Тэтгэлэг горилогсдод тусламж

Би таван хүүхэдтэй айлын отгон охин. Хоёр том ах маань эцэг, эхдээ энэ дэлхийн хамгийн хатуу зовлон болох үрийнхээ хойно орох шийтгэлийг эдлүүлэн одсон. Одоогоос хорин жилийн өмнө миний дунд ах гэнэтийн ослоор бурхны орон руу явсан. Ид залуу сайхан дөнгөж 32-хон настай байсан юм. Гурван бүлтгэр үрээ өнчрүүлэн, хань ижлээ амьдын тамд унаган одсон ах минь миний сэтгэлд залуу сайхан дүрээрээ үлдэж.

1991.8.2. Баасан гараг. Улаанбаатараас ирсэн найз нараа зугаацуулахаар аймгийн төвийн амьтны хүрээлэн рүү дагуулж явсан. Эдийн засаг бүхэлдээ дампууран унаж, айл өрхүүд картаар талх, будаагаа авдаг байсан үе. Тэр үед зоопаркийн амьтдыг юугаар тэжээдэг байсан нь ойлгомжтой. Цагаан пүүзтэй байсан ахын минь гутал баавгай гэдэг тэр араатны анхаарлыг татаж. Ах минь залуу хүний араншингаар хөлөө хөдөлгөж, араатны эгдүүг хүргэж. Торны завсраар ганцхан савардаад ахыг минь чирчихсэн юм. Ах минь “миний хөлийг мэрээд байсан ш дээ тэр баавгай” гэж хэлж байж билээ.

Өмнөх орой нь аавынд ирэхэд нь хүргэж өгсөн хоол хүрэлцээгүй болоод ирсэн юм болов уу гэж бодоод “Та хоол идсэн юм уу?” гэж асууж байж билээ. Хөөрхий дөө, хоосон явсан байх даа. Яагаад гэвэл нэг хүн ирнэ гэсэн болохоор хоёр хүний цуйван хийж өгөөд явуулсан юм. Хоёр хүн ирсэн байсан.

Түргэний жолоочийн “Ах нь осолдчихлоо, эмнэлэг дээр ир” гэсэн хэл дуулгалт. Хүргэн ахыг явуулчаад араас нь хүүхдээ тэврээд алхах эгч бид хоёр. Яаж хагалгааны өрөөнд орчихсоноо санахгүй зогсох ээж. Яаралтай ирэхийг бэрдээ утсаар дуулгах би. Өмсөж явсан өмдийг нь угаан мэгших эгч. Бага ахын охин төрсөн мэдээ. Байдгаа тэмтрэн УБ-аас тусгай үүргийн онгоц захиалах аав. Онгоц хөөргөхийн тулд НАХЯ-ны ажилтны үнэмлэхээ албан тушаалтанд үзүүлэх том ах. ”Даардаггүй хөлтэй болоод ирнээ” гэж багын анддаа хэлээд онгоцонд тэврүүлэн орох ах. “Ах нь яаж байна?” гэж аядуухан асуух гэмтлийн эмнэлгийн асрагч эгч. Шөнө ахыг сахиж нойргүй хоносон ээжийн “Миний хүү сургуульдаа яв” гэж хэлэх ядруу царай. Том ахын бага хүү Баясгалан төрсөн мэдээ. Дотуур байрны жижүүр дээр ирсэн гурван үгтэй цахилгаан.Ажил явдлын талаар бичсэн эгчийн захиа. Аймгийн сонинд гарсан ахад зориулж бичсэн ангийнх нь хүү Бат-Эрдэнийн шүлэг.

                                  Өчигдөрхөн инээж явсан найз минь

                                  Өнөөдөр бурхны оронд очжээ…

Хар нялхдаа өнчрөн хоцорсон Данхууш, Бөмбүүлэй, Түнтүүш гурав өнөөдөр бүгд гэр бүлтэй, үр хүүхэдтэй, мэргэжил боловсролтой хүмүүс болж. Бэрийн минь хатуугийн өмнө сөхрөлгүй тэмцсэн амьдралын үр шим. Хорин жилийн өмнөх оршуулгын ёслол дээр “М ахаа босоочээ” гэж хашгиран амьтны сэтгэлийг эмтэлж байсан таны хайртай лодкон хөлтэй Шонхоо дүү чинь хоёр хүүхэдтэй, өрхийн тэргүүн болж. Тэр жил төрсөн Сайхнаа, Баясаа, Баярмаа гурав оюутнууд. Оршуулгын ёслолд оролцож байсан хүмүүсээс өнөөдөр цөөхөн хүн үлдэж. Ховорхон үзүүлдэг нулимсаа хайрлалгүй урсгаж байсан аав минь, аавын царайг харахаас зүрхшээн онгоцны нөгөө тал руу бууж байсан том ах, ахын багийн найз Нацагаа ах, Ганзориг ах, Эрка ах; хамтдаа “Алтан хавчаар”-аа, “Дэлтэй цэнхэр”-тэйгээ гитардан  дуулдаг байсан Сорогдогийн Жагаа ах,  Хэрээзарааны хотын оюутны байранд консээрвээ хувааж иддэг байсан Мөөгий ах, унаган хайр М эгч ч өнөөдөр бидний дунд алга. Гэвч Пүүжий ах, Сосоо ах, Эрдэнэбат ах гээд амжилттай сайн яваа найз нар чинь байна.

1959 оны гахай жилтнүүд. Ахын ангийн 37 хүүхдээс 34 нь дээд сургуульд элсэн орж байсан юм. Одооны залуучуудад бол ойлгомжгүй байх. Тэр үед уралдаант шалгалт, улаан шугам гэж аймшгийн зүйл байсан бөгөөд нийт аравдугаар анги төгсөгчдийн дөнгөж 15 хувь орчим нь дээд сургуульд элсдэг байлаа. Тэдгээр хүмүүс өнөөдөр манай нийгмийн бүхий л салбарыг өнгөлж байна.

Хатанбаатар Магсаржавын зээнцэр миний ах бурхны орноос биднийгээ харж, амжилтад нь баярлан, алдахад нь гуниж суудаг гэж итгэдэг тул таныгаа баярлуулахын тулд бид хичээнээ. Ахын ярьдаг онигоо: “Вьетнамууд “Гуаа, энэ лаа том том цоо цон-жээ” гэж ярьдаг юм”😉.

Жич: Өөрийн бичиж буй ‘Before I forget…’ номноосоо хэсэгчлэн орууллаа.

Comments on: "Хорин жилийн тэртээх хар өдрүүд." (5)

  1. chuups said:

    😦

  2. хурай, тэдгээр хүмүүс үлдэгсдээ дээрээс харж, амжилт болгонд нь баярлаж, буруу гишгэхэд нь зөв тийш нь залж явдаг байхаа…
    “Before I forget” гэж нэрнээсээ эхлээд л, юм бодогдуулсан бүтээл болох нь дээ.
    “Он жилүүд намайг үргэлжилсэн үгийн зохиол руу хөтлөнө” гэж том яруу найрагчид иш татдаг юм байналээ шүү.

  3. bilgee said:

    үнэхээр аймар юмаа энэ талаар би анх удаа л сонсож байна. тэр үед 2 настай байсан юм байна. аниа ном чинь хэзээ гарах юм? монгол хэл дээр юм уу?

    • Чи бага байсан болохоор яаж мэдэхэв дээ. Хөгшин ээждээ байнга очиж золгож бай гээд үглэн дуулаад байдаг нь ийм учиртай юм.
      Ном англи хэл дээр бичигдэж байгаа. Монголоор орчууна.

  4. Guest said:

    Бага байхад тийм явдал болсон гээд манай аймаг даяар бөөн яриа болж билээ. Дараа нь удалгүй амьтны хүрээлэн татан буугдсан байх аа.
    Цаг хугацаа хамгийн сайн эмч гэдэг ч хайртай дотны хүмүүсийн маань орон зай бүдгэрэх нь үгүйв. Ах тань тэнгэрийн орноос мишээн тольдож суугаа буй за.

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

Шошгон үүл

%d bloggers like this: