Тэтгэлэг горилогсдод тусламж

http://economics.gogo.mn/news/87334 

Сэтгэгдэл хэсгийг уншиж үнэн их баясав. Хуучин нийгэмд хөдөлмөрийн сахилга бат, хариуцлага гэж ойлгогддог зүйлсийг зөвхөн хангалттай цалин олгосноор бий болгож чадна гэж зарим хүн үздэг. Тэгвэл хэдэн төгрөгний цалинг хангалттай гэж үзэх вэ?

Цалингийн хэмжээг тодорхойлогч нь ажилтны хувьд хэрэгцээ, ажил олгогчийн зүгээс тухайн ажилтны хөдөлмөрийн бүтээмжээр тодорхойлогдоно . Манайд нийтлэг байгаа дүр зураг болох нэг хүүхэдтэй залуу гэр бүл дээр жишээлж үзье. Орон сууцны зээлийн эргэн төлөлт нь сарын орлогын гуравны нэгээс ихгүй байвал таны амьдралын чанарт хүчтэй нөлөө үзүүлэхгүйгээр аятайхан амьдрах боломжтой гэж барууны нийгэм судлаачид, эдийн засагчид антропологочид үздэг байна. Тэгвэл дунджаар сард 300 мянган төгрөг моргэйжид төлдөг залуу гэр бүл сарын орлого нь нэг сая орчим төгрөг байхад болоод явчихна байна. Энэ нь нэг хүүхэдтэй гэр бүлийн хувьд боломжийн тооцоолол. Бүсээ чангаллаа гэхэд гэр бүлийн сарын орлого 600 мянгаас бага бол үндсэн хэрэгцээгээ хангах магадлал муу. Үүнээс болоод сэтгэл ханамжгүй байдал үүсэх учраас бүтээмж буурна. Тийм болохоор сард 300 төгрөгний цалин гэдэг нь минимум болохоос тухайн хүнийг үр бүтээлтэй хөдөлмөрлүүлэх хөшүүрэг болохгүй. Миний танилын хэлдгээр хоббигоороо л биш бол ийм цалинд ажиллах чадварлаг мэргэжилтэн байхгүй.

Ажлын байрны нийтлэг шаардлага болох гадаад хэлтэй, бичиг баримт боловсруулах чадвартай, ажлын туршлагатай, ачаалал даах, багаар ажиллах чадвартай гэсэн ур чадварыг ажилтан дээр хүний нөөцийн менежментийн онолын үүднээс хөрвүүлж үзье.

Гадаад хэлний мэдлэг. Нэгийн зэрэг хэлийг дундаж, дунжаас арай бага түвшинд эзэмшсэн байх боломж бий. Дээд сургуульд 4 жил, дунд сургууль 5 жил нэг хэл дагнан үзсэн учраас словарь ашиглаад бичсэн зүйлийг багцаагаар ойлгох хэмжээнд сурсан байгаа. Түүнээс орчуулга хийгээд баруун солгойгүй ярих чадвар арай л боломжгүй. Хэлний гүнзгий болон мэргэжлийн анги төгссөн хүүхдүүдийн хувьд энэ бол өөр хэрэг. Хэрэв дундаас дээш гэсэн шаардлага тавьж буй бол хэлний мэдлэг зайлшгүй, уг албан тушаалын гүйцэтгэх ажлын талаас илүү хувь нь гадаад хэлний мэдлэг шаардах ажил байна гэсэн үг.

Бичиг баримт боловсруулах чадвар: Монгол хэлний ядаж дүрмийн алдаагүй бичдэг бол боллоо. Бичиг баримт боловсруулах чадвар ажлын туршлагаар бий болдог. Найруулгын хувьд хэл шинжлэл, утга зохиол, сэтгүүл зүйн анги төгссөн хүүхдүүд арай илүү байх. Гэхдээ ерөнхий боловсролоор эзэмших ёстой ур чадвар дээд сургууль төгсөж буй хүнээс шаардаж буй нь бас хэцүү асуудал юм. Хэрэв бичиг баримт боловсруулах өндөр ур чадвар шаардаж буй бол зарласан ажлын байр нь хууль эрх зүйн мэдлэг шаардсан, байгууллагын доторхи мэдлэг дамжуулалт босоо чиглэлд явагддаг, ихээхэн эрэмбэ дэстэй байгууллага байх магадлалтай. Төрийн байгууллагууд энд хамаардаг.   

Мэргэжлээрээ 2 жил ажилласан туршлага. Энд хөрвөх боломжтой ур чадвар нь ажлын туршлагад хамаараад явчихна. Жишээлбэл, оюутан байхдаа чөлөөт цагаараа зөөгч хийсэн ажлын туршлага нь хүнтэй харилцах, асуудлыг шийдвэрлэх, хурдан шуурхай байх г.м үйлчилгээний ажилтанд шаардлагатай ур чадвар эзэмших дадлага болсон байдаг тул чи айлгүйгээр худалдааны менежер, үйлчилгээний ажилтан, заалны зохион байгуулагч,банкны теллер, олон нийттэй харилцах ажилтан хийх боломжтой. Түүнээс хоёр жил ХААН банкинд теллерээр ажиллачихаад Голомт банкинд теллерийн орон тоонд өргөдөл гаргана гэсэн үг биш.  

Ачаалал даах чадвар. Энэ ёстой ойлгомжгүй юм байна. Миний ойлгосноор манайд бол олон төрлийн үүрэг функцийг дунджаас дээш гүйцэтгэлтэйгээр ганцаараа хийхийг хэлээд байх шиг байгаа юм. Ингэхийн тулд илүү цаг сууж, ар гэр, амьдралаа умартан ажиллах хэрэгтэй болно. Эсхүл төрийн хишиг тараах үеэр ажиллах банкны теллер, дүүргийн цагдаагийн газрын хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, эмнэлгийн сэхээн амьдруулах тасгийн эмч, сувилагч,  г.м өдөр тутмын үйл ажиллагаа нь стрессийн өндөр түвшинд явагддаг хүмүүст хамаарна. Түүнээс биш энэ чадвар нь тийм чухал шаардлагатай, ажлын байрны заран дээр тавигдахаар зүйл биш юм.

Багаар ажиллах. Манайд хамгийн их хэрэгтэй мөртлөө хамгийн бага эзэмшүүлдэг ур чадвар гэвэл үүнийг хэлнэ. Цэцэрлэгээс нь эхлүүлээд уралдаан, тэмцээнд оруулж, байр эзлүүлээд өрсөлдүүлчихээр багаар ажиллах чадвар суух магадлал маш муу. Сургуулийн анги танхимын ширээ хүртэл шил шилээ харсан, багийн динамик үүсгэх  боломж нөхцөл тааруу. Тийм болохоор ч манай оюутнууд багаар ажиллах дадлагаа баарны ширээний ард хийдэг байх гэж би таамагладаг ш дээ. Янз бүрийн клуб, эвсэл, хөдөлгөөн нь нэг зорилгын төлөө зохицон багаар хамтран ажиллах ур чадварыг маш сайн эзэмшүүлдэг. Багаар ажиллах гэдэг хамтын зорилгын төлөө өөрийн ур чадвар, мэдлэгээрээ бусдад байхгүй байгаа тэр орон зайг нөхөж, багийг синержетик байдлаар үр дүнтэй ажиллуулах боломж бүрдүүлэхийг хэлж буй болохоос манайхны нийтлэг ойлголт болох нэг нь хийдүүлж алга болоод үлдсэн нь тэрний хийгээгүй ажлыг давхар хийх ялын тогтолцоо огтоосоо биш. Хамгийн гол нь чадлынхаа хэрээр ажлаа хийж, мэдлэг мэдээллээ бусадтай хуваалцахыг хэлж байгаа. Тийм болохоор багаар ажиллах чадвар гэдэгт бусадтай мэдлэг, мэдээллээ нээлттэй хуваалцах чадвар юм.

Өөрийн найз нөхөд, танил хувийн бизнес эрхлэгчидтэй хийсэн ярилцлагад үндэслэн ажил олгогчийн зүгээс дээрхи ур чадваруудыг хөрвүүлэхийг хичээе.

Гадаад хэл: Гадаад түнштэй мэйлээр харилцаад, захиалга өгчихдөг. Бараа бүтээгдэхүүн дагалдах баримт бичгийг уншаад ойлгочихдог. Гадны түншүүд ирэхэд дагуулаад хамт яваад юм хум үзүүлчихдэг байхад болно. Гадаадад явуулахаар төөрчихгүй, даалгасан ажлыг бүтээгээд ирдэг.

Бичиг баримт боловсруулах чадвар. Бараа дагалдах баримт бичгийг алдаагүй сайхан бөглөчихдөг, гаалийн бүрдүүлэлт, тендерийн баримт бичиг боловсруулчихдаг. Хаяа ийш тийш нь албан бичиг чулуудчихдаг. Компьютер дээр Ворд Эксел ажиллуулчихдаг. Төрийн байгууллагад явуулах тайлан судалгааг цаг үед нь хийгээд явуулчихдаг байхад болоо. Түүнээс би ямар тэр хүнээр зохиол бичүүлэх биш.

Ажлын туршлагатай. Айхтар туршлагатай биш ч гэсэн өглөө цагтаа ажилдаа ирдэг, хэл сураггүй ажил таслаад алга болчихдоггүй. Алхам бүрээ асууж гүйгээд байхгүй. Ажил даалгахгүй бол зүгээр суугаад байхгүй, санаачлагатай, юм хийе, бүтээе гэсэн сэтгэлтэй.

Ачаалал даах: Энэ бас их хэцүү. Хүүхэд өвчтэй гээл чөлөө байнга гуйдаг, эсхүл жилийн эцсийн тайлан балансын үеэр акт аваад алга болчихдог. Үг даадаггүй. Жоохон ажлаар шахахаар халшраад больёо гэдэг. Орой 6 болохыг хүлээгээд суучихдаг, гүйцэтгэл муутай, хүний эв олж чаддаггүй. Гол нь гүргэр биш.

Багаар ажиллах. Нэг хүн байхгүй байхад тэрний ажлыг орлоод хийчих сэтгэлтэй, миний хариуцсан ажил биш гээд хувиа боддоггүй, тусч.

Сайтар харах юм бол ажилтан, ажил олгогчдын ойлголт хол зөрүүтэй биш байгаа биз? Гэхдээ манай ажлын байранд тавьж буй шаардлага нь чухам юу илтгэж байгаагаа ажил олгогчид хэр зэрэг ухамсарладаг болохыг мэдэхгүй юм. Миний ажигласнаар нэг тийм стандарт бий болчихсон, тэрийгээ засал чимэглэгчээс авахуулаад зүрхний мэс засалчийн ажлын байранд хүртэл тавиад байх шиг байгаа юм. Тийм болохоор ажил олгогчийн хувьд шаардлагаа зөөлрүүлж аль болох олон хүн өргөдөл гаргахуйцаар боловсруулбал олон дундаас сонголт хийхэд хялбар байна. Ажил хайгчийн хувьд яг бичсэн зүйлд нь тохирох гэж хүчлэхээсээ өмнө надад энэ ажлыг хийхэд шаардлагатай үндсэн ур чадвар байгаа бил үү, энэ ажил нь чухам юу хийдэг, цалин пүнлүү нь цаашдаа хэрхэн нэмэгдэх боломжтой гэж бодож өнөөдөр өгөх цалингаасаа илүүтэй 6 сарын дараа гэх мэтээр ирээдүйн боломж нь юу вэ гэдгийг харвал аль аль талдаа хялбар дөхөм болох биз.

Хэрэвзээ ажлын байрны шаардлага нь хэт тухайлсан ур чадвар шаардаж байгаа бол тэр ажлын байранд тавигдах хүнээ аль хэзээний онилсон, бэлэн байгаа бөгөөд зөвхөн процедур шаардлага хангахын тулд уг зарлалыг тавьсан байх магадлал ялангуяа олон улсын байгууллагын хувьд өндөр байдаг юм байна билээ. Жишээлбэл. ДОХ, БЗХӨ-тэй тэмцэх бодлого боловсруулж байсан туршлагатай, англи, монгол хэлний өндөр мэдлэгтэй, төсөл хэрэгжүүлж байсан туршлагатай, удирдах ажил 10-аас доошгүй жил хийсэн хэдэн хүн Монголд байдаг вэ? Гарын арван хуруунд багтах тэдгээр хүмүүсээс ажил хайж байгаа хэдэн хүн байгаа вэ гээд бодоод үзэхэд миний хэлсэн дээрхи санаа ортой болох нь таньд мэдэгдэнэ. Тийм болохоор онилсон зүйлд цаг, нервээ гарздаж, сүүлийн шатны 3 хүнд нь багтаж ярилцлага гэж дэглэсэн жүжигт нь туслах дүрд тоглох сонирхол надад лав төрөхөө больсон дог.

Хобби нь ажил нь болсон дуучин, хөгжимчин, бүжигчин хүмүүст би их атаархдаг. Тийм ч учраас стресс багатай, цагт баригдахгүй, бүтээлч, хүнээс хамаарал багатай ажил хийх юм сан гэж их мөрөөддөг. Монголдоо амжилттай ажиллаж буй найзын хэлснээр Монголд зөвхөн Элбэгдорж, Энхбаяр хоёр хоббигоороо ажилладаг, бусад нь ямар нэг байдлаар хэрэгцээгээ хангахаар гүрийдэг учраас миний мөрөөдөл биелэх магадлал муу гэсэн шүү.

Comments on: "Ажилд авах зар" (3)

  1. Bayaraa said:

    Төрийн албан хаагчид чинь нутаг нуга, хамаатан саднуудаараа цус холилдсон адгийн шаарнууд шүү дээ. Хоорондоо ярьж байгааг нь сонсохоор миний нүүр байтугай бөгс улаймаар юм билээ. Хамгийн чадваргүй, хамгийн хорчин, хамгийн адгийн араншинтай нөхдүүд төрийн албанд шургалсан. Бид л төрийн алба гээд сүрхий орчуулсан болохоос биш уг нь public service гэдэг нь олон нийтийн төлөө хүчин зүтгэх ёстой, татвар төлөгчдийн мөнгийг зүй зохистой зарцуулах ёстой байгууллага бишүү. Тэр ажлын зар энэ тэр бол худлаа шүү. Гадаадад төгсөөд ирсэн мундаг залуучуудыг шалгалт авч байна гэдэг нэрийдлээр унагаадаг гээд бод. шалгалтын материалаа үзье гэхээр өгдөггүй гэж байгаа. Гол нь нь ямар хүмүүс шалгалтын материал бэлдээд хэнээс шалгалт аваад байгаа нь ойлгогддоггүй юм.

  2. Ganaa said:

    сар бүр 300,0мян төгрөг моргэйж-д төлдөг байхаар байр олдох юм уу тэр залуу гэр бүлд чинь одоо 1 өрөө байр 40,0 саяаар авлаа гэхэд сар бүр 600,0-с дээш төлбөр хийж байгаа ш дээ ……. үүнийг тооцсон юм уу аааааааааааа

    • Дахин нэг уншиж үзнэ үү. Би орлогын гуравны нэгээс их хэмжээтэй мооргэйж төлбөл амьдрал там болно гээд бичсэн байгаа.

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

Шошгон үүл

%d bloggers like this: