Тэтгэлэг горилогсдод тусламж

Үнэ ханш

Хамгийн чухал зүйл энэ тул энэ сэдвээр постоо эхэллээ. Австрали долларын ханш чанга байгаа  учир зарим бараа бүтээгдэхүүний бодит үнэ 2 жилийн өмнөхтэйгээ ижил байгаа юм байна. Жишээлбэл: IPod Nano. Иймд уг бүтээгдэхүүнийг өөр улсаас онлайнаар худалдаж авбал хямд авах боломжтой. Өнгөрсөн 7-р сарын байдлаар Макдональдсын БигМак Австрали, Швейцарь болон евро хэрэглэдэг улс орнуудад үнэтэй байжээ.  Биг Макийн индексийг хялбарчилбал валютын хөрвөх ханш зөв тохиолдолд ижил төрлийн бүтээгдэхүүн дэлхийн дахинд ижил үнэтэй байна гэсэн санаанд тулгуурладаг ба тухайн улсад зарагдаж буй БигМакийн үнийг Америкт зарагдаж буй үнэтэй нь харьцуулж гаргадаг. Үүнээс гадна Уруулын будагны, даашинзны хормойн уртны гэдэг индексүүд мөнгө, санхүүгийн байдлыг илэрхийлдэг байна.

Эдийн засаг муудахад хүүхнүүд үнэтэй хувцас авахаас татгалзан, түүний оронд уруулын будаг худалдаж авдаг гэж үздэг. Палаажны хормойн уртын хувьд эдийн засаг сайн байх тусам мини моданд орж, муудвал урт хормойтой даашинз өмсдөг. Энэхүү худалдан авалтын чиг хандлага өнгөрсөн зууны дунд үед анх ажиглагдсан ба хүүхнүүд үнэтэй, торгон оймсоо ил харуулахын тулд богино банзал, даашинз өмсдөг байна. Энэ жилийн моодны чиг хандлага бүдүүн булчингаар татсан банзал, даашинз байгаа ба улс төрчид өөр зүйл хичнээн ярилаа ч дээрхи индексийн үзэл санаагаар эдийн засаг хямралтай хэвээрээ байгаа юм байна гэж дүгнэв.

Байгаль орчин

Найз хүүхэн саяхан хүүхэдтэй болсон бөгөөд тэд олон удаагийн хэрэглэдэг живх хэрэглэдэг. Нэг ширхэг нь 35 долларын үнэтэй энэ живх гялгар уутыг дахин боловсруулж гаргаж авсан fleece гэдэг хөнгөн, бас дулаахан материалаар хийгдсэн. Нэг хүүхдэд дунджаар 30 орчим ширхэг хэрэгтэй байдаг учир живхний хэрэгцээний анхны хөрөнгө оруулалт 1000 орчим доллар. Хүүхэд живхнээс гартал ойролцоогоор 1200 орчим доллар нэг удаагийн живхэнд зарцуулна. Байгаль орчинд живх, ариун цэврийн хэрэгсэл зэргийн задрах явц 90-100 жил байдаг. Тийм болохоор байгальд ч найртай, мөнгөнд чиг гамтай энэ сонголтыг хийж байгаа гэнээ.  

Санхүүгийн сахилга бат

Бага насандаа хармааны мөнгөтэй болж тэр мөнгөөрөө жижиг сажиг зүйлс худалдан авах шийдвэрийг бие даан гаргаснаар санхүүгийн менежментэд суралцаж эхэлдэг. 6 настай хүү долоо хоногт 2 долларын санхүүтэй бөгөөд тэр мөнгөө цуглуулж байгаад компьютер тоглоом авна. Хэдийг цуглуулсантай яг ижил хэмжээтэйг өвөө эмээ нь хандивлах тул хүү ихийг цуглуулахаар гүрийж байгаа. Мэдээж түүний шуналыг хөдөлгөх зүйл захаас аваад олон, энэ нь түүнд сахилга бат  суулгаж байгаа. 

Ахлах сургуулийн охин хайрцаг шоколад худалдан аваад бидэнд ширхэгийг нь 2 доллараар зарж байгаа. Сидней явах аяллаа санхүүжүүлэх мөнгө олохоор чармайж байгаа гэнэ. Тэр шоколадны нэгжийн үнэ ойролцоогоор 1 доллар, хэдийг зарж чадах вэ төдий хэмжээгээр мөнгөтэй болно. Тэгээд ээж аавын найз нөхөд, танил, хөрш бүх хүмүүст Фредди мэлхий чаклаадаа шахаастай. Тэрийгээ зарахын тулд бас их хөөрхөн панаал хэрэгтэй болж нийгмийн харилцаанд орж, хүний аяыг олж сурч байна.

Өмнөх сард хөршийнх гарааж сэйл зарлав. Гарааж сэйл гэдэг нь өөрт байгаа илүүдэл зүйлсээ гараажнаасаа зарахыг хэлдэг бөгөөд уг айлын 7-14 насны хүүхдүүд энэхүү арга хэмжээг “үзэл суртлын өндөр хэмжээнд” зохион байгуулав. Сонины 5 дахийн дугаарт үнэгүй зар өгөв, гудамны уулзварууд дээр зүг чиг заасан цаас, тод өнгийн бөмбөлөг үлээж тавив. Хамгийн гол нь хуучин тоглоомуудаа бүгдийг нь угааж арчиж, өнгө зүсийг нь тордож бэлдэв. Өглөө 8 цагаас гарааж сэйл эхэллээ. Их хөөрхөн, хоёр бага охин нь зэрэгцээд суучихсан хүн ирэхээр угтаж аваад тоглоомуудаа тайлбарлаж, том хүү нь ном, спортын хэрэглэлүүдээ зарж байх юм. Бас та энийг авбал тэрийг дагуулж өгнө гэх мэтээр бяцхан урамшуулалтай. Тэгсэн том хүү гар утсаа бассейнд унагасан тул шинэ утас авах, охид комиксын баатар худалдан авах гэж байгаа учраас мөнгө босгож байгаа болж таарав. Тэдний багадаа унтаж байсан манеж, өлгий, хувцас, цүнх гээд зөндөө зүйлс зарж байна. Мэдээж хайртай Теддинээсээ салахад хэцүү ч гэсэн комиксны хүүхэлдэй илүү гоё учраас “буруу харж уйлж, зөв харж инээж” байгаад надад зарчихав. Намайгаа бассейндээ ирж сэлээрэй гэж урив. Нээх хөөрхөн, тэр хоёр охин нь үнэн эгдүүтэй.

Их сургуулийн оюутнуудын хувьд сургалтын төлбөрөө хүүгүй зээлээр төлж, хармааны мөнгөө цагийн ажил хийж олдог. Төгссөнийхөө дараа нэг жил “working holiday”  виз аваад гадаадад ажиллаж, зугаалах ба энэ үедээ жинхэнээсээ “хөлөөрөө толгой хийж, толгойгоороо хөл хийж” тоглодог. Буцаж ирээд ажиллаж эхэлснээр сургалтын төлбөрөө төлж эхлэх ба 28 нас хүрэх үедээ ихэнхи нь зээлээ төлөөд дууссан, хуримтлал үүсгэж эхэлдэг.  Тэгээд 30 гараад гэрлэцгээх тул хаус худалдан авах үед бүгд кредит сторитой байдаг. Энэ үед тэдний аав ээж 50-60-аад насныхан байрны моргэйжээ төлөөд дууссан, санхүүгийн хувьд хамгийн боломжтой үедээ байдаг. Өвөө эмээ бол 70-80-аад насныхан. Тэдний хорвоогийн мөнх бусыг үзүүлэхдээ үлдээсэн хөрөнгө, аав ээжийн тусламжтайгаар хаус худалдан авч 20-25 жилийн хугацаатай,  жилийн 7 орчим хувийн хүүтэй орон сууцны зээлээ төлдөг. Ингээд 35-45 насныхан эдийн засгийн хамгийн их баялаг бүтээгсэд, санхүүгийн хамгийн их сахилга баттай нийгмийн бүлэг хүмүүс болж хувирна. Үе үеийн эдийн засгийн сонирхол, чадавхи, боломж нь ингэж сайхан араа шүдээрээ таардаг учраас санхүүгийн сахилга бат бага наснаас нь өтөл нас хүртэл нь нэгэн горимд орсон байдаг, энэ нь хөгжил дэвшил, хангалуун сайхан амьдрах гол хөшүүрэг нь болдог ажээ.  

Хүүхэд, гэр бүл

Энд хүүхэд баяр баясгалан. Ихэнхи австраличууд төлөвлөгөөтэй, бэлтгэлтэй, тооцоотой хүүхэдтэй болдог учраас шинээр хүүхэд төрөхөөс өмнө бүх бэлтгэл бүрэн хангагдсан байдаг. Хүүхдээ тээвэрлэх машин, суудал, хүүхдийн өрөө, тоглоом, живх гээд бүх зүйлсийг бэлтгэх ба Бэйби шауар дээр нь ихэнхи нь бэлгэнд ирнэ. Тэтгэвэртээ гарсан залуувтар эмээнүүд долоо хоногийн нэг өдөр хүүхэд харж өгөхөөс манай өвөө эмээ нар шиг хамаг юмаа хаяад үнэ хөлсгүй, ач, зээгийн асрагч хийнэ гэсэн теорем байхгүй. Манайхан шиг юугаа ч мэдээгүй байж 20-хэдхэн насандаа хүүхэдтэй болчоод аав, ээждээ дарамт үзүүлж, нөгөөдүүл нь ч тэгэх ёстой юм шиг хүлээж авдаггүй тул өөрийн хүүхдийн өмнө шар толгойгоороо хариуцлага хүлээнэ. Миний бодлоор манайхан “зүүн дээр тогтсон шар будааны” онолоо сайн хэлдэг ч тухайн хүүхдийн ирээдүй хойч, эрх гэдэг зүйлийг бага анхаардаг юм шиг. Тэрийгээ “төрөөгүй хүүхдэд төмөр өлгий” гэж тайлбарладаг ба энэ нь эрүүл мэндийн салбар хөгжөөгүй, төрөлт, нярайн үхэл ижил түвшинд өндөр байсан хүй нэгдлийн үеийн примитив прагматик сэтгэлгээнээсээ салаагүй байгаагийн шинж. Тэгээд чиг тэр үед дундаж наслалт дөнгөж 40 байсан болохоор 20-тойдоо хүүхэдтэй болоогүй бол баахан нялх хүүхэд өнчрөхөөр байгаа биз дээ.

Саяхан примитив сэтгэлгээний талаар Баярхүү гуай бичжээ. http://bayarkhuu.niitlelch.mn/content/2418.shtml

Сэтгэгдлээс харахад олонхи нь Баярхүү багшийг хужаа, эрлийзээр нь дуудаж, хараан зүхсэнээс тэр хүн философи талаас нь зөв юм хэлж байгааг ойлгосонгүй. Уг нийтлэлийн гол санаа нь энэхүү примитив эдийн засгийн сэтгэлгээнээсээ салахгүй бол хөгжил дэвшил хол байна, хойд хормойгоороо урд хормойгоо нөхдөг учраас ядуу хэвээрээ байх болно гэдгийг хэлээд байгаа юм.  Уучлаарай, сэдвээс хазайв, одоо гол сэдэв рүүгээ буцаад орьё. 

Амьдралын хэв маяг

Нэгэнт хэн нэгнийг хараан зүхэж болохгүй, гудамжинд чөлөөтэй нус цэрээ хаяж болохгүй г.м олон болохгүй хууль дүрэм, нийгмийн харилцааны хэм хэмжээ тогтсон тул сэтгэл зүйн эрүүл мэндийн асуудал их хурцаар тавигддаг.  Энэ сайхан тайван орчинд юун стресс байдаг юм гэж та нар гайхаж магадгүй. Хэдийгээр бидний амьдрал тэдний нүдээр жинхэнэ хоррор-триллер, тэднийх  бидний нүдээр диваажин мэт харагдавч, хөгжингүй орнуудад нийгмийн сэтгэл зүйн эрүүл мэнд хамгийн хүнд асуудал болоод байгаа болно. Бидний амьдралын чанарын ялгаа нь тэрхүү амьдралын хэв маягийг бүрдүүлж байгаа стресс тайлах арга юм. Түүнээс жаргал, зовлон хаана ч байгаа, баян хүнийг балаг тойрох биш. Хуримтлагдсан стресс, уур бухимдлаа гаргах арга зам нь спортоор хичээллэх.

Австраличууд бүгд ёстой нэг донтой юм шиг биеийн тамир хийнэ. Хар өглөө 6 цагт босч бассейнд сэлнэ, ажилдаа дугуйгаар очно. Найз нөхдөөрөө долоо хоногт нэг удаа спорт тоглоом тоглоно. Нийгмийн дэд бүтэц нь энэхүү хэв маягийг хөхиүлэн дэмждэг. Хэдийгээр чанартай эмнэлгийн тусламж, үйлчилгээ байгаач өвчин бол хамгийн үнэтэй эд. Зөвхөн мөнгөн дүнгээр хэмжигдэхгүй эдийн засгийн хохирол ихтэй. Нэгд, нарийн мэргэжлийн эмчид үзүүлэхэд дор хаяж 3 сар очерлоно. Оношоо тодруулахаар 3 сар болох хооронд юу ч тохиолдож болно шүү дээ. Дараагийн хохирол нь ажил хөдөлмөр хийж, нөгөө зээл, моргейжээ төлөх боломж чинь хязгаарлагдана. Тэгэхээр ажилгүй, мөнгөгүй чиний амьдралын хэв маяг өөрчлөгдөн нийгмийн доод хэсэг рүү гэрлийн хурдаар унана гэсэн үг.

Биеийн тамирын заалны гишүүнчлэлийн төлбөр сарын 300 орчим доллар байдаг бөгөөд ихэнхи хүмүүс ийм хэмжээний мөнгө төлөхөөс татгалздаггүй. Яагаад гэвэл чи энэ мөнгөөр эрүүл мэнд, амьдралын чанар худалдаж авч байгаа, мөн биеийн тамир хийснээр стрессийн гормоныг дарангуйлагч аз жаргалын гормон ялгаралт ихэсдэг учраас нэгэн бодлын спортоор хичээллэх нь хар тамхитай ижил төрлийн үйлчилгээ үзүүлнэ. Ядуу хүний өвчин таргалалтын эсрэг хамгийн сайн эм бол спорт, хөдөлгөөн.

Comments on: "Австрали амьдрал:Мөнгө" (6)

  1. mash amtlag bichleg bailaa. amtarhan umshlaa.

    ahiad ch unshlaa. hehe.

    naad adelaide-nhen chini tomor tuuhaigaa orgoj ogchiinuu. bi yoga class-t yavj bga. zumba -dah sanaa bgaa.

    zalhuujavuudiig changaagaad diilkuu odoo ooroo gantsaaraa l spa, pool ruu sanjiganaj bh shiv dee hehe.

    • hey nadad une tulburgui spa gym bdag talaar medeelel uguuch, bi odoogoor rockdale havitsaa amidarch bn, sayahan irsen

  2. matematikiin chigleleer ymar tegeleg zalagddag ve? helj ogch tuslaach harui minii mail hayg ruu
    batzorig_u@yahoo.com

    • @dej bxaar door ni bichchuul nemerteim bishw. Notify me of follow-up comments via email. geed neg checkbox door bga, teriig ticklechihee…

      busad math-nhand ch gesen heregtei yum daa, neg ni ch bolov medsen duulsanaa busaddaa tugeej ehelbel…

  3. Амжилт бүтээл хүсье

  4. […] Нийгмийн хөгжлийн түүх, өөрсдийгөө хараад харьцуулж бодоход учраа олохоо больж самуурсан хүмүүс яадаг вэ гэхээр сайн мэддэг зүйл рүүгээ буцдаг аж. Тайлбарлах гол онол нь хүний оршихуйд реферэнс пойнт буюу тулгуур үнэт зүйл ямагт хэрэгтэй байдаг бөгөөд энэ нь ёс зүй, үнэт зүйл, хүн байхын утга учрыг багтааж байдаг маш том ойлголт юм. Хөгшин Европын орнуудад энэ нь католик шашны хүн төвтэй үнэт зүйлс байдаг, хууль эрхзүй нь ч яг үүн дээрээ тулгуурлаж гарсан байдаг. Гэтэл бидний нүүдэлчдийн хувьд газар дэлхийгээ шүтэх, байгалиа хайрлах гэх мэт сүүлийн хэдхэн жилд хөгжсөн орнуудын үнэт зүйлс болж буй нийтлэг үнэлэмж байсаар ирсэн юм. Тод жишээ нь хүүхдээсээ илүү малаа хайрладаг примитив сэтгэлгээ.  […]

Хариу Үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

Шошгон цуваа

%d bloggers like this: