон гудамжаар хөтлөлцөөд, өвөө нь эмээгийнхээ цүнхийг барьцан яасан хөөрхөн байсан гээч, машинд явжийсан хүнүүс, зөрж өнгөрсөн бүх хүн хараад л инээд алдаж байсын байна.._.

  3. sain bnu ta. tanii niitlel mash ix taalagdla. muu aav eej ruge yariya gej bodloo.
    so 2 asuult bn. tani bichsen before i forget gedeg nomig yaj olj unshix ve? uuniig zaaval nom bolgon bichix yamar xereg bsan yum bol?

    • 1. Ном англи хэл дээр бичигдэж байгаа. Блогтоо хэсгээс нь орчуулж оруулдаг. Бичлэг тэр чигээрээ ном хуулаад тавьсан гэсэн үг биш.
      2. “Мартахаасаа өмнө…” гэдэг нэр өгсөн нь нийгмийн байгуулалт солигдох нь жирийн хүмүүст яаж туссаныг бичиж тэмдэглэн үлдээх зорилготой юм. Зуу байтугай хорьхон жилийн өмнө ямар байснаа бид мартаад байна шүү дээ. Дараагийн үеийнхний дунд соц үеийн мөн чанарыг ойлгоогүй байж хараан зүхэгсэд олширч байна.

  4. Сайхан бичсэн байна аа. Эхний хэсэгт эмээгээ санаж, сэтгэл үймрэв. Сүүлийн хэсэгт нь инээгээд дууслаа. Та нээрээ үнэн хошин шогийн мэдрэмжтэй юм аа.

  5. […] бодвол тэтгэврийн санд санаа зовох шаардлагагүй, 60 настнуудыг бодвол өвчин хууч ярихгүй, 70 настнууд шиг буяны үйлдээ […]

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

Шошгон үүл

%d bloggers like this: