Тэтгэлэг горилогсдод тусламж

Өнгөрсөн жил үзсэн Educational Assessment гэдэг хичээл шалгалт, шүүлэгний талаархи миний итгэл үнэмшлийг 180 градус эргүүлчихсэн. Мэддэг хүмүүс нь шалгалтаа онц өгч, мэддэггүйчүүд муу сурдаг гэж үнэн бат итгэдэг байсан чинь шалгалтын агуулга, арга зэргээс хамаараад дүн 25% хэлбэлздэг гэнэ. Яагаад гэхээр бид нар чинь шалгалт өгөх бүртээ аймаар стрессдэг гэнэ. Цааш нь лавшруулан судлаад байсан чинь бас үнэний ортой юмаа. Тэгээд шалгалт өгөх арга техникийг сайн эзэмшвэл дүнгээ 25 хүртэл хувь өсгөх магадлалтай тул энэ талаар ихэд сонирхож уншив. Тэгээд дараахийг та нарт хэрэг болох болов уу гээд бичлээ.

ШАЛГАЛТ: оюутнуудад зориулсан практик зөвлөгөө

Залуу хүний амьдралд шалгалт, шүүлэг өгөх хэрэг олон удаа гардаг. Төгсөлтийн шалгалт, хэлний шалгалт г.м ач холбогдолтой өндөртэй (high-stake) шалгалтаас авахуулаад мэдлэг, ур чадвар нь хэрхэн нэмэгдэж буйг үнэлэх зорилго бүхий явцын шүүлэг (formative assessment) г.м олон давааг давах хэрэгтэй болдог. Хүний сэтгэхүйн онцлогоос хамаарч, стрессийн өндөр түвшинд бүтээмж нь буурдаг хүүхдүүд байхад шалгалтандаа санаснаасаа өндөр амжилт гаргадаг хүүхдүүд ч байдаг. Сэтгэл судлаачид, сурган хүмүүжүүлэгчид энэхүү үзэгдлийг өнгөрсөн зууны эхэн үед судлан, стрессйин түвшин, гүйцэтгэлийн чанарын хоорондын хамаарлыг тогтоожээ. Өөрийн сэтгэл зүйн онцлогыг судалж мэдсэнээр, аливаа шалгалт, шүүлэг, ялөнгуяа бичгийн шалгалт, эссе бичихдээ амжилт гаргах бүрэн үндэстэй.

БЭЛТГЭЛ:
Бие халаалт болгож дараахи асуултад хариулна.
 Шалгалт хэзээ болох вэ?
 Шалгалтын сэдэв, агуулга?
 Ямар хэлбэрээр шалгалт явагдах вэ?
 Хэр удаан үргэлжлэх вэ?
 Ямар хугацаанд бүлэг асуулт тус бүрт хариулах ёстой вэ?
 Шалгалтын дүн ерөнхий үнэлгээнд хэрхэн нөлөөлөх вэ?

Бичгийн шалгалт нь тодорхой сэдвийн дагуу эссе бичих, асуултад хариулах, эсхүл олон хариултаас сонгох хувилбартай байх боловч шалгуулагч шалгалтад хэрхэн бэлдсэн, шалгалт өгөх техникийг хэр зэрэг эзэмшсэнээс түүний амжилт хамаардаг (Dickenson-Hazard, 1990, Robertson, 1989). Энэхүү эссенд шалгалтад хэрхэн бэлтгэх ба шалгалт өгөх техникийг хэрхэн эзэмших талаар тайлбарлахыг хичээлээ.

Шалгалтад тодорхой төлөвлөгөө, зохион байгуулалт муутайгаар бэлтгэх нь үнэт цагаа үрсэн дэмий явдал юм. Хамгийн түрүүнд боломжийнхоо хэрээр “суралцах орчин” бий болгох нь зүйтэй. Суралцах орчин гэдэг нь таны гэрийн нэг жижиг булан өрөөний тодорхой хэсэг байх бөгөөд гол нь сэтгэл зүйн хувьд таньд суралцах, хичээл давтахтай холбогдсон мэдрэмж, сэдлийг  төрүүлэхүйц, анхаарал сарниулах аливаа зүйлсээс ангид байх ёстой юм. Гэр бүлийнхэн чинь энэ талаар мэддэг, та суралцах орчиндоо орсон бол таньд саад болохгүй байх хэрэгтэй.

Мастерт сурч байхад эссе бичих гэхээр л гэрээ цэвэрлэмээр, юмаа угаамаар санагддаг ба шалгалтын стресс хичээл давтахаас бусад өөр ажил хийх хүсэл, сэдэл төрүүлдэг энэхүү сонирхолтой феномен хүн бүрд тохиолддог байхаа. Эссе бичих гээд сууснаа больж гэрээ зад цэвэрлээд, хэрэв бороо орж байгаагүй бол цонхоо угаах байлаа гэж анх сурахаар очсон хүмүүст хэлэхэд гайхаж байснаа удалгүй, за одоо дараа нь юу хийдэг гэлээ гэж асууж байсансан. Сэтгэл судлаачид үүнийг зайлсхийх буюу avoidance стратеги гэж нэрлэдэг. Хүн гэгч бодьгалийн стресс үүсгэгчид үзүүлдэг хамгийн эхний хариу урвал бол зайлсхийх стратеги. Дарга даамал хүн чамайг уулзаарай гэж дуудуулахад хамгийн эхэнд “За би чинь даргад  дуудагдахаар ямар гэмт хэрэг үйлдлээ” гэж бодож эхэлдэг биз дээ. Тэгээд даргын өрөө рүү аль болохоор удаааааааааааан гэгч нь алхалдаг.

Бие халаалт болгож асуусан дээрхи асуултад хариулснаар шалгалтад бэлтгэх төлөвлөгөө гаргах боломжтой болно. Шалгалтад санаа зовж, стрессдэхийг бууруулах хамгийн сайн арга бол шалгалтад төлөвлөгөөтэйгээр бэлтгэх юм (Patterson, 1989). Дайснаа ирэхээр дариа нухна гэдэг зүйр үг шалгалт дөхөхөөр үнэн бодитойгоор хэрэгждэг тул өнөөдөр хийх зүйлээ маргааш бус өнөөдөр л хийх хэрэгтэй юм. Өөрөөр хэлбэл өдөр бүр бага багаар, алхам алхамаар урагшлах нь илүү их чанартай, бүтээлч, бодитойгоор суралцах арга мөн. Зарим хүн хэдийгээр сайн бэлдсэн ч гэсэн бидний хэлдгээр “шалгалтын азгүй” хүүхдүүд байдаг. Энэ нь шалгалтад хэт санаа зовсноор сэтгэл зүйн хувьд хамгаалах хариу үйлдэл болох блокдох нь бий. Хэт санаа зовох нь гүйцэтгэлд сөргөөр нөлөөлдөг энэхүү хамаарлыг Иеркс-Додсоны хууль гэж нэрлэдэг (Grey, 2002).

Тодорхой түвшний стресс буюу сэтгэл хөөрөл нь гүйцэтгэлд сайнаар нөлөөлдөг бол стресс хэт ихэдвэл гүйцэтгэл буурч, амжилтад хүрдэггүй байна. Хамгийн энгийн жишээ тамирчид. Дэлхийн алдартай олон тамирчид Олимп г.м томоохон спортын арга хэмжээний нээлтэд оролцдоггүй нь хэт сэтгэл хөөрөлд автахаас өөрийгөө хамгаалж байгаа арга.

Иеркс-Додсоны муруй хэмээн нэрлэгддэг энэхүү загварыг мэдсэнээрээ шалгалтад амжилт үзүүлэх боломжтой юм. Түрүүн ярьсан төлөвлөгөөтэйгээр шалгалтад бэлтгэх нь стрессийн түвшнийг тодорхой хэмжээнд барих нэг аргаас гадна цагийг үр бүтээлтэй өнгөрүүлж, сурсан мэдсэнээ бататгах боломж олгодгоороо давуу талтай.

Шалгалтад бэлтгэхдээ гурван зүйлийг анхаарах нь зөв юм.
   Юуг давтах вэ 
   Давтлагын хуваарь гаргах
   Хэрхэн давтах  

Юуг давтах вэ?

Бүх сурсан зүйлээ эргэн харж давтах нь тийм ч сайхан санаа биш. Шалгалт эхлэхэд хоёр долоо хоног үлдсэн байхад бүтэн жил үзсэн хичээлийг нэг нэгэнгүй давтана гэдэг нь боломжгүй зүйл юм. Таньд байгаа цаг хугацаанд багтахааргүй зүйлсийг давтах хэрэгтэй болдог нь бодит байдал. Иймд нөхцөл байдалд бодит үнэлгээ хийж, давтаж чадах зүйлээ сонгох шаардлагатай болж байна. Өөрийн лекц, тэмдэглэлээ эргүүлж гүйлгэн үзээд, чухам алийг нь давтах вэ гэдгээ олж тогтоох нь зүйтэй. Эхний ээлжинд заавал давтах шаардлагатай сэдэв, материалыг тодорхойлно. Үүний дараа хэрэв цаг хугацаа боломж олговол давтчихвал зүгээр юм гэж бодож байгаагаа, эцэст нь давтахгүй байж болох зүйлсийг эрэмбэлэн тогтооно. Шалгалтад сайн бэлтгэх амжилтын үндэс нь чухал, гол зүйлийг бусдаас салгах явдал юм.

Нөхцөл байдлыг үнэлсний үндсэн дээр суралцах хүчин чармайлтаа хамгийн сайн үр дүн авчрах зүйлс рүү төвлөрүүлэх хэрэгтэй. Жишээлбэл, IELTS шалгалтын бичлэгийн хэсэг нь тухайн хүүхэд өөрийнхөө санааг зөв бичгийн дүрмийн алдаагүй хэр зэрэг зөв илэрхийлснийг үнэлдэг болохоос  тэр сэдвийн дагуу хэр өргөн мэдлэгтэй эсэхийг шалгадаггүй. Иймд юу ч гэж бичсэн болно, хамгийн гол нь өгүүлбэрийн бүтэц зөв, зөв бичгийн алдаа, мадаггүй байх нь хамгийн чухал. Байгалийн үзэгдлийн тухай тухайлбал, солонго яагаад татдаг вэ гэдэг асуулт ирвэл дунд сургуулийн 7-р ангид физикийн хичээлээ давтах минь яалаа гэж өөрийгөө зүхэж суухын оронд нарны туяа усан бөмбөлгийг нэвтэлснээр хугарал үүсч, туйлшран өнгө ялгарснаар солонго үүсдэг гэдэг нарийн зүйлийг санахгүй боловч ямар ч байсан зун цагт бороо орсны дараа нар тусахад солонго үүсдэг, өвөл солонго үүсдэггүй г.м-ээр байгаа нөөцдөө тулгуурлан алдаагүй, гоё бичих нь чухал юм. Түүнээс хорвоогийн түмэн зүйлийн учир шалтгааныг судалж мэдэхэд бидний энэ нас байтугай яг таг байдаг эсэх нь нотлогдоогүй хойд, урд нас нийлээд чиг хүрэлцэхгүй шүү дээ.

Тэгэхээр шалгалтад бэлтгэхдээ баримтлах хамгийн чухал зүйл бол чухал, шаардлагатайг нь олж мэдэх, давтах юм.

Давтлагын хуваарь гаргах

Юу давтах вэ гэдэг асуултад хариулсны дараа хэзээ гэдэг асуултад хариулна. Шаардлагатай зүйлсийг давтахад хир зэрэг хугацаа шаардлагатай вэ гэдэг нь хариулахад төвөгтэй асуулт юм. Хэрэв хэт бага хугацаа төлөвлөвөл өмнө бүлэгт тодорхойлсон чухал зүйлсээ давтаж амжихгүй бол хэт их хугацаа төлөвлөвөл Иеркс-Додсоны муруйн оройг өнгөрч, гүйцэтгэл буурна. Дунджаар 6-8 долоо хоног шаардлагатай. Зарим хүнд үүнээс их, зарим хүнд үүнээс бага хугацаа зарцуулах нь бий. Тийм болохоор ажиглалт, туршилтын замаар энэ хугацаагаа олж тогтоох нь чухал юм.

Үр дүнтэй, бүтээлч давтлага нь зорилгоо бодитойгоор тодорхойлох, цаг хугацаа гэсэн хоёр хүчин зүйлээс шалтгаална (Dickenson-Hazard, 1990). Давтлагын хуваариа долоо хоногоор гаргах нь зүйтэй. Өдөр бүр үзэх зүйлээ гаргана гэхээр биднээс үл хамаарах шалтгаанаар тухайн өдрийн зүйлээ давтаж амжаагүй бол дараагийн өдрийн ачаалал нэмэгдэж, стрессийн түвшин нэмэгдэх нэг нөхцөл болох тул долоо хоногоор төлөвлөх нь илүү. Өнөөдөр найзын төрсөн өдөр болоод эсхүл гэрэл тасраад хичээлээ давтаж чадаагүй боловч тухайн долоон хоногт төлөвлөсөн ажлаа хийсэн бол дараа долоо  хоног эхлэхэд өөрийгөө үнэлэх сэтгэгдэл өндөр, сэтгэл санаа өөдрөг эхэлнэ. Ихэнхи  сэтгэл зүйчид хийж буй зүйлээсээ таашаал авахыг хичээх тэгвэл аз жаргалтай байж, амжилтад хүрдэг гэж номолдог боловч шалгалтын хувьд энэ зөвлөгөө нэг их тус болохгүй. Хичээл заадаг багш нь чамд таалагддаггүй, уг хичээл чамд ямар хэрэгтэйг ойлгодоггүй боловч заавал энэ шалгалтыг өгч байж л дипломоо авах бол тэр хичээлийг давтах л хэрэгтэй болно. Шалгалтад санаа зовж, стрессдэхийг бууруулах хамгийн сайн арга бол шалгалтад төлөвлөгөөтэйгээр бэлтгэх юм (Patterson, 1989). Ер нь аливаа хийх ажлаа ‘must do, should do, need to do’ гэж ангилан үзэх нь таны цаг хугацаа, мэдрэл нервийг их хэмнэх болно.

Юуг давтах вэ?

Ой тогтоолдоо хадгалж буй мэдээллийн хэмжээ нь хэр зэрэг үр дүнтэй давтсанаас шууд хамаардаг (Alexander, 1997). Лекц, тэмдэглэлээ олон цагийн турш унших нь тийм ч бүтээлч үйл ажиллагаа биш бөгөөд, бүх материалаа уншиж дууссаны дараа чухам юу уншсанаа сайн санахгүй байх нь бий (Northedge, 1990). Уншиж судалж байтал чинь энэ бүхнийг автоматаар хийж байгаа юм шиг мэдрэмж төрж эхэлбэл завсарлах болсны дохио.

Идэвхитэй суралцах стратеги баримталснаар сурсан зүйлээ эргэн санах үйл явц хялбар явагддаг. Идэвхитэй суралцах аргын нэг жишээ нь “шпи” буюу шпаргалка бэлгэх арга юм. Аливаа материалыг жижигрүүлэн, товчилж, түлхүүр үг оруулсан жижиг тэмдэглэл хөтлөх нь таны санах ойг идэвхижүүлдэг. Жишээлбэл: TRUST гэдэг үг нь монголоор ИТГЭЛ боловч ДОХ-ын эсрэг хэрэгжүүлсэн өртөг өндөртэй хөтөлбөрийн ачаар энэ үг бэлгэвчтэй утга нэгтэй болж чаджээ. Яг үүнтэй ижил тухайн сэдвийн тулгуур ойлголтыг агуулгатай нь хамааруулан цээжилбэл дараа эргэн санахад хялбар байх болно.

ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ.

Comments on: "Шалгалтын стресс" (5)

  1. Baagii said:

    Thank you so much mash ih heregtei zuil yag heregtei uedee olj unshlaa shuu urgeljleliig tesen yadan huleej bn… good day

  2. гэрлээ said:

    ih heregtei medeelel bna uneheer bayrlaa urgeljleliig zaawal tawiarai

  3. Otgoo said:

    Thank you Alimaa egchee
    uneheer heregtei medeelel bna. mash ih tohiolddog ch ter yah estoigoo meddegui bsn ter zuiliig shinjleh uhaanii undeslelteigeer ta blogtoo tavisand thanks.

  4. Sainaa said:

    heregtei medeelel bna shuu. thanks alimaa

  5. Ih bayarlalaa, saihan medeelel bna, olon hund tusalsan goe medeelel bna. talarhaj bna shuu Alimaa.

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

Шошгон үүл

%d bloggers like this: