Тэтгэлэг горилогсдод тусламж

Өмнө энэ сэдвээр  онол талаас нь бичиж байсан бол энэ удаа практик талаас нь тайлбарлахыг хичээе. Хувь хүн өөрийгөө танин мэдсэнээр хүсэл мөрөөдөлдөө золиос багатайхан шиг хүрэх, цаашлаад аз жаргалтай сэтгэл хангалуун амьдрах үндэс нь болдог учраас залуус та нарт энэ талаар байн байн “үглээд” байгаа юм шүү.

МИНИЙ ОВГИЙН БҮХ АХМАДУУД, БУРХНЫ ОРОНД ОДСОН ХӨГШИН ААВ, ЭЭЖ, ААВ, АХ НАР, АМЬД БУРХАН ЭЭЖДЭЭ ЗОРИУЛЖ энэхүү бичлэгийг хийлээ.

МУИС-ын Нийгэм, соёлын антропологийн сургууль гэж сайхан сургууль байнаа. Шавийн эрдэм багшаасаа гэдэг болохоороо Кембридж төгссөн Д.Бум-Очир доктороор удирдуулсан энэ сургуульд харъяалагдах хэд хэдэн хүүхдүүд блог хөтөлдөг. Тэдний бичлэг, эрдмийн ажлаас харахад тэдгээр хүмүүсийн философи зөвхөн юмыг ЗӨВ хийх биш, ЗӨВ зүйлийг хийх, мэдлэг,  мэдээллээ бусадтай харамгүй солилцох гэдэг итгэл үнэмшлийг минь бататгаж өгдөг юм.

Нийгэм, соёлын антропологи нь чиний хэн бэ гэдгийг тодорхойлдог чухал хүчин зүйлсийн нэг. Өөр дээрээ жишээ авъя.

Миний аав хотгойд хүн. Хотгойд хүмүүс хос эгшиг хэлдэггүй, хэлний угийн Г-г дундуур дууддаг. Дөрөвдүгээр ангид байсан санагдаж байна, МОГОЙ гэдэг үгийг МОГОО гэж бичихэд монгол хэлний Давааням багш маань ихэд инээгээд, засч өгөхөд гайхаж билээ. Мөн Дарьсүрэн багш маань Бээжинд ван Чингүнжавын хүүгийн толгойг нь  авах болоход “Ахаа та миний хүзүүг битгий өвтгөөрэй, миний хүзүүн дээр хатиг гарчихсан өвдөөд байгаа юм” гэж Манжийн хааны алуурчнаас гуйж байсан тухай ярьж байсан нь хөгшин ээжийн минь ярьдаг байсан олон түүхтэй хамт санаанд тод байдаг.

Өнгөрсөн зун Аварга тосонд хамт амарсан япон судлалын эрдэмтэн Дэмбэрэл багшийн зээ бяцхан охидууд намайг хөгшин аав, хөгшин ээж гэж ярихыг сонсоод ихэд гайхаж, учрыг лавлатал тэд өөрсдөө тэгж дууддаг тул өөрсдийнх нь хөгшин аав, ээжийг ярьж байна гэж бодсон байж билээ. Аргагүй дээ Намуун, Мишээл хоёр чинь дөнгөж 3, 6 настай шүү дээ. Манай нутагт өөр айлын хөгшин хүнийг өвөө, эмээ гэж дуудахаас өөрийн хайртай хөгшдөө хөгшин ээж, аав, буурал аав, ээж гэж дууддаг. Миний дүү нар дотор миний ээжийг эмээ гэж дууддаг нөхдүүд бий. Ээж нь Төв аймгийнх болохоор тэгдэг байх. Манай Төв аймгийн бэртэй хамаатай нэг онигоо байдаг юм.

Манай хөгшин ээж түүнийг гаднаас гараад балт аваад ир гэжээ. Манай Г эгч ойлгодоггүй, гадаа гарч харснаа “Байхгүй байна” гэж хэлээд эргээд ороод ирсэн чинь хөгшин ээж “Наад хоёр том нүд чинь юу хардаг байнаа. Энэ баруун хаяанд байгаа гэм” гэжээ. Гараад хартал сүх байхаар нь “энэ үү?” гээд бариад орсон гэдэг юм. Анх бэр болж ирээд хөгшин ээжийн яриаг заримдаа сайн ойлгодоггүй байсан гэнэлээ.

Сүүлд төслийн ажлаар Завхан аймгийн Нөмрөг сумаар явахад хотгойд хүмүүсийн аялга, зарим эд зүйлээ нэрлэхийг нь би үгүй ээ мөн сайн ойлгож байна билээ. Багадаа сонсож байсан болохоор тэгсэн байх даа. Жишээлбэл: гэрийн урд байх модон саравчийг СӨР, ааруул дэлгэдэг модон хавтгайг АНДАР гэдэг юм.

Хотгойд хүүхнүүд нь хэл ам хурц, хурдан сэтгэдэг, хацар томтой, цагаан шар царайтай, эрчүүд нь шар ногоон, цэхэрдүү нүдтэй өндөр янхир биетэй хүмүүс байдаг.  Хөгшин ээж маань намайг Жалан дунгуй гэж өхөөрддөг байсан сан. Тэр нь юу вэ гэхээр яаг чам шиг хөөрхөн юм байдаг юм гэж хэлж билээ. Одоо авгын талын хүмүүсээ харахаар үнэхээр л цагаан шар царайтай, янхир том биетэй хүмүүс бий.

Миний ээж болохоор тува цустай. Ээжийн талынхан бүгд жижигхэн биетэй, бор царайтай, оодон хамартай, нүд үс, хөмсөг сайтай хүмүүс байдаг юм. Хаяа ээждээ гомдол хэлнээ, таниас болоод би ийм намхан болсон байна гэж. Тува гэдгийг нь яаж мэдэж байна гэхээр миний нагац эмэг эх хил хаахаас өмнө дэлхийн хоёрдугаар дайны үед Тува руу явж нагац нартаа золгодог байсан гэнэлээ. Манай ээж бүүр бага байхдаа нэг удаа мориор их хол явсан гэж ярьдаг ба тэр рашаан нь одоо хилийн цаана байдаг. Сайн хайвал садан төрлүүд маань тэнд байдаг байх даа.

Жижиг үндэстний тасархай учраас үндэс угсаагаа таслалгүй авч үлдэх ухамсар надад маш хүчтэй байдаг. Эх орон гэж орилохоосоо өмнө гадаад хүнтэй гэрлэж болохгүй гэдэг ухамсар (conscience) миний хар багад бий болсон юм. Ингэж хэлснээрээ харийн хүний гэргий болсон хүүхнүүдээ буруутгах гэсэнгүй. Тэр хүний шийдвэр тэр хүндээ зөв. Харин миний шийдвэрийн үндэс нь удам судраа, гарал үүслээ олж мэдсэнтэй нягт холбоотой.

Би таван хүүхэдтэй айлын бага. Миний аав ээжийн үед буюу социализмын материал-техникийн баазыг барьж байх үе, манай Монгол тусгаар улс болсноос хойшхи эдийн засаг, нийгмийн хөгжлийн хамгийн эхний үсрэлтийн үе болох 60-70-аад оны үед айл өрхүүд олон хүүхэдтэй байж. Тэднийг өсгөж, сургаж, хүмүүжүүлэх эрүүл мэнд, боловсролын тогтолцоо ч сайн байж. Миний аав ээж Монголын анхны дотооддоо бэлтгэгдэн гарсан сэхээтнүүдийн төлөөлөл.

Аав маань долдугаар ангиа онц төгссөн тул Хөвсгөл аймгийн Шинэ Идэр сумын Зүрх бригадын бага сургуулийн багшаар очиж ажиллаж байжээ. Нөгөө “Шинэ үсгийн багш” гэдэг кинорхуу л юм шиг байгаан. Өөрөө 15-тай. Ангийнх нь хүүхдүүд 17, 18-тай хөдөөний том биетэй хүүхэн, залуучууд. Завсарлагаар тэдэнтэйгээ барилдаад, тэвэг тоголчихдог байсан гэсэн. Үйлэнд уран хөгшин ээж урагдсан дээлийг нь их оёдог байсан гэнэлээ. Хөөрхий дөө, хөгшин аав, ээж хоёр маань ганц хүүгээ дагаад нутаг, бууцнаасаа нүү байсан байгаа юм. Хоёр жил ажиллаад аав Багшийн дээдэд орж суралцсан. Нэг зуны амралтаараа өргөх кранд суугаад замдаа 14 хоног явж харьсан гэж ярьж билээ.

Миний нагац хөгшин ээж олон хүүхэдтэй, бэлэвсэн эмэгтэй. Бүх малаа том хүүхдүүддээ тарааж өгөөд УБ хотод Сангийн яаманд жолооч хийдэг хүүгээ бараадан 1950-аад онд хоёр багыгаа аваад хотод орж ирсэн юм байна. Жирийн монгол малчин эмэгтэй сүүлд гаргасан хоёр балчир үрийнхээ төлөө маш том шийдвэр, золиос гаргасан байдаг. Бага охин болох миний ээж удам судраасаа хамгийн анхны дээд боловсрол эзэмшин МУИС-ын Хүн эмнэлгийн факультет төгссөн эмч бол түүний дүү нь Чехословак Улсад Карлын Их сургуулийг маркшейдэр мэргэжлээр төгсөж, Эрдэнэтийн уурхайг нээхэд гар бие оролцож явсан Монгол Улсын төрийн шагналт геологич одоо ч энх тунх байна. Хэрэвзээ миний хөгшин ээж Маажингийн Должин тухайн үед хоёр бага хүүхдээ эрдэм номын мөр хөөлгөөгүй бол би аль аль талын удам судраасаа гадаадад доктор хамгаалсан анхны эмэгтэй болохгүй байсан юм.

Миний авга эгч монголын анхны гадаадад сурсан эмэгтэйчүүдийн нэг. Дэлхийн хоёрдугаар дайны үед Москвад КУТВт сурч байсан Ж.Бадамсүрэн эгч маань насаараа Анагаахын дунд сургуульд багшилсан. Хүүхэд байхдаа түүний ярих Москвагийн бэхлэлтэд ажиллаж байсан түүхийг сонсож байж билээ. Германууд агаарын цохилт хийхэд дээвэр дээр унасан бөмбөгийг гялс 8 литрийн устай хувинд хоёр гараараа барьж аваад хийдэг байсан тухай сонсоод “Та айдаггүй байсан юм уу?” гэж асуухад “Юун айх, тэг гэсэн болохоор л тэгдэг байсан” гэж хариулахыг сонсоод шоолж инээж байж билээ. Түүний амьдралын түүхээр кино хиймээр. Ногоон малгайтнууд лам аавыг нь буудчихаад 16 настай түүнийг эхнэрээ болгож аваад Улаанбаатарт дагуулж ирсэн байгаа юм. Харин Сүхбаатар жанжны эхнэр Янжмаа гуай КУТВ-т явуулж өгсөн гэж ярьдагсан.

Миний амьдралд ногоон малгайтнуудын сүүдэр туссан. Аавыг төрүүлэхээр өвдөж байхад нь “Хүүе болохоо байлаа, өнөөдүүл чинь хүрээд ирлээ” гэсэн чинь 32 оны лам нарын бослогынхоны хэсэг болох Бүгсийн хүрээний лам нар урд хөндийгөөс нь орж ирж, аав маань ч төрж байсан гэж хөгшин ээж минь ярьдаг юм. Тэр өдөр нь 1932 оны усан бичин жилийн зуны тэргүүн сарын шинийн гуравны өдөр байлаа.

Багийн дарга хийдэг хөгшин аавын барьж явсан  цүнхтэй материалыг нь бослогод нийлчихсэн давхиж явсан лам ах нь нууж байж хөгшин аав баригдсан ч буудуулалгүй амьд үлдсэн гэдэг. Тэгээд хөгшин аав, ээж хоёрыг буурал аав, ээж Галаа, Төмөр хоёр намар орой болтол ууланд бүгүүлж, хоол унд зөөж байсан гэнэлээ. Хөгшин ээж маань сайхан хүүхэн байсан болохоор бослогын толгойлогч нь татвардах гээд байсан тул зугтаалгасан гэсэн. Нөгөө Тунгалаг тамир кинон дээр гардаг шиг л үйл явдал юмаа даа. Тэр үедээ иймэрхүү түүх ярьж өгөхөөр нь нулимсаа гартал инээдэг байсан ба хөгшин ээж Долгор маань “юун инээдэм, ёстой ханиадам болж байсан юм тэр чинь” гээд инээж суудаг сан.

Миний дүү нараас гадаадад сурдаг, эрдэм номын мөр хөөсөн нь олон. Тийм болохоор цааш цаашдаа хамаатан, садангуудаас маань гадаадад, алдар нэртэй сургуульд магистр, доктор хамгаалах хүмүүс олон олон гарна гэдэгт итгэдэг. Тэдний хэн нэгэн нь өнөөдрөөс тавин жилийн дараа өөрийн түүхээ бичихдээ өмнөх үеийнхээ ирээдүй хойчийнхоо төлөө гаргасан золиосыг дурсаж байвал болох нь тэр.

Жич: Өөрийн бичиж буй “Before I forget..” номноосоо хэсэгчлэн орууллаа.

Comments on: "Би хэн бэ??? Үргэлжлэл" (7)

  1. aan iim sonirholtoi nom bichij baigaa umuu? bi chamaig sudalgaanii ajliinhaa daguu nom bichij bna gej oilgoj bailaa
    Amjilt husiye

  2. gantugs said:

    Блог тань таалагддаг шүү. Хааяа орж унших дуртай. Бусдын бичсэнийг уншихаас бичих нь хамаагүй хэцүү юм байна лээ хэхэ.😀

  3. Танай ээж Баян өлгий аймгийн Цэнгэл сумын хүн үү. Манай аав бас тува. Тэр үед хил байхгүй байхад нүүдэллээд наана цаана гараад байсан тухай аав ярьдаг байсан.

  4. Huuh uuh tuuhee yamar sain meddeg yum be. Goyo sanagdaj bainaa. Tanii blog deeree bicsen bolgoniig unshidiin. Heregteig ni bur hevlej avaad hadgalj uye uye unshij tolgoigoo dahin neg tseneglediin. Tanii zaasam zamaar uragshaa gej yavaad neg l odor zorilgodoo hurnee gej moroodood suuj baigaa. Tegj baigaad ta Australia-daa baih bol uulzaldah/taaraldah bailgui dee.

    Manai aav bas Hovsgoliin IH UUL biluu Tsagaan uul sumiin hun (Yaanaa aavaasaa asuuya baiz ali ni bilee). Emee bas tendehiih. Manai ovog bas Hotgoid. Aav bas bagsiiin surguulid surch, tendee uldej olon jil ajiilasan hun baidiin.

    Tanii nom hurdan garaasai. Zaaval avch unshinaa. Bas uuh tuuhee tani shig baga bagaar ni sudlaj medehiig hicheenee.

    Za amjilt huseyee.

    Kai (Odko)

  5. […] таван хүүхэдтэй айлын отгон охин. Хоёр том ах маань эцэг, эхдээ энэ дэлхийн […]

  6. thunder said:

    tanii blog mash ih taalagdlaa.

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

Шошгон үүл

%d bloggers like this: