Тэтгэлэг горилогсдод тусламж

Хичээлийн шинэ жилийн нээлт.

Анх удаа нийтийн албанд явах гэж буй балчир насныхан, сургуульд орж байгаа 6 настангууд, ээж аавын гэрээс гарч их сургуулийн оюутан болж буй залуусын хувьд жил бүрийн 9-р сарын 1 чухал өдөр.

Хэт нялх 45-хан хоногтойгоос нь эхлээд “нийгмийн хонгор” болгодог байсан учраас миний үеийн, институц тогтолцооны бүтээгдэхүүнүүд ясли, цэцэрлэгт анх орсон чухал өдрөө санадаггүй. Харин сургуульд орсон өдрөө маш тод санаж байна. Сургуулийн захирал аав намайг хүргэж өгөх боломжгүй тул ээжтэйгээ хөтлөлцөөд анх сургуульдаа явсан сан. Гоё ногоон цувтай миний ээж шиг гоё ээж, лакан ногоон цүнхтэй над шиг гоё цүнхтэй амьтан лав тэр өдөр байгаагүй юм даа. Их л сайхан нартай, цэлмэг өдөр байсансан.

Их сургуульд орсон өдөр. Бороотой өдөр таарч бидний 9 оюутнаас шүхэртэй ганц хүн байсан тул бүгд багталцахгүй. Донецкийн Их сургуулийн Биологийн факультет руу Б, О, П, О, Б, У бид хэд томоохон гялгар уутан дор өндөр намаараа ороод ихэд баяр хөөртэй, хөгжилтэй инээлдэн алхацгааж байж билээ. Түүнээс хойш олон олон 9 сарын нэгнийг үзжээ.

Хэдэн жилийн өмнө нэг дүү “Ёоо, энэ хөдөөний оюутнуудыгээ” гэж ундууцахад нь нэг л зүйл хэлсэнсэн. “Эдгээр оюутнуудын хувьд төрсөн бууриасаа гарч, хот хүрээнд ирж, сургууль ном сурнаа гэдэг нь чи Америк, Австрали явж сурдагтай ижил зүйл. Гэр бүлээсээ анх удаа их сургуулийн боловсрол олохоор сурч байгаа хувь хүн, сургаж байгаа түүний эцэг эхийг нэг бодоод үзээрэй. Зүйрлүүлээд сайн бод”.

Анжгай багш хүн болохоороо сайхан зөвлөгөө бичсэн байна. Б. Гантулга мөн гоё бичиж. Өдөр тутмын сонин дээр “Улаанбаатарчуудаа, бэлтгэлээ базаагаарай” нийтлэл гарсан харагдсан.

Их хотын хүн болохын тулд залуус та нарт бүр эхнээс нь суралцах хэрэг гарна. Нус цэрээ ил хаяхгүй, хаа хамаагүй “морь” харахгүйгээс эхлээд явган хүний замаар сугадалцан хэлхэлдэж зөрж өнгөрч буй хүмүүст саад учруулахгүй, олон нийтийн газарт хүний биенд хүрэлгүйгээр эвтэйхэн дараалалд зогсож сурах гээд дунд сургуульд заагаагүй зөндөө мэдлэг шинээр эзэмших шаардлагатай болно. Хэрэвзээ эдгээр зүйлсийг хурдан сурчих аваас дараа дараагийн суралцах зүйлс хялбар. Та нарын нүдийг хужирлах, сонирхлыг татах сайн муу зүйлс улсын нийслэлд зөндөө. Эцэг эхийн чинь, багш нарын чинь чамайг ХҮН болгох гэж зүтгэсэн арван хэдэн жилийн хөдөлмөрийн үр дүн эхний жилд харагдана. Тийм болохоор тэднийхээ итгэл, сэтгэлийг хөсөрдүүлчихгүйн тулд муу муухайгаас хол байж, оюутан чиний УБ-т байгаа цорын ганц туйлын зорилго болох СУРАЛЦАХ, МЭДЛЭГ ХУРИМТЛУУЛАХ ажилдаа хамаг анхаарлаа төвлөрүүлэх нь зүйтэй.

Залуу хүмүүст зугаацах, наргих цаг гарна. Гэвч эхний жил, эхний семестрээ амжилттай давбаас дараа дараагийн боломжууд гардаг гэдгийг санаж, хичээн зүтгээрэй. Зуны амралтаараа зугаацах, наргих цаг чамд зөндөө гарна.

Дотуур байрныханд зориулсан ТУСГАЙ зөвлөгөө

  • Өрөөнийхөө хүүхдүүдтэй амь нэг байх. Гэвч амь нэг байгаа нь энэ гээд хувийн юмыг нь зөвшөөрөлгүйгээр дураараа хэрэглэж, ашиглаж болно гэсэн үг биш.
  • Өрөөгөө цэвэрлэх, хоол хийх хуваариа сайхан гаргачих.
  • Хоол буудагчдаас холхон явах.
  • Нийтийн бие засах газар, шүршүүр хэрэглэхдээ аль болохоор дараагийн хүнд саад болохооргүй цэвэрхэн ашиглах
  • Эвдрэл гэмтэл бүрийг комендатдаа мэдээлэх
  • Үйлчлэгч цэвэрлэгчийн хөдөлмөрийн хүндэтгэх. Энэ ажлыг хийх өдөр чамд ч ирж болно.
  • Өөртөө хэрэгтэй чамайг “дээш” нь татахуйц фракцад нийлэх
  • Охидын хов живнээс хол байх. Хэн нэгэн хэн нэгний тухай санаа бодлыг чинь асууваас зөвхөн сайн талыг нь дурдахыг хичээх. Хэрэв чиний үзэн яддаг өрсөлдөгч бол “би сайн танихгүй” гэдэг шилдэг хариултыг хэлэх
  • Хэцүү хүнд, уйлмаар болсон үедээ номын санд очиж ном унших
  • Амралтын өдрүүдээр хамаатан садангийнхаараа очиж шалыг нь угааж өгөх, дэлгүүр явахад нь туслах г.м-ээр дэм болвоос тэр өдөртөө л гэдэс цатгалан. Ядаж цай, хоол хийж өгөхөөр нь уусан, идсэн аяга, тавгаа өөрөө угаагаад гарч байгаарай. (Энэ үгийг ээж минь бид нарт байнга үглэдэг байсан ба одоо би дүү нартаа дамжуулан үглэдэг юм)  
  • Оюутны холбоо, ангийн олон нийтийн ажилд идэвхитэй оролцох.

Миний дүү нар хурдхан хотын хөөрхөн залуус, охидууд болж, соёлын үрийг цааш нь тараагаарай.

Анх удаа гэрээс гарч нийтийн албанд явах гэж байгаа Тууланка, сургуулийн сурагч том агаа болох гэж байгаа Тэлмэн хоёртоо Аниагаас нь зориуллаа.

Comments on: "9-р сарын 1" (1)

  1. Сэтгэл тааруухан энэ өдөр чиний бичлэг сэтгэлийг минь сэргээлээ.Баярлалаа.

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

Шошгон үүл

%d bloggers like this: