Энэхүү нийтлэлийг уншаад эмнэлгийн чиглэрээр өөрийн бодож явдаг зүйлээ бичихийг хүслээ. Юуны өмнө Монголын эрүүл мэндийн үйлчилгээг Австралийнхтай харьцуулах гэсэн юм. Өөрсдөө дүгнэлтээ гаргана биз?
Дээрхи үйл явдалд Одгэрэл гэдэг эмч 18 цаг болсон болохоор ажлаа тарж байсан юм байна. Та нар өөрсдөөрөө жишээл дээ. Орой ажил тарахаа дөхөхөөр бүгд “догдолж” эхэлдэг биз дээ. Сэтгэл судлаачид ажлын цаг дуусах дөхөхөд анхаарал төвлөрөлт, эрч хүчээ алдсан байдгийг аль дээр судлаад нотолчихсон.
1. Монгол эмч нар авилгач
Өвчтөнүүд нь танил талаараа эмнэлэгт хэвтдэг. Дээр хэлсэн тохиолдолд чиг гэсэн өөрийн хамаатнаараа “яриулж байгаад” Эрчимт эмчилгээний тасагт хэвтсэн байгаа биз? Гэтэл эрчимт эмчилгээний тасагт хэвтэх хүүхдийн ор хязгаартай тул яг тухайн үед уг тасагт хэвтэх “болзол” хангасан хүүхэд тухайн үйлчилгээг авч чадахааргүй байсан байгаа биз? Би ингэж хэлснээрээ төрүүлсэн үр нь үхэл амьдралтай тэмцэж буй эхийг буруутгах гэсэнгүй. Буруу тогтолцоо, систем, хүмүүсийн хандлага хэрхэн гамшигт хүргэж байгааг харуулах гэсэн юм.
Аль ч оронд өвчтөнүүд талархсан сэтгэлээ илэрхийлж эмч нарт гарын бэлэг өгдөг юм байна. Цалингийн хувьд Монголтой харьцуулшгүй Австрали эмч нар ч гэсэн “авилга” авдаг гэвэл та нар итгэх үү?Миний найз Австрали хүүхэн нойрсуулагч эмчээр ажилладаг. Анх эмчийн эрхээ аваад GP буюу манайхтай зүйрлэвэл өрхийн эмч гэх юм уу даа тийм ажил хийж байхдаа вино худалдаж авч үзээгүй гэж байсан. Мөн саяхан түүний өвчтөн нь хайрцаг Шандон Моё өгч, бид сайхан найрласан. Хэрэв эмч нарыг бүхэлд нь авилгачаар нь дуудаад байгаа хүмүүс үүнийг уншвал юу гэж хэлэх бол гэдэг нь их сонин байна.
Монголдоо алдартай гавьяат эмчээр эмчилгээ бичүүлээд эмийн хордлогод орж эмнэлэгт хэвтэж байлаа. Хэрэв эрүүл мэнд, сэтгэл санаагаараа хохирсон би заргалдсан бол юунд хүрэх байсныг мэдэхгүй. Миний эрүүл мэнд эрхтэн системд гарсан хохирол, сэтгэл санааны хохирол, эдийн засгийн хохирол г.м-ээ мөнгөн дүнгээр хэмжээд заргалдсан бол заргаа авах байсан байх. Гэхдээ нэгэнт мэргэжлийн хариуцлагын даатгалын тогтолцоо байхгүй үед гавьяат эмчийг эмчлэх эрхгүй болголоо гэхэд тэр хүний цаашид эмчилж чадах хэдэн хүнийг хохироох байсан бол? Дараа нь тэр эмчтэй уулзахад уучлал гуйсан бөгөөд би чамайг тийм эмний аллергитэйг мэдээгүй, асуугаагүй миний буруу гэж хэлж байсанд нь талархаад өнгөрсөн.
Энд нарийн мэргэжлийн эмчид үзүүлнэ гэдэг дор хаяж 4 сар оочерлодог. Нүдний нарийн мэргэжлийн эмчид үзүүлэхийн тулд би лав одоогийн байдлаар 7 дахь долоо хоног дээрээ хүлээж байна. Эндхийн стандартаар амь насанд тулаагүй үед нарийн мэргэжлийн эмчид үзүүлэхийн тулд 3 даваа давна.
1. Өрхийн эмчдээ үзүүлж, нарийн мэржлийн эмчид үзүүлэх зайлшгүй шаардлагатайгаа нотолсны дараа уг эмчээс захиа авснаар дараагийн шатлалын эмнэлэг рүү шилжинэ. Манайх шиг шууд ардын эмчийн үүдэнд нь зад оочерлож байгаад орно гэсэн юм байхгүй. Хүлээх дундаж хугацаа 4 сар
2. Тэр эмчтэйгээ уулзаад асуудал шийдэгдэхгүй, баахан шинжилгээний бичиг авах ба тэр шинжилгээний хариу гарахад бас 7-10 хононо. Тэгээд нөгөө эмч дээрээ дахиад цаг аваад очиход чиний шинжилгээний хариу тэр эмчид электрон хэлбэрээр очсон байна. Хэрэв мэс засал хийх шаардлагатай гэвэл дахиад хэдэн сар эмнэлгийн ор хүлээнэ. Энэ бол нийтийн эрүүл мэндийн үйлчилгээ.
Хэдийгээр эрүүл мэндийн даатгалтай боловч даатгал 100 хариуцахгүй, 80%-ийг нь даагаад байх шиг байгаа юм. Хувийн эрүүл мэндийн үйлчилгээ авбал тэрнээс 3-4 дахин үнэтэй. Харин үйлчилгээ нь чанарын хувьд ярих юм байхгүй.
Нэг эмчийн нэг өвчтөнтэй тулж ажиллах хугацаа өрхийн эмч 30 минут, нарийн мэргэжил 45 минут. Гэтэл манай эмч нар ханиад томууны дэгдэлттэй үед өдөрт дунджаар 30 хүн үздэг. Тэр эмч ардаа гэр бүл, үр хүүхэдтэй, хөгшин хөвөөтэй ХҮН. Тэдэндээ ханиад томууны вакциныг нь ч хийж өгч чаддаг үгүйг мэдэхгүй. Миний ээж эмч хүн тул аливаа ханиадны сургаар хамгийн түрүүнд хүрч хөөрхий аав минь “чи өөрөө үргэлж вирус дунд байсаар байгаад дархлаатай болчихсон, бид хэлмэгдэж байна” гэж гомдоллож суудагсан. Тангараг өргөсөн гэдэг сайхан нэрийн дор хамгийн хүнд нөхцөлд ажиллуулдаг. Та нар гэмтлийн эмнэлгийн хүлээн авах дээр очоод 1 цаг ажиглаад суугаад үзээрэй. Яагаад мэс заслын эмч нар архичин болдогийг ойлгоход нэг их ухаан хэрэггүй.
Comments on: "Австрали амьдрал:Эмнэлэг" (1)
[…] капиталист зах зээлийн нийгэмд хамгийн үнэтэй баялаг ЭРҮҮЛ МЭНД. Эцэг, эх нь архи уудаг бол үр хүүхэд нь архичин болох […]